Цор ганц Бурхан Өөрөө I
Бурханы эрх мэдэл (I) (II хэсэг)
2. Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.
Бүх зүйлийг бүтээснийх нь дараа Бүтээгчийн эрх мэдэл солонгон гэрээнд дахин нэг удаа батлагдаж, харагдсан юм
Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, хэрэгждэг ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй, өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог, Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл болох хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч эрх мэдэл, хүч чадлаа илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бол бүх зүйл, бүх хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь Өөрийнх нь гараас хүн төрөлхтөн үнэхээр төрөх тэр үед л албан ёсоор эхэлсэн юм. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, захирахаар зорьсон, Тэр хүн төрөлхтнийг аварч, үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар зорьсон бөгөөд ийм хүн төрөлхтнийг эрх мэдлийнхээ дор амьдруулж, эрх мэдлийг нь мэддэг, дуулгавартай дагадаг болгохоор зорьсон юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд эрх мэдлээ албан ёсоор илэрхийлж, үгээ биелүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцад Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдсан; гэхдээ Би ердөө л тодорхой, олонд танигдсан зарим жишээг сонгосон ба та нар эдгээрээс Бурханы цор ганц байдлыг ойлгон мэдэж, Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.
Эхлэл 9:11–13 дэх эшлэл болон Бурхан дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх эшлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч ялгаатай тал бас бий. Төстэй тал нь юу вэ? Бурхан зорьсон зүйлээ хийхийн тулд үг ашигладагт төстэй тал нь оршдог бол ялгаатай тал нь энэ эшлэл Бурханы хүнтэй хийсэн яриа бөгөөд үүгээрээ хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдсан зүйлийн тухай хүнд хэлсэн явдал юм. Энэ удаа Бурханы эрх мэдлийн хэрэгжилт нь Бурхан хүн хоёрын яриагаар дамжин биелсэн юм, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь бүтээх гэж зорьсон бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Харин нэгэнт Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа, мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан төдийгүй, цаашлаад Түүний эрх мэдлийг агуулсан, бүх зүйлд хүргэсэн тушаал байсан.
Энэ эшлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Үүнд дэлхийг үерээр сүйрүүлснийхээ дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн бөгөөд Бурхан энэ дэлхийд дахин тийм сүйрэл авчрахгүй, тиймдээ ч Бурхан тэмдэг бүтээсэн гэдгийг хүнд хэлдэг—энэ тэмдэг нь юу байсан бэ? Бичвэрт “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь Бүтээгчийн анх хүн төрөлхтөнд хэлсэн үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон бөгөөд өнөөдөр ч солонго оршсоор байгаа билээ. Бүх хүн тийм солонгыг харсан, тэгвэл солонгыг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэддэг үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлж чадахгүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь үгээ хэлснийх нь дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Бурханы үгээ ашиглан хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан хүнтэй байгуулсан гэрээнийх нь тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгийн ачаар энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Үүнийг л Бурханы эрх мэдэл гээд байгаа юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдээгүй ямар ч зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахааргүй тэмдэг болон шинж чанар юм.
Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон Өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байлаа. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Үүнд л энэ гэрээний маш онцгой чанар оршдог юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг сахиулагч нь ч бас Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Ахин дахин солонго татах нь хүн төрөлхтөнд зарлал тунхаглаж буй хэрэг бөгөөд энэ нь хүний анхаарлыг Бүтээгч болон хүн төрөлхтөн хоорондын гэрээнд хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээний тогтмол илрэл болж хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго бус, уг гэрээ ч бус, харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл билээ. Ахин дахин солонго гарч ирэх нь Бүтээгчийн нуугдмал газар дахь агуу, гайхалтай үйл хэргийг илэрхийлдгийн зэрэгцээ хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал болдог. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илрэл биш гэж үү?
3. Бурханы ерөөлүүд
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.
Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.
Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.
Бүтээгчийн айлдварын өвөрмөц байдал болон шинж чанар нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм
Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн болгон олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн гэх арга замаар хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Тэгвэл Бурханы ерөөл юу харуулдаг вэ? Хүмүүс тэндээс юу харж болох вэ? Одоохондоо, Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг тухай болон Бурхан хүнийг ерөөдөг зарчмыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилгоор, Бурханы эрх мэдлийг мэдье гэсэн өнцгөөс Бурханы хүнийг ерөөх ерөөлийг харцгаая.
Бичвэр дээрх дөрвөн эшлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов зэрэг Бурханы ерөөлийг хүртэгчдийн тухай, түүнчлэн Бурхан ерөөлөө хайрласан шалтгаан болон эдгээр ерөөл юу агуулж байсан тухай нарийвчилсан дүрслэлийг харуулдаг. Бурханы айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгэн болон ийм ерөөлийг хүртэгчид нь харваас өөр ялгамж чанар, байр суурь, мөн чанартай байдаг гэдгийг үнэлэх боломжийг хүмүүст олгодог. Эдгээр айлдварын өнгө, хэв маяг, хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд л ганцхан байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, Бүтээгчийн нэр хүнд, түүнчлэн ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.
Эхлээд Эхлэл 17:4–6-г харцгаая: “Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.” Эдгээр үг нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг болгож, үр удмыг нь өнөр өтгөн болгож, түүнээс үндэстнүүдийг бий болгож, хаадыг гаргах байв. Чи эдгээр үгээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын аль талыг чи харж байна вэ? Эдгээр үгийг няхуур уншвал Бурханы эрх мэдэл, ялгамж чанар нь Бурханы айлдварт тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд амархан. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи … болно … Би чамайг … болгосон … Би чамайг болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар, эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэмжит байдлын илрэл; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг тусгай үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр нэг хүний үр удам нь өнөр өтгөн болж, түүнээс үндэстнүүд бий болж, хаад гарна гэж найддагаа хэлбэл энэ нь нэг төрлийн хүсэл бөгөөд амлалт, ерөөл биш гэдэг нь эргэлзээгүй. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно…” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд ийм хүч чадал эзэмшдэггүйгээ мэднэ; энэ нь тэднээс шалтгаалдаггүй, ийм зүйл хэллээ ч гэсэн энэ нь хий хоосон, утга учиргүй, хүсэл эрмэлзлээр нь жолоодуулсан үг байх байсан. Хүслээ биелүүлж чадахгүй юм шиг санагдвал хэн ч бай, ийм сүрлэг өнгөөр ярьж зүрхэлнэ гэж үү? Хүн бүр л үр удамдаа сайн сайхныг хүсэж, чадварлаг болж, агуу амжилтад хүрээсэй гэж найддаг. Нэг нь эзэн хаан болчихвол ямар сайхан агуу хувь заяа байх сан билээ! Нэг нь захирагч болбол, ер нь нэр нөлөөтэй хүн л болж байвал мөн л сайн хэрэг! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа ерөөлийг л хүсдэг ба аливаа амлалтаа хэрэгжүүлж, эсвэл биелүүлж чаддаггүй. Ийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүр зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь мэдлээс гадна байдаг байхад бусдын хувь заяаг яаж захирч чадах юм бэ? Харин Бурхан ийм үгийг хэлж чаддагийн шалтгаан гэвэл Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгдөг бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан бүх ерөөлөө биелүүлэх чадвартай. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилтад хүргэхэд Түүний нэг үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, сэтгэлээ чилээж, үүнээс болж санаагаа зовоохгүй; энэ бол Бурханы жинхэнэ хүч чадал, жинхэнэ эрх мэдэл юм.
Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ дүрслэхийн тулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, хэрэгжих нь гарцаагүй баримтад бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.
Бурханы хэлсэн үг, хүний хэлсэн үг хоёрын ялгаа юу вэ? Чи Бурханы хэлсэн эдгээр үгийг уншихдаа Бурханы үгийн сүр хүч болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс ийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын биеэ тоосон, онгироо бөгөөд өөрсдийгөө гайхуулж байна гэж чамд бодогддог уу? Тэд ийм хүч чадалгүй учраас, ийм эрх мэдэл эзэмшдэггүй тул тийм зүйлсийг биелүүлэх ямар ч чадваргүй юм. Тэд амлалтдаа маш итгэлтэй байдаг нь үгэндээ хайхрамжгүй ханддагийг нь илтгэдэг. Хэн нэгэн хүн ийм үг хэлж байвал тэр гарцаагүй биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй нэгэн байх бөгөөд тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ гэдгээ үүгээрээ илчлэх болно. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс биеэ тоосон зангийн ямар нэг элементийг мэдэрч байна уу? Бурханы үг зүгээр л наргиан юм шиг чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө, өөрөөр хэлбэл, Тэр аливаа зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл нь аль хэдийн биелсэн байдаг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт, мөн хэрэгжсэн баримт байсан бөгөөд эдгээр баримт Бурханы төлөвлөгөөний дагуу Бурханы бодолд аажмаар гүйцэлдсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан ийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд ийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйлийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл, илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл, илрэл байдаг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарыг нотлох үүнээс илүү тохиромжтой, зохистой юу ч үгүй. Ийм айлдварын өнгө, хэв маяг, хэллэг нь яг Бүтээгчийн ялгамж чанарыг илтгэдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс зохицдог, мөн эдгээрт ямар ч дүр эсгэлт, хир буртаг байдаггүй; тэдгээр нь Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн бүрэн бүтэн, туйлын төгс илэрхийлэл юм. Бүтээлүүдийн хувьд гэвэл, Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл, энэ мөн чанарын алийг нь ч эзэмшдэггүй. Хүн ийм зан авир харуулах юм бол энэ нь гарцаагүй ялзарсан зан чанарынх нь тэсрэлт байх бөгөөд тухайн хүний их зан, жолоогүй санаархлын хөндлөнгийн нөлөө, мөн хүмүүсийг хуурч, Бурханаас урвахад уруу татахыг хүсдэг өнөөх л диавол буюу Сатаны хорон санааны илрэлээс үүдэлтэй байх болно. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Бурхан чамайг, Өөрийнх нь байрыг булааж, Өөрийг нь дуурайж, орлохыг хүсэж байна гэж хэлнэ. Чи Бурханы айлдварын өнгийг дуурайх үедээ хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох санаа зорилготой байдаг. Энэ бол Сатанаас өөр хэн ч биш; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчишгүй тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Хүмүүсийг төөрөгдүүлж, мэхлэх санаатайгаар цөөн хэдэн үг хэлж, үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулдаг, мөн чанар болон ялгамж чанар нь цор ганц, тэр ч бүү хэл ярианы өнгө нь хүртэл Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд Бурханыг хэзээ нэгэн цагт тодорхой маягаар дуурайж байсан хүн та нарын дунд бий юу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Бурханы зан чанарыг төлөөлөх мэт үйл хөдлөлөөр, сүр хүч, эрх мэдэлтэй гэмээр байдлаар Бурханы өнгийг хэзээ нэгэн цагт дуурайн ярьж байсан уу? Та нарын олонх нь үргэлж ийм маягаар аяглаж, эсвэл ингэж аяглахаар төлөвлөдөг үү? Одоо Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, юу хийж, өөрсдийгөө илчилдэг байснаа эргэн санах үедээ ой гутаж байна уу? Та нар олиггүй, ичгүүргүй байдлаа хүлээн зөвшөөрч байна уу? Ийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг судалж шинжилсний дараа тэднийг хараал хүрсэн тамын хүү гэж хэлж болохоор байна уу? Ийм зүйл хийдэг хүн бүр өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний уг чанар ноцтой гэдгийг та нар мэдсэн үү? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ингэж аягладаг хүмүүсийн санаа зорилго нь Бурханыг дуурайх явдал. Тэд Бурхан байж, хүмүүсээр өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэхийг хүсдэг. Тэд хүмүүсийг хянаж, хүмүүсийг залгиж, эзэмшилдээ авахын тулд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үгүй хийж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүрд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн болгон ийм ялзарсан сатанлаг мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг ийм сатанлаг уг чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадлаа гээд энэ нь чамайг Бүтээгчийн мөн чанартай болгож харагдуулж чадахгүй, Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэн гэдгийг ч илэрхийлэхгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаас олж авсан ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.
Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйд хязгаарлагддаггүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй
Эхлэл 22:17–18-ыг харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн бас нэгэн эшлэл бөгөөд Абрахамд, “Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь өнөр өтгөн болно хэмээн олон удаа ерөөсөн—тэгвэл хэр хэмжээгээр өнөр өтгөн болох юм бэ? Бичвэрт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан дүрслэл ашиглан ярьсан бөгөөд энэ дүрслэлээс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр, эсвэл бүр мянган мянга ч биш, харин үй олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрлана гэдгийг ойлгоход амархан, учир нь Бурхан олон үндэстний эцэг болгоно гэж Абрахамд амласан юм. Энэ тоог хүн шийдсэн үү, Бурхан шийдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь хүнээс шалтгаалдаг уу? “Тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл, хэд хэдэн үр удамтай байх уу, үгүй юу гэдэг нь ч хүнээс шалтгаалдаггүй. Үр хойчоо од шиг үй олон болгохыг хүсдэггүй хэн байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж хүссэнээр чинь болдоггүй. Хүн хэчнээн чадвар, чадамжтай бай, энэ нь хүнээс шалтгаалдаггүй; хэн ч Бурханы урьдчилан тогтоосон зүйлээс гадуур байж чадахгүй. Тэр чамд хэдий чинээ ихийг өгнө, чи төдий чинээ ихийг л авах болно: Бурхан чамд багыг өгвөл чи хэзээ ч их зүйлтэй болохгүй, Бурхан чамд ихийг өгвөл чи их зүйлтэй байгаадаа хэчнээн дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш үү? Энэ бүхэн бүгд хүнээс бус, Бурханаас шалтгаалдаг! Бурхан хүнийг захирдаг ба хэн ч үүнээс ангид байдаггүй!
Бурхан “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг үнэлж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талын зэрэгцээ Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдал, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон юм.
Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас үүрэг, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй, тодорхой урттай гэж хэлж болох уу? Тодорхой хэмжээ, хүч чадалтай гэж хэлж болох уу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж буцдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн бөхөшгүй амийн хүчний дахин илрэлтийг удаа дараа харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илрэл бүр нь Түүний амнаас гарсан үгийн төгс нотолгоо болж бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Түүнчлэн, Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, туйлын өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үг, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй гэж хэлж болно. Бурхан хүнд амлалт өгөх үед, тухайн хүний хаана амьдардаг, юу хийдэг эсэх нь, амлалтыг хүлээн авахын өмнөх, эсвэл дараах нөхцөл, мөн амьдрах орчинд нь хэр их өөрчлөлт байсан эсэх нь—Бурханд бүгд алган дээр нь байгаа мэт тодхон байдаг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд үгээ дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд өгсөн амлалт бүрээ бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал, ийм эрх мэдэл Бурханд байдаг бөгөөд тухайн амлалт нь юу ч бай, бүрэн биелэх хүртлээ хэр их хугацаа шаарддаг ч бай, бүр цаг хугацаа, газар зүй, арьс өнгөөр тодорхойлогдох хэрэгжүүлэлтийнх нь цар хүрээ хэр өргөн байдаг ч бай, энэ амлалт биелж, хэрэгжих болно, түүнчлэн хэрэгжилт, биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл зүтгэл шаардахгүй. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ Бурхан гэрлийг л удирддаг гэсэн үг биш, эсвэл Тэр усыг бүтээсэн учраас усыг л удирдаж, бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй байдаг гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан хэдий ч Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжих явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг болох, бүх зүйл хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддаг болох, энэ хугацаанд Бурханы бүтээсэн бүх зүйл дунд хэчнээн гайхалтай түүх тохиолдсон болохыг хүн хэзээ ч мэдээгүй, дуулаагүй боловч Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, үйл хэргийнх нь илчлэлийн гайхалтай хэсэг бүр бүх зүйлийн дунд уламжлагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйлд Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, энэ тухай ярьсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл, мөн хүч чадал нь Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байдгийг нүдээр үзэх үедээ чи Бурхан цаг үргэлжид газар сайгүй байдаг гэдгийг харна. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цаг хугацаа, газар зүй, орон зай, аливаа хүн, эд юм, зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй байдаг бөгөөд хүн хэзээ ч бүрэн мэдэж авахгүй.
Зарим хүн тааж төсөөлөх дуртай, гэвч хүний төсөөлөл хэр хол хүрч чадах вэ? Энэ дэлхий ертөнцөөс даван гарч чадах уу? Хүн Бурханы эрх мэдлийн жинхэнэ байдал болон үнэн зөв байдлыг тааж төсөөлөх чадвартай юу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгтэй болгох чадвартай юу? Тэдгээр нь Бурханы эрх мэдлийг үнэхээр үнэлж, үүнд захирагдахад хүмүүсийг хүргэж чадах уу? Хүний таамаг болон төсөөлөл нь зөвхөн хүний оюун ухааны бүтээл бөгөөд Бурханы эрх мэдлийн талаарх хүний мэдлэгт өчүүхэн төдий ч тус нэмэр, үр ашиггүй гэдгийг баримтууд баталдаг. Шинжлэх ухааны уран зөгнөлийг уншаад, зарим хүн сарыг төсөөлж, одод ямар вэ гэдгийг төсөөлж чаддаг. Гэсэн ч энэ нь, хүн Бурханы эрх мэдлийн тухай ямар нэгэн ойлголттой гэсэн үг биш юм. Хүний төсөөлөл нь зүгээр л төсөөлөл юм. Эдгээр зүйлийн баримтуудаас, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдэлтэй холбогдох эдгээрийн холбооноос хүн юуг ч огт ухаардаггүй. Чи саран дээр очсон байлаа гээд яах юм бэ? Энэ нь Бурханы эрх мэдлийн талаар олон хэмжээст ойлголттойг чинь харуулах уу? Энэ нь Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээг төсөөлж чадна гэдгийг чинь харуулах уу? Хүний таамаг, төсөөлөл нь Бурханы эрх мэдлийг мэдэх боломж олгож чадахгүй юм хойно, хүн яах ёстой вэ? Хамгийн ухаалаг сонголт бол таамаглаж, төсөөлөхгүй байх, өөрөөр хэлбэл, Бурханы эрх мэдлийг мэдэх тухайд хүн хэзээ ч төсөөлөлдөө найдаж, таамагтаа түшиглэх ёсгүй юм. Би энд та нарт юу гэж хэлэх гээд байна вэ? Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.
Бүх зүйл болон амьтдыг Бүтээгч хянаж, захирдаг баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илтгэдэг
Үүний адилаар, Иовыг ерөөсөн Еховагийн ерөөл Иовын Номд бичигдсэн. Бурхан Иовд юу хайрласан бэ? “Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа” (Иов 42:12). Хүний харах өнцгөөс бол Иовд өгсөн эдгээр зүйл юу байсан бэ? Эдгээр нь хүний эд хөрөнгө байсан уу? Эдгээр хөрөнгөтэй байснаар Иов тухайн эрин үед маш баян байх байсан биш үү? Тэгвэл тэр ийм эд хөрөнгийг яаж олж авсан бэ? Юу түүнийг хөрөнгөжүүлсэн бэ? Бурханы ерөөлийн ачаар Иов эдгээрийг эзэмших болсон гэдэг нь тодорхой юм. Эдгээр хөрөнгийг Иов хэрхэн үзэж, Бурханы ерөөлд хэрхэн хандаж байсан гэдэг нь энд бидний ярилцах зүйл биш. Бурханы ерөөлийн тухайд, бүх хүн Бурханаар ерөөгдөх гэж өдөр шөнөгүй хүсэн хүлээдэг боловч насан туршдаа хэр их хөрөнгө олж авч чадах, мөн Бурханы ерөөлийг хүртэж чадах эсэх нь хүний мэдлийн хэрэг биш—энэ бол маргашгүй баримт билээ! Хүнд хүссэн эд хөрөнгөө хайрлаж, адис хүртэх боломжийг хүссэнээрээ олгох эрх мэдэл, хүч чадал Бурханд байдаг боловч Бурханы ерөөлд зарчим гэж бий. Ямар хүмүүсийг Бурхан ерөөдөг вэ? Мэдээж, Өөртөө таалагдсан хүмүүсийг ерөөдөг! Абрахам, Иов хоёрын хэн хэнийг нь Бурхан ерөөсөн, гэхдээ тэдний хүлээн авсан ерөөл адилхан байгаагүй. Бурхан Абрахамыг элсний ширхэг болон одод шиг олон үр удамтай болог гэж ерөөсөн. Бурхан Абрахамыг ерөөх үедээ нэг хүний үр удам болон нэг үндэстнийг хүчирхэг, амжилттай болгосон. Ийнхүү, бүх зүйл, амьтдын дундаас Бурханы амьсгалаар амьсгалсан хүн төрөлхтнийг Бурханы эрх мэдэл захирсан юм. Бурханы эрх мэдлийн дээд эрх дор энэ хүн төрөлхтөн Бурханы шийдсэн цар хүрээн дотор, Бурханы шийдсэн хурдцын дагуу өсөн үржиж, оршин тогтносон. Ялангуяа энэ үндэстний амьдрах чадвар, өсөж үржих түвшин, наслалт нь бүгд Бурханы зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ бүхний зарчим нь тэр чигтээ Бурханы Абрахамд өгсөн амлалтад үндэслэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы амлалт саадгүйгээр хэрэгжиж, Түүний эрх мэдлийн ивээл дор биелэх болно. Бурханы Абрахамд өгсөн амлалтын дагуу, дэлхий ертөнцийн өөрчлөлт, эрин үе, хүн төрөлхтний туулсан гай гамшгаас үл хамааран, Абрахамын үр удам газрын хөрснөөс арчигдах эрсдэлд орохгүй бөгөөд тэдний үндэстэн мөхөхгүй байх байсан юм. Харин Иовыг ерөөсөн Бурханы ерөөл нь түүнийг асар баян болгосон. Бурхан түүнд амьд, амьсгалдаг сүрэг олон амьтан өгсөн бөгөөд тэдгээрийн тоо толгой, өсөн үржих хурд, амьдрах чадвар, өөх таргынх нь хэмжээ гэх мэт нарийн ширийн зүйлийг нь мөн л Бурхан хянаж байсан юм. Энэ амьтад ярих чадваргүй байсан боловч мөн л Бүтээгчийн зохицуулалтын нэг хэсэг байсан бөгөөд тэдгээрийг зохицуулах Бурханы зохицуулалтын цаад зарчим нь Иовд амласан Бурханы ерөөлд суурилж байсан юм. Абрахам, Иов хоёрт өгсөн Бурханы ерөөлд амласан зүйлс нь өөр өөр байсан боловч Бүтээгчийн бүх зүйл, амьтдыг захирах эрх мэдэл нь нэгэн адил байсан билээ. Бурханы эрх мэдэл, хүч чадлын бүх нарийн учир нь Абрахам, Иов хоёрт өгсөн өөр өөр амлалт, ерөөлд нь илэрхийлэгдсэн байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл нь хүний төсөөллөөс хол давуу гэдгийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа харуулдаг. Хүн Бурханы эрх мэдлийг мэдье гэвэл зөвхөн Бурханы үгээс, мөн Бурханы ажлыг туулснаар л мэдэж авч болно гэдгийг эдгээр нарийн ширийн зүйл хүн төрөлхтөнд дахин нэг удаа хэлдэг билээ.
Бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдэл нь нэг баримтыг харах боломжийг хүнд олгодог: Бурханы эрх мэдэл “Бурханыг гэрэл бий бол гэхэд гэрэл бий болж, Огторгуй бий бол гэхэд огторгуй бий болж, Газар бий бол гэхэд газар бий болсон” гэдэг үгэнд биеллээ олоод зогсохгүй, цаашилбал гэрлийг үргэлжлүүлж, огторгуйг үгүй болохоос сэргийлж, газрыг үүрд уснаас салангид байлгах үед нь болон гэрэл, агаар, газар зэрэг бүтээсэн бүтээлээ захирч, удирдах явц дахь нарийн ширийн үйл хэрэгт нь ч биеллээ олдог юм. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлөөс та нар өөр юуг олж харж байна вэ? Мэдээж, Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа Бурхан алхаагаа зогсоогоогүй, учир нь Тэр эрх мэдлээ дөнгөж хэрэгжүүлж эхэлсэн байсан ба үг бүрээ бодит байдал болгож, Өөрийн ярьсан нарийн учир нэг бүрийг биелүүлэхээр зорьсон, иймээс дараагийн жилүүдэд нь Тэр зорьсон бүх зүйлээ үргэлжлүүлэн хийсэн. Бурхан эрх мэдэлтэй тул бүх зүйл, эд юмсыг хэрэгжүүлэхийн тулд үг л хэлээд, хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй байдаг мэт хүнд санагддаг байх. Ингэж төсөөлнө гэдэг жаахан хөгийн юм! Хэрвээ чи, үг ашиглан хүнтэй байгуулсан Бурханы гэрээний талаар болон үг ашиглан Бурханы биелүүлсэн бүх зүйлийн талаар өрөөсгөл бодолтой байж, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг Бурханы эрх мэдлийн олон янзын шинж тэмдэг, баримтыг харах чадваргүй бол Бурханы эрх мэдлийн талаарх ойлголт чинь хэтэрхий хоосон, хөгийн байгаа хэрэг! Хүн Бурханыг ингэж төсөөлдөг бол Бурханы талаарх мэдлэг нь эцсийн оролдлогодоо очиж, мухардалд хүрсэн гэж хэлэхээс аргагүй, учир нь хүний төсөөлдөг Бурхан бол эрх мэдэл эзэмшсэн Бурхан бус, тушаал буулгадаг машин юм. Абрахам, Иов хоёрын жишээнээс чи юу олж харсан бэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын бодитой талыг харсан уу? Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа байгаа газартаа үлдээгүй, бас гарах үр дүнг нь харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулаагүй. Харин ч Бурханыг үгээ айлдмагц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы хийх гэж зорьсон ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гармагц бүхий л газар нутаг даяар Түүний эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Тэрээр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замаа тавих зуураа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн алхам, гол үе шат болгондоо шаардагдах бүх зүйлийг зохих ёсоор төлөвлөж, бэлтгэдэг. Энэ хугацаанд Бурхан Өөрийн элч нарыг төдийгүй, бүтээсэн бүх зүйлээ удирдан жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы хэрэгжүүлсэн эрх мэдлийн цар хүрээ дотор элч нар төдийгүй бүх зүйл хамрагдаж байсан ба биелүүлэх гэж зорьсон ажлаа гүйцэтгэхийн тулд Тэр эдгээрийг удирдан жолоодсон; ийм онцлог арга замаар Бурханы эрх мэдэл хэрэгжсэн юм. Зарим хүн үзэл бодолдоо Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гуравдагч тэнгэрт юм уу, тогтсон газраа л байх хэрэгтэй, тодорхой нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ бодол дотор нь гүйцэлддэг. Бас Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Түүнд юу ч хийх хэрэг байгаагүй бөгөөд үгээ хэлэх төдийхөн л хангалттай байсан гэж зарим нэг хүн итгэдэг байж магад. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч эрх мэдэл нь хий хоосон бус, жинхэнэ, бодитой байдаг. Бурханы эрх мэдэл, хүч чадлын жинхэнэ, бодит байдал нь Түүний бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг хянах мөн хүн төрөлхтнийг удирдаж, чиглүүлэх үйл явцад нь аажмаар илчлэгдэн, биеллээ олдог. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил, харах өнцөг, нарийн учир бүр, мөн Түүний хэрэгжүүлсэн бүх ажил, бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—эдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг нотолдог. Түүний эрх мэдэл, хүч чадал бүх зүйл дээр байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илрэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолыг өгүүлдэг, учир нь Тэр агшин тутамд Өөрийн эрх мэдэл, хүч чадлаар ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлийг удирдаж, захирдаг бөгөөд Түүний хүч чадал, эрх мэдлийг тэнгэрэлч нар юм уу Бурханы элч нар орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарсан. Хэдийгээр Бурханы элч нар Абрахам болон Иов дээр биечлэн очсон боловч үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор, мөн Бурханы дээд эрхийн дор байсан. Хүмүүс, Библийн тэмдэглэлээс Бурханы элч нар Абрахам дээр зочилсныг мэдэх бөгөөд харин Ехова Бурханы аливааг биечлэн хийж байхыг нь хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлдэг цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Тэнгэрэлч болон элч нар агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлэн, Бурханы даалгасан зарим зүйлийг хэрэгжүүлэхийг чи харсан ч гэсэн, тэдний үйлдэл ердөө л Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы эрх мэдлийн илрэл яавч биш—бүх зүйлийг бүтээж, захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн, эд юманд байхгүй, тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн, эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм уу харуулж чадахгүй.
Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй
Бичвэрийн энэ гурван хэсгээс та нар юу ойлгосон бэ? Бурханд эрх мэдлээ хэрэгжүүлдэг зарчим байдгийг та нар харав уу? Жишээлбэл, Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд солонгыг ашиглаж, дэлхий ертөнцийг сүйрүүлэхэд дахин хэзээ ч үер ашиглахгүй гэдгээ хүнд хэлэхийн тулд үүлэн дунд солонгыг тавьсан. Өнөөдөр хүмүүсийн хардаг солонго нь Бурханы амаараа хэлсэн солонготой бас л адилхан уу? Үүний уг чанар, утга учир өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан эрх мэдлээ ашигласан ба хүнтэй байгуулсан гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, энэхүү гэрээ өөрчлөгдөх цаг үе нь мэдээж Бурханаас хамаарна. Бурхан “Би үүлэнд солонго татуулах болно” гэж хэлснийхээ дараа энэ гэрээг өнөөдрийг хүртэл үргэлж мөрдөж ирсэн. Үүнээс чи юуг олж харж байна вэ? Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний хатуу чанд байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хосгүй байдлын илрэл юм. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшдэг, бүх зүйл Түүний эрх мэдэл дор байдаг, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулж байгаагүй бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлэх болгондоо Өөрийнхөө зарчмыг чанд баримталж, амаараа хэлсэн зүйлээ яг таг дагаж, төлөвлөгөөнийхөө алхмууд болон зорилгыг дагадаг. Бурханы захирдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч мөн дуулгавартай дагадаг ба Түүний эрх мэдлийн зохицуулалтад захирагддаггүй ямар ч хүн, зүйл гэж үгүй, мөн тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, эрх мэдлийнх нь хэрэгжилтээс ангид ямар ч хүн юм уу зүйл байдаггүй, тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, тэрчлэн Түүний эрх мэдлийн хэрэгжих зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгддөггүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бүтээгчийн хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?