Цор ганц Бурхан Өөрөө I
Бурханы эрх мэдэл (I) (III хэсэг)
Дараах үг Бурханы эрх мэдлийг мэдэхэд амин чухал бөгөөд эдгээрийн утга учрыг доорх нөхөрлөлд өгүүлсэн юм. Бичвэрийг үргэлжлүүлэн уншицгаая.
4. Бурханы Сатанд өгсөн тушаал
Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд хандан, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” гэв.
Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний ачаар бүх зүйл дэг журамтай амьдардаг
Энэ бол Иовын Номоос авсан эшлэл бөгөөд энэ үгэн дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэ өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан, Сатан хоёрын тодорхой харилцан яриаг дүрслэн, Бурханы үгийн бай нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Мөн Бурханы хэлсэн зүйлийг тусгайлан тэмдэглэсэн байдаг. Бурханы үг нь Сатанд өгсөн захирамж, тушаал байсан. Энэ тушаалын онцгой нарийн учир нь Иовын амийг хэлтрүүлэхтэй холбоотой бөгөөд энд Бурхан, Сатаны Иовд үзүүлэх хандлагад хязгаар тогтоосон—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой болсон юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авах эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үг байжээ. Иовын Номын эх бичвэрт энэ үгийн цаад шалтгааныг бидэнд өгүүлсэн байдаг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн тул түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг авах ёстой болсон. Иовыг сорих хүсэлтэд нь зөвшөөрөл олгохдоо Сатанд Бурхан дараах болзлыг тавьсан: “Иов чиний гарт байна, харин түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгийн уг чанар юу вэ? Эдгээр нь мэдээж захирамж, тушаал юм. Эдгээр үгийн уг чанарыг чи ойлгосон тул энэ тушаалыг буулгасан Нэгэн бол Бурхан, тушаалыг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг мэдээж бас ухаарах ёстой. Эдгээр үгийг хэн ч уншсан гэсэн энэ тушаалд, Бурхан, Сатан хоёрын харилцаа илэрхий байдаг гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь бас, Судар дахь Бурхан, Сатан хоёрын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан, Сатан хоёрын харилцаа, Бурхан, Сатан хоёрын ялгамж чанар, байр суурийн ялгаа бөгөөд өнөөг хүртэл энэ нь Бурхан, Сатан хоёрын ялгамж чанар, байр суурийн илэрхий ялгааг хүн мэдэж авч болох тодорхой жишээ ба бичгэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч, Сатан хоёрын энэ харилцан яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг тодорхой агуулгыг ойлгож чаддаг. Эдгээр үг нь Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн бас нэгэн гэрчлэл юм.
Гаднаа бол эдгээр нь Ехова Бурхан, Сатан хоёрын харилцан яриа. Эдгээрийн мөн чанар нь гэвэл, Ехова Бурханы ярьж буй хандлага, байр суурь нь Сатанаас дээгүүр байсан явдал билээ. Өөрөөр хэлбэл, Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Иов аль хэдийн гарт нь орсон ба Иовд хүссэнээрээ хандаж болно, гэхдээ Иовын амийг л авч болохгүй хэмээн Сатанд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь хэлж байна. Цаад санаа нь гэвэл, Иовыг Сатаны гарт өгсөн боловч амийг нь Сатанд өгөөгүй; Бурханы зөвшөөрөлгүйгээр хэн ч Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцдаг байр суурийг илэрхийлж, илчилдэг. Энд Ехова Бурхан дан ганц гэрэл, агаар, бүх зүйл, амьтдыг бүтээсэн Бурханы, бүх зүйл, амьтдыг захирдаг Бурханы байр суурийг баримтлаад зогсохгүй, хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы, мөн амьтай бүх зүйлийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг баримталдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд ийм тушаал гаргаж зүрхлэх билээ? Яагаад Бурхан Сатанд биечлэн тушаал өгсөн бэ? Учир нь хүний амь, тэр дундаа Иовын амийг ч Бурхан захирдаг. Бурхан Иовын амийг авах, аминд нь хор хөнөөл учруулахыг Сатанд зөвшөөрөөгүй, Сатанд Иовыг сорихыг зөвшөөрөхдөө ч онцгойлон тэрхүү тушаалыг буулгахаа умартаагүй бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан байдаг. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Бурханы эрх мэдлийн сүр хүч энэ биш гэж үү? Бурханы эрх мэдлийн гэрчлэл энэ биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн үзэх талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Хэдийгээр ёрын муу, биеэ тоосон уг чанартай боловч Сатан өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.
Бүтээгчийн ялгамж чанартай Бурханд л цор ганц эрх мэдэл байдаг
Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэг мунхаг хүмүүс хүртэл олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм байхад Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээлээс нэг ч атугай зүйлийг бүтээж байсан удаагүй бөгөөд ямар нэг амьтай зүйлийг бүтээж үзээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар нурааж, доголдуулж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн доройтолд оруулж, хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү явуулахын тулд Бурханыг голоход хүргэснээс бусдаар Сатан хүнд дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар зүйл өчүүхэн төдийхнийг ч хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул зөвт бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!
Олон хүн Сатаны үнэн төрхийг ойлгочхоод, эрх мэдэл гэж юу болохыг бас л ойлгодоггүй, иймээс Би чамд хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл, хүч чадал хоёрын аль аль нь эерэг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.
Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурханыг тушаал өгсний дараа тушаалыг нь дагахаас өөр сонголт түүнд байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг умартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, тэнгэрлэг хуулийг эсэргүүцэж, дуулгаваргүй байдаг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл нь Бурханы үг бүрийн утга санаанд агуулагдаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Сатаны Иовд гаргасан үйлдэл бол хүнийг ялзруулах үйлийнх нь бичил дүр зураг төдий зүйл байсан. Сатаны хэрэгжүүлэх эдгээр үйлдэлд Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн ард үйлчилдэг зарчмуудын ердөө л бичил дүр зураг нь байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатан байтугай бүх зүйлийн дотроос Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл сөрж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!
Та нар одоо Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон уу? Нэгдүгээрт, дөнгөж сая дурдсан Бурханы эрх мэдэл болон хүний хүч чадлын хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юу вэ? Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж зарим хүн хэлдэг. Тэр бол зөв! Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж хүмүүс хэлдэг ч хүн бодол болон үзэлдээ хүний хүч чадлыг эрх мэдэлтэй байнга андуурч, энэ хоёрыг байнга нэг нэгэнтэй нь харьцуулдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс санамсаргүйгээр нэгийг нь нөгөөгөөр орлуулах алдаа гаргаж байгаа юм биш үү? Энэ хоёр хоорондоо холбоогүй, хооронд нь харьцуулшгүй байхад хүмүүс бас л андуурдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи шийдэл үнэхээр олмоор байвал Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэх л ганц арга бий. Чи Бүтээгчийн эрх мэдлийг ойлгож мэдсэнийхээ дараа хүний хүч чадал, Бүтээгчийн эрх мэдэл хоёрыг эн тэнцүү ярихгүй.
Хүний хүч чадал гэж юуг хэлдэг вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь хүний ялзарсан зан чанар, хүсэл, санаархлыг асар ихээр нэмэгдүүлэх юм уу биелэх боломжтой болгодог чадал, чадвар юм. Үүнийг эрх мэдэл гэж үзэх үү? Хүний хүсэл, санаархал хэчнээн маадгар, шунахай байлаа ч тэр хүнийг эрх мэдэл эзэмшдэг гэж хэлж болохгүй; сайндаа л энэхүү додигор байдал, амжилт нь хүмүүсийн дундах Сатаны маазралын илэрхийлэл төдий, сайндаа л энэ нь Бурхан болох гэсэн эрмэлзлээ биелүүлэхийн тулд Сатан өөрөө өөрийнхөө өвөг дээдэс мэт авирладаг инээдтэй явдал юм.
Чи одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн үзэж байна вэ? Эдгээр үгийн талаар нөхөрлөчихсөн юм чинь чи Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Яаж харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд, хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг хэн нэгэн хүн өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо ч оршдог уу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Мэдээж Бурханы үг, Бурханы эрх мэдлийн ачаар оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаар Бурханаас үүсэлтэй юу? Бурханаас ирдэг зүйлсийг хэн нэгэн булаан авч чадах уу? Эдгээрийн мөн чанар, чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан ийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унталгүй, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн шөнийн цаг хэвээр л байна; чи өдөр тутмын хэвшлээ өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчлөх аргагүй, тийм биз дээ? Арсланг анжсанд үхэр шиг хөллөөд, газар хагалуулж чадах хүн бий юу? Зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай хүн бий юу? Тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэх чадвартай хүн бий юу? Чоныг хонь мэт өвс идүүлэх чадвартай хүн бий юу? (Үгүй.) Усны загасыг хуурай газар дээр амьдруулах чадвартай хүн бий юу? Үүнийг хүмүүс хийж чадахгүй. Яагаад чадахгүй гэж? Бурхан усанд амьдар гэж загасанд тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд үлдэж чадалгүй үхнэ; Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хил хязгаар байдаг ба бүгд өөрсдийн гэсэн төрөлх араншинтай байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, даван гарах аргагүй. Жишээлбэл, арслан хүний нийгмээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг бүтээл боловч төрөл зүйл нь ондоо байдаг. Учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэд тус тусын зөн мэдрэмжтэй, иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, хос далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; сайндаа л модон дээр гарч чаддаг—энэ нь зөн мэдрэмжээр нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас үүддэг гэдгийг хэлэх нь илүүц юм.
Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн хувьд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжин цэцэглэж яваа гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт амжилтыг бахдам гэж тодорхойлж болно. Хүний чадвар улам их өсөж байгаа гэж хэлж болох ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар нээлт хийж чаддаггүй нэг зүйл байдаг: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч болон цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернэт зохион бүтээж, өндөр технологи бүхий амьдралын хэв маягаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьтан бүрийн зөн мэдрэмж, амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй, мөн захирагдахгүй. Одоо, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн ч бай, Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй юм. Энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдал болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дэлхий дээр маш олон далай тэнгис байдаг боловч эдгээр нь хэзээ ч хязгаараа давж, хуурай газар дээр дураараа гарч ирээгүй, учир нь Бурхан дор бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; эдгээр нь Түүний хаа тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр ийш тийш чөлөөтэй нүүж чаддаггүй. Эдгээр нь Бурханы зөвшөөрөлгүйгээр бие биедээ халдаж болдоггүй бөгөөд Бурханыг хөдөл гэхэд л хөдөлж чаддаг. Хаа хүрч, хаана үлдэхийг нь Бурханы эрх мэдэл тодорхойлдог.
Шулуухан хэлэхэд, “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Аливаа зүйлийг яаж хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд Тэр хүссэнээрээ л хийдэг. Бүх зүйлийн хууль хүнээс бус, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадахгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы тушаалаар өөрчлөгддөг, энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйл, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы захирамжийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, бас үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа ч өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлээс үүдэн бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас мөхдөг. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Энэ хэрийн зүйл ярьсны дараа чи, Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйл эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?
Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэл санааг баримтлах ёсгүй
Сатаны чадвар, чадамж хүнийхээс илүү бөгөөд хүний биелүүлэх аргагүй зүйлийг хийж чаддаг хэдий ч, Сатаны хийдэг зүйлд чиний атаархдаг эсвэл хүрэхийг эрмэлздэг эсэх, тэдгээрийг нь чи үзэн яддаг эсвэл жигшдэг эсэхээс үл хамааран, тэдгээрийг чи харж чаддаг ч бай, үгүй ч бай, Сатан хэр ихийг бүтээж, хэчнээн олон хүнийг мэхлэн өөрийгөө шүтүүлж, тахиулж чаддаг ч бай, түүнийг чи яаж ч тодорхойлдог бай хамаагүй Сатанд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж хэлэх ямар ч боломжгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Сатан хүмүүсийг хуурах чадвартай, Бурханыг дуурайж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг хуулбарлаж чаддаг, мөн Бурханы хийсэнтэй төстэй зүйл хийдэг болохоор чи Бурханыг цор ганц биш, олон байдаг, тэд зүгээр л их, бага ур чадвартай, эзэмшдэг хүч чадлынх нь хүрээ ялгаатай гэж андууран итгэж болохгүй. Чи тэдний агуу байдлыг ирсэн дараалал, насны эрэмбээр нь жагсааж, Бурханаас өөр шүтээн байдаг, Бурханы эрх мэдэл, хүч чадал цор ганц биш хэмээн эндүүрэн итгэж болохгүй. Хэрвээ чи ийм үзэл санаатай бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, бас Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэдэгт итгэдэггүй бол, хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэл санааг баримталдаг бол Би чамайг Бүтээлийн дундах хог шаар, Сатаны жинхэнэ биелэл, бас туйлын муу ёрын хүн гэж хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, чиний уг үндэс ямар байх нь хамаагүй, чи Бурханыг өөр ямар ч хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн тайлагдашгүй, хүрэх аргагүй мэт санагддаг ч бай, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл, төсөөлөлтэй хэчнээн их нийцдэг ч бай, эдгээрт чи хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч бай бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг бүү хольж хутга, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, зүрх сэтгэл дэх Бурханаа орлуулж, Бурханаа болгох гэж Сатаныг бүү оруул, Бурханыг бүү түлхэн гарга. Та нар ингэснийхээ үр дагаврыг төсөөлж чадна гэдэгт чинь Би эргэлзэхгүй байна!
Хүн төрөлхтөн хэдий ялзарсан ч гэсэн Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байдаг
Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цуглардаг байхад бүргэд ганцаараа амьдардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн мэдрэмж, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөн мэдрэмжийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн мэдрэмж өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн мэдрэмж нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.
2013 оны 12 дугаар сарын 14
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?