Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно (II хэсэг)
Туйлын үл итгэгч хүүхдүүд болон хамаатнуудаа чуулганд авчирдаг хүмүүс хэтэрхий аминч бөгөөд сайхан сэтгэлээ харуулдаг. Энэ хүмүүс, тэд итгэдэг эсэх, эсвэл энэ нь Бурханы хүсэл мөн эсэх талаар авч үзэхгүйгээр зөвхөн хайрыг л гол болгодог. Зарим хүмүүс Бурханы өмнө эхнэрүүдээ, эсвэл эцэг эхээ авчирдаг бөгөөд Ариун Сүнс зөвшөөрөх, эсвэл ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран, тэд “авьяастай хүмүүсийг” Бурханы төлөө сохроор хүлээн авдаг. Итгэдэггүй энэ хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар ашигтай байж болох вэ? Ариун Сүнс дэргэд нь үгүй үл итгэгчид Бурханыг дагахаар хичээсэн ч гэсэн өөрсдийнхөө итгэж байгаа шиг аврагдаж мөн л чадахгүй. Аврал хүлээн авдаг хүмүүсийг олж авахад үнэндээ тийм ч амаргүй. Ариун Сүнсний ажил болон шалгалтуудыг туулаагүй, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Тиймээс энэ хүмүүс Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөс эхлээд тэдэнд Ариун Сүнсний оролцоо дутагддаг. Тэдний нөхцөл байдал болон бодит байдлын дагуу бол тэд зүгээр л бүрэн төгс болгуулж чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн Тэр тэднийг ямар нэгэн гэгээрлээр хангаж, эсвэл ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгодог бөгөөд эцэст нь тэдний үр дүнг илчилдэг—энэ л хангалттай. Хүний тэмүүлэл, санаа зорилго Сатанаас ирдэг бөгөөд Ариун Сүнсний ажлыг яавч гүйцэлдүүлж чадахгүй. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой—хүн хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Энэ нь, өөрийн төлөвлөгөө, хувиа хичээсэн хүслээ хангахын төлөө байдаггүй гэж үү? Энэ нь үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө гэж үү? Энэ нь Бурханы ажлын төлөө юу? Энэ нь бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө байдаг уу? Бурханд эхэндээ итгэсэн ч Ариун Сүнсний оролцоог олж авч чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс устгагдана гэдэг нь тодорхойлогдсон. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, энэ нь Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүний тэмүүлэл болон хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, мөн Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагаж буй мэт дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэдэг нь юу болохыг мэддэггүй хүмүүст, байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг хүн үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авч, эсвэл Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагаж буй хүмүүс хэв чанар муутай агаад олон үнэнийг ойлгож чадахгүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч чаддаг, харин хэв чанар сайтай хэрнээ чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний оролцоог олж авч чадахгүй. Энэ хүмүүсийг аврах ямар ч боломж байхгүй. Тэд Бурханы үг уншиж, хааяа илгээлт сонсож, Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй. Хүн чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх нь бусад хүн түүнийг хэрхэн үнэлдгээр, эсвэл эргэн тойрных нь хүмүүс түүнийг хэрхэн хардгаар тодорхойлогддоггүй, харин Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа эсэхээр болон тэдэнд Ариун Сүнсний оролцоо байгаа эсэхээр тодорхойлогддог бөгөөд хэсэг хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа тэдний зан чанар өөрчлөгддөг эсэх, тэдэнд Бурханы талаарх мэдлэг байгаа эсэхээр бүр ч их тодорхойлогддог; хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал тэр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөх ба Бурханд итгэх тухай үзэл бодол нь аажмаар ариусах болно. Хүн Бурханыг хэр удаан дагахаас үл хамааран, тэд өөрчлөгдсөн л бол энэ нь Ариун Сүнс тэдэн дээр ажилласан гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй гэсэн үг. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлсэн ч гэсэн тэд сайн зол завшаан олж авах санаа зорилгоороо өдөөгддөг. Ховорхон үйлчлэл нь тэдний зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдах болно, учир нь хаанчлал дотор үйлчлэл үзүүлдэг хүмүүс хэрэггүй, мөн зан чанар нь өөрчлөгдөөгүй ямар ч хүн, төгс болгуулсан агаад Бурханд үнэнч хүмүүст үйлчлэх хэрэггүй. “Хүн Эзэнд итгэх үед түүний бүхий л гэр бүл рүү зол завшаан инээмсэглэдэг” гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед л тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Энэ үгний тухайлсан утга санаа нь хүмүүсийн таашаадаг амар амгалан болон материаллаг ерөөл рүү чиглэдэг; тэдгээр нь Эзэнд итгэдэг хүний бүхий л гэр бүл аврагдах болно гэсэн утгатай биш, мөн хүн сайн зол завшаан олж авах үед түүний бүхий л гэр бүл бас амралтад орно гэсэн утгатай биш юм. Хүн ерөөл хүртэх эсвэл зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог ба хүний бусадтай хуваалцдаг нийтлэг мөн чанарын дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд ийм төрлийн хэллэг, эсвэл ийм төрлийн дүрэм ердөө байдаггүй. Хэрвээ хүн эцэстээ амьд үлдэх чадвартай бол энэ нь, тэр Бурханы шаардлагуудыг биелүүлснээс болж байгаа бөгөөд хэрвээ хүн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй бол энэ нь, тухайн хүн Бурханд дуулгаваргүй агаад Бурханы шаардлагуудыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүр өөрт нь тохирох хүрэх газартай байдаг. Энэ хүрэх газрууд нь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусадтай ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь дамжуулж болохгүй ба хүүхдийн зөв шударгыг эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийн хорон муу үйлдлийг хүүхдүүдэд нь дамжуулж болохгүй ба эцэг эхийн зөв шударгыг хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөр өөрсдийнхөө нүглийг үүрдэг бөгөөд хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч хэнийгээ орлож чадахгүй. Энэ нь зөвт байдал юм. Хүмүүсийн үзэл бодлоор бол хэрвээ эцэг эх нь сайн зол завшаан олж авсан бол, хүүхдүүд нь ч мөн адил бөгөөд хэрвээ хүүхдүүд нь нүгэл үйлдсэн бол эцэг эх нь тэдний нүглийг наманчлах ёстой байдаг. Энэ бол хүний бодол бөгөөд аливааг хийх арга зам юм. Энэ нь Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дүн өөрсдийнх нь үйлдлээс гарч ирдэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогдох ба үргэлж зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; үүнээс ч илүүтэйгээр хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж нь, тэд хүүхдүүдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн хүүхдийн ачлал элбэрэлт сэтгэл нь, тэд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн утгатай биш. Энэ нь дараах үгийн жинхэнэ утга юм: “Талбайд хоёр хүн байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ.” Үр хүүхдээ гэсэн гүн гүнзгий хайрынхаа үндсэн дээр хэн ч ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж чадахгүй, мөн өөрсдийнхөө зөв шударга үйлдлийн үндсэн дээр хүн эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн хүүхдүүд зөв шударга үйл хийсэн ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийсэн ч гэсэн бүх хорон муу хүмүүс устгагдаж, бүх зөв шударга хүмүүс амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг хүүхдүүд, итгэдэгггүй эцэг эхчүүдийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол тохирохгүй хоёр төрөл юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг боловч амралтад ормогц нь түүнд махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг болон биелүүлдэггүй хүмүүс хоорондоо дайснууд юм; Бурханыг хайрладаг болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад ордог болон устгагдсан хүмүүс нь хоорондоо нийцэшгүй төрлийн хүмүүс юм. Үүргээ биелүүлдэг хүмүүс амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй нь устгагдах болно; цаашлаад энэ нь мөнхөд үргэлжилнэ. Нөхрөө хайрлаж байгаа чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Эхнэрээ хайрладаг чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байх чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа хэрэг үү? Бурханд итгэх итгэлийн тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Чи юу олж авахыг хүсэж байна вэ? Чи Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл чармайлт гаргаж чаддаггүй хүмүүс устгагдах болно. Өнөөдөр хүмүүс хоорондоо бие махбодын болон цусан холбоо харилцаатай байдаг боловч хожим нь бүгд нурах болно. Итгэгчид ба үл итгэгчид нь хоорондоо нийцэлгүй төдийгүй бие биенийхээ эсрэг талууд юм. Амралтад байгаа хүмүүс Бурхан байдагт итгэдэг ба Бурханд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Гэр бүлүүд газар дээр оршин байхаа болино; эцэг эх, хүүхдүүд эсвэл эхнэр нөхрийн хоорондын харилцаа яаж байх юм бэ? Итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь эдгээр бие махбодын харилцааг тасалсан байх болно!
Анхнаасаа хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй, зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн хүн л байсан. Ямар ч улс орон байгаагүй, гэр бүлийн тухайд хэлэхийн ч хэрэггүй, харин хүний ялзралын улмаас бүх төрлийн хүмүүс тусдаа овгууд болон зохион байгуулагдаж, дараа нь улс орон, үндэстнүүд болон хөгжсөн. Эдгээр улс, үндэстнүүд жижиг гэр бүлүүдээс бүрдэж байсан ба ийм байдлаар бүх төрлийн хүмүүс хэлний ялгаа болон зааглагдаж буй хил хязгаарынхаа дагуу янз бүрийн үндэс угсаатан болон тархсан. Үнэндээ дэлхий дээр хэчнээн үндэс угсаа байхаас үл хамааран хүн төрөлхтөн ганц л өвөг дээдэстэй. Эхэндээ зөвхөн хоёр төрлийн л хүн байсан ба тэр хоёр нь эрэгтэй, эмэгтэй хоёр байлаа. Гэвч Бурханы ажлын ахиц дэвшил, түүхийн урсгал, газар зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү хоёр төрлийн хүн янз бүрийн түвшинд, бүр илүү олон төрөл болж хөгжсөн. Энэ тухайд гэх юм бол, хүн төрөлхтөн хэчнээн төрлийн үндэс угсаанаас бүрддэгээс үл хамааран бүх хүн төрөлхтөн Бурханы бүтээл хэвээр юм. Хүмүүс ямар үндэс угсаанд харьяалагддаг нь хамаагүй, тэд бүгд Түүний бүтээлүүд юм; тэд бүгд Адам Евагийн үр удам билээ. Хэдийгээр Бурханы гараар бүтээгдээгүй ч тэд бол Бурханы биечлэн бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Хүмүүс ямар төрөлд харьяалагддаг нь хамаагүй бүгдээрээ Түүний бүтээлүүд мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтний байх ёстой газар бөгөөд тэд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу хуваагддаг. Өөрөөр хэлбэл, эцсийн эцэст мууг болон зөв шударгыг үйлдэгчид нь бүгд бүтээлүүд. Ёрын муу зүйл хийдэг бүтээлүүд эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээлүүд амьд үлдэх болно. Энэ нь, энэ хоёр төрлийн бүтээлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Дуулгаваргүй байдлаасаа болж мууг үйлдэгчид өөрсдийгөө Бурханы бүтээл гэдгийг үгүйсгэж чадахгүй боловч Сатанаар сүйтгэгдсэн болохоор аврагдаж чадахгүй. Зөв шударгыг үйлддэг бүтээлүүд нь амьд үлдэнэ гэх баримтын үндсэн дээр, тэд Бурханаар бүтээгдсэн боловч Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгийг үгүйсгэж болохгүй. Мууг үйлдэгчид бол Бурханд дуулгаваргүй бүтээлүүд; тэд аврагдах боломжгүй, Сатанаар аль хэдийн бүрэн эзэмдүүлсэн бүтээлүүд юм. Ёрын мууг үйлддэг хүмүүс ч бас хүн; тэд дээд зэргээр ялзарсан хүмүүс бөгөөд аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээл бөгөөд мөн л ялзарсан, гэхдээ тэд ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай. Зөв шударгыг үйлддэг хүмүүс зөв шударгаар бялхаж байдаггүй; харин ч тэд аврал хүртсэн бөгөөд Бурханыг дуулгавартай дагахын тулд ялзарсан зан чанараасаа ангижирсан; эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэд Сатанаар ялзруулагдаагүй гэсэн үг биш. Бурханы ажил дууссаны дараа Түүний бүх бүтээлүүдийн дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэж чадахгүй; Түүнд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил нь бол хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс бас таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр үр дүн бөгөөд эдгээр нь Түүний бүтээлүүдэд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Хүн төрөлхтний төлөөх Бурханы эцсийн зохицуулалт нь гэр бүлүүд, улс үндэстнүүд, хил хязгааруудыг нурааж хуваах явдал юм. Энэ нь гэр бүлүүдгүй, улс орны хил хязгааргүй байна, учир нь хүн бол эцсийн эцэст нэг өвөг дээдэстэй бөгөөд Бурханы бүтээл юм. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Ийм маягаар ирээдүйн амралтад ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн гэж байхаа болино; ийм төрлийн хүн төрөлхтөн хамгийн ариун хүн төрөлхтөн юм. Адам Ева хоёр анхнаасаа бүтээгдсэн болохоор хүн газар дээрх бүх зүйлийг анхаарч халамжлах байсан; хүн анхнаасаа бүх зүйлийн эзэн байлаа. Еховагийн хүнийг бүтээсэн цаад санаа нь, газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж тордох боломжийг хүнд олгох явдал байв, учир нь хүн анхнаасаа ялзраагүй байсан ба мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэсэн хэдий ч хүн ялзруулагдсаныхаа дараа бүх зүйлийг асрамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүний анхдагч эрүүл ухаан болон анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралт дахь хүн төрөлхтөн нь Түүний авралын ажлын хүрэхээр зорьж буй үр дүнгийн бодит дүрслэл байх болно. Хэдийгээр энэ нь Едений цэцэрлэг дэх шиг амьдрал байхаа болих боловч үүний мөн чанар хэвээрээ байна; хүн төрөлхтөн урьдын ялзраагүй хүмүүс байхаа болино, харин оронд нь ялзраад, дараа нь аврал хүртсэн хүмүүс байх болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа) амралтад орох болно. Үүний адилаар шийтгэгдсэн хүмүүсийн үр дүн ч гэсэн эцэстээ илчлэгдэх бөгөөд Түүний ажил дууссаны дараа л тэд устгагдах болно. Энэ нь, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ гэсэн үг юм, учир нь бүх төрлийн хүмүүсийг (тэд мууг үйлдэгч, эсвэл аврагдсан хүн байх нь хамаагүй) илчлэх ажил бүх хүмүүст нэгэн зэрэг хийгдэх болно. Мууг үйлдэгчид таягдан хаягдах ба үлдэж чадах хүмүүс нэгэн зэрэг илчлэгдэх болно. Тиймээс бүх төрлийн хүмүүсийн үр дүн нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тэр эхлээд аврагдсан бүлэг хүмүүсийг амралтад орохыг зөвшөөрч, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавьж, бага багаар шүүж эсвэл шийтгэхгүй; үнэн чухамдаа ийм байдаггүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед бүхий л орчлон ертөнц дэх Түүний ажил дууссан байх болно. Ерөөл хүртэх эсвэл гай зовлон амсах хүмүүсийн дунд давуу эрхтэй дараалал гэж байхгүй; ерөөл хүртсэн хүмүүс мөнх амьдрах ба гай зовлон амсдаг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Ажлын энэ хоёр шат нэгэн зэрэг хийгдэх болно. Дуулгаваргүй хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга илчлэгдэх болно, мөн ерөөл хүртсэн хүмүүс байгаа болохоор л хорон муу үйлдлийнхээ төлөө мууг үйлдэгчдийн амссан гай зовлон илчлэгдэх болно. Хэрвээ Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагасан хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; хэрвээ Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохирсон хүрэх газарт нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй байсан хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүлээн авч чадахгүй байх байв. Энэ бол Түүний ажлын үйл явц. Хэрвээ Тэр ёрын мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол Түүний бүтээлүүд тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн зөв замдаа орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөртэйгээ адил төрлийнхтэйгээ хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу, туйлын ололт дуусна; энэ нь Түүний ажлын төгсгөлийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний доройтож гажуудсан бие махбодын амьдралыг дуусгах бөгөөд энэ нь ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Энэ үеэс эхлээд хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно. Хүн хэдийгээр бодит оршин тогтнолтой боловч түүний амийн мөн чанар болон ялзарсан хүн төрөлхтний амийн мөн чанарын хооронд үлэмж ялгаа байдаг. Түүний оршин тогтнолын учир утга болон ялзарсан хүний оршин тогтнолын утга учир ч бас ялгаатай. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш боловч үүнийг аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, мөн хүн чанар болоод эрүүл ухаанаа олж авсан амьдрал гэж хэлж болно. Энэ нь нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, мөн нэгэнтээ Бурханаар байлдан дагуулагдаж, дараа нь Түүгээр аврагдсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжилсон ч хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол нь хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс; тэд бол амьд явахад тохирох хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьд байхад тохирохгүй. Тэд хийсэн хорон муу үйлдлийнхээ төлөө устгагдах ба сүйрэл бол тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Хүн хожим нь сайн сайхан ертөнцөд орох үед хүний олно гэж төсөөлдөг эхнэр нөхөр, аав охин эсвэл ээж хүүгийн хоорондох ямар ч харилцаа байхгүй байх болно. Тэр үед хүн өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүл нь аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтөнд дахиж хэзээ ч саад хийхгүй ба хүн цаашид сатаны ялзарсан зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй хүмүүс хэдийн устгагдсан байх бөгөөд дуулгавартай хүмүүс л амьд үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; бие махбодын харилцаа холбоо хэрхэн оршин тогтносоор байх юм бэ? Тэр үед хүмүүсийн урьдын махбодын амьдралыг бүрмөсөн хориглосон байх болно; хүмүүсийн хоорондох бие махбодын харилцаанууд хэрхэн оршсоор байх юм бэ? Сатаны ялзарсан зан чанаргүйгээр, хүмүүсийн амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, шинэ амьдрал болох болно. Эцэг эхчүүд хүүхдээ, хүүхдүүд эцэг эхээ алдах болно. Нөхрүүд эхнэрүүдээ, эхнэрүүд нөхрүүдээ алдана. Одоо хүмүүс бие биетэйгээ бие махбодын харилцаатай байдаг. Тэднийг бүгдийг нь амралтад орох үед бие махбодын харилцаа гэж байхаа болино. Зөвхөн тийм хүмүүс л зөвт байдал болон ариун байдалтай байх бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс байх болно.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?