Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
IV хэсэг
6. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3–12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13–16)
3) Хууль (Матай 5:17–20)
4) Хилэгнэл (Матай 5:21–26)
5) Завхайрал (Матай 5:27–30)
6) Салалт (Матай 5:31–32)
7) Тангараг (Матай 5:33–37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38–42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43–48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1–4)
11) Залбирал (Матай 6:5–8)
7. Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1–9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24–30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31–32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай 13:36–43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45–46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47–50)
8. Тушаалууд
(Maтай 22:37–39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.
Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа, Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж байж болох ч тэдгээр нь үнэн биш гэж чи хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг ханамжуулж, тэдний амийн зан чанарт нь өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж чи хэлж чадах уу? Чи чадахгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн бөгөөд учир нь тэдгээр нь бүгд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд, биеэ хэрхэн авч явах талаар Бурханаас өгөгдсөн зарчмууд болон цар хүрээ байсан ба тэдгээр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэсэн хэдий ч тухайн үеийн өөрсдийн амийн өсөлтийн түвшин дээр үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг зөвхөн хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, тэд юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээн дотор аливааг хийх ёстой болон тэд хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээн доторх энгийн сургаалыг л ашиглаж чадах байсан юм. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогдсон. Хуулийн дор амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөх нь амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл нь энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй болсон.
Дараа нь “Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүдэд” юу байгааг харцгаая.
Эхнийх нь тариачны тухай сургаалт зүйрлэл юм. Энэ нь үнэхээр сонирхолтой сургаалт зүйрлэл; үр тариа тарих нь хүмүүсийн амьдралд нийтлэг тохиолддог үйл явдал билээ. Хоёр дахь нь үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл юм. Үрийн сүүл гэж юу болох тухайд гэвэл үр тариа тарьж байсан ямар ч хүн, мөн насан хүрэгчид мэднэ. Гурав дахь нь гичийн үрний тухай сургаалт зүйрлэл юм. Гич гэж юу болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Хэрвээ та нар мэдэхгүй бол Библиэс харах хэрэгтэй. Дөрөв дэхийн тухайд бол энэ нь хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл бөгөөд исгэхэд зориулж хөрөнгийг хэрэглэдэгийг ихэнх хүмүүс мэднэ; энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл юм. Эрдэнэсийн тухай зургаа дахь сургаалт зүйрлэл, сувдны тухай долоо дахь сургаалт зүйрлэл, торны тухай найм дахь сургаалт зүйрлэлийг оролцуулаад доорх бүх сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралаас урган гарсан; тэдгээр нь бүгд хүмүүсийн бодит амьдралаас гарсан юм. Эдгээр сургаалт зүйрлэл нь ямар төрлийн зүйлийг дүрсэлж байна вэ? Энэ нь Бурхан энгийн хүн болж хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, энгийн амьдралын хэлийг ашиглаж, хүмүүстэй харилцаж, хэрэгтэй зүйлээр нь тэднийг хангахын тулд хүний хэлийг ашиглаж байгаа дүр зураг юм. Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа, хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа эдгээр дадлага туршлага нь Өөрийн бурханлаг хэлийг хүний хэл болгон өөрчлөх Түүний гарын авлага болсон. Мэдээж Түүний амьдралдаа харж, сонссон эдгээр зүйл нь Хүний Хүүгийн дадлага туршлагыг мөн баяжуулсан. Тэр хүмүүст зарим үнэнийг ойлгуулж, тэдэнд Бурханы хүслийн заримыг ойлгуулахыг хүсэх үедээ Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагын тухай хүмүүст хэлэхийн тулд дээрхтэй адил сургаалт зүйрлэлүүдийг ашиглаж байсан. Эдгээр сургаалт зүйрлэлүүд нь бүгд хүмүүсийн амьдралтай холбоотой байсан; хүний амьдралаас гадуурх нэг ч зүйл байгаагүй. Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг Тэр мэдсэн; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; Тэр тороо хаяж буй загасчныг олон удаа харж байсан; гэх мэт. Эзэн Есүс хүн төрөлхтний амьдрал дахь эдгээр үйл ажиллагааг харсан бөгөөд Тэр ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад энгийн хүмүүстэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг мэдэрч туулж байсан. Тэр энгийн хүний амьдралыг биечлэн мэдэрсэн бөгөөд Тэр бусдын амьдралыг нүдээр харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэрээ туулах үед Түүний бодож байсан зүйл нь яаж сайн амьдрах эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар байгаагүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байх үедээ Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Тэр Сатаны эзэмшил дор, нүгэлтэйгээр амьдарч байгаа, Сатаны ялзруулалт доорх хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа мөн ялзруулалт дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арчаагүй байдгийг Тэр мөн мэдэрсэн бөгөөд нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн, Сатаны, хорон муугийн тамлалтанд төөрөлдсөн хүмүүсийн гаслан зовлонг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлийг харах үедээ Тэр тэдгээрийг Өөрийн бурханлаг чанараар харсан уу эсвэл Өөрийн хүн чанараар харсан уу? Түүний хүн чанар үнэхээр оршин байсан—энэ нь тун их амьд байсан—Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан ба мэдээж Тэр үүнийг Өөрийн мөн чанар болон бурханлаг чанартаа ч гэсэн харсан. Өөрөөр хэлбэл, Христ Өөрөө, хүн болох Эзэн Есүс үүнийг харсан ба Түүний харсан бүхэн нь энэ удаа бие махбодтойгоор хийж эхэлсэн Өөрийн ажлын ач холбогдол болон чухал байдлыг мэдрэхэд Түүнийг хүргэсэн. Хэдийгээр бие махбодтойгоор Түүний үүрэх хэрэгтэй хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн харгис байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан боловч хүн нүглийн дунд арчаагүй байгааг харах үедээ, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх тэдний хүчин мөхөс тэмцлийг харах үедээ Тэр улам илүү их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврахаар улам илүү их түгших болсон. Тэр ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарах байсан нь эсвэл Тэр ямар зовлон шаналал туулах байсан нь хамаагүй нүглийн дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр улам илүү их шийдэмгий болсон юм. Энэ явцад, Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгагдсаныг улам илүү тодорхой ойлгож эхэлсэн гэж чи хэлж болно. Тэр мөн Өөрийн хийх гэж байгаа ажлаа дуусгахын тулд бүр их хүсэл эрмэлзэлтэй болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтний нүглийг наманчлах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан—Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл биелж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм.
Махан биед амьдарснаараа бие махбод болсон Бурхан хэвийн хүн чанарыг эзэмшсэн; Түүнд энгийн хүний сэтгэл хөдлөл болон сэтгэлгээ байсан. Тэр аз жаргал гэж юу болохыг, өвчин зовлон гэж юу болохыг мэддэг байсан бөгөөд хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч буйг харах үедээ, хүмүүст зүгээр л зарим нэг сургаал хайрлах нь, ямар нэг зүйлээр тэднийг хангаж эсвэл тэдэнд ямар нэг зүйл зааж сургах нь тэднийг нүглээс салгахгүй гэдгийг Тэр гүнээ мэдэрсэн юм. Зөвхөн тушаалуудад дуулгавартай байх нь мөн тэднийг нүглээс аварч чадахгүй—Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийг үүрч, нүгэлт биетэй хүнтэй адил болсноор л Тэр үүнийг хүн төрөлхтний эрх чөлөөгөөр сольж, үүнийг хүн төрөлхтний төлөөх Бурханы уучлал өршөөлөөр сольж чадах байсан. Иймээс Эзэн Есүс хүний нүгэлт амьдралыг мэдэрч, нүдээр харсны дараа Түүний зүрх сэтгэлд илэрхийлэгдсэн хүчтэй хүсэл—өөрсдийн нүгэлт амьдралаас салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь, Тэр аль болох хурдан, аль болох бушуухан загалмай руу очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж Түүнд санагдахад хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байсан. Бие махбод болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, Тэр ийм зан чанарыг илэрхийлж, илчлэх нь—ердийн хүнд байдаг зүйл үү? Ийм орчинд амьдарч байгаа ердийн хүн юу харах бол? Тэд юу бодох вэ? Хэрвээ ердийн хүн энэ бүхэнтэй тулгарвал тэд асуудлыг өндөр өнцгөөс авч үзэх үү? Мэдээж үгүй! Хэдийгээр бие махбод болсон Бурханы гадаад байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил эсвэл илэрхийллээр дамжуулан Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг, юмны мөн чанарыг харж байгаа Түүний байдал болон ялзруулагдсан хүмүүсийн хүнийг болон юмны мөн чанарыг харж байгаа байдал огтхон ч адилхан биш. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзруулагдсан хүний хувьд хүрэхийн аргагүй зүйл байсан. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. Ялзруулагдсан хүмүүсийн хувьд, Түүний бие махбодтойгоор илэрхийлсэн зүйл нь үнэний болон амийн хангамж юм. Эдгээр хангамж нь зөвхөн нэг хүний төлөө биш харин бүх хүн төрөлхтний төлөө байдаг. Ямар ч ялзруулагдсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүмүүс л байдаг. Түүний анхаардаг, түүний санаа тавьдаг цөөхөн хэдэн хүмүүс л байдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийгээ боддог бөгөөд илүү энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ зарим хамаатан эсвэл сайн найзыгаа л бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь хүн бол эцсийн эцэст хүн л байдаг бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэсэн хэдий ч бие махбод болсон Бурхан бол ялзруулагдсан хүнээс тэс өөр юм. Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог. Эзэн Есүс дэх Бурханы Өөрийн илэрхийлэл болон илчлэлийг та нар харж байна уу? Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхэн нь Түүний үйлчлэл болон Бурханы удирдлагын ажилтай холбоотой байсан бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мөн чанарын илэрхийлэл, илчлэл байсан гэж та нар хэлж болох юм. Хэдийгээр Түүнд хүний илрэл байсан боловч Түүний бурханлаг мөн чанар болон Түүний бурханлаг чанарын илчлэлийг үгүйсгэж болохгүй. Энэхүү хүний илрэл нь үнэхээр хүн чанарын илрэл байсан уу? Түүний хүнлэг илрэл нь ялзруулагдсан хүмүүсийн хүний илрэлээс мөн чанараараа бүхэлдээ өөр. Эзэн Есүс бол бие махбод болсон Бурхан бөгөөд хэрвээ Тэр үнэхээр эгэл жирийн ялзруулагдсан хүмүүсийн нэг байсан бол Тэр хүн төрөлхтний нүгэлт амьдралыг бурханлаг өнцгөөс харж чадах байсан уу? Огтхон ч үгүй! Энэ бол хүний Хүү ба жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Ялзруулагдсан хүмүүс бүгд нүгэлтэй амьдардаг бөгөөд хэн нэгэн хүн нүглийг харах үедээ тэдэнд ямар ч онцгой мэдрэмж төрдөггүй; тэд бүгд адилхан, тав тухгүй эсвэл бохир гэдгийг огтхон ч мэдрэхгүйгээр шаварт амьдардаг гахайтай адил—сайн идэж, бөх унтдаг. Хэрвээ хэн нэгэн гахайн хороог цэвэрлэвэл гахайд үнэндээ таатай санагдахгүй бөгөөд энэ нь цэвэрхэн байж чадахгүй. Тун удалгүй, тэр дахин нэгэнтээ, тун таатайгаар шаварт өнхөрч байх болно, учир нь энэ бол бохир заваан амьтан юм. Хүн гахайг харахад тэдэнд энэ нь заваан санагддаг бөгөөд хэрвээ чи үүнийг цэвэрлэх юм бол гахайд сайхан санагдахгүй—тийм учраас хэн ч гэртээ гахай байлгадаггүй. Хүмүүсийн гахайг хардаг байдал нь гахайнуудад өөрсдөд нь ямар санагддагаас үргэлж өөр байх болно, учир нь хүн гахай хоёр бол адил төрлийнх биш юм. Бие махбод болсон хүний Хүү ялзруулагдсан хүнтэй адил төрлийнх биш учраас зөвхөн бие махбод болсон Бурхан л хүн төрөлхтнийг харахын тулд, бүх зүйлийг харахын тулд бурханлаг өнцгөөс хандаж, Бурханы өндрөөс хандаж чадна.
Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд амьдрах үед Тэр бие махбодоороо ямар зовлонг туулдаг вэ? Хэн нэгэн хүн үнэхээр ойлгож чадах уу? Зарим хүмүүс Бурхан асар их зовдог бөгөөд хэдийгээр Тэр Бурхан Өөрөө боловч хүмүүс Түүний мөн чанарыг ойлгодоггүй, Түүнд үргэлж хүн шиг ханддаг, энэ нь Түүнийг шаналж, буруугаар ойлгогдоход хүргэдэг гэж хэлдэг—тэд Бурханы зовлон үнэхээр асар их гэж хэлдэг. Бусад хүмүүс Бурхан бол гэм зэмгүй, ямар ч нүгэлгүй боловч Тэр хүн төрөлхтөнтэй адилхан зовж, хүн төрөлхтний хамтаар хавчилт шахалт, гүтгэлэг, доромжлолыг амсдаг гэж хэлдэг; Тэр мөн Өөрийн шавь нарын үл ойлголцол, дуулгаваргүй байдлыг мөн амсдаг—Бурханы зовлонг үнэхээр хэмжих боломжгүй гэж тэд хэлдэг. Та нар Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй мэт харагддаг. Үнэндээ та нарын яриад байгаа энэ зовлон нь Бурханы хувьд жинхэнэ зовлон гэж тооцогддоггүй, яагаад гэвэл үүнээс ч илүү их зовлон байдаг. Тэгвэл Бурханы Өөрийнх нь хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бие махбод болсон Бурханы хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бурханы хувьд, хүн төрөлхтөн Түүнийг ойлгохгүй байх нь зовлон гэж тооцогддоггүй ба хүмүүс Бурханы талаар зарим нэг буруу ойлголттой байж, Түүнийг Бурхан гэж үздэггүй нь зовлон гэж тооцогддоггүй. Гэсэн хэдий ч, Бурхан асар их шударга бус байдлыг туулсан байх ёстой ба Бурхан бие махбодтой байх хугацаандаа Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд харуулж, Өөрийн агуу байдлыг болон Бурхан өчүүхэн махан биед даруухнаар нуугдаж байгаа гэдгийг харах боломжийг тэдэнд олгож чадахгүй байгаа нь Түүний хувьд шаналгаатай байсан байх ёстой гэдгийг хүмүүс ихэвчлэн мэдэрдэг. Бурханы зовлонгийн талаар өөрсдийн ойлгож чадах, өөрсдийн харж чадах зүйлсийг хүмүүс сэтгэлдээ авч үзэж, Бурханд бүх төрлийн өрөвдсөн сэтгэлийг тохож, заримдаа бүр үүндээ бага зэрэг магтаалыг ч оруулах болно. Үнэн хэрэгтээ Бурханы зовлонгийн талаар хүмүүс юу ойлгож байгаа болон Тэр үнэхээр юу мэдэрч байгаагийн хооронд ялгаа бий. Би та нарт үнэнийг хэлж байна—Бурханы хувьд, Бурханы Сүнс эсвэл Бурханы махбод болсон бие ч бай энэ нь хамаагүй, тэр зовлон нь жинхэнэ зовлон биш. Тэгвэл Бурхан яг юунд зовж шаналдаг вэ? Бурханы зовлонг зөвхөн бие махбодтой болсон Бурханы өнцгөөс ярьцгаая.
Бурхан бие махбодтой болж, энгийн, жирийн хүн болж, хүн төрөлхтний дунд, хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах үедээ хүмүүсийн амьдралын арга барил, хууль болон гүн ухааныг харж, мэдэрч чадахгүй гэж үү? Эдгээр амьдрах арга барил, хууль нь Түүнд ямар санагддаг вэ? Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр жигшил зэвүүцлийг мэдэрдэг үү? Тэр яагаад жигшил зэвүүцлийг мэдэрнэ гэж? Хүн төрөлхтний амьдрах арга барил, хуулиуд юу вэ? Тэдгээр нь ямар зарчим дээр үндэслэдэг вэ? Тэдгээр нь юун дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь—бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаан дээр үндэслэн бий болсон. Ийм төрлийн хуулийн дор амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй—тэд бүгд үнэнийг үл тоомсорлож, Бурханд өсөрхөж байдаг. Хэрвээ бид Бурханы мөн чанарыг харвал, Түүний мөн чанар нь Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар нь зөв шударга байдал, үнэн, ариун байдал болон бүх эерэг зүйлсийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Энэ мөн чанарыг эзэмшиж, тийм хүн төрөлхтний дунд амьдарч байгаа Бурханы хувьд—Өөрийн зүрх сэтгэлд Тэр юуг мэдэрдэг вэ? Энэ нь шаналлаар дүүрэн байхгүй гэж үү? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож эсвэл ухаарч чадахгүй зүйл юм. Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, мэдэрч байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, хорон муу, үнэний эсрэг тэдний эсэргүүцэл, тэрслүү байдал байдаг. Хүнээс үүдэлтэй бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзруулагдсан хүнийхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан бие махбодтой болох үедээ Өөртэй нь адилхан хэлтэй хэн нэгнийг олж чадах уу? Үүнийг хүмүүсийн дундаас олж чадахгүй. Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах нэг ч хүн олдохгүй—Бурханд ямар сэтгэл хөдлөл байдаг гэж чи хэлэх вэ? Хүмүүсийн хэлэлцдэг, тэдний хайрладаг, тэдний эрж хайж, хүсэн эрмэлздэг зүйлс нь бүгд нүгэлтэй хамаатай, муу чиг хандлагатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед энэ нь Түүний зүрх рүү хутга шааж байгаа мэт байхгүй гэж үү? Эдгээр зүйлтэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарлыг олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс нь тэрслүү зан, хорон муугаар дүүрэн хүмүүс юм—тиймд Түүний зүрх сэтгэл хэрхэн зовж шаналахгүй байж чадах билээ? Энэ зовлон үнэхээр хэр их вэ, хэн энэ талаар санаа зовж байна вэ? Хэн анхаарал хандуулж байна вэ? Хэн үүнийг үнэлж чадах вэ? Хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ямар ч арга байхгүй. Түүний зовлон нь хүмүүсийн үнэндээ үнэлж чаддаггүй зүйл бөгөөд хүн төрөлхтний хүйтэн хөндий, мэдрэмжгүй байдал нь Бурханы зовлонг бүр ч гүн гүнзгий болгодог.
Библид дараах эшлэл байдаг учраас Христийн зовлонг ихэвчлэн өрөвдөн ойлгодог зарим хүмүүс байдаг: “Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байхад харин хүний Хүү дэрлэх газаргүй байна.” Хүмүүс үүнийг сонсох үедээ зүрх сэтгэлдээ ойлгож, энэ нь Бурханы туулдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон гэж итгэдэг. Одоо үүнийг баримтуудын өнцгөөс харвал үнэхээр тийм байна гэж үү? Эдгээр бэрхшээлүүд нь зовлон гэдэгт Бурхан итгэдэггүй. Махан биеийн бэрхшээлээс болж Тэр хэзээ ч шударга биш байдлын эсрэг уйлж байгаагүй ба Тэр хүн төрөлхтнийг Түүнд төлбөр төлөхөд эсвэл Түүнийг ямар нэг зүйлээр шагнахад хүргээгүй. Гэсэн хэдий ч Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзруулагдсан хүний хорон мууг нүдээр харах үедээ, хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанд хоригдон, зугтаж чадахгүй байж, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харах үедээ—Тэр энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихсэж байсан боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүнийг дагагчдын хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Хэн ч Түүний зүрх сэтгэлийг ойлгож эсвэл тайвшруулахаар оролддоггүй—Түүний зүрх сэтгэл энэ зовлонг өдөр өдрөөр, жил бүр, цаг үргэлжид үүрдэг. Та нар энэ бүгдээс юуг харж байна вэ? Бурхан Өөрийн өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юуг ч шаарддаггүй, харин Бурханы мөн чанарын улмаас Тэр хүн төрөлхтний хорон муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг ба энэ нь Бурханы зүрх сэтгэл, Түүний бие махбод дуусашгүй их зовлонг туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харж чадсан уу? Ихэнхдээ та нарын хэн нь ч үүнийг харж чаддаггүй, учир нь та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар үүнийг аажмаар өөрсдөө мэдэрч чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?