Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
III хэсэг
Дараа нь бид Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг авч үзэх болно.
3. Алдагдсан Хонины тухай сургаалт зүйрлэл
(Maтай 18:12–14) Чи хэрхэн тунгааж байна? Хүн зуун хоньтой, тэдний нэг нь төөрч явсан бөгөөд тэр ерэн есөн хоньтой үлдэх атал уул руу явж, төөрсөн нэг хонийг эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол, та бүхэнд үнэнийг хэлэхэд тэр төөрч яваагүй үлдсэн ерэн есөн хониноосоо ч илүү баярлах болно. Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.
Энэ бол зүйрлэл—энэ эшлэлээс хүмүүс ямар мэдрэмжийг мэдэрч байна вэ? Энэ зүйрлэлийг илэрхийлсэн арга зам нь хүний хэлний уран дүрслэлийг ашигласан; энэ нь хүний мэдлэгийн хүрээн дэх зүйл юм. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйлийг хэлсэн бол энэ нь Бурханы ялгамж чанартай үнэхээр зохицохгүй зүйл гэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед хүний Хүү энэ эшлэлийг дамжуулах үед энэ нь хүмүүст аятайхан, дулаахан бөгөөд ойр дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний хэлбэртэйгээр гарч ирэх үедээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхдээ маш тохиромжтой зүйрлэлийг ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы дуу хоолойг болон тухайн эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл Тэр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн. Хэрэв нэг хонь алга болбол, үүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх болно. Энэ нь, энэ удаа хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор ажиллах Бурханы ажлын зарчмыг төлөөлдөг. Бурхан тэр ажилд хандах Өөрийн шийдэмгий байдал болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигласан юм. Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусалсан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа. Та нар үүнээс юуг харж байна вэ? Бурханы үг болон үйлдэлд ямар ч хориотой байдал байхгүй гэдгийг үү? Хүмүүсийн харж байгаагаар Бурхан Өөрийн хэлэхийг хүссэн зүйл, Өөрийн хийхийг хүссэн ажлын талаар ярихдаа эсвэл Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний мэдлэг, хэл эсвэл ярих аргыг ашиглах ямар ч аргагүй; энэ нь ташаа бодол юм. Бурхан ийм төрлийн зүйрлэлийг ашигласан, ингэснээр хүмүүс Бурханы бодит байдал болон чин сэтгэлийг мэдэрч, тэр үеийн хүмүүст хандах Түүний хандлагыг харж чадах байлаа. Энэ сургаалт зүйрлэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг зүүд нойрноос нь сэрээсэн бөгөөд энэ нь мөн Нигүүлслийн эрин үед амьдарч байсан хүмүүсийн дараа дараагийн үеийнхэнд ч урам зориг өгсөн. Энэ сургаалт зүйрлэлийн эшлэлийг уншсанаар хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы чин сэтгэлийг мэдэж, Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг ойлгоно.
Энэ эшлэлийн сүүлчийн өгүүлбэрийг дахин нэг харцгаая: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Энэ нь Эзэн Есүсийн үг байсан уу, эсвэл тэнгэр дэх Түүний Эцэгийн үг байсан уу? Өнгөцхөн авч үзвэл Эзэн Есүс ярьж байгаа мэт харагдах боловч Түүний хүсэл нь Бурханы Өөрийн хүслийг төлөөлдөг тул Тэр ингэж хэлсэн: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Тэр үеийн хүмүүс зөвхөн тэнгэр дэх Эцэгийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний нүдний өмнө харагдаж байсан энэ хүн нь ердөө л Түүгээр илгээгдсэн бөгөөд Тэр тэнгэр дэх Эцэгийг төлөөлж чадахгүй байсан. Тийм учраас Эзэн Есүс мөн тэгж ярих хэрэгтэй болсон ба ингэснээр тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг үнэхээр мэдэрч, Түүний хэлсэн зүйлийн жинхэнэ байдал болон нарийн зөв байдлыг мэдэрч чадах байсан юм. Хэдийгээр энэ нь хэлэхэд маш энгийн зүйл байсан боловч, энэ нь маш энэрэнгүй байсан бөгөөд энэ нь Эзэн Есүсийн даруу агаад нууцдаг байдлыг илчилсэн. Бурхан бие махбодтой болсон эсвэл Тэр сүнсний ертөнцөд ажилласан эсэх нь хамаагүй, Тэр хүний зүрх сэтгэлийг хамгийн сайн мэдэж байсан, хүмүүст юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгож байсан, хүмүүс юунд санаа зовж байгааг болон тэднийг юу төөрөгдүүлж байгааг мэдэж байсан, иймээс Тэр энэ нэг мөрийг нэмсэн юм. Энэ мөр нь хүн төрөлхтөнд нуугдсан нэг асуудлыг тодруулсан: Хүмүүс хүний Хүүгийн хэлсэн зүйлийн талаар эргэлзэж байсан болохоор Эзэн Есүс ярьж байх үедээ ингэж нэмж хэлэх хэрэгтэй болсон: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Зөвхөн энэхүү урьдач нөхцөл дээр л Түүний үг үр дүнгээ гаргаж, тэдгээрийн нарийн зөв байдалд хүмүүсийг итгүүлж, тэдгээрийн үнэмшилтэй байдлыг сайжруулж чадах байсан. Бурхан хүний Хүү болоход Бурхан болон хүн төрөлхтөн маш эвгүй харилцаатай болсон ба хүний Хүүгийн байдал маш санаа зовмоор байсан гэдгийг энэ нь харуулж байна. Энэ нь, хүмүүсийн дундах Эзэн Есүсийн байр суурь тэр үед хэчнээн ялихгүй жаахан байсныг мөн харуулж байна. Тэр үүнийг хэлсэн нь үнэндээ хүмүүст ингэж хэлэх гэсэн юм: Та нар итгэлтэй байж болно, энэ нь Миний өөрийн зүрх сэтгэлд юу байгааг төлөөлдөггүй, харин энэ нь та нарын зүрх сэтгэлд байгаа Бурханы хүсэл юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь ёжтой зүйл биш гэж үү? Хэдийгээр Бурхан махан биетэйгээр ажиллах нь Түүний үнэн биед байхааргүй олон давуу талтай байсан боловч Тэр тэдний эргэлзээ, үл тоох байдал, түүнчлэн тэдний хөшүүн байдал болоод мунхаг занг сөрөх хэрэгтэй байсан. Хүний Хүүгийн ажлын үйл явц нь хүн төрөлхтний гололтыг мэдрэх үйл явц, хүн төрөлхтний Түүний эсрэг тэмцлийг мэдрэх үйл явц байсан гэж хэлж болно. Үүнээс илүүтэйгээр энэ нь хүн төрөлхтний итгэлийг олж авахаар тасралтгүй ажиллах, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор дамжуулан, Өөрийн мөн чанараар дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах үйл явц байсан юм. Энэ нь бие махбод болсон Бурхан газар дээр Сатаны эсрэг дайн хийж байсан зүйл биш; энэ нь Бурхан энгийн хүн болж, Өөрийг нь дагаж байсан хүмүүстэй тэмцэлдэж эхэлсэн явдал байсан бөгөөд энэхүү тэмцэлд хүний Хүү Өөрийн даруу байдлаараа, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн хайр, мэргэн ухаанаараа Өөрийн ажлыг гүйцэтгэсэн юм. Тэр Өөрийн хүссэн хүмүүсийг олж авч, Өөртөө тохирох ялгамж чанар болон байр суурийг эзэмшиж, Өөрийн сэнтийдээ эргэн очсон.
Дараа нь, бичээсийн дараагийн хоёр эшлэлийг авч үзэцгээе.
4. Дал дахин долоон удаа уучлах
(Maтай 18:21–22) Дараа нь Петр Түүн дээр ирж, “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.
5. Эзэний Хайр
(Maтай 22:37–39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Энэ хоёр эшлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.
Бурхан махбодтой болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан—Тэр энэ эрин үед онцгой ажлыг болон Өөрийн илэрхийлэхийг хүссэн зан чанарыг авчирсан. Тэрхүү хугацаанд хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурханы энэ эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагдсан. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй юм. Түүний хэлсэн зүйл болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үетэй холбоотой байв. Тэр үүнийг хүний аргаар, хүний хэлээр хэлсэн үү эсвэл бурханлаг хэлээр хэлсэн үү гэдгээс үл хамааран—ямар ч аргаар эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй—Түүний зорилго нь, Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох болон хүмүүст тавих Түүний шаардлага юу болохыг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байв. Иймээс Нигүүслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэлийг ашиглаж байсныг бид харж болно. Үүнээс ч илүүгээр бид хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалж байсан энгийн хөтчийн өнцгөөс Түүнийг хардаг. Ийм байдлаар ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл юм. Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно, илүү нигүүлсэнгүй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинаар илүү бодитой үр дүнд хүрэх боломжтой болсон. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах гэдэг зүйрлэл нь энэ зүйлийг үнэхээр тодорхой болгодог. Энэ зүйрлэл дэх тооны биелүүлэх зорилго нь тэр үед Эзэн Есүсийн үүнийг хэлсэн цаад шалтгааныг хүмүүст ойлгуулахын тулд байсан. Түүний зорилго бол хүмүүс бусдыг—нэг удаа эсвэл хоёр удаа ч биш бүр долоон удаа ч биш харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг байсан. “Дал дахин долоон удаа” гэдэг нь ямар төрлийн санаа вэ? Энэ нь уучлалыг өөрсдийн хариуцлага, өөрсдийн сурах ёстой зүйл, өөрсдийн баримтлах ёстой зам болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө юм. Хэдийгээр энэ нь зүгээр л нэг зүйрлэл боловч энэ нь шийдвэрлэх чухал зүйл байлаа. Энэ нь хүмүүст, Түүний хэлсэн зүйлийг гүнээ үнэлж, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга зам, зарчим болон хэрэгжүүлэх стандартыг олоход тусалсан. Энэ зүйрлэл нь хүмүүсийг тодорхой ойлгоход тусалсан бөгөөд уучлалыг сурах ёстой гэсэн нарийн зөв үзлийг тэдэнд өгсөн—ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр харин бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой. Эзэн Есүс үүнийг хэлэх үед Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг уучлах тодорхой тоо байдаг уу? “Хэдэн удаа” гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүмүүс байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгохыг хүсдэг; тэд энэ тоонд илүү гүнзгий далд утга байгаа гэдэгт итгэдэг. Үнэндээ энэ нь зүгээр л Бурханы хүн чанар дахь зүйрлэл байсан. Ямар нэг далд санаа эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, илүү төлөвлөсөн байсан, арга барил нь хамаагүй илүү уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ энэ нь Хуулийн эрин үеийг давж гарсан.
Одоо Эзэнийг хайрлах болон бусдыг өөрийн адил хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлэгдсэн зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эдгээр нь хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; зөвхөн хүмүүс л “бусдыг өөрийн адил хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнан хайрлахтай адил” гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд зөвхөн хүмүүс л ийм байдлаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм байдлаар ярьж байгаагүй. Ядаж л хүн төрөлхтний төлөөх Өөрийн хайрыг зохицуулахын тулд Түүнд “бусдыг өөрийн адил хайрла” хэмээх ийм төрлийн ягшмал зарчим хэрэггүй байдаг учраас, мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан “Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг” гэх мэтийн зүйл хэлж байхыг хэзээ та нар сонссон бэ? Учир нь хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүст хандах арга зам ба Түүний хандлага нь Түүний зан чанарын төрөлхийн илэрхийлэл болон илчлэл юм. Тэр үүнийг тодорхой арга замаар санаатайгаар хийх хэрэггүй эсвэл бусдыг Өөрийн адил хайрлахын тулд тодорхой арга барил эсвэл ёс зүйн дүрмийг санаатайгаар дагах хэрэггүй—Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшдэг. Чи үүнээс юуг харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үгс болон үнэн нь бүгд хүний аргаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл нь илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл нь яг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байсан бөгөөд энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, махан бие дэх хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь хүний тэнгэр дэх Бурхантай харилцах харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор, саад бэрхшээл болоогүйгээр зогсохгүй, энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Есүс Христийн хийсэн ажлын уг чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байна гэдгийг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг мөн ихээхэн ашигладаг бөгөөд энэ нь Бурханы хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэл болон арга барилыг, мөн хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан бие махбодтой болмогц, Тэр хүний өнцгөөс эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Түүний хэл болон илэрхийлэх арга барилын ихэнх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бие махбодтой болох үед, энэ нь чиний хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талуудыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан бие махбодтой болсон үед Тэр өсөх явцдаа хүн төрөлхтний зарим нэг мэдлэг, эрүүл сэтгэлгээ, хэл болон хүн чанараар илэрхийлэх арга барилыг ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбод болсон Бурхан, Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлийг эзэмшсэн юм. Тэдгээр нь, бие махбод болсон Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанараа илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгосон, тэгснээр Бурханы хүссэн үр дүнд хүрч байгаа юм. Бурханы хувьд махан биед ийм байдлаар ажиллах нь илүү бодитой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон үед, Бурханы бие махбод Өөрийн биелүүлэхийг хүссэн ажлыг хийж чадах болсон үед энэ нь, Тэр Өөрийн зан чанарыг болон газар дээрх Өөрийн ажлыг илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хүний Хүү байдлаар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан болон хүмүүсийн хооронд цаашид ангал байхаа больсон, Бурхан элчүүдээр дамжуулан харилцах Өөрийн ажлыг удахгүй зогсоох болно, мөн Өөрийн илэрхийлэхийг хүссэн бүх үг болон ажлыг махан биеэр биечлэн илэрхийлж чадна гэсэн үг билээ. Энэ нь мөн, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ нутаг дэвсгэрт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхөж байсан гэсэн үг байлаа.
Эзэн Есүсийг төрөх үед маш олон зүйл тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээрийн дотроос хамгийн томоохон нь диаволуудын хаанаар агнуулж, тэр хавийн хоёроос доош настай бүх хүүхдүүд алагдах хүртэл хэмжээнд хүрсэн. Хүн төрөлхтний дунд бие махбодтой болсноороо Бурхан асар их эрсдэл үүрсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий билээ. Хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор хийх Өөрийн ажилдаа тавьсан Бурханы асар их итгэл найдвар нь мөн илэрхий байсан. Бурханы махан бие нь хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болсон үед Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг бага зэрэг ойлгож чадах ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь Бурхан баяртай байсан, учир нь Тэр Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж эхэлсэн билээ. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэхэд Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан, учир нь маш олон жилийн хүлээлт болон бэлтгэлийн дараа эцэстээ Тэр энгийн хүний махан биетэй болж, хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний хэлбэртэйгээр Өөрийн ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцсийн эцэст хүний ялгамж чанараар дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, зүрх сэтгэлээсээ ярилцаж чадсан. Бурхан эцсийн эцэст хүмүүстэй нүүр нүүрээ харалцан хүний хэлээр, хүний арга замаар ярилцсан; Тэр хүний хэлийг ашиглан хүн төрөлхтнийг хангаж, тэднийг гэгээрүүлж, тэдэнд тусалсан; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнээс хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч байсан. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж байсан. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махан бие дэх Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт гэж хэлж болох юм—энэ нь мэдээж Бурханы хамгийн их баяртай байсан зүйл нь билээ. Тэр үеэс эхлээд энэ нь, хүн төрөлхтний дундах Өөрийн ажилдаа Бурхан тайвшрал маягийн зүйлийг мэдэрсэн анхны удаа байсан юм. Эдгээр бүх үйл явдлууд нь маш бодитой, маш хэвийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайвшрал маш үнэн бодит байлаа. Хүн төрөлхтний хувьд Бурханы ажлын шинэ үе шат биелэх болгонд, Бурхан тааламжтай байдлыг мэдрэх бүрд энэ нь хүн төрөлхтөн Бурханд илүү ойртох үе бөгөөд хүмүүс авралд илүү ойр очиж чадах үе юм. Бурханы хувьд энэ нь мөн Түүний шинэ ажлын эхлэл, Түүний удирдлагын төлөвлөгөө нэг алхам урагшлах үе бөгөөд цаашлаад Түүний хүсэл бүрэн биелэлтэндээ дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээж байгаа бүх хүмүүсийн хувьд энэ нь маш чухал мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг эхлүүлж, хүн төрөлхтөнд танилцуулах үед ажлын энэ үе шатны үр дүн аль хэдийн тодорхойлогдсон байдаг, энэ нь биелэгдсэн бөгөөд Бурхан үүний эцсийн үр нөлөө болоод үр жимсийг аль хэдийн харсан байсан. Энэ нь мөн, эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож Түүний зүрх сэтгэлийг мэдээж аз жаргалтай болгодог үе юм. Учир нь Бурханы нүдээр Тэр Өөрийн хайж байсан хүмүүсийг аль хэдийн харчихсан, тодорхойлчихсон байсан ба энэ бүлэг хүмүүсийг, Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах бүлгийг аль хэдийн олж авсан байсан тул Бурханы санаа амарч, Өөрийн санаа зовнилоо хойш тавьж, аз жаргалыг мэдэрч байсан. Өөрөөр хэлбэл Бурханы бие махбод хүмүүсийн дунд шинэ ажил эхлүүлэх боломжтой болох үед, Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч саад бэрхшээлгүйгээр хийж эхэлсэн ба бүх зүйл биелэгдсэн гэж Түүнд санагдах үед Тэр аль хэдийн төгсгөлийг нь харчихсан байсан юм. Энэ төгсгөлийн улмаас Тэр сэтгэл ханамжтай, жаргалтай зүрх сэтгэлтэй байсан. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Та нар түүнийг төсөөлж байна уу? Бурхан уйлах уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан Өөрийн алгаа ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэр дуу нь юу байх вэ? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дууг, Өөрийн зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дууг дуулж чадах билээ. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө дуулж, Өөртөө зориулан дуулж, бүх зүйлд зориулан дуулж чадах юм. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно—энэ бүхэн нь хэвийн бөгөөд учир нь Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж болно. Энэ бол Түүний эрх бөгөөд энэ нь хамгийн энгийн зүйл юм. Та нар үүний талаар өөрөөр бодох ёсгүй, мөн та нар Бурханд өөрийн хориглолтыг тавьж, Тэр үүнийг эсвэл түүнийг хийх ёсгүй, Тэр ингэж эсвэл тэгж үйлдэх ёсгүй гэж Түүнд хэлэн Түүний аз жаргал эсвэл Түүнд байгаа ямар нэгэн мэдрэмжийг хязгаарлах ёсгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан аз жаргалтай байж болохгүй, Тэр нулимс урсгаж болохгүй, Тэр цурхиран уйлж болохгүй—Тэр ямар ч сэтгэл хөдлөлийг илэрхийлж болохгүй. Энэ хоёр удаагийн бидний ярилцсан зүйлээр дамжуулан та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод хэрвээ та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүнийг жаргалтай байгааг сонсоод хэрвээ Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал—та нар ядаж Бурханыг юу баярлуулдаг болон Түүнийг юу гунигтай болгодгийг тодорхой мэдэж, ойлгож чадаж байвал—Бурханыг гунигтай байхад чи гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чадаж байгаа бол Тэр чиний зүрх сэтгэлийг бүрэн олж авч, Түүнтэй харьцахад цаашид ямар ч саад бартаа байхгүй байх болно. Чи цаашид Бурханыг хүний төсөөлөл, үзэл болон мэдлэгээр хязгаарлахаар оролдохгүй. Тэр үед Бурхан чиний зүрх сэтгэлд амьд бөгөөд тод томруун байх болно. Тэр чиний амийн Бурхан, чиний бүх зүйлийн Эзэн байх болно. Чамд ийм төрлийн хүсэл эрмэлзэл байдаг уу? Та нар үүнийг биелүүлж чадна гэсэн итгэлтэй байна уу?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?