Бурханы ажил ба хүний ажил (I хэсэг)
Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба үүний шалтгаан нь тэд Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүй. “Хүний ажил” гэж хэлэхдээ Би мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийг хэлж байна. Би хүний хүслээс гардаг ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор буй элчүүд, ажилчид, эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд “хүний ажил” гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажлыг биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчмыг хэлдэг. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим, цар хүрээ мөн боловч бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим, цар хүрээтэй адилгүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим байдаг, харин Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.
Ариун Сүнсний урсгал дахь ажил нь Бурханы Өөрийн ажил ч бай, эсвэл ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бай хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар бол Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм, харин Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдсэн. Гэхдээ Тэдний мөн чанар нэг хэвээр. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөрцгүй. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бас Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Бурханы ажил бол Ариун Сүнсний бүрэн гүйцэд илэрхийлэл бөгөөд туйлын үнэн, харин ашиглагдаж буй хүмүүсийн ажилд хүний олон зүйл холилдсон байдаг ба Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш, Түүний бүрэн гүйцэд илэрхийлэл бүр ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр байдаг бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг; өөр өөр мөн чанарыг харуулдаг; тэдгээр нь эрин үе, түүнчлэн улс орноор ялгаатай байдаг. Мэдээж Ариун Сүнс олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг хэдий ч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр өөр байдаг; өөр өөр хүмүүс дээр хийдэг бүх ажил нь зарчимтай байдаг ба бүгд өөрсдийнхөө байны мөн чанарыг төлөөлж чаддаг. Учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд ажил хийгдэж буй хүмүүсийн хэв чанарын дагуу ажил ч бас ялгаатай байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд энэ нь хүмүүс дээр хийгддэг ажлаас өөр. Товчхондоо, ажил яаж хийгддэг нь хамаагүй, өөр өөр объект дээрх ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байр байдал, уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс төрөлх мөн чанарт нь үндэслэн өөр өөр хүмүүс дээр ажилладаг бөгөөд тэрхүү мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, бодит хэв чанараас нь давсан ажлыг ч тэдэн дээр хийдэггүй. Иймээс, хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажил нь тэрхүү ажлын байны мөн чанарыг харах боломжийг хүмүүст олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; төрөлхийн хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийн хэв чанарын хязгаарлалтад нийцүүлэн хүмүүсийг ашиглаж, эсвэл тэдэн дээр ажилладаг болохоор хүмүүс ашиг тусыг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үед тэр хүмүүсийн бүхий л авьяас билиг, төрөлхийн хэв чанар юу ч үлдэлгүйгээр гарч ирдэг. Тэдний төрөлхийн хэв чанар тухайн ажилд үйлчлэхэд хэрэглэгддэг. Тэрхүү ажлаар үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн ашиглаж болох хэсгүүдийг ажилдаа ашигладаг гэж хэлж болох юм. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлдэг бөгөөд хүний оюун санаа, бодол холилдоогүй; хүний авьяас билиг ч, хүний туршлага ч, эсвэл төрөлхийн нөхцөл байдал ч үүнд хүрч чадахгүй. Ариун Сүнсний тоймгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулах учиртай. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад бусад нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэст нь таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг хэдий ч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрмөсөн төгс болгуулна гэж хэлж болохгүй, учир нь олон хүний эрэл хайгуулдаа дагадаг зам нь төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний нэг талын ажил л байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа ч, зөв эрэл хайгуул ч байдаггүй. Тиймээс, энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчилж эхэлдэг. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж чадахгүй, өөрсдөө үүнд шууд хүрч ч чадахгүй. Харин ажиллах авьяас билигтэй хүмүүс л үүнийг илэрхийлж чаддаг ба хүний илэрхийллээр дамжуулан Ариун Сүнсний ажлыг дагалдагчдад өгдөг гэсэн үг юм.
Ариун Сүнсний ажил нь олон янзын хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр юм. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь өөр төрлийн олон хүнээр дамжин гүйцэлддэг; ганцхан хүн үүнийг бүрэн биелүүлж чадахгүй, ганцхан хүн бүрмөсөн илэрхийлж ч чадахгүй. Чуулгануудыг удирддаг хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чадахгүй; тэд зарим нэг удирдах ажлыг л хийж чадна. Тиймээс Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Бурханы Өөрийн ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагддаг хүмүүсийн ажил нь Бурханыг ажлаа хийсний дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчийг удирдан хөтлөх явдал бөгөөд энэ хүмүүс бол Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах буюу Өөрийн бүхий л удирдлага болон гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгох явдал юм. Энэ гурван хэсэг нь хамтдаа Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил боловч Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын ажил тэр чигтээ зогсонги байдалд орно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.
Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний ойлголт, үндэслэл, логик болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь төлөөлж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болно. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна. Зарим хүн сөргөөр туршлагажих үед тэдний нөхөрлөлийн ихэнх нь сөрөг элементүүдээс бүрдэнэ. Хэрэв хэсэг хугацаанд тэдний туршлага эерэг байж, тэд ялангуяа эерэг талын замыг эзэмшдэг бол нөхөрлөл нь тун зоригжуулам байдаг ба хүмүүс тэднээс эерэг хангалт олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол нөхөрлөл нь үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Ийм нөхөрлөл дарамттай бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад нь өөрийн эрхгүй сэтгэлээр унана. Дагалдагчдын байр байдал удирдагчийнхаас хамааран өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин бодит орчин болон бодитой нөхцөл байдалд үргэлж тохирч байдаг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хүн гэсгээлт, шүүлтийн талаарх ойлголтынхоо тухай нөхөрлөсөн боловч чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай үүнд зуун хувь итгэлтэй байж ч зүрхлэхгүй. Яагаад гэвэл, түүний нөхөрлөл бол чиний хэзээ ч туулж байгаагүй, хэзээ ч мэдээгүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи ирээдүйд шүүлт, гэсгээлт туулах замыг л түүний мэдлэгээс авч чадна. Гэхдээ энэ зам нь хоосон онолын мэдлэгийн зам л байж чадна; энэ нь чиний ойлголтыг орлож чадахгүй, туршлагыг чинь орлож бүр ч чадахгүй. Түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж чи бодож магад боловч энэ нь олон талаар хэрэгжишгүй болохыг өөрийнхөө туршлагаар олж мэддэг. Магадгүй сонсож буй зарим зүйл чинь огт хэрэгжишгүй гэж санагддаг; тухайн үедээ чи энэ талаар үзэл өвөрлөдөг ба үүнийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн маш дурамжхан хийдэг. Харин туршлагажих явцад чамд үзэл өгсөн мэдлэг чиний хэрэгжүүлэлтийн зам болдог ба хэрэгжүүлэх тусмаа чи сонссон үгийнхээ жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй! Өөр өөр төрлийн хүмүүсийн туршлага доторх зүйлсийг нь төлөөлдөг. Ямар ч сүнслэг туршлагагүй хүн үнэний мэдлэгийн талаар ярьж чадахгүй, янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ч ярьж чадахгүй. Хүн дотор нь байгаа зүйлийг л илэрхийлдэг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралын ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар бүр хэчнээн багыг ярьж чадах билээ? Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө ийм оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно. Чиний илэрхийлдэг ойлголт амьдралдаа туулсан бэрхшээл, ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь бас үнэн юм: Хүний цэвэршүүлэгдсэн зүйл, сул дорой байдаг зүйл нь түүний туулсан зүйл, замтай болсон зүйлс юм. Жишээ нь, хэрвээ хүний гэрлэлт бүтэлгүйтсэн бол тэр үргэлж “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрх сэтгэлийн хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, гэрлэлтээ тэр чигт нь Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Хүний доторх бүх зүйл нь нөхөрлөлөөр дамжуулан, тэр юу болохыг харуулж чаддаг. Тухайн хүний ярианы хурд, чанга, эсвэл аяархан ярьдаг эсэх нь туршлагын асуудал биш учраас түүнд юу байгаа, тэр юу болохыг төлөөлж чадахгүй. Эдгээр зүйл нь тухайн хүний зан араншин болон уг чанар сайн уу, муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй эн тэнцүү байж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар, эсвэл ярианы чадвар болон хурд нь ердөө дадал зуршлаар бий болдог зүйл бөгөөд хүний туршлагыг орлож чадахгүй. Хувийн туршлагынхаа талаар ярих үедээ чи өөрийнхөө чухал гэж үздэг зүйлийг болон дотроо байгаа зүйлийг нөхөрлөдөг. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.
Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээхийн төлөө байдаг; Энэ нь бүхэлдээ хүмүүсийг босгон байгуулахын төлөө юм; хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, мөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хэв чанар ямар ч бай хамаагүй, Ариун Сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсээр дамжин илэрхийлэгдэх ёстой. Тэгж байж л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнс шууд ажиллах үед энэ нь огт хольцгүй байдаг; харин хүний зуучлалыг ашиглах үед хавьгүй олон зүйл холилдож, Ариун Сүнсний анхдагч ажил биш болдог. Ийм болохоор үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч санаа зорилгыг биш, харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байдаг. Ажилчид өөр өөр учраас хүний хүлээн авсан мэдлэг, туршлага ялгаатай байдаг. Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай ажилчид удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун ухаан, туршлага, түүнчлэн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон ойлголтоо олж авдаг. Энэ бол үнэнийг туулсны дараах хүний хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туулдаг зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, гэгээрлийг хүлээн авдаг хүмүүс өөр өөр учраас Ариун Сүнсний ижилхэн гэгээрлээс өөр өөр мэдлэг, хэрэгжүүлэлт урган гардаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдаа гаргадаг бол зарим нь томоохон алдаа гаргадаг, харин зарим нь зөвхөн алдаа л гаргаж байдаг. Яагаад гэвэл, хүмүүсийн ойлгох чадвар ялгаатай, бодит хэв чанар ч бас ялгаатай. Зарим хүн номлол сонссоныхоо дараа нэг янзаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоныхоо дараа өөрөөр ойлгодог. Зарим хүн ялимгүй гаждаг; зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүн өөрөө яаж ойлгоно, бусдыгаа тэгж л залж чиглүүлнэ; хүний ажил ердөө оршихуйнх нь илэрхийлэл учраас энэ нь яг үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн, бүгдээрээ биш, цөөн хэд нь л алдаа мадагтай байна. Хэрвээ хүн үнэний талаар андуу ташаа ойлголттой бол түүнийг дагадаг хүмүүс ч бас эргэлзээгүй алдаа мадагтай байх болно. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байна. Дагалдагчдын үнэнийг ойлгох түвшин ажилчдаас ихээхэн хамаардаг. Мэдээж, Бурханаас ирдэг үнэн бол алдаа мадаггүй зөв, туйлын тодорхой байдаг. Гэвч ажилчид бүхэлдээ зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас хэрэгжүүлэлтийн замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон сургаал л байдаг бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй боловч дагалдагчдын үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг (зарим хүний хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, удирдаж буй дагалдагчид нь ч тийм байна. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Өөрийг нь дагадаг хүмүүст тавьдаг шаардлагууд нь түүний хүрэхийг хүсэж буй, эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйлд үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч дагалдагчдынх нь огт хүрч чадахгүй зүйл олон байдаг бөгөөд хүний хүрч чадахгүй зүйл оролтод нь саад болдог.
Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв байдаг. Ажиллахдаа өөрийнхөө төрөлх байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажил төрөлх байдлыг нь хэтэрхий их илэрхийлдэг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Хүний хэв чанар хэчнээн сайн байлаа ч, Бурханы даалгасан ажлыг хийхээсээ өмнө тэр бас засалт, харьцалт, шүүлт туулах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол тэд ажлаа хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба бүхэлдээ хүний төрөлх байдал, сайн сайхан л байдаг. Засалт, харьцалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил засалт, харьцалт, шүүлт туулаагүй хүмүүсийн ажлаас хавьгүй илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний оюуны чадамж, төрөлхийн авьяастай ихээхэн хутгалдсан хүний махан бие болон бодлыг л илэрхийлдэг. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч санаа зорилготой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү их ойлголт, туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүний ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш, өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхэд тэнцдэггүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа алгуур өсгөх, үнэнд улам гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлхийн зүйл дэндүү их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл болохоос биш, харьцалт туулсны дараах амь, эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш юм. Ийм хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүнд анхнаасаа байдаг амь нь түүний төрөлх оюуны чадамж, эсвэл авьяас билиг юм. Ийм төрлийн оюуны чадамж, авьяас билиг нь хүнд тавих Бурханы нарийн шаардлагаас нэлээд зөрүүтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс болон үнэний хооронд томоохон зай гарна; түүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь төсөөлөл, өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилладаг бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохирох үнэн огт байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь тэдний чадвараас давдаг бөгөөд чадахгүй зүйлийг нь хийлгэхээр тэднээс шаардаж буй мэт байдаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчсэн байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч түүнд байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрөлх байдалтай хүн ажиллах аваас саад учруулахгүй гэж үү? Харин төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болон тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой бус зүйлс аажмаар багасаж, хүний хольц нь цөөрч, ажил болон үйлчлэл нь Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртдог. Тиймээс, түүний ажил үнэний бодит байдалд орсон бөгөөд бас бодитой болдог. Хүний оюун ухаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, үндэслэлтэй логик болон аливаа хэрэг явдлыг зохицуулах урт хугацааны туршлага бий. Хэрвээ хүний эдгээр талыг засаж, зөвтгөхгүй бол бүгд ажилд садаа болдог. Тиймээс хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?