Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
Хүний дотор итгэлийн тухай эргэлзээтэй үг л байдаг, харин итгэл гэж юу болохыг хүн мэддэггүй, яагаад итгэдгээ бүр ч мэддэггүй. Хүн хэтэрхий багыг ойлгодог, мөн тэр өөрөө хэтэрхий учир дутагдалтай; тэр ердөө л бодлогогүй, мунхгаар Надад итгэдэг. Тэр итгэл гэж юу болох, мөн яагаад Надад итгэдгээ мэддэггүй хэдий ч хэнээрхэн итгэсээр байдаг. Миний хүнээс хүсдэг зүйл бол Намайг ийм байдлаар хэнээрхэн дуудаж, эсвэл Надад зорилгогүй байдлаар итгэх явдал биш. Учир нь, Миний хийдэг ажил хүнд Намайг харуулж, мэдүүлэхийн төлөө байдаг болохоос биш Намайг гайхан биширч, өөр нүдээр хараасай гэсэндээ биш юм. Би өмнө нь маш олон тэмдэг гайхамшиг үзүүлж, олон ер бусын зүйл үйлдсэн тул тухайн үеийн израильчууд Намайг гүнээ бахдан биширч, өвчтэйг анагааж, чөтгөрийг хөөх хосгүй чадварыг минь ихэд дээдэлсэн юм. Тухайн үеийн иудейчүүд Миний анагаах хүч чадлыг чадварлаг агаад ер бусын гэж бодсон бөгөөд олон үйл хэргийг минь хараад тэд бүгд Намайг дээдлэн хүндэтгэж, бүх хүч чадлыг минь ихэд бахдан биширсэн. Тиймээс ер бусын зүйл үзүүлэхийг минь харсан хэн боловч Намайг ойр дагасан, улмаар өвчтэйг эдгээхийг минь харахаар мянга мянган хүн Намайг хүрээлсэн билээ. Би маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн, гэвч хүн Намайг ердөө л чадварлаг эмч мэтээр үзсэн юм; Би бас тухайн үеийн хүмүүст сургаалын олон үг хэлсэн боловч тэд Надад ердөө л шавь нараасаа дээгүүрт тавигдах багш төдий хандсан! Өнөөдөр ч гэсэн хүмүүс Миний ажлын түүхэн тэмдэглэлийг харсныхаа дараа Намайг өвчтэйг анагаадаг агуу эмч, мэдлэггүй хүмүүсийн багш хэмээн тайлбарласаар байна. Мөн тэд Намайг өршөөлт Эзэн Есүс Христ хэмээн тодорхойлсон. Бичвэрүүдийг тайлбарладаг хүмүүс анагаах чадвараараа Надаас илүү байж болно, эсвэл одоо шавь нар нь багшаасаа давуу мэдлэгтэй болсон ч байж болно, гэвч нэр алдар нь дэлхий даяар цуурайтсан, асар алдартай ийм хүмүүс Намайг ердөө л шалихгүй эмч гэж дорд үздэг! Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч агуу атал хүмүүс Намайг шалихгүй эмч, мөн хүний үл таних багш л гэж боддог! Өөрсдийг нь эмчилнэ гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэнэ гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэж, явсан газар бүрд минь Намайг дагасан. Эдгээр мэдлэг, туршлага хомс мунхаг хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу гайхамшгийг үзүүлж чаддаг иудей овгийн тэргүүн гэж үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэдний дунд бөөн яриа дэгдэж, Намайг Елиа, Мосе гэцгээж, бүх эш үзүүлэгчээс хамгийн эртнийх нь, бүх эмчээс хамгийн агуу нь хэмээсэн юм. Би бол амь, зам, үнэн гэж Миний хэлснээс бусдаар хэн ч Миний оршихуй, ялгамж чанарыг мэдэж чадаагүй. Тэнгэр бол Миний Эцэгийн амьдардаг газар гэж Намайг хэлснээс бусдаар бол Бурханы Хүү, Бурхан Өөрөө гэдгийг маань хэн ч мэдээгүй. Би бүх хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж Намайг хэлснээс бусдаар бол хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг минь хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг энэрэнгүй, өршөөнгүй хүн гэж л мэддэг. Намайг Өөрөө Өөрийнхөө талаар бүхнийг тодорхой тайлбарлахаас нааш хэн ч Намайг мэдээгүй, мөн Намайг амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн ийм л байдлаар Надад итгэж, ийм маягаар Намайг хуурах гэж оролддог. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байж, Намайг яаж гэрчилж чадах билээ?
Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй, Өөрийгөө таниулахаас минь өмнө Намайг гэрчилж ч чадахгүй. Хүмүүс зөвхөн намайг бүтээлүүд болон бүх ариун хүнээс давуу гэдгийг, Миний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй гэдгийг хардаг. Тиймээс иудейчүүдээс эхлээд өнөө үеийн хүмүүс хүртэл Миний суу алдарт үйл хэргийг харсан хэн боловч ердөө л Намайг сониучирхах сэтгэлдээ автсан байсан, харин ганц ч бүтээл Надад амаараа гэрчлэл хийж чадаагүй. Миний Эцэг л Надад гэрчлэл хийж, бүх бүтээлийн дунд Надад зам гаргаж өгсөн. Эс бөгөөс, Намайг яаж ч ажиллалаа гэсэн, бүтээлийн Эзэн гэдгийг минь хүн хэзээ ч мэдэхгүй байх байв, учир нь хүн Надаас авахыг л мэддэг ба Миний ажлаас болж Надад итгэдэг юм биш. Намайг гэм зэмгүй бөгөөд аль ч талаараа нүгэлтэн биш учраас, олон тооны нууцыг тайлбарлаж чаддаг учраас, олон түмнээс дээд нэгэн учраас, эсвэл хүн Надаас маш их ашиг тус хүртсэн учраас л хүн Намайг мэддэг хэдий ч цөөхөн хүн л Намайг бүтээлийн Эзэн гэдэгт итгэдэг. Ийм учраас хүн яагаад Надад итгэдгээ мэддэггүй гэж Би хэлдэг; хүн Надад итгэхийн зорилго, ач холбогдлыг мэддэггүй. Хүний бодит байдал нь учир дутагдалтай, ийм болохоор Надад гэрчлэл хийхэд бараг тохирдоггүй. Та нарын жинхэнэ итгэл тун өчүүхэн, олж авсан зүйл чинь хэтэрхий бага тул та нарт маш цөөхөн гэрчлэл байдаг. Түүнчлэн та нар хэтэрхий бага ойлголттой агаад тун учир дутагдалтай, ийм болохоор Миний үйл хэрэгт гэрчлэл хийхэд бараг тэнцэхгүй. Та нар үнэндээ нэлээд шийдэмгий, гэвч та нар Бурханы мөн чанарыг амжилттай гэрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын харсан зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр харсан зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг ухамсарлаж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн авч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг харсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.
Эхлээд Миний Эцэг Надад гэрчлэл хийсэн боловч Би илүү агуу алдрыг хүлээн авч, бүтээгдсэн зүйлсийн амнаас гэрчлэлийн үг сонсохыг хүсдэг—иймээс та нараар үүргийг чинь гүйцэтгүүлэх гэсэндээ Би та нарт бүхнээ зориулж, хүмүүсийн дундах ажлаа төгсгөл болгодог. Та нар Надад яагаад итгэдгээ ойлгох ёстой; хэрвээ зүгээр л Миний шавь юм уу өвчтөн болж, эсвэл тэнгэр дэх ариун хүмүүсийн минь нэг болохыг хүсдэг бол Намайг дагаж байгаа чинь утга учиргүй байх болно. Ийм байдлаар Намайг дагах нь зүгээр л хий дэмий хичээл зүтгэл байх байсан; ийм байдлаар Надад итгэх нь ердөө л өдөр хоногоо дэмий нөхцөөж, залуу насаа үрэн таран хийж байгаа хэрэг байх байсан. Тэгээд эцэст нь та нар юу ч хүлээн авахгүй. Энэ нь хий дэмий хөдөлмөр байх бус уу? Би иудейчүүдийн дундаас аль эрт явж одсон, Би хүний эмч эсвэл тэднийг анагаагч эм байхаа ч больсон. Би хүний хүссэнээр дөрлүүлж, нядлуулах ачлагын амьтан байхаа больсон; харин ч хүнийг шүүж, гэсгээн, хүнд Өөрийгөө мэдүүлэхээр хүмүүсийн дунд ирсэн юм. Нэгэн цагт Би золин авралын ажил хийсэн гэдгийг чи мэдэх ёстой; нэг үе Би Ехова байсан хэдий ч хожим нь Есүс болсны адилаар нэгэнтээ Би Есүс байсан боловч үүрд Есүс хэвээр үлдэж чадахгүй. Би хүн төрөлхтний Бурхан, бүтээлийн Эзэн боловч үүрд Есүс юм уу Ехова хэвээр байж чадахгүй. Би хүний хувьд эмч гэж тооцогддог нэгэн байсан, гэхдээ Бурхан бол ердөө л хүн төрөлхтнийг эмчилдэг эмч гэж тодорхойлж болохгүй. Иймээс хэрвээ чи Надад итгэхдээ хуучны үзэл бодлыг баримталбал юунд ч хүрэхгүй. “Бурхан хүнд хэчнээн хайртай гээч; Тэр намайг эдгээж, хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр өгдөг. Бурхан хүнд хэчнээн сайн гээч; Түүнд итгэх л юм бол бид мөнгө, эд баялгийн талаар санаа зовох хэрэггүй…” хэмээн чи энэ өдөр Намайг яаж ч магтлаа гэсэн, Би анхны ажлаа тасалдуулж бас л чадахгүй. Өнөөдөр чи Надад итгэвэл зөвхөн алдрыг минь хүлээн аваад зогсохгүй, Надад гэрчлэл хийх эрхтэй болох бөгөөд бусад бүх зүйл хоёрдугаарт тавигдана. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой.
Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихжээ. Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд бөгөөд Би тэднийг аль эртнээс жигшсэн юм. Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний таяг тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, тэгээд буудайн үр тариаг агуулахад хурааж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?