Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 24-р бүлэг ба 25-р бүлэг
Сайтар уншихгүй бол энэ хоёр өдрийн айлдваруудаас юу ч олж илрүүлэх боломжгүй; үнэндээ тэдгээрийг нэг өдөрт ярих ёстой байсан ч Бурхан хоёр өдөрт хуваасан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр өдрийн айлдварууд нь нэгэн бүхэл зүйлийг бүрдүүлдэг боловч хүмүүс хүлээн авахад илүү амархан болгохын тулд Бурхан тэдгээрийг хоёр өдөрт хуваан хүмүүст амьсгаа авах боломж олгосон. Энэ нь хүнд тавих Бурханы анхаарал халамж билээ. Бурханы бүх ажилд бүх хүн тус тусын байрандаа үүрэг, даалгавраа гүйцэтгэдэг. Тэнгэрэлчийн сүнстэй хүмүүс л хамтран ажилладаг юм биш; чөтгөрийн сүнстэй хүмүүс ч бас “хамтран ажилладаг” ба Сатаны бүх сүнс ч хамтран ажилладаг. Бурханы айлдваруудаас Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлага нь харагддаг. “Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг мөртөө бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал Надад хандах хайр, үзэн ядалтаар дүүрсэн байдаг” хэмээх үг нь Бурхан бүх хүнийг сүрдүүлэхийн тулд гэсгээлт ашиглаж, Өөрийнхөө талаарх мэдлэгийг тэдэнд олгодог гэдгийг харуулдаг. Сатаны завхрал болон тэнгэрэлчүүдийн хэврэг байдлын улмаас хүмүүсийг гэсгээхийн тулд Бурхан захиргааны зарлиг биш, харин зөвхөн үг ашигладаг. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл энэ нь тэнгэрэлчүүд болон бүх хүнтэй холбоотой Бурханы ажлын зарчим байсаар ирсэн юм. Тэнгэрэлчүүд Бурханых учраас нэг л өдөр тэд гарцаагүй Бурханы хаанчлалын ардууд болж, Бурханаар халамжлуулж, хамгаалуулна. Харин тэгэхэд бусад нь ч бас төрлийнхөө дагуу ангилагдана. Сатаны янз бүрийн муу ёрын сүнснүүд гэсгээгдэж, сүнсгүй бүхнийг Бурханы хөвгүүд, ардууд удирдана. Энэ нь Бурханы төлөвлөгөө билээ. Тиймээс Бурхан нэгэнтээ “Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч гэж үү? Миний хаанчлал бий болох үед Би үнэхээр хүнийг устгах юм гэж үү?” хэмээн хэлсэн юм. Хэдий энэ нь энгийн хоёр асуулт боловч бүх хүн төрөлхтний хүрэх газрын төлөөх Бурханы зохицуулалт билээ. Бурхан хүрэлцэн ирэх үе нь “орчлон ертөнц даяарх хүмүүс доош харан загалмайд цовдлогдох” үе юм. Энэ нь Бурхан бүх хүнд харагдаж, Бурханы оршин тогтнолыг мэдэгдэхийн тулд гэсгээлт ашигладгийн зорилго билээ. Бурхан газар дээр бууж ирдэг үе нь эцсийн эрин үе, мөн газар дээрх улс орнууд хамгийн их үймээн самуунтай байдаг үе учраас Бурхан: “Намайг газар дээр бууж ирэхэд харанхуй нөмөрсөн бөгөөд хүн ‘бөх унтаж’ байдаг” гэж хэлсэн. Тийм болохоор өнөөдөр бие махбодтой болсон Бурханыг мэдэх чадвартай хүмүүс маш цөөхөн, бараг нэг ч байдаггүй. Одоо үе бол эцсийн эрин үе учраас хэн ч, хэзээ ч бодитой Бурханыг үнэхээр мэдээгүй бөгөөд хүмүүс Бурханы талаар өнгөцхөн л мэдлэгтэй байдаг. Үүнээс болоод хүмүүс шаналгаат цэвэршүүлэлт дунд амьдардаг. Хүмүүс цэвэршүүлэлтийг орхих үе нь бас тэдний гэсгээгдэж эхлэх үе, мөн Бурхан бүх хүнд харагддаг үе юм, ингэснээр тэд Түүнийг нүдээрээ харж магадгүй. Бие махбодтой болсон Бурханаас үүдэн хүмүүс гамшигт унаж, өөрсдийгөө чөлөөлөх чадваргүй байдаг—энэ нь агуу улаан лууг шийтгэх Бурханы шийтгэл бөгөөд Түүний захиргааны зарлиг билээ. Хаврын урин дулаан ирж, цэцэгс дэлгэрч, тэнгэрийн доорх бүхэн ногоон өнгөөр бүрхэгдэж, газар дээрх бүх зүйл байрандаа байх үед, бүх хүн болон зүйл аажмаар Бурханы гэсгээлтэд орно, тэр үед Бурханы газар дээрх бүх ажил төгсөнө. Бурхан газар дээр ажиллаж, амьдрахаа болино, учир нь Бурханы агуу ажил гүйцэлдсэн байх болно. Хүмүүс энэ богинохон хугацаанд махан биеэ хойш тавих чадваргүй юү? Хүн, Бурхан хоёрын хоорондох хайрыг ямар зүйлс сэвтээж чадах вэ? Хүн, Бурхан хоёрын хайрыг хэн салгаж чадах юм бэ? Эцэг эх, нөхрүүд, эгч нар, эхнэрүүд, эсвэл шаналгаат цэвэршүүлэлт үү? Хүний доторх Бурханы дүрийг мөс чанарын мэдрэмж арчин хаяж чадах уу? Хүмүүсийн өртэй байдал, бие биедээ хандсан үйлдэл нь өөрсдийнх нь хийж байгаа зүйл мөн үү? Тэдгээрийг хүн засаж залруулж чадах уу? Хэн өөрийгөө хамгаалж чадах вэ? Хүмүүс өөрсдийгөө хангаж чадах уу? Амьдрал дахь хүчтэй хүмүүс хэн бэ? Хэн Намайг орхиж, бие даан амьдарч чадах вэ? Өөрийгөө эргэцүүлэх ажил хийхийг Бурхан яагаад бүх хүнээс ахин дахин шаарддаг вэ? Яагаад Бурхан: “Хэний зовлон зүдүүр өөрсдийнх нь гараар зохицуулагддаг вэ?” хэмээн хэлдэг вэ?
Одоогоор орчлон ертөнц даяар харанхуй шөнө байгаа ба хүмүүс хөшүүн, мангуу боловч цагийн зүү үргэлж урагшилж, минут секунд нь зогсдоггүй ба дэлхий, нар, сарны эргэлт хурдасдаг. Өөрсдийн мэдрэмжээр хүмүүс тэр өдөр холгүй гэж боддог; өөрсдийнх нь сүүлчийн өдөр нүднийх нь өмнө байгаа мэт байдаг. Хүмүүс үхэх мөчид нь хэрэг болно гэсэндээ үхэх цагтаа зориулж бүх зүйлийг тасралтгүй бэлддэг; эс бөгөөс тэд хий дэмий амьдарсан байх болно. Тэгвэл харамсалтай бус уу? Бурхан дэлхийг устгах үедээ улс орнуудын дотоод хэрэг явдлын өөрчлөлтөөс эхэлдэг, эндээс төрийн эргэлт гардаг; тийнхүү Бурхан орчлон ертөнц даяарх хүмүүсийн үйлчлэлийг дайчилдаг. Агуу улаан лууны цагариглан хэвтэж буй газар нь үзүүлэнгийн бүс нутаг юм. Дотооддоо хуваагдсан учраас үүний дотоод хэрэг явдал эмх замбараагүй болж, хүн бүр өөрийгөө хамгаалах ажил хийж, сар луу зугтахаар бэлдэж байгаа—гэвч тэд Бурханы гарын ноёрхлоос яахан зугтаж чадах билээ? Бурханы хэлсэнчлэн хүмүүс “өөрсдийнхөө гашуун зовлонгийн аяганаас л уух болно.” Дотоод тэмцлийн цаг үе нь чухамдаа Бурхан газар дэлхийгээс явдаг үе юм; Бурхан агуу улаан лууны оронд үргэлжлүүлэн үлдэхээ больж, газар дээрх ажлаа нэн даруй төгсгөнө. Цаг хугацаа нисэн оддог бөгөөд тийм ч их цаг үлдээгүй гэж хэлж болно. Бурхан орчлон ертөнц даяарх бүх хүний хүрэх газрын талаар аль хэдийн ярьсан ба үлдсэнийх нь талаар өөр ярих юм байхгүй гэдгийг Бурханы үгийн өнгө аясаас харж болно. Энэ бол хүнд Бурханы илчилдэг зүйл юм. Хүнийг бүтээсэн зорилгоосоо болоод Бурхан: “Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн захирагч юм. Би түүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгч, газар дээрх бүх зүйл, уулан дээрх өвс ургамал, ой модон доторх амьтад, усан дахь загас зэргийг хүнээр удирдуулсан” гэж хэлсэн билээ. Бурхан хүнийг бүтээх үедээ хүн бол бүх зүйлийн эзэн байх болно гэж урьдчилан тогтоосон—гэсэн ч хүнийг Сатан завхруулсан тул тэр өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаггүй. Энэ нь өнөөгийн дэлхийд хүргэсэн, энд хүмүүс нь араатнаас өөрцгүй, уулс голтой холилдсон байдаг бөгөөд үр дүнд нь “хүний бүхий л амьдрал шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон.” Хүний амьдрал ямар ч утга учиргүй учраас, энэ нь хүнийг бүтээсэн Бурханы зорилго биш учраас бүхий л дэлхий ертөнц ээдрээтэй болсон. Бурхан бүхий л орчлон ертөнцийг дэг журамд оруулах үед бүх хүн албан ёсоор хүний амьдралыг туулж эхлэх ба тэр үед л амьдрал нь утга учиртай болж эхэлнэ. Хүмүүс өөрсдөд нь Бурханы өгсөн эрх мэдлийг хэрэглэж эхлэх бөгөөд бүх зүйлийн өмнө албан ёсоор эзэн нь болон гарч ирнэ; тэд Бурханы удирдамжийг газар дээр хүлээн авч, Бурханд дуулгаваргүй байхаа болиод, харин Бурханд дуулгавартай байх болно. Гэхдээ өнөөдрийн хүмүүс ердөө ч тийм биш. Тэдний хийдэг бүхэн нь Бурханаар дамжуулан “хувьдаа мөнгө саах” явдал тул Бурхан “Хүн дээр Миний хийдэг ажил түүнд ашиг тусгүй байдаг гэж үү?” гэх мэтийн цуврал асуулт асуудаг. Хэрвээ Бурхан энэ асуултуудыг асуугаагүй бол юу ч тохиолдохгүй байх байсан; гэхдээ Түүнийг ийм зүйл асуух үед зарим хүн бат зогсож чаддаггүй, учир нь тэдний мөс чанарт өр шир байдаг бөгөөд тэдгээр нь дан гагц Бурханы төлөө биш, харин өөрсдийнх нь төлөө байдаг. Бүх зүйл хий хоосон; тиймээс энэ хүмүүс болон “бүх шашин, нийгмийн хүрээ, улс үндэстэн, шашны урсгал бүрийн хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг.” Бурхан хоосон, хуучин эрин үеийг төгсгөл болгоно гэсэндээ бүх хүн Бурханы эргэн ирэлтийг хүсэн тэмүүлдэг ч бас гай гамшигт унахаас эмээдэг. Бүхий л шашны ертөнц нэн даруй эзгүйрэн үлдэж, бүгдэд үл ойшоогдоно; тэдэнд бодит байдал байдаггүй ба Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, бүдэг бадаг гэдгийг тэд ухаарна. Нийгмийн давхарга болгоны хүмүүс ч бас сарнин бутарч, бүх үндэстэн болон урсгал үймээн самуунд автаж эхэлнэ. Дүгнэн хэлбэл, бүх зүйлийн зүй тогтол алдагдаж, бүгд хэвийн байдлаа алдах тул хүмүүс ч бас үнэн нүүр царайгаа илчилнэ. Тиймээс Бурхан: “Би хүн рүү олон удаа хашхирсан атал хэн нэгэн ер нь өрөвдөж байсан уу? Хүн чанартайгаар амьдарч байсан хүн ер нь байна уу? Хүн махан биетэй амьдардаг боловч хүн чанаргүй юм. Тэрээр амьтны ертөнцөд төрсөн гэж үү?” гэдэг. Хүмүүсийн дунд ч бас өөрчлөлт гарч байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийн улмаас бүгд төрлийнхөө дагуу ангилагддаг. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бөгөөд эцсийн өдрүүдийн ажлаар хүрэх ёстой үр нөлөө юм. Бурхан хүний мөн чанарын талаар илүү тодорхой ярьдаг тул Түүний ажлын төгсгөл ойртож байгааг энэ нь нотолдог, түүнчлэн Бурхан хүмүүсээс улам нуугдмал байж, хүмүүсийг улам сандраадаг. Хүмүүс Бурханы хүслийг улам бага ажиглаж, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд анхаарал хандуулах нь улам багасдаг; энэ нь тэдний саад болохыг болиулдаг бөгөөд тэгснээр Бурхан хэнийг ч анхаарал хандуулаагүй байх үед Өөрийнхөө зорьсон ажлыг хийдэг. Энэ бол эрин үеүдийн турш дахь Бурханы ажлын нэг зарчим билээ. Тэрээр хүмүүсийн сул талыг үл хайхрах тусам, Бурханы бурханлаг чанар улам илэрхий харагддаг тул Бурханы өдөр илүү их ойртдог.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?