Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 1
Та нар дор бүрнээ Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд амьдралынхаа туршид Бурханд хэрхэн итгэснээ шинээр шинжлэн шалгах ёстой. Хажууд чинь байж, урагшлах чиглэлийг чинь залж чиглүүлж, хувь заяаг чинь захирч, хэрэгцээг чинь хангадаг энэ Бурханыг чи чухамдаа хэр их ойлгож, хэр их мэддэг вэ? Тэр өдөр бүр чам дээр юу хийдгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилгод үндэслэдгийг мэдэх үү? Тэр чамайг хэрхэн залж чиглүүлдгийг мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг мэдэх үү? Тэр чамаас юу олж авахыг хүсдэгийг болон Тэр чамд юу гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөрийн уг сурвалж, тэдгээрийн ар дахь бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст итгэдэг энэ Бурхан чинь ямар Бурхан бэ гэдгийг мэдэх үү? Гэх мэт эдгээр асуулт нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйл мөн үү? Бурханд итгэх үйл явцдаа чи Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулах замаар Түүний талаарх буруу ойлголтоо арилгасан уу? Бурханы сахилгажуулалт, цохилтыг хүртсэнийхээ дараа чи Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатанлаг уг чанарыг танин мэдэхээр дамжуулан Бурханы ариун байдлын талаар өчүүхэн ч гэсэн ойлгож авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг үзэх шинэ үзэл бодолтой болсон уу? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний халдахыг Тэр тэвчдэггүй гэдгийг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Бурханыг буруугаар ойлгох гэж юу болохыг, эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн залруулахыг мэддэггүй бол чамайг хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаагүй, хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болно, эсвэл чи наад зах нь хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт, цохилт гэж юу болохыг мэддэггүй бол дуулгавартай байх болон анхаарал тавих гэдэг нь юу болохыг мэддэггүй нь лавтай, эсвэл чи наад зах нь хэзээ ч Бурханд үнэхээр дуулгавартай байж, анхаарал тавьж байгаагүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг мэдэхгүй нь лавтай бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар бүр ч мэдэхгүй. Хэрвээ чамд амьдралыг үзэх зөв үзэл бодол юм уу амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд амьдралынхаа ирээдүйн замд тээнэгэлзэж, тэвдсээр байгаа бол Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч хүлээн авч байгаагүй чинь илэрхий юм; чамайг үнэхээр хэзээ ч Бурханы үгээр хангагдаж, нөхөгдөж байгаагүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол Бурхан хүний халдахыг тэвчдэггүй гэж юу болохыг мэдэхгүй нь лавтай, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаарддагийг ойлгохгүй, хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг бүр ч ойлгохгүй нь тодорхой юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханы үгээс хэзээ ч, юу ч мэдэрч ойлгоогүй бол тэр хүн авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх итгэл нь мэдээж ямар ч бодитой агуулгагүй, Бурханы талаарх мэдлэг нь ч гэсэн мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх гэж юу болохыг огт мэддэггүй нь илэрхий юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?