Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” | Эшлэл 26

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

(Эхлэл 6:9–14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

(Эхлэл 6:18–22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

Энэ хэсгийг уншсаны дараагаар та бүхэн Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байгаа: “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс.” Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед зөв шударга хүн гэж ямар хүн байсан бэ? Зөв шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр төгс хүн үү эсвэл Бурханы нүдээр төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Эргэлзээгүйгээр энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр биш харин Бурханы нүдээр төгс хүн юм. Энэ бол гарцаагүй! Учир нь хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л бүхий л дэлхийг болон хүн нэг бүрийг харж байдаг тул зөвхөн Бурхан л Ноаг төгс хүн гэдгийг мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Тэр Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.

Ноа дуудагдсан нь энгийн л баримт юм, харин бидний ярилцаж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь энгийн биш юм. Бурханы энэ хэдэн асуудлыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, түүгээрээ дамжуулан Түүний зан чанар, хүсэл болон мөн чанарыг ойлгох юм. Энэ бол маш чухал юм. Тэгэхээр Бурханы нүдээр ямар төрлийн хүнийг Тэрээр дууддаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чадах хүн байх ёстой. Мөн үүний зэрэгцээ энэ нь хариуцлагын мэдрэмжтэй, Бурханы үгэнд өөрийн гүйцэтгэх ёстой хариуцлага, үүрэг гэж хандан үүнийг гүйцэтгэх хүн байх ёстой. Энэ хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй эсвэл Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноагийн Бурханы тухай мэдлэг маш бага байсан. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичигдсэн байгаа боловч тэр Бурханы үнэн биеийг харсан уу? Хариулт нь мэдээж үгүй! Яагаад гэвэл тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүс дээр ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч тэд зүгээр л Бурханы хүсэл болон Түүний санааг дамжуулж байсан юм. Бурхан үнэн биеэ хүнтэй нүүр тулан илчлээгүй. Бичээсийн энэ хэсгээс үндсэндээ бидний хардаг зүйл бол энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан хийгээд түүнд өгсөн Бурханы даалгавар юу байсан бэ гэдэг юм. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийсэн зүйл бүр нарийн төлөвлөгдсөн байдаг. Хэрэв Тэр ямар нэг зүйл, үйл явдал болж байгааг харах юм бол Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандартаар Тэр түүнд арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхээ эсвэл энэ зүйл, үйл явдал дээр яаж ажиллахаа тодорхойлдог. Тэр хайхрамжгүй биш бөгөөд бүх зүйлд ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн ишлэл байдаг: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно.” Энэ удаагийн Бурханы үгэнд, Тэр зөвхөн хүмүүсийг устгах гэж байгаа гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгах гэж байгаа гэж хэлсэн. Бурхан яагаад устгахыг хүссэн бэ? Бурханы зан чанарын өөр нэг илчлэл энд байна: Бурханы нүдээр, хүний ялзрал, мах цустай бүхний бузар байдал, хүчирхийлэл болон дуулгаваргүй байдлыг тэвчих Түүний тэвчээрт хязгаар байсан юм. Түүний хязгаар нь юу байсан бэ? Бурханы хэлснээр: “Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөж байсан, Бурханыг үгээр зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтад гэсэн үг—нэгэнт тэдний зан авир нь ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгвэл Бурхан хүн болон мах цустай бүхний ялзралыг хэр хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай эсвэл үл итгэгчид ч бай бүх хүмүүс бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн зүгээр ёс суртахууны хувьд ялзарч, хорон муу бүхнээр дүүрээд зогсохгүй мөн ертөнцийг Бурхан удирддаг, Бурхан хүмүүст гэрэл болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн Бурханы оршин байгаад зэвүүцэж, Бурханыг оршин байхыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр дуусах юм. Үүнийг юугаар орлуулах вэ? Бурханы уур хилэн болон Бурханы шийтгэлийн ирэлт. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг байсан уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн байгаа юу? Бурханы нүдээр төгс хүн байгаа юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний зан авир ялзарсан үе мөн үү? Энэ өдөр болон эрин үед Бурханы бүрэн дүүрэн болгохыг хүсэж байгаа, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүмүүс Бурханы тэвчээрийг барж байгаа биш гэж үү? Та нарын хажууд болж байгаа бүх зүйл, та нарын нүдээр харж, чихээр сонсож байгаа зүйл, өдөр бүр энэ ертөнц дээр биеэрээ мэдэрч буй бүх зүйл чинь хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр ийм ертөнц, ийм эрин үе дуусах ёстой биш гэж үү? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас бүрэн өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан байгаа. Бурхан Өөрийн ажлаасаа болж тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн орчин, нөхцөл байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байгаа. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд магадгүй та нарын дотроос хэн нь ч үүнийг ойлгохгүй биз ээ.

Дэлхийг үерээр устгах гэж байх үедээ Бурхан Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадаж байсан. Бурхан Өөрт нь зориулан эдгээр хэсэг зүйлсийг хийлгэхээр Ноа гэсэн нэг хүнийг дуудаж чадсан. Харин одоогийн энэ эрин үед Бурхан дуудах хүнгүй болжээ. Яагаад ийм болов? Энд сууж байгаа хүн нэг бүр магадгүй уг шалтгааныг ойлгож, мэдэж байгаа байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чангаар хэлбэл та бүхэн муухай царайлж, хүн бүр хямрах болно. Зарим хүмүүс ингэж хэлж магадгүй: “Хэдий бид нар Бурханы нүдээр зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрэв Бурхан биднээр ямар нэг зүйл хийлгэхээр зааварчилбал бид түүнийг нь хийх чадвартай. Өмнө нь, аюулт гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлс Ноагийн хийсэнтэй харьцуулагдах боломжгүй гэж үү? Бидний хийсэн зүйлс дуулгавартай байгаа хэрэг биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигтай байсаар байна вэ? Яагаад Бурхан дуудах хүн нэг ч алга гэж хэлдэг вэ?” Та нарын үйлдлүүд болон Ноагийн үйлдлүүдийн хооронд ямар нэгэн ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдлүүд “зөв шударга” байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдээр зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл бол үндсэндээ одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байх үедээ Бурханы санаа юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, түүнд ямар нэг зүйл хийх зааварчилгааг өгсөн боловч тийм ч их тайлбаргүйгээр тэр ёсоор болгож, үүнийг нь хийсэн. Тэрээр Бурханы санааг хувьдаа таах гэж оролдоогүй ба Бурханыг эсэргүүцээгүй мөн хоёр зүрхтэй байгаагүй. Тэр зүгээр л түүнийг зохих ёсоор, цэвэр бөгөөд энгийн зүрх сэтгэлтэйгээр хийсэн. Бурханы юу хий гэснийг тэр хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонсох нь түүний аливааг хийх итгэл үнэмшил нь байсан. Бурханы даалгасан зүйлтэй тэр ингэж шууд, энгийнээр харьцсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, цаашлаад өөрийн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн ашиг алдагдлын талаар бодох явдал биш харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэх үед тэр хэзээ гэдгийг нь асуугаагүй, учрыг нь ухах гэж оролдоогүй, Бурханаас Тэр яаж ертөнцийг устгах гэж байгааг нь бол бүр ч асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааврын дагуу хийсэн. Бурхан юу хийхийг, юугаар хийхийг хүссэн, тэр яг Бурханы хүссэнийг хийсэн бөгөөд дараа нь шууд л ажиллаж эхэлсэн байна. Тэр түүнийг хийхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүсэлтэйгээр хийсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Тэр Бурханаас ертөнцийг сөнөөхөд хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Тэр асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, үүнийг зохих ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгнээс өчүүхэн төдий мэдээлэл цухуйх юм бол, хүмүүс бага зэргийн тайван бус байдал юм уу асуудлыг мэдрэх юм бол тэд үсэрч босоод, юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй дараа нь идэх, уух, хэрэглэх зүйлээ бэлдэж эхлэх ба бүр гамшиг тохиох үед зугтах замаа ч төлөвлөдөг. Үүнээс ч илүү сонирхолтой нь энэ чухал мөчид хүний тархи нэн “тустай” байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөл байдал дор ч хүн бүх юмыг маш тохиромжтойгоор төлөвлөж чадна. Та нар үүнийг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг ашиглаж болно. Харин Бурханы хэлж байгаа зүйл, Бурханы санаа, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч анхаардаггүй ба ойлгохоор оролдоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?

Ноагийн түүхийн талаарх энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг олж харав уу? Хүний ялзрал, бузар байдал, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Түүний тэвчээр алга болж оронд нь Өөрийн шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба Тэрээр хийх хэрэгтэй зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнийг хүмүүс хэзээ ч гомдоож болохгүй гэдгийг юм уу Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө биш мөн Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь ийм төрлийн хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний ноёрхол дор амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л ертөнц дээр Түүний аварч чадах хүн байхгүй бол Тэр ийм хүн төрөлхтнийг тэвчихээ больж, ийм хүн төрөлхтнийг устгахын тулд эргэлзээгүйгээр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогдоно. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы ноёрхол дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эринд Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсч ядаж байгаа гэдгийг харуулахгүй байна гэж үү? Эдгээр нөхцөл байдлын дор Бурхан юуны тухай хамгийн их санаа тавьж байгаа вэ? Лав л түүнийг огт дагахгүй байгаа хүмүүс болон Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс Түүнд яаж хандаж байгаа болон Түүнийг яаж эсэргүүцэж байгаад эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж муу хэлж байгаад санаа тавиагүй. Тэр зөвхөн Түүнийг дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх Түүний авралын бай нь Түүгээр бүрэн гүйцэд болгуулах эсэх, мөн тэдгээр нь Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л анхаарал тавьдаг. Түүнийг дагадагаас бусад хүмүүсийн тухайд Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр Өөрийг нь дагадаг, Түүгээр аврагдах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын тэвчээртэй, хүлээцтэй байж, тэднийг Өөрийн чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар Бурхан Өөрийг нь дагадаггүй, Түүнийг эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг хүчтэй үзэн ядаж, зэвүүцдэг. Хэдий Тэр эдгээр Сатаны төрлийн хүмүүс Түүнийг дагаж эсвэл Түүнийг шүтэн мөргөж байгаа эсэхийг анхааардаггүй боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчих зуураа Тэр мөн л тэднийг зэвүүцдэг бөгөөд эдгээр Сатаны төрлийн хүмүүсийг дуусгахаар шийдэнгээ Тэр бас Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудыг ирэхийг хүлээж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент