Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 93
Бурханы ерөөлүүд
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.
Эхлэл 18:18–19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө. Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.
Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.
Бүтээгчийн айлдварын өвөрмөц байдал болон шинж чанар нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм (Сонгосон хэсэг)
Бурханы хэлсэн үг, хүний хэлсэн үг хоёрын ялгаа юу вэ? Чи Бурханы хэлсэн эдгээр үгийг уншихдаа Бурханы үгийн сүр хүч болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс ийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын биеэ тоосон, онгироо бөгөөд өөрсдийгөө гайхуулж байна гэж чамд бодогддог уу? Тэд ийм хүч чадалгүй учраас, ийм эрх мэдэл эзэмшдэггүй тул тийм зүйлсийг биелүүлэх ямар ч чадваргүй юм. Тэд амлалтдаа маш итгэлтэй байдаг нь үгэндээ хайхрамжгүй ханддагийг нь илтгэдэг. Хэн нэгэн хүн ийм үг хэлж байвал тэр гарцаагүй биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй нэгэн байх бөгөөд тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ гэдгээ үүгээрээ илчлэх болно. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс биеэ тоосон зангийн ямар нэг элементийг мэдэрч байна уу? Бурханы үг зүгээр л наргиан юм шиг чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө, өөрөөр хэлбэл, Тэр аливаа зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл нь аль хэдийн биелсэн байдаг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт, мөн хэрэгжсэн баримт байсан бөгөөд эдгээр баримт Бурханы төлөвлөгөөний дагуу Бурханы бодолд аажмаар гүйцэлдсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан ийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд ийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйлийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл, илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл, илрэл байдаг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарыг нотлох үүнээс илүү тохиромжтой, зохистой юу ч үгүй. Ийм айлдварын өнгө, хэв маяг, хэллэг нь яг Бүтээгчийн ялгамж чанарыг илтгэдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс зохицдог, мөн эдгээрт ямар ч дүр эсгэлт, хир буртаг байдаггүй; тэдгээр нь Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн бүрэн бүтэн, туйлын төгс илэрхийлэл юм. Бүтээлүүдийн хувьд гэвэл, Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл, энэ мөн чанарын алийг нь ч эзэмшдэггүй. Хүн ийм зан авир харуулах юм бол энэ нь гарцаагүй ялзарсан зан чанарынх нь тэсрэлт байх бөгөөд тухайн хүний их зан, жолоогүй санаархлын хөндлөнгийн нөлөө, мөн хүмүүсийг хуурч, Бурханаас урвахад уруу татахыг хүсдэг өнөөх л диавол буюу Сатаны хорон санааны илрэлээс үүдэлтэй байх болно. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Бурхан чамайг, Өөрийнх нь байрыг булааж, Өөрийг нь дуурайж, орлохыг хүсэж байна гэж хэлнэ. Чи Бурханы айлдварын өнгийг дуурайх үедээ хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох санаа зорилготой байдаг. Энэ бол Сатанаас өөр хэн ч биш; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчишгүй тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Хүмүүсийг төөрөгдүүлж, мэхлэх санаатайгаар цөөн хэдэн үг хэлж, үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулдаг, мөн чанар болон ялгамж чанар нь цор ганц, тэр ч бүү хэл ярианы өнгө нь хүртэл Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд Бурханыг хэзээ нэгэн цагт тодорхой маягаар дуурайж байсан хүн та нарын дунд бий юу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Бурханы зан чанарыг төлөөлөх мэт үйл хөдлөлөөр, сүр хүч, эрх мэдэлтэй гэмээр байдлаар Бурханы өнгийг хэзээ нэгэн цагт дуурайн ярьж байсан уу? Та нарын олонх нь үргэлж ийм маягаар аяглаж, эсвэл ингэж аяглахаар төлөвлөдөг үү? Одоо Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, юу хийж, өөрсдийгөө илчилдэг байснаа эргэн санах үедээ ой гутаж байна уу? Та нар олиггүй, ичгүүргүй байдлаа хүлээн зөвшөөрч байна уу? Ийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг судалж шинжилсний дараа тэднийг хараал хүрсэн тамын хүү гэж хэлж болохоор байна уу? Ийм зүйл хийдэг хүн бүр өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний уг чанар ноцтой гэдгийг та нар мэдсэн үү? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ингэж аягладаг хүмүүсийн санаа зорилго нь Бурханыг дуурайх явдал. Тэд Бурхан байж, хүмүүсээр өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэхийг хүсдэг. Тэд хүмүүсийг хянаж, хүмүүсийг залгиж, эзэмшилдээ авахын тулд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үгүй хийж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүрд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн болгон ийм ялзарсан сатанлаг мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг ийм сатанлаг уг чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадлаа гээд энэ нь чамайг Бүтээгчийн мөн чанартай болгож харагдуулж чадахгүй, Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэн гэдгийг ч илэрхийлэхгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаас олж авсан ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?