Цор ганц Бурхан Өөрөө III

Бурханы эрх мэдэл (II) (III хэсэг)

Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе

Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.

1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний хувь заяаны тулгын чулууг тавьж, хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болдог бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол, хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхэлдэг үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, бие даахад түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн төрөл нь хоёул хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжил сонгон сургуулиа төгссөний дараа амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийж, аятайхан ажил олдог. Зарим хүмүүс олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч тушаал ахих нь бүү хэл өөртөө тохирох ажил юм уу, байр сууриа хэзээ ч олж чаддаггүй; амьдралынхаа аяны эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдоо чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж, хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн, эсвэл бартаатай эсэхийг мэдэхгүйгээр тэд хүний хувь тавилан хэчнээн хувирамтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэр олдог; зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, тэгснээр өөрсдийгөө авч явдаг… Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд: сайн сонголт, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл, шийдвэртэй нийцдэг үү? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их цалин хөлс авч, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч, хэдийгээр хүн зоригтой зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх хүч, эсвэл чадвар хэнд ч байхгүй, хэн ч өөрийн ирээдүйг хянаж чадахгүй гэдгийг тэд анх удаагаа үнэхээр ойлгодог. Хүний мөрөөдөл болон хүний тулгарах ёстой бодит байдал хоорондоо үргэлж нэлээд зайтай байх болно; аливаа зүйлс хэзээ ч хүний хүссэн шиг байдаггүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс хэзээ ч сэтгэл ханамжтай, эсвэл тааламжтай болж чадахгүй. Зарим хүн өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юу хийхээс ч буцахгүй, аж амьдрал, ирээдүйнхээ төлөө ихийг золиослон их хичээл чармайлт гаргана. Гэвч эцэст нь, тэд шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаддаг ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй бөгөөд хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хэзээ ч илүү гарч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадаггүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг нь хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармайлт, эсвэл хүний эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тогтоодог юм.

2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь

Хүн нас биед хүрэээд эцэг эхээ орхиж, өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.

Гэрлэлт: Дөрөв дэх онцгой үе

Хүн өсөж, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ болон төрж, өссөн орчноосоо улам холддог бөгөөд үүний оронд хүн эцэг эхийнхээсээ өөр амьдралын замд өөрийн амьдралын зүг чигийг эрж хайн, амьдралынхаа зорилгыг хөөж эхэлдэг. Энэ хугацаанд хүнд цаашид эцэг эх нь хэрэгтэй биш, харин амьдралаа хамт туулж чадах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь ойр дотно холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Ийм байдлаар бие даасны дараа хүнд тохиолддог хамгийн анхны томоохон үйл явдал нь гэрлэлт буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх онцгой үе юм.

1. Гэрлэлтийн тухайд хүнд ямар ч сонголт байдаггүй

Гэрлэлт нь аливаа хүний амьдралын чухал үйл явдал юм; энэ нь хүн үнэхээр олон янзын үүрэг хариуцлага үүрч, олон янзын даалгаврыг аажмаар хэрэгжүүлж эхэлдэг үе юм. Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд эдгээр бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэнд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг. Хэдийгээр энэ хорон муу эрин үед хүмүүс гэрлэлтийн талаар гажууд мэдээгээр үргэлж бөмбөгдүүлж, энэ нь бүр олон нэмэлт шаардлага бий болгож, хүмүүст бүх төрлийн ачаа болон хачин хандлагуудыг өгдөг боловч хүн үүнийг хэрхэн ойлгох нь хамаагүй, үүнд хандах хүний хандлага ямар байх нь хамаагүй, гэрлэлт бол хувь хүний сонгох хэрэг биш гэдгийг гэрлэж үзсэн ямар ч хүн мэддэг.

Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн түүний хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Гэрлэлтийн тухайд хэдийгээр хүн бүхэнд өөрийн гэсэн санаа, хувийн үзэл байдаг боловч эцэстээ хэн түүний хань ижил болохыг хэн ч урьдаас харж чадахгүй бөгөөд хүний өөрийн үзэл бараг тооцогддоггүй. Таалагддаг хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлддөг; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх нь, тэр чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Хайрыг чинь татсан этгээд чиний амьдралаа хуваалцах хүн байх албагүй; энэ зуур чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн чиний амьдралд чимээгүйхэн орж ирээд чиний хань ижил болж, чиний хувь заяаны хамгийн чухал элемент, чиний нэг хэсэг болж, чиний хувь заяа түүнтэй адрмаатайгаар холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Хэр олон гэрлэлт ханамжгүй, хэчнээн нь аз жаргалтай байдаг; хэчнээн нь Зүүн, Барууныг холбодог, хэчнээн нь Умард, Өмнөдийг холбодог; хэр олон нь төгс тохирдог, хэр олон нь ижил зиндааных; хэчнээн нь аз жаргал, эв зохицолтой, хэчнээн нь зовлон, гунигтай; хэр олон нь бусдын атаархлыг төрүүлдэг, хэчнээн нь буруу ойлгогдож, ад үзэгддэг; хэр олон нь баяр хөөрөөр дүүрэн, хэр олон нь нулимсанд автаж, цөхрөлд орсон бэ… Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс гэрлэлтэнд үнэнч, насан турш хариуцлагатай байх, эсвэл хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, эсвэл хүлцэнгүй байдал болон үл ойлголцол, эсвэл урвалт, бүр үзэн ядалтыг хүртэл харуулдаг. Гэрлэлт эсвэл аз жаргал, эсвэл зовлон шаналал авчрахыг, гэрлэлт дэх хүн бүрийн даалгаврыг Бүтээгч урьдчилан тогтоодог бөгөөд энэ өөрчлөгдөхгүй; хүн бүр үүнийг биелүүлэх ёстой. Гэрлэлт бүрийн цаана орших хувь хүний хувь заяа өөрчлөгдөшгүй; үүнийг Бүтээгч урьдаас тодорхойлсон.

2. Гэрлэлт хоёр хүний хувь заяанаас төрдөг

Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог. Өнгөн талдаа гэрлэлтийн зорилго нь хүний удам угсааг үргэлжлүүлэх явдал боловч үнэндээ гэрлэлт бол даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш юм. Гэрлэлтэнд гүйцэтгэх хүмүүсийн үүрэг нь зүгээр л дараагийн үеийг өсгөж торниулах биш; тэдгээр нь хүний хүлээдэг янз бүрийн үүрэг бөгөөд гэрлэлтээ хадгалах явцад хүний биелүүлэх ёстой даалгавар юм. Хүний төрөлт нь хүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал болон зүйлсийн өөрчлөлтөнд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт нь мөн тэдгээрт гарцаагүй нөлөөлөх бөгөөд цаашлаад тэдгээрийг олон янзын арга замаар өөрчлөх болно.

Хүн бие даахаараа хүнийг гэрлэлттэй нь холбоотой хүмүүс, үйл явдал, зүйлс рүү алмах алхмаар хөтөлдөг амьдралын замналаа эхэлдэг; мөн үүний зэрэгцээ тэрхүү гэрлэлтийг бүрдүүлэх нөгөө хүн нь тэдгээр хүмүүс, үйл явдал болон зүйлс рүү алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхэн дор хоорондоо хамаатай хувь заяаг хуваалцдаг хамааралгүй хоёр хүн гэрлэж, гайхалтай байдлаар гэр бүл буюу “нэг уяанаас зуурч байгаа хоёр царцаа” болдог. Иймээс хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие дааж амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хүн чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол гэрлэлтийн эх сурвалж, Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяаны үр дүн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих