Цор ганц Бурхан Өөрөө III
Бурханы эрх мэдэл (II) (II хэсэг)
Хүний амьдралын зургаан онцгой үе
Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.
Төрөлт: Эхний онцгой үе
Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.
Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.
1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг
Хүний төрөх газар, хүний гэр бүл, хүний хүйс, хүний бие махбодын төрх байдал, хүний төрөх цаг хугацаа гэх мэт эхний онцгой үеийн алийг хүн өөрөө сонгож чадах вэ? Хүн төрөх нь идэвхгүй үйл явдал гэдэг ойлгомжтой: Хүн өөрийн хүслээс үл хамааран тодорхой нэгэн газарт, тодорхой нэгэн цагт, тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой нэгэн бие бялдартайгаар төрдөг; хүн өөрийн эрх мэдэлгүйгээр тодорхой нэгэн гэр бүлийн гишүүн болж, тодорхой нэгэн удам судар залгамжилдаг. Амьдралын эхний энэ онцгой үед хүнд ямар ч сонголт байдаггүй, харин тэр Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн орчинд, тодорхой нэгэн гэр бүлд тухайн хүний амьдралын замналтай нягт холбогдсон тодорхой нэгэн гэр бүлд, тодорхой хүйс, дүр төрхтэйгээр, тодорхой нэгэн цагт төрдөг. Энэ шийдвэрлэх онцгой үед хүн юу хийж чадах вэ? Ерөнхийдөө, хүний төрөлттэй холбоотой эдгээр зүйлээс нэгийг нь ч сонгох боломж хүнд байдаггүй. Бүтээгчийн урьдчилсан төлөвлөлт, Түүний удирдамж байгаагүй бол энэ дэлхийд шинээр төрсөн амь хаашаа явахаа, эсвэл хаана байхаа мэдэхгүй байж, ямар ч харилцаагүй, хаана ч хамаарагдахгүй, жинхэнэ орон гэргүй байх байсан юм. Харин Бүтээгч нарийн нягт зохицуулсан учраас энэ нь амьдралынхаа замналыг суух газар, эцэг эх, өөрийн харьяалагдах газар болон хамаатан садантайгаар эхлэдэг. Энэ үйл явцын турш энэхүү шинэ амь ирэх нь Бүтээгчийн төлөвлөгөөгөөр тодорхойлогддог бөгөөд түүний эзэмших бүх зүйлийг Бүтээгч түүнд олгоно. Энэ нь өөрийн гэх юу ч үгүй нэг хөвөгч бие байснаа аажмаар бодож, амьсгалж, халуун хүйтнийг мэдэрдэг, материаллаг ертөнц дээрх бүтээгдсэн зүйлийн бүх ердийн үйл ажиллагаанд оролцож чаддаг, мөн бүтээгдсэн хүний амьдралдаа туулах учиртай бүх зүйлийг амсаж туулж чадах мах цуснаас бүрдсэн, нүдэнд үзэгдэх, гарт баригдах хүмүүн буюу Бурханы бүтээлүүдийн нэг болдог. Хүний төрөлтийг Бүтээгч урьдаас тогтооно гэдэг бол амьдрахад нь хэрэгтэй бүх зүйлийг Тэр тухайн хүнд хайрлана гэсэн үг юм; нэг хүн ийнхүү төрнө гэдэг нь тэрээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бүтээгчээс хүлээн авах ба тэр мөчөөс эхлээд тэр Бүтээгчээс бэлдэж өгсөн өөр хэлбэрээр Бүтээгчийн дээд эрхэнд захирагдан амьдрах болно гэсэн үг юм.
2. Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ
Хэрвээ дахин төрөх юм бол алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ тэд эмэгтэй байсан бол тэд Цасан Цагаантай адилхан харагдаж, хүн бүрийн хайрыг татах байсан ба хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй агаад дэлхий даяараа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг Ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон дэмий юманд итгэдэг хүмүүс байдаг бөгөөд тэд гэрийнхэндээ, өөрийнхөө дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцэн төрөлтдөө дандаа тун сэтгэл дундуур байдаг. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, эсвэл яагаад тийм байдалтай харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, хэрхэн харагддагаас үл хамааран тэд Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавр биелүүлэх ёстой гэдгээ мэддэггүй—энэ зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүний хүйс, хүний бие бялдар зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат бүр дэх өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдгийн цуврал юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөл нь ямар нэг тодорхой үе шатанд түүний төрөлтөөр тодорхойлогддоггүй, харин амьдралдаа түүний биелүүлсэн үүрэг даалгавраар болон Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлтээр тодорхойлогддог юм.
Үр уршиг бүхэнд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй ямар ч үр уршиг байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон хүний өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хэрвээ хүний үхэл нь тэдний өнөөгийн амьдралын хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь нэг шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хэрвээ хуучин мөчлөг нь хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй тэдний өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал, түүнчлэн хүний өнөөгийн амьдралтай холбогддог болохоор хүний төрөлттэй холбоотой байрлал, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад хүчин зүйлс нь бүгд тэдгээртэй заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлсэд хүний өмнөх амьдрал нөлөөлдөг төдийгүй мөн өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг юм. Энэ нь хүмүүсийн төрдөг янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим хүн ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Зарим нь эгэл гаралтай, зарим нь алдар цуутай удмынх байдаг. Зарим нь өмнө зүгт, зарим нь умард зүгт төрдөг. Зарим нь элсэн цөлд, зарим нь өвс ногоотой нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд, баяр ёслол дагалддаг, заримынх нь уйлаан, гай гамшиг, зовлон зүдгүүр авчирдаг. Зарим нь эрхэмлэгдэн хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Зарим нь сайхан зүс царайтай, бусад нь муруй тахир төрдөг. Зарим нь харахад царайлаг хөөрхөн, зарим нь царай муутай байдаг. Зарим нь шөнө дунд, зарим нь үд дундын нарны хурц гэрэл дор төрдөг… Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг, Түүний урьдчилан тогтоосон зүйл; хэн ч өөрсдийн нэгэнт тогтоогдсон хувь зохиолоос зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.
Өсөж торних: Хоёр дахь онцгой үе
Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйлийг суралцдаг. Энэ нь хүний насанд хүрэх орчин нөхцлийг тодорхойлдог бөгөөд өсөж торних нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх онцгой үеийг төлөөлдөг. Энэ онцгой үед хүмүүст мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Үүнийг мөн л урьдаас тогтоож, зохицуулсан байдаг.
1. Хүний өсөж торних нөхцөл байдлыг Бүтээгч тогтоодог
Хэний, эсвэл ямар хүчин зүйлийн сургамж болон нөлөөн дор өсөж торнихоо хүн сонгож чадахгүй. Хүн ямар мэдлэг, эсвэл ур чадвар олж авахаа, ямар зуршилтай болохоо сонгож чадахгүй. Хүний эцэг эх, хамаатан садан хэн байхыг, ямар төрлийн орчинд өсөхөө хүн шийдэж чадахгүй; эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, зүйлстэй харилцах хүний харилцаа болон тэдгээр нь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх нь бүгд хүний хяналтаас гадна байдаг. Тэгвэл эдгээр зүйлийг хэн шийддэг вэ? Хэн тэдгээрийг зохицуулдаг вэ? Энэ зүйл дээр хүмүүст ямар ч сонголт байдаггүй болохоор, тэд эдгээр зүйлийг өөрсдөө шийдэж чаддаггүй болохоор, мөн тэдгээр нь хараажаар аяндаа бүрддэггүй болохоор, энэ бүх зүйлсийн бүрдэл Бүтээгчийн гарт оршдог гэдэг нь илэрхий юм. Бүтээгч нь хүн бүрийн төрөлтийн онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг шигээ бас хүний өсөх онцгой нөхцөл байдлыг зохицуулдаг гэдгийг хэлэх нь илүүц юм. Хэрвээ хүний төрөлт нь түүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал, зүйлст өөрчлөлт авчирдаг юм бол тухайн хүний өсөлт, хөгжил ч мөн тэдгээрт зайлшгүй нөлөөлөх болно. Жишээлбэл, зарим хүн ядуу гэр бүлд төрдөг боловч эд баялгаар хүрээлүүлэн өсдөг; зарим нь чинээлэг гэр бүлд төрдөг боловч гэр бүлийнхээ хөрөнгийг барж, тэгснээрээ тэд ядуу орчинд өсдөг. Хэний ч төрөлт тогтоосон дүрэм журамд захирагддаггүй бөгөөд зайлшгүй тогтоосон нөхцөл байдалд өсөж торнидог хэн ч үгүй. Эдгээр нь хүний төсөөлж, эсвэл хянаж чадах зүйлс биш; тэдгээр нь хүний хувь заяаны үр дүн бөгөөд хүний хувь заяагаар тодорхойлогддог. Мэдээж, эцсийн дүндээ тэдгээрийг Бүтээгч хүний хувь заяа болгон урьдаас тогтоосон ба тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх болон тухайн хүний хувь заяанд зориулсан Түүний төлөвлөгөөгөөр тодорхойлогддог.
2. Хүний өсөж торнидог янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүргийг бий болгодог
Хүний төрөлтийн нөхцөл байдал нь тэдний өсөх орчин, нөхцөл байдлыг үндсэн түвшинд тодорхойлдог ба хүний өсдөг нөхцөл байдал нь мөн л түүний төрөлтийн нөхцөл байдлын үр дүн юм. Энэ хугацаанд хүн хэл сурч эхэлдэг ба хүний ухаан санаа олон шинэ зүйлтэй тулгарч, ойлгож өөрийн болгож эхлэх явцдаа хүн үргэлж өсөж байдаг. Хүний чихээрээ сонсож, нүдээрээ харж, оюун ухаанаараа хүлээн авдаг зүйлс нь хүний дотоод ертөнцийг аажмаар баяжуулж, сэргээдэг. Хүний харилцдаг хүмүүс, үйл явдал, зүйлс, хүний суралцдаг ухамсар, мэдлэг, ур чадвар, түүнчлэн нөлөөгөөр, байнгын ятгалгаар хэвшсэн юм уу, эсвэл заалгасан сэтгэлгээний арга барил нь бүгд хүний амьдралын хувь заяанд нөлөөлөх болно. Өсөхдөө хүний сурдаг хэл болон хүний сэтгэлгээний арга барил нь хүний залуу насаа өнгөрүүлсэн орчинтой салшгүй холбоотой бөгөөд тэрхүү орчин нь түүний эргэн тойрны эцэг эх, ах дүүс, бусад хүмүүс, үйл явдал болон зүйлсээс бүрддэг. Иймээс хүний хөгжлийн замнал нь түүний өссөн орчноор тодорхойлогддог ба түүнчлэн энэ хугацаанд хүний харилцдаг хүмүүс, үйл явдал болон зүйлсээс мөн хамаардаг. Хүний өсөж торних нөхцөл байдал нь аль хэдийн урьдаас шийдэгдсэн байдаг болохоор энэ үйл явцын хүний амьдардаг орчин ч гэсэн бас л угаасаа урьдаас шийдэгдсэн байдаг. Энэ нь хүний сонгож, шилснээр болдоггүй, харин Бүтээгчийн нямбай зохицуулалтаар болон хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхээр тодорхойлогдсон Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу шийдэгддэг. Иймээс өсөх явцдаа аливаа хүний уулздаг хүмүүс, түүний харилцдаг зүйлс нь бүгд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалттай гарцаагүй холбогдсон байдаг. Хүмүүс ийм адармаатай харилцаа холбоог урьдаас мэдэж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж, эсвэл ойлгож ч чадахгүй. Олон өөр зүйлс болон олон өөр хүмүүс хүний өсдөг орчинд хамаатай байдаг бөгөөд ямар ч хүмүүн харилцаа холбооны асар өргөн сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадваргүй. Янз бүрийн бүх хүмүүс, үйл явдал болон зүйлсийн бий болох, орших, үгүй болохыг Бүтээгчээс өөр ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл хянаж чадахгүй бөгөөд энэ нь Бүтээгчийн урьдчилан тогтоосны дагуу хүний хөгжлийг төлөвшүүлдэг, хүний өсөж торних олон янзын орчныг бүрдүүлдэг ба хүмүүст өөрсдийн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх найдвартай бат бөх суурь тавьж, Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүрэг ролийг бүтээдэг харилцаа холбооны асар өргөн сүлжээ юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?