Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг (I хэсэг)

Үүргээ гүйцэтгэсний дараа олон хүнд өөрсдөө дутуу дулимаг, үнэн-бодит байдалгүй юм шиг санагддаг тул илүү их номлол сонсохыг өөрсдөөсөө шаардаж, удирдагч, ажилчдаас илүү их цуглаан хийхийг шаардан, гагцхүү энэ нь амийн оролт, амийн өсөлтийг өгч чадах мэт байдаг. Хэрвээ тэд цуглаан, номлолд оролцолгүй хэсэг хугацаанд явах юм бол зүрх сэтгэлд нь юу ч байхгүй мэт хоосон, эзгүй санагддаг. Тэдний зүрх сэтгэлд зөвхөн өдөр тутмын цуглаан, өдөр тутмын номлол тэдэнд амийн оролт өгч, сүнсээрээ төлөвших боломж олгох юм шиг байдаг. Бодит байдал дээр ийм бодол санаа нь огт буруу юм. Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүмүүс үүргээ биелүүлэх ёстой—тэгж байж л тэд амийн туршлагатай болж чадна. Хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлдэг ч үүргээ биелүүлэхийг хүсдэггүй бол Бурханд итгэх чин сэтгэл чинь хаана байна вэ? Үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг хүмүүс бол итгэлтэй хүмүүс юм. Итгэлтэй хүмүүс л амьдралаа Бурханд зориулж зүрхэлдэг бөгөөд Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнээ хаяхад бэлэн байдаг. Ийм хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа Ариун Сүнсний ажлыг туулдаг; Ариун Сүнс тэднийг гэгээрүүлж, удирдаж, сахилгажуулдаг. Энэ бүхэн амийн туршлагыг бий болгодог. Тиймээс амийн оролт нь албан ёсоор үүргээ гүйцэтгэхээс эхэлдэг.

Хэрвээ хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй ханддаг, эсвэл үргэлж будилдаг бол энэ нь ямар хандлага гэж та нар бодож байна? Энэ нь зүгээр л хэлбэрдэж байгаа хэрэг бус уу? Энэ нь та нарын үүрэгтээ хандах хандлага мөн үү? Энэ нь хэв чанар, эсвэл зан чанарын асуудал мөн үү? Та нар бүгд энэ талаар тодорхой мэдэж байх ёстой. Хүмүүс яагаад үүргээ гүйцэтгэхдээ хайнга ханддаг вэ? Тэд Бурханы төлөө юм хийхдээ яагаад үнэнч байдаггүй вэ? Тэдэнд бүр эрүүл ухаан, эсвэл мөс чанар гэж байна уу? Үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай бол чи аливааг хийхдээ зүрх сэтгэлээ илүү зориулж, арай илүү нинжин сэтгэлтэй, хариуцлагатай, хайхрамжтай байх юм бол тэгснээр илүү их хүчин чармайлт гаргаж чадна. Илүү их хичээл зүтгэл гаргаж чадах үед биелүүлдэг үүргийн чинь үр дүн сайжирна. Үр дүн чинь илүү сайн болж, үүгээрээ бусад хүн төдийгүй Бурханыг хангалуун болгоно. Чи үүнд зүрх сэтгэлээ зориулах ёстой! Чи хорвоо ертөнцөд ажиллаж, зарцуулсан цаг хугацаандаа л үндэслэн мөнгө олж байгаа юм шиг хайнга байж болохгүй. Хэрвээ ийм хандлагатай бол чи асуудалд орно. Чи үүргээ сайн гүйцэтгэх боломжгүй. Энэ ямар гээч хүн чанар вэ? Мөс чанаргүй хүмүүст хүн чанар байх уу? Байхгүй. Хэрвээ чи өөрийгөө хүн чанартай гэж хэлж, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байгаа бол үүрэгтээ илүү их хүчин чармайлт гаргаж, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Чи өөрийгөө мөс чанартай гэж хэлдэг ч үүрэгтээ зүрх сэтгэлээ огт зориулдаггүй. Мөс чанар чинь үр нөлөө үзүүлж байна уу? Чи зүрх сэтгэлээ зөв газар тавих ёстой. Чи эдгээр зүйлийг байнга бодох ёстой—бүгдийг нь ойлгох ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ зүгээр л аргацаах нь томоохон хориотой зүйл. Хэрэв чи үүргээ гүйцэтгэхдээ үргэлж аргацаадаг бол үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэх аргагүй. Үүргээ үнэнчээр гүйцэтгэхийг хүсэж байвал эхлээд аргацаадаг асуудлаа засах хэрэгтэй. Анзаарсан даруйдаа нөхцөл байдлыг засаж залруулах арга хэмжээ авах ёстой. Хэрвээ чи будилуу, асуудлыг огт анзаарч чаддаггүй, үргэлж аргацааж, хэлбэрдэж, оромдсон байдлаар хийдэг бол үүргээ сайн гүйцэтгэх ямар ч аргагүй. Тиймээс үүрэгтээ үргэлж зүрх сэтгэлээ зориулах ёстой. Хүмүүст ийм боломж ирэх нь маш хэцүү байсан! Бурхан боломж олгох үед тэд үүнийг шүүрэн авдаггүй бол тэр боломж алдагдана—тэгээд хожим нь тэд тийм боломж олохыг хүссэн ч гэсэн тийм боломж дахиад гарч ирэхгүй байж магадгүй. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй, үүргээ гүйцэтгэх боломж ч мөн адил. Зарим хүн “Би өмнө нь үүргээ сайн биелүүлээгүй, харин одоо үүргээ гүйцэтгэхийг хүссээр л байна. Би зүгээр л мориндоо дахин мордох ёстой” гэж хэлдэг. Ийм шийдэмгий байх нь гайхалтай боловч үүргээ хэрхэн сайн гүйцэтгэхээ тодорхой мэдэж, үнэнд шамдах ёстой. Үнэнийг ойлгодог хүмүүс л үүргээ сайн гүйцэтгэж чадна. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй. Үнэнийг илүү тодорхой ойлгох тусмаа чи үүргээ гүйцэтгэхдээ илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ энэ асуудал юу болохыг олж харж чадвал чи үнэнд шамдах бөгөөд чамд үүргээ сайн гүйцэтгэх найдвар байна. Одоогоор үүрэг гүйцэтгэх боломж төдийлөн их байхгүй учир боломжтой үедээ чи тэдгээрийг ашиглах ёстой. Чухамдаа үүрэгтэй тулгарах үедээ л чи чармайх ёстой; тэр үед чи өөрийгөө Бурханд өргөн барьж, Бурханы төлөө зарлагадах ёстой, мөн төлөөс төлөх шаардлагатай. Юугаа ч бүү хайрла, ямар нэг явуулга бүү өвөрлө, ямарваа зай завдал бүү үлдээ, эсвэл өөртөө гарах гарц бүү өг. Хэрэв чи ямарваа зай завдал үлдээж, тооцоотой, овсгоотой, зальхай байвал тааруухан ажил хийх нь гарцаагүй. “Намайг заль мэх гаргаж байхыг хэн ч хараагүй. Ямар догь вэ!” гэж чи хэллээ гэж бодъё. Энэ ямар төрлийн сэтгэхүй вэ? Чи хүмүүсийн, бас Бурханы ч нүдийг хуурчихлаа гэж бодож байна уу? Гэвч үнэн хэрэгтээ Бурхан юу хийснийг чинь мэддэг үү, үгүй юу? Бурхан мэддэг. Үнэн хэрэгтээ чамтай хэсэг хугацаанд харилцсан хэн боловч завхрал, өөдгүй занг чинь мэдэж авах бөгөөд хэдийгээр тэд шулуухан хэлэхгүй байлаа ч зүрх сэтгэлдээ чамд үнэлгээ өгсөн байх болно. Маш олон хүн өөрсдийг нь ойлгож авснаас болоод илчлэгдэж, таягдан хаягдсан хүн мундахгүй олон байсан. Бүх хүн мөн чанарыг нь нэвт хармагцаа тэр хүмүүсийн хэн болохыг илчилж, хөөсөн. Тиймээс хүмүүс үнэнийг эрэлхийлдэг ч бай, үгүй ч бай үүргээ чадлынхаа хэрээр сайн гүйцэтгэх ёстой; тэд бодитой зүйл хийхдээ мөс чанараа ашиглах ёстой. Чи дутагдалтай байж болох ч үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй байж чаддаг бол таягдан хаягдах түвшинд очихгүй. Хэрвээ чи үргэлж өөрийгөө алзахгүй, яавч таягдан хаягдахгүй гэж бодоод, өөрийгөө эргэцүүлж, танихаар оролддоггүй, зүй ёсны ажлаа үл тоож, үргэлж хайнга, хааш яаш байдаг бол Бурханы сонгосон хүмүүс чамд тэвчээр алдрах үедээ хэн болохыг чинь илчлэх бөгөөд чи таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь хүн болгон чамайг нэвт харж, чи нэр төр, ёс жудгаа алджээ. Хэрвээ нэг ч хүн чамд итгэхгүй бол Бурхан чамд итгэж чадна гэж үү? Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг: Тэрээр ийм хүнд яавч итгэж чадахгүй. Хэрвээ хүн найдваргүй хүн бол ямар ч тохиолдолд түүнд ажил даалгаж болохгүй. Хэрэв чи тухайн хүний ямар болохыг мэдэхгүй, эсвэл бусад хүн тухайн хүнийг хийж байгаа зүйлдээ сайн гэж хэлэхийг сонссон ч зүрх сэтгэлдээ зуун хувь итгэлтэй биш байгаа бол түүнд эхлээд чухал биш, жижиг ажил даалгаж болно. Хэрэв хэд хэдэн жижиг даалгаврыг сайн хийвэл түүнд ердийн даалгавар өгч болно. Тэрхүү даалгаврыг амжилттай биелүүлсэн тохиолдолд л чи түүнд чухал ажил өгөх ёстой. Хэрэв тэр хүн ердийн даалгаврыг баллах юм бол найдвартай хүн биш. Том ч бай, жижиг ч бай ямар ч ажил түүнд даалгаж болохгүй. Сайхан сэтгэлтэй, хариуцлагатай, хэзээ ч аргацааж байгаагүй, бусдын даалгасан ажлыг өөрийн ажил мэт үзэж, ажилдаа бүх талаар анхаарч, чиний хэрэгцээг бодож, бүх өнцгөөс нь авч үздэг, маш нарийн нягт, аливааг зөв арга замаар зохицуулдаг, ажил нь тун сэтгэл ханамжтай байдаг хүнийг чи анзаарсан бол энэ нь итгэл даахуйц хүн юм. Итгэл даадаг хүмүүс бол хүн чанартай хүмүүс бөгөөд хүн чанартай хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байдаг, мөн тэдний хувьд үүргээ сайн гүйцэтгэхэд маш амархан байдаг байж таарна, учир нь тэд үүргээ өөрсдийн даалгавар гэж үздэг. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс үүргээ тааруу гүйцэтгэх нь гарцаагүй бөгөөд юу ч байлаа гэсэн үүрэгтээ хариуцлагагүй ханддаг. Бусад нь үргэлж тэдний төлөө санаа зовж, тэднийг хянаж, ахиц дэвшлийнх нь талаар асууж байх хэрэгтэй болдог; тэгэхгүй бол үүргээ гүйцэтгэх явцад нь юмс гажуудаж, ажлаа хийж байхад нь байдал буруугаар эргэх боломжтой бөгөөд тэр нь бүр ч чирэгдэлтэй байдаг. Товчхондоо хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа үргэлж өөрсдийгөө эргэцүүлэх шаардлагатай: “Би энэ үүргийг хангалттай биелүүлсэн үү? Зүрх сэтгэлээ үүнд зориулсан уу? Эсвэл зүгээр л аргацаасан уу?” Хэрвээ чи үргэлж хайнга, хааш яаш байдаг бол аюулд орно. Хамгийн наад зах нь, чи найдваргүй, хүмүүс чамд итгэж болохгүй гэсэн үг. Үүнээс ч ноцтой нь, хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ үргэлж оромдож, байнга Бурханыг мэхэлдэг бол асар их аюулд орно! Зориуд ов мэхтэй байхын үр дагавар юу вэ? Чамайг мэдсээр байж гэм бурууг үйлдэж, өөрийнхөө завхарсан зан чанарын дагуу л амьдарч, хайнга, хааш яаш байж, үнэнийг огт хэрэгжүүлэхгүй байгааг хүн бүр харж чадна—энэ нь чи хүн чанаргүй гэсэн үг юм! Хэрэв ийм илрэл чамаас цаг ямагт харагддаг бол, чи томоохон алдаанаас зайлсхийдэг ч жижиг алдаа тасралтгүй гаргаж, эхнээсээ дуустлаа гэмшдэггүй бол хорон муу нэгэн, үл итгэгч бөгөөд чамайг зайлуулах ёстой. Тийм үр дагавар ноцтой байдаг—чи үл итгэгч, хорон муу хүн гээд бүрэн илчлэгдэж, таягдан хаягдана.

Чиний биелүүлдэг аливаа үүрэг амийн оролтыг хамардаг. Үүрэг чинь тогтмол юм уу жигд бус, сонирхолгүй юм уу хөгжилтэй аль нь ч байсан, чи үргэлж амийн оролтод хүрэх ёстой. Зарим хүний гүйцэтгэдэг үүрэг үнэндээ нэгэн хэвийн байдаг; тэд нэг л зүйлийг өдөр бүр хийдэг. Гэвч энэ хүмүүсийн үүргээ гүйцэтгэхдээ илчилдэг байдал нь огтхон ч нэгэн хэвийн байдаггүй. Заримдаа хүмүүс сайхан ааштай байх үедээ арай илүү хичээнгүй байж, илүү сайн ажилладаг. Зарим үед зарим нэг үл мэдэгдэх нөлөөний улмаас завхарсан сатанлаг зан чанар нь тэднийг хутган үймүүлж, зүй бус үзэл бодолтой болгож, муу байр байдалтай, муухай ааштай болгодог; үүний үр дүнд тэд үүргээ хааш яаш гүйцэтгэдэг. Хүмүүсийн дотоод байдал байнга өөрчлөгдөж байгаа; тэдгээр нь хэдийд ч, хаана ч өөрчлөгдөж болно. Чиний байдал яаж ч өөрчлөгддөг бай, ааш зандаа үндэслэж үйлдэх нь үргэлж буруу байдаг. Сайхан ааштай байхдаа арай дээр хийж, муухай ааштай байхдаа арай муу хийх нь аливааг хийх зарчимч арга зам мөн үү? Энэ нь стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэх боломжийг чамд олгох уу? Зан ааш нь ямар ч байсан, хүмүүс Бурханы өмнө залбирч, үнэнийг эрж хайхаа мэдэх ёстой; ийм маягаар л зан аашиндаа захирагдан, нааш цааш ганхахаа больж чадна гэдгээ хүмүүс мэдэх ёстой. Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь нэмэргүй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь үймээн учруулдаг ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан, тэнгэр нурж ирлээ ч гэсэн, амьд байгаа цагтаа үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэхүйц байхын тулд би амьдарч буй өдөр бүрдээ үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, ямар нэг зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд хязгаарлагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ дуулгавартай байдаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэн-бодит байдалд орсон байдаг. Энэ бол үнэнийг амьдран харуулах хамгийн жинхэнэ, бодит илэрхийллийн нэг билээ. Ингэж амьдрах нь хүнийг сэтгэл амар байлгах уу? Бурхан чамайг хэрхэн хардаг талаар санаа зовох хэрэгтэй юу? Сэтгэл амар байхын тулд ямар үйлдэл хийх хэрэгтэй гэж та нар хэлэх вэ? (Ямар нэг хүн, үйл явдал, зүйлд хязгаарлагдалгүй, үүргээ тэргүүнд тавь. Энэ бол Бурханы урмыг хугалахгүй байх цорын ганц арга зам юм.) Зөв, энэ бол сэтгэл амар байхын нууц юм. Та нар бүгд энэ нууцыг эзэмшсэн үү? Хэн нэгэн чамтай ярилцахдаа онцгүй хандлага гаргаж, чамайг үл хайхарч, чамаас зориуд алдаа хайхыг санаархвал чи хутга тулгуулсан мэт сэтгэл дундуур байх болно. Чи идэхийг хүсэхгүй бөгөөд нойронд чинь нөлөөлнө. Ямар ч байсан ааш зан чинь таагүй болж, зүрх сэтгэл чинь шанална. Энэ үед чи юу хийх вэ? Чи магадгүй “Өнөөдөр би ааш муутай байгаа учраас үүргээ хоёр хоног хойшлуулъя”, эсвэл “Би үүргээ гүйцэтгэсээр байх ч хоёрдмол сэтгэлээр хийж, зүгээр л хэлбэрдэхэд болно. Бүх зүйл хүссэнээр болохгүй үе хүн бүрд байдаг болохоор ааш муутай байвал Бурхан надаас хэт их зүйл хүсэхгүй биз дээ? Би өнөөдөр үүргээ түр хойшлуулъя. Зүгээр ээ, би маргааш сайн хийнэ. Бурхан Өөрийн ажлыг зургаан мянган жилийн турш хийж байгаа болохоор намайг нэг өдрөөр хойшлууллаа гээд үнэхээр анхаарах уу?” гэж хэлнэ. Жижиг зүйл сэтгэл санаанд нь нөлөөлж, цаашлаад үүрэгт нь нөлөөлдөг бол энэ ямархуу хүн бэ? Энэ нь хүүхдэрхүү, олиггүй зан бус уу? Ямар нэгэн зүйл тохиолдоход тэд муухай аашилж, огт эрүүл ухаангүй болж, үүргээ гүйцэтгэхгүй, шийдэмгий бус болж, тангаргаа мартдаг. Энэ ямар асуудал вэ? Энэ дур зоргоороо байдлын асуудал бус уу? Ихэвчлэн ингэж авирладаггүй хүмүүс байдаг ч сэтгэл санаа онцгүй үедээ тэд хариуцлагаа орхидог. Иймэрхүү зүйлс дэндүү олон тохиолддог. Зарим хүн сэтгэл санаа нь тавгүйтэх үед гадны нөлөөнд бага зэрэг өртдөг учраас үүргээ гүйцэтгэж байхдаа эрч хүчгүй, хийж байгаа зүйлдээ анхаарч чаддаггүй. Ийм зүйл тохиолдоход юу хийх ёстой вэ? Эдгээр асуудлыг шийдэх шаардлагагүй гэж үү? Зарим хүн “Эдгээрийг шийдэх боломжгүй. Хэсэг хугацаанд би хиймээргүй байна, би зүгээр л урсгалаараа явна. Ямар ч байсан миний сэтгэл санаа онцгүй байгаа тул хэнтэй ч яримааргүй байна. Би зүгээр л жаахан л гуниглаадахъя” гэж хэлдэг. Хэдийгээр тэд энд үүргээ гүйцэтгэсээр байгаа ч оюун ухаан нь бус, зөвхөн бие нь л байдаг. Зүрх сэтгэл нь хаашаа тэнээд явсан нь тодорхойгүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй, хүчин чармайлт гаргадаггүй, сул дорой байдаг. Гэсэн хэдий ч сэтгэл санаа нь сайжрахад тэд дахин урам зоригтой болж эхэлдэг; тэд дахин бэрхшээл зовлонг тэсвэрлэж, ядарч зүдэрч чаддаг бөгөөд юу идэх вэ гэж санаа зовдоггүй. Энэ бүгд жаахан хэвийн бус биш гэж үү? Хүмүүс яагаад ийм олон янзын сэтгэл хөдлөл, орчин нөхцөлийн нөлөөнд автдаг вэ? Та нар ер нь шалтгааныг нь эрж хайж байсан уу? Эдгээр зүйл та нарт үргэлж төвөг уддаггүй гэж үү? Та нар ийм байдалд байнга гацдаггүй гэж үү? Энэ нь та бүхэнд тулгардаг асуудал бус уу? (Тийм.) Эдгээр асуудлыг шийдэхгүй бол хүмүүс хэзээ ч төлөвшихгүй; тэд үргэлж хүүхэд байх болно. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн чиний мэдрэмжийг бодолгүй, тодорхой хэмжээнд чамд чиглэсэн зүйл хэлбэл, эсвэл тойруу замаар чиний тухай яривал чамд бага зэрэг эвгүй санагдана. Хэн нэгэнтэй ярихад тэр чамд анхаарал хандуулахгүй, царай нь сайхан харагдахгүй байвал чамд таагүй байх болно. Хэрвээ нэг өдөр чиний үүрэг хүссэнээр чинь болохгүй байвал чамд эвгүй байх болно. Мууг зөгнөсөн юм шиг хар дарсан зүүд зүүдэлбэл чамд таагүй байх болно. Гэр бүлийнхээ талаар таагүй мэдээ сонсвол чи тавгүйтэж, сэтгэл санаа чинь дордож, эрч хүч орж чадахгүй байх болно. Өөр хэн нэгэн үүргээ сайн гүйцэтгэж, магтуулж, удирдагчаар дэвшихийг харвал чи бас тавгүйтэж, сэтгэл санаанд чинь нөлөөлнө... Чамд нөлөөлж чадах том, жижиг энэ бүх зүйл чамайг сөрөг байдалд автуулж, сэтгэл хямралд оруулж, үүргээ гүйцэтгэх чадварт чинь нөлөөлдөг. Ингэж авирладаг хүмүүст ямар асуудал байна вэ? (Тэдний зан чанар тогтворгүй байдаг.) Тогтворгүй зан чанар бол нэг тал нь. Тэдний хүн чанар төлөвшөөгүй, хүүхдэрхүү бөгөөд тэдэнд ямар ч мэдлэг ухаан байдаггүй. Амийн оролтын тухайд бол тэд үргэлж бүх төрлийн хүн, үйл явдал, зүйлээр хязгаарлагддаг тул үнэнийг хэрэгжүүлэхэд амаргүй байдаг. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол үнэн-бодит байдалд орж чадахгүй, үнэн-бодит байдалд орж чадахгүй бол амийн оролтгүй байх болно. Тийм биш гэж үү? Тэд хүмүүс, үйл явдал, зүйлээр хязгаарлагддаг нь юунаас болдог вэ? Учир нь тэд үнэнийг ойлгодоггүй, юу нь үнэн, юу нь худал болохыг ялган таньж чаддаггүй, хэний зөв, хэний буруу болохыг ялгаж чаддаггүй. Энэ нь тэднийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй, урагшлах юм уу ухрах зайгүй болоход хүргэдэг. Ийм л үр дагавартай. Ихэнх шинэ итгэгч ийм байдалд байна. Тэд үнэнийг ойлгож, аливааг тодорхой харж, хүмүүсийг ялган таньж чадах үед энэ асуудал аяндаа өөрөө шийдвэрлэгдэнэ. Гэвч үнэнийг хайрладаггүй хүмүүс өөрт нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайдаггүй. Ийм төрлийн хүн бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлийн хязгаарлалтаас үүрд ангижирч чадахгүй. Хүмүүс, үйл явдал, зүйлсийн хязгаарлалтад байнга өртдөг хүмүүс ямар төрлийн байдлыг харуулдаг вэ? Тэд амархан сөрөг болж, бүтэлгүйтэл, бэрхшээлтэй тулгарах үедээ бүдэрдэг. Эдгээр зүйл тэдний ааш зан, үүргээ гүйцэтгэх чадварт нөлөөлдөг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлд амархан хязгаарлагддаг. Тэдний амийн оролт маш удаан бөгөөд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч нүдэнд харагдахуйц ахиц дэвшил тэдэнд байдаггүй. Тэд огт өөрчлөгдөөгүй бөгөөд шүтлэггүй хүмүүстэй бараг адилхан. Энэ бүхэн нь үнэнийг эрэлхийлээгүйн үр дүн юм. Шалтгаан нь энэ. Нэг үгээр хэлбэл, чи хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч, ямар хэв чанартай, хэдэн настай байх чинь хамаагүй, үнэнийг хайрладаггүй, эсвэл бүх зүйл дээр үнэнийг эрэлхийлдэггүй л бол бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлд амархан хязгаарлагдах болно. Чи хэрхэн зөв үйлдэхээ мэдэхгүй, яаж үнэнийг хэрэгжүүлж, зарчимд нийцүүлэхээ ч мэдэхгүй. Чи хүмүүсийн үзлийн дагуу үйлдэж, муу зүйл хийхгүй байсан ч Бурханы хүслийн дагуу байгаа эсэхээ мэдэхгүй хэвээр байх болно. Ийм төрлийн хүн хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч туршлагын гэрчлэлийнхээ талаар ярьж чадахгүй, учир нь тэд Бурханы ажлыг хэрхэн туулахыг ойлгодоггүй, үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ийм байдаг; тэд Бурханд хэчнээн удаан итгэсэн ч яриад байх гэрчлэл байдаггүй. Тэдний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд тэдэнд үнэн-бодит байдал байдаггүй.

Яг одоо хүмүүс үүргээ идэвхтэй гүйцэтгэж байна. Бас тэд үүргээ гүйцэтгэж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүний төлөө золиослол гаргаж, Түүнд өөрсдийгөө өргөх шийдвэртэй байдаг. Бүх амьдралаа Бурханд зориулж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадна гэж олон удаа тангарагласан хүмүүс ч бий. Тэдэнд энэ бүх зүйл байгаа ч амийн оролт байдаггүй. Хэрвээ хүн амийн оролтгүй бол элдэв янзын төвөгтэй хүмүүс, үйл явдал, зүйл байхад эдгээрийг нэгтгэж, асуудлыг шийдвэрлэхэд нэлээд хэцүү байх болно. Тэд зүг чигээ ч, замаа ч олж чаддаггүй бөгөөд сөрөг байдлаасаа ангижирч чадахгүй гэж үргэлж боддог. Тэд янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд орооцолдож, хязгаарлагдаж, хянагдаж, хүлэгдэх бөгөөд хэрэгжүүлэлтийн хамгийн зөв замыг мэддэггүй. Одоо Би та нарт нэг хэрэгжүүлэлтийн зарчмыг хэлье: Чамд юу ч тохиолдсон, энэ нь шалгалт юм уу сорилт байсан ч, эсвэл чи харьцалт туулсан ч, эсвэл хүмүүс чамтай яаж ч харьцсан эхлээд эдгээр зүйлийг хойш тавиад, хичээнгүй залбирлаараа Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайж, байдлаа засах ёстой. Үүнийг эхлээд шийдвэрлэх учиртай. “Энэ асуудал хэчнээн том байсан ч, бүр тэнгэр өөрөө нуран унасан ч би үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Амьсгалж байгаа цагтаа би үүргээ гүйцэтгэхээ болихгүй” гэж чи хэлэх ёстой. Тэгвэл чи үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ? Чи зүгээр л хэлбэрдэж болохгүй, эсвэл бие чинь байсан ч сэтгэл чинь өөр газар байж болохгүй—чи зүрх сэтгэл, оюун ухаанаа үүрэгтээ төвлөрүүлэх ёстой. Чамд хэчнээн том асуудал тохиолдсон ч эхлээд тэрийг хойш тавьж, Бурханы өмнө очоод үүргээ хэрхэн сайн гүйцэтгэхийг эрэлхийлэх ёстой, ингэх нь Бурханыг сэтгэл хангалуун болгоно. Чи “Өнөөдөр надад ийм зүйл тохиолдсон байхад би үүргээ яаж гүйцэтгэх вэ? Өмнө нь би хааш яаш авирладаг байсан учраас өнөөдөр арга барилаа өөрчилж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд чармайх ёстой, ингэснээр хэн ч өө эрэхгүй. Гол нь би Бурханы урмыг хугалж болохгүй. Би Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах ёстой, ингэснээр Бурхан үүргээ гүйцэтгэж байгааг минь хараад дуулгавартай, үгэнд ордог, бас үнэнч гэдгийг минь мэдэх болно” гэж бодохыг хичээх ёстой. Хэрвээ чи үүнийг хэрэгжүүлж, энэ чиглэлд хүчин чармайлт гаргавал юу ч үүргээ гүйцэтгэхэд чинь саад болохгүй, үүргийн чинь үр дүнд нөлөөлж чадахгүй. Чи тасралтгүй залбирч, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг олж мэдэхийг хичээнгээ махан биеийн сэтгэл хөдлөлийн асуудлыг амархан ойлгож, шийдвэрлэж чадна; гэхдээ үнэнийг хүлээн авахгүйгээр хүн тэгж чадахгүй. Үнэнийг ойлгож л байгаа бол аливаа асуудлыг шийдвэрлэх боломжтой. Зүрх сэтгэлийн чинь уйтгар гуниг, гутрал, санаа зовнил, эргэлзээ, сөрөг байдлыг бүгдийг нь бүрэн шийдвэрлэж болно. Сэтгэл санаа чинь аажмаар дээрдэж, чи бүрэн чөлөөлөгдөнө. Хэрвээ чамд үнэхээр бодит бэрхшээл байгаа бол үнэнийг эрж хайж, дуулгавартай байж сурах ёстой. Хүн иймэрхүү зүйлтэй тулгарах нь түүний биеийн хэмжээг шалгаж, хэн болохыг нь илчилж, үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхийг нь шалгах шалгалт юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих