Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг (I хэсэг)

Хүн төрөлхтөн дэндүү гүн завхарсан учир хүмүүс Өөрийг нь Бурхан гэж үздэггүй, харин хүн гэж үздэг тул Өөрийг нь Бурхан гэж үзэхийг Бурхан хүмүүсээс шаарддаг. Хүмүүс Бурханд үргэлж шаардлага тавьдагт ямар асуудал байна вэ? Хүмүүс үргэлж Бурханы тухай үзэлтэй байхад ямар асуудал байна вэ? Хүний уг чанарт юу агуулагддаг вэ? Тэдэнд юу тохиолдсон, тэд юутай харилцаж байгаагаас үл хамааран хүмүүс үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрсдийн махан биеийн төлөө санаа зовдог бөгөөд үргэлж өөрсдийг нь зөвтгөх шалтаг, шалтгаан хайдаг гэдгийг би олж мэдсэн. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч эрж хайдаггүй, хүлээн авдаггүй бөгөөд тэдний хийдэг бүх зүйл нь өөрсдийн махан биеийг хамгаалахын тулд, өөрсдийн хэтийн төлөвийн төлөөх явуулгын тулд байдаг. Тэд олж авч чадах бүх давуу талаа олж авахыг хүсэн бүгдээрээ Бурханаас нигүүлсэл гуйдаг. Хүмүүс яагаад Бурханд ийм олон шаардлага тавьдаг вэ? Энэ нь хүмүүс уг чанараасаа шуналтай, Бурханы өмнө ямар ч эрүүл ухаангүй болохыг баталж байна. Хүмүүс юу ч хийсэн—залбирч байгаа, нөхөрлөж байгаа, эсвэл номлож байгаа эсэхээс нь үл хамааран—тэдний эрэл хайгуул, бодол санаа, хүсэл тэмүүлэл, эдгээр зүйл нь бүгд Бурханыг шаардах, Бурханаас аливааг гуйх оролдлого бөгөөд эдгээрийг бүгдийг нь хүмүүс Бурханаас ямар нэг зүйл олж авна хэмээн найдан хийдэг. Зарим хүн “энэ бол хүний уг чанар” гэж хэлдэг нь зөв юм! Нэмж хэлэхэд, хүмүүс Бурханд хэт их шаардлага тавьж, хэт олон хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хүмүүс үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй байгааг нотолж байна. Тэд бүгд өөрсдийнхөө төлөө аливааг шаардаж, гуйж, эсвэл өөрсдийнхөө төлөө маргаж, шалтаг олохыг хичээж байна—тэд энэ бүгдийг өөрсдийнхөө төлөө хийдэг. Олон зүйл дээр, хүмүүсийн хийдэг зүйл огт эрүүл ухаангүй гэдгийг харж болно, энэ нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг логик аль хэдийн хүний уг чанар болсны бүрэн нотолгоо юм. Хүмүүс Бурханд хэт их шаардлага тавьж байгаа нь ямар асуудлыг харуулсан бэ? Энэ нь Сатан хүмүүсийг тодорхой цэгт хүртэл завхруулсан бөгөөд Бурханд итгэх итгэлдээ, тэд Түүнийг огт Бурхан гэж үздэггүйг харуулдаг. Зарим хүмүүс: “Хэрэв бид Бурханыг Бурхан гэж үздэггүй байсан бол яагаад Бурханд итгэсээр байх юм бэ? Хэрэв бид Бурханыг Бурхан гэж үздэггүй байсан бол өнөөг хүртэл Түүнийг дагасаар байж чадах байсан гэж үү? Бид энэ бүх зовлонг тэвчиж чадах байсан гэж үү?” гэж хэлдэг. Гаднаа чи Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг дагаж чаддаг ч Бурханд хандах хандлагадаа, мөн олон зүйлийн талаарх үзэл бодолдоо чи Бурханыг Бүтээгч гэж ер үздэггүй. Хэрэв чи Бурханыг Бурхан гэж үздэг бол, Бурханыг Бүтээгч гэж үздэг бол чи бүтээгдсэн зүйлийн хувиар байр суурь дээрээ зогсох ёстой, ингэснээр Бурханд ахин ямар нэг шаардлага тавих, эсвэл ямар нэг хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй байх чиний хувьд боломжгүй байх болно. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ үнэнхүү дуулгавартай байдалтай байж, Өөрийнх нь шаардлагын дагуу Бурханд итгэж, Түүний бүх ажлыг дуулгавартай дагаж бүрэн чадна.

Бие махбодтой болсон Бурхан гэрчлэгдэж эхлэхэд хүмүүс бүгд “Бурхан минь, Та биднийг оюун санааны хувьд бэлтгэхийн тулд махан бие болохоосоо өмнө биднийг гэгээрүүлээгүй. Хэрэв бид оюун санааны хувьд бэлтгэлтэй байсан бол тэрсэлж, эсэргүүцэхийн оронд Таныг хүлээн авч чадах байсан. Та бүхнийг чадагч биш гэж үү? Сатан биднийг завхруулсан учраас бид Танд тэрсэлж, эсэргүүцсэн. Та бидний эсэргүүцэхийг зогсоож, бидэнд саадгүй өнгөрөхийг зөвшөөрөх ямар нэгэн зүйл хийж чадахгүй гэж үү?” гэж гомдоллодог. Хүмүүсийн боддог байсан зүйл энэ биш гэж үү? Мөн олон хүн болзол тавьж: “Бид тэрслүү байдал, эсэргүүцлээ яаж ч чадахгүй. Бурхан бие махбодтой болсон нь бидний үзэлтэй ерөөс нийцэхгүй байна. Хэрвээ Бурханы махбодтой болсон бие арай өндөр, эсвэл гоц гойд дүр төрхтэй, эсвэл мэдлэгээр баян бөгөөд уран яруу ярьдаг байсан бол, эсвэл өөрийн дураараа биежиж, тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг байсан бол, эсвэл Бурхан илүүтэйгээр хүмүүсийн төсөөллийн дагуу бие махбодтой болж гарч ирж, ажилласан бол бид Бурханыг эсэргүүцэхгүй байх байсан” гэж хэлдэг. Тэр үед олон хүн эдгээр шаардлагыг тавьсан боловч Бурхан хүний төсөөлөл, үзлийн дагуу үйлдсэнгүй. Харин ч эсрэгээрээ, Тэрээр хариу цохилт өгч, хүний үзлийн шал эсрэгээр үйлдсэн. Энэ юуг нотолсон бэ? Энэ нь хүний үзэл, шаардлага үндэслэлгүй асуудал үүсгэдэг гэдгийг нотолсон. Зарим хүн чуулганы удирдагч болсон ч ямар ч бодит ажил хийгээгүй, ердөө л зарим нэгэн гадаад хэргээр өөрсдийгөө завгүй байлгасан. Би энэ хүмүүстэй харьцаж, засаж, зэмлэсэн хэдхэн үг хэлэхэд тэд дотроо гуниглаж, гашуунаар цурхиран уйлж, сөрөг болсон. Тэд өөрсдөдөө: “Бурхан өршөөнгүй, хайраар дүүрэн биш билүү? Би маш их зовж байна, Бурхан яагаад намайг тайвшруулах хэдэн сайхан үг хэлдэггүй юм бэ? Тэр яагаад надад ганц ч болтугай ерөөлийн үг хайрладаггүй юм бэ?” гэж хэлдэг. Хүмүүс ийм маягаар Бурханд шаардлага тавьсан бөгөөд өөрсдийн үндэслэлээр дүүрэн байв. Зарим хүн сайн мэдээг бусад олон хүнд амжилттай түгээж чадсан учраас өөрсдийгөө хөрөнгөтэй гэж бодсон тул ямар нэг буруу зүйл хийж, харьцалт туулсныхаа дараа: “Би маш олон хүнд сайн мэдээг ямар ч шагналгүйгээр амжилттай түгээсэн, гэтэл намайг ингэж засаж, харьцлаа. Би маш их зовсон ч эцэст нь би харьцалт туулсан хэвээр байна. Бурхан яагаад миний сэтгэлийг тоодоггүй юм бэ?” гэж маргадаг. Ингэж боддог хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаг болов уу? Эдгээр шаардлага үндэслэлтэй юу? Хэрэв би харьцсаныхаа дараа хэн нэгнийг тайтгаруулсан бол тэд “Бурхан маш сайн, Бурхан намайг тайвшруулах юм гэж би хэзээ ч санасангүй” гэж бодох байсан. Харин дараа нь Би өөр хэн нэгэнтэй харьцаж, тэр хүн маш их гонсойж, харин Би түүнийг тайвшруулаагүй бол тэр хүн “Бурхан яагаад бусадтай харьцсаны дараа тэднийг тайвшруулдаг мөртөө намайг тайвшруулдаггүй юм бэ? Бурхан надад шударга хандахгүй байна” гэж бодох байсан бөгөөд түүний зүрх сэтгэлд үзэл үүсэх байв. Хүмүүс зүрх сэтгэлдээ олон үндэслэлгүй шаардлага, төсөөлөл, хүсэл тэмүүлэл тээдэг бөгөөд эдгээр нь тодорхой цаг үед, тохиромжтой орчин нөхцөл үүсэх үед тэсрэн гарч ирнэ. Учир нь хүний харуулсан бодол, санаа, шаардлагын аль нь ч Бурхантай нийцэхгүй бөгөөд хүний уг чанар сатанлаг зүйлсээр дүүрэн байдаг: Түүний хийж буй бүхэн өөрийнх нь төлөө байдаг, тэрээр аминч, шуналтай, хэтэрхий хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэлтэй, дэндүү бузар, хэт гүн завхарсан байдаг.

Хүмүүс ямар ч нөхцөл байдалд Бурханд үргэлж шаардлага тавьдаг. Үүнд ямар асуудал байна вэ? Зарим хүн тав тух эдлэх үедээ Бурханд залбирч, “Өө, Бурхан минь, намайг хамгаалж, үргэлж ийм байдалд амьдруулаач” гэж хэлдэг. Хүмүүс бас аз жаргалгүй юм уу сэтгэлээр унасан үедээ “Бурхан минь, Та яагаад надад сайхан сэтгэл гаргахгүй байгаа юм бэ? Та яагаад намайг гэгээрүүлэхгүй байна вэ? Яагаад бусад хүмүүст ийм сайхан, харин миний хувьд ийм муу байдаг юм бэ?” гэж шаарддаг. Гай зовлонтой тулгарах үед хүмүүс орчныг нь өөрчлөхийг Бурханаас хатуу шаарддаг; бүх зүйл сайхан байгаа үед хүмүүсийн шаардлага улам ихэсдэг. Хүмүүс ямар нэг зүйлийг олж авах үедээ улам шунадаг, авахгүй бол олж авахыг аргаа баран хүсдэг. Хүмүүс юу олж авахыг хүсдэг вэ? Тэд өөрт таалагдсан, махан биеийн ашиг сонирхол нь шаарддаг зүйлийг олж авахыг хүсдэг. Иймээс хүний шаардлагын аль нь ч үндэслэлтэй эсвэл зохистой зүйл биш юм. Намайг хэдэн ядуу айлд хувцас юм уу хэрэглэх юм өгөхөд зарим хүн үүнийг хараад дургүйцсэн. Тэд “Бурхан яагаад намайг биш тэднийг үргэлж халамжилдаг юм бэ? Бурхан шударга бус байна!” гэж бодсон. Тэр үед бусад хүмүүс үүнийг нухацтай хүлээж аваагүй бөгөөд тэд “Хэдийн Бурханы нигүүлслээр би Бурханд итгэх замаар алхаж, өнөөг хүртэл үүнийг дагаж чадсан юм. Би тэдгээр материаллаг зүйлийн хойноос хөөцөлдөх ёсгүй" гэж бодсон. Гэвч дараа нь тунгаан бодсоны эцэст тэд сэтгэл гонсгор байв. Тэд энэ мэдрэмжийг даван туулж чадахгүй гэдгээ мэдрэх үедээ ахин дахин залбирч, бодлогошрохоо түр зогсоосон ч тэдгээр зүйл зүрх сэтгэлд нь байсаар л байсан—тэдгээрийг эргэцүүлсэн ч зүрх сэтгэл нь жаахан тогтворгүй байсан хэвээр санагдаж, дотроо “Бурханы зөвт байдал хаана байна вэ? Би яагаад харж чадахгүй байна вэ? Бурхан эдгээр гадаад хэргийн алийг нь ч шударгаар эсвэл үндэслэлтэй зохицуулдаггүй, тэгвэл Түүний зөвт байдал хаана илэрдэг вэ?” гэж боддог. Дараа нь тэд бодлоо өөрчилж, “Зөвт байдал нь шударга ёс, үндэслэлтэй байхтай адил биш бөгөөд тэдгээрийг хооронд нь холбож болохгүй” гэж бодсон ч тэд бухимдаж, асуудлыг орхиж чадаагүй хэвээр байв. Хүмүүс материаллаг ашиг сонирхлын талаар маш их санаа зовдог, тэд үүний адилаар үнэний талаар санаа тавьж чаддаг бол үнэхээр сайхан байх байлаа. Гэсэн хэдий ч зүрх сэтгэлдээ Бурханд үргэлж шаардлага тавих нь хүний уг чанарын нэг хэсэг бөгөөд үнэнийг хайрладаггүй хүмүүс бүгд материаллаг ашиг тусыг хайрладаг. Товчхондоо, хүмүүсийн бүх шаардлага, төлөвлөгөө—Бурханаас энийг ч тэрийг ч шаардах, ийм тийм төлөвлөгөө зохиох нь—үнэнтэй нийцэхгүй бөгөөд Бурханы шаардлага, хүсэлд харшилдаг. Бурхан тэдний хэнийг нь ч хайрладаггүй, тэд бүгдээрээ Бурханд үзэн ядагдаж, жигшигддэг. Хүмүүсийн Бурханд тавьсан шаардлага, эрэлхийлдэг бүх зүйл, тэдний алхаж буй замууд бүгд үнэнтэй ямар ч холбоогүй. Зарим хүн “Би чуулганд олон жил ажиллаж байна—намайг өвдвөл Бурхан эдгээж, ерөөх ёстой” гэж боддог. Ялангуяа, Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс Бурханаас бүр ихийг шаарддаг; богинохон хугацаанд итгэсэн хүмүүс өөрийгөө зохисгүй гэж боддог ч хэсэг хугацааны дараа өөрсдөө бүрэн эрхтэй гэж санагдаж эхэлнэ. Хүмүүс яг ийм байдаг; энэ бол хүний уг чанар бөгөөд үүнээс хэн ч ангид биш юм. Зарим хүн “Бүтээгдсэн зүйл учраас би Бурханаас хэзээ ч хэт их зүйл шаардаж байгаагүй бөгөөд би Бурханаас юу ч шаардахад зохисгүй” гэж хэлдэг. Ингэж хэлэх гэж бүү яар, цаг хугацаа бүгдийг харуулна. Хүмүүсийн уг чанар, санаа зорилго эцэстээ илчлэгдэж, хэзээ нэгэн цагт тэсрэн гарч ирэх болно. Хүмүүс тэгэх шаардлагагүй, эсвэл зөв цаг нь биш гэж боддог, эсвэл Бурханд аль хэдийн маш олон шаардлага тавьсан учраас Бурханд шаардлага тавьдаггүй, гэтэл тэд энэ бол шаардлага гэдгийг ойлгодоггүй. Товчхондоо хүмүүс иймэрхүү уг чанартай учраас үүнийгээ харуулахгүй байх аргагүй юм. Зөв нөхцөл, боломж бүрдэхэд аяндаа илчлэгдэнэ. Яагаад өнөөдөр энэ талаар нөхөрлөж байна вэ? Хүмүүст өөрсдийнх нь уг чанарт юу байдгийг ойлгуулахын тулд юм. Хэдэн жилийн турш Бурханд итгэлээ эсвэл чуулганы төлөө хэдэн өдрийн ажил хийлээ гээд чи Бурханы төлөө өөрийгөө их зарлагадаж, зориулж, эсвэл зовж шаналсан бөгөөд материаллаг зүйлс, бие махбодын тэжээл эдлэх, бусдад илүү хүндлэгдэж, үнэлэгдэж, Бурхан чамтай зөөлнөөр ярих эсвэл чамд илүү их анхаарал тавих, сайн идэж, хувцаслаж байгаа эсэх, бие махбодын хувьд ямаршуу байгааг чинь байнга асуух гэх мэт цөөн хэдэн зүйлийг олж авах эрхтэй гэсэн үг гэж бүү бод. Эдгээр шаардлага нь хүмүүс Бурханы төлөө удаан хугацаа зарлагадсан үед ухамсаргүйгээр үүсдэг ба өөрсдийгөө Бурханаас юуг ч шаардах эрхтэй гэж боддог. Хүмүүс Бурханы төлөө ердөө богинохон хугацаанд зарлагадсан бол өөрсдөд нь тийм эрх байхгүй гэж боддог тул Бурханд шаардлага тавьж зүрхэлдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд өөрсдийгөө хөрөнгөтэй гэж бодож, тэдний шаардлага гарч эхлэх бөгөөд уг чанарынх нь эдгээр талууд илчлэгдэнэ. Хүмүүс ийм биш гэж үү? Бурханд иймэрхүү шаардлага тавих нь зөв эсэх талаар хүмүүс яагаад тунгаан боддоггүй юм бэ? Чи эдгээр зүйлийг хүртэх эрхтэй юу? Бурхан чамд тэдгээрийг амласан уу? Хэрэв ямар нэг зүйл чамд харьяалагдахгүй боловч чи үүнийг зөрүүдлэн шаардаж байгаа нь үнэнтэй зөрчилддөг бөгөөд бүхэлдээ чиний сатанлаг уг чанараас үүдэлтэй юм. Тэргүүн тэнгэрэлч эхэндээ хэрхэн биеэ авч явсан бэ? Түүнд хэтэрхий өндөр зэрэг зиндаа өгсөн, хэтэрхий их зүйл өгсөн тул тэрээр хүссэн, олж авсан бүхнээ хүртэх эрхтэй гэж бодсон бөгөөд эцэст нь “Би Бурхантай адил тэгш байхыг хүсэж байна!” гэж хэлэхдээ тулсан. Тийм ч учраас хүмүүс хэтэрхий их шаардлага, хэт их хүсэл эрмэлзэлтэйгээр Бурханд итгэдэг. Хэрэв өөрсдийгөө шинжихгүй, асуудлын ноцтойг ойлгохгүй бол нэг л өдөр тэд “Бурхан минь, доошоо буу. Би бараг өөрөө Бурхан байж чадна” гэх юм уу “Бурхан минь, би таны юу өмссөнийг өмсөж, юу идсэнийг иднэ” гэж хэлнэ. Ийм түвшинд хүрсэн хүмүүс аль хэдийн Бурханыг хүн гэж үздэг болсон. Хэдийгээр хүмүүс бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг амаараа хүлээн зөвшөөрдөг ч эдгээр нь бүгд зүгээр л өнгөцхөн үг юм. Бодит байдал дээр тэдний зүрх сэтгэлд Бурханд захирагдах эсвэл Түүнээс эмээх мэдрэмж өчүүхэн ч гэсэн байдаггүй. Зарим хүн бүр Бурхан болохыг хүсдэг бөгөөд тэдний санаархал, хүсэл эрмэлзэл нь ийм хэмжээнд хүртэл томорвол асуудал үүснэ. Тэдэнд гай гамшиг тохиолдох магадлалтай бөгөөд чуулганаас хөөгдсөн ч гэсэн Бурхан тэднийг шийтгэх болно.

Бурханд итгэгчид Бурханыг Бурхан гэж үзэх ёстой бөгөөд ингэж гэмээ нь л тэд Бурханд үнэхээр итгэж байна. Тэд Бурханы байр суурийг зүгээр нэг хүлээн зөвшөөрөх ёсгүй, Бурханы мөн чанар, зан чанарын талаар жинхэнэ ойлголттой байж эмээж, туйлын дуулгавартай байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх хоёр арга зам ийм байна: Нэгдүгээрт, Бурхантай харилцахдаа ямар ч үзэл, төсөөлөлгүйгээр сүсэг бишрэл, үнэнч шударга хандлагыг хадгалж, дуулгавартай зүрх сэтгэлтэй бай. Хоёрдугаарт, хэлдэг бүх зүйл, асуудаг бүх асуулт, хийдэг бүх зүйлийнхээ ар дахь санаа зорилгыг Бурханы өмнө авчран шинжилж, залбир. Үнэн-зарчмуудын дагуу, Бурханы үгийн үндэслэлтэйгээр хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж байж л чи үнэн-бодит байдалд орж чадна. Хэрэв үнэнийг эрж хайхгүй бол чи үнэн-бодит байдалд орж чадахгүй төдийгүй улам их үзлийг өөртөө хуримтлуулж, энэ нь асуудал үүсгэнэ. Хэрэв чи Бурханыг хүн гэж үздэг бол чиний итгэдэг Бурхан бол тэнгэр дэх тодорхой бус Бурхан юм; чи бие махбодтой болсон Бурханыг бүрмөсөн үгүйсгэж, зүрх сэтгэлдээ бодит Бурханыг хүлээн зөвшөөрөхөө болино. Энэ үед чи антихрист болж, харанхуйд унана. Чамд хэдий чинээ олон шалтаг байна, чи Бурханд төдий чинээ их шаардлага тавьж, Бурханы талаар төдий чинээ их үзэлтэй болох бөгөөд энэ нь чамайг улам бүр аюулд оруулна. Чи Бурханд хэдий чинээ их шаардлага тавина, энэ нь Бурханыг Бурхан гэж үздэггүйг чинь л төдий чинээ их нотолно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханд тавих шаардлага үргэлж тээдэг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийгөө Бурхан гэж үзэж, чуулганд ажиллахдаа өөрийгөө гэрчлэх, тэр ч байтугай “Бурхан Өөрийгөө гэрчилдэггүй гэж үү? Би яагаад болохгүй гэж?” гэж хэлэх магадлалтай. Чи ажлыг нь ойлгодоггүй учраас Бурханы тухай үзэлтэй болно, Бурханаас эмээдэг сэтгэлгүй байх болно. Дуу хоолойны чинь өнгө өөрчлөгдөж, зан чанар чинь биеэ тоосон болж, эцэст нь аажмаар өөрийгөө өргөмжилж, гэрчлэх болно. Энэ бол хүний доройтлын үйл явц бөгөөд энэ нь үнэнийг эрэлхийлээгүйгээс бүрэн үүдэлтэй. Антихристийн замаар алхаж буй хүн бүр өөрийгөө өргөмжилж, гэрчилж, алхам тутамдаа өөрийгөө дөвийлгөж, гайхуулдаг ба Бурханыг огтхон ч хайхардаггүй. Та нар миний яриад байгаа эдгээр зүйлийг туулсан уу? Олон хүн өөрийгөө цөхрөлтгүй гэрчилж, яаж ингэж тэгж зовж шаналж, ажилладаг, Бурхан өөрийг нь хэрхэн үнэлж, өөрт нь ийм ажлыг даатгадаг, мөн өөрсдөө ямархуу болохоо ярьж, ярихдаа зориуд тодорхой өнгө аяс ашиглаж, тодорхой хэв маяг гаргаснаар эцэст нь зарим хүн магадгүй өөрийг нь Бурхан гэж бодож эхэлнэ. Энэ хэмжээнд хүрсэн хүмүүсийг Ариун Сүнс аль эрт орхисон бөгөөд тэд хараахан цэвэрлэгдэж, хөөгдөөгүй, үүний оронд үйлчлэл үзүүлэхээр үлдсэн байлаа ч тэдний хувь заяа аль хэдийн шийдэгдсэн бөгөөд тэд зүгээр л шийтгэлээ хүлээж байна. Энэ нь зарим газарт аль хэдийн тохиолдсон. Шинэ итгэгч нэг эгчийг ярьж буйг болоод нэлээн хүндлүүштэй харагдахыг хараад түүнийг Бурхан гэж эндүүрчээ. Явах цаг болоход энэ шинэ итгэгч тэр эгчийн гуянаас зууран, “Өө, Бурхан минь! Битгий яв! Өө, Бурхан минь! Би таныг санана шүү дээ!” гэж хашхирчээ. Тэр эгч өөрийгөө Бурхан биш гэдгээ тодорхой мэдэж байсан ч үүнийг үгүйсгэж, эсвэл залруулга хийсэнгүй. Ийм хүн эрүүл ухаантай юу? (Ухаангүй.) Тэр ямар ч эрүүл ухаангүй, мэдээж сайн хүн биш! Зарим хүн будилсан, мэдлэггүй байдаг бөгөөд хэн нэгнийг Бурхан гэж үздэг—энэ бол үнэхээр аймшигтай зүйл! Түүний гуянаас зуурч, уйлсан нь зүгээр л засаршгүй мэдлэггүй хэрэг юм! Хэрэв Сатанаас гаралтай завхарсан хүнийг Бурхан гэж үзэж чадвал чи ямар байдлаар Бурханд итгэж байна вэ? Энэ нь Сатанд итгэж байгаа хэрэг биш үү? Яаж төөрөлдөхөөрөө хүнийг Бурхан гэж үздэг байна вэ? Хэрэв чи Бурханд итгэсэн хэр нь үнэнийг хүлээн авч, эрэлхийлж чадахгүй бол бусдад мэхлэгдэж, мунхаг зүйл хийж, төөрөлдөх магадлалтай. Мунхаг, мэдлэггүй хүмүүс үнэхээр аюулд орсон, тэд бүх төрлийн тэнэг зүйлийг хийж чадна.

Хүмүүс Бурханаас өөрсдийнх нь үзлийн дагуу энийг эсвэл тэрийг хийхийг шаардаж, Бурханд үргэлж шаардлага тавьдаг. Чи Бурханаас өөрийг чинь аврахыг, өрөвдөхийг, хайрлахыг, нигүүлсэл үзүүлэхийг шаарддаг—бүгд чиний санааны дагуу. Ингэснээрээ чи өөрийн санаа, арга барилаараа Бурханд шаардлага тавьж, Бурханыг өөртөө дуулгавартай болгож байна. Үүнд ямар асуудал байна вэ? Энэ нь Бурханд итгэх явдал мөн үү? Чиний итгэдэг зүйл бол зөвхөн чи өөрөө юм. Зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй, мөн яриад байх ямар ч үнэн байдаггүй. Нэг хүн Надад сайхан сэтгэлээр гутал авч өгсөн боловч таарахгүй байсан тул Би буцааж өгөхийг хүссэн. Харин дараа нь буцаагаад өгчихвөл тэр хүн буруугаар ойлгож магадгүй гэж бодоод өөр хүнд өмс гээд өгчихсөн юм. Тэр хүн үүнийг олж мэдээд хүлээн авч чадаагүй бөгөөд “Та намайг хэчнээн их хүчин чармайлт, мөнгө зарцуулсныг, тэр гутлыг худалдаж авахын тулд хэр хол явсныг мэдэх үү? Та тэр гутлыг маш амархан өглөө, тэр мөнгийг олох надад тийм амархан байсан гэж Та бодож байна уу? Хэрэв Та тэр гутлыг өмсөхийг хүсэхгүй байгаа бол буцаагаад өгчих—Та яаж тэр гутлыг бусдад өгч чадаж байна аа?” гэж хэлсэн. Би: “Би чамд Надад гутал худалдаж авах даалгавар өгөөгүй. Чи худалдаж аваад Надад өгсөн боловч тэр чинь таарахгүй байсан тул Би бусдад өмсүүлэхээр өгсөн юм. Үүнд асуудал байна уу? Хэрэв Би тэр гутлыг чамд буцааж өгсөн бол чи сөрөг, сул дорой болж, Намайг буруугаар ойлгох байсан биш үү? Би боломжийн зохицуулалт хийж болохгүй гэж үү?” гэж хэлсэн. Хүмүүс Надтай ингэж харьцах нь тохиромжтой юу? Хүмүүс Бурханд ямар нэгэн зүйл өргөх үедээ ч гэсэн санаа зорилго, шаардлагатай байдаг юм шиг санагддаг. Энэ үнэнийг ойлгодог хүн мөн үү? Чи Бурханд ямар нэг зүйлийг өргөхөд тэр зүйл чинийх байхаа больж, Бурханд харьяалагдах болно. Бурхан түүгээр чинь хүссэнээ хийж болно, өргөлийг яаж зохицуулах нь Бурханы хэрэг. Хүмүүс жаахан эрүүл ухаантай байж, захирагдаж сурах ёстой бөгөөд Бурханы хэрэгт үргэлж хөндлөнгөөс оролцох ёсгүй. Бурхантай байнга маргах нь эрүүл ухаантай хэрэг үү? Надад зориулж юм худалдаж авахдаа хүмүүс Бурханыг гэсэн агуу нинжин сэтгэл, хайраар дүүрэн мэт харагддаг ч дараа нь тэд Надаас тэрийг нь таашаах ёстой гэж шаарддаг, Надад таалагдахгүй бол гомдоллодог. Бүр цаашилбал, Би өгснийг нь ашиглахгүй бол зүгээр биш бөгөөд хүмүүс тэрийг нь хэнд өгч болох талаар хязгаарлалт тавьж, энийг, эсвэл тэрийг хийхийг Надад зөвшөөрдөггүй. Хүмүүс “Яагаад Бурхан хүний хүслийг хангаж чаддаггүй юм бэ?” гэж бодож, өдөржин Бурханыг шинжиж, тунгаан боддог. Хүмүүст эрүүл ухаан сох дутаж байна, тэд үнэхээр үндэслэлгүй байна! Хүмүүс бүгдээрээ “Би Бурханыг сайн хайрлаж, хайрыг нь хариулах ёстой” гэж хэлдэг ч Бурханыг хайрлана гэдэг юу гэсэн үг болох талаар зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч ойлголтгүй байдгийг Би олж мэдсэн. Хүмүүсийн зүрх сэтгэл тэдний завхарсан зан чанараар дүүрэн байдаг, тиймээс тэнд яаж хайр байх юм бэ? Хэрэв хүмүүс хэвийн хүний эрүүл ухаан ч үгүй болтлоо их завхарсан юм бол Бурханыг хайрлаж, дуулгавартай дагах тухай яриа нь зүгээр л хоосон үгээс өөрцгүй биш үү? Хүмүүсийн дотор байдаг зүйл бол зөвхөн үзэл, төсөөлөл, гомдол, хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзэл, тэдний үндэслэлгүй шаардлага юм. Тэдний дотор хайр, дуулгавартай байдал ер байдаггүй. Хүмүүсийн хувьд хайр бол ердөө л эрэлхийлэх зорилго, Бурханы тавьсан шаардлага юм. Тэдний хэд нь үүнд хүрдэг вэ? Хэд нь бодит туршлагын гэрчлэлтэй вэ?

Одоо та нар бүгдээрээ үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөөр мэрийхэд бэлэн байгаа тул Бурханд шаардлага тавихдаа өөрийнхөө тухай хэрхэн эргэцүүлэх ёстой вэ? Чиний шаардлага үнэнтэй нийцэж байна уу? Бурханд хандах чиний хандлага ямар байх ёстой вэ? Чи ер нь эдгээр асуултыг тунгаан бодож үзсэн үү? Зарим хүн хэдэн чуулганыг удирдсаныхаа дараа Бурханы гэр өөрсөдгүйгээр нь байж чадахгүй, өөрсдөд нь онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодоод биеэ тоодог. Хүмүүс сатанлаг уг чанартай байдаг ба байр суурь нь өндөр байх тусам Бурханд тавих шаардлага нь улам их болдог; хоосон сургаалыг ойлгох тусмаа шаардлага нь улам нуугдмал, зальжин болдог. Тэд үг хэлээрээ хэлэхгүй байж болох ч шаардлага нь зүрх сэтгэлд нь нуугдаж байдаг. Бусад хүн тэднийг илрүүлэхэд амаргүй, гэхдээ аливаа хүний доторх гомдол, эсэргүүцэл хэзээ тэсрэн гарахыг хэн мэдэх вэ дээ? Энэ нь бүр ч их асуудал үүсгэх бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай. Шашны удирдагч болон алдартнууд яагаад илүү их аюултай антихрист байдаг вэ? Хүний байр суурь өндөр байх тусам санаархал нь их байдаг; хүн хоосон сургаалыг ойлгох тусам зан чанар нь улам биеэ тоосон болдог. Иймээс Бурханд итгэхдээ үнэнээс илүү байр суурийг эрэлхийлэх нь аюултай юм. Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд Өөрийн гэрээс үнэнийг хайрладаггүй бүх хүнийг илчилж, таягдан хаясан, шашны хүрээлэл дэх хүмүүсийг бол хэлэхийн ч хэрэггүй. Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх зайлшгүй шаардлагатайг та нар харж байна уу? Үнэнийг үнэхээр ойлгож, амийн оролттой болох үедээ хүмүүс өөрсдийнхөө завхралын бодит байдлыг харж, үнэнийг эрэлхийлэхгүй байх нь тэдэнд аюултай гэдгийг мэдрэх болно. Яг одоо хүмүүс өөрсдийн уг чанарыг огт ойлгодоггүй, мөн бага зэрэг өнгөц ойлголттой байсан ч энэ нь ердөө хоосон сургаал бөгөөд үнэнийг олж аваагүй. Тиймээс тэд өөрсдийгөө аюулд орчихлоо гэж боддоггүй, айж эмээж, өөрсдөдөө санаа зовохоо ч мэддэггүй. Зарим шинэ итгэгч юу ч хэлж, хийж зүрхэлдэг ч шүүлт, гэсгээлтийг туулсан хүмүүс өөр байдаг. Тэд тодорхой хэмжээнд Бурханаас эмээдэг сэтгэлтэй бөгөөд зарим нэг үзэл тээдэг байсан ч тэд үүнийгээ хэлж зүрхэлдэггүй, “Өө, Бурхан минь, би Таныг гомдоолоо…” гэж хурдан залбирахаа мэддэг. Зарим шинэ итгэгч “Бурхан зовдог оо? Юунаас болж тэр вэ? Сайн идэж, сайхан хувцаслаж, хаа сайгүй айлд уригдаж залагдах нь зовлон биш шүү дээ! Гэхдээ би эдгээрийг тоодоггүй. Би хүнд биш Бурханы Сүнсэнд итгэдэг” гэж хэлэн доромжлолын үгийг бодолгүй чалчиж зүрхэлдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэж зүрхэлдэг. Энэ хүмүүс ийм бүдүүн зүрхтэй байдаг. Тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл огт байдаггүй, тэд юунаас ч айдаггүй, юуг ч хэлж зүрхэлдэг, бүгд чөтгөрлөг, араатанлаг уг чанартай байдаг. Хэрэв Дээрх хэн нэгний талаар сайхан сэтгэгдэл эсвэл бодолтой байвал зарим хүн “Энэ бол чуулганд алдартай, таалалд багтсан, Бурханы гэрт ихэд сайшаагдсан хүн” гэж хэлдэг. Ийм төрлийн хүн үнэнийг ойлгодог уу? Өчүүхэн ч ойлгодоггүй. Тэдний аливааг харах өнцөг нь тэдний зүрх сэтгэлд байгаа бүх зүйл ертөнцийнх хэвээр байгааг бүрэн илчилсэн. Энэ бол жинхэнэ хорвоо ертөнцийн үзэл бодол, уур амьсгал юм. Бурханд итгэж, Бурханы үгийг унших нь энэ хүмүүст үр нөлөө үзүүлж чадах уу? Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд аливаа зүйлийг харах хандлага нь шүтлэггүй хүнтэй адилхан. Тэд үнэндээ үл итгэгчид юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих