Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг (II хэсэг)

Бурханд үргэлж шаардлага тавих нь хүний уг чанарын нэг хэсэг бөгөөд та нар энэ уг чанарыг Бурханы үгийн дагуу задлан шинжлэх ёстой. Чи үүнийг хэрхэн задлан шинжлэх ёстой вэ? Эхний алхам бол хүмүүс Бурханы талаар ямар үндэслэлгүй шаардлага, ямар хэрээс хэтэрсэн хүсэлтэй байдгийг тодорхой болгох бөгөөд чи тэдгээрийг нэг бүрчлэн задлан шинжлэх хэрэгтэй: Хүмүүс яагаад ийм шаардлага тавьдаг вэ? Тэдний сэдэл юу вэ? Тэдний зорилго юу вэ? Ингэж нухацтайгаар үүнийг задлан шинжлэх тусам чи өөрийн уг чанарын талаар илүү их, илүү нарийвчилсан ойлголттой болох болно. Хэрэв чи үүнийг нарийвчлан задлан шинжилдэггүй, харин хүмүүс Бурханд шаардлага тавих ёсгүй гэдгийг л мэддэг, Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй гэдгийг л ойлгодог, ингээд л болоо бол эцсийн дүндээ чи ямар ч ахиц дэвшил гаргахгүй, мөн өөрчлөгдөхгүй. Зарим хүн: “Бид хэтэрхий аминч учраас Бурханд маш их шаардлага тавьдаг. Бид юу хийх ёстой вэ?” гэдэг. Уг нь хүмүүс үнэнийг ойлгодог, аминч байдлын мөн чанарыг мэддэг байх ёстой. Чи хүний аминч байдлын мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгох үедээ өөрт юу дутагдаж байгааг мэдэх болно; хүмүүс үүнийг ойлгож чадахгүй байгаа нь аймшигтай. Задлан шинжилгээгээр илт хэрээс хэтэрсэн эсвэл үндэслэлгүй шаардлагыг танихад хялбар бөгөөд өөрийгөө үзэн ядах боломжтой юм. Заримдаа чи өөрийн шаардлагыг үндэслэлтэй, шударга гэж бодож магадгүй, бас чи үүнийг үндэслэлтэй гэж үзэж, аливаа зүйл ийм байх ёстой гэж боддог учраас, мөн бусад хүн ижил төстэй шаардлага тавьдаг учраас, чамд шаардлага чинь хэтэрсэн биш, харин ч зөвтгөж болмоор, ердийн санагдаж магадгүй. Энэ нь чамд үнэн байхгүй учраас чи тэдгээрийг тодорхой ойлгож чадахгүй байгааг харуулж байна. Жишээ татъя: Бурханыг олон жил дагаж, маш олон шуурга, сорилтыг даван туулсан хүн байсан гэж бодъё. Тэр үргэлж сайхан авирладаг, хүн чанартай байх, зовлон зүдүүр туулах, Бурханд үнэнч байх талаараа зүгээр юм шиг харагддаг. Тэр бүр мөс чанартай, Бурханы хайрыг хариулахад бэлэн байсан бөгөөд ажлаа гүйцэтгэхдээ болгоомжтой алхахаа ихэвчлэн мэддэг байв. Хожим нь Би энэ хүн тодорхой, сайхан ярьдаг ч өчүүхэн ч дуулгавартай байгаагүйг олж мэдээд түүнийг сольж, цаашид дахин ашиглахгүй байхыг тушаасан. Тэрээр чуулганы төлөө хэдэн жил ажилласан бөгөөд маш их зовж зүдэрсэн ч эцэст нь түүнийг сольсон юм. Үүнээс гадна Би түүний зарим бодит бэрхшээлийг шийдвэрлээгүй. Ийм нөхцөл байдлын талаар хүмүүс юу гэж бодох байсан бэ? Эхлээд олон хүн түүнийг өмгөөлж, “Тэгж болохгүй шүү дээ. Ийм нөхцөлд Бурхан түүнд агуу өршөөл, нигүүлслийг үзүүлэх ёстой, учир нь тэр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө зарлагаддаг. Хэрэв түүн шиг олон жил Бурханд итгэсэн хүнийг таягдан хаяж болдог юм бол бидэн шиг шинэ итгэгч нарт ямар найдвар байх юм бэ?” гэж хэлэх байсан. Энд хүмүүсийн шаардлага дахин гарч ирж, Бурхан тэр хүнийг ерөөж, түүнийг үлдээнэ гэж үргэлж найдаж, “Тэр залуу Бурханы хувьд зөв зүйл хийсэн, Бурхан түүнийг гонсойлгох ёсгүй!” гэж бодсоор байна. Хүмүүсийн Бурханд тавьдаг олон шаардлага нь хүний үзэл, төсөөллөөс урган гардаг. Хүмүүс Бурхан хүмүүст юу өгөх ёстойг, мөн өөрсдөд нь хэрхэн хандах ёстойг хэмжихдээ хүмүүсийн дундах шударга, үндэслэлтэй байдлын мөс чанарын стандартад үндэслэдэг, гэвч энэ нь хэрхэн үнэнтэй нийцэж чадах билээ? Би яагаад хүн төрөлхтний шаардлага бүгд шал дэмий төвөг уддаг гэж хэлж байна вэ? Учир нь тэдгээр нь хүмүүсийн бусад хүмүүсээс шаарддаг стандарт юм. Хүмүүст үнэн байдаг уу? Тэд хүний мөн чанарыг нэвт харж чаддаг уу? Зарим хүн Бурханаас мөс чанарын стандартын дагуу хүмүүст хандахыг шаардаж, хүнээс шаарддаг стандарттай Бурханыг харьцуулдаг. Энэ нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм. Хүмүүс зарим нэг жижиг хэргийг тэсвэрлэж чаддаг ч эцэстээ өөрсдийнх нь төгсгөл тодорхой болсон үед тэсвэрлэж чадахгүй байж магадгүй. Тэдний шаардлага гарч ирж, амнаас нь гомдол, яллалтын үгс эрээ цээргүй урсаж, үнэн төрхөө харуулж эхэлнэ. Тэр үед тэд өөрсдийн мөн чанарыг мэддэг болно. Хүмүүс үргэлж хүний үзэл, өөрсдийн хүслийн дагуу Бурханд шаардлага тавьдаг бөгөөд тэд ийм төрлийн олон шаардлага тавьдаг. Та нар ихэвчлэн анзаардаггүй, хааяа ямар нэг зүйлийг хүсэн Бурханд залбирах нь шаардлагад тооцогдохгүй гэж боддог байж магадгүй ч үнэн хэрэгтээ нарийн задлан шинжилгээ нь хүний олон шаардлага үндэслэлгүй, эрүүл ухаангүй, бүр инээдтэй байдгийг харуулдаг. Чи өмнө нь энэ хэргийн ноцтой байдлыг мэддэггүй байсан ч ирээдүйд үүнийг аажмаар мэддэг болж, улмаар өөрийн уг чанарын талаар жинхэнэ ойлголттой болох болно. Туршлагаараа чи өөрийнхөө уг чанарыг бага багаар мэдэж, ялган таньдаг болно, мөн үүний хамт үнэний талаар нөхөрлөснөөр чи үүнийг тодорхой мэдэж авна—тэр үед чи энэ талаар үнэнд орсон байх болно. Хүний уг чанар-мөн чанарыг үнэхээр тодорхой ойлгох үед зан чанар чинь өөрчлөгдөж, дараа нь чи үнэнийг олж авна.

Хүмүүс Бурханд байнга шаардлага тавьдаг явдлыг шийдвэрлэхэд хамгийн хэцүү байдаг. Бурханы үйлдэл санаа бодолд чинь нийцэхгүй, эсвэл санаа бодлын чинь дагуу явагдахгүй болмогц чи эсэргүүцэх магадлалтай бөгөөд уг чанартаа Бурханыг эсэргүүцдэг гэдгийг чинь харуулахад энэ нь хангалттай. Байнга өөрийгөө эргэцүүлж, үнэнийг ойлгосноор л энэ асуудлыг танин мэдэх боломжтой бөгөөд үнэнийг эрэлхийлснээр л үүнийг бүрэн шийдвэрлэж болно. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ Бурханд олон шаардлага тавьдаг, харин үнэнийг үнэхээр ойлгох үедээ ямар ч шаардлага тавьдаггүй; тэд Бурханыг хангалттай сэтгэл хангалуун байлгаагүй, Бурханыг хангалттай дуулгавартай дагадаггүй гэдгээ л мэдэрдэг. Хүмүүс Бурханд байнга шаардлага тавих нь тэдний завхарсан уг чанарыг илтгэдэг. Хэрвээ чи энэ асуудалтай холбоотойгоор өөрийгөө мэдэж, үнэхээр гэмшиж чадахгүй бол Бурханд итгэх итгэлийн замдаа далд аюул, гай барцадтай нүүр тулна. Чи эгэл жирийн зүйлсийг даван туулж чаддаг ч хувь заяа, хэтийн ирээдүй, хүрэх газар гэх мэттэй чинь холбоотой чухал асуудлыг даван туулж чадахгүй байж магадгүй. Тэр үед чи үнэнгүй хэвээр байх юм бол урьдын байдалдаа эргэн орж тун магад бөгөөд улмаар устгагдах хүмүүсийн нэг болно. Олон хүн үргэлж ийм байдлаар дагаж, итгэж ирсэн; Тэд Бурханыг дагасан хугацаандаа биеэ зөв авч явсан ч энэ нь ирээдүйд юу болохыг тодорхойлохгүй. Учир нь чи хүний сул тал эсвэл Бурханыг эсэргүүцэхээр гарч ирж болох хүний уг чанарт буй зүйлсийн талаар хэзээ ч мэддэггүй бөгөөд тэдгээр нь чамайг гамшигт хүргэхээс өмнө чи эдгээр зүйлийн талаар мэдлэггүй хэвээр байдаг. Бурханыг эсэргүүцдэг уг чанарын чинь асуудал шийдвэрлэгдээгүй явдаг учраас энэ нь чамайг сүйрэлд хүргэж, чиний аялал төгсөж, Бурханы ажил дуусах үед чи Бурханыг хамгийн их эсэргүүцдэг зүйлийг хийж, Түүнийг доромжилсон зүйлийг хэлэх боломжтой, ийнхүү чи яллагдаж, таягдан хаягдана. Эцсийн мөчид, хамгийн аюултай үед Петр зугтахыг оролдсон. Тэр үед тэрээр Бурханы хүслийг ойлгоогүй бөгөөд амьд үлдэж, чуулганы ажлыг хийхээр төлөвлөсөн. Хожим нь Есүс түүнд үзэгдэж, “Чи Намайг өөрийнхөө төлөө дахин цовдлуулах байсан уу?” гэж хэлсэн. Петр тэгэхэд Бурханы хүслийг ойлгож, бушуухан дуулгавартай дагасан. Тэр үед тэр өөрийн гэсэн шаардлага тавьж, “Би одоо үхмээргүй байна, би өвдөлтөөс айж байна. Та бидний төлөө цовдлогдоогүй гэж үү? Та яагаад намайг цовдлогдохыг гуйгаад байгаа юм бэ? Би загалмайд цовдлогдохоос хэлтэрч болох уу?” гэж хэлсэн гэж бодъё. Хэрвээ тэр ийм шаардлага тавьсан бол туулсан зам нь хий дэмий болох байсан юм. Гэвч Петр үргэлж Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы хүслийг эрэлхийлдэг хүн байсаар ирсэн ба эцэст нь тэрээр Бурханы хүслийг ойлгож, бүрэн захирагдсан. Хэрэв Петр Бурханы хүслийг эрэлхийлээгүй, өөрийнхөө бодлын дагуу үйлдсэн бол буруу замаар явах байсан юм. Хүмүүс Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй байдаг ч үнэнийг ойлгосныхоо дараа дуулгавартай байхгүй бол тэд Бурханаас урваж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг нь тэдний уг чанартай холбоотой: Хэдий чинээ шаардлага ихтэй байна, тэд төдий чинээ тэрслүү, эсэргүү, их үзэлтэй байдаг. Хүн Бурханд хэдий чинээ их шаардлага тавина, төдий чинээ тэрээр Бурханд тэрслэх, эсэргүүцэх, бүр Бурханыг сөрөх магадлал өндөртэй байдаг. Магадгүй нэг өдөр тэд урваж, Бурханыг орхиж болох юм. Хэрэв чи энэ асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол үнэний хэд хэдэн талыг ойлгох хэрэгтэй, мөн үүнийг сайтар ойлгож, бүрэн шийдвэрлэхийн тулд зарим бодит туршлагатай байх хэрэгтэй.

Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол нь тэд Бурханаас хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, далд сэдэл өвөрлөдөг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Бурханд дуулгавартай биш гэдгийг энэ нь нотолдог. Чамд юу ч тохиолдсон бай, чи үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үргэлж өөрийнхөө төлөө маргаж, үргэлж өөрийнхөө зөв гэж боддог бол, тэр ч бүү хэл Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт ч эргэлзэж чаддаг бол асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол энэ нь Бурхантай наймаацахаар оролдож байгааг чинь, мөн өөрийнхөө хүслийг сонгож, үүнийхээ дагуу үйлдэж байгааг чинь нотолдог. Үүгээрээ чи Бурханаас урваж байгаа ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь өөрөө эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, шаардлагаа үндэслэлтэй гэж бодсон ч бай, үгүй ч бай, Бурханд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи Бурханд жинхэнээсээ итгэдэг бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол зөвхөн Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай дагана, өөр сонголт чамд байхгүй. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө сонголтыг хийгээд зогсохгүй, бүр өөрийнх нь хүслээр үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд Бурханд дуулгавартай байхыг сонгодоггүй, харин ч бүр өөрсдөд нь дуулгавартай байхыг Бурханаас шаарддаг. Энэ нь үнэхээр эрүүл ухаангүй хэрэг бус уу? Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэл байдаггүй ба Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Хүмүүс Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал нь нэмэгдэж, эрүүл ухаан нь ч бас харьцангуй хэвийн болно. Хүмүүс маргах хандлагатай байх тусам, илүү их зөвтгөх шалтгаантай байх тусам, тэдэнтэй харилцахад төдий чинээ хэцүү байдаг. Тэд олон юм шаарддаг төдийгүй гар бариад бугуй барина. Нэг талаар сэтгэл ханамжтай байх үедээ нөгөө талаар шаардлага тавина. Тэд бүх талаар сэтгэл ханамжтай байх ёстой байдаг бөгөөд тэгэхгүй бол гомдоллож эхлэн, аливаа зүйлийг найдваргүйд тооцож, болчимгүй авирладаг. Хожим нь тэд өртэйгөө мэдэрч, харуусаж, гашуун нулимс урсган уйлж, үхэхийг хүсдэг. Тэгэх ямар хэрэг байна вэ? Тэд эрүүл ухаангүй, байнгын түгшүүртэй байгаа бус уу? Энэ цуврал асуудлыг үндсээр нь шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанартай бөгөөд үүнийгээ шийдвэрлэхгүй бол, асуудалд орж, гамшиг учрах хүртэл үүнийг шийдвэрлэхээ хүлээх юм бол энэ хохирлоо яаж нөхөх юм бэ? Энэ нь орсон борооны араас цув нөмөрсөн хэрэг болох бус уу? Иймээс завхарсан зан чанарынхаа асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд анх гарч ирэх үед нь үнэнийг эрэлхийлж, шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанарыг анхан шатанд нь шийдвэрлэж, улмаар ямар ч буруу юм хийхгүй байх баталгаа гаргаж, ирээдүйн асуудлаас сэргийлэх ёстой. Хэрэв завхарсан зан чанар үндэслэж, хүний бодол санаа, үзэл бодол болох юм бол ёрын мууг хийхэд нь уг хүнийг чиглүүлж чадна. Тиймээс өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэх нь үндсэндээ завхарсан зан чанараа олж илрүүлж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдан эрж хайхын төлөө байдаг. Уг чанарт чинь юу байгааг, юунд дуртайгаа, юуг эрэлхийлдэгээ, юу олж авахыг хүсдэгээ чи мэдэх ёстой. Эдгээр зүйл нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг, юугаараа эндүү ташаа байгааг харахын тулд Бурханы үгээр задлан шинжлэх ёстой. Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи хэвийн бус эрүүл ухааны асуудлаа, өөрөөр хэлбэл, үндэслэлгүй, байнга төвөгтэй байдаг асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ нь зөвхөн завхарсан зан чанарын асуудал биш, харин эрүүл ухаангүй байдлыг чинь хөнддөг. Ялангуяа ашиг сонирхолтой нь холбоотой асуудал дээр, ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хэвийн эрүүл ухаангүй байдаг. Энэ бол сэтгэл зүйн асуудал, мөн хүмүүсийн эмзэг цэг юм. Зарим хүн өөрт нь тодорхой хэв чанар, билиг авьяас байгаа мэт санагдаж, үргэлж удирдагч байж, бусдаас онцгойрохыг хүсдэг учраас Бурханаас өөрийг нь ашиглахыг шаарддаг. Хэрэв Бурхан өөрийг нь ашиглахгүй бол “Бурхан намайг таалахгүй байж яаж болох юм бэ? Хэрэв Та намайг ашиглаж, ямар нэг чухал зүйл хийлгэвэл Таны төлөө өөрийгөө зарлагадана гэдгээ амлая!” гэж хэлдэг. Ийм санаа зорилго зөв үү? Бурханы төлөө зарлагадах нь сайн зүйл боловч Бурханы төлөө зарлагадах хүслийнх нь ард сэдэл байдаг. Тэдний хайрладаг зүйл нь байр суурь бөгөөд энэ бол тэдний анхаардаг зүйл. Хүмүүс үнэхээр дуулгавартай байж, Бурхан өөрийг нь ашигладаг эсэхээс үл хамааран Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, байр суурьтай эсэхээсээ үл хамааран Бурханы төлөө зарлагадаж чаддаг бол тэднийг эрүүл ухаантай, Бурханд дуулгавартай гэж тооцож болно. Хүмүүс Бурханы төлөө зарлагадах хүсэлтэй байгаа нь сайн зүйл бөгөөд Бурхан ийм хүмүүсийг ашиглах хүсэлтэй байгаа ч хэрэв тэд үнэнээр зэвсэглээгүй бол Бурхан тэднийг ашиглах аргагүй. Хэрвээ хүмүүс үнэний төлөө чармайж, хамтран ажиллах хүсэлтэй бол бэлтгэл үе шат байх ёстой. Хүмүүс үнэнийг ойлгож, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чаддаг болсны дараа л Бурхан тэднийг албан ёсоор ашиглаж чадна. Сургуулилалтын энэ үе шат зайлшгүй чухал. Өнөөдрийн удирдагчид, ажилчид бүгд сургуулилалтын энэ үе шатанд байдаг. Амийн туршлагатай болж, асуудлыг зарчимтайгаар шийдвэрлэж чадсаны дараа тэд Бурханаар ашиглагдахад тохирно.

Хүний уг чанарт байгаа зүйлүүд нь зарим нэг гадаад зан авир, хэрэгжүүлэлт, эсвэл зүгээр л шийдвэрлээд л болчих боломжтой бодол, санаа шиг биш юм; тэдгээрийг бага багаар ил болгох ёстой. Түүгээр ч зогсохгүй, тэдгээр нь хүмүүст амар танигдахгүй, танигдсан ч өөрчлөхөд амаргүй—үүнийг хийхэд хангалттай гүн гүнзгий ойлголт шаардлагатай. Яагаад бид үргэлж хүний уг чанарыг задлан шинжилдэг вэ? Энэ нь юу гэсэн үг болохыг та нар ойлгохгүй байна уу? Хүмүүсийн завхарсан зан чанарын илчлэлүүд хаанаас үүдэлтэй вэ? Тэд бүгд хүмүүсийн уг чанараас үүдэлтэй ба бүгд хүмүүсийн уг чанарт захирагддаг. Хүний завхарсан зан чанар, бодол, санаа, санаа зорилго бүхэн бүгд хүний уг чанартай холбоотой. Тиймээс хүний уг чанарыг шууд ил болгосноор завхарсан зан чанарыг нь амархан шийдвэрлэж болно. Хүмүүсийн уг чанарыг өөрчлөх нь амаргүй ч, хэрэв тэд ил болгосон завхарсан зан чанараа ялган таньж, нэвт харж чадвал, мөн тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал зан чанараа аажмаар өөрчилж чадна. Нэгэнт хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрсэн бол Бурханыг эсэргүүцдэг зүйл тэдэнд улам бүр цөөхөн болно. Хүний уг чанарыг задлан шинжлэхийн зорилго бол зан чанарыг нь өөрчлөх явдал юм. Та нар энэ зорилгыг ойлгоогүй байгаа бөгөөд өөрийнхөө уг чанарыг задлан шинжилж, ойлгосноор л та нар Бурханд дуулгавартай байж, эрүүл ухаанаа сэргээж чадна гэж бодож байна. Та нарын хийдэг ганц зүйл бол дүрмийг сохроор хэрэгжүүлэх явдал юм! Би яагаад хүмүүсийн биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдлыг зүгээр нэг ил болгодоггүй юм бэ? Бас Би яагаад тэдний завхарсан уг чанарыг задлан шинжлэх ёстой гэж? Би тэдний өөрийгөө зөвтгөдөг байдал, биеэ тоосон занг зөвхөн илчлэх юм бол энэ нь асуудлыг шийдэхгүй. Харин би тэдний уг чанарыг задлан шинжлэх юм бол үүний талууд нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд уг чанар нь бүх завхарсан зан чанарыг агуулдаг. Энэ нь зүгээр нэг өөрийгөө зөвтгөдөг байдал, өөрийгөө чухалчлах үзэл, биеэ тоосон зангийн явцуу хүрээнээс илүү юм. Уг чанар үүнээс ч илүүг агуулдаг. Иймээс, хүмүүс Бурханд тавьсан янз бүрийн шаардлага, өөрөөр хэлбэл хэрээс хэтэрсэн хүсэл эрмэлзлээрээ хэчнээн олон завхарсан зан чанар харуулж байгаагаа таньж чаддаг бол сайн. Хүмүүс өөрсдийн уг чанар-мөн чанарыг ойлгомогц өөрсдийгөө жигшиж, үгүйсгэж чадна; завхарсан зан чанараа шийдвэрлэхэд хялбар байх болно, мөн тэд замтай болно. Үгүй бол та нар хэзээ ч үндсэн шалтгааныг ухаж чадахгүй бөгөөд энэ бол өөрийгөө зөвтгөх байдал, биеэ тоосон зан, бардам зан, эсвэл ямар ч үнэнч зан байхгүй хэрэг гэж л хэлэх болно. Ийм өнгөцхөн юмны талаар ярих нь асуудлыг чинь шийдэж чадах уу? Хүний уг чанарыг ярих хэрэг байна уу? Эхэндээ Адам, Ева хоёр ямар уг чанартай байсан бэ? Тэдний дотор ямар ч зориудын эсэргүүцэл байгаагүй, тэр байтугай ил тод тэрслүү байдал ч байсангүй. Тэд Бурханыг эсэргүүцэх гэж юу гэсэн үг болохыг, тэр бүү хэл Түүнд дуулгавартай байх гэж юу гэсэн үг болохыг ч мэддэггүй байв. Сатан юу ч түгээсэн бай, тэд зүрх сэтгэлдээ хүлээн авсан. Эдүгээ бүх зүйл дээр Бурханд тэрсэлж, эсэргүүцэж, Түүнийг эсэргүүцэх янз бүрийн арга бодож чаддаг болтол хэмжээнд Сатан хүн төрөлхтнийг завхруулжээ. Хүний уг чанар Сатаныхтай адилхан гэдэг нь илэрхий. Хүний уг чанар бол Сатаны уг чанар гэж би яагаад хэлж байна вэ? Сатан бол Бурханыг эсэргүүцэгч бөгөөд хүмүүс сатанлаг уг чанартай байдаг тул тэд Сатаных байдаг. Хүмүүс Бурханыг эсэргүүцэх зүйлийг санаатайгаар хийдэггүй байж болох ч сатанлаг уг чанараасаа болоод бүх бодол нь Бурханыг эсэргүүцдэг. Юу ч хийгээгүй ч гэсэн хүмүүс Бурханыг эсэргүүцсээр байна, учир нь хүний дотоод мөн чанар Бурханыг эсэргүүцдэг зүйл болж өөрчлөгдсөн. Тиймээс одоогийн хүн шинээр бүтээгдсэн хүнээс ялгаатай. Өмнө нь хүмүүсийн дотор ямар ч эсэргүүцэл, урвалт байгаагүй, тэд амиар дүүрэн байсан бөгөөд ямар ч сатанлаг уг чанарт захирагддаггүй байв. Хэрэв хүмүүсийн дотор ямар ч сатанлаг уг чанарын ямар ч ноёрхол, үймээн байхгүй бол тэд юу ч хийсэн бай, үүнийг Бурханыг эсэргүүцсэн гэж үзэж болохгүй.

Уг чанар гэж юу вэ? Уг чанар бол хүний мөн чанар юм. Зан чанар нь хүний уг чанараас илрэн гарсан зүйл бөгөөд зан чанар өөрчлөгдөх нь хүний завхарсан зан чанар ариун болж, үнэнээр солигдсон гэсэн үг юм. Тиймээс илчлэгдсэн зүйл бол завхарсан зан чанар биш, харин хэвийн хүн чанарын илрэл юм. Сатан хүнийг завхруулсны дараа хүн Сатаны биелэл болсон ба Бурханыг эсэргүүцдэг, Түүнээс урвах бүрэн боломжтой сатанлаг маягийн зүйл болсон. Бурхан яагаад хүмүүсээс зан чанараа өөрчлөхийг шаарддаг вэ? Учир нь Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авахыг хүсдэг учраас эцэст нь Бурханыг мэдэх олон нэмэлт бодит байдал, үнэний бүх талын бодит байдалтай хүмүүсийг бий болгохыг хүсдэг. Ийм хүмүүс Бурханы хүсэлд бүрэн нийцдэг. Өмнө нь хүмүүс завхарсан зан чанартай байсан, ямар нэгэн зүйл хийх бүрдээ алдаа гаргадаг эсвэл эсэргүүцдэг байсан бол одоо хүмүүс зарим үнэнийг ойлгодог, Бурханы хүсэлд нийцсэн олон зүйлийг хийж чаддаг. Гэсэн хэдий ч энэ нь хүмүүс Бурханаас урвадаггүй гэсэн үг биш юм. Хүмүүс үүнийг одоо ч хийж чадна. Тэдний уг чанараас урган гарч буй зүйлийн нэг хэсэг нь өөрчлөгдөж болох ба өөрчлөгдөж болох хэсэг нь хүмүүс үнэний дагуу хэрэгжүүлж чаддаг хэсэг байдаг. Гэхдээ чи одоо үнэнийг хэрэгжүүлж чаддаг байлаа гээд мөн чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Энэ нь хүмүүс хэрхэн үргэлж Бурханы тухай үзэлтэй байж, Түүнд шаардлага тавьж байсантай адил бөгөөд одоо олон талаараа тэд тэгдэггүй—гэхдээ тэд зарим асуудалд үзэлтэй байдаг эсвэл шаардлага тавьдаг хэвээр байж магадгүй, мөн Бурханаас урваж чаддаг хэвээр байна. “Би Бурханы хийсэн бүхэнд захирагдаж, гомдол, шаардлагагүйгээр олон хэрэг дээр дуулгавартай байж чадна” гэж чи хэлж магадгүй ч зарим хэрэг дээр чи Бурханаас урваж чадах хэвээрээ байгаа. Хэдийгээр чи Бурханыг зориуд эсэргүүцдэггүй ч Түүний хүслийг ойлгохгүй байвал чи үүний эсрэг явдаг хэвээр байж чадна. Тэгэхээр өөрчлөгдөж болох хэсэг гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханы хүслийг ойлгосон үедээ дуулгавартай байж, үнэнийг ойлгосон үедээ түүнийгээ хэрэгжүүлж чадна гэсэн үг. Хэрэв чи зарим зүйл дээр үнэнийг эсвэл Бурханы хүслийг ойлгохгүй байгаа бол завхрал харуулах боломж байсаар байна. Хэрэв чи үнэнийг ойлгож байгаа ч тодорхой зүйлд хязгаарлагдсан учраас үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа бол энэ нь урвалт бөгөөд энэ бол чиний уг чанарт байгаа зүйл юм. Мэдээжийн хэрэг, зан чанар чинь хэр их өөрчлөгдөж болох дээр ямар ч хязгаар байхгүй. Чи хэдий чинээ их үнэнийг олж авна, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх мэдлэг чинь гүнзгийрэх тусам Түүнийг эсэргүүцэж, урвах чинь төдий чинээ багасна. Зан чанараа өөрчлөхийг зорих нь голчлон үнэнийг эрэлхийлэх замаар, харин өөрийн уг чанар-мөн чанарыг ойлгох нь үнэнийг ойлгох замаар хэрэгждэг. Хүн үнэхээр үнэнийг олж авбал бүх асуудал нь шийдвэрлэгдэнэ.

1999 оны өвөл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих