Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна (I хэсэг)
Амь-оролт гэж юу вэ? Энэ нь үнэнийг ойлгосныхоо дараа хүмүүс Бурханыг мэдэж авч, дуулгавартай дагаж, өөрсдийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, мэдэж, хаяж, улмаар үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Хүн үнэнийг бодитоор хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадах үедээ үнэн-бодит байдалд ордог. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол амь-оролттой хүмүүс юм. Үнэн хэн нэгний амь болмогц тэрээр ямар ч хүн, асуудал, зүйлээр хязгаарлагдахаа болино—тэрээр Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэхээр шүтэн мөргөж чадна. Үнэн-бодит байдал болон жинхэнэ гэрчлэлтэй байх гэдэг нь энэ юм; энэ бол амь-оролтын эцсийн үр дүн. Хэрвээ хүн олон жил Бурханд итгэсэн ч сатанлаг зан чанараараа амьдарсаар, залбиралгүй, үнэнийг эрж хайлгүй хүссэнээрээ авирлаж, өчүүхэн ч өөрчлөгдөлгүй олон жил итгэж, шүтлэггүй хүнээс бараг ялгаагүй байгаа бол ийм хүн амь-оролтгүй, үнэнийг эзэмшээгүй, амийг олж аваагүй байдаг. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол Сатаны эрхшээл дор амьдарч байна. Чи хүссэн ч гэсэн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, үнэнийг хэрэгжүүлж, эсвэл хүчтэй байж чадахгүй. Хэрвээ чи хүчирхэг байж чадахгүй бол ямар байдалд гацах вэ? Чи үргэлж сөрөг байдалд гацахгүй гэж үү? Чи үргэлж хүрээлэн буй орчны нөлөөгөөр ганхаж, таягдан хаягдах вий, Бурханд таалагдахгүй байх вий гэж эмээж, энэнээс ч, тэрнээс ч эмээж, багахан үүргээ идэвхгүй, дурамжхан гүйцэтгэж, хэдхэн сайн үйл бэлтгэнэ. Үндсэндээ чи татуулж, удирдуулж, хөтлүүлэх бөгөөд идэвхтэй, санаачилгатай хэсэг чинь маш бага байх учраас үүргээ гүйцэтгэснээр гарах үр дүн чинь хангалтгүй байх болно. Ийм хүмүүс хэзээ ч зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй тул олон хүн, асуудал, зүйлд хязгаарлагдаж, хүлэгдэж, үргэлж сөрөг байдалд гацдаг. Үүнээс болж тэд маш ядаргаатай амьдралаар амьдардаг. Тэд асар их шаналдаг бөгөөд эрх чөлөө, чөлөөлөлтийг олж чаддаггүй. Хэсэг хугацааны дараа сэтгэлийн тэнхээ нь тэднийг тэтгэж чадахаа больж, тэд яг л шүтлэггүй хүмүүс шиг өдөр бүр сатанлаг зан чанар дотор амьдардаг. Бурханд ингэж итгэх нь хүнийг авралд хүргэх үү? Зарим хүн: “Би урам зоригтой, Бурханы төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн. Би залуу, эрч хүчтэй, шийдэмгий, бэрхшээлээс айдаггүй” гэж хэлдэг. Энэ бүхэн хэрэгтэй юу? Үгүй. Эрч хүч чинь хэчнээн их байлаа ч ямар ч хэрэггүй. Хүний өчүүхэн хүч тамир түүнийг хэр удаан тэтгэж чадах вэ? Тэд байнга бүтэлгүйтэж, бүдэрнэ, сөрөг байдалд орох үедээ мэдээ алдана. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, жинхэнэ итгэлгүй бол Бурханд итгэлээ гээд нэмэргүй. Зөвхөн урам зориг, эрч хүчтэй л байх юм бол ямар ч хэрэггүй. Эдгээр нь амь биш, зөвхөн тухайн хүний түр зуурын урам зориг, ашиг сонирхол юм. Хүмүүс завхарсан зан чанартай. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу эсэхээс үл хамааран бүгд түр зуурын эрч хүчтэй, агшин зуурын урам зоригтой, түрхэн зуурын догдлолтой байдаг; бүгдэд нь эрч хүчээр бялхах, хөөрч догдлох үе байдаг, гэхдээ энэ нь сэтгэл хөөрлөөс төрсөн эр зориг бөгөөд удаан үргэлжилдэггүй. Хүмүүсийн онол, туйлын хүслэн, мөрөөдөл нүд ирмэхийн зуур нуран унана, үнэн байхгүй бол хүмүүс бат зогсож чадахгүй. Сэтгэл хөөрлөөр амьдардаг хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс хүмүүс амь-оролттой байх ёстой, үнэн-бодит байдалд орох ёстой. “Үнэн-бодит байдалд орох яагаад ийм хэцүү юм бэ? Би яагаад ийм олон зүйлтэй орооцолддог юм бэ? Би яах ёстой вэ?” гэж хэлдэг хүмүүс бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүмүүс өөрсдөдөө найдаж болох уу? Зарим нь “Надад сэтгэлийн тэнхээ, шийдвэр байна. Би бэрхшээлээс айдаггүй. Би шийдсэн. Би бүх саад бэрхшээлийг даван туулж, эдгээр саад тотгорыг давна. Би юунаас ч айдаггүй. Хэчнээн хэцүү байсан ч би эцсийг нь хүртэл тууштай байх болно!” гэж хэлдэг. Энэ нь ашигтай юу? Энэ нь үнэндээ тэднийг бага зэрэг тэтгэж болох ч бодит бэрхшээлүүд нь хэвээр үлдэж, завхарсан зан чанар нь тэдний дотор үндэслэсэн хэвээр байх бөгөөд энэ нь өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи эцсээ хүртэл Бурханыг тууштай дагалаа ч амь зан чанараа өөрчлөөгүй, үнэн-бодит байдалд ороогүй бол Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Чадахгүй. Бурханд итгэх нь эцсээ хүртэл тууштай байж чадах эсэхийн асуудал биш. Гол нь үнэн, амь болон Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх юм. Энэ бол хамгийн чухал зүйл. Хэрвээ хүн үнэн-бодит байдалд орж чадахгүй, үнэнийг амиа болгож чадахгүй бол тэдний урам зориг, хүч тамир тэгтлээ удаан үргэлжлэх үү? Удаан үргэлжлэх боломжгүй. Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг үнэнээр орлуулах ёстой. Хүн завхарсан зан чанараа шийдвэрлэж, үнэнийг хэрэгжүүлэх итгэл болон зарчимтай болох үедээ гуйвшгүй тууштай байж, бүх саад бэрхшээлийг үл харгалзан хичээсээр байх болно. Тэд ямар ч орчин, саад бэрхшээл, эсвэл бүр уруу таталттай тулгарсан бай, үргэлж Бурханд найдаж, Сатаныг ялахын тулд Бурханд ханддаг. Энэ үр дүнд хүрэхийн тулд чи Бурханы өмнө байнга очиж, Түүнд итгэн нууцаа хэлж, Түүнд залбирахдаа бэрхшээлээ ярьж, үнэнээ хэлэх ёстой. Түүнчлэн, чи бодит байдал дээр үүргээ гүйцэтгэж байхдаа, мөн бодит амьдралынхаа явцад үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн үйлдэхээ эрж хайх ёстой. Чи үнэнийг ойлгодог, үнэнийг ухамсарлах чадвартай хүмүүсийг эрж хайж, тэдэнтэй нөхөрлөж, ингэснээрээ бага зэрэг гэгээрэл, босгон байгуулалт олж авч, хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх нь асуудлыг чинь шийдвэрлэх бус уу? Хэрвээ чи үргэлж биеэ барьдаг, нөхөрлөдөггүй, дотроо “Нэг өдөр л биеийн хэмжээ минь өсөж, би аяндаа л үнэнийг ойлгох байх, тэгэхээр үүнийг одоо шийдвэрлэх шаардлагагүй” гэж боддог бол ийм бодол нь бүдэг бадаг, бодитой бус бөгөөд аливаа зүйлийг хойш татах магадлалтай. Үнэнийг ойлгодог хүмүүсийг эрж хайж, нөхөрлөх замаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Хэрвээ чи ухамсарлах чадвартай бол Бурханы үгийг уншсанаар асуудлыг шийдвэрлэж бас болно. Энэ асуудлыг шийдвэрлэх явдлыг чи яагаад нухацтай авч үздэггүй вэ? Хэрвээ чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол асуудал өөрөө алга болох уу? Ингэж бодох нь тэнэг юм.
Одоо ямар нэг зүйл тохиолдоход та нар үнэнийг эрж хайж чадах уу? Та нар үнэнийг эрж хайж сурсан уу? Мэргэжлийн талбартаа зарим нэг зарчмыг эзэмшихээс гадна амь-оролтынхоо тухайд—янз бүрийн байдлаа сайжруулж, завхарсан зан чанараа өөрчлөхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг уу? Чи зарчмыг зөрчсөн зүйл хийснээсээ болоод засалт туулах үедээ гомдоллодог бол, засалт туулснаасаа болж хязгаарлагддаг бол, мөн таягдан хаягдах нь гэж бодсондоо өөрийгөө орхихдоо тулж, сөрөг болж, хойрголдог бол сатанлаг зан чанар чинь чамайг боомилохуйц ноцтой байгаа бус уу? Үнэнийг ойлгож авах тухайд бол хүмүүсийн бэрхшээл хэтэрхий олон, дэндүү том байдаг; асуудалтай тулгарах үед тэдний сөрөг талууд хэтэрхий хурдан, хэт удаан хугацаанд гарч ирдэг бөгөөд тэд үнэнийг хэтэрхий удаан, хэтэрхий бага хэрэгжүүлдэг. Хүмүүс тодорхой орчинтой тулгарч, бусдын харцыг анзаарч, зарим нэг хэлсэн үгийг сонсож, тодорхой мэдээлэл олж мэдэх үед цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тэдний дотор сөрөг зүйл бий болно. Эдгээр нь завхарсан зан чанарын төрөлхийн илрэл юм. Энэ юуг нотолж байна вэ? Энэ нь хүний аминд үнэний элемент байдаггүйг нотолж байна. Хүмүүсээс аяндаа урсан гардаг боловсруулагдаагүй зүйлсийг чи толгойдоо бодсон ч, амаараа хэлсэн ч, эсвэл хийхээр санаархсан юм уу төлөвлөсөн ч—санаатай, санамсаргүй байхаас үл хамааран—бүгд завхарсан зан чанартай холбоотой. Хүмүүсийн завхарсан зан чанар хаанаас гарч ирдэг вэ? Хүмүүсийн завхарсан зан чанар сатанлаг уг чанараас нь урсан гардаг гэдгийг баттай хэлж болно, энэ бол эх сурвалж нь юм. Хүмүүсээс урсан гардаг завхарсан зүйлсийг авч үзвэл хүмүүст ямар ч үнэн-бодит байдал, хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан байдаггүй нь тодорхой. Яг одоо та нар өөрсдийгөө задлан шинжилж болно. Хэрвээ чи өөрийгөө эргэцүүлэхэд анхаарлаа хандуулж, төвлөрвөл санаархал, бодол санаа, үзэл бодол чинь зөв эсэх, үнэнд нийцэж байгаа эсэхийг мэдэж болно. Ерөнхийдөө чи эдгээрийг бага зэрэг ялган таньж, ойлгож чадна. Тэгвэл үүнийг ойлгож авсныхаа дараа чи шийдэл болох үнэнийг эрж хайж чадах уу? Эсвэл томрох боломжийг нь олгож, “Би ингэж бодмоор байна, ингэж бодох нь надад тустай. Бусад хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэрвээ би эдгээр зүйлийг чанга хэлэхгүй, эдгээрийн дагуу үйлдэхгүй, энэ тухай л боддог бол зүгээр биш гэж үү?” хэмээн бодох уу? Зарим хүн ингэдэг бус уу? Энэ юуны илрэл вэ? Ингэж бодох нь буруу гэдгийг тэд гарцаагүй мэддэг ч үнэнийг эрж хайдаггүй, энэ бодлуудаа хойш тавьдаггүй, орхидоггүй. Тэд огт тоолгүйгээр ингэж бодож, үйлдсээр байдаг. Ийм хүмүүс үнэнийг хайрладаггүй, бат зогсож чаддаггүй.
Зарим хүн үүргээ гүйцэтгэдэггүй, хэн ч тэдэнд нухацтай ханддаггүй—энэ хүмүүс Бурханд итгэгч нь ердөө л Бурханы үгийг уншиж, чуулганы амьдралаар амьдарч, ерөнхийдөө шүтлэггүй хүмүүс шиг муу зүйл хийхгүй, эсвэл ужид самуун авирлахгүй байхад хангалттай гэж боддог; эцэстээ жаахан ерөөл хүртэж, амьд үлдэж чадах байх гэж тэд боддог. Хүмүүс Бурханд итгэхдээ иймэрхүү горьдлого тээдэг. Гаднаас нь харахад тэд ямар ч ноцтой алдаа гаргадаггүй боловч, тэдэнд амь-оролт огт байдаггүй, үнэн-бодит байдлыг ч бас олж аваагүй. Хэн нэгэн тэдэнд нухацтай хандмагц тэд бөөн асуудал, дутагдалтай гэдгээ ухаарч, сөрөг болж, “Бүх зүйл дууслаа, тийм үү? Би олон жил Бурханд итгээд юу ч олж авсангүй. Бурханд итгэх үнэндээ амаргүй бололтой!” гэж боддог. Тэд хүйтэн хөндий болж, үнэний төлөө тэмүүлэх хүсэлгүй болдог. Хэсэг хугацааны дараа тэдэнд хоосон санагдаж, итгэл найдвар тээхийн тулд үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Үүргээ биелүүлж эхлэхэд нь хүмүүс тэдэнд дахин нухацтай хандаж, “Хүмүүс үнэнийг эзэмших ёстой, эс бөгөөс алдаа гаргах дэндүү амархан. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол үргэлж гэм буруу үйлдэж, засалт туулна. Аливаа зүйлийг хийхдээ урам зоригтоо найддаг бол тэд бас л засалт туулна. Би бүх зүйлд болгоомжтой байх ёстой. Би бодлогогүй ярьж, үйлдэж огт болохгүй. Би юм юманд хошуу дүрэх хэрэггүй. Онцгойрсноос хулчгар байсан нь дээр” гэж эцэстээ тэдэнд санагддаг. Ингэж хэрэгжүүлэх нь тун тохиромжтой, хэн ч үүнээс ямар ч алдаа олж хэлж чадахгүй гэж тэд боддог боловч хамгийн чухал зүйл болох үнэнийг эрэлхийлэх ёстойгоо орхигдуулсан. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, өөрсдийнхөө амь-оролтыг ч эрэлхийлдэггүй, энэ бол тэднийг үхэлд хүргэх алдаа юм. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ажил бүтээснээр л сэтгэл ханадаг. Ажлаа дуусгахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, заримдаа хоёр хоолоо идэлгүй алгассан ч үл тоон ихэд завгүй байдаг. Тэд үнэхээр зовж, төлөөс төлж чаддаг боловч тэдэнд амь-оролт байдаггүй. Тэд алдаа гаргаж, засалт туулах вий гэж айгаад алхам тутамдаа бусдаас сэрэмжилдэг. Иймэрхүү байдал зөв үү? Үнэнийг эрэлхийлдэг хүн энэ мөн үү? Хүмүүс эцсээ хүртэл үүргээ ингэж гүйцэтгэвэл үнэнийг олж авч, үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Та нарын дунд ийм хүн олон байдаг бус уу? Та нар байнга яг ийм байдалтай байдаггүй гэж үү? (Тийм.) Та нар ингэж үйлдэх нь муу, өөрийгөө сөрөг байдалд амьдарч байна гэж бодоод сэрэмжтэй байдаг уу? Аливаа зүйл тохиолдоход чи дандаа хулчгар, бялдууч шиг аашлан үргэлж буулт хийж, үргэлж дундыг баримталж, хэнийг ч гомдоохгүй, юунд ч хошуу дүрэхгүй, огт хэтрүүлдэггүй, яг л байрандаа зогсож, үүргээсээ үл хазайж, хэлсэн болгоныг хийж, түрүүнд ч, ард ч зогсохгүй, олныг дагаж яваа мэт байдаг. Надад хэлээч, хэрвээ чи эцсээ хүртэл ийм маягаар үүргээ гүйцэтгэсээр байвал Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж бодож байна уу? Иймэрхүү байдал тун аюултай бөгөөд Бурханаар төгс болгуулж чадахгүй төдийгүй Бурханы зан чанарт халдах магадлалтай гэдгээ та нар мэдэж байна уу? Ийм бүлээн хүн үнэнийг эрэлхийлдэг үү? Тэрээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү? Ийм байдалтай амьдардаг хүнээс байнга бялдуучийн бодол санаа гардаг бөгөөд түүнд Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй. Хүн зүгээр л ямар ч шалтгаангүйгээр айж, түгшдэг бол энэ нь Бурханаас эмээдэг сэтгэл мөн үү? (Биш.) Тэрээр үүрэгтээ өөрийгөө бүрэн дайчилж, ажлаасаа гарч, гэр бүлээсээ татгалзлаа ч гэсэн, Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, Бурханаас сэрэмжилдэг бол энэ нь сайн байдал мөн үү? Энэ нь үнэн-бодит байдалд орох хэвийн байдал мөн үү? Энэ байдал цаашид даамжирвал аймаар бус уу? Хэрэв хүн ийм байдалд байсаар байвал үнэнийг олж авч чадах уу? Амийг олж авч чадах уу? Үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Та нар өөрсдөө яг ийм байдалтай гэдгээ мэдэж байна уу? Та нар үүнийг мэдээд “Би яагаад үргэлж Бурханаас сэрэмжилдэг юм бэ? Яагаад дандаа ингэж боддог юм бэ? Ингэж бодох тун аймшигтай! Энэ бол Бурханыг эсэргүүцэж, үнэнийг голж байгаа хэрэг. Бурханаас сэрэмжлэх нь Бурханыг эсэргүүцэхтэй адил” гэж дотроо боддог уу? Бурханаас сэрэмжилдэг байдал нь яг л хулгайчтай адил—чи гэрэлд амьдарч зүрхлэхгүй, чөтгөрлөг дүр төрхөө ил гаргахаас айхын зэрэгцээ “Бурхан бол тоглоом биш. Тэр бүх цаг үе, газар нутагт хүмүүсийг шүүж, гэсгээж чадна. Хэрвээ чи Бурханыг уурлуулбал хөнгөн тохиолдолд Тэр чамайг засна, хүнд тохиолдолд чамайг шийтгэж, өвчлүүлж, зовооно. Хүмүүс ийм зүйлийг тэсвэрлэж чадахгүй!” гэж айдаг. Хүмүүст ийм буруу ойлголт байдаг бус уу? Энэ нь Бурханаас эмээдэг сэтгэл мөн үү? (Биш.) Ийм байдал аймаар бус уу? Хүн ийм байдалд байж, Бурханаас сэрэмжилж, үргэлж ийм бодол тээж, Бурханд үргэлж ингэж хандахдаа Бурханыг Бурхан гэж үзэж байна уу? Энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Хүн Бурханд ийм маягаар итгэж, Бурханд Бурхан шиг ханддаггүй бол энэ нь асуудал бус уу? Хүмүүс ядаж л Бурханы зөвт зан чанарыг хүлээн авдаггүй, Бурханы ажлын бодит байдлыг ч хүлээн авдаггүй. Тэд “Бурхан энэрэнгүй, хайр энэрэлтэй нь үнэн боловч бас уур хилэнтэй. Бурханы уур хилэн хүн дээр буухад сүйрэлд хүргэдэг. Тэр хүссэн хүнээ устгаж, хүмүүсийг хэдийд ч үхтэл нь цохиж чадна. Бурханы уур хилэнг бүү хүргэ. Түүний сүр жавхлан, уур хилэн халдахыг зөвшөөрдөггүй нь үнэн. Түүнээс зайгаа барь!” гэж боддог. Хэрэв хүн ийм хандлага, ийм үзэл санаатай байвал Бурханы өмнө бүрэн дүүрэн, чин сэтгэлээсээ ирж чадах уу? Чадахгүй. Тэгвэл Бурхан тэр хоёрын хооронд зай байх бус уу? Тэр хоёрыг тусгаарлах зүйл олон байх бус уу? (Тийм.) Хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд ямар зүйл саад болдог вэ? (Тэдний ирээдүй, хувь заяа.) (Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь.) Өөр? Ямар зүйлс хүмүүсийг үнэнээс залхаж, үнэнийг голж, Бурханы амийн хангалт болон авралыг голоход хүргэдэг вэ? Үүнийг тунгаан бод: Хүмүүсийн юу нь тэднийг Бурханы өмнө чин сэтгэлээсээ ирж, үнэнийг хэрэгжүүлэхэд, мөн бие махбод, зүрх сэтгэлээ Бурханд хариуцуулж, захируулахад саад болдог вэ? Ямар зүйлс хүмүүсийг Бурханаас эмээж, Бурханыг буруугаар ойлгоход хүргэдэг вэ? Хүмүүс завхарсан зан чанар, түүнчлэн сатанлаг гүн ухаан, сатанлаг бодолтой байдаг; тэд, ов мэхтэй, алхам бүрдээ Бурханаас сэрэмжилж, Бурханд үл итгэж, буруугаар ойлгодог. Энэ бүх зүйл холилдсон үед хүн Бурханд үнэхээр итгэж чадах уу? Бурханы үгийг өөрийнхөө амь болгон хүлээн авч чадах уу? Зарим хүн “Би өдөр бүр Бурханы үгийг идэж, уудаг. Бурханы үгийг уншаад сэтгэл хөдлөхдөө би залбирдаг. Би Бурханы үгийг үнэн гэж нандигнадаг. Би өдөр бүр уншиж, байнга чимээгүй залбирч, Бурханыг магтан дуулдаг” гэж хэлдэг. Хэдийгээр иймэрхүү сүнслэг амьдрал сайн боловч энэ хүмүүс өөртөө тохиолдсон зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ өөрсдийнхөө үзэл санаанд найдсаар байдаг, үнэнийг огт эрж хайдаггүй бол, тэдний ойлгодог хоосон сургаал нь тэдэнд нөлөөлдөггүй бол юу болоод байна вэ? Хүмүүс үнэнийг хайрладаггүй. Тэд Бурханы үгийг нандигнадаг гэж хэлдэг ч өөрсдийгөө Бурханы үгтэй харьцуулдаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Энэ нь маш төвөгтэй бөгөөд дараа нь үнэн-бодит байдалд ороход хүмүүст маш хэцүү байдаг. Хүмүүс хэзээ ч үнэнийг ойлгодоггүй, Бурханы талаар өчүүхэн ч мэдлэггүй учраас Бурханы тухай үзэл, буруу ойлголттой байх нь гарцаагүй бөгөөд Бурхан болон тэдний хооронд хана байдаг. Та нар бүгд ийм хувийн туршлагатай бус уу? Чи “Би Бурханаас сэрэмжлэхийг хүсэхгүй байна, Бурханд үнэхээр итгэмээр байна, гэхдээ надад ямар нэг зүйл тохиолдоход би өөрийн эрхгүй Түүнээс сэрэмжилдэг. Би өөрийгөө баглан Бурханаас тусгаарлаж, сатанлаг гүн ухааныг ашиглан өөрийгөө хамгаалахыг хүсдэг. Миний юу нь болохгүй байна вэ?” гэдэг. Энэ нь хүмүүст үнэн байдаггүй, тэд сатанлаг гүн ухаанаар амьдарсаар, сатаны хяналтад байсаар байгааг харуулдаг. Энэ бол сатанлаг уг чанараас нь шалтгаалсан хүмүүсийн өрөвдмөөр дүр юм—үнэнийг хэрэгжүүлэхэд тэдэнд хэцүү байдаг. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь амь-оролтод хамгийн том саад болдог. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол хүн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханы ажлыг олж авч, үнэн-бодит байдалд ороход хэцүү. Та нар бүгдээрээ үүнийг туулж байсан уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Чи өөрийгөө эргэцүүлж, мэдэхийг хичээж, үнэнийг хэрэгжүүлэхэд чинь ямар зүйл саад болж байгааг олж харах ёстой. Гол нь энэ асуудлыг шийдвэрлэх явдал юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?