Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна (II хэсэг)
Үнэнийг эрэлхийлэх нь эрдмийн салбар хөөцөлдөхтэй адил төвөгтэй эсвэл хэцүү юу? Энэ нь үнэндээ тийм ч хэцүү биш, зүгээр л хүн үнэнийг хайрладаг эсэхээс хамаарна. Үнэнийг эрэлхийлэх нь өөрөө хэцүү биш; энэ нь шинжлэх ухааны тусгай нэг салбарыг судлахаас бага хүчин чармайлт шаарддаг—амьжиргаагаа залгуулахаас ч хялбар. Яагаад тэр вэ? Үнэний бодит байдал бол хэвийн хүн чанартай хүмүүсийн амьдран харуулах, эзэмших ёстой зүйл юм. Энэ нь хүмүүсийн хэвийн хүн чанартай холбоотой тул тэдний бодол, үзэл санаа, бодож байгаа бүх зүйл, өдөр тутмын амьдрал дахь бүх үйлдэл, зан авир, эсвэл оюун ухаанаас нь салшгүй. Үнэн бол онол биш, академийн салбар ч биш, мэргэжил ч биш. Үнэн хоосон биш. Үнэн нь хэвийн хүн чанартай нягт холбоотой—үнэн бол хэвийн хүнд байх ёстой амь юм. Энэ нь чиний бүх дутагдал, муу зуршил болон сөрөг, эндүү ташаа бодлыг засаж залруулж чадна. Энэ нь сатанлаг зан чанарыг чинь өөрчилж, чиний амь болж, чамд хүн чанар, эрүүл ухаантай байх боломж олгож, чиний бодол санаа, сэтгэлгээг хэвийн болгож чадна—энэ нь чиний бүх хэсгийг хэвийн болгож чадна. Хэрвээ үнэн чиний амь болбол амьдран харуулж буй зүйл, хүн чанарын бүх илчлэл чинь хэвийн болно. Тиймээс үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх нь бүдэг бадаг, ойлгомжгүй зүйл биш, тийм хэцүү зүйл ч биш. Яг одоо та нар үнэнийг бага зэрэг хайрлаж, илүү сайн болохоор чармайхад бэлэн байгаа хэдий ч замдаа огтхон ч ороогүй байна. Эхний алхам үргэлж хамгийн хэцүү байдаг. Үнэнийг хэрэгжүүлж, сайхан амтыг нь амталж чадах л юм бол үнэнийг эрэлхийлэх нь амархан зүйл гэж бодогдоно.
Хэрвээ хүн үнэнийг өөрийн амь гэж үзэхгүй, үргэлж завхарсан зан чанар дотроо амьдардаг бол энэ нь яаж илэрдэг вэ? Хүн үнэнийг олж аваагүй байх үедээ сатанлаг уг чанарынхаа хязгаарлалт, хүлээсээс ангижирч угаасаа чадахгүй. Тэднээс гардаг завхарсан зан чанар нь угаасаа биеэ тоосон, ихэрхүү зан, хуулийг гууль болгосон, дур зоргоороо, бодлогогүй, худалч, хууран мэхэлсэн, дотуур тамиртай, ов мэхтэй, алдар нэр, ашиг сонирхлыг эрэлхийлсэн, ашиг хонжоо хайсан, аминч, жигшүүртэй зан юм. Түүнчлэн бусад хүмүүстэй харилцахдаа тэд бусдад үл итгэх, бусдыг шүүмжлэх, дайрч давшлах хандлагатай байдаг. Тэд үргэлж өөрсдийн дур сонирхолд тулгуурлан ярьж, үйлддэг; үргэлж хувийн санаархал, зорилготой байдаг бөгөөд үргэлж бусдын талаар өрөөсгөл ойлголт тээдэг. Алдаа, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ үргэлж сөрөг болдог. Заримдаа тэд хэтэрхий биеэ тоосон байдаг; заримдаа өөрсдийгөө газарт булж ч чадахуйц сөрөг болдог. Тэд үргэлж туйлширдаг—араа шүдээ ярзайлгаж, хумс хуруугаа арзайлгаагүй байгаа бол сөрөг болж, өрөвдөлтэй дүр эсгэхээр оролддог. Тэд хэзээ ч хэвийн байдаггүй. Энэ бол та нарын одоо байгаа байдал. Та нар зовж шаналж, төлөөс төлөхөд бэлэн, шийдвэр, шийдэмгий байдлаар дүүрэн байгаа ч үнэн-бодит байдал та нарт байхгүй. Хэрвээ хүн үнэн-бодит байдлыг амиа болгосон бол энэ нь яаж илрэх вэ? Юуны өмнө тэд Бурханд дуулгавартай байж, хүний төрхийг амьдран харуулж чадна; тэд үнэнч шударга, амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн байх болно. Амь зан чанарын өөрчлөлтийн хэд хэдэн онцлог шинж байдаг. Эхний онцлог шинж нь зөв, үнэнд нийцдэг зүйлд дуулгавартай байж чаддаг байх явдал юм. Хэн ч санаа бодлоо хэлсэн, тэр хүн нь хөгшин байна уу, залуу байна уу, чи түүнтэй эвтэй байж чаддаг байна уу, үгүй байна уу, түүнийг мэддэг байна уу, үгүй байна уу, түүнтэй танил байна уу, үгүй байна уу, түүнтэй харилцах харилцаа чинь сайн байна уу, муу байна уу хамаагүй хэлж байгаа зүйл нь зөв, үнэнд нийцдэг, Бурханы гэрийн ажилд тустай л бол чи өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүйгээр тэрийг сонсож, зөвшөөрч, хүлээн авч чадна. Зөв, үнэнд нийцсэн зүйлийг хүлээн авч, дуулгавартай байж чаддаг байх нь эхний онцлог шинж юм. Хоёр дахь онцлог шинж нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж чаддаг байх; энэ нь зөвхөн үнэнийг хүлээн авч чаддаг байхаас гадна үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд асуудлыг өөрийн хүслээр шийдвэрлэхгүй байх юм. Чамд юу ч тохиолдсон бай, тодорхой харж чадахгүй байх үедээ чи эрж хайж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үнэн-зарчимд нийцэж, Бурханы шаардлагыг хангахуйц байдлаар хэрхэн хэрэгжүүлэхийг харж чадна. Гурав дахь онцлог шинж нь ямар ч асуудалтай тулгарсан Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханд дуулгавартай болохын тулд махан биеийг эсэргүүцэх явдал юм. Ямар ч үүрэг гүйцэтгэж байсан чи Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэнэ. Энэ үүргийн хувьд Бурхан ямар ч шаардлага тавьсан бай, чи үүргээ гүйцэтгэж байхдаа тэдгээр шаардлагын дагуу үйлдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үйлдэнэ. Чи энэ зарчмыг ухамсарлаж, үүргээ хариуцлагатайгаар, үнэнчээр гүйцэтгэх ёстой. Бурханы хүслийг харгалзан үзэх гэдэг нь энэ юм. Хэрвээ чи тодорхой нэг асуудал дээр хэрхэн Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаа мэдэхгүй байгаа бол эрж хайх ёстой. Та нар зан чанарын өөрчлөлтийн энэ гурван онцлог шинжтэй өөрийгөө харьцуулж үзээд ийм онцлог шинжтэй эсэхээ шалгах ёстой. Хэрвээ энэ гурван чиглэлээр бодит туршлага, хэрэгжүүлэлтийн замтай бол чи асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэнэ. Чамд юу тохиолдож, ямар асуудал тулгарч байгаагаас үл хамааран чи хэрэгжүүлэлтийн зарчим юу болох, үнэн-зарчим бүрд ямар нарийн ширийн зүйл багтсан, зарчмыг зөрчихгүйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар үргэлж эрж хайх ёстой. Эдгээр асуудлыг тодорхой ойлгосны дараа чи үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ аяндаа мэдэж авна.
Бүх зүйл сайхан байхад зарим хүн илт завхарсан зан чанар гаргадаггүй мэт харагддаг учраас өөрсдийгөө сайн, өөрчлөгдсөн, үнэн-бодит байдалтай гэж боддог. Гэвч уруу таталт юм уу үнэн-зарчимтай холбоотой чухал асуудал тэдэнд тохиолдоход завхарсан зан чанар нь илчлэгддэг. Тэд сөрөг байдалд автаж, төөрөлдөж, хэрэгжүүлэх зөв арга замыг мэдэхгүй, бэрхшээлээр хүрээлүүлдэг. Жишээ нь, үнэнч шударга хүн байж, үнэнээ хэлэх нь үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Үнэнээ хэлэх гэж хичээх үед чамд ямар бэрхшээл тулгардаг вэ? Ямар саад тотгор тулгардаг вэ? Ямар зүйл үнэнээ хэлэхэд чинь саад болж, хязгаарлаж, хүлдэг вэ? Нэр нүүр, байр суурь, нэрэлхүү зан, түүнчлэн чиний сэтгэл хөдлөл, хувийн дур сонирхол—энэ бүхэн хэдийд ч гарч ирж болох бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд хүмүүст саад болж, хязгаарладаг. Эдгээр нь завхарсан зан чанар юм. Чи ямар ч нөхцөл байдалд байсан завхарсан зан чанар чиний байдлыг хэвийн бус болгож, элдэв янзын сөрөг зүйлийг бий болгож, чамайг бүх талаар хязгаарлаж, хянаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд үйлчлэхэд чинь чамайг саатуулж, хүндрэл учруулдаг. Энэ бүхэн чамайг асар их ядраана. Гаднаа хүмүүс эрх чөлөөтэй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ завхарсан, сатанлаг зан чанартаа чанга хүлэгдсэн байдаг. Тэд сонголт хийх ямар ч эрх чөлөөгүй, ганц алхам хийхэд хүртэл туйлын хэцүү байдаг бөгөөд ядарч туйлдсан амьдралаар амьдардаг. Үнэнээ хэлж, ямар нэг бодит зүйл хийхэд ихэвчлэн тэднээс маш их хүчин чармайлт шаардагддаг. Тэд хүссэн ч үүргээ сайн гүйцэтгэж, Бурханд үнэнч байж чаддаггүй, хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг гэрчлэхийг хүсвэл энэ нь бүр ч хэцүү байх болно. Хэчнээн ядаргаатай гээч! Тэд завхарсан, сатанлаг зан чанарынхаа торонд амьдарч байгаа бус уу? Тэд Сатаны харанхуй нөлөөн дор амьдарч байгаа бус уу? (Тийм.) Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижрах вэ? Үнэнийг хэрэгжүүлж, амь-оролтод орохоос өөр зам бий юу? Огт байхгүй. Уламжлалт соёлын мэдлэг хүмүүсийг аварч, Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадах уу? Библийн мэдлэгийг ойлгодог бол яах вэ? Сүнслэг хоосон сургаалыг ярьж чаддаг бол яах вэ? Үгүй ээ, эдгээрийн аль нь ч хүмүүсийг аварч, Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадахгүй. Бурханы ажил болон Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч байж л завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна; тэгж байж л хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг олж авч, Сатаны нөлөөллөөс ангижирч чадна. Хэрвээ хүн сайн хүн байхаар чармайж, ямар нэг муу зүйл хийдэггүй ч зан чанараа өөрчлөөгүй бол Сатаны нөлөөллөөс ангижирч чадах уу? Хүн Тао Тэ Чинг, Буддын судар, эсвэл уламжлалт соёлыг судалснаар үнэнийг олж авч чадах уу? Бурханыг мэдэж авч чадах уу? Уламжлалт соёлтой зууралдаад, үнэнийг эрэлхийлдэггүй бол завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж чадах уу? Бурханы авралд хүрч чадах уу? Ингэж байгаа хүмүүс өөрсдийгөө хууран мэхэлж байгаа бөгөөд ямар ч асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Олон жил Бурханд итгэсэн ч итгэл нь будилуу хэвээр байгаа маш олон хүн бий. Тэд үнэнийг эрэлхийлэх сонирхолгүй; үүргээ гүйцэтгэж байгаадаа л сэтгэл ханадаг. Тэд ёрын муу зүйл хийхгүй байх юм уу аль болох бага хийж, сайн сайхан, буяны үйлс илүү их хийж, бусдад хайраар тусалж, чуулганыг хэзээ ч орхихгүй, Бурханаас урвахгүй л бол бусад хүнд таалагдаж, Бурханы таалалд нийцэж, Бурханы хаанчлалд хувь хүртэнэ гэж боддог. Энэ санаа хэрэгжих боломжтой юу? Сайн хүн байснаар завхарсан зан чанараасаа ангижирч чадах уу? Ийм маягаар авралд хүрч чадах уу? Тэд хаанчлалд хувь хүртэх үү? Та нар бүгд харж байгаа, энэ дэлхий дээр сайхан үг хэлдэг “сайн хүн” гэгдэгсэд олон байдаг—хэдийгээр гаднаа тэд ямар ч айхтар ёрын мууг үйлдээгүй мэт боловч үнэн хэрэгтээ маш ов мэхтэй, зальжин байдаг. Тэд юмны аясыг дагаж, аятайхан, зальжин байдлаар ярихдаа гарамгай. Тэд бол хоёр нүүртэй, хуурамч сайн хүмүүс—зүгээр л сайн дүр эсгэж байгаа. Дундыг баримталдаг хүмүүс бол хамгийн дотуур тамиртай хүмүүс. Тэд хэнийг ч гомдоодоггүй, аятайхан, залирхаг, бүх нөхцөл байдалд санал нийлж чаддаг ба хэн ч тэдний алдааг олж харж чаддаггүй. Тэд яг л амьд Сатантай адил! Та нарын дунд ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Ингэж амьдрах нь ядаргаатай гэж та нар бодохгүй байна уу? (Тийм ээ, ядаргаатай.) Тэгвэл та нар өөрчлөх арга замыг бодож үзсэн үү? Яаж өөрчлөх вэ? Хаанаас ахиц дэвшил эхлэх ёстой вэ? (Үнэнийг хэрэгжүүлснээр.) “Үнэнийг хэрэгжүүлснээр”, “үнэнийг ойлгосноор”, “үнэн-бодит байдалд орсноор” гэж бүү хэл. Энэ бол асар том үг бөгөөд хүн хүрч чадахгүй учраас ийм үг хоосон санагддаг. Үүний оронд бид нарийн ширийн зүйлээс эхлэх ёстой. (Үнэнч шударга хүн байснаар.) Энэ бол тодорхой хэрэгжүүлэлт юм. Үнэнч шударга хүн бай, арай дэлгэрэнгүй хэлэх юм бол: Энгийн, нээлттэй, юуг ч нуудаггүй, худлаа ярьдаггүй, хэл амаар дайрдаггүй хүн бай, шударга ёсны мэдрэмжтэй, үнэн үг хэлж чаддаг шулуухан хүн бай. Хүмүүс эхлээд үүнд хүрэх ёстой. Чуулганы ажлыг үймүүлэх зүйл хийдэг нэг ёрын муу хүн байлаа, удирдагч нөхцөл байдлыг илүү сайн ойлгохоор чам дээр ирлээ гэж бодъё. Чи хэн хийснийг мэдэж байгаа ч тэр хүнтэй сайн харилцаатай, түүнийг гомдоохыг хүсэхгүй байгаа тул мэдэхгүй гэж худлаа хэллээ. Удирдагч илүү нарийвчлан асуухад чи булзааруулж, тэр ёрын муу хүнийг нуух шалтаг гаргана. Энэ нь ов мэхтэй байдал биш гэж үү? Чи удирдагчид нөхцөл байдлын талаар үнэнийг хэлээгүй, харин нуусан. Чи яагаад ингэдэг юм бэ? Учир нь чи хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Чи хүн хоорондын харилцааг хамгаалж, хэнийг ч гомдоохгүй байхыг эн тэргүүнд тавьж, үнэнээ хэлж, үнэнийг хэрэгжүүлэхийг сүүлд нь тавьдаг. Чамайг юу хянаж байна вэ? Сатанлаг зан чанар чинь чамайг хянаж, чиний амыг таглаж, үнэнийг хэлэхэд саад болсон—чи зөвхөн сатанлаг зан чанараараа л амьдарч чаддаг. Завхарсан зан чанар гэж юу вэ? Завхарсан зан чанар бол сатанлаг зан чанар бөгөөд завхарсан зан чанараараа амьдардаг хүн бол амьд Сатан юм. Түүний яриа үргэлж уруу татсан, тойруу байх бөгөөд хэзээ ч шууд хэлдэггүй; үхтлээ зодуулсан ч үнэнээ хэлэхгүй. Хүний завхарсан зан чанар хэтэрхий ноцтой болох үед ийм зүйл тохиолддог; тэд хүн чанараа бүрмөсөн алдаж, диавол болдог. Та нарын ихэнх нь бусадтай харилцах харилцаа, бусад хүний дундах байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд Бурханд халдаж, Бурханыг хуурахыг илүүд үзнэ. Ингэж авирладаг хүн үнэнийг хайрладаг уу? Үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Тэд бол улайм цайм Бурханыг хуурдаг, өчүүхэн төдий ч Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс юм. Тэд Бурханыг хуурч зүрхэлдэг; тэдний амбиц, тэрслүү байдал үнэхээр их байж таарна! Ийм хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө Бурханыг хайрлаж, Бурханаас эмээдэг гэж боддог бөгөөд “Би Бурханы тухай бодох бүрдээ Бурхан ямар хэмжээлшгүй, ямар агуу, ямар ойлгошгүй юм бэ гэж боддог! Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, Бурханы хайр үнэхээр бодит!” гэж үргэлж хэлдэг. Чи сайхан үг хэлж болох ч чуулганы ажлыг үймүүлж байгаа ёрын муу хүнийг харвал илчлэхгүй. Чи бол бялдууч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын оронд зөвхөн өөрийнхөө алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг хамгаалдаг. Хэрэг явдлын үнэн мөнийг мэдэж байхдаа чи булзааруулж, үнэнээ хэлэлгүй, ёрын муу хүмүүсийг хамгаалдаг. Хэрвээ чамаас үнэнийг хэлэхийг хүсвэл чамд маш хэцүү байх болно. Үнэнээ хэлэхээс зайлсхийхийн тулд л чи маш их утгагүй юм ярьдаг! Ярьж байхдаа өөрийнхөө нэр хүнд, нэр нүүрийг хамгаалах гэсэндээ чи тойруу байдлаар ярьж, өчнөөн их юм бодож, үнэхээр ядаргаатай амьдардаг! Ийм маягаар авирладаг хүмүүс Бурханд таалагддаг уу? Бурхан ов мэхтэй хүмүүсийг хамгийн их жигшдэг. Хэрвээ чи Сатаны нөлөөллөөс ангижирч, авралд хүрэхийг хүсвэл үнэнийг хүлээн авах ёстой. Юун түрүүнд үнэнч шударга хүн болохоос эхлэх ёстой. Илэн далангүй бай, үнэнийг хэл, сэтгэл хөдлөлдөө бүү авт, дүр эсгэлт, заль мэхээ хойш тавь, зарчимтай байдлаар асуудлыг ярьж, шийдвэрлэ—энэ нь амар хялбар, аз жаргалтай амьдрах арга зам бөгөөд чи Бурханы өмнө амьдарч чадна. Хэрвээ чи үргэлж Сатаны гүн ухаанаар амьдарч, худал хуурмаг, заль мэхэнд найдсаар өдөр хоногийг өнгөрөөдөг бол Сатаны эрх мэдэл дор, харанхуйд амьдарна. Хэрвээ чи Сатаны ертөнцөд амьдарвал улам л ов мэхтэй болно. Чи олон жил Бурханд итгэж, маш олон номлол сонссон ч завхарсан зан чанар чинь хараахан ариусгагдаагүй, одоо ч гэсэн сатанлаг зан чанараараа амьдарсаар байна—чи үүнийгээ жигшихгүй байна уу? Ичихгүй байна уу? Бурханд хэр удаан итгэсэн чинь хамаагүй, хэрвээ шүтлэггүй хүнтэй адил хэвээр байгаа бол чи Бурханд итгээд ямар хэрэгтэй юм бэ? Бурханд ингэж итгэснээр чи үнэхээр авралд хүрч чадах уу? Чиний амьдралын зорилго өөрчлөгдөөгүй, зарчим, арга барил чинь ч өөрчлөгдөөгүй; шүтлэггүй хүнд байхгүй цорын ганц зүйл чинь “итгэгч” гэх цол юм. Хэдийгээр чи гаднаа Бурханыг дагадаг ч амь зан чанар чинь огт өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи авралд хүрэхгүй. Чи хоосон найдлага тээж байгаа бус уу? Бурханд ингэж итгэх нь үнэн болон амийг олж авахад чинь тус болж чадах уу? Яавч үгүй.
Өнөөдөр бид зан чанарын өөрчлөлтийн гурван онцлог шинжийн талаар нөхөрлөлөө. Тэр гурван онцлог шинжийг нэгтгэн дүгнэ. (Эхний онцлог шинж нь зөв, үнэнд нийцдэг зүйлийг хүлээн авч, дуулгавартай дагах чадвар. Хоёр дахь онцлог шинж нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх, аливаа асуудлыг өөрийн хүслээр шийдвэрлэхгүй байх чадвар. Гурав дахь онцлог шинж нь чамд юу ч тохиолдсон, Бурханы хүслийг бодолцон үзэж, махан биеийг эсэргүүцэж, Бурханд дуулгавартай байх чадвар.) Та нар бүгд энэ гурван онцлог шинжийн талаар тунгаан бодож, нөхөрлөх ёстой. Бодит амьдрал дээр өөрсдийгөө эдгээртэй харьцуулж, эдгээрийг хэрэгжүүлэх, эдгээрт ороход өөрийгөө дадлагажуулах ёстой—ийм маягаар та нар үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Үнэний аль талыг нөхөрлөж байгаагаас үл хамааран үнэнийг хайрладаг хүмүүст үүнийг хүлээн авах амархан байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн хүмүүс үнэнийг олж авч чадна, үнэнийг олж авсан хүмүүс зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаггүй учраас үнэнийг олж авч чадахгүй. Хүн үнэнийг олж авах, эсвэл зан чанараа өөрчилж чадах эсэх нь түүний хувийн эрэл хайгуулаас хамаарна.
2015 оны 8 дугаар сарын 16
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?