Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт (II хэсэг)

Фарисайчууд гэж үнэндээ юу болохыг та нар мэдэх үү? Та нарын эргэн тойронд фарисайчууд байдаг уу? Энэ хүмүүсийг яагаад “фарисайчууд” гэж нэрлэдэг вэ? Фарисайчуудыг хэрхэн тайлбарлах вэ? Тэд хоёр нүүртэй, тэр чигтээ хуурамч, хийдэг бүхэндээ дүр эсгэдэг. Тэд яаж авирладаг вэ? Тэд сайн, сайхан, эерэг дүр эсгэдэг. Тэд үнэндээ тийм байдаг уу? Огтхон ч үгүй. Тэд хоёр нүүртэй байдаг тул тэднээс илэрч харагддаг бүх зүйл нь худал хуурмаг; бүгд дүр эсгэлт байдаг—энэ нь тэдний үнэн төрх биш. Тэдний үнэн төрх хаана нуугддаг вэ? Энэ нь бусдад огт харагдахааргүйгээр, зүрх сэтгэл дотор нь нуугдаастай байдаг. Гаднах бүх юм нь дүр эсгэлт, бүгд хуурамч, гэхдээ тэд зөвхөн хүмүүсийг хуурч чадна; Бурханыг хуурч чадахгүй. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулдаггүй бол, үнэнийг үнэхээр ойлгож чадахгүй, иймээс тэдний үг хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй, тэр үг бол үнэн-бодит байдал биш, харин бичиг үсэг, хоосон сургаал юм. Зарим хүн бичиг үсэг, хоосон сургаалыг тоть шиг давтахад л анхаарч, хамгийн дээд номлолыг номлодог хэнийг ч болов дуурайдаг бөгөөд үр дүнд нь хэдхэн жилийн дотор бичиг үсэг, хоосон сургаал ярихдаа улам ахиц гаргаж, улмаар олон хүнээр бишрүүлж, шүтүүлдэг, дараа нь дүр эсгэж, юу хэлж, хийхдээ ихээхэн анхаарал хандуулж, өөрсдийгөө тун үнэн сүсэгтэй, сүнслэг харагдуулдаг. Тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахын тулд эдгээр сүнслэг онол гэгчийг ашигладаг. Энэ бол тэдний хаа ч явсан ярьдаг, хүмүүсийн үзэлтэй нийцдэг боловч ямар ч үнэн-бодит байдалгүй өнгөн дээрээ үнэмшилтэй зүйлс юм. Эдгээр зүйлийг буюу хүмүүсийн үзэл, дур сонирхолд нийцдэг зүйлсийг номлосноор тэд олон хүнийг төөрөлдүүлдэг. Бусдад, ийм хүмүүс нь маш үнэн сүсэгтэй, даруу төлөв мэт санагддаг боловч үнэндээ хуурамч; тэд хүлээцтэй, тэвчээртэй, хайр энэрэлтэй юм шиг байдаг ч үнэндээ бол дүр үзүүлдэг; тэд Бурханд хайртай гэдэг боловч үнэндээ дүр эсгэдэг. Бусад нь энэ хүнийг ариун гэж боддог ч тэр үнэндээ хуурамч юм. Үнэхээр ариун хүнийг хаанаас олж болох вэ? Хүний ариун байдал бүгд хуурамч. Бүгд дүр эсгэж, дүр үзүүлж байгаа хэрэг. Гаднаа тэд Бурханд үнэнч харагддаг ч үнэндээ зүгээр л бусдад харуулахын тулд үйлдэж байдаг. Хэн ч хараагүй байх үед тэд өчүүхэн ч үнэнч биш бөгөөд хийдэг бүхэн нь ёс төдий байдаг. Гаднаа тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг ба гэр бүл, ажил албаа орхисон. Гэхдээ тэд нууцаар юу хийж байдаг вэ? Тэд чуулганд өөрсдийн ажил хэрэг, үйл ажиллагааг явуулж, Бурханы төлөө ажиллах нэрийдлээр чуулганаас ашиг хийж, нууцаар тахил хулгайлж байдаг... Энэ хүмүүс бол орчин цагийн хоёр нүүрт фарисайчууд юм. Фарисайчууд хаанаас гарч ирдэг вэ? Тэд шүтлэггүй хүмүүсийн дундаас гарч ирдэг үү? Үгүй, тэд бүгд итгэгчдийн дундаас гарч ирдэг. Энэ хүмүүс яагаад фарисайчууд болдог вэ? Хэн нэгэн тэднийг тийм болгосон юм гэж үү? Мэдээжийн хэрэг тийм биш. Шалтгаан нь юу вэ? Энэ нь тэдний уг чанар-мөн чанар ямар вэ гэдгээс шалтгаалдаг, бас энэ нь тэдний сонгосон замаас болдог. Тэд Бурханы үгийг номлох, чуулганаас ашиг олох хэрэгсэл болгож л ашигладаг. Тэд оюун санаа, хэл амаа Бурханы үгээр зэвсэглэж, хуурамч сүнслэг онолыг номлож, өөрсдийгөө ариун мэт харагдуулж, тэгээд үүнийгээ чуулганаас ашиг олох зорилгодоо хүрэх хөрөнгө болгож ашигладаг. Тэд ердөө хоосон сургаал номлодог атлаа үнэнийг хэзээ ч хэрэгжүүлээгүй. Бурханы замыг хэзээ ч дагаагүй мөртөө үг, хоосон сургаал номлосоор байдаг хүмүүс ямархуу хүмүүс вэ? Тэд бол хоёр нүүртэй фарисайчууд юм. Тэдний шалихгүй, сайн зан авир, сайн үйлдэл гээч зүйл, мөн орхисон, зарлагадсан өчүүхэн зүйлс нь тэр чигтээ өөрсдийнхөө хүслийг хязгаарлаж, хааж боосноор хийгддэг. Тэдгээр үйлдэл нь бүхэлдээ хуурамч, бүгд дүр эсгэлт юм. Энэ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас өчүүхэн төдий ч эмээдэггүй, мөн тэдэнд Бурханд итгэх ямар ч жинхэнэ итгэл байдаггүй. Үүнээс гадна, тэд бол үл итгэгчид. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол ийм замаар алхаж, фарисайчууд болно. Ингэвэл аймшигтай бус уу? Фарисайчуудын цугладаг шашны газар нь зах зээлийн газар болж хувирдаг. Бурханы нүдээр энэ нь шашин юм; энэ нь Бурханы чуулган биш, мөн Бурханыг шүтэн мөргөдөг газар биш. Иймээс хэрвээ хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй бол Бурханы айлдварын талаар хэчнээн олон махчилсан үг, хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэлээ ч ямар ч нэмэргүй байх болно. Зарим хүн “Хэчнээн зэвсэглэсэн ч нэмэргүй учраас би зүгээр л өөрийгөө огт зэвсэглэхгүй” гэж хэлдэг. Тэд юу хэлж байна вэ? Энэ нь утгагүй хэрэг биш үү? Энэ нь дэмий үг биш гэж үү? Эдгээр үгийг нөхөрлөх Миний зорилго юу вэ? Бурханы үгээр өөрийгөө зэвсэглэхэд чинь саад болж байна уу? (Үгүй.) Чи өөрийгөө Бурханы үгээр зэвсэглэх ёстой, гэхдээ ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол чи ямар нэгэн байдлаар Бурханы үгийг ашиглан өөрийгөө боож баглах гээгүй, мөн чуулганаас ашиг олох гэсэндээ капитал болгон ашиглах гээгүй, бүр бусад руу дайрах зэвсэг болгон ашиглах гээгүй. Бурханы үг юу вэ? Бурханы үг бол хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэдэг үнэн, зам, амь юм. Хэрэв чи эдгээр үгийг төгс хэрэглэж, хэрэгжүүлбэл үнэнийг олж авна; үнэн нь хоосон сургаал эсвэл зүгээр чамд хэлсэн үг биш, харин чиний амь-бодит байдал байх болно. Үнэнийг олж авсан цагт чи амийг олж авсан байх болно.

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг тухай сая ярьсан сэдэв дээрээ Би нэгэн түүх хуваалцъя: Баян хүнтэй гэрлэсэн нэгэн сайхан бүсгүй байжээ. Ийм гэрлэлтийг дэлхий нийт яаж хардаг вэ? Сайхан бүсгүй баян эрийн мөнгөний араас хөөцөлдөж, баян эр сайхан бүсгүйн царай зүсний араас хөөцөлдсөн; тэд тус бүрдээ өөртөө хэрэгтэй зүйлийг авч, жинхэнэ хайр гэж байгаагүй—энэ бол гүйлгээний гэрлэлт. Дэлхий ертөнцийн төсөөллөөр бол энэ сайхан бүсгүй мөнгийг үрэлгэн зарцуулж, тансаглаж амьдрах нь тодорхой гэж үзсэн ч тэр тэгээгүй. Тэр жирийн гэрийн эзэгтэй шиг амьдарч, гэрийн ажил хийж байсан; өдөр бүр хичээнгүй, ухамсартай, нөхөртөө болон гэр бүлдээ сайн хандаж байсан тул түүнийг ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй гэж хэлдэг байв. Харин баян эр түүнд яаж хандсан бэ? Юуны түрүүн тэр энэ сайхан бүсгүйг өөртэй нь жинхэнээсээ хамт амьдарч чадахгүй байх вий, гэрлэлт нь удаан үргэлжлэхгүй байх вий гэж санаа зовж, бүх баялаг, чухал зүйлээ өөртөө хадгалдаг байв. Тэр бүх зүйлээ эхнэрийнхээ хяналтад байлгахын оронд өөрийнхөө нэр дээр байлгасан. Гэвч сайхан бүсгүй энэ бүхнийг тоосонгүй. Нөхөр нь түүнд яаж ч хандсан, түүнд итгэхгүй байсан ч, санхүүгийн хувьд хязгаарласан ч тэр ямар ч дургүйцэл, таагүй байдал харуулаагүй. Харин ч тэр илүү хичээнгүй байсан. Хэдэн жилийн дараа сайхан бүсгүй хэд хэдэн хүүхэдтэй болж, урьдын адил сайн эхнэр, хайрт ээжийн хувиар гэр бүлээ бүхэлд нь халамжилсаар байсан; тэр нөхөртөө дуулгавартай, эелдэг, халамжтай байсан. Эцэст нь нэг өдөр баян эр эхнэрээ өөрийнх нь төсөөлж байсан шигээ биш гэдгийг мэдэрсэн: Тэр баялгийнх нь араас, бас материаллаг зүйлийнх нь араас хөөцөлдөөгүй. Түүнд жирийн амьдралаас хэтэрсэн илүү шаардлага байгаагүй бөгөөд гэр бүлээ зохицуулахын тулд залуу нас, гадаад төрх, цаг хугацаагаа асар их зарцуулсан. Тэр гэр бүлийнхээ төлөө хичээнгүй, ухамсартай байсан бөгөөд хэзээ ч гомдоллоогүй. Баян эрийн сэтгэл хөдөлсөн. Сэтгэл нь хөдөлсний дараа тэр хамгийн түрүүнд юу гэж бодсон бэ? Тэр “Аан, эхнэр маань үнэхээр найдвартай ч би түүнд эргэлзэж, түүнээс сэргийлжээ. Би түүнд ингэж хандсан нь шударга бус байжээ. Би түүнд бүх эд баялаг, бүх зүйлээ хариуцуулж өгөх ёстой, учир нь тэр бол миний жинхэнэ хайр, миний хамгийн ихээр итгэх ёстой хүн, миний итгэлийг хүлээх хамгийн зохистой хүн. Хэрэв би түүнд итгэхгүй, түүнээс сэргийлэх юм бол түүнд шударга бус хандсан болно. Тийм зан авир ёс жудаггүй хэрэг. Тэр хэдийн олон жилийн шалгалтыг туулсан, би түүнд цаашид эргэлзэж болохгүй” гэж бодохгүй гэж үү? Бүх бодит баримтыг хараад ийм бодол төрсөн бус уу? (Тийм.) Ийм бодол нь хүний шүүлтээс гарч ирдэг. Түүнд тохиолдсон зүйлд түүний зан авирыг ажигласнаар түүний талаар дүгнэлт гаргаж, энэ нь түүний тухай тодорхойлолтыг бий болгосон. Тиймээс баян эрийн сэтгэл хөдлөхөд бүх баялгаа эхнэрийнхээ нэр дээр болгож, эхнэртээ бүрэн итгэж байгаагаа баталж, олон жилийн үнэнч байдал, нөхөртөө оруулсан хөрөнгө оруулалтыг нь хариулсан. Ихэнх хүний хувьд энэ нь хүний мөс чанар, шүүлт, ёс суртахуун, ёс зүйд нийцдэг. Асуудал ингээд дууссан уу? (Үгүй.) Баян эр хуулийн дүрэм журам дамжсаны дараа бүх баялгаа эхнэрийнхээ нэр дээр болгожээ. Нэгэн өдөр баян хүн хоолоо идэхээр гэртээ ирсэн бөгөөд үүдээр ормогцоо уур амьсгал нэг л биш байгааг мэдрэв. Эхнэр нь түүнийг гэртээ тосож авч, юм ярьсангүй, байшин хүйтэн хөндий байлаа. Өдийд ихэвчлэн дүүрэн хоолтой байдаг ширээ яагаад тэр өдөр хоосон байв? Тэр эргэж хартал хоолны ширээн дээр нэг үгийг томоор бичсэн цаас харагдлаа—Баяртай!

Энэ түүх ингээд дууслаа. Та нар бүгдээрээ их, бага ч гэсэн санааг нь ойлгосон байх, тэгвэл энэ түүхийг өгүүлэхийн цаад зорилго юу вэ? (Хүмүүст итгэж болохгүй, тэд хэтэрхий сайн дүр эсгэдэг гэдгийг бидэнд ойлгуулах.) Баян эр хуурамч дүрд хууртжээ. Энэ сайхан бүсгүй маш сайн дүр эсгэсэн; тэр олон жилийн турш ганц ч өө сэв гаргаагүй бөгөөд түүнтэй хамт амьдарсан тэр олон жилийн туршид баян эр өчүүхэн ч сэжүүр олж хараагүй. Энэ сайхан бүсгүй ямар хүн бэ? (Тэр бол хорлонтой, ов мэхтэй, маш зальтай.) Тэр анхнаасаа ийм санаатай байсан уу, эсвэл бүх баялгийг олж авсныхаа дараа л ингэхийг зорьсон уу? (Анхнаасаа.) Баян хүнтэй гэрлэхийн жинхэнэ санаа зорилго юу байсан бэ? Тэр түүнийгээ харуулсан уу? (Үгүй, нуусан.) Тэгвэл тэр өнгөн дээрээ юу харуулсан бэ? (Хуурамч дүр.) Тэр чигтээ хуурамч дүр. Энэ хуурамч дүрийн цаана гүнд нь юу байсан бэ? (Тэр эд баялаг, ашиг хонжоо олохыг хүссэн.) Тэр чин сэтгэлээсээ баян эртэй гэрлээгүй, зөвхөн түүний эд баялгийг л хүссэн. Арав, хорин жил болсон ч бай, эд баялагтай эрийг луйвардаж чадаж л байвал түүнтэй гэрлэх, тэр олон жилийн залуу нас, шаргуу хөдөлмөрөө зарцуулах нь түүнд хамаагүй байсан. Энэ бол түүний зүрх сэтгэлийн хамгийн гүн бодол байв. Түүний энэ бодлынхоо төлөө хийсэн зүйлсийн мөн чанар нь юу байсан бэ? (Дүр эсгэж, хууран мэхлэх.) Үүнийг санаж байх юм уу, эсвэл хүмүүс түүнийг зэвүүцэх ёстой юу? (Зэвүүцэх ёстой.) Энэ нь сайн уу, муу юу? (Муу.) Бүгд муу зүйл. Ямар үндэслэлээр түүний бүх үйлдэл, гаднаа төлсөн төлөөсийг муу гэж тодорхойлж байна бэ? Энэ дүгнэлт хаанаас гардаг вэ? (Түүний үйлдлийн зорилго, эхлэлийн цэгээр.) Тэгэхээр та нар энэ түүхээс юу ойлгож байна вэ? (Хүмүүс гадаад төрхийг хардаг, харин Бурхан хүмүүсийн мөн чанарыг хардаг.) Энэ гарцаагүй. Хүмүүс яагаад гадаад төрхийг хардаг вэ? Хүмүүс үг, үйлдлээс нь бусдын санаа зорилго, сэдлийг олж мэдэж чадах уу? Та нар тэрийг хэрхэн ялган танихаа мэдэх үү? (Бид зарим нэг илэрхий, гаднах түвшний зүйлсийг харж болно.) Та нар зарим гадаад илрэлийг харж болно, гэхдээ чи үнэнийг ойлгож, зарим нэг үнэн-бодит байдлыг эзэмших үед хүмүүсийн мөн чанарыг арай илүү тодорхой харж чадах бус уу? (Тийм.) Бурхан яагаад хүмүүсийн зүрх сэтгэлийг ийм тод харж чаддаг вэ? Учир нь Бурхан бол үнэн, төгс хүчит бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Хүмүүс Бурханы адил бусдыг шүүж чаддаг зөв шүүлтийн стандарттай гэж та нар бодож байна уу? (Үгүй, учир нь хүмүүс бүгд ижил төрлийнх бөгөөд Бурхан бол Бүтээгч.) Хүмүүс бүгд ижил төрлийнх учраас хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Үнэнтэй хүн, үнэнгүй хүний хооронд ялгаа бий юу? Бурханыг мэддэг хүн, мэддэггүй хүний хооронд ялгаа бий юу? Бурханаас эмээдэг хүн, эмээдэггүй хүний хооронд ялгаа бий юу? (Байгаа.) Ямар хүн өөр нэг хүний мөн чанарыг нэвт харж чадах вэ? (Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн.) Эцсийн дүндээ хүн өөр хүний мөн чанарыг хэрхэн харж чадах вэ? Хүмүүсийн тухайд тэд үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалтай болсон цагт л үүнийг ялган таньж чаддаг. Тэгвэл Бурханы тухайд Тэр яагаад хүмүүсийн мөн чанарыг нэвт харж чаддаг вэ? Чи энэ асуудлыг яаж тайлбарлах вэ? Бурхан бол бүх хүн, үйл явдал, юмсыг шүүх стандарт, эерэг, сөрөг бүх зүйлийг шүүх шалгуур гэж хэлж болох уу? (Болно.) Эдгээр үгийн бодит элемент нь юу вэ? Хүний гадаад зан байдал нь сайхан, төгс байж болох ч хэрэв чи үнэн-бодит байдалтай бол тэрээр үнэнийг хэрэгжүүлдэг эсэхийг ялган таньж чадна. Гэтэл чамд үнэн-бодит байдал байхгүй бол гадаад төрхөө маш сайн далдалсан төгс зан авиртай хүн, өө сэвгүй зүсээ хувиргагчийг хараад чи тэр үнэнийг хэрэгжүүлдэг эсэхийг олж харж чадах уу? Чи тэднийг хэрхэн ялган танихаа мэдэхгүй. Үнэн-бодит байдалгүй бол чамд бусдыг шүүх стандарт байхгүй бөгөөд чи тэднийг хэрхэн шүүхээ мэдэхгүй. Гадаад зан авир сайтай, их эелдэг ярьдаг, маш ихээр зовж, зарлагаддаг, гаднаа ямар ч асуудалгүй, алдаа дутагдалгүй хэн нэгнийг харвал чи тэр хүнийг сайн уу эсвэл муу юу гэдгийг, үнэнийг хайрладаг уу эсвэл үнэнийг зэвүүцдэг үү гэдгийг яаж шүүх вэ? Хэрэв чамд шүүлт хийх стандарт байхгүй бол чи тэдний гадаад зан байдал, үйлдэлд амархан сохрох болно. Хэрэв чи сохорч, тэдэнд хууртагдсан бол тэднийг сайн эсвэл муу, сайхан сэтгэлтэй эсвэл хорон муу аль нь болохыг ялган таньж чадах уу? Чадахгүй. Зарим хүн “Үнэнийг ойлгодог хүмүүс бусдын зүрх сэтгэлийг Бурханы адилаар шинжиж чадах уу?” гэж хэлдэг. Хүмүүст ийм чадвар байдаггүй. Хэдийгээр тэд үнэний талаар илүү гүнзгий ойлголттой ч энэ нь тэд үнэний бодит байдалтай гэсэн үг биш юм. Гэхдээ хүн үнэнийг ойлгодог бол өөр хэн нэгэн сайн эсвэл муу хүн эсэх, үнэнийг хайрладаг эсэх, үнэнч шударга эсвэл ов мэхтэй эсэх, Бурханаас эмээдэг эсвэл Бурханы эсрэг тэрсэлж, дайсагнадаг эсэх, мөн Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг уу эсвэл хоёр нүүртэн үү гэдгийг ялган таньж чаддаг. Чи энэ бүх зүйлийг ялган таньж чадна. Эцсийн дүндээ хамгийн чухал нь юу вэ? (Үнэн-бодит байдалтай байх.) Үнэн-бодит байдалгүй хүмүүс юуг ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй; тэд үргэлж тэнэг үйлдэл хийдэг бөгөөд үнэнтэй зөрчилдөж, Бурханыг эсэргүүцэх маягаар үйлддэг. Ийм хүмүүс өрөвдмөөр. Энэ нь хүн үнэнийг олж авч, үнэн-бодит байдалд орж чадах эсэх чухал зүйлийг хөнддөг. Хүмүүс өөрсдөө үнэнийг ойлгодоггүй үедээ бусдыг хэрхэн хардаг вэ? Тэд бусдыг зөвхөн өөрсдийнхөө үзэл, төсөөллөөр харж чаддаг. Тэд өөр хүнийг шүүж, ангилахдаа зөвхөн хэв чанар, мэдлэгийг нь хардаг; гадаад зан байдал нь ёс зүйтэй эсэх, уламжлалт соёл, хүний ёс суртахуунтай нийцэж байгаа эсэх, үйлдэл нь бусдад ашиг тус өгч байгаа эсэхийг л хардаг. Хүний үг, үйлдэл нь үндсэндээ зөв зүйтэй, хүний ёс зүй, ёс суртахууны үзэлтэй бүрэн нийцэж, хүн бүрийн таашаалд нийцэж байгааг харж чадвал тэд тухайн хүнийг сайн хүн гэж ангилна. Гэтэл Бурхан хүмүүсийг хэрхэн ангилдаг вэ? Дүгнэлт гаргахдаа хүмүүсийн ашигладаг арга барил болон эхлэлийн цэг нь Бурхан хүний мөн чанарыг тодорхойлдог стандарт мөн үү? (Биш.) Бурхан тодорхойлолтоо юунд үндэслэдэг вэ? Бурхан хүний уг чанар-мөн чанарыг тодорхойлохдоо тэдний зүрх сэтгэл дэх бодол, үзэл санаа болон үг, үйлдлийнх нь сэдэл дээр үндэслэдэг бөгөөд энэ нь тэдний санаа зорилго, зорилт юм. Чухам энэ шалтгааны улмаас Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг Нэгэн гэж хэлдэг. Хүн бусад хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжиж чаддаг уу? (Үгүй.) Хүмүүс зөвхөн бусдын гадаад илрэл, тэдний үг яриа, далд утгаар илэрхийлэгдсэн санаа зорилгыг л харж чаддаг; сайндаа л хүмүүс эдгээр зүйлийг харж чаддаг учраас зөвхөн харж, сонссон зүйл дээрээ үндэслэн бусдын зан авирыг тодорхойлж чаддаг. Нөгөө талаас Бурхан хүмүүсийг тодорхойлохдоо зөвхөн тэдний үйлдэл, явж буй чиглэл эсвэл тодорхой үйлдлийн чанарыг хардаггүй. Бурхан тэдний хамгийн үнэн бодлыг, тэдний үйлдлийн санаа, зорилго нь үнэндээ юу болохыг, уг чанар-мөн чанар нь юуг бий болгож байгааг, мөн тэдгээр зүйл нь өөрсдийг нь ямар замаар уруудахад хүргэж байгааг харахыг хүсдэг. Эдгээр нь Бурханы хардаг зүйл юм. Тиймээс би та нараас асууя, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг эрэлхийлдэг—“хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн” гэдэг нь юуг хэлээд байна вэ? Энгийнээр хэлэхэд энэ бол хүмүүсийн зүрх сэтгэлийн хамгийн үнэн бодол юм. Тиймээс Бурханы оршихуйн өмнө чи өөрийгөө хэчнээн далдалж, хэчнээн нууж, эсвэл өөртөө зориулж юу ч зохиосон бай хамаагүй, Бурхан чиний бүх үнэн бодол, гүнд чинь нуугдаж буй зүйлс, хамгийн дотоод хэсгүүдийг тодорхой мэддэг; далд, дотоод зүйлс нь Бурханы шинжилтээс мултарч чадах нэг ч хүн байдаггүй. Миний юу хэлж байгааг ойлгож байна уу? Хэдэн арван жилийн амьдрал, зан авираараа тэр сайхан бүсгүй хамгийн ойр дотны хүнээ хуурсан—хэрэв та нарт ийм зүйл тохиолдсон бол та нар ч бас хууртагдахгүй гэж үү? (Тэгэх байсан.) Тэгэхээр тэр зөвхөн нөхрөө хуураад зогсохгүй та нарыг, бусад бүх хүнийг хуурсан гэж хэлэхгүй гэж үү? (Тийм.) Тэр зүрх сэтгэлийнхээ хамгийн үнэн бодлуудыг хэнд ч зарлаагүй, хэнд ч хэлээгүй, үүнээс гадна тэр зүсээ хувиргахдаа ямар ч өө сэвгүй байсан бөгөөд хэн ч үүнийг мэдээгүй. Гэхдээ тэр нэг зүйлийг умартсан—Бурхан хүмүүсийн хийдэг бүх зүйлийг хардаг. Тэр бусдыг хуурч чадсан байж болох ч Бурханыг хуурч чадаагүй. Тэр баян эр гаднаасаа ухаантай юм шиг харагдаж, маш их мөнгө олж чаддаг байсан ч эмэгтэй хүний золиос болсон. Энэ нь түүний түр зуурын хайхрамжгүй байдал байсан уу? (Үгүй.) Тэгээд юунаас болсон бэ? Учир нь тэр бүсгүйг нэвт харж чадаагүй юм. Би энэ түүхээр ямар баримтуудыг та нарт хэлж байна вэ? Бурханд итгэж, биеэ авч явахдаа заавал зөв замаар яв, зальжин, муу арга замтай бүү орооцолд гэж Би та нарт хэлж байна. Зальжин, муу арга зам гэж юу вэ? Бурханд итгэгчид өөрсдийнхөө завхрал, доголдол, алдаа дутагдал болон өөрсдийнхөө муу хэв чанар зэрэг асуудлыг нуун далдлахын тулд жижиг башир арга, ов мэхтэй, зальжин арга, заль мэхэнд найдахыг үргэлж хүсдэг; тэд үргэлж сатанлаг гүн ухаанаар асуудалд ханддаг бөгөөд энэ нь тийм ч муу зүйл биш гэж тэд боддог. Өнгөн түвшний зүйлээр Бурхан болон удирдагчдыгаа баярлуулдаг ч тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, зарчмын дагуу үйлддэггүй. Тэд бусдын үг, хэллэгийг нарийн жинлэж, “Сүүлийн үед миний гүйцэтгэл ямар байгаа вэ? Бүх хүн намайг дэмжиж байгаа юу? Миний хийсэн бүх сайн зүйлийг Бурхан мэдэж байгаа болов уу? Хэрэв Бурхан мэдэж байгаа бол намайг магтах болов уу? Бурханы зүрх сэтгэлд миний байр суурь ямар байгаа вэ? Би тэнд чухал уу?” гэж үргэлж боддог. Үүний утга нь Бурханд итгэдэг хүний хувьд ерөөлийг олж авах уу, эсвэл таягдан хаягдах уу? Үргэлж эдгээрийг тунгаан бодох нь шударга бус, ёрын муу арга биш гэж үү? Энэ бол зөв зам биш, үнэндээ шударга бус, ёрын муу зам юм. Тэгвэл зөв зам нь юу вэ? (Үнэн болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх.) Тийм. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд цорын ганц зөв зам бол үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөх явдал юм. Бурханы хүмүүсийг авралд хөтөлдөг зам л үнэн зам, зөв зам юм.

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг; Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийн хамгийн гүн хэсгүүд, тэдний хамгийн үнэн бодлыг харж чаддаг. Бурхан “Хүмүүс бол өт хорхой юм” гэж хэлэхдээ ямар үндэслэлээр ярьдаг вэ? (Хүний уг чанар-мөн чанарт үндэслэсэн.) Та нар Бурханы ярьдаг, хардаг “өт хорхой”-ны мөн чанар, байдал, илрэлийг задлан шинжилж үзэж байсан уу? Хүний мөн чанарын ямар элементүүдээс болж Бурхан тэдэнд ингэж хэлэхэд хүрдэг вэ? Бурхан яагаад хүмүүсийг өт хорхой гэж хэлдэг вэ? Бурханы нүдээр завхарсан хүн төрөлхтөн Түүний бүтээл болох нь тодорхой; гэтэл хүмүүс бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой үүрэг, хариуцлагаа гүйцэтгэдэг үү? Олон хүн үүргээ гүйцэтгэдэг ч тэдний гүйцэтгэл хэр байна вэ? Тэд үүргээ гүйцэтгэхдээ санаачилга гаргадаггүй; хэрэв тэднийг засаж, сахилгажуулахгүй бол тэд урагшилдаггүй; тэд бага ч гэсэн итгэл, зарим нэг жижиг идэвхтэй элементүүдтэй байхын тулд үргэлж уулзаж, нөхөрлөж, хангагдах шаардлагатай байдаг—энэ нь тэдний завхарсан зан чанар биш үү? (Мөн.) Хүмүүс өөрсдийнхөө байр суурийг мэддэггүй, мөн юу хийх ёстой, юуг эрэлхийлэх ёстой, эсвэл алхах ёстой замаа мэддэггүй; тэр ч байтугай ихэнх тохиолдолд тэд өөрсдийнхөө хүслийн дагуу үйлдэж, хяналтаас гардаг. Хэрэв хүмүүсийг ойр ойрхон усалж, засдаггүй бол, Бурхан руу буцаан чиглүүлэх нөхцөл байдлыг Бурхан байнга зохицуулдаггүй байсан бол хүмүүс юу хийх байсан бэ? Ийм хүн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйгээс гадна ажилдаа сөрөг, хойрго болж, хааш яаш үйлдэж, Бурханыг хууран мэхлэх хүртэл доройтох байсан гэж хэлж болно. Хэрэв хүн гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж чадахгүй бол түүний бүх үйлдлийн чанар ямар вэ? Тэдгээр нь бүгд ёрын муу үйл гэж хэлж болно—тэд зөвхөн ёрын мууг хийдэг! Тэдний өдөржингөө боддог бодол үнэнтэй ямар ч холбоогүй, Бурханы замыг дагахтай огт хамаагүй байдаг. Өдөр бүр тэд юу ч бодолгүй, хүчин чармайлтгүйгээр хангалттай хооллодог; бодсон ч энэ нь үнэн-зарчимтай нийцэхгүй, мөн Бурханы хүнд тавих шаардлагатай огтхон ч холбоогүй байдаг. Тэд Бурханыг огт гэрчлэхгүйгээр саад болж, үймүүлдэг. Тэдний зүрх сэтгэл бие махбодын сайн сайхны араас хэрхэн эрэлхийлэх, байр суурь, нэр хүндийн төлөө хэрхэн тэмүүлэх, бусад хүний дунд хэрхэн бат зогсох, байр суурь, нэр хүндтэй болох тухай бодлоор дүүрэн байдаг. Тэд хүний үйл хэрэгт оролцохгүйгээр Бурханы өгсөн хоолыг идэж, Бурханы хангасан бүхнийг эдэлдэг. Бурхан ийм хүмүүст дургүй—Тэр тэднийг жигшдэг. Зарим хүн ердөө албан байдлаар үүргээ гүйцэтгэдэг. Тэд шүтлэггүй удирдагч шиг ажлыг ажиглахаар чуулганд ирдэг; тэд олон хүнтэй ярьж, хэд хэдэн уриа лоозон чанга хэлж, ах эгч нарыг сургамжилж, бүх хүнийг дуулгавартай үгэндээ оруулдаг, тэгээд л болоо. Тэд хэн нэгнийг хааш яаш, хариуцлагагүйгээр үүргээ гүйцэтгэж байгааг хараад, “Энэ надад ямар ч хамаагүй, миний байр сууринд заналхийлэхгүй байгаа болохоор надад хамаагүй” гэж боддог. Өдрөөс өдөрт тэд ингэж хандаж, хэзээ ч бодит ажил хийдэггүй, ямар ч бодит асуудал шийддэггүй. Энэ ямар хүн бэ? (Юу ч бодолгүй, хүчин чармайлт гаргалгүй өдрийн гурван хоол иддэг хүн.) Тэд өдөр бүр юу хийх ёстойгоо мэддэггүй учраас Бурхан тэднийг таалж байна уу, жигшиж байна уу, эсвэл шинжиж байна уу гэдгийг мэдэлгүйгээр өдөр хоногийг урсгалаар нь өнгөрөөдөг. Тэдний хийдэг зүйл үнэнтэй нийцэж байна уу? Тэд хариуцлагаа биелүүлж байна уу? Тэд үнэнч үү? Тэд хааш яаш байна уу? Тэд хийдэг зүйлээрээ өөрсдийгөө өргөмжилж байна уу? Тэд Бурханыг гэрчилж байна уу? Тэд эдгээрийн алийг нь ч мэддэггүй. Юу ч бодолгүй, ямар ч хүчин чармайлт гаргалгүй өдрийн гурван хоол иддэг хүнийг “хүний хүчийг мөлжигч” гэдэг. Тэд ямар ч бодит ажил хийдэггүй; тэд өөрсдөдөө таваг хоол бэлдэхээс залхуурч, хүмүүсээр хүлээлгэхийг хүсдэг. Энэ ямар хүн бэ? Тэд хаана өдөр бүрийг зүгээр өнгөрөөхөөр байна тэнд байж, хаана сайхан хоол байна тэнд хооллож, хаана тав тухтай унтах газар байна тийшээ явж, өөрсдөд нь зусардах хүн хаана байна тэнд очдог. Ийм хүн, өт хорхой хоёр ялгаагүй биз дээ? (Тийм.) Ямар ч ялгаа байхгүй. Хүмүүсийг эдгээр зан авир дээр нь үндэслээд “өт хорхой” гэж нэрлэх нь шударга бус гэж үү? (Шударга бус зүйл биш.) Хүмүүс ийм доройтсон уг чанараар байнга амьдардаг; бага зэрэг бодит ажил хийснийхээ дараа тэд ололт амжилтаа хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Зарим хүн “Би үүргээ гүйцэтгээд тав, зургаан жил болж байна. Би өдөр бүр үүргээ гүйцэтгэсээр үс минь цайж байна” гэж хэлдэг. Энэ жигшүүрт үг бус уу? Та нар яаж Паултай адилхан ярьж чадаж байна аа? Ололт амжилтаа хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдохын цаад зорилго чинь юу вэ? Чи Бурханд шагнуулахыг хүсэж байгаа хэрэг бус уу? Шагнуулах хүсэлтэй хүмүүсийг бид ерөнхийдөө юу гэж хэлдэг вэ? “Гуйлгачид” гэдэг бус уу? Ийм хүмүүс ичгүүргүй бус уу? Чи бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд хэний төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа вэ? Бурханы төлөө юу? Бурхан ийм зүйлийг үнэлдэггүй. Үнэндээ чи өөрийнхөө өмнөөс авралд хүрэхийн тулд үйлдэж байгаа тул ямар хүлээн зөвшөөрлийг хүсээ вэ, ямар шагналыг хүсээ вэ? Бурхан чамд бага зэрэг нигүүлсэл, жаахан ерөөл өгсөн биз дээ? Бурхан чамд энэ амийг өгсөн болохоор чи шагнал хүсэж чадаж байгаа биз дээ? Чи Бурханаас хоол гуйн гараа сунгаж чадаж байгаа биз дээ? Яг одоо чи өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байна. Энэ бол чиний үүрэг, хариуцлага юм. Бурхан чамд өршөөл үзүүлж үүрэг даатгасан болохоор чи юу ч гуйх ёсгүй; хэрэв гуйвал Бурхан чамайг жигшиж, дургүйцнэ. Хүмүүс үргэлж Бурханаас нигүүлсэл, шагнал гуйх хүсэлтэй байдаг. Тэд ямар хүмүүс вэ? Тэд ёс жудаг муутай ичгүүр сонжуургүй хүмүүс биш гэж үү? Та нар бүгд ийм байдалд байдаг уу? (Тийм.) Та нар энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Та нар үг, үйлдлүүдийн чинь аль нь энэ байдалд хамаарч байгааг таниад дараа нь Бурханы өмнө хурдан очин залбирч, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой; өөрийнхөө муу муухай байдал, уг чанар-мөн чанарыг задлан шинжил. Бага зэрэг мэдлэг, ойлголттой болсныхоо дараа ах эгч нартаа хандаж, тэдэнтэй нөхөрлөж, тэдний өмнө өөрийгөө илчил. Ингэж нөхөрлөж, өөрийгөө илчлэх үед та нар үнэхээр Бурханы шинжилтийг хүлээн авах бөгөөд ийм маягаар байдал чинь аажмаар шийдвэрлэгдэх болно. Өөрийнхөө завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд эхлээд завхарсан зан чанар чинь ямар хорон муу, жигшүүртэй болохыг тодорхой мэдэх ёстой; тэгж байж л чи өөрийгөө зүрх сэтгэлдээ жигшиж, үзэн ядаж чадна—хэрэв чи өөрийгөө үзэн ядахгүй бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хэрэв чи завхарсан зан чанараараа амьдрахад ямар ч буруу зүйл байхгүй, бусад хүмүүс үүнд зүгээр байх болно, муу зүйл хийдэггүй л бол зүгээр гэж боддог бол энэ чинь утгагүй хэрэг биш үү? Ийм хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Бурханы авралд хүрч чадах уу? Бурхан яагаад хүмүүсийн завхарсан байдлыг ил болгодог вэ? Та нар Бурханы үгийн талаар чин сэтгэлээсээ нөхөрлөж, хүмүүсийн завхарсан байдал, завхралын илчлэлийг хооронд нь холбоод, дараа нь завхарсан хүн төрөлхтөн бол өт хорхой гэж Бурханы илчилсэн үгтэй харьцуулах ёстой—энэ асуудал маш ноцтой болохыг харж байна уу? Та нар үүнийг хүлээж авч чаддаг уу? (Чаддаг.) Бурхан хүмүүсийг өт хорхой гэж хэлэхдээ голчлон хэнд хандаж байна вэ? Тэр хүний ямар байдал, завхарсан зан чанарт голлон хандаж байна вэ? Хүний завхарсан уг чанарын аль талыг Бурхан ил болгож байна вэ? Юуны түрүүнд ичих мэдрэмжгүй, өт хорхой бол үнэ цэнгүй; Бурханы нүдэнд тэд сохор зоосны ч үнэ цэнгүй! Би яагаад тэднийг сохор зоосны ч үнэ цэнгүй гэж хэлж байна вэ? Бурхан чамайг бүтээж, чамд амь өгсөн бөгөөд чи наад захын үүргээ ч гүйцэтгэж чадахгүй байна; чи бол хүний хүчийг мөлжигч. Бурханы үзэл бодлоор чи ашиг тусгүй, амьдрал чинь хэрэггүй! Ийм хүмүүс өт хорхой биш гэж үү? (Мөн.) Тэгвэл хүмүүс өт хорхой байхыг хүсэхгүй бол яах ёстой вэ? Юуны өмнө чи өөрийнхөө байр суурийг олж, ямар ч хамаагүй аргаар үүргээ гүйцэтгэж, улмаар Бүтээгчтэй хэвийн харилцаа тогтоох ёстой, ингэснээр Бурханд тайлан өгч чадна. Дараа нь үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш бус хэрхэн үнэнч болж чадахаа тунгаан бод; чи үүнд бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой. Бүтээгчид хааш яаш хандах гэж бүү оролд. Бурханы чамаас хүссэн болгоныг хийж, үгэнд нь орж, дуулгавартай бай. Одоо та нарт хүмүүсийг өт хорхой гэж хэлдэг Бурханы үгийн эсрэг ямар нэг бодол юм уу, эсэргүүцэл байна уу? Та нар үүнийг өөр дээрээ ойлгож чадаж байна уу? Зарим хүн “Би үүргээ олон жил гүйцэтгэж байгаа болохоор өт хорхой биш байх, тийм үү?” гэж хэлдэг. Тэдний зөв үү? (Үгүй.) Яагаад буруу гэж? Өт хорхой мөн үү, биш үү гэдэг чинь гаднаа хийдэг зүйлтэй чинь ямар ч хамаагүй. Бурхан чамайг үүргээ яаж гүйцэтгэж байгааг, үүргээ гүйцэтгэж байхдаа ямар байдалд байгааг, үүргээ гүйцэтгэхдээ юунд найдаж байгааг, үүргээ гүйцэтгээд үр дүнд хүрэх эсэхийг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг, ажлаа хийж чаддаг эсэхийг чинь харахыг хүсдэг. Хэрэв чи үнэн-зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж, үнэнч байдалд хүрч, стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадвал “өт хорхой” хэмээх цолоос зайлсхийсэн байх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих