Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал
Би та нарыг олон зүйлд хүрнэ гэж найддаг. Гэсэн хэдий ч та нарын үйлдэл болон бүх амьдрал Миний шаардлагад бүрэн нийцэж чаддаггүй, иймээс шууд гол зүйлдээ орж, Өөрийнхөө хүслийг та нарт тайлбарлахаас өөр сонголт Надад алга. Та нарын ялган таних чадвар дульхан, бахдан сонирхох чадвар ч мөн адил тааруухан болохоор та нар Миний зан чанар, түүнчлэн Миний мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй тиймээс тэр талаар та нарт мэдэгдэх нь яаралтай асуудал болоод байна. Чи өмнө нь хэр ихийг ойлгосон, эсвэл эдгээр асуудлыг ойлгохоор оролдоход бэлэн байгаа эсэх чинь хамаагүй, Би та нарт тэдгээрийг бас л дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Эдгээр асуудал нь та нарын огт мэдэхгүй зүйл биш боловч та нар ойлгож байгаа юм шиг, эсвэл тэдгээрт агуулагдаж байгаа утга учрыг мэдэж байгаа юм шиг санагддаггүй. Та нарын олонх нь ердөө л бүдэг бадаг ойлголттой байдаг ба цаашлаад тэр нь дутуу дулимаг, бүрэн бус байдаг. Үнэнийг илүү сайн хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл, Миний үгийг амьдралд илүү сайн хэрэгжүүлэхэд чинь туслахын тулд, энэ асуудлууд бол та нарын эхлээд мэдэж авах ёстой зүйл гэж Би бодож байна. Эс бөгөөс та нарын итгэл тодорхойгүй, хуурамч агаад шашны урхи зангаар дүүрэн хэвээр үлдэх болно. Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээр ч үл барам засаршгүй доромжлолыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг ч үл тоомсорлодог нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн гэм буруу болдог. Бурханы мөн чанарыг мэдсэнээр Түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй.
Би өнөөдөр та нартай энгийн ярилцаж байгаа биш, иймээс та нар Миний үгэнд няхуур нямбай хандаж, цаашлаад тэдгээрийг гүнээ эргэцүүлбэл зохино. Үүгээр Би юу хэлж байна вэ гэвэл, та нар Миний хэлсэн үгэнд хэтэрхий жаахан хичээл чармайлт зориулжээ. Бурханы зан чанарын тухайд гэвэл та нар энэ асуудлыг нухацтай тунгааж бодохыг бүр ч хүсдэггүй ба тийм чармайлт гаргадаг хүн ховорхон. Энэ шалтгааны улмаас та нарын итгэл бол зүгээр л гоёмсог, сүржин яриа юм гэж Би хэлдэг. Одоо ч гэсэн та нарын нэг нь ч өөрсдийн хамгийн гайтай сул талд ямар ч нухацтай чармайлт гаргаагүй. Та нарын төлөө Миний амссан бүх зовлон шаналлын дараа та нар Миний урмыг хугалсан. Та нар Бурханыг огтхон ч тоодоггүй агаад үнэнгүй амьдралаар амьдардагт гайхах зүйлгүй. Иймэрхүү хүмүүсийг яаж ариун хүмүүс гэж үзэж болох юм бэ? Тэнгэрийн хууль тийм зүйлийг тэвчихгүй! Та нар энэ талаар маш бага ойлголттой байгаа тул илүү их үг зарцуулахаас өөр сонголт Надад байхгүй.
Бурханы зан чанар нь хүн бүхэнд маш хийсвэр санагддаг сэдэв бөгөөд бас хүн бүхний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв юм, учир нь Түүний зан чанар хүний зан төлөвтэй адилгүй билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр, уур, уй гашуу, аз жаргалын мэдрэмж байдаг боловч эдгээр мэдрэмж нь хүнийхээс ялгаатай. Бурханд Өөрийн эзэмшил болон оршихуй байдаг. Түүний илэрхийлж, илчилдэг бүхэн нь Түүний мөн чанар болон ялгамж чанарыг төлөөлдөг юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар болон ялгамж чанар нь бүгдээрээ ямар ч хүнээр орлуулж болохгүй зүйлс билээ. Түүний зан чанар нь хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан төлөв харин өөдрөг, золбоолог, эсвэл хэнэггүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйлийн дундах амьд амьтдын Захирагч, бүх бүтээлийн Эзэнд харьяалагддаг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр хүнд, хүч чадал, тэнүүн сэтгэл, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг харуулдаг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүч дийлж, эсвэл эзэлж чадашгүй Түүний бэлгэ тэмдэг, мөн түүнчлэн энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж чадахгүй (мөн Өөрт нь халдахыг Тэр тэвчихгүй) Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Ямар ч хүн, эсвэл хүмүүс Түүний ажлыг юм уу Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй буюу үймүүлэх боломжгүй. Харин хүний зан төлөв бол хүн араатнаас жаахан давуу гэдгийн бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө бол ямар ч эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй бөгөөд өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа тэрээр төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын бүрэн эрхшээлд тонголздог нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол болон үүслээс бий болдог; харанхуй болон хорон муугийн мөхлөөс бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдралыг авчирсан болохоороо Тэр баярлан бахаддаг; Түүний баяр хөөр бол зөвт байдал, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, үүнээс ч илүүтэйгээр аятай таатай бүхний бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол болон Өөрийнх нь хүн төрөлхтөнд хор хохирол учруулдаг үймээн самууны улмаас болдог; хорон муу болон харанхуйн оршин тогтнолоос болж, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос болж, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин байхаа болихын бэлгэ тэмдэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь хүсэн хүлээж байгаа боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, мөн Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чадахгүй байгаагаас болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, шударга боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл санаа дутмаг хүний төлөө уй гашууг мэдэрдэг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхны болон Түүний өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн болон сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал нь мэдээж Өөрийн дайснуудыг ялж, хүний чин үнэнч итгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь бүх дайсны хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал нь хүний баяр хөөртэй адилгүй; харин ч энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс бүр ч агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө биш, ялангуяа Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч биш, харин өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдэг. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь хувиа хичээсэн агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэд Бурханы хүслийн төлөө байх нь бүү хэл, төлөвлөгөөнийх нь төлөө ч оршдоггүй, тиймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд нь, хэзээд эрхэмсэг байдаг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнэгүй байдаг. Учир нь Бурхан үүрд золиос гаргаж, хүн төрөлхтөнд Өөрийгөө зориулж байдаг; харин хүн үүрд авч, зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө, эсвэл зөвт байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнхөө төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байдаг байхад хүн бол муу муухай, хорон бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан зөвт байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөвт байдлаас урваж, Бурханаас холдон одохоос огт сийхгүй.
Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, та нар тэдгээрээс асар их ашиг тус гарцаагүй хүртэх болно. Бурханы мөн чанарыг ойлгоход маш хэцүү боловч та нарт бүгдэд нь Бурханы зан чанарын тухай ядаж зарим нэг төсөөлөл бий гэдэгт Би итгэж байна. Тэгээд та нар үүнийгээ Надад харуулж, Бурханы зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийнэ гэж Би найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйлс хийхийг цээрлэ. Тэр ч бүү хэл чи, өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосон зайг дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийх ёсгүй. Хэрвээ тэгэх юм бол чи Бурханы зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд, чи өөрийнхөө амьдралын туршид хэзээ ч Бурханыг доромжилсон үг хэлж, Түүний эсрэг гомдоллож байгаагүй гэж үзье, мөн чи Түүний даалгасан бүхнийг зүй зохистойгоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс амжилттай зайлсхийсэн байх болно. Жишээ нь, хэрэв чи хэзээ нэгэн цагт “Тэр бол Бурхан гэж би яагаад боддоггүй юм бэ?” “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш гэж би бодож байна,” “Миний бодлоор бол Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй,” “Бурханы хүн чанар минийхээс давуу биш,” “Бурханы үг зүгээр л итгэхийн аргагүй” гэдэг ч юмуу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтаа наманчилж, гэмш гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлагдах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнийг биш харин Бурханыг Өөрийг нь уурлуулсан. Чи хүнийг шүүмжилж байна гэж итгэж болох боловч Бурханы Сүнс үүнийг тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тийм болохоор чи Бурханы зан чанарт халдаагүй гэж үү? Бурханы Сүнсний хийсэн бүхэн нь махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын төлөө, энэ ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ чи үүнийг үл ойшоовол, чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй нэгэн юм гэдгийг Би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд Тэр тохирох шийтгэлийг ашиглах болно.
Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй зүйл биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар чи аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авах болно. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан төлөв байдал руу урагшилах болно. Эцэст нь чи өөрийнхөө муухай сүнснээс ичиж, нуугдах газар хаана ч алга гэж бодтолоо их ичнэ. Тэр үед Бурханы зан чанарт халдах авир зан чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэсэн хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэх болно. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй байна. Та нар өөрсдийнхөө заяа тавилангийн төлөө нааш цааш сандран гүйж байгаа тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох тэмүүлэл хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчих болно, учир нь та нар Бурханы зан чанарын талаар хэтэрхий бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа биш гэж үү? Та нараас Бурханы зан чанарыг ойлгооч гэж гуйх нь Миний ажилаас ангид байгаагүй. Яагаад гэвэл, хэрэв захиргааны зарлигийг байнга зөрчвөл та нарын хэн чинь шийтгэлээс зугтаж чадах вэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөхгүй байсан гэж үү? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ та нар өөрсдийн хийх алхамд хянамгай бай гэж Би бас л гуйж байна. Энэ нь та нарт тавих Миний илүү өндөр шаардлага байх болно, мөн та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан тунгаан үзэж, ул суурьтай анхаарна гэдэгт Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь авч үзэх ба оронд чинь шийтгэл хүлээх өөр хэн ч байхгүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?