Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (1) (I хэсэг)

Өнөөдөр хүн бүрийн мэддэг сэдвээр нөхөрлөнө. Энэ нь хүний Бурханд итгэх итгэл, эрэл хайгуултай нягт холбоотой бөгөөд хүмүүсийн өдөр бүр тулгардаг, сонсдог сэдэв юм. Тэгвэл энэ ямар сэдэв бэ? Энэ сэдэв бол үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ. Энэ сэдвийн талаар чи юу гэж бодож байна вэ? Чамд хангалттай шинэлэг байна уу? Анхаарал татахуйц байна уу? Энэ сэдэв хэчнээн анхаарал татахуйц байсан ч энэ нь та нарт тус бүрд чинь, хүн нэг бүрд хамааралтай гэдгийг Би мэдэж байна; энэ нь хүмүүсийн авралтай, Бурханы үгийн бодит байдалд орох оролттой, мөн тэдний зан чанарын өөрчлөлт, ирээдүйн төгсгөл, хүрэх газартай холбоотой. Та нарын ихэнх нь одоо үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байгаа бөгөөд сэрж эхэлсэн ч үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг, эсвэл үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой талаар тийм ч сайн мэддэггүй. Тийм учраас бид өнөөдөр энэ сэдвээр нөхөрлөх шаардлагатай. Үнэнийг эрэлхийлэх нь хүмүүст өдөр тутмын амьдралд нь байнга тулгардаг сэдэв; энэ нь өдөр тутмын амьдралд нь, үүргээ гүйцэтгэж байх явцад нь гэх мэтээр ямар нэг зүйл өөрсдөд нь тохиолдох үед хүмүүст тулгардаг бодит асуудал юм. Ямар нэг зүйл тохиолдоход ихэнх хүн зүгээр л өөрийн дур хүслээр Бурханы үгийг унших хичээл зүтгэл гаргаж, бодлоо сөрөг болохоос сэргийлж, улмаар сөрөг байдалд автахгүй, эсвэл Бурханыг буруу ойлгохгүй байж, Бурханы ажлыг дуулгавартай дагаж чадна гэж найддаг. Илүү дээр хэв чанартай хүмүүс Бурханы үгэн дэх үнэний бүх талыг эергээр, идэвх санаачилгатайгаар эрж хайж чаддаг; тэд зарчим, Бурханы шаардлага, хэрэгжүүлэлтийн замыг хайдаг. Эсвэл тэд өөрсдөд нь тохиолдсон зүйлийг ашиглан өөрсдийгөө шалгаж, тунгаан бодож, мэдлэг олж авч, улмаар үнэний зарчмыг ойлгож, үнэний бодит байдалд орж чаддаг. Гэсэн хэдий ч энэ нь ихэнх хүний хувьд асар том саад бэрхшээл хэвээр үлддэг бөгөөд тэд эдгээр зүйлд хүрч чадах эсэх нь тодорхойгүй. Ихэнх хүн бодит байдлын энэ тал руу хараахан ороогүй. Тиймээс, та нарт тунгаан бодох хугацаа өгсөн ч гэсэн энэ ердийн, нийтлэг, тодорхой сэдвийн талаар бодитой, жинхэнэ, үнэн зөв ойлголтод хүрэх нь та нарын хувьд амаргүй байх болно. Иймээс, үндсэн сэдэвтээ эргэж орохын тулд үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох талаар нөхөрлөцгөөе. Та нар тунгаан бодохдоо чадварлаг биш боловч зөвхөн чихээрээ бус, зүрх сэтгэлээрээ сонсохдоо сайн гэж Би найдаж байна. Та нар үүнийг ойлгож ухаарахын тулд чин сэтгэлээсээ хичээнэ гэж, бас ойлгож чадах бүхнээ, өөрийн чинь байдал, зан чанар болон нөхцөл байдлын чинь тал бүртэй нийцэж байгаа бүхнийг маш ач холбогдолтой зүйл хэмээн нухацтай авч үзнэ гэж Би найдаж байна. Дараа нь та нар завхарсан зан чанараа шийдвэрлэж эхэлж, хэрэгжүүлэлтийн бүх зарчмыг сэтгэлдээ хадгалахаар чармайна гэж Би найдаж байна, тэгж гэмээ нь холбоотой асуудлууд гарахад чи дагах замтай байж, Бурханы үгийг хэрэгжүүлэлтийн зам гэж үзэж, тэдгээрийг тийн хэрэгжүүлж, дуулгавартай дагаж чадна. Ингэх нь хамгийн сайн юм.

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь ухагдахууны асуулт байж болох ч Бурханд итгэх талаарх хамгийн бодитой асуулт юм. Хүмүүс үнэнийг эрэлхийлж чадах эсэх нь дур сонирхол, хэв чанар, эрэл хайгуулаас нь шууд хамаардаг. Үнэнийг эрэлхийлэх нь олон бодит элементүүдийг агуулдаг. Бид тэдгээрийн талаар нэг нэгээр нь нөхөрлөх ёстой, тэгснээр та нар үнэнийг аль болох хурдан ойлгож, үнэнийг эрэлхийлэх гэж яг юу болох, тэрхүү эрэл хайгуултай ямар асуудлууд холбоотой болохыг мэдэж чадна. Тийм маягаар үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг та нар эцэст нь ойлгож чаддаг болно. Эхлээд, үүнийг ярилцацгаая: Та нар энэхүү номлолыг сонссоноор үнэнийг эрэлхийлж байгаа юу? (Үнэндээ тийм биш.) Номлол сонсох нь ердөө л урьдач нөхцөл бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд бэлтгэж байгаа үйлдэл юм. Үнэнийг эрэлхийлэхэд ямар элементүүд оролцдог вэ? Үнэний эрэл хайгуулыг хөндсөн олон сэдэв байдаг бөгөөд мэдээжийн хэрэг хүмүүст олон асуудал байдаг тул бид энд хэлэлцэх хэрэгтэй. Жишээлбэл, зарим хүн: “Хэрэв хүн өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, үнэний талаар нөхөрлөдөг, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг, чуулганы зохицуулсан юуг ч хийдэг, хэзээ ч үймээн тарьж, саад хийдэггүй бол—мөн хэдий үнэний зарчмыг зөрчих үе байдаг ч үүнийг ухамсартайгаар эсвэл санаатайгаар хийдэггүй бол—энэ нь тэд үнэнийг эрэлхийлж байгааг харуулж байгаа юм биш үү?” гэж хэлдэг. Энэ бол сайхан асуулт. Олон хүн ийм санаа бодолтой байдаг. Юуны өмнө ийм маягаар тууштай хэрэгжүүлснээр хүн үнэний тухай ойлголтод хүрч, үнэнийг олж авч чадах эсэхийг ойлгох ёстой. Бодлоо хуваалц. (Хэдийгээр ингэж хэрэгжүүлэх нь зөв бөгөөд шашны зан үйлтэй илүү төстэй юм шиг харагддаг ч—энэ нь дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа хэрэг юм. Энэ нь үнэнийг ойлгох, эсвэл үнэнийг олж авахад хүргэж чадахгүй.) Тэгвэл эдгээр нь үнэндээ ямар төрлийн зан авир вэ? (Өнгөцхөн сайн зан авир.) Надад энэ хариулт таалагдаж байна. Эдгээр нь Бурханд итгэсний дараа, янз бүрийн сайн, эерэг сургаалын нөлөөнд автсанаар тухайн хүний мөс чанар, эрүүл ухаанд суурилан бий болдог сайн зан авир төдий юм. Гэвч эдгээр нь сайн зан авираас цаашгүй бөгөөд үнэний эрэл хайгуул огт биш. Тэгвэл эдгээр сайн зан авирын үндэс нь юу вэ? Юу эдгээрийг бий болгодог вэ? Эдгээр нь хүний мөс чанар, эрүүл ухаан, ёс суртахуун, Бурханд итгэх таатай мэдрэмж, биеэ барих зэргээс үүсдэг. Эдгээр нь сайн зан авир учраас үнэнтэй ямар ч холбоогүй, бас мэдээж адилхан зүйл биш. Сайн зан авиртай байх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилгүй бөгөөд хүн сайхан авирладаг байлаа гээд Бурханы сайшаалыг хүртсэн гэсэн үг биш. Сайн зан авир, үнэнийг хэрэгжүүлэх нь шал өөр хоёр зүйл бөгөөд хоорондоо ямар ч холбоогүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь Бурханы шаардлага бөгөөд Бурханы хүсэлд бүрэн нийцдэг; сайн зан авир нь хүний хүслээс үүдэлтэй, хүний санаархал, сэдлийг агуулдаг—энэ бол хүний сайн гэж үздэг зүйл юм. Хэдийгээр сайн зан авир нь муу үйл биш боловч үнэний зарчмыг зөрчдөг, үнэнтэй ямар ч холбоогүй. Эдгээр зан авир нь хэчнээн сайн байсан ч, эсвэл хүний үзэл, төсөөлөлтэй хэчнээн нийцэж байсан ч үнэнтэй ямар ч холбоогүй юм. Иймээс зан авир чинь хэчнээн сайн байлаа гээд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Сайн зан авирыг ингэж тодорхойлдог тул сайн зан авир нь үнэнийг хэрэгжүүлэхтэй холбоогүй нь тодорхой юм. Хүмүүсийг зан авираар нь ангилах юм бол эдгээр сайн зан авир нь сайндаа л үнэнч үйлчлэл үзүүлэгчдийн үйлдлээс цаашгүй байх болно. Тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй, эсвэл Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагахтай огтхон ч холбоогүй. Эдгээр нь ердөө л нэг төрлийн зан авир бөгөөд хүмүүсийн зан чанарын өөрчлөлт, үнэнд захирагдах, хүлээн авах, Бурханаас эмээх, муугаас зайлахтай, эсвэл үнэнтэй холбоотой бусад бодит элементүүдтэй огтхон ч хамаагүй. Тэгвэл яагаад тэдгээрийг сайн зан авир гэж нэрлэдэг юм бэ? Энд тайлбар байгаа бөгөөд энэ нь мэдээж бас энэ асуултын мөн чанарын тайлбар юм. Өөрөөр хэлбэл, эдгээр зан авир нь зөвхөн хүмүүсийн үзэл, дур сонирхол, хүсэл эрмэлзэл, субьектив хүчин чармайлтаас үүдэлтэй. Эдгээр нь үнэн болон Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар өөрийгөө үнэхээр мэддэг болох үед төрдөг гэмшлийн илрэл биш, мөн хүмүүс Бурханд захирагдахаар оролдох үед бий болдог үнэнийг хэрэгжүүлэх зан авир, үйлдэл ч биш. Үүнийг ойлгож байна уу? Энэ нь эдгээр сайн зан авир хүний зан чанарын өөрчлөлт, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаас бий болдог зүйл, эсвэл өөрийнхөө завхарсан зан чанарыг мэдсэнээс бий болдог жинхэнэ гэмшилтэй ямар нэг байдлаар холбоогүй гэсэн үг юм. Эдгээр нь мэдээж Бурхан болон үнэнийг жинхэнээсээ дуулгавартай дагахтай огт холбоогүй; Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлтэй байхтай бүр ч холбоогүй. Сайн зан авир нь эдгээр зүйлтэй огт хамаагүй; зүгээр л хүнээс гардаг зүйл, хүний сайн гэж үздэг зүйл юм. Гэсэн ч эдгээр сайн зан авирыг хүн үнэнийг хэрэгжүүлж байгаагийн шинж тэмдэг гэж үздэг олон хүн бий. Энэ бол ноцтой алдаа, утгагүй, эндүү ташаа үзэл бодол, ойлголт юм. Эдгээр сайн зан авир нь ердөө шашны зан үйлийн гүйцэтгэл бөгөөд хэлбэрдэж буй хэрэг юм. Тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй огт холбоогүй. Бурхан тэднийг шууд ялладаггүй байж болох ч сайшаадаггүй; энэ бол лавтай. Хүний үзэлд нийцсэн эдгээр гадаад үйлдэл, сайн зан авир нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг биш, үнэний эрэл хайгуулын илрэл ч бас биш гэдгийг та нар мэдэх ёстой. Энэхүү нөхөрлөлийг сонсоод та нар үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох талаар бага зэргийн ухагдахууны мэдлэгтэй, үнэнийг эрэлхийлэх талаар энгийн ухагдахууны анхны ойлголттой л болсон. Хэрэв та нар үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг үнэхээр ойлгохыг хүсэж байвал бидний нөхөрлөх ёстой илүү олон зүйл бий.

Үнэнийг эрэлхийлэхийн тулд хүн үүнийг ойлгох ёстой; үнэнийг ойлгосноор л хүн үнэнийг хэрэгжүүлж чадна. Хүмүүсийн сайн зан авир нь үнэний хэрэгжүүлэлттэй холбоотой юу? Сайн зан авир нь үнэний эрэл хайгуулаас үүдэлтэй юу? Үнэний хэрэгжүүлэлтэд ямар илрэл, үйлдлүүд хамаарах вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ямар илрэлүүдтэй байдаг вэ? Чи эдгээр асуултыг ойлгох хэрэгтэй. Үнэний эрэл хайгуулын талаар нөхөрлөхийн тулд бид эхлээд үүнтэй холбоотой хүмүүст тулгардаг бэрхшээл, эндүү ташаа үзэл бодлын талаар ярих ёстой. Эдгээрийг эхлээд шийдвэрлэх нь нэн чухал. Үнэн гэж юу байдаг талаар харьцангуй тодорхой үзэл бодолтой, цэвэр ойлголттой зарим хүн байдаг. Тэдэнд үнэнийг эрэлхийлэх зам бий. Үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, сонирхсон хэдий ч хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй хүмүүс ч байдаг. Тэд сайн зүйл хийж, сайхан авирлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адил—үнэнийг хэрэгжүүлэх нь сайн зүйл хийх явдал гэж үздэг. Тэд Бурханы олон үгийг уншсаныхаа дараа л сайн зүйл хийж, сайхан авирлах нь үнэнийг хэрэгжүүлэхээс огт өөр гэдгийг ухаардаг. Хүмүүсийн үзэл, төсөөлөл ямар утгагүй болохыг чи харж болно—үнэнийг ойлгодоггүй хүмүүс юуг ч тодорхой харж чадахгүй! Цөөнгүй хүн олон жилийн турш үүргээ биелүүлж, өдөр бүр завгүй байж, нэлээд их зовлон зүдүүр туулсан тул өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг, үнэний бодит байдалтай хүмүүс гэж боддог. Гэвч тэд ямар ч туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй. Энд ямар асуудал байна вэ? Хэрэв тэд үнэнийг ойлгодог юм бол яагаад бодит туршлагынхаа талаар ярьж чаддаггүй юм бэ? Энэ нь зөрчилдөөнтэй зүйл биш гэж үү? Зарим хүн: “Би өмнө нь үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг эрэлхийлээгүй, мөн Бурханы үгийг нэгд нэггүй залбиран уншиж байгаагүй. Би маш их цагийг дэмий үрсэн. Би ажилдаа дэндүү автаад, үүргээ биелүүлээд завгүй байх нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы ажилд захирагдахтай адил гэж бодсон—гэтэл би зүгээр л цаг заваа дэмий үрж байжээ” гэдэг. Энэ ямар утгатай вэ? Тэд үүргээ биелүүлээд маш завгүй байсан учраас үнэнийг эрэлхийлэхээ хойшлуулсан гэсэн утгатай. Үнэхээр тийм гэж үү? Зарим утгагүй хүмүүс, үүргээ биелүүлээд завгүй байхын хэрээр завхарсан зан чанар нь ил болох цаг гарахгүй, өөрсдөө цаашид завхарсан зан чанараа харуулахгүй, эсвэл завхарсан байдалтай амьдрахгүй, тиймээс завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг идэж, уух шаардлагагүй гэж боддог. Энэ санаа зөв үү? Хүмүүс үнэхээр үүргээ гүйцэтгээд завгүй байхдаа завхарсан зан чанараа харуулдаггүй гэж үү? Энэ бол утгагүй санаа—ичгүүр сонжуургүй худал үг юм. Тэд үүргээ гүйцэтгээд завгүй байгаа болохоор үнэнийг эрэлхийлэх цаг алга гэж хэлдэг. Энэ бол цэвэр төөрөгдөл; тэд завгүй гэдгээр шалтаглаж байна. Амийн оролт, үүрэг гүйцэтгэх тухай үнэний талаар бид олон удаа нөхөрлөж байсан: Үүргээ гүйцэтгэх явцдаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж байж л хүмүүс амиа өсгөж чадна. Тиймээс, хэрэв хүн үүргээ гүйцэтгэж байхдаа зөвхөн ажил гээд завгүй байдаг бол, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаггүй бол хэзээ ч үнэнийг ойлгохгүй. Үнэнийг хайрладаггүй зарим хүн ердөө үйлчлэл үзүүлээд л сэтгэл ханаж, үүнийгээ тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр наймаална гэж найддаг. Тэд эцэст нь үүргээ гүйцэтгээд маш завгүй байгаа тул үнэнийг эрэлхийлэх цаг алга гэсэн шалтаг тоочдог; тэр ч бүү хэл үүргээ гүйцэтгээд тун завгүй байгаа болохоор завхарсан зан чанар харуулдаггүй гэж хэлдэг. Энэ нь тэд үүргээ гүйцэтгээд завгүй байгаа учраас завхарсан зан чанар нь алга болсон, байхаа больсон гэсэн утга агуулж байна. Энэ худлаа, тийм биз дээ? Тэдний үг бодит байдалтай нийцэж байна уу? Огт үгүй—үүнийг хамгийн том худал гэж нэрлэж болно. Яахаараа хүн үүргээ биелүүлээд завгүй байгаагаас болоод завхарсан зан чанар нь ил гарахаа больчихдог билээ? Ийм хүмүүс байдаг уу? Ийм туршлагын гэрчлэл байна уу? Мэдээж байхгүй. Сатан хүмүүсийг гүнзгий завхруулсан; тэд бүгд сатанлаг уг чанартай, бүгд сатанлаг зан чанараар амьдардаг. Хүний дотор завхралаас өөр ямар нэг эерэг зүйл бий юу? Завхарсан зан чанаргүй төрсөн хүн байдаг уу? Үүргээ үнэнчээр гүйцэтгэх чадвартай төрсөн хүн бий юу? Бурханд захирагдаж, Бурханыг хайрлах чадвартай төрсөн хүн байдаг уу? Яавч үгүй. Бүх хүн сатанлаг уг чанартай, завхарсан зан чанараар дүүрэн байдаг, хэрэв үнэнийг ойлгож, хэрэгжүүлж чадахгүй бол тэд зөвхөн завхарсан зан чанараараа л амьдарч чадна. Тиймээс үүргээ гүйцэтгээд завгүй байвал хүн завхарсан зан чанар харуулахгүй гэдэг нь утгагүй зүйл, төөрөгдөл. Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх зорилготой улайм цайм худал үг юм. Тэд үүргээ биелүүлээд завгүй байгаа эсэх нь хамаагүй, Бурханы үгийг унших цаг байгаа эсэх нь хамаагүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй байх шалтаг, шалтгаан олно. Ийм хүмүүс бол маш энгийндээ үйлчлэл үзүүлэгчид юм. Хэрэв үйлчлэл үзүүлэгч Бурханы үгийг идэж уудаггүй, үнэнийг хүлээн авдаггүй бол сайн үйлчлэл үзүүлж чадах уу? Мэдээж чадахгүй. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс бүгд мөс чанар, эрүүл ухаангүй бөгөөд завхарсан зан чанараараа амьдарч, олон мууг үйлдэх хүмүүс юм. Тэд яавч үнэнч үйлчлэл үзүүлэгч биш бөгөөд хэдийгээр үйлчлэл үзүүлдэг ч тэдэнд гайхалтай зүйл юу ч байхгүй. Үүнд чи итгэлтэй байж болно.

Зарим хүн гэрийнхэнтэйгээ хэт орооцолддог бөгөөд үргэлж түгшүүрт автдаг. Бурханыг дагаж, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ орхисон насаар дүү ах, эгч нарыг хараад тэд атаархаж, “Бурхан энэ залууст сайн хандсан. Тэд гэрлэж, хүүхэдтэй болохоосоо өмнө залуу насандаа Бурханд итгэж эхэлсэн; гэр бүлийн ямар ч татлаа түтлээгүй болохоор хэрхэн амь зуух талаар санаа зовох шаардлагагүй. Бурханыг дагах, үүргээ биелүүлэхэд нь саад болох сэтгэлийн зовлон тэдэнд байхгүй. Тэд Бурханы ажил болон эцсийн өдрүүд дэх сайн мэдээний өргөжилтөд яг цагаа олж ирсэн—Бурхан тэднийг ийм таатай нөхцөлөөр хангасан. Тэд үүргээ биелүүлэхэд өөрсдийгөө, бие, сэтгэлээ зориулж чадна. Тэд үнэнийг эрэлхийлж чадна, харин миний хувьд тийм биш. Бурхан надад тохирох орчныг зохицуулаагүй—гэр бүлийн хэтэрхий олон татлаа түтлээ байгаа тул би тэднийг тэжээхийн тулд мөнгө олох ёстой. Энд л миний жинхэнэ асуудал оршдог. Ийм учраас надад үнэнийг эрэлхийлэх цаг алга. Үнэнийг эрэлхийлэх нь үүргээ бүтэн цагаар гүйцэтгэдэг, ийм татлаа түтлээгүй хүмүүст зориулагдсан зүйл юм. Би гэр бүлийн татлаа түлхээнд нухлагдаж, зүрх сэтгэл минь амин зуулгын аар саар асуудалд автсан болохоор надад Бурханы үгийг идэж, уух юм уу үүргээ биелүүлэх цаг зав, эрч хүч байхгүй. Миний нөхцөл байдлыг аль ч талаас нь харсан, надад үнэнийг эрэлхийлэх ямар ч арга байхгүй. Үүнд намайг буруутгаж болохгүй. Үнэнийг эрэлхийлэх нь миний хувь заяа биш, миний нөхцөл байдал надад үүрэг гүйцэтгэх боломж олгодоггүй. Миний хийж чадах ганц зүйл бол гэр бүлийн маань татлаа түлхээ багасаж, хүүхдүүд бие дааж, би өөрөө тэтгэвэрт гарч, материаллаг санаа зовнилоосоо ангижрахыг л хүлээх—дараа нь би үнэнийг эрэлхийлнэ” гэцгээдэг. Ийм хүмүүс өдөр тутмын амьдралдаа бэрхшээл туулдаг бөгөөд өнөө маргаашаа гэсэн амьдралынхаа аар саар асуудалд завхарсан зан чанар нь гарч ирэхийг хааяа хааяа мэдэрдэг. Тэд эдгээр зүйлийг мэдэрч чаддаг ч хорвоо ертөнцийн урхинд баригдсан учраас ийм маягаар амьдарч, Бурханд итгэж, номлол сонсож, ая тухтай амь зууж байгаагаа дажгүй сайн байна гэж боддог. Тэд үнэнийг эрэлхийлэх нь хүлээх боломжтой бөгөөд тэгж байгаад хэдэн жилийн дараа завхарсан зан чанараа шийдвэрлэхэд оройтохгүй гэж боддог. Ийнхүү тэд үнэнийг эрэлхийлэх том асуудлыг хойш тавьж, ахин дахин хойшлуулдаг. Тэд үргэлж юу гэж хэлдэг вэ? “Үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч оройтохгүй. Би хэдэн жил хүлээе. Бурханы ажил дуусаагүй байгаа цагт надад хугацаа байгаа—надад боломж байсаар байна.” Энэ үзэл бодлын талаар чи юу гэж бодож байна? (Энэ нь буруу.) Тэд үнэнийг эрэлхийлэх ачааг үүрсэн үү? (Үгүй.) Тэгвэл тэд ямар ачаа үүрсэн бэ? Амь зуух, ар гэрээ тэжээх, үр хүүхдээ өсгөх ачаа үүрсэн биш үү? Тэд бүх эрч хүчээ хүүхдүүддээ, гэр бүлдээ, өөрсдийн өдөр хоног, амьдралдаа зориулдаг бөгөөд эдгээр зүйлийг нэг тийш болгосныхоо дараа л тэд үнэнийг эрэлхийлж эхлэх төлөвлөгөө гаргана. Тэгэхээр тэдний эдгээр шалтаг үндэслэлтэй юу? Тэд өөрсдөө үнэний эрэл хайгуулдаа саад болж байгаа биш үү? (Тийм.) Энэ хүмүүс Бурханы дээд эрх, зохицуулалтад итгэдэг мөртөө өөрсдөд нь зориулан Бурханы зохицуулсан орчны талаар гомдоллодог. Тэд Бурханы шаардлагыг үл тоомсорлодог, идэвх санаачилгатайгаар хамтран ажилладаггүй. Оронд нь тэд зөвхөн махан бие, гэр бүл, хамаатан саднаа сэтгэл хангалуун байлгахыг л боддог. Тэд үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа ямар шалтгаан хэлдэг вэ? “Бид ердөө л амьд үлдэх гэж хичээгээд хэтэрхий завгүй, ядарч байна. Бидэнд үнэнийг эрэлхийлэх цаг байхгүй; үнэнийг эрэлхийлэхэд тохирох орчин байхгүй.” Тэд ямар үзэл бодолтой байдаг вэ? (Үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч оройтохгүй.) “Үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч оройтохгүй. Би үүнийг хэдэн жилийн дараа хийнэ.” Энэ мунхаг хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол мунхаг хэрэг—тэд шалтаг тоочиж өөрсдийгөө хуурч байна. Бурханы ажил чамайг хүлээх үү? (Үгүй.) “Би үүнийг хэдэн жилийн дараа хийнэ”—энэ “хэдэн жил” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь аврагдах найдвар чинь бага, Бурханы ажлыг туулах жил чинь цөөхөн байна гэсэн үг юм. Хэдэн жил ийнхүү өнгөрнө, дараа нь дахиад хэдэн жил өнгөрнө, тэгээд нэг л мэдэхэд арван жил өнгөрсөн байх болно, харин чи үнэнийг ойлгоогүй, үнэний бодит байдалд огт ороогүй, завхарсан зан чанарын чинь өчүүхэн хэсэг ч шийдвэрлэгдээгүй байх болно. Чи ганцхан шударга үг хэлэх гэж бөөн юм болдог. Энэ аюултай биш үү? Энэ өрөвдөлтэй биш гэж үү? (Тийм ээ.) Үнэнийг эрэлхийлэхгүй байхаа зөвтгөхийн тулд энэ бүх шалтаг, шалтгааныг тоочсоноороо хүмүүс эцэст нь хэнийг хохироож байна вэ? (Өөрсдийгөө.) Тийм ээ—эцсийн эцэст тэд өөрсдийгөө л хохироож байна. Иймээс тэд үхэх гээд хэвтэж байхдаа Бурханд итгэсэн олон жилийн хугацаанд үнэнийг олж аваагүйдээ өөрсдийгөө үзэн ядаж, насан туршдаа харамсана!

Зарим хүн зарим талаараа сайн боловсролтой боловч хэв чанар муутай, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй. Хэчнээн номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй. Тэд үргэлж өөрсдийн гэсэн санаархал, хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд үргэлж байр суурийн төлөө тэмцдэг. Хэрэв тэд байр суурьтай болохгүй бол үнэнийг эрэлхийлэхгүй. Тэд: “Бурханы гэр надаар бичвэрт суурилсан ажил, аудио болон видеоны ажил, чуулганы удирдагч байх, эсвэл бүлгийн зааварлагч байх гэх мэт үнэ цэнийг минь илтгэсэн үүрэг гүйцэтгүүлэхээр хэзээ ч зохицуулдаггүй. Тэд надад тийм чухал ажлын нэгийг ч өгдөггүй. Бурханы гэр намайг дэвшүүлж, хөгжүүлдэггүй, чуулганаас сонгууль явуулах бүрд хэн ч надад санал өгдөггүй, би хэнд ч таалагддаггүй. Надад үнэхээр хүсүүштэй чанар байхгүй гэж үү? Би сэхээтэн, сайн боловсролтой, гэвч Бурханы гэр намайг хэзээ ч дэвшүүлдэггүй, хөгжүүлдэггүй, тиймээс надад үнэнийг эрэлхийлэх урам зориг алга. Надтай адилхан хугацаанд Бурханд итгэж эхэлсэн ах эгч нар бүгд чухал үүрэг гүйцэтгэж, удирдагч, ажилчин болсон—би яахаараа хоосон хоцордог юм бэ? Хааяа нэг сайн мэдээ түгээснээр би ердөө л туслах үүрэг гүйцэтгэдэг ба тэд гэрчлэл хийхийг ч надад зөвшөөрдөггүй. Бурханы гэр хүмүүсийг чухал үүрэгт дэвшүүлэх бүрдээ надад юу ч оноодоггүй; би бүр цуглаан ч удирдах эрхгүй, тэд надад ямар ч үүрэг хариуцлага өгдөггүй. Надад үнэхээр хэлмэгдсэн мэт санагдаж байна. Энэ бол Бурханы надад зориулж зохицуулсан орчин. Би яагаад оршин тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрч чадахгүй байна вэ? Бурхан яагаад бусдыг хайрладаг ч намайг хайрладаггүй юм бэ? Тэр яагаад намайг биш харин бусдыг хөгжүүлдэг юм бэ? Бурханы гэр надад илүү их ачаа үүрүүлж, зааварлагч ч юм уу ямар нэг юм болгох ёстой. Ингэснээр би үнэнийг эрэлхийлэх бага зэрэг урам зоригтой болох болно. Би урам зориггүйгээр яаж үнэнийг эрэлхийлж чадах юм бэ? Үнэнийг эрэлхийлэхэд хүмүүст үргэлж л бага зэрэг урам зориг хэрэгтэй байдаг; бид үнэнийг эрэлхийлэхийн ашиг тусыг харж чаддаг байх хэрэгтэй. Өөрчлөгдөх ёстой завхарсан зан чанар хүмүүст байдгийг би мэднэ, бас үнэнийг эрэлхийлэх нь сайн зүйл, энэ нь бидэнд аврагдаж, төгс болгуулах боломжийг олгодгийг мэднэ—гэхдээ би хэзээ ч ямар нэг чухал зүйлд ашиглагдаагүй, надад үнэнийг эрэлхийлэх ямар ч урам зориг байхгүй! Ах, эгч нар намайг хүндэлж, дэмжсэн цагт би үнэнийг эрэлхийлж эхэлнэ—тэр үед оройтохгүй” гэцгээдэг. Ийм хүмүүс байдаггүй гэж үү? (Байдаг.) Тэдэнд ямар асуудал байна вэ? Асуудал нь тэд байр суурь, нэр хүнд хүсдэг. Мэдээж тэд үнэнийг хайрладаггүй, тэгсэн мөртөө Бурханы гэрт байр суурь, нэр хүндтэй болохыг хүсдэг. Энэ ичгүүр сонжуургүй биш үү? Үйлчлэл үзүүлэгч байх нь чиний хувьд хангалттай сайн зүйл юм; үнэнч үйлчлэл үзүүлэгч болж чадах эсэхийг чинь харах л үлдлээ. Энэ нь яагаад чамд ойлгомжгүй байна вэ? Чи байр суурь, нэр хүндтэй байвал аврагдана гэж бодож байна уу? Үнэнийг эрэлхийлдэг хүн болно гэж бодож байна уу? Чиний энэ бодол үнэн зөв үү? (Үгүй.) Ийм хүмүүс бусдаас ялгарч, өөрсдийнхөө байгааг мэдрүүлэхийг хүсдэг бөгөөд хүсэл нь биелэхгүй бол Бурхан зөвт биш, хүмүүсийг алагчилдаг, Бурханы гэр өөрсдийг нь дэвшүүлдэггүй, ах эгч нар өөрсдийг нь сонгодоггүй гэж гомдоллодог—эдгээр зүйл нь үнэнийг эрэлхийлэхэд хэрэгтэй суурь биш биз дээ? Үнэнийг эрэлхийлэгчийг бүгдээрээ дэмжиж, ах эгч нар нь хүндлэх ёстой гэж Бурханы үгийн аль нэг хэсэгт хэлсэн үү? Эсвэл тэд чухал үүрэг хүлээж, чухал ажил хийж, Бурханы гэрт асар их хувь нэмэр оруулж чаддаг байх ёстой гэсэн байдаг уу? Зөвхөн ийм хүмүүс л үнэнийг эрэлхийлж чадна, зөвхөн тэд л үнэнийг эрэлхийлэхэд тохирно гэж Бурханы үгэнд хэлдэг үү? Зөвхөн тэр хүмүүс л үнэнийг эрэлхийлэх шалгуурыг хангадаг, үнэний бодит байдалд зөвхөн тэд л орж чадна, эсвэл эцэст нь зөвхөн тэд л аврагдаж чадна гэж Бурханы үг хэлдэг үү? Бурханы үгийн аль нэг хэсэгт ингэж бичсэн байдаг уу? (Үгүй.) Ийм хүний хэлсэн үг үндэслэлгүй байх нь ойлгомжтой. Тэгвэл тэд яагаад эдгээр зүйлийг хэлдэг вэ? Тэд үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа шалтаг тоочиж байгаа биш үү? (Тийм.) Тэд байр суурь, нэр хүндэд дуртай. Тэд Бурханд итгэхдээ зөвхөн нэр хүнд, хувийн ашиг хонжооны хойноос хөөцөлдөж, байр суурь эрэлхийлэхэд л анхаардаг. Тэд үүнийг чангаар хэлэх нь ичмээр зүйл гэж боддог, иймээс өөрсдийгөө элдэв янзаар зөвтгөж, үнэнийг эрэлхийлээгүйдээ өөрсдийгөө өмгөөлж, чуулган, ах эгч нар болон Бурханд бурууг тохдог. Энэ нь зальжин биш гэж үү? Тэд гэм зэмгүй талыг чичилдэг муу хүмүүс биш гэж үү? (Тийм.) Тэд үндэслэлгүй асуудал үүсгэж, бусдыг логикгүй шаардлагаар дарамталж байна; тэд ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй! Үнэнийг эрэлхийлэхгүй байх нь дангаараа хангалттай ноцтой асуудал байхад тэд бас үг сөрж, хэцүү байхыг хичээдэг—энэ бол үнэхээр эрүүл ухаангүй хэрэг, тийм биз дээ? Үнэнийг эрэлхийлэх нь сайн дурын хэрэг. Хэрэв чи үнэнийг хайрладаг бол Ариун Сүнс чиний дотор ажиллана. Чи үнэнийг хайрлах үедээ; ямар ч хавчлага, гай зовлон тохиолдсон бай Бурханд залбирч, найдаж, өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийг хичээх үедээ; өөрөөсөө олж илрүүлсэн асуудлуудаа шийдвэрлэхийн тулд үнэнийг идэвхтэй эрж хайх үедээ чи үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг болно. Ийм маягаар чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Хүмүүс үнэнийг хайрлах үед энэ бүх илрэл тэднээс аяндаа гарч ирдэг. Тэдгээр нь сайн дураараа, баяртайгаар, албадлагагүйгээр, ямар ч нэмэлт нөхцөлгүйгээр тохиолддог. Хэрэв хүмүүс ийм маягаар Бурханыг дагаж чадвал эцэстээ үнэн ба амийг олж авч, үнэний бодит байдалд орж, хүний төрхийг амьдран харуулна. Үнэнийг эрэлхийлэхийн тулд чи ямар нэг нэмэлт нөхцөл биелүүлэх шаардлагатай юу? Үгүй. Бурханд итгэх итгэл нь сайн дурын, хүн өөрөө өөрийнхөө төлөө сонгодог зүйл бөгөөд үнэнийг эрэлхийлэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; үүнийг Бурхан зөвшөөрсөн. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс махан биеийн таашаалаас татгалзахыг хүсдэггүй мөртөө Бурханы ерөөлийг хүртэхийг хүссээр байдаг, гэвч жаахан зовлон зүдүүр, хавчлагатай тулгарахаараа эсвэл бага зэрэг шоолуулж, гүтгүүлэхээрээ сөрөг, сул дорой болж, цаашид Бурханд итгэх юм уу Бурханыг дагахыг хүсдэггүй. Тэд Бурханыг буруутгаж, үгүйсгэж ч чадна. Энэ нь эрүүл ухаангүй зүйл биш үү? Тэд ерөөгдөхийг хүсдэг ч махан биеийн таашаалыг эрэлхийлсээр байгаа бөгөөд ямар нэгэн зовлон зүдүүр, хавчлагатай тулгарах үедээ Бурханыг буруутгадаг. Үнэнийг хайрладаггүй энэ хүмүүс ийм л эрүүл ухаангүй байдаг. Бурханыг эцсээ хүртэл дагах нь тэдэнд хэцүү байх болно; ямар нэгэн зовлон зүдүүр, хавчлагатай тулгармагцаа тэд илчлэгдэж, таягдан хаягдана. Ийм хүмүүс дэндүү олон байдаг. Чи ямар ч шалтгаанаар Бурханд итгэдэг бай, Бурхан эцэст нь үнэнийг олж авсан эсэхэд чинь үндэслэн чиний төгсгөлийг тодорхойлно. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол бодож олсон ямар ч шалтаг, шалтгаан чинь нэмэр болохгүй. Хүссэнээрээ учирлах гэж оролд, хүссэнээрээ өөртөө төвөг уд, тэглээ гээд Бурхан тоох уу? Бурхан чамтай ярилцах уу? Тэр чамтай мэтгэлцэж, зөвшилцөх үү? Чамтай зөвлөлдөх үү? Хариулт нь юу вэ? Үгүй. Тэр яавч тэгэхгүй. Хэчнээн сайн шалтгаантай байлаа ч тэр чинь хангалтгүй. Чи Бурханы санаа зорилгыг буруугаар ойлгож, элдэв янзын шалтаг, шалтгаан хэлчих юм бол үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй гэж бодох ёсгүй. Бурхан бүхий л орчин нөхцөл, тохиолдсон хэрэг явдал болгоноос үнэнийг эрж хайн, эцэст нь үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авч чаддаг байхыг чамаас хүсдэг. Бурхан чамд зориулан ямар орчин нөхцөлийг зохицуулсан, ямар хүмүүс, үйл явдалтай тулгарч, ямар орчинд байгаа чинь хамаагүй, чи тэдгээртэй нүүр тулахын тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Эдгээр нь чухамдаа үнэнийг эрэлхийлэхдээ чиний сурах ёстой хичээл юм. Хэрвээ чи үргэлж эдгээр орчин нөхцөлөөс булзаж, зайлсхийж, татгалзаж, эсэргүүцэхийг хичээдэг бол Бурхан чамайг орхино. Учирлаж, гөжүүдэлж, хуншгүй царайлаад нэмэргүй, Бурхан чамайг ойшоохгүй бол чи аврагдах боломжоо алдана. Шийдвэрлэж чадахгүй асуудал гэж Бурханд үгүй. Бурхан хүн нэг бүрд зориулан зохицуулалт хийсэн бөгөөд тэднийг зохицуулах арга зам Түүнд бий. Шалтаг, шалтгаан чинь үндэслэлтэй эсэхийг Бурхан чамтай ярилцахгүй. Өөрийгөө өмгөөлж хэлсэн аргумент чинь үндэслэлтэй эсэхийг Бурхан сонсохгүй. Тэр чамаас “Бурханы үг үнэн үү? Чи завхарсан зан чанартай юу? Чи үнэнийг эрэлхийлэх ёстой юу?” гэж л асууна. Чи нэг баримтыг л сайн мэдэж байх хэрэгтэй: Бурхан бол үнэн, чи бол завхарсан хүн учраас өөрөө үнэнийг эрж хайх ёстой. Ямар ч асуудал, бэрхшээл, шалтаг, шалтгаан нэмэргүй, хэрвээ чи үнэнийг хүлээж авахгүй бол мөхөх болно. Үнэнийг эрэлхийлж, үнэний бодит байдалд орохын тулд төлж байгаа ямар ч төлөөс үнэ цэнтэй. Хүмүүс үнэнийг хүлээн авч, амийг олж авахын тулд бүх шалтаг, шалтгаан, бэрхшээлээ орхих ёстой, учир нь Бурханы үг болон үнэн бол тэдний хүртэх ёстой амь, юугаар ч сольж болохгүй амь юм. Хэрэв чи энэ боломжийг алдвал үлдсэн амьдралдаа харамсаад зогсохгүй—энэ бол зүгээр ч нэг харамсаад өнгөрөх зүйл биш—чи өөрийгөө бүрмөсөн сүйрүүлсэн байх болно. Чиний хувьд төгсгөл, хүрэх газар гэж байхаа болих бөгөөд чи өөрөө бүтээгдсэн зүйлийн хувьд дууссан байх болно. Чамд аврагдах боломж дахиад хэзээ ч олдохгүй. Ойлгож байна уу? (Ойлгож байна.) Үнэнийг эрэлхийлэхгүй байх шалтаг, шалтгааныг бүү хай. Тэгэх нь ямар ч хэрэггүй; чи зөвхөн өөрийгөө л хуурч байна.

Зарим удирдагч хэзээ ч зарчмын дагуу ажилладаггүй, дур зоргоороо, хөнгөн хуумгай байдаг. Ах, эгч нар үүнийг нь хэлж өгч, “Та юм хийхээсээ өмнө хүнтэй ховорхон зөвлөлддөг. Таныг юу гэж шүүж, шийдвэрлэснийг бид хожим хойно нь л мэддэг. Та яагаад тэдгээрийгээ хэнтэй ч ярилцдаггүй юм бэ? Та яагаад шийдвэр гаргахдаа бидэнд урьдчилан мэдэгддэггүй юм бэ? Хэдийгээр таны хийж байгаа зүйл зөв, таны хэв чанар биднийхээс илүү байсан ч гэсэн та эхлээд энэ тухайгаа бидэнд мэдэгдэх ёстой. Бид ядаж л юу болж байгааг мэдэх эрхтэй. Үргэлж дураараа үйлдсэнээрээ та антихристийн замаар алхаж байна!” гэдэг. Энэ талаар уг удирдагч юу гэж хэлдэг вэ? “Гэртээ бол би эзэн нь. Том жижиг бүх асуудлыг би шийддэг. Би ингэж дассан. Манай хамаатан садны хэн нэгэнд асуудал гарвал тэд над дээр ирж, юу хийхээ надаар шийдүүлдэг. Тэд асуудал шийдвэрлэхдээ сайн гэдгийг минь мэддэг. Тийм учраас би гэр бүлийнхээ асуудлыг хариуцдаг. Чуулганд элсэхдээ би цаашид тийм юманд төвөг удах хэрэггүй боллоо гэж бодсон ч тэгтэл намайг удирдагчаар сонгосон. Би яалтай билээ, ийм л хувь заяатай төрж. Бурхан надад энэ чадварыг хайрласан. Би бусад хүний төлөө шийдвэр гаргаж, бусдыг удирдахаар төрсөн.” Үүний цаад утга нь тэр албан тушаалтан байх хувь тавилантай, харин бусад хүн явган цэрэг, боол болох гэж төрсөн ажээ. Эцсийн шийдвэрийг тэр гаргаж, харин бусад хүн өөрийг нь сонсох ёстой гэж тэр боддог. Ах, эгч нар энэ удирдагчийн асуудлыг олж хараад, хэлж өгсөн ч хүлээн авахгүй, харьцалт, засалтыг ч хүлээн авахгүй. Түүнийг зайлуул гэж ах эгч нарыг шаардах хүртэл тэр хүн тэмцэж, эсэргүүцсээр байх болно. Энэ бүх хугацаанд тэр удирдагч “Над шиг хэв чанартай хүн хаа ч явсан удирдах хувь заяатай. Та нар шиг хэв чанартай хүмүүс үргэлж боол, зарц байх болно. Бусад хүнд захирагдах та нарын хувь заяа” гэж бодно. Байнга ийм зүйл хэлснээр тэд ямар зан чанар харуулж байна вэ? Мэдээж энэ бол завхарсан зан чанар, биеэ тоосон зан, ихэрхүү зан, хэт өөрийгөө шүтэх үзэл, гэтэл тэд ичгүүр сонжуургүйгээр үүнийгээ давуу тал, сайн чанар мэт гайхуулж, сайрхдаг. Хүн завхарсан зан чанар харуулах үедээ өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа мэдэж авч, гэмшиж, тэрийгээ хаях ёстой, мөн зарчмын дагуу үйлдэж чаддаг болтлоо үнэнийг эрэлхийлэх ёстой. Гэхдээ энэ удирдагч ингэж хэрэгжүүлдэггүй. Харин ч тэрээр засаршгүй хэвээр үлдэж, өөрийн үзэл бодол, арга барилтай зууралддаг. Эдгээр зан авираас чи тэрээр үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүн яавч биш гэдгийг харж болно. Тэд өөрсдийг нь илчилж, өөрсөдтэй нь харьцсан хэнийг ч сонсдоггүй, харин өөрсдийгөө учир зүггүй зөвтгөсөн хэвээр үлддэг: “Хм—би ийм л хүн! Үүнийг чадвар, авьяас гэдэг юм—та нарын хэн нэгэнд энэ бий юу? Би удирдах хувь заяатай. Би хаана ч явсан удирдагч. Би бусад хүнтэй зөвлөлдөхгүйгээр бүх зүйлийн талаар эцсийн үгийг хэлж, шийдвэр гаргаж дассан. Би ийм л хүн, энэ бол миний хувь хүний сэтгэл татам байдал.” Энэ нь дэндүү увайгүй явдал биш гэж үү? Тэр завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, мөн хүнийг шүүж, илчилдэг Бурханы үгийг илт хүлээн зөвшөөрдөггүй. Эсрэгээрээ, өөрийн тэрс үзэл, төөрөгдлийг үнэн гэж үзээд, тэрийгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэхийг хичээдэг. Сэтгэлийн гүндээ тэрээр Бурханы гэрт үнэн биш, өөрөө ноёрхож, шийдвэр гаргах ёстой гэж үздэг. Энэ улайм цайм ичгүүргүй хэрэг биш үү? Тэр өөрийгөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг гэж хэлдэг ч зан авир нь яг эсрэгээрээ байдаг. Өөрийгөө Бурхан болон үнэнийг дуулгавартай дагадаг гэж хэлдэг ч үргэлж эрх мэдлийг атгаж, эцсийн үгийг хэлж, бүх ах эгч өөрт нь захирагдаж, дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Хийж байгаа зүйл нь зохистой юм уу зарчимд нийцэж байгаа эсэхээс үл хамааран тэрээр хяналт тавих, зөвлөгөө өгөхийг бусдад зөвшөөрөхгүй. Үүний оронд өөрийнх нь үг, шийдвэрийг бусад бүх хүн сонсож, дуулгавартай дагах ёстой гэж боддог. Тэр өөрийнхөө үйлдлийг огт эргэцүүлдэггүй. Ах эгч нар өөрт нь яаж ч зөвлөж тусалсан, Бурханы гэр өөрийг нь яаж ч засаж, харьцсан, эсвэл бүр хэд хэдэн удаа халагдсан ч гэсэн асуудлынхаа талаар эргэцүүлдэггүй. Тухай бүрд нь “Гэртээ бол би эзэн нь. Би бүх шийдвэрийг гаргадаг. Бүх асуудал дээр би ганцаараа эцсийн үгийг хэлнэ. Энэ бол миний дассан зүйл тул үүнээс өөр замгүй” гэх үгээ л хэлдэг. Тэр үнэхээр үндэслэлгүй бөгөөд засаршгүй! Тэр эдгээр сөрөг дадлыг эерэг зүйл мэт сурталчилж, тэгэх зуураа өөрийгөө маш өндрөөр үнэлдэг. Үнэхээр ичгүүр сонжуургүй! Ийм хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд засаршгүй хүмүүс юм—иймээс тэд үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй гэдэгт итгэлтэй байж болно. Зүрх сэтгэлдээ тэд үнэнээс залхаж, үнэнд дайсагнадаг. Хүслээ хангаж, байр суурь олж авахын тулд төлж буй төлөөс, туулж буй бэрхшээл нь бүгд хий дэмий юм. Бурхан үүний алийг нь ч сайшаадаггүй, Бурхан үүнийг жигшдэг. Энэ нь үнэнд харшилж, Бурханыг эсэргүүцдэгийнх нь илрэл юм. Үүнд бүрэн итгэлтэй байж болно, үнэнийг ойлгодог хэн ч үүнийг ялган таньж чадна.

Бурханд олон жил итгэсэн мөртөө ямар ч үнэний бодит байдалгүй зарим хүн бас бий; тэд олон жил номлол сонссон ч үнэнийг ойлгодоггүй. Хэдий хэв чанар муутай ч тэдэнд хосгүй “авьяас” байдаг нь худал хэлэх, тэрийгээ нуун далдлах, бусдыг чамин үгээр хууран мэхлэх явдал юм. Хэрэв тэд арван хэдэн өгүүлбэр хэлбэл тэдгээрийн дотор арван хэдэн хольц байх болно—тус бүр нь тодорхой хэмжээний хольц агуулна. Нарийн яривал тэдний хэлдэг юу ч үнэн биш. Гэвч хэв чанар муутай, биеэ нэлээд зөв авч явдаг юм шиг харагддаг болохоороо тэд “Би угаасаа хулчгар, заль мэхгүй хүн, бас хэв чанар муутай. Би хаа ч явсан дээрэлхүүлдэг, хүмүүс намайг дээрэлхэхэд би зүгээр л тэвчиж, зовох ёстой болдог. Би тэдэнтэй үг сөрж, тэмцэлдэж зүрхэлдэггүй—нуугдаж, буулт хийж, тэвчиж л чадна. Би бол Бурханы үгэнд дурдагдсан ‘үнэнч шударга мөртөө мэдлэггүй хүн’, би бол Бурханы ардуудын нэг” гэж боддог. Хэрэв хэн нэгэн тэднээс “Тэгвэл чи яагаад худлаа ярьдаг юм бэ?” гэж асуувал тэд “Би хэзээ худлаа ярьсан юм бэ? Би хэнийг хуурсан гэж? Би худлаа хэлээгүй! Би заль мэхгүй хүн байж яаж худлаа хэлэх юм бэ? Миний оюун ухаан аливаа зүйлд удаан хариу үйлдэл үзүүлдэг, би тийм ч сайн боловсролтой биш—би худал хэлж мэдэхгүй! Тэнд байгаа тэр ов мэхтэй хүмүүс нүд ирмэхийн зуур хэд хэдэн хорон санаа, хуйвалдаан гаргаж чадна. Би тийм зальжин хүн биш болохоор үргэлж дээрэлхүүлдэг. Иймээс би Бурханы ярьдаг үнэнч шударга хүн бөгөөд та нар намайг худалч эсвэл хууран мэхлэгч гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Зүгээр л огт тийм юм байхгүй—та нар зүгээр л намайг гүтгэхээр оролдож байна. Та нар бүгдээрээ намайг дорд үздэгийг би мэднэ: Намайг тэнэг, хэв чанар муутай гэж боддог болохоороо та нар бүгд намайг дээрэлхэхийг хүсдэг. Бурхан л намайг дээрэлхдэггүй, надад нигүүлсэнгүй ханддаг” гэж хэлдэг. Ийм хүн худлаа ярьдгаа ч хүлээн зөвшөөрдөггүй, харин өөрийгөө Бурханы ярьдаг үнэнч шударга хүн гэж хэлэх увайгүй зантай байдаг бөгөөд энэ үгээрээ өөрийгөө шууд хаан ширээнд суулгадаг. Тэр өөрийгөө угаасаа үнэнч шударга мөртөө мэдлэггүй, Бурханд хайрлагдсан хүн гэж үздэг. Тэр өөрийгөө үнэнийг эрэлхийлэх юм уу өөрийгөө эргэцүүлэх шаардлагагүй гэж боддог. Төрсөн цагаасаа л үнэнч шударга байсан гэж боддог. Хэн ч юу ч хэлсэн худал хэлдгээ хүлээн зөвшөөрдөггүй, харин ч маргаж, биеэ өмөөрөхийн тулд өнөөх л хуучин шалтгаа тоочдог. Тэр өөрийгөө эргэцүүлсэн үү? Нэг талаараа эргэцүүлсэн. Тэгж “өөрийгөө эргэцүүлэхэд” нь тэдэнд юу гэж бодогдсон бэ? “Би бол Бурханы ярьдаг үнэнч шударга мөртөө мэдлэггүй хүн. Би жаахан мэдлэггүй байж болох ч үнэнч шударга хүн.” Тэд өөрсдөдөө цаасан малгай өмсгөж байгаа хэрэг биш үү? Мэдлэггүй хүн үү, үнэнч шударга хүн үү гэдгээ сайн мэддэггүй ч тэд өөрсдийгөө үнэнч шударга хүн гэж үздэг. Тэд өөрсдийгөө мэддэг үү? Хэрэв хүн дээрэлхүүлж, хулчгар амьдралаар амьдардаг мунхаг нэгэн бол тэр хүн сайн хүн байх ёстой гэсэн үг үү? Бас хүн бусдад сайн хүн гэж харагддаг бол үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй гэсэн үг үү? Ийм хүмүүс ямар нэгэн байдлаар угаасаа үнэнтэй байдаг уу? Зарим хүн: “Би үнэхээр заль мэхгүй, үргэлж үнэнийг хэлэхийг хичээдэг, зүгээр л жаахан мэдлэггүй хүн. Би үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй, угийн сайн, үнэнч шударга хүн” гэдэг. Ингэж хэлснээрээ тэд үнэнтэй, завхарсан зан чанаргүй гэдгээ цухуйлгаж байгаа биш үү? Сатан бүх хүн төрөлхтнийг гүн гүнзгий завхруулсан. Бүх хүн завхарсан зан чанартай байдаг бөгөөд хүн завхарсан зан чанартай бол хүссэн үедээ худал хэлж, хуурч, мэхэлж чаддаг. Тэд бүр өчүүхэн ололт амжилт, хувь нэмрээ гайхуулж, биеэ тоосон зан чанар ч гаргана. Энэ бүх хугацаанд тэд Бурханы тухай үзлээр дүүрэн байж, Бурханаас хэт ихийг шаардаж, Бурханд учирлахыг хичээдэг. Эдгээр нь асуудал биш үү? Энэ нь завхарсан зан чанар биш үү? Үүнийг шалгах шаардлагагүй гэж үү? Шаардлагатай. Гэсэн хэдий ч энэ хүмүүс өөрсдийгөө хэзээ ч худал хэлдэггүй, бусдыг хуурдаггүй үнэнч шударга хүмүүс болгон аль хэдийн өргөмжилсөн; ов мэхтэй зан чанаргүй тул үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй гэж тунхагладаг. Иймд ингэж авирладаг хэн ч үнэнийг эрэлхийлдэггүй, хэн нь ч үнэний бодит байдалд ороогүй. Тэд Бурханд залбирахдаа ихэвчлэн өөрсдийн тэнэг байдлын талаар, үргэлж дээрэлхүүлж байгаа талаараа, тун муу хэв чанарынхаа талаар гашуунаар уйлдаг: “Бурхан минь, зөвхөн Та л намайг хайрладаг; зөвхөн Та л намайг өрөвдөж, надад нигүүлсэнгүй ханддаг. Хүмүүс бүгд намайг дээрэлхэж, намайг худалч гэж хэлдэг ч би тийм биш!” гээд тэд нулимсаа арчин босож, бусад хүмүүсийг хараад, “Та нарын хэнийг ч Бурхан хайрладаггүй. Намайг л хайрладаг” гэж боддог. Энэ хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлдэг бөгөөд Бурханы хэлсэн завхарсан зан чанарын янз бүрийн зан авир, илчлэлийг харуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэдэнд тодорхой асуудал тохиолдож, тэдний дотор завхарсан байдал, илчлэл бий болсон ч гэсэн тэд хэсэг зуур бодсоныхоо дараа амаараа л хүлээн зөвшөөрөөд, дараа нь мартаж орхидог. Тэд үнэнийг огт эрж хайдаггүй, өөрсдөө завхралтай, завхарсан хүн гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээжийн хэрэг, ямар нэгэн тодорхой тохиолдолд завхарсан зан чанар харуулсан гэдгээ бүр ч зөвшөөрөхгүй. Хэчнээн олон асуудал үүсгэж, хэчнээн завхарсан зан чанар гаргаж байсан ч тэд эцэст нь нэг л ижил зүйл хэлдэг: “Би бол Бурханы ярьдаг үнэнч шударга мөртөө мэдлэггүй хүн. Би Бурханы өрөвдөх сэтгэлийн объект бөгөөд Бурхан намайг асар ихээр ерөөнө.” Иймээс эдгээр үгэнд найдаад тэд өөрсдийгөө үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй гэж боддог; энэ үг нь ийм хүмүүсийн үнэнийг эрэлхийлэхгүй байх үедээ хэлдэг шалтаг юм. Ийм хүмүүс утгагүй биш үү? (Тийм ээ.) Тэд утгагүй бөгөөд мэдлэггүй. Тэд хэр зэрэг утгагүй вэ? Маш утгагүй болохоор тэд Бурханы үгээс өөрсдөдөө ашиг тустай нэг хэллэгийг барьж аваад, тэрийгээ Бурханыг шантаажилж, үнэнийг эрэлхийлээгүйдээ өөрсдийгөө цагаатгах тамга болгон ашигладаг, тэгсэн мөртөө хүнийг илчилж, шүүдэг Бурханы үгийг өөрсөдтэйгөө ямар ч хамаагүй гэж үздэг. Тэд өөрсдийгөө угийн үнэнч шударга хүн гэж үздэг учраас тэр үгсийг сонсох шаардлагагүй гэж боддог. Нарийн яривал ийм хүмүүс бол өрөвдөлтэй амьтад. Тэд хэв чанар муутай, эрүүл ухаангүй, ичгүүр сонжуургүй ч ерөөл хүртэхийг хүсдэг. Хэдийгээр хэв чанар муутай, эрүүл ухаангүй, ичгүүр сонжуургүй ч тэд маш бардам бөгөөд эгэл хүмүүсийг дорд үздэг. Тэд үнэнийг эрэлхийлж, үнэний бодит байдлын талаар нөхөрлөж чаддаг хэв чанар сайтай хүмүүсийг хүндэлдэггүй. “Та нарын эдгээр давуу тал ер нь юунд хэрэгтэй юм бэ? Та нар үнэнийг эрэлхийлж, өөрсдийгөө таньж мэддэг л юм байгаа биз—би ийм зүйл хийх шаардлагагүй. Би бол үнэнч шударга хүн; жаахан мэдлэггүй байж магадгүй, гэхдээ энэ нь үнэндээ асуудал биш. Миний гаргаж буй завхарсан зан чанар ч санаа зовох зүйл огт биш. Өөрийгөө сайн зан авираар зэвсэглэсэн байхад би алзахгүй” гэж тэд боддог. Тэд өөрсдөөсөө юу шаарддаг вэ? “Ямар ч байсан Бурхан миний зүрх сэтгэлийг мэддэг, би Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг. Энэ л хангалттай. Туршлагын гэрчлэл болон Бурханы үгийн талаарх мэдлэгийн тухай өдөр, шөнөгүй ярих—энэ бүх яриа ямар хэрэгтэй юм бэ? Эцсийн эцэст Бурханд чин сэтгэлээсээ итгэхэд л хангалттай.” Энэ дэндүү тэнэг хэрэг биш үү? Нэгдүгээрт, ийм хүмүүс үнэнийг огт сонирхдоггүй; хоёрдугаарт, тэд үнэнийг юм уу Бурханы үгийг ойлгох чадваргүй гэж хэлж болно. Гэлээ ч тэд өөрсдийгөө ихэд бодож, асар ихэмсэг авирладаг. Тэд яагаад үнэнийг эрэлхийлдэггүйгээ зөвтгөх шалтаг, эрэл хайгуулын арга барил, эсвэл үнэний эрэл хайгуулыг орлох давуу тал гэж өөрсдийн үздэг ямар нэг зүйлийг хайдаг. Энэ тэнэг хэрэг биш үү? (Тийм ээ.)

Үнэнийг эрэлхийлдэггүй зарим хүн хүн чанарын хувьд том асуудалтай байдаггүй. Тэд дүрэм журмыг мөрдөж, биеэ зөв авч явдаг. Ийм эмэгтэйчүүд эелдэг, буянтай, нэр төртэй, төлөв төвшин бөгөөд сээтэгнэдэггүй. Тэд эцэг эхийнхээ өмнө сайн охин, гэр бүлийн амьдралдаа сайн эхнэр, ээж байж, гэр орондоо анхаарал тавин өдөр хоногийг хариуцлагатайгаар өнгөрөөдөг. Ийм эрчүүд заль мэхгүй, хариуцлагатай байдаг бөгөөд биеэ зөв авч явдаг; тэд бол ачлалт хөвгүүд, архи ууж, тамхи татдаггүй, хулгай, дээрэм хийдэггүй, мөрийтэй тоглодоггүй, завхайрдаггүй—тэд бол үлгэр жишээ нөхрүүд, гэрээсээ гадуур бол хэнийх нь зөв, буруу болох талаар бусадтай муудалцаж, маргалдах нь ховор. Бурханд итгэгчийн хувьд эдгээр зүйлд хүрэхэд хангалттай бөгөөд ингэдэг хүмүүс бол стандарт, шаардлага хангасан сайн хүмүүс гэж зарим хүн боддог. Хэрэв Бурханд итгэдэг болсныхоо дараа өглөгч, тусархуу, даруу, тэвчээртэй, хүлээцтэй байж, чуулганаас өөрсдөд нь зохицуулж өгсөн ямар ч ажлыг хайхрамжгүй, хааш яаш байлгүйгээр хичээнгүйлэн, сайн хийдэг бол үнэний бодит байдалд хүрсэн бөгөөд Бурханы шаардлагыг биелүүлэхэд ойрхон байна гэж тэд үздэг. Шаргуу ажиллаж эхлэн, арай илүү хүчин чармайлт гаргаж, Бурханы үгийг илүү их уншиж, хэллэгийг нь илүү их цээжилж, бусдад илүү их номловол үнэнийг эрэлхийлж буй хэрэг гэж тэд боддог. Гэвч тэд завхрал харуулдгаа танин мэддэггүй, ямар завхарсан зан чанартайгаа мэддэггүй, завхарсан зан чанар хэрхэн үүсдэг, тэрийг хэрхэн таньж, шийдвэрлэх ёстойгоо бүр ч мэддэггүй. Тэд эдгээр зүйлийн алийг нь ч мэдэхгүй. Ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Тэд төрөлхийн “сайн чанар”-аа үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хүрэх стандарт гэж үздэг. Хэрэв хэн нэгэн тэднийг биеэ тоосон, ов мэхтэй, ёрын муу гэж хэлбэл тэд илт маргахгүй, харин даруу, тэвчээртэй, хүлээн зөвшөөрсөн хандлага харуулна. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд тэд үүнийг нухацтай авч үзэхийн оронд эсэргүүцнэ: “Би биеэ тоосон гэж үү? Хэрэв би биеэ тоосон юм бол энэ ертөнц дээр ганц ч сайн хүн байхгүй! Хэрэв би ов мэхтэй юм бол дэлхий дээр нэг ч үнэнч шударга хүн байхгүй! Хэрэв би ёрын муу юм бол энэ дэлхий дээр нэг ч олигтой хүн байхгүй! Өнөө үед над шиг сайн хүнийг олох амархан уу? Үгүй—энэ боломжгүй!” Тэднийг ов мэхтэй, биеэ тоосон, эсвэл үнэнийг хайрладаггүй гэж хэлээд нэмэргүй, мөн тэднийг үл итгэгч гэж хэлээд мэдээж нэмэргүй. Тэд шууд л гараараа ширээ нүдээд, “Тэгэхээр би үл итгэгч болж байна уу? Хэрэв би аврагдаж чадахгүй бол та нарын хэн нь ч аврагдаж чадахгүй!” гэж маргана. Хэн нэгэн тэднийг илчилж, “Та үнэнийг хүлээн авдаггүй. Хүмүүс таны асуудлыг шүүмжлэх үед та маш даруу, тэвчээртэй харагддаг ч сэтгэлийн гүндээ маш их эсэргүүцдэг. Үнэний талаар нөхөрлөж байхдаа таны номлодог зүйл зөв боловч хүний завхарсан зан чанарын мөн чанарыг илчилж, шүүдэг Бурханы ганц ч үгийг хүлээн авдаггүй чинь үнэн. Та тэдгээрийг эсэргүүцэж, дургүйцдэг. Та харгис зан чанартай” гэж хэлж магадгүй. Чи тэднийг “харгис” гэж хэлбэл тэд хүлээн авч ер чадахгүй. “Би харгис гэж үү? Би харгис байсан бол аль эрт та нарыг бүгдийг чинь хөл дороо дэвслэх байсан! Хэрэв би харгис байсан бол та нарыг бүгдийг нь аль хэдийн устгачих байсан юм!” Тэд өөрсдийг нь илчилсэн эсвэл өөрсөдтэй нь нөхөрлөсөн юуг ч зөв ойлгож чадахгүй. Юмыг зөв ойлгох гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн чиний ямар ч асуудлыг илчилсэн байлаа гэсэн, санаа зорилго, бодол санаанд чинь үнэхээр алдаа байгаа эсэхийг шалгахын тулд чи тэдгээрийг Бурханы үгтэй жишиж, чамаас хэчнээн олон асуудал илчлэгдсэнээс үл хамааран бүгдийг нь хүлээн авах, дуулгавартай дагах хандлагаар хандана гэсэн үг юм. Тэгж байж л хүн өөрийнхөө асуудлыг үнэхээр мэдэж авч чадна. Хүн үзэл, төсөөлөлдөө үндэслэн завхарсан зан чанараа мэдэж авч чадахгүй, үүнийг Бурханы үгийн үндсэн дээр хийх ёстой. Тэгвэл өөрийгөө танин мэдэх урьдач нөхцөл юу вэ? Сатан хүн төрөлхтнийг мэхэлж, завхруулсан, бүх хүн завхарсан зан чанартай гэдгийг чи хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ баримтыг хүлээн зөвшөөрснөөр л чи Бурханы үгийн илчлэлийн дагуу өөрийгөө эргэцүүлж, ийнхүү өөрийгөө эргэцүүлэх явцдаа асуудлаа аажмаар илрүүлж чадна. Нэг мэдэхэд л чиний асуудал бага багаар ил болно, тэгээд чи завхарсан зан чанар чинь юу болохыг тодорхой ойлгоно. Мөн энэ суурин дээр чи ямар төрлийн хүн гэдгээ, мөн чанар чинь юу болохыг мэдэж чадна. Ингэснээр чи Бурханы хэлсэн болон илчилсэн бүхнийг хүлээн авч, дараа нь цаашлаад Бурханы үгээс хүнд зориулсан хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, амьдарна. Үнэнийг эрэлхийлэх гэдэг нь ийм утга учиртай юм. Гэхдээ ийм төрлийн хүн Бурханы үгийг ингэж хүлээж авдаг уу? Үгүй—тэд Бурханы үг бол үнэн бөгөөд завхарсан хүн төрөлхтнийг илчилсэн Бурханы үгс нь бүгд бодит баримт гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч хэрэв чи тэднээс завхарсан зан чанараа таньж мэдэхийг хүсвэл тэд үүнийг хүлээн авах ч үгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Энэ нь өөрсөдтэй нь ямар ч холбоогүй гэж тэд үздэг. Учир нь тэд өөрсдийгөө нэр хүндтэй, төлөв түвшин—шулуун шударга хүмүүс, нэр төртэй хүмүүс гэж боддог. Шулуун шударга хүн байна гэдэг нь үнэнтэй гэсэн үг үү? Шулуун шударга хүн байх нь ердөө л хүн чанарын эерэг илрэл юм; энэ нь үнэнийг төлөөлдөггүй. Тиймээс хэвийн хүн чанарын нэг шинж чанартай байлаа гээд чи үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй гэсэн үг биш, үнэнийг аль хэдийн олж авсан гэсэн үг ч биш—чи Бурханы хайртай хүн гэсэн үг бүр ч биш юм. Тийм биз дээ? (Тийм.) “Нэр төртэй хүмүүс” гэгддэг энэ хүмүүс өөрсдийгөө биеэ тоосон, ов мэхтэй, эсвэл үнэнээс залхдаг зан чанаргүй, бас яавч ёрын муу, харгис зан чанаргүй гэж үздэг. Тэд өөрсдийгөө нэр төртэй, угийн шулуун шударга, сайхан сэтгэлтэй, бусдад үргэлж дээрэлхүүлдэг, бас хэдий хэв чанар муутай, мэдлэггүй ч үнэнч шударга хүмүүс учраас өөрсдөд нь эдгээр завхарсан зан чанарын аль нь ч байхгүй гэж боддог. Энэ “үнэнч шударга байдал” бол жинхэнэ үнэнч шударга байдал биш, харин заль мэхгүй, хулчгар, мэдлэггүй байдал юм. Ийм хүмүүс усан тэнэгүүд биш үү? Бүгд тэднийг сайн хүмүүс гэж хардаг. Энэ үзэл бодол зөв үү? Хүмүүсийн сайн гэж үздэг хүмүүс завхарсан зан чанартай юу? Хариулт бол “тийм”—энэ нь тодорхой. Заль мэхгүй хүмүүс худлаа хэлдэггүй гэж үү? Тэд бусдыг хуурч, дүр эсгэдэггүй гэж үү? Аминч биш гэж үү? Шуналтай биш гэж үү? Өндөр албан тушаал хүсдэггүй гэж үү? Тэд хэрээс хэтэрсэн хүслээс ангид гэж үү? Мэдээж үгүй. Ямар ч муу зүйл хийгээгүй цорын ганц шалтгаан нь тэдэнд тохиромжтой завшаан олдоогүй явдал юм. Тэд үүгээрээ бахархдаг—өөрсдийгөө нэр төртэй хүмүүс гэж өргөмжилж, завхарсан зан чанаргүй гэж боддог. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн тэдний доторх ямар нэгэн завхарсан зан чанар, илрэл, байдлыг хэлж өгвөл тэд няцааж, “Би тэгдэггүй! Наад чинь би биш, би тэгж үйлдэж, тэгж боддоггүй. Та нар намайг буруу ойлгосон байна. Та нар бүгд заль мэхгүй, мунхаг, аймхай гэдгийг минь харж байгаа болохоор намайг дээрэлхэж байна” гэж хэлдэг. Иймэрхүү маягаар эргээд ноцдог хүмүүсийг юу гэж ойлгох вэ? Хэрэв хэн нэгэн ийм хүнийг өдөж зүрхэлбэл үүрд түүнд зуугдах болно. Тэд үүнийг хэзээ ч мартахгүй; тухайн хүнийг хэзээ ч зүгээр өнгөрүүлж чадахгүй, чадах чинээгээрээ оролдоно. Эрүүл ухаангүй, үнэхээр дургүй хүрмээр энэ хүмүүс өөрсдийгөө үнэнийг эрэлхийлэгч, завхарсан зан чанаргүй, заль мэхгүй, мэдлэггүй хүмүүс гэж бодсоор байдаг. Тэд бүр “Би мэдлэггүй байж болох ч заль мэхгүй—үнэнч шударга хүн, Бурхан надад хайртай!” гэж үргэлж хэлдэг. Тэд эдгээр зүйлээр түрий барьдаг. Энэ жаахан ичгүүр сонжуургүй хэрэг биш үү? Бурхан өөрт чинь хайртай гэж чи хэлдэг. Тийм гэж үү? Чамд тэгж хэлэх үндэслэл бий юу? Чамд Ариун Сүсний ажил бий юу? Бурхан чамайг төгс болгоно гэж хэлсэн үү? Бурхан чамайг ашиглахаар төлөвлөдөг үү? Хэрэв Бурхан чамд эдгээр зүйлийг хэлээгүй бол Бурхан өөрт чинь хайртай гэж чи хэлж болохгүй—Бурхан өөрийг чинь өрөвддөг л гэж хэлж болно, Бурхан чамайг өрөвдөж байгаа нь тэртэй тэргүй сайн зүйл. Бурхан өөрт чинь хайртай гэж чи хэлдэг бол энэ нь ердөө л чиний хувийн ойлголт болохоос Бурхан өөрт чинь үнэхээр хайртай гэдгийг батлахгүй. Бурхан үнэнийг эрэлхийлдэггүй хүнийг хайрладаг уу? Бурхан мэдлэггүй, хулчгар хүнийг хайрладаг уу? Бурхан мэдлэггүй, хулчгар хүнийг өрөвддөг—тэр бол үнэн. Бурхан үнэхээр үнэнч шударга, үнэнийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлж, Өөрт нь захирагдаж, Өөрийг нь өргөмжилж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь хүслийг харгалзан үзэж чаддаг, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг хайрладаг. Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагадаж, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг хүмүүсийг л Бурхан хайрладаг; үнэнийг хүлээн авч, засалт, харьцалт туулж чаддаг хүмүүсийг л Бурхан хайрладаг. Үнэнийг хүлээн авдаггүй, засалт, харьцалтыг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан жигшин голдог. Хэрэв чи үнэнээс залхдаг, Бурханы хэлсэн бүх үгийг эсэргүүцдэг бол Бурхан чамаас залхаж, чамайг жигшин голно. Хэрэв чи үргэлж өөрийгөө сайн хүн, өрөвдөлтэй, эгэл жирийн, заль мэхгүй хүн гэж боддог мөртөө үнэнийг эрэлхийлдэггүй бол Бурхан чамайг хайрлах уу? Тэгэх боломжгүй; Бурханы үгэнд ийм үндэслэл байхгүй. Бурхан заль мэхгүй эсэхийг чинь хардаггүй, ямар хүн чанартай, хэв чанартай төрсөн эсэхийг чинь ч тоодоггүй—Тэрээр Өөрийнх нь үгийг сонсоод хүлээж авдаг уу эсвэл үл тоодог уу, үгийг нь дуулгавартай дагадаг уу эсвэл эсэргүүцдэг үү гэдгийг чинь хардаг. Тэрээр Өөрийнх нь үг чамд нөлөөлж, үр жимсээ өгч байгаа эсэхийг, Өөрийнх нь хэлсэн олон үгэнд жинхэнэ гэрчлэл хийж чадах эсэхийг чинь хардаг. Хэрэв чиний туршлага эцэст нь “Би заль мэхгүй, аймхай хулчгар, уулзсан хүн бүрдээ дээрэлхүүлдэг. Хүн бүр намайг дорд үздэг” болж таарвал Бурхан үүнийг гэрчлэл биш гэж хэлнэ. Хэрэв чи “Би бол Бурханы ярьдаг үнэнч шударга мөртөө мэдлэггүй хүн” гэж нэмбэл Бурхан чамайг далан худалч бөгөөд чиний амнаас нэг ч үнэн гарах боломжгүй гэж хэлнэ. Хэрэв Бурхан чамд шаардлага тавих үед чи тэдгээрийг огт дуулгавартай дагаж чадахгүй төдийгүй, бас Бурханд учирлаж, өөртөө шалтаг тоочихоор оролдож, “Би зовж, төлөөс төлсөн, бас Бурханыг хайрладаг” гэж хэлбэл тэр чинь бүтэхгүй. Чи үнэнийг эрэлхийлдэг үү? Жинхэнэ туршлагын гэрчлэл чинь хаана байна? Бурханыг гэх хайр чинь хэрхэн илэрдэг вэ? Хэрэв чи нотлох баримт гаргаж өгч чадахгүй бол хэн ч үнэмшихгүй. “Би нэр төртэй хүн, ёс журамтай биеэ авч явдаг. Садар самуун явдалгүй, бүх дүрэм журмыг дагаж үйлддэг, хүмүүжилтэй хүн. Би архи ууж, завхайрч, мөрийтэй тоглодоггүй. Би Бурханы гэрт саад хийж, үймээн тарих юм уу маргаан үүсгэдэггүй, зовлон зүдүүрийг тэвчиж, шаргуу ажилладаг. Эдгээр нь үнэнийг эрэлхийлдгийн минь шинж тэмдэг биш үү? Би угаасаа үнэнийг эрэлхийлж байгаа” гэж чи хэлдэг. Тэгвэл Бурхан ингэж хэлнэ: Чи завхарсан зан чанараа шийдвэрлэсэн үү? Үнэнийг эрэлхийлдгийн чинь гэрчлэл хаана байна? Чи Бурханы сонгосон хүмүүсийн сайшаал, бишрэлийг хүртэж чадах уу? Хэрэв ямар нэгэн туршлагын гэрчлэл хийж чадахгүй ч өөрийгөө Бурханыг хайрладаг үнэнч шударга хүн гэж хэлж байгаа бол чи бусдыг худал үгээр хуурдаг хүн юм—чи бол эрүүл ухаангүй диавол Сатан бөгөөд хараагдвал зохино. Чамайг Бурхан яллаж, таягдан хаях л үлджээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих