Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (1) (II хэсэг)

Зарим хүн үүргээ гүйцэтгэх явцдаа үргэлж дур зоргоороо, бодлогогүй авирладаг. Тэд маш олон ааштай: Аз жаргалтай үедээ үүргээ бага зэрэг биелүүлдэг, тийм биш бол уруу царайлж, “Би өнөөдөр муухай ааштай байна. Юу ч идэхгүй, үүргээ биелүүлэхгүй” гэдэг. Тэгээд бусад нь тэдэнтэй ярилцах шаардлагатай болж, “Тэгж болохгүй. Чи ийм олон ааштай байж болохгүй шүү дээ” гэдэг. Харин тэр хүмүүс юу гэж хариулдаг вэ? “Ингэж болохгүйг би мэднэ ээ, гэхдээ би баян, тансаг айлд өссөн. Эмээ өвөө, нагац эгч нар бүгд намайг эрхлүүлдэг, эцэг эх маань бүр ч их эрхлүүлдэг байсан. Би тэдний амин эрдэнэ, нүдний цэцгий байсан, тэд намайг бүх зүйл дээр дураар минь байлгаж, эрхлүүлсэн. Тэр хүмүүжил намайг ийм олон ааштай болгосон учраас би Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхдээ бусадтай ярилцахгүй, үнэнийг эрж хайхгүй, Бурханыг дуулгавартай дагахгүй. Үүнд би буруутай гэж үү?” Тэдний ойлголт зөв үү? Тэдний хандлага үнэнийг эрэлхийлэх хандлага мөн үү? (Биш.) Хоолон дээр хамгийн амттай шимтэйг нь сонгох, зөвхөн амин хувиа борлуулах, бусдыг бодохгүй байх гэх зэрэг жаахан алдааг нь хэн нэгэн гаргаж тавих бүрд тэд “Би хүүхэд байхаасаа л ийм байсан, ингэж дассан. Би хэзээ ч бусдын талаар бодож байгаагүй. Намайг өхөөрддөг эцэг эх, энхрийлэн хайрладаг эмээ өвөөтэйгөө хамт үргэлж тансаг амьдралаар амьдарсан. Би бол бүх гэр бүлийнхнийхээ нүдний цэцгий” гэж хэлнэ. Энэ бол утгагүй дэмий яриа, төөрөгдөл юм. Энэ арай ичгүүргүй, увайгүй хэрэг биш үү? Эцэг эх чинь чамайг энхрийлэн хайрладаг байсан гээд бусад хүн ч гэсэн тэгэх ёстой юу? Хамаатан садан чинь чамайг өхөөрдөж, энхрийлэн хайрладаг нь чамд Бурханы гэрт бодлогогүй, дур зоргоороо үйлдэх шалтгаан өгч байгаа хэрэг үү? Энэ нь үндэслэлтэй шалтгаан мөн үү? Энэ чинь завхарсан зан чанартаа хандах зөв хандлага мөн үү? Үнэнийг эрэлхийлэх хандлага мөн үү? (Биш.) Энэ хүмүүст ямар нэгэн зүйл тохиолдоход, завхарсан зан чанар юм уу амьдралтай нь холбоотой ямар нэгэн асуудал тулгарах үед тэд үүнд хариулах, үүнийг тайлбарлах, зөвтгөх обьектив шалтгаан эрж хайдаг. Тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл Бурханд залбирдаггүй, өөрсдийгөө эргэцүүлэхээр Бурханы өмнө ирдэггүй. Өөрийгөө эргэцүүлэхгүйгээр хүн өөрийнхөө асуудал, завхарсан зан чанарыг мэдэж чадах уу? (Үгүй.) Завхарсан зан чанараа мэдэж авахгүйгээр гэмшиж чадах уу? (Чадахгүй.) Хэрэв хүн гэмшиж чадахгүй бол ямар нөхцөл байдалд байнга амьдрах вэ? Өөрийгөө уучлах нөхцөл байдалд амьдрах биш үү? Хэдий завхрал харуулсан ч мууг үйлдээгүй, захиргааны зарлигийг зөрчөөгүй—тэгэх нь үнэний зарчимтай нийцэхгүй ч гэсэн санаатай тэгээгүй учраас үүнийг өршөөх боломжтой гэж бодох биш үү? (Тийм.) Тэгвэл энэ нь үнэнийг эрэлхийлдэг хүнд байх ёстой нөхцөл байдал мөн үү? (Биш.) Хэрэв хүн хэзээ ч чин сэтгэлээсээ гэмшдэггүй, үргэлж ийм нөхцөл байдалд амьдардаг бол өөрийгөө өөрчилж чадах уу? Үгүй, хэзээ ч чадахгүй. Хүн өөрийгөө өөрчлөхгүй бол ёрын муугаа үнэхээр орхиж чадахгүй. Ёрын муугаа үнэхээр орхиж чадахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн үнэнийг бодитоор хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орж чадахгүй гэсэн үг. Энэ бол илэрхий үр дүн юм. Чи ёрын муугаа орхиж, эсвэл үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орж чадахгүй байж өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчилж, Ариун Сүнсний ажлыг хүртэж, Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч, Бурханаар гэм буруугаа уучлуулж, завхарсан зан чанараа шийдвэрлүүлэхийг хүсдэг бол энэ нь боломжтой юу? (Үгүй.) Боломжгүй юм бол Бурханд итгэх итгэл чинь чамайг авралд хүргэж чадах уу? (Үгүй.) Хэрэв хүн өөрийгөө уучилж, бишрэх нөхцөл байдалд амьдардаг бол үнэнийг эрэлхийлэхэд хол байна. Тэдний хийгээд завгүй байдаг, хардаг, сонсдог, гүйдэг зүйлс нь Бурханд итгэхтэй зарим талаар холбоотой байж болох ч үнэнийг эрэлхийлэх юм уу хэрэгжүүлэхтэй огтхон ч хамаагүй байдаг. Энэ үр дүн тодорхой юм. Тэдгээр нь үнэнийг эрэлхийлэх юм уу хэрэгжүүлэхтэй холбоогүйгээс хойш тэр хүн өөрийгөө эргэцүүлэхгүй, өөрийгөө мэдэхгүй байх болно. Тэд хэр зэрэг завхарснаа мэдэхгүй, хэрхэн гэмшихээ мэдэхгүй байх тул жинхэнэ гэмшилд хүрэх юм уу өөрсдийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчлөх магадлал бүр ч бага байх болно. Хэрэв чи ийм нөхцөл байдалд амьдарч, Бурхан чиний талаарх бодлоо өөрчилж, чамайг өршөөж, эсвэл сайшаагаасай гэж хүсдэг бол энэ нь үнэндээ хэцүү байх болно. Энд буй “сайшаах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхан чиний хийдэг зүйлийг хүлээн зөвшөөрч, сайшааж, санана гэсэн үг. Хэрэв чи эдгээрийн алийг нь ч олж авч чадахгүй бол хийж буй зүйл, хичээл зүтгэл, харуулж буй зүйл, зан авираараа үнэнийг эрэлхийлэхгүй байгааг чинь энэ нь нотолдог. Юу бодож байгаа чинь хамаагүй, хэдий чи жаахан сайн зан авир гаргаж чадсан ч гэсэн тэрхүү сайн авир нь хүн чанарт чинь бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан байгааг л илтгэдэг. Гэвч ийм сайн зан авир үнэний эрэл хайгуулын илрэл биш, учир нь чиний эхлэлийн цэг, санаа зорилго, сэдэл үнэнийг эрэлхийлэх явдал биш юм. Ингэж хэлэх ямар үндэслэл байна вэ? Үндэслэл нь чиний бодол санаа, үйлдэл, үйл хэргийн аль нь ч үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнтэй ямар ч холбоогүй. Хэрвээ хүний хийдэг бүх зүйл Бурханы сайшаал, хүлээн зөвшөөрлийг олж авахын төлөө биш бол тэдний хийдэг юу ч Бурханы сайшаал, хүлээн зөвшөөрлийг хүртэж чадахгүй бөгөөд мэдээж тэдгээр зан авир, хэрэгжүүлэлтийг хүний сайн зан авир гэж л нэрлэж болно. Тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлж буйн тэмдэг биш, үнэнийг эрэлхийлж буйн тэмдэг мэдээж биш. Тун олон ааштай, үргэлж бодлогогүй, дур зоргоороо авирладаг хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаггүй, засалт, харьцалтыг ч хүлээн авдаггүй. Тэд үнэнийг эрэлхийлж чадахгүй байгаадаа, мөн засалт, харьцалтыг хүлээн авч чаддаггүйдээ байнга шалтаг тоочдог. Энэ ямар зан чанар вэ? Мэдээж энэ бол үнэнээс залхдаг зан чанар—Сатаны зан чанар юм. Хүн Сатаны уг чанар, зан чанартай, иймээс хүмүүс Сатаных гэдэг нь эргэлзээгүй. Тэд бол диаволууд, Сатаны үр удам, агуу улаан лууны үр сад юм. Зарим хүн диавол, Сатан, агуу улаан лууны үр сад гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг, өөрийгөө мэдэх талаар тун сайхан ярьдаг. Гэвч завхарсан зан чанараа харуулахад нь хэн нэгэн өөрийг нь илчилж, харьцаж, засах үед хамаг чадлаараа өөрийгөө зөвтгөхөөр оролдоно, үнэнийг огтхон ч хүлээн авахгүй. Энд ямар асуудал байна вэ? Үүгээр энэ хүмүүс бүрэн илчлэгддэг. Тэд өөрийгөө мэдэх тухай маш сайхан ярьдаг байж засалт, харьцалттай тулгарахдаа үнэнийг яагаад хүлээж авч чаддаггүй юм бэ? Энд л асуудал байна. Иймэрхүү зүйл нэлээд түгээмэл биш үү? Үүнийг ялган танихад амархан уу? Үнэндээ амархан. Өөрсдийнхөө талаарх мэдлэгийг ярих үедээ диавол, Сатан гэдгээ хүлээн зөвшөөрдөг нэлээд олон хүн байдаг боловч дараа нь гэмшиж, өөрчлөгддөггүй. Тэгвэл тэдний ярьсан өөрийнх нь талаарх мэдлэг үнэн үү худал уу? Тэд өөрсдийгөө чин сэтгэлээсээ мэдэж байна уу, эсвэл бусдыг мэхлэх гэсэн заль мэх үү? Хариулт нь илэрхий байна. Тиймээс хүн үнэхээр өөрийгөө мэддэг эсэхийг харахын тулд зүгээр л тэр талаар ярихыг нь сонсох ёсгүй, харин засалт, харьцалтад ямар хандлагаар ханддагийг, үнэнийг хүлээн авч чадах эсэхийг нь харах ёстой. Энэ л хамгийн чухал. Засалт, харьцалтыг хүлээж авдаггүй хэн боловч үнэнийг хүлээн авдаггүй, хүлээн авахаас татгалздаг мөн чанартай, үнэнээс залхдаг зан чанартай байдаг. Үүнд эргэлзэх зүйлгүй. Зарим хүн хэчнээн их завхрал харуулсан ч бусад хүн өөртэй нь харьцахыг зөвшөөрдөггүй—хэн ч өөрийг нь засаж, харьцаж болохгүй. Тэд өөрийнхөө талаарх мэдлэгийг ярихдаа хүссэнээрээ ярьж болно, харин өөр хүн өөрийг нь илчилж, шүүмжилж, өөртэй нь харьцвал, хэчнээн бодитой, бодит баримттай нийцэж байсан ч тэд хүлээж авахгүй. Өөрийнх нь харуулсан ямар завхарсан зан чанарыг өөр хүн илчлэх нь хамаагүй, тэд дээд зэргээр эсэргүүцэж, өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүйгээр өөрсдийгөө зөвтгөх худал шалтаг тоочсоор байдаг. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй бол асуудал үүснэ. Чуулганд тэд хүрэхийн аргагүй, зэмлэхийн аргагүй байдаг. Хүмүүс өөрсдийнх нь тухай сайн зүйл хэлэхэд тэд баярлана; хүмүүс өөрсдийнх нь талаар ямар нэг муу зүйл хэлэхэд тэд уурлана. Хэрэв хэн нэгэн тэднийг илчлээд, “Та сайн хүн ч маш олон ааштай юм. Та үргэлж дур зоргоороо, бодлогогүй авирладаг. Та засалт, харьцалтыг хүлээн авах хэрэгтэй. Эдгээр дутагдал, завхарсан зан чанараасаа ангижирсан нь дээр биш үү?” гэж хэлэх үед тэд хариуд нь “Би ямар ч муу зүйл хийгээгүй, нүгэл үйлдээгүй. Та яагаад надтай харьцаж байгаа юм бэ? Би багаасаа л гэртээ эцэг эх, эмээ өвөөдөө энхрийлэн хайрлагдаж ирсэн. Би бол тэдний амин эрдэнэ, нүдний цэцгий. Гэтэл Бурханы гэрт хэн ч намайг энхрийлэн хайрладаггүй—энд амьдрах зугаатай биш! Та нар үргэлж надаас өө эрж, надтай харьцах гэж хичээдэг. Би яаж ингэж амьдрах болж байна вэ?” гэж хэлнэ. Энд ямар асуудал байна вэ? Ийм хүмүүсийг эцэг эх, ар гэрийнхэн нь эрхлүүлсээр байгаад тэд одоо ч гэсэн яаж биеэ зөв авч явах, бие дааж амьдрахаа мэдэхгүй байгааг гярхай хүн шууд хэлж чадна. Гэр бүл чинь чамайг шүтээн мэт энхрийлэн хайрласан учраас чи орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэдэхгүй байна. Чи биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдал, туйлын олон ааш зэрэг дутагдалтай болоод, тэрийгээ ухамсарлахгүй, яаж эргэцүүлэхээ мэдэхгүй байна. Чи Бурханд итгэдэг ч Бурханы үгийг сонсдоггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй. Чи Бурханд ингэж итгээд үнэнийг олж авч чадах уу? Үнэний бодит байдалд орж чадах уу? Жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах уу? Мэдээж чадахгүй. Бурханд итгэгчийн хувиар чи ядаж үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдэх ёстой. Тэгж байж л чи өөрчлөгдөж чадна. Хэрэв чи Бурханд итгэхдээ үргэлж өөрийн үзэл, төсөөлөлд найддаг бол, үнэнийг эрэлхийлэхийн оронд амар амгалан, аз жаргалыг л эрж хайдаг бол, жинхэнээсээ гэмшиж чаддаггүй, амь зан чанараа өөрчлөөгүй бол Бурханд итгэх итгэл чинь утга учиргүй юм. Бурханд итгэгчийн хувиар чи үнэнийг ойлгох ёстой, өөрийгөө мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой. Чамд юу ч тохиолдсон үнэнийг эрж хайх ёстой, өөрийнхөө гаргасан ямар ч завхарсан зан чанарыг Бурханы үгийн дагуу үнэнийг нөхөрлөснөөр шийдвэрлэх ёстой. Хэрэв хэн нэгэн хүн завхарсан зан чанарыг чинь хэлж өгвөл, эсвэл чи өөрөө санаачилга гарган үүнийг шалгавал, үүнийг ухамсартайгаар Бурханы үгтэй харьцуулж, өөрийгөө шинжиж, шалгаж, мэдэж авч, цаашлаад асуудлаа засаж, гэмшиж чадвал чи хүн шиг амьдарч чадна. Бурханд итгэдэг хүмүүс үнэнийг хүлээн авах ёстой. Хэрэв чи гэр бүлээрээ энхрийлүүлэн хайрлуулах мэдрэмжид үргэлж автаж, тэдний нүдний цэцгий, амин эрдэнэ байхдаа дуртай байх юм бол юу олж авч чадах вэ? Хэчнээн гэр бүлийнхээ нүдний цэцгий, амин эрдэнэ нь байлаа гээд үнэний бодит байдалгүй бол чи хог новш юм. Чи зөвхөн үнэнийг эрэлхийлдэг байж гэмээ нь Бурханд итгэх итгэл үнэ цэнтэй. Үнэнийг ойлгосноор чи хэрхэн биеэ зөв авч явахаа мэднэ, жинхэнэ аз жаргалыг мэдэрч, Бурханы таалалд нийцэх хүн байхын тулд яаж амьдрахаа мэднэ. Ямар ч гэр бүлийн орчин, ямар ч хувийн давуу тал, сайн чанар, авьяас үнэний бодит байдлыг орлож чадахгүй, тийм ямар ч зүйл үнэнийг эрэлхийлэхгүй байх шалтаг болох ёсгүй. Үнэнийг олж авах нь хүмүүст жинхэнэ аз жаргалыг авчирч, утга учиртай амьдралаар амьдрах боломж олгож, сайхан хүрэх газрыг өгч чадах цорын ганц зүйл юм. Энэ бол гарцаагүй үнэн билээ.

Зарим хүн чуулганы удирдагч, ажилчин болсныхоо дараа өөрсдийгөө алт шиг гэж үзээд, эцэст нь нэг гялалзах боломж гарлаа гэж боддог. Тэд өөртөө эрдэж, давуу талаа ашиглаж эхлэн, санаархлаа чөлөөтэй тавьж, хамаг чадвараа харуулдаг. Энэ хүмүүс зэрэг зиндаа, боловсрол, зохион байгуулах чадвар, удирдагчийн хэв маяг, янз төрхтэй байдаг. Тэд ангийнхаа шилдэг нь, сургуульдаа оюутны холбооны тэргүүн, ажилладаг компанийнхаа менежер эсвэл ерөнхийлөгч байсан учраас Бурханд итгэж эхлэн, Бурханы гэрт ирээд, удирдагчаар сонгогдох үедээ дотроо “Тэнгэр хэзээ ч урмыг минь хугалдаггүй. Над шиг чадварлаг нэгэн бусдын анхаарлыг татахгүй байхад хэцүү. Би компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буунгуутаа Бурханы гэрт ирээд, удирдагчийн үүрэг хүлээлээ. Би хичээсэн ч энгийн хүн байж чадахгүй. Энэ бол Бурхан намайг өргөмжилж байгаа хэрэг, Бурхан намайг энийг хий гэж зохицуулсан, тиймээс би дуулгавартай байх болно” гэж боддог. Удирдагч болсныхоо дараа тэд туршлага, мэдлэг, зохион байгуулах чадвар, удирдах хэв маягаа ашигладаг. Өөрсдийгөө чадварлаг, зоримог, үнэхээр чадамгай, авьяастай хүн гэж боддог. Гэхдээ харамсалтай нь энд асуудал бий. Удирдах чадвартай төрсөн чадамгай, авьяаслаг эдгээр удирдагч чуулганд юуг хамгийн сайн хийдэг вэ? Тусгаар тогтносон хаанчлалыг байгуулах, бүх эрх мэдлийг өөртөө зүй бусаар авах, хэлэлцүүлэгт давамгайлах. Удирдагч болсныхоо дараа тэд зөвхөн өөрсдийн нэр хүнд, байр суурийн төлөө ажиллаж, гүйж, бэрхшээл туулж, төлөөс төлөхөөс өөрийг хийдэггүй. Тэд өөр юуг ч тоодоггүй. Өөрсдийнх нь завгүй байдал, ажил Бурханы хүсэлд нийцдэг, өөрсдөд нь завхарсан зан чанар байхгүй, өөрсдөө чуулганд үргэлж хэрэгтэй, ах эгч нарт ч бас хэрэгтэй гэж тэд үздэг. Өөрийг нь байхгүй бол ямар ч ажил бүтэхгүй, өөрөө бүгдийг нь хариуцаж, эрх мэдлийг монополчилж чадна гэж тэд үздэг. Бас тэдэнд бие даасан хаанчлалаа байгуулах сүрхий арга бий. Тэд бүх төрлийн шинэ, шинэлэг зүйл хийх чадвартай, ялангуяа албан тушаалтан шиг аашилж, өөрсдийгөө дөвийлгөхдөө чадварлаг, өндөр дээрээс бусдад сургамжилж дадсан байдаг. Тэдний хийж чадахгүй нэг л чухал зүйл бий: Удирдагч болсныхоо дараа тэд бусадтай зүрх сэтгэлээсээ ярьж, өөрийгөө танин мэдэж, завхралаа анзаарч, ах эгч нарын саналыг сонсож чадахаа больдог. Ажлын хэлэлцүүлгийн үеэр хэн нэгэн өөр санаа дэвшүүлбэл эдгээр удирдагч татгалзаад зогсохгүй, тэрийгээ зөвтгөж, “Та нар наад саналаа сайтар бодож үзээгүй байна. Би чуулганы удирдагч—та нарын хэлснээр хийгээд юу ч буруудахгүй бол тэр л биз, гэхдээ ямар нэг муу зүйл тохиолдвол хариуцлагыг нь би л ганцаараа үүрнэ. Тиймээс, ихэнх тохиолдолд та нар санал бодлоо илэрхийлж болно—бид ёс журмыг баримтална—гэхдээ эцсийн эцэст би ганцаараа сонголт хийж, юмыг яаж хийхийг шийдэх ёстой” гэж хэлнэ. Ингээд яваандаа ах, эгч нарын ихэнх нь ажлын талаар ярилцах юм уу нөхөрлөхөө больдог учраас эдгээр удирдагч ажил дээрх аливаа асуудлын талаар тэдэнтэй нөхөрлөж төвөг удахгүй. Тэд хэнд ч юу ч хэлэлгүйгээр шийдвэр гаргаж, дүгнэлт хийсээр, өөрсдийгөө байнга зөвтгөсөөр байх болно. Тэд “Чуулган бол тухайн удирдагчийн чуулган, удирдагч нь замаа төлөвлөдөг. Ах, эгч нарын явж буй чиглэл, алхаж буй замын талаарх эцсийн шийдвэрийг удирдагч гаргана” гэж үздэг. Мэдээж эдгээр удирдагч ах, эгч нарын амийн оролт, алхаж буй зам, эрэл хайгуулын чиглэлийг хянаж байдаг. Өөрсдийг нь “ахмад” болгомогц тэд эрх мэдлийг монополчилж, бие даасан хаанчлал байгуулдаг. Тэдний үйлдэл ил тод байдаггүй, бас тэд өөрийн мэдэлгүй хэдэн хүнийг дарангуйлж, үнэнийг эрэлхийлдэг, ойлгох чадвартай зарим ах эгчийг гадуурхдаг. Тэр бүх хугацаанд тэд, ингэснээрээ чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалж байна гэж боддог. Тэд бүх зүйлийг маш нарийн үндэслэлтэйгээр, маш олон шалтаг, шалтгаантайгаар хийдэг—эцэст нь тэгээд юу болдог вэ? Тэдний хийдэг бүхэн байр суурь болон монопол эрх мэдлээ хамгаалахын төлөө байдаг. Тэд иргэний нийгэм, гэр бүлийн амьдралынхаа зарчим, арга зам, арга хэрэгслийг Бурханы гэрт авчирдаг бөгөөд ингэснээрээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж байна гэж боддог. Гэхдээ тэд хэзээ ч өөрсдийгөө таньж мэдэж, өөрсдийгөө эргэцүүлдэггүй. Хэдий хэн нэгэн үнэний зарчмыг зөрчиж байгааг нь хэлж өгсөн ч, Бурханы гэгээрэл, сахилгажуулалт, гэсгээлттэй тулгарсан ч гэсэн тэд үүнийг ухамсарлахгүй. Асуудал хаана байна вэ? Тэд удирдагчийн албан тушаалд очсон өдрөөсөө эхлэн үүргээ ажил мэргэжил мэт үзсэн бөгөөд энэ нь тэднийг антихристийн замаар алхаж, үнэнийг эрэлхийлж чадахгүй болоход хүргэдэг. Гэсэн хэдий ч тэд энэхүү “ажил мэргэжлийнхээ” явцад өөрсдийнх нь хийсэн бүхэн үнэний эрэл хайгуул байсан гэж боддог. Тэд үнэний эрэл хайгуулыг хэрхэн үздэг вэ? Тэд ах, эгч нар болон Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр өөрсдийнхөө байр суурь, эрх мэдлийг хамгаалдаг бөгөөд энэ бол өөрсдийнх нь үнэний эрэл хайгуулын илрэл гэж үздэг. Тэд энэ байр сууринд байхад нь өөрсдөөс нь илэрч, харагддаг завхарсан зан чанарын талаар юу ч мэддэггүй. Хэдийгээр заримдаа энэ бол завхарсан зан чанар, үүнийг Бурхан жигшдэг, энэ нь харгис, гөжүүд зан чанар юм байна гэсэн бүүр түүр мэдрэмж төрдөг ч бодлоо бушуухан өөрчилж, “Ингэж болохгүй. Би бол удирдагч учраас удирдагчийн нэр төртэй байх хэрэгтэй. Завхарсан зан чанар гаргаж байгаагаа ах, эгч нарт харуулж болохгүй” гэж боддог. Иймээс асар их завхрал харуулснаа, мөн байр суурь, эрх мэдлээ хамгаалахын тулд зарчмыг зөрчих олон зүйл хийснээ ухаарсан ч хэн нэгэн тэрийг нь илчлэх үед хэнд ч үүнийг мэдүүлэхгүйн тулд тэд үг мушгин маргадаг, эсвэл уг яриаг дарах гэж оролддог. Тэд эрх мэдэл, байр суурьтай болмогцоо өөрсдийгөө агуу, зөв зүйтэй, өө сэвгүй, маргашгүй гэж бодоод, ариун дагшин, халдашгүй байр сууринд тавьдаг. Ийм байр суурь эзэлснээр ах, эгч нарын амийн оролт болон чуулганы ажилд ашиг тустай байж болох өөр дуу хоолой, санал, зөвлөгөөг нэгэн адил эсэргүүцэж, татгалздаг. Тэд үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа ямар шалтаг хэлдэг вэ? “Би байр суурьтай, нэр хүндтэй хүн—энэ нь би нэр төртэй, ариун дагшин, халдашгүй гэсэн үг” гэж хэлдэг. Ийм шалтаг, шалтгаан тоочоод тэд үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Чадахгүй. Байр суурийнхаа эрх ямбыг эдлэх зуураа тэд үргэлж өндөр байрнаасаа ярьж, үйлддэг. Ингэснээрээ тэд өөрсдийгөө галд шардаг бөгөөд тэднийг илчлэх шаардлагатай болдог. Тийм хүмүүс өрөвдөлтэй биш үү? Тэд өрөвдөлтэй, жигшмээр, дургүй хүрмээр—ой гутмаар байдаг! Удирдагчийн хувьд тэд ариун хүний дүр үзүүлдэг. Ариун хүн, агуу, суут, зөв хүн—эдгээр цол хэргэм юу вэ? Эд бол дөнгө, ийм дөнгө зүүсэн хэн ч бай цаашдаа үнэнийг эрэлхийлж чадахгүй. Хүн энэ дөнгийг зүүсэн л бол үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй болсон гэсэн үг юм. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүйн гол шалтгаан юу вэ? Үнэндээ шалтаан нь тэд байр сууринд баригдсанд байгаа юм. Тэд үргэлж “Би бол удирдагч. Би энд ахална. Би бол нэр хүнд, байр суурьтай, нэр төртэй хүн, биеэ тоосон юм уу ёрын муу зан чанартай байж болохгүй. Завхарсан зан чанарынхаа талаар нээлттэй ярьж, нөхөрлөж болохгүй—нэр төр, алдар хүндээ хамгаалах ёстой. Хүмүүсээр бишрүүлж, хүндлүүлэх ёстой” гэж боддог. Тэд үргэлж эдгээр зүйлд баригддаг тул сэтгэлээ нээж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж чаддаггүй. Эдгээр зүйл тэднийг сүйрүүлдэг. Тэдний үзэл бодол, сэтгэлгээ үнэнтэй нийцдэг үү? Нийцдэггүй нь маш ойлгомжтой юм. Биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөдөг байдал, дур зоргоороо үйлдэх, дүр эсгэх, хуурч мэхлэх гэх мэт үүргээ гүйцэтгэхдээ ихэвчлэн гаргадаг зан авир нь үнэнийг эрэлхийлж буй хэрэг үү? (Үгүй.) Тэдгээрийн аль нь ч үнэний эрэл хайгуул биш гэдэг нь ойлгомжтой юм. Тэд үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа ямар үндэслэл, шалтгаан хэлдэг вэ? (Удирдагч бол байр суурь, нэр төртэй хүмүүс бөгөөд завхарсан зан чанартай байсан ч илчилж болохгүй гэж тэд үздэг.) Энэ нь утгагүй үзэл бодол биш үү? Хэрэв хүн завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрсөн ч тэрийг нь илчлэхийг зөвшөөрдөггүй бол үнэнийг хүлээн авдаг хүн мөн үү? Удирдагчийн хувиар чи үнэнийг хүлээн авч чадахгүй бол Бурханы ажлыг яаж туулах юм бэ? Завхрал чинь яаж цэвэрлэгдэх юм бэ? Завхрал чинь цэвэрлэгдэх боломжгүй бөгөөд завхарсан зан чанараараа үргэлжлүүлэн амьдардаг бол чи бодит ажил хийж чаддаггүй удирдагч буюу хуурамч удирдагч юм. Удирдагчийн хувиар чи байр суурьтай байдаг ч тэр нь ердөө л өөр ажил, өөр үүрэгтэй байгаа хэрэг болохоос нэр хүндтэй хүн болсон гэсэн үг биш. Ийм байр суурьтай болж, өөр үүрэг гүйцэтгэсэн гээд чи бусдаас илүү нэр хүндтэй болохгүй, эсвэл эрхэм хүндтэй хүн болохгүй. Үнэхээр ийм бодолтой хүмүүс байгаа бол тэд ичгүүргүй биш гэж үү? (Тийм.) Үүнийг хар ярианы хэлээр юу гэж хэлэх вэ? Тэд ичих нүүрэндээ илэг наасан биш үү? Удирдагч биш байх үедээ тэд хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг; завхарсан зан чанар харуулснаа нээлттэй ярьж, завхарсан зан чанараа задлан шинжилж чаддаг. Харин удирдагчийн албан тушаалд очмогцоо шал өөр хүн болдог. Би яагаад тэднийг өөр хүн болсон гэж хэлдэг вэ? Учир нь тэд баг зүүж, үнэн төрхөө ард нь нуудаг. Энэ баг нь ямар ч илэрхийлэл харуулдаггүй, уйлдаггүй, инээдэггүй, таашаал юм уу уур хилэнгүй, гуниг юм уу баяр хөөргүй, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлгүй—мэдээж ямар ч завхарсан зан чанаргүй. Илэрхийлэл, нөхцөл байдал нь цаг ямагт нэг хэвийн байдаг, харин тухайн удирдагчийн жинхэнэ байдал, хувийн бодол, санаа уг багны ард хэнд ч харагдахгүй нуугдаж үлддэг. Зарим удирдагч, ажилчин өөрийгөө нэр хүнд, байр суурьтай гэж үргэлж боддог. Хэн нэгэн өөрсдийг нь засаж, өөрсөдтэй нь харьцвал нэр төрөө алдана гэж айдаг учраас тэд үнэнийг хүлээн авдаггүй. Тэд байр суурь, эрх мэдлээсээ шалтгаалж зусар, хуурмаг үг хэлж, завхарсан зан чанараа нуун далдалдаг. Үүний зэрэгцээ тэд байр сууриасаа болоод, өөрсдөө бусдаас илүү нэр хүндтэй, ариун тул үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй—үнэнийг эрэлхийлэх нь бусдын хийх зүйл гэж эндүүрдэг. Ингэж бодох нь буруу бөгөөд бага зэрэг ичгүүр сонжуургүй, эрүүл ухаангүй юм. Ийм төрлийн хүн ингэж авирладаг. Ийм хүмүүсийн зан авирын мөн чанараас харахад тэд үнэнийг эрэлхийлэхгүй байгаа нь тодорхой байна. Харин тэд байр суурь, нэр төр эрэлхийлдэг. Тэд ажиллаж байхдаа байр суурь, эрх мэдлээ хамгаалаад, үнэнийг эрэлхийлж байна гэж бодон өөрсдийгөө хуурч байна. Тэд яг л Паул шиг, чуулганы ажлыг хийхдээ хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг, зохицуулсан даалгавруудаа болон Бурханы гэрийн ажлыг хийж байхдаа хүрсэн ололт амжилтаа ихэвчлэн дүгнэдэг. Тэд эдгээр зүйлийг байнга тооцоолдог, яг л Паулын хэлснээр “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8). Үүгээрээ тэрээр явах замаа дуусгаж, сайн тэмцлээр тэмцсэнийх нь дараа авралд хүрэх боломж нь хэр их болохыг, өөрийнх нь оруулсан хувь нэмэр ямар их байсныг, шагнал нь хэр их байхыг тооцоолж, өөрийнх нь хувь нэмрийг шагнахыг Бурханаас хүсэх цаг болсныг хэлжээ. Тэрээр өөрийг нь титмээр шагнахгүй бол Бурханыг зөвт гэж бодохгүй, захирагдахаас татгалзаж, тэр ч байтугай Бурханы зөвт бус байдлын талаар гомдоллоно гэсэн санааг илтгэжээ. Ийм сэтгэлгээтэй, зан чанартай хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Бурханд үнэхээр захирагддаг хүн мөн үү? Өөрийгөө Бурханы зохион байгуулалтад даатгаж чадах уу? Энэ нь хальт харахад л тодорхой биш үү? Тэд замаар замнаж, тэмцлээр тэмцэж байгаагаа үнэний эрэл хайгуул гэж боддог, үнэнийг огтхон ч эрж хайдаггүй бөгөөд тэдэнд үнэнийг үнэхээр эрэлхийлж байгаагийн илрэл байдаггүй—иймээс тэд үнэнийг эрэлхийлдэг хүн биш юм.

Дөнгөж сая бидний нөхөрлөл хүний ямар асуудлыг голчлон илчилсэн бэ? Тодруулж хэлбэл, хүний завхарсан зан чанарын алийг нь голчлон илчилсэн бэ? Үндсэн нэг завхарсан зан чанар бол хүн үнэнээс залхаж, үнэнийг хүлээн авахаас татгалзах явдал; энэ бол маш тодорхой төрлийн зан авир юм. Өөр нэг гол зүйл бол хүн бүрийн зан чанарын мөн чанарт байдаг зүйл буюу гөжүүд зан юм. Энэ бас нэлээн бодитоор, тодорхой илэрдэг, тийм биз дээ? (Тийм.) Эдгээр нь хүний завхарсан зан чанар илэрч, гардаг хоёр гол тал юм. Эдгээр тодорхой зан авир, тодорхой үзэл бодол, хандлага гэх мэт нь хүний завхарсан зан чанарт үнэнээс залхах элемент байдгийг үнэн, зөв харуулдаг. Мэдээж хүний зан чанарт илүү тод харагдаж байгаа зүйл бол гөжүүд зангийн илрэл юм: Бурхан юу ч гэж хэлсэн, Бурханы ажлын явцад хүний ямар ч завхарсан зан чанар илчлэгдсэн, хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхөөс зөрүүдлэн татгалзаж, эсэргүүцдэг. Мэдээж илт эсэргүүцэл эсвэл үл тоомсорлосон үгүйсгэлийн цаана өөр нэг төрлийн зан авир байдаг нь яг л Бурханы ажил өөрсөдтэй нь ямар ч хамаагүй мэт хүмүүс Бурханы ажилд анхаарал тавьдаггүй байх явдал юм. Бурханд анхаарал тавихгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ үед хүн “Та юу дуртайгаа л хэл—тэр чинь надад ямар ч падгүй. Таны шүүлт юм уу илчлэл надад ер хамаагүй. Би үүнийг хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлдэг. Ийм хандлагыг бид “гөжүүд зан” гэж нэрлэж болох уу? (Болно.) Энэ бол гөжүүд зангийн илрэл юм. Ийм хүмүүс “Би хүссэнээрээ, тав тухтай, аз жаргалтай амьдарна. Таны ярьдаг биеэ тоосон зан, ов мэх, үнэнээс залхах, ёрын муу, харгис байдал гэх мэт зан авир надад байлаа ч гэсэн, тэгээд юу гэж? Би үүнийг шалгахгүй, таньж мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Би Бурханд ингэж итгэдэг, тэглээ гээд Та яах юм?” гэдэг. Энэ бол гөжүүд хандлага юм. Хүмүүс Бурханы үгийг тоохгүй юм уу анхаарал хандуулахгүй байгаа бол Бурхан юм хэлсэн, сануулсан, анхааруулсан эсвэл уриалсан хэлбэрээр ярьсан эсэхээс үл хамааран—Бурхан ямар ч ярианы арга барил ашигласан, эсвэл Бурханы хэлсэн үгийн сурвалж, зорилго юу ч байсан—тэд Бурханыг нэгэн адил үл тоомсорлодог гэсэн үг—тэгэхээр тэдний хандлага гөжүүд хандлага юм. Энэ нь тэд хүнийг аврах гэсэн Бурханы чин сэтгэл, сайн санаа зорилгод байтугай яаралтай хүсэлд нь хүртэл анхаарал хандуулдаггүй гэсэн үг юм. Бурхан юу ч хийсэн бай, хүмүүс хамтран ажиллах зүрх сэтгэлгүй, мөн үнэний төлөө тэмүүлэх хүсэлгүй байдаг. Хэдийгээр тэд Бурханы шүүлт, илчлэлт нь тэр чигтээ бодитой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч зүрх сэтгэлд нь ямар ч харуусал байхгүй бөгөөд урьдынх шигээ үргэлжлүүлэн итгэсээр байдаг. Эцэст нь олон номлол сонсоод тэд нэг л юм хэлдэг: “Би жинхэнэ итгэгч, ямартай ч миний хүн чанар муу биш, би зориуд муу зүйл хийхгүй, аливаа зүйлийг хаяж чаддаг. Би бэрхшээлийг даван туулж чадна, бас итгэлийнхээ төлөөсийг төлөхөд бэлэн. Бурхан намайг хаяхгүй.” Энэ нь Паулын хэлсэн “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” гэдэгтэй адил биш үү? Хүмүүс иймэрхүү хандлагатай байдаг. Ийм хандлагын цаана ямар зан чанар байна вэ? Гөжүүд зан чанар. Гөжүүд зан чанарыг өөрчлөхөд хэцүү юу? Өөрчлөх зам бий юу? Хамгийн энгийн, шулуухан арга бол Бурханы үг болон Бурханд Өөрт нь хандах хандлагаа өөрчлөх явдал юм. Эдгээр зүйлийг хэрхэн өөрчилж болох вэ? Чиний гөжүүд хандлагаас үүссэн байдал, сэтгэлгээг задлан шинжилж, мэдэж авснаар, мөн чиний үйлдэл, үгийн аль нь, чиний зууралддаг үзэл бодол, санаа зорилгын аль нь, тэр ч байтугай чамаас гардаг бодол, санааны яг аль нь гөжүүд зан чанарын чинь нөлөөн дор байдгийг харснаар. Эдгээр зан авир, илрэл, байдлыг нэг нэгээр нь шалгаж, шийдвэрлэж, дараа нь тэдгээрийг өөрчил—шалгаад ямар нэг зүйл илрүүлсэн л бол хурдан өөрчил. Жишээлбэл, бид сая дур сонирхол, сэтгэл санааны байдалдаа тулгуурлан үйлдэх тухай ярьж байсан, энэ бол олон ааштай байдал юм. Олон ааштай зан чанар нь үнэнээс залхах шинж чанартай байдаг. Хэрэв чи ийм завхарсан зан чанартай, ийм төрлийн хүн гэдгээ ухаарсан ч өөрийгөө эргэцүүлэхгүй, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй, өөрийгөө зүв зүгээр гэж зөрүүдлэн боддог бол энэ нь гөжүүд зан юм. Энэ номлолын дараа чи “Би тийм зүйл хэлсэн, надад тийм үзэл бодол бий. Миний энэ зан чанар бол үнэнээс залхдаг зан чанар. Ийм учраас би энэ зан чанарыг шийдвэрлэж эхэлнэ” гэж гэнэт ухаарч магадгүй. Тэгвэл чи үүнийг яаж шийдвэрлэж эхлэх вэ? Эхлээд давуу байдлын мэдрэмж, олон ааштай, дур зоргоороо байдлаа орхи; сэтгэл санаа чинь сайхан ч бай, муухай ч бай Бурханы шаардлага ямар байдгийг хар. Хэрэв чи махан биеийг хаяж, Бурханы шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж чадвал Бурхан чамайг хэрхэн харах вэ? Хэрэв чи үнэхээр эдгээр завхарсан зан авирыг шийдвэрлэж эхэлж чадвал энэ нь Бурханы ажилтай эергээр, идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж буйн тэмдэг юм. Чи тэрхүү үнэнээс залхдаг зан чанарыг ухамсартайгаар хаяж, шийдвэрлэхийн зэрэгцээ гөжүүд зан чанараа шийдвэрлэж байх болно. Энэ хоёр завхарсан зан чанарыг хоёуланг нь шийдвэрлэснийхээ дараа чи Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгаж чадах бөгөөд энэ нь Бурханыг баярлуулна. Хэрэв та нар энэхүү нөхөрлөлийн агуулгыг ойлгож, ийм маягаар махан биеийг хаях явдлыг хэрэгжүүлбэл Би маш их баярлана. Тэгвэл Би эдгээр үгийг дэмий хэлсэн болохгүй.

Гөжүүд зан нь завхарсан зан чанарын асуудал юм; энэ бол хүний уг чанарт байдаг зүйл бөгөөд шийдвэрлэхэд амаргүй байдаг. Хүн гөжүүд зан чанартай бол энэ нь голчлон шалтаг, хуурамч аргумент тоочих, санаа бодолтойгоо зууралдах, шинэ зүйлийг тийм ч амархан хүлээн авахгүй байх хандлагаар илэрдэг. Хүмүүс өөрсдийнхөө санааг буруу гэдгийг мэдсээр байж нэрэлхүү зан, нэр нүүрээсээ болоод санаа бодолтойгоо зууралдан эцсээ хүртэл зөрүүдэлдэг. Ийм гөжүүд зан чанарыг хүн өөрөө мэддэг байсан ч өөрчлөхөд хэцүү. Хүн гөжүүд зангийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хүний биеэ тоосон зан, ов мэх, харгис байдал, үнэнээс залхдаг байдал болон бусад тийм зан чанарыг мэдэх ёстой. Хүн биеэ тоосон зан, ов мэх, харгис байдлаа, үнэнээс залхдаг гэдгээ, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч махан биеэ орхих хүсэлгүй гэдгээ, Бурханыг дуулгавартай дагахыг хүсдэг ч үргэлж шалтаг тоочиж, бэрхшээлээ тайлбарладаг гэдгээ мэддэг бол гөжүүд зангийн асуудалтайгаа таньж мэдэхэд амархан байх болно. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд хэвийн хүний эрүүл ухаантай болж, Бурханы үгийг сонсож сурахаас эхлэх ёстой. Хэрэв Бурханы хонь байхыг хүсэж байгаа бол чи Бурханы үгийг сонсож сурах ёстой. Тэрийг хэрхэн сонсох ёстой вэ? Өөрийнхөө үгээр Бурханы илчилсэн, чамд хамааралтай аливаа асуудлыг сонсох. Хэрэв өөртэй чинь хамааралтай асуудал олдвол чи хүлээн авах ёстой; энэ бол бусад хүнд байдаг асуудал, энэ бол хүн бүрийн асуудал, эсвэл хүн төрөлхтний асуудал, энэ нь надтай ямар ч холбоогүй гэж чи бодох ёсгүй. Ийм итгэл үнэмшилтэй байвал чи буруудна. Чи Бурханы илчилж буй завхарсан зан чанар юм уу эндүү ташаа үзэл бодолтой эсэхээ Бурханы үгийн илчлэлээр дамжуулан эргэцүүлэх ёстой. Тухайлбал чи хэн нэг хүний гаргаж буй биеэ тоосон зан чанарын илрэлийг илчилж байгаа Бурханы үгийг сонсох үедээ дотроо ингэж бодох ёстой: “Би биеэ тоосон зангийн илрэл харуулдаг бил үү? Би бол завхарсан хүн, иймээс эдгээр илрэлийн заримыг харуулдаг байж таарна; би хаана тэгдэг талаараа эргэцүүлэх ёстой. Хүмүүс намайг биеэ тоосон зантай, үргэлж их зан гаргадаг, ярих үедээ хүмүүсийг хязгаарладаг гэж хэлдэг. Энэ үнэхээр миний зан чанар гэж үү?” Эргэцүүлснээрээ чи эцэст нь Бурханы үгийн илчлэл бүхэлдээ үнэн зөв болохыг ойлгож, биеэ тоосон хүн гэдгээ ухаарна. Бурханы үгийн илчлэл бүхэлдээ үнэн зөв байхын хэрээр, чиний нөхцөл байдалтай өчүүхэн ч зөрөөгүй төгс таарахын хэрээр, мөн цааш эргэцүүлэх тусам бүр ч үнэн зөв санагдвал чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, тэдгээрийн дагуу өөрийнхөө завхарсан зан чанарын мөн чанарыг ялган таньж, мэдэж авах ёстой. Тэгвэл чи жинхэнээсээ харамсаж чадна. Бурханд итгэхдээ зөвхөн ийм маягаар Бурханы үгийг идэж, ууснаар л чи өөрийгөө мэдэж чадна. Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд чи Бурханы үгийн шүүлт, илчлэлийг хүлээн авах ёстой. Тэгж чадахгүй бол завхарсан зан чанараа хаях ямар ч арга байхгүй. Хэрэв чи Бурханы үгийн илчлэл нь ерөнхийдөө үнэн зөв гэдгийг олж хардаг, эсвэл үүний тал нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг ухаантай хүн бол үүнийг даруй хүлээн авч, Бурханы өмнө дуулгавартай байх ёстой. Бас Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлэх ёстой. Тэр үед л чи Бурханы илчлэлийн бүх үг үнэн зөв, тэдгээр нь бүгд бодит баримт бөгөөд бодит баримтаас дутахгүй гэдгийг ойлгох болно. Хүмүүс Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлээр Бурханы өмнө захирагдаж байж л өөрсдийгөө үнэхээр эргэцүүлж чадна. Зөвхөн тэр үед тэд өөрсдийнхөө дотор байгаа янз бүрийн завхарсан зан чанарыг олж харж, үнэхээр биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өчүүхэн ч гэсэн эрүүл ухаангүй гэдгээ харж чадна. Үнэнийг хайрладаг хүн бол Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, гүн гүнзгий завхарсан гэдгээ Бурханд хүлээн зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах хүсэл эрмэлзэлтэй байж чадна. Ийм маягаар тэд харууссан зүрх сэтгэлтэй болж, өөрсдийгөө үгүйсгэж, үзэн ядаж эхлэн, өмнө нь үнэнийг эрэлхийлээгүйдээ харамсаж, “Би анх уншиж эхлэх үедээ яагаад Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадаагүй юм бол? Би Бурханы үгэнд биеэ тоосон хандлагаар хандсан тийм биз дээ? Би яаж ингэж биеэ тоож чадав аа?” гэж боддог. Хэсэг хугацаанд ийм маягаар өөрсдийгөө байнга эргэцүүлсний дараа тэд үнэхээр биеэ тоосон гэдгээ, Бурханы үг бол үнэн, бодит баримт гэдгийг хүлээн зөвшөөрч бүрэн чадахгүй гэдгээ, өөрсдөд нь үнэхээр өчүүхэн төдий ч эрүүл ухаан байхгүй гэдгийг ухамсарлана. Гэхдээ өөрийгөө мэдэж авна гэдэг хэцүү зүйл. Хүн эргэцүүлэх бүрдээ өөрийнхөө тухай улам илүү, улам гүн гүнзгий мэдлэгтэй болж чадна. Завхарсан зан чанарын талаар тодорхой мэдлэг олж авах нь богино хугацаанд хийчихдэг зүйл биш юм; хүн Бурханы үгийг илүү их уншиж, илүү их залбирч, өөрийгөө илүү их эргэцүүлэн бодох ёстой. Тэгж байж л тэд өөрсдийгөө аажмаар мэдэж авна. Өөрийгөө үнэхээр мэддэг бүх хүн урьд өмнө нь хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, бүдэрсэн, үүнийхээ дараа тэд Бурханы үгийг уншиж, Бурханд залбирч, өөрсдийгөө эргэцүүлж, улмаар завхралынхаа үнэн мөнийг тодорхой харж, үнэхээр гүн гүнзгий завхарсан, огтхон ч үнэний бодит байдалгүй гэдгээ мэдрэх болсон. Хэрэв чи Бурханы ажлыг ингэж туулж, ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, үнэнийг эрж хайх юм бол аажмаар өөрийгөө мэдэж авна. Тэгээд эцэст нь нэг л өдөр зүрх сэтгэл чинь тодорхой болно: “Би бусдаас яльгүй илүү хэв чанартай байж магадгүй, гэхдээ үүнийг Бурхан надад өгсөн. Би үргэлж бардамнаж, ярьж байхдаа бусдаас илүү гарахыг оролдож, хүмүүсийг өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг. Би үнэхээр эрүүл ухаангүй—энэ бол биеэ тоосон зан, биеэ зөвтгөдөг байдал! Эргэцүүлснээр дамжуулан би биеэ тоосон зан чанараа мэдэж авсан. Энэ бол Бурханы гэгээрэл, нигүүлсэл, үүнийх нь төлөө би Бурханд талархаж байна!” Завхарсан зан чанараа мэдэж авна гэдэг сайн зүйл үү, муу зүйл үү? (Сайн зүйл.) Тэндээс чи яаж эрүүл ухаан, дуулгавартай байдалтай ярьж, үйлдэх, хэрхэн бусадтай эн тэнцүү байх, тэднийг хязгаарлахгүйгээр хэрхэн шударга хандах, хэв чанар, авьяас чадвар, давуу талаа хэрхэн зөв авч үзэх гэх мэтийг эрж хайх хэрэгтэй. Ийм маягаар, нэг нэгээр цохин уулыг шороо болгон нураадгийн адил завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдэнэ. Дараа нь чи бусадтай харилцах юм уу бусадтай хамт үүргээ гүйцэтгэхдээ үзэл бодолд нь зөв хандаж, тэднийг чих тавин, маш анхааралтай сонсож чадна. Тэднийг зөв үзэл бодол илэрхийлэхийг нь сонсоод чи “Миний хэв чанар хамгийн сайн нь биш бололтой. Үнэндээ хүн бүр өөрсдийн гэсэн давуу талтай; тэд надаас огт дутахгүй. Өмнө нь би үргэлж өөрийгөө бусдаас илүү хэв чанартай гэж боддог байсан. Тэр нь өөрийгөө биширсэн, явцуу мэдлэггүй байдал байжээ. Би худаг доторх мэлхий шиг маш хязгаарлагдмал үзэл бодолтой байжээ. Тэгж бодох нь үнэхээр эрүүл ухаангүй, ичгүүргүй хэрэг байсан! Би биеэ тоосон зан чанартаа сохорч, дүлийрсэн байжээ. Би бусдын үгийг сонсоогүй, өөрийгөө тэднээс илүү, миний зөв гэж бодсон, тэгтэл үнэндээ би хэнээс нь ч илүү биш!” гэж бодно. Тэр цагаас хойш чи өөрийнхөө алдаа дутагдал, жижиг биеийн хэмжээг үнэнээр нь харж, мэддэг болно. Дараа нь чи бусадтай нөхөрлөх үедээ үзэл бодлыг нь анхааралтай сонсоод, “Надаас дээр хүмүүс маш олон. Хэв чанар, ойлгох чадвар минь аль аль нь сайндаа л дунд зэрэг юм байна” гэж ухаарна. Ингэж ухаараад чи өөрийгөө жаахан ч гэсэн мэдэж авахгүй гэж үү? Үүнийг туулж, Бурханы үгийн дагуу өөрийгөө байнга эргэцүүлснээр чи өөрийгөө жинхэнээсээ мэдэж авч, тэр мэдлэг чинь улам гүнзгийрч чадна. Чи өөрийнхөө завхралын үнэнийг, ядуу, хөөрхийлөлтэй байдлыг, халагламаар бузар булайгаа ухаарч, тэр үед өөртөө ой гутаж, завхарсан зан чанараа үзэн ядна. Тэгээд чамд өөрийгөө хаяхад илүү хялбар байх болно. Хүн ингэж Бурханы ажлыг туулдаг. Чи Бурханы үгийн дагуу завхарсан зан чанарын илрэлээ эргэцүүлэх ёстой. Ялангуяа аливаа нэг нөхцөл байдалд завхарсан зан чанар харуулсны дараа байнга өөрийгөө эргэцүүлж, мэдэж авдаг байх ёстой. Тэгсний дараа завхарсан мөн чанараа тодорхой харахад чамд илүү хялбар болж, чи завхралаа, махан биеэ, мөн Сатаныг зүрх сэтгэлээсээ үзэн ядаж чадна. Мөн зүрх сэтгэлээсээ үнэнийг хайрлаж, үнэнд тэмүүлж чаддаг болно. Ийм маягаар биеэ тоосон зан чанар чинь багассаар, чи үүнийгээ аажмаар хаяна. Чи улам эрүүл ухаантай болж, Бурханд захирагдахад илүү амархан болно. Бусдын нүдэнд чи илүү тууштай, ул суурьтай харагдаж, илүү бодитой ярьж байгаа юм шиг санагдана. Чи бусдыг сонсож чаддаг болж, тэдэнд ярих цаг өгнө. Бусдын зөв байх үед тэдний үгийг хүлээж авахад чамд хялбар байх бөгөөд хүмүүстэй харилцах харилцаа чинь тийм ч хэцүү биш байх болно. Чи хэнтэй ч эв найртай хамтран ажиллаж чаддаг болно. Чи үүргээ ингэж гүйцэтгэдэг бол эрүүл ухаантай, хүн чанартай байгаа хэрэг биш үү? Иймэрхүү төрлийн завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга энэ юм.

Миний дөнгөж сая дурдсан гөжүүд зан чанарын асуудлаар дамжуулан завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга замыг одоо бага зэрэг нөхөрлөе. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд хүн эхлээд үнэнийг хүлээн авч чаддаг байх ёстой. Үнэнийг хүлээн авах нь Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахтай адилхан; энэ нь хүний завхралын мөн чанарыг илчилдэг Бурханы үгийг хүлээн авах явдал юм. Хэрвээ чи Бурханы үгийн үндсэн дээр завхралынхаа илчлэл, завхарсан байдал, завхарсан санаа зорилго, зан авираа мэдэж авч, задлан шинжилдэг бол, асуудлынхаа мөн чанарыг олж илрүүлж чаддаг бол завхарсан зан чанараа мэдэж авсан байх бөгөөд үүнийг шийдвэрлэх үйл явцыг эхлүүлсэн байх болно. Нөгөө талаар хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлдэггүй бол гөжүүд зан чанараа шийдвэрлэж чадахгүйгээр үл барам, завхарсан зан чанараа арилгах аргагүй байх болно. Хүн бүр олон завхарсан зан чанартай байдаг. Хүн хаанаас эхэлж тэдгээрийгээ шийдвэрлэх ёстой вэ? Гөжүүд зан чанар Бурханд ойртох, үнэнийг эрж хайх, Бурханыг дуулгавартай дагахад нь хүмүүст саад болдог тул хүн гөжүүд зангаа эхлээд шийдвэрлэх ёстой. Гөжүүд зан бол хүн Бурханд залбирч, Бурхантай нөхөрлөхөд саад хийдэг бул хар чулуу; хүний Бурхантай харилцах хэвийн харилцаанд хамгийн их саад болдог. Гөжүүд зан чанараа шийдвэрлэсний дараа бусдыг нь шийдвэрлэхэд амархан байх болно. Завхарсан зан чанарыг шийдвэрлэх нь өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахаас эхэлдэг. Өөрийнхөө мэддэг ямар ч завхарсан зан чанарыг шийдвэрлэ—хэдий чинээ ихийг мэднэ, төдий чинээ ихийг шийдвэрлэж чадна; тэдгээрийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй байх тусмаа төдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэж чадна. Энэ бол завхарсан зан чанараа шийдвэрлэх үйл явц юм; Бурханд залбирч, Бурханы үгээр өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, завхарсан зан чанарынхаа мөн чанарыг задлан шинжилснээр үүнийг хийдэг ба дараа нь хүн махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Завхарсан зан чанарынхаа мөн чанарыг мэдэх нь энгийн зүйл биш юм. Өөрийгөө мэдэх гэдэг нь ерөнхийдөө “Би бол завхарсан хүн; би диавол; Сатаны үр сад, агуу улаан лууны үр удам; би Бурханыг эсэргүүцэж, Бурханд дайсагнадаг; би бол Бурханы дайсан” гэж хэлэх явдал биш. Ингэж хэлэх нь чи завхралаа үнэхээр мэддэг гэсэн утгатай байх албагүй. Чи тэр үгийг өөр хэн нэгнээс сурсан бөгөөд өөрийнхөө талаар төдийлөн мэддэггүй байж магадгүй. Өөрийгөө үнэхээр мэдэх нь хүний эрдэм мэдлэг, дүгнэлтэд биш, Бурханы үгэнд үндэслэдэг—энэ нь завхарсан зан чанарын үр дагавар болон завхарсан зан чанараас болж туулсан зовлонгоо харж, завхарсан зан чанар чамайг төдийгүй бусад хүнд ч хор хохирол учруулдгийг мэдэрч, завхарсан зан чанар Сатанаас үүдэлтэй, Сатаны хор болон гүн ухаан мөн гэдгийг, үнэн болон Бурханд бүрэн дайсагнадаг гэдгийг нэвт харах явдал юм. Чи энэ асуудлыг нэвт харах үедээ завхарсан зан чанараа мэдэж авсан байх болно. Зарим хүн диавол Сатан гэдгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа засалт, харьцалтыг хүлээн авахгүй хэвээр байдаг. Тэд ямар нэг буруу зүйл хийсэн, эсвэл үнэнийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний асуудал юу вэ? Тэд өөрсдийгөө мэдэхгүй хэвээр байдаг. Зарим хүн өөрийгөө диавол Сатан гэдэг ч “Яагаад чи өөрийгөө диавол Сатан гэдэг юм бэ?” гэж асуувал хариулж чадахгүй. Тэд завхарсан зан чанараа, уг чанар, мөн чанараа мэддэггүйг энэ нь харуулдаг. Хэрвээ тэд өөрийнх нь уг чанар диаволын уг чанар, өөрийнх нь завхарсан зан чанар бол Сатаны зан чанар гэдгийг харж, улмаар диавол, Сатан мөн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол уг чанар, мөн чанараа мэдэж авна. Өөрийнхөө талаарх жинхэнэ мэдлэгт Бурханы үгийн илчлэлт, шүүлт, хэрэгжүүлэлт, туршлагаар дамжуулан хүрдэг, мөн үнэнийг ойлгосноор хүрдэг. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэх талаар юу ч хэллээ гэсэн энэ нь хий хоосон, бодит бус байна, учир нь тэд үндсэн гол, мөн чанарын зүйлсийг олж, ухамсарлаж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд хүн тодорхой тохиолдлуудад ямар завхарсан зан чанар харуулснаа, санаа зорилго нь юу байсныг, хэрхэн авирласнаа, ямар хольцтой байснаа, яагаад үнэнийг хүлээн авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд эдгээр зүйлийг тодорхой хэлж чаддаг байх ёстой, тэгж байж л өөрсдийгөө мэдэж чадна. Засалт, харьцалттай тулгарах үедээ зарим хүн үнэнээс залхдагаа, Бурханы талаар сэжиг, буруу ойлголт тээж, Бурханаас сэрэмжилдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэд хүнийг шүүж, илчилдэг Бурханы бүх үг баримттайг ч хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийгөө бага зэрэг мэддэг гэдгийг энэ нь харуулдаг. Гэхдээ тэд Бурханыг, Бурханы ажлыг мэддэггүй учраас, Бурханы хүслийг ойлгодоггүй учраас өөрсдийнх нь талаарх мэдлэг нэлээд өнгөц байдаг. Хэрвээ хүн завхралаа л хүлээн зөвшөөрдөг ч асуудлын уг үндсийг олоогүй бол Бурханы талаарх сэжиг, буруу ойлголт, болгоомжлол нь шийдвэрлэгдэх боломжтой юу? Үгүй, боломжгүй. Ийм учраас өөрийгөө танин мэдэх нь зүгээр л завхрал болон асуудлаа хүлээн зөвшөөрөхөөс ч илүү зүйл—хүн бас үнэнийг ойлгож, завхарсан зан чанарын асуудлаа үндсээр нь шийдвэрлэх ёстой. Тэр нь завхралынхаа үнэн мөнийг нэвт харж, жинхэнэ гэмшилд хүрэх цорын ганц зам юм. Үнэнийг хайрладаг хүмүүс өөрсдийгөө мэдэж авах үедээ асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, ойлгож бас чаддаг. Ийм маягаар өөрийгөө мэдэж авч байж л үр дүнд хүрнэ. Үнэнийг хайрладаг хүн хүнийг илчилж, шүүдэг Бурханы үгийн нэг хэсгийг унших бүрдээ юуны өмнө, хүнийг илчилдэг Бурханы үг бол бодитой, баримттай, хүнийг шүүдэг Бурханы үг бол үнэн, тэр нь Бурханы зөвт байдлыг төлөөлдөг гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Үнэнийг хайрлагсад ядаж л үүнийг ухамсарлаж чаддаг байх ёстой. Хэрвээ хүн Бурханы үгэнд ч итгэдэггүй, хүнийг илчилж, шүүдэг Бурханы үг бодит баримт, үнэн гэдэгт ч итгэдэггүй бол Бурханы үгээс өөрийгөө мэдэж авч чадах уу? Мэдээж үгүй—хүссэн ч чадахгүй. Бурхан юу ч хэллээ гэсэн, ярианых нь хэв маяг ямар ч байлаа гэсэн, чи Бурханы бүх үг үнэн гэдэгт бат итгэж, бүгдэд нь итгэж чаддаг бол, ойлгохгүй байсан ч гэсэн Бурханы үгэнд итгэж, хүлээн авч чаддаг бол Бурханы үгээр дамжуулан өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахад амархан байх болно. Өөрийгөө эргэцүүлэх нь үнэнд үндэслэх ёстой. Тэр нь эргэлзээгүй. Зөвхөн Бурханы үг л үнэн—хүний ямар ч үг, Сатаны ямар ч үг үнэн биш. Сатан олон мянган жилийн турш элдэв янзын эрдэм мэдлэг, сургаал, онолоор хүн төрөлхтнийг завхруулж ирсэн бөгөөд хүмүүс маш хөшүүн, мулгуу болсон болохоор өөрсдийгөө өчүүхэн ч болов мэддэггүй төдийгүй, бүр тэрс үзэл, төөрөгдөл баримталж, үнэнийг хүлээн авахаас татгалздаг. Ийм хүмүүс засаршгүй юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс зөвхөн Бурханы үг л үнэн гэдэгт итгэдэг бөгөөд Бурханы үг болон үнэний үндсэн дээр өөрсдийгөө мэдэж авч, улмаар жинхэнэ гэмшилд хүрч чаддаг. Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй; хүний эрдэм мэдлэгт л үндэслэн өөрийгөө эргэцүүлж, нүгэлт зан авираа л хүлээн зөвшөөрдөг, ингэх явцдаа завхарсан мөн чанараа нэвт харж чаддаггүй. Ингэж өөрийгөө танин мэдэх нь дэмий хүчин чармайлт бөгөөд ямар ч үр дүнд хүрдэггүй. Хүн Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлж, эргэцүүлснийхээ дараа, өөрийнхөө харуулдаг завхарсан зан чанарыг аажмаар мэдэж авах ёстой. Мөн өөрийн дутагдал, хүн чанарын мөн чанар, аливааг үзэх үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийг үнэнд үндэслэн хэмжиж, мэдэж аваад, дараа нь энэ бүх зүйлийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлттэй болж чаддаг байх ёстой. Ийм маягаар тэд өөрсдийгөө аажмаар мэдэж авч чадна. Гэхдээ хүн амийн туршлагатай болох тусам өөрийгөө улам гүн гүнзгий мэдэж авдаг бөгөөд үнэнийг олж авахаасаа өмнө уг чанар, мөн чанараа нэгд нэггүй харах боломжгүй. Хэрвээ хүн өөрийгөө үнэхээр мэддэг бол завхарсан хүмүүс үнэхээр Сатаны үр сад, биелэл юм гэдгийг харж чадна, мөн Бурханы өмнө амьдрахад зохисгүй, Бурханы хайр, авралыг хүртэхэд зохисгүй гэдгээ мэдэрч, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж чадна. Ийм түвшний мэдлэгт хүрч чаддаг хүмүүс л өөрсдийгөө үнэхээр мэддэг. Өөрийгөө мэдэх нь үнэний бодит байдалд орохын урьдач нөхцөл юм. Хэрвээ хүн үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орохыг хүсдэг бол өөрийгөө мэдэх ёстой. Бүх хүн завхарсан зан чанартай бөгөөд энэ завхарсан зан чанарт өөрийн эрхгүй үргэлж хүлэгдэж, захирагдаж байдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлэх юм уу Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Тиймээс хэрвээ тэд эдгээр зүйлийг хийхийг хүсвэл эхлээд өөрсдийгөө мэдэж, завхарсан зан чанараа шийдвэрлэх ёстой. Завхарсан зан чанараа шийдвэрлэх үйл явцаар л дамжуулан хүн үнэнийг ойлгож, Бурханы талаар мэдлэгтэй болж чадна; тэгж байж л хүн Бурханыг дуулгавартай дагаж, гэрчилж чадна. Хүн ингэж үнэнийг олж авдаг. Үнэний бодит байдалд орох үйл явц нь завхарсан зан чанараа шийдвэрлэх үйл явц юм. Тиймээс завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хүн юу хийх ёстой вэ? Юун түрүүнд завхарсан мөн чанараа мэдэх ёстой. Тодруулж хэлбэл, завхарсан зан чанар нь хэрхэн үүссэнийг мэдэж, өөрийнх нь хүлээн авсан Сатаны ямар худал хуурмаг болон төөрөгдөл үүнийг бий болгосныг мэдэж авна гэсэн үг юм. Хүн Бурханы үгэнд үндэслэн эдгээр эх сурвалжийг бүрэн ойлгож авч, ялган таньдаг болмогцоо завхарсан зан чанараараа амьдрахыг хүсэхээ больж, зөвхөн Бурханд дуулгавартай байж, Бурханы үгээр амьдрахыг л хүснэ. Тэд завхарсан зан чанар харуулах бүрдээ үүнийгээ танин мэдэж, голж, махан биеэ хаяж чадна. Ийм маягаар хэрэгжүүлж, туулснаар тэд завхарсан зан чанараа бүгдийг нь аажмаар арилгана.

Зарим хүн: “Би Бурханы илчлэлт, шүүлтийн үгийг уншихдаа өөрийгөө эргэцүүлж, биеэ тоосон, ов мэхтэй, аминч, ёрын муу, гөжүүд, хүн чанаргүй гэдгээ ухаарсан” гэж хэлдэг. Тэр ч байтугай өөрсдийгөө туйлын биеэ тоосон, араатан, диавол Сатан гэж хэлдэг зарим хүн бий. Энэ нь өөрийгөө жинхэнээсээ мэдэж буй хэрэг мөн үү? Хэрвээ тэд ямар нэг зүйлийг дуурайлгүй, чин сэтгэлээсээ ярьж байгаа бол ядаж л өөрийгөө бага зэрэг мэддэгийг нь харуулна, гагцхүү өнгөц үү, гүн гүнзгий юу гэдэг л байна. Хэрвээ тэд ямар нэг зүйлийг дуурайж, хэн нэгний үгийг давтаж байгаа бол энэ нь өөрийгөө үнэхээр мэдэж буй хэрэг биш. Завхарсан зан чанарын талаар мэдэхийн тулд бүх асуудал, байдлыг буюу завхарсан зан чанартай холбоотой байдал, илчлэл, зан авир, бодол, санаа гэх мэт нарийн ширийнийг тод томруун мэдэх ёстой. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр мэдэж авч чадна. Хүн өөрийгөө үнэхээр мэддэг болох үед зүрх сэтгэл нь харууслаар дүүрч, жинхэнээсээ гэмшиж чаддаг болно. Гэмшихийн тулд хүний хэрэгжүүлэх ёстой хамгийн эхний зүйл юу вэ? (Алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.) “Алдаагаа хүлээн зөвшөөрөх” гэдэг нь үүнийг илэрхийлэх зөв арга зам биш; харин энэ нь тодорхой завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрч, мэдэх явдал юм. Хэрвээ хүн завхарсан зан чанараа нэг төрлийн алдаа гэж хэлбэл тэр нь буруу. Завхарсан зан чанар нь хүний уг чанарт хамаардаг зүйл, хүнийг хянадаг зүйл юм. Энэ нь нэг удаагийн алдаатай адилгүй. Зарим хүн завхрал харуулсныхаа дараа Бурханд залбирч, “Өө Бурхан минь, би алдаа гаргачихлаа, намайг уучлаарай” гэдэг. Энэ нь үнэн зөв биш. “Нүглээ хүлээн зөвшөөрөх” гэвэл илүү тохиромжтой. Хүмүүс гэмшлийг хэрэгжүүлэх нэг тодорхой арга зам бол өөрсдийгөө мэдэж, асуудлаа шийдвэрлэх явдал юм. Хүн завхарсан зан чанар харуулах юм уу гэм буруу үйлдээд, Бурханыг эсэргүүцэж, үзэн ядалтыг нь төрүүлж байна гэдгээ ухаарах үедээ Бурханы холбогдох үгээс өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой. Үр дүнд нь тэрээр завхарсан зан чанараа тодорхой хэмжээнд мэдэж авч, энэ нь Сатаны хор болон завхралаас үүдэлтэйг хүлээн зөвшөөрнө. Үүнийхээ дараа үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олж, үнэнийг хэрэгжүүлж чадсан бол тэр нь жинхэнэ гэмшил юм. Хүн ямар ч завхрал харуулахаас үл хамааран эхлээд завхарсан зан чанараа мэдэж авч, үүнийг шийдвэрлэх үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол тэр нь жинхэнэ гэмшил мөн. Зарим хүн өөрсдийгөө бага зэрэг мэддэг боловч тэдний дотор ямар ч гэмшсэн шинж байдаггүй, үнэнийг хэрэгжүүлсэн гэх нотолгоо ч байдаггүй. Хэрвээ тэд өөрсдийгөө мэдсэний дараа өөрчлөгдөхгүй хэвээр үлдвэл жинхэнэ гэмшлээс хол байна. Жинхэнэ гэмшилд хүрэхийн тулд завхарсан зан чанараа шийдвэрлэх ёстой. Тэгвэл завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хүн яг яаж хэрэгжүүлж, орох ёстой вэ? Нэг жишээ татъя. Хүмүүс ов мэхтэй зан чанартай, үргэлж худал хэлж, хуурч байдаг. Хэрвээ чи тэрийг ухаарвал ов мэхтэй байдлаа шийдвэрлэх хамгийн энгийн, хамгийн шуудхан хэрэгжүүлэлтийн зарчим бол үнэнч шударга хүн байж, үнэнийг хэлж, үнэнч шударга зүйл хийх явдал юм. Эзэн Есүс: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” гэж хэлсэн. Үнэнч шударга хүн байхын тулд хүн Бурханы үгийн зарчмыг дагах ёстой. Энэхүү энгийн хэрэгжүүлэлт нь хамгийн үр дүнтэй бөгөөд ойлгож, хэрэгжүүлэхэд амархан. Гэсэн хэдий ч хүмүүс гүн гүнзгий завхарсан учраас, бүгд сатанлаг уг чанартай, сатанлаг зан чанараар амьдардаг учраас үнэнийг хэрэгжүүлэх нь нэлээд хэцүү байдаг. Тэд үнэнч шударга байхыг хүсдэг ч чаддаггүй. Өөрийн эрхгүй худал хэлж, заль гаргадаг бөгөөд үүнийгээ танин мэдсэнийхээ дараа харамсдаг хэдий ч завхарсан зан чанарынхаа хүлээсээс ангижирч чадахгүй хэвээр, урьдын адилаар худал хэлж, хуурч мэхэлсээр байх болно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Нэг талаар, завхарсан зан чанарынх нь мөн чанар муухай, жигшүүртэй гэдгийг мэдэж, үүнийг чин сэтгэлээсээ үзэн ядаж чаддаг байх; нөгөө талаар “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” гэх үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж сурах. Чи энэ зарчмыг хэрэгжүүлэх үедээ ов мэхтэй зан чанараа шийдвэрлэх шатандаа байдаг. Мэдээж хэрвээ чи ов мэхтэй зан чанараа шийдвэрлэх явцдаа үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж чадвал тэр нь эргэлтийн илрэл, жинхэнэ гэмшлийн чинь эхлэл бөгөөд Бурхан үүнийг сайшаадаг. Чамайг эргэх үед Бурхан чиний талаарх бодлоо өөрчилнө гэсэн үг. Үнэн хэрэгтээ Бурхан үүнийг хийж байгаа нь хүний завхарсан зан чанар, тэрслүү байдлыг өршөөж буй нэг төрлийн өршөөл юм. Тэрээр хүмүүсийг уучилдаг ба тэдний нүгэл, гэм бурууг санадаггүй. Энэ нь хангалттай тодорхой биш үү? Та нар ойлгов уу? Өөр нэг жишээ хэлье. Чи биеэ тоосон зан чанартай, чамд юу ч тохиолдсон маш дур зоргоороо—үргэлж шийдвэр гаргаж, бусдыг үгэндээ оруулж, хүссэн бүхнээ тэднээр хийлгэхийг хүсдэг байлаа гэе. Тэгээд нэг өдөр чи энэ нь биеэ тоосон зан чанараас болсныг ухаарна. Энэ нь биеэ тоосон зан чанар гэдгийг хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө мэдэж авах эхний алхам юм. Дараа нь чи биеэ тоосон зан чанарыг илчилсэн Бурханы үгийн хэдэн хэсгийг хайж олоод өөрийгөө тэдгээртэй харьцуулж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой. Тэр харьцуулалт бүрэн таарч тохирч байгааг олж мэдэж, Бурханы илчилсэн биеэ тоосон зан чанар чамд байгааг хүлээн зөвшөөрч, дараа нь биеэ тоосон зан чанар чинь хаанаас үүдэлтэйг, яагаад бий болдгийг, Сатаны ямар хор, тэрс үзэл, төөрөгдөл үүнийг захирдгийг ялган таньж, олж илрүүлбэл энэ бүх асуултын голыг нь олж мэдсэн болохоор чи биеэ тоосон зангаа уг үндсээр нь ойлгосон байх болно. Энэ нь өөрийгөө үнэхээр мэдсэн хэрэг юм. Чи ийм завхарсан зан чанарыг хэрхэн харуулдаг талаар илүү нарийн тодорхойлолттой болбол өөрийгөө илүү гүн гүнзгий, илүү бодитой мэдэхэд тус дөхөм болно. Дараа нь юу хийх ёстой вэ? Бурханы үгээс үнэний зарчмыг хайж, яаж биеэ авч явж, хэрхэн ярих нь хэвийн хүн чанарын илрэл болохыг ойлгох ёстой. Хэрэгжүүлэлтийн замыг олсныхоо дараа Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой бөгөөд зүрх сэтгэл чинь эргэсний дараа чи үнэхээр гэмшсэн байх болно. Чиний үг яриа, үйлдэл зарчимтай байх төдийгүй, чи бас хэвийн хүний төрхийг амьдран харуулж, аажмаар завхарсан зан чанараа арилгаж чадна. Бусад хүн чамайг шинэ хүн гэж харна: Чи урьдын хуучин, завхарсан хүн байхаа больж, харин Бурханы үгээр дахин төрсөн хүн байна. Тийм хүн бол амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих
Фонтын хэмжээг жижгэрүүлэх
Фонтын хэмжээг томруулах
Бүтэн дэлгэцээр харуулах
Бүтэн дэлгэцээс гарах

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (1) (II хэсэг)

00:00
00:00
Өмнөх
Тоглуулах
Дараах
Бүгдийг давтан тоглуулах
随机播放
Дуу хаах
Видео үзэх