Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (10) (II хэсэг)
Дараа нь бид “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх ёс суртахууны талаарх үгийн тухай нөхөрлөнө. Та нарын мэдэж байгаачлан ёс суртахууны талаарх эдгээр үг болгон баатарлаг сэтгэл, агуу хүмүүсийн шинж чанарыг шингээсэн мэт дэндүү хэтрүүлэгтэй, газар доргиом бөгөөд энгийн, эгэл хүн хүрэх боломжгүй. “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”—ямар их уужим сэтгэлийг шаардана вэ! Үүнийг хийхийн тулд хэчнээн эелдэг зөөлөн, сайхан сэтгэлтэй, агуу зан төлөвтэй байх шаардлагатай гээч! “Дуслын чинээ сайхан сэтгэл” нь “ундрах булаг”-тай дүйцэхийн сацуу энэхүү таарамж нь энэ хоёрын хооронд хэмжээлшгүй том ангал, асар их ялгаа бий гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь чи дуслын чинээ сайхан сэтгэлийг ч хариулах ёстой гэсэн үг, гэхдээ юугаар хариулах вэ? Үүнийг ундрах булгаар хариулах ёстой, мартаж орхихын оронд асар олон тооны үйлдэл, зан авираар, эсвэл чин үнэнч сэтгэл, асар их хүслээр хариулах ёстой. Дуслын чинээ сайхан сэтгэлийг хариулахад ийм их зүйл шаардагддаг бөгөөд арай багаар хариулах юм бол чи мөс чанаргүй байна. Энэ логикоор бол, сайхан сэтгэл харуулсан хүн ч бас эцэст нь шударга бусаар ашиг тус хүртэж байгаа бус уу? Энэ буянтан сайхан сэтгэлээсээ ихээхэн ашиг хүртэх нь гарцаагүй! Тэрээр дусал ус өгч сайхан сэтгэл гаргаад, хариуд нь ундрах булаг авна. Энэ нь маш унацтай наймаа, бусдыг далимдуулаад үлэмж их ашиг тус хүртэх арга зам юм. Тийм биш гэж үү? Энэ амьдралдаа хүн бүр дусал усны чинээ сайхан сэтгэлийг хүлээн авна. Хэрвээ тэд бүгдээрээ үүнийг ундрах булгаар хариулах юм бол бүх насаараа хариулах шаардлагатай болж, амьдралын замаа бодох нь бүү хэл, гэр бүл, нийгмийн хариуцлагаа ч биелүүлж чадахгүйд хүрнэ. Хэрвээ чи дусал усны чинээ сайхан сэтгэлийг эдэлсэн ч ундрах булгаар хариулж чадахгүй бол мөс чанар болон нийгэмдээ буруутгагдаж, өөрийгөө босогч, хорон санаат, хүний ач мэддэггүй, хүн биш гэж үзнэ. Харин хүн тэр сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадвал яах вэ? Тэрээр “Надаас илүү мөс чанартай хэн ч байхгүй, учир нь би дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадна. Ингэснээр надад нэгэнтээ тусалж, сайхан сэтгэл гаргасан хүн ямархуу хүн болохыг минь, надад тусалснаар алдсан эсэхээ, надад тусалсан нь зүйтэй байсан эсэхийг харж чадна. Ингэснээр тэд үүнийг хэзээ ч мартахгүй, харин ч бүр ичгэвтэр байдалд орно. Үүнээс надна би тэдэнд хариу барьсаар байх болно. Нэгэнт би дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чаддаг юм чинь эрхэм ёс жудагтай хүн биш гэж үү? Би соёлтой хүн биш гэж үү? Агуу хүн биш гэж үү? Намайг бишрэх нь зохистой биш үү?” гэж хэлнэ. Хүн бүр өөрийг нь магтаж, сайшаадаг нь түүний сэтгэлийг асар их хөдөлгөдөг тул тэрээр “Та нар намайг сайхан сэтгэлтэй, эрхэм ёс жудагтай хүн, хүмүүсийн дундах үлгэр жишээ, хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр загвар гэж магтдаг юм чинь намайг нас барсны дараа надад дурсгалын хөшөө босгож, ‘Энэ хүн бол “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх мэргэн үгийн үлгэр загвар байсан бөгөөд хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр дуурайл гэж хэлж болно’ гэсэн эмгэнэлийн бичиг бичих ёстой” гэдэг. Гэхдээ дурсгалын хөшөө байгуулсны дараа ч тэрээр хүмүүс өөрийнх нь дүрээр шавар баримал барьж, сүмд байрлуулаад, үүн дээрээ өөрийнх нь хүндэт нэрийг “Ийм тийм бурханы бунхан” гэж бичээд, үүний доорх тахилын ширээн дээр хүж тавих ёстой, үүн дээр хүн бүр түүнд хүжин өргөл өргөж, хүж нь түүний ашиг тусын төлөө байнга уугиж байх ёстой гэж боддог. Дээр нь нэмээд хүмүүс түүний баримлыг гэртээ залж, хүж уугиулж, түүнд өдөрт гурван удаа бөхийн ёсолж, үр хүүхэд, ач зээ, залуу үеийнхнээ яг түүн шиг болгон хүмүүжүүлж, хөвгүүд, охиддоо түүнтэй адилхан, дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чаддаг хүн—хүн төрөлхний ёс суртахууны үлгэр загвар, үлгэр дуурайлалтай гэрлэх хэрэгтэй гэж хэлэх ёстой. Хятадуудын уламжлалт боловсролын арга барил нь хүүхдүүддээ сайн хүмүүс байхыг зааж сургаж, сайхан сэтгэлийг танин мэдэж, хариу барихаар чармайхад анхаардаг. Хэрвээ чи дусал усны чинээ сайхан сэтгэлийг хүлээн авбал насан туршийн шаргуу ажлаар буюу ундрах булгаар хариулах ёстой. Хүүхдүүд нь өсөж том болоод дараа үеийнхэндээ мөн ийм маягаар зааж сургадаг тул энэ нь үргэлжилсээр, үеэс үе дамжин уламжлагддаг. Тийм хүн дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадах үедээ бас эцсийн зорилгодоо хүрсэн байдаг. Ямар зорилгод хүрсэн бэ? Дэлхий ертөнцийн хүмүүс болон нийгэмд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх. Мэдээж энэ нь хоёрдогч зүйл. Хамгийн чухал зүйл бол хүмүүс түүний хөргийг ханандаа өлгөж, түүний хөшөөнд тахил өргөж, үеэс үед энэ дэлхийд түүнд зориулан хүж уугиулж, түүний сэтгэл, үзэл санаа энэ дэлхийд уламжлагдаж, хойч үеийнхний магтаалыг хүртэнэ. Эцэст нь энэ дэлхийд уугиулсан хүжийг эдэлж ханасны дараа тэр юу болдог вэ? Тэрээр диаволын хаан болж, зорилго нь эцэстээ биелдэг. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулсны эцсийн үр дагавар юм. Эхэндээ хүмүүс нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх мэт ёс суртахууны талаарх уламжлалт соёлын нэг үзэл санааг л хүлээн авдаг. Хожим нь тэд энэ үзэл санааны шаардлагыг даган мөрдөж, энэ үзэл санаа болон энэ шаардлагыг хатуу чанд хэрэгжүүлж, даган мөрдсөнөөр бусдад үлгэр жишээ үзүүлж, үлдсэн хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр дуурайл, үлгэр загвар болох зорилгодоо хүрдэг. Дараа нь нас барсныхаа дараа тэд сайн нэр хүндийг ардаа үлдээдэг бөгөөд энэ нь үеэс үе дамжин уламжлагддаг. Эцэст нь тэд хүссэнээ авдаг ба энэ нь олон жилийн турш энэ дэлхийд уугих хүжээр амьсгалж, чөтгөрийн хаан болох явдал юм. Энэ нь сайн зүйл мөн үү? (Биш.) Яагаад үүнийг сайн зүйл биш гэж байгаа юм бэ? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн энэ амьдралдаа хүсэн эрмэлздэг эцсийн зорилго юм. Тэд тодорхой нэг ёс суртахууны талаарх үзэл санааг хүлээн зөвшөөрч, дараа нь үлгэр жишээ үзүүлж, ёс суртахууны энэ шаардлагуудыг хэрэглэж эхлэн, эцэст нь түүнийг хүн бүр сайн хүн, сайхан сэтгэлтэй, хүндтэй, эрхэм ёс жудагтай хүн гэж магтах хэмжээнд хүрдэг. Тэдний зан авир, үйл хэргийн талаарх үг бүх хүн төрөлхтөнд түгэж, үе үеийн хүмүүс түүний зан авир, үйл хэргийг судалж, биширч, эцэстээ тэр хүн бүхэл бүтэн нэг үеийн үлгэр дууриал болж, мэдээжийн хэрэг бүхэл бүтэн нэгэн үеийн чөтгөрийн хаан болдог. Энэ нь дэлхий ертөнцийн хүмүүсийн алхдаг зам биш гэж үү? Дэлхий ертөнцийн хүмүүсийн хүсэн эрмэлздэг үр дүн биш гэж үү? Энэ нь үнэнтэй холбоотой юу? Бурханы авралтай холбоотой юу? Ямар ч холбоо байхгүй. Энэ нь ёс суртахууны талаарх үгийн хүмүүст үзүүлдэг эцсийн үр дүн юм. Хэрвээ хүн уламжлалт соёлын янз бүрийн үзэл санааг бүгдийг нь бүрэн хүлээн авч, бүрэн дүүрэн даган мөрддөг бол түүний алхдаг зам чөтгөрүүдийн зам байх нь эргэлзээгүй. Хэрвээ чи чөтгөрүүдийн замд бүрмөсөн орсон бол хүмүүсийг аврах Бурханы ажилтай ямар ч холбоогүй бөгөөд авралтай огт хамаагүй. Тиймээс хэрвээ чи үнэнийг ойлгох суурин дээр уламжлалт соёлын үзэл санаанд хоригдож, нөлөөнд нь автсан хэвээр байхын сацуу эдгээр санааны нөлөөн дор хуулиудыг нь даган мөрдөж, эдгээр шаардлага, үг хэллэгийг даган мөрдөж, тэдгээрийг хаяж, орхиж чаддаггүй, Бурханы шаардлагыг хүлээн авч чадахгүй бол эцэст нь чөтгөрийн замыг дагаж, чөтгөрүүдийн хаан болно. Та нар ойлгож байгаа, тийм үү? Дэлхий ертөнц дээрх ямар ч онол юм уу үг хэллэг хүн төрөлхтөнд Бурханы өгсөн авралын замыг орлож чадахгүй, дэлхий дээрх хамгийн өндөр ёс суртахууны стандарт ч орлож чадахгүй. Хэрвээ хүмүүс зөв замд буюу авралын замд орохыг хүсвэл зөвхөн Бурханы өмнө ирж, Бурханы үгийг даруухнаар, тууштай хүлээн авч, Бурханы янз бүрийн үг, шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, Бурханы үгийг шалгуураа болгон биеэ авч явж, үйлдсэнээр л Бурханы сайшаалыг хүртэж чадна. Эс бөгөөс хүмүүс амьдралын зөв замд орох ямар ч аргагүй бөгөөд мөхлийн зам дээр Сатаны гүн ухааныг дагаж л чадна. Зарим хүн: “Дунд талын зам гэж бий юу?” гэдэг. Байхгүй, чи нэг бол Бурханы замыг, эсвэл Сатаны диаволын замыг дагах ёстой. Зөвхөн хоёр л зам бий. Хэрвээ чи Бурханы замыг дагадаггүй бол Сатаны чамд авчирсан янз бүрийн үзэл санаа болон тийм үзэл санаанаас үүдсэн төрөл бүрийн диаволын арга замыг даган мөрддөг нь эргэлзээгүй. Чи дунд талын замаар юм уу гурав дахь замаар явснаар буулт хийхийг хүсвэл тэгэх боломжгүй. Энэ тодорхой байна уу? (Тийм.) Би “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх үгийн талаар цааш нь дэлгэрэнгүй ярихгүй, учир нь энэ нь өмнө нь бидний нөхөрлөсөн “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой” гэх үгтэй бараг адилхан. Энэ хоёр үгийн мөн чанар нэлээд төстэй учраас нэг их дэлгэрэнгүй ярих шаардлагагүй.
Одоо ёс суртахууны талаарх дараагийн үгийн талаар нөхөрлөе—өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий. Үүнийг ялган танихад маш амархан байх ёстой, тийм биз дээ? Урьд нь ярьж байсан ёс суртахууны талаарх үг хэллэгүүдийн шаардлагатай харьцуулж үзвэл энэ үг ч бас хүмүүсийг хүлдэг уян хатан бус дүрэм журам гэдэг нь ойлгомжтой. Хэдийгээр энэ нь цаасан дээр сүрлэг, сэтгэл хөдөлгөм харагддаг, ямар ч буруу юмгүй, хүмүүстэй харилцах энгийн зарчим мэт харагддаг ч биеэ хэрхэн авч явах болон хүмүүст хэрхэн хандах тухайд энэхүү энгийн зарчим нь ямар ч утгагүй бөгөөд хүний биеэ авч явах байдал юм уу амьдралын эрэл хайгуулд ямар ч нэмэргүй. Энэ нь биеэ авч явах байдал болон зан авиртаа хүмүүсийн даган мөрдөх ёстой зарчим биш, хүмүүсийн хувьд амьдралын зөв чиглэл, зорилгоо эрэлхийлэх зарчим ч биш. Чи энэ шаардлагыг даган мөрдлөө ч гэсэн энэ нь хүмүүстэй харилцахдаа ямар нэг эрүүл ухаангүй зүйл хийхээс чинь л сэргийлдэг боловч чи хүмүүсийг үнэхээр хайрладаг, эсвэл тэдэнд үнэхээр тусалдаг гэсэн үг биш бөгөөд амьдралын зөв замаар явж байгааг чинь бүр ч нотолдоггүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь шууд утгаараа өөрт таалагдахгүй юм өөрийнхөө хийх дургүй зүйлийг бусад хүнд ч бас бүү тулга гэсэн үг юм. Ингэх нь ухаалаг, эрүүл ухаантай юм шиг санагдаж болох ч нөхцөл байдал болгоныг зохицуулахдаа энэ сатанлаг гүн ухааныг ашиглавал олон алдаа гаргах болно. Чи хүмүүсийг гомдоож, төөрөлдүүлж, бүр хор хүргэх магадлалтай. Зарим эцэг эх өөрсдөө хичээл давтах дургүй ч хүүхдүүдээ хичээл давтуулж, тэдэнд учирлахыг үргэлж оролдож, шаргуу суралц гэж шахдагтай яг адилхан. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх шаардлагыг энд хэрэгжүүлбэл энэ эцэг эхчүүд өөрсдөө дургүй учраас хүүхдүүдээ хичээл давтуулах ёсгүй. Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй; гэхдээ Бурханд итгэх нь амьдралын зөв зам гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байдаг. Хүүхдүүд нь Бурханд итгэхгүй, буруу замаар явж байгааг харвал тэд Бурханд итгэ гэж хүүхдүүдээ шахдаг. Хэдийгээр өөрсдөө үнэнийг эрэлхийлдэггүй ч хүүхдүүдээ үнэнийг эрэлхийлж, ерөөл хүртээсэй гэж хүсдэг. Энэ нөхцөл байдалд “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үгийг даган мөрдсөн бол энэ эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд итгүүлэх ёсгүй байсан. Тэгэх нь энэхүү сатанлаг гүн ухаанд нийцэх байсан боловч хүүхдүүдийнх нь аврагдах боломжийг бас үгүй хийх байсан. Энэ үр дүнг хэн хариуцах вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй бай хэмээх ёс суртахууны талаарх уламжлалт үг хэллэг нь хүмүүст хор хүргэдэг бус уу? Өөр нэг жишээ хэлье. Зарим эцэг эх үүргээ ухамсарлаж, хуулийг даган мөрддөг амьдралаар амьдрахдаа сэтгэл ханамжгүй байдаг. Тэд гэр бүлээ тэжээхийн тулд газар тариалан эрхлэхийг, эсвэл ажилд явахыг хүсдэггүй. Харин ч тэд чинээлэг амьдралаар амьдарч, зугаацаж, махан биеийн таашаалыг эдлэхийн тулд хуурч, луйвардаж, мөрийтэй тоглож, башир арга ашиглан шударга бусаар баяжих дуртай. Тэд үнэнч шударгаар ажиллах дургүй, эсвэл зөв замыг дагах дургүй. Тэд ингэхийг хүсдэггүй, тийм биз дээ? Энэ нь сайн биш гэдгийг тэд зүрх сэтгэлдээ мэддэг. Ийм нөхцөл байдалд тэд үр хүүхдүүдээ яаж сурган хүмүүжүүлэх ёстой вэ? Хэвийн хүмүүс бол хүүхдүүддээ шаргуу суралцаж, ур чадвар эзэмш гэж зааж сургадаг, ингэснээр хүүхдүүд нь ирээдүйд сайхан ажилтай болж, тэд хүүхдүүдээ зөв замд оруулж чадна. Энэ нь эцэг эхийн хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг, тийм биз дээ? (Тийм ээ, мөн.) Зөв. Гэхдээ тэд “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үгийг даган мөрддөг бол “Хүү минь, намайг хар. Би амьдралдаа идэж ууж, завхайрч, мөрийтэй тоглох гэх мэтийн элдэв янзын зүйл хийдэг. Би сурч боловсорч, ямар нэг чадварт суралцалгүйгээр амь зуусан. Чи ирээдүйд надаас сурна. Сургуульд явж, шаргуу суралцах шаардлагагүй. Хулгай хийж, худлаа хэлж, мөрийтэй тоглож сур. Чи үлдсэн амьдралдаа тав тухтай амьдарч чадна шүү дээ!” гэж хэлнэ. Ингэх нь зөв үү? Хүүхдүүддээ ингэж зааж сургасан хүн байна уу? (Байхгүй.) “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь энэ, тийм биз дээ? Эдгээр жишээ нь энэ үгийг бүрэн няцааж байгаа биш үү? Энд зөв зүйл юу ч алга. Жишээ нь зарим хүн үнэнийг хайрладаггүй; тэд махан биеийн тав тухад шунаж, үүргээ гүйцэтгэхдээ хойрголох арга зам хайж олдог. Тэд зовж, төлөөс төлөхийг хүсдэггүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үг үүнийг сайн илэрхийлсэн гэж тэд боддог бөгөөд “Та нар өөрсдийгөө зугаацуулж сурах ёстой. Үүргээ сайн гүйцэтгэж, зовж зүдэрч, төлөөс төлөх хэрэггүй. Хойрголж болохоор байвал хойргол, аргацааж болохоор байвал аргацаа. Өөрсдөдөө битгий их хүндрэл учруул. Хар даа, би ингэж амьдардаг, сайхан байгаа биз дээ? Миний амьдрал үнэхээр төгс! Та нар ингэж амьдраад өөрсдийгөө туйлдуулж байна! Надаас суралцах хэрэгтэй” гэж хүмүүст хэлдэг. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх шаардлагад энэ нь нийцэж байгаа бус уу? Хэрвээ чи ингэж авирладаг бол мөс чанартай, эрүүл ухаантай хүн мөн үү? (Биш.) Хүн мөс чанар, эрүүл ухаанаа алдвал ёс зүйгүй болох бус уу? Үүнийг ёс зүйгүй байх гэж нэрлэдэг. Үүнийг яагаад ингэж нэрлэдэг вэ? Учир нь тэд тав тухад дурлаж, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, бусдыг турхирч, бусдад нөлөөлөн өөрсөдтэй нь адил хааш яаш байж, тав тухад шунахад хүргэдэг. Үүнд ямар асуудал байна вэ? Үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, хариуцлагагүй байх нь Бурханыг мэхэлж, эсэргүүцэж байгаа үйлдэл юм. Хэрвээ чи хааш яаш хэвээр байж, гэмшихгүй бол илчлэгдэж, таягдан хаягдана. Чуулган дахь олон хүн ийм маягаар цэвэрлэгдсэн. Энэ нь баримт биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Тиймээс энэ үгийг даган мөрдөж, хүн бүрийг өөртэйгөө адилхан байлгахаар турхирч, ингэснээр хүмүүс үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэхгүй, харин ч Бурханыг хуурч, мэхэлбэл энэ нь хүмүүст хохирол учруулж, тэднийг сүйрэлд хүргэж байгаа хэрэг биш үү? Тэд өөрсдөө залхуу, зальжин мөртөө үүргээ биелүүлэхэд нь бусдад саад болдог. Энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг биш үү? Бурханд дайсагнаж байгаа хэрэг биш үү? Бурханы гэр тийм хүмүүсийг байлгаж чадах уу? Шүтлэггүй хүмүүсийн компанид ажилладаг хүн бусдыгаа өдөөн турхирч, ажлыг нь зохих ёсоор хийлгэсэнгүй гэе. Дарга нь үүнийг олж мэдвэл тэр хүнийг халахгүй гэж үү? Түүнийг гарцаагүй хөөнө. Тэгвэл Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа ч ийм зүйл хийж чаддаг бол тэрээр Бурханд итгэдэг хүн мөн үү? Энэ бол Бурханы гэрт шургалсан хорон муу хүн, үл итгэгч юм. Түүнийг зайлуулж, таягдан хаях ёстой! Эдгээр жишээг сонссоны дараа та нар “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийн мөн чанарыг бага зэрэг танин мэдэж чадав уу? (Тийм ээ, тэгсэн.) Та нарын гаргасан эцсийн дүгнэлт юу вэ? Энэ шаардлага үнэн-зарчим мөн үү? (Биш.) Мэдээж биш. Тэгвэл юу юм бэ? Энэ нь зүгээр л өнгөн дээрээ сайхан сонсогддог ч үнэндээ ямар ч бодитой утга агуулаагүй будилуу үг юм.
“Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийг та нар дэмждэг үү? Хэрвээ хэн нэгэн энэ үгийг дэмжвэл та нар түүнийг агуу, эрхэм хүн гэж бодох уу? “Хараач, тэд бусдыг хүчилдэггүй, бусдад хүндрэл учруулдаггүй, эсвэл бусдыг хэцүү байдалд оруулдаггүй. Тэд ямар сайн юм бэ? Тэд өөртөө үргэлж хатуу ханддаг мөртөө бусдад хүлээцтэй ханддаг; өөрөө хийхгүй зүйлийг хий гэж хэнд ч, хэзээ ч хэлдэггүй. Тэд бусдад маш их эрх чөлөө олгож, ихээхэн халуун дулаан сэтгэл, хүлээцтэй байдлыг мэдрүүлдэг. Ямар агуу хүн бэ!” гэж хэлэх хүмүүс бий. Үнэхээр тийм гэж үү? “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үгийн далд утга нь өөрийнхөө дуртай, таашаадаг зүйлийг л бусдад өгөх, ханган нийлүүлэх ёстой гэсэн үг. Гэхдээ завхарсан хүмүүс юунд дуртай, юунаас таашаал авдаг вэ? Завхарсан, учир утгагүй зүйлс, хэрээс хэтэрсэн хүсэл. Ийм сөрөг зүйлсийг хүмүүст өгч, ханган нийлүүлбэл бүх хүн төрөлхтөн улам бүр завхрах бус уу? Эерэг зүйлс улам цөөрнө. Энэ бодит баримт биз дээ? Хүн төрөлхтөн гүнээ завхарсан гэдэг нь бодит баримт. Завхарсан хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, махан биеийн таашаалыг эрэлхийлэх дуртай. Тэд алдартан, хүчирхэг нэгэн, супер хүн байхыг хүсдэг. Тэд тав тухтай амьдралыг хүсэж, хүнд ажлыг үзэн яддаг, бүхнийг өөрсдөдөө өгүүлэхийг хүсдэг. Маш цөөн хэд нь үнэнийг, эерэг зүйлийг хайрладаг. Хүмүүс өөрсдийн завхрал, дур сонирхлыг бусдад өгч, ханган нийлүүлбэл юу болох вэ? Яг л чиний төсөөлснөөр: Хүн төрөлхтөн улам л завхарна. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” хэмээх санааг дэмжигсэд завхрал, дур сонирхол, хэрээс хэтэрсэн хүслээ бусдад өгч, ханган нийлүүлэхийг хүмүүсээс шаардаж, бусад хүнийг ёрын муу, тав тух, хөрөнгө мөнгийг эрэлхийлж, тушаал дэвшихээр хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь амьдралын зөв зам мөн үү? “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь маш асуудалтай үг болох нь харваас илэрхий байна. Өө сэв, цоорхой нь ив илэрхий, задлан шинжилж, ялган танихын ч хэрэггүй. Багахан шинжлэхэд л алдаа мадагтай, утгагүй гэдэг нь илэрхий харагдана. Гэхдээ энэ үгэнд амархан үнэмшиж, нөлөөнд нь автдаг, ялган танихгүйгээр хүлээж авдаг олон хүн та нарын дунд бий. Бусадтай харилцах үедээ чи энэ үгийг үргэлж ашиглан өөртөө сануулж, бусдад сургамжилдаг. Ингэснээрээ чи өөрийгөө тун эрхэм ёс жудагтай, биеэ авч явах байдал чинь маш ухаалаг гэж боддог. Гэвч амьдардаг зарчим, асуудалд ханддаг байр суурийг чинь эдгээр үг өөрийн эрхгүй илчилсэн. Үүний зэрэгцээ чи бусдыг мэхэлж, төөрөлдүүлэн өөртэйгөө адил үзэл бодол, байр сууриар хүмүүс, нөхцөл байдалд хандахад хүргэсэн. Чи жинхэнэ амар тайвныг тогтоогч шиг авирлаж, дундыг баримталжээ. “Ямар ч асуудал байлаа гэсэн, нухацтай авч үзэх шаардлагагүй. Өөрийгөө болон бусдыг бүү хүндрүүл. Бусдыг хүндрүүлбэл өөрийгөө хүндрүүлж байгаа хэрэг. Бусдад эелдэг хандах нь өөртөө эелдэг хандаж буй хэрэг. Бусад хүнд хатуу хандвал өөртөө ч хатуу хандаж байгаа хэрэг. Өөрийгөө хэцүү байдалд оруулах ямар хэрэг байна вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн, хамгийн хайхрамжтай зүйл” гэж чи хэлдэг. Мэдээж энэ нь ямар ч юманд нямбай хандахгүй байх хандлага юм. Чи аливаа асуудал дээр зөв байр суурь, харах өнцөгтэй байдаггүй, бүх юмны талаарх үзэл бодол чинь будилсан байдаг. Чи нямбай биш, юмыг харсан ч хараагүй царайлдаг. Эцэст нь Бурханы өмнө зогсож, өөрийгөө тайлагнах үед бөөн будилаан үүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийх ёсгүй гэж чи үргэлж хэлдэг. Энэ нь чамд асар их тайвшрал, таашаал өгөхийн зэрэгцээ чамд асар их төвөг удаж, олон асуудал дээр тодорхой үзэл бодол, байр суурьтай байж чадахгүй байхад хүргэнэ. Мэдээж бас, ийм нөхцөл байдалтай тулгарахад Бурхан чамд ямар шаардлага, стандарт тавьдгийг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодорхой ойлгож чадахгүй байхад чамайг хүргэдэг. Чи юунд ч нягт нямбай ханддаггүй учраас ийм зүйл болдог; тэдгээр нь будилуу хандлага, үзэл бодлоос чинь болдог. Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь хүмүүс, зүйлсэд хандах ёстой хүлээцтэй хандлага мөн үү? Үгүй ээ, биш. Энэ нь гаднаасаа зөв, эрхэм, сайхан сэтгэлтэй харагддаг онол төдий боловч үнэндээ бол тэр чигтээ сөрөг зүйл юм. Мэдээж энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэн-зарчим бүр ч биш. Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий гэж Бурхан хүмүүсээс шаарддаггүй, харин ч өөр өөр нөхцөл байдлыг зохицуулахдаа мөрдөх ёстой зарчмаа сайн мэддэг байхыг хүмүүсээс шаарддаг. Хэрвээ энэ нь зөв бөгөөд Бурханы үгэн дэх үнэнд нийцэж байвал чи салахгүй зуурах ёстой. Чи үүнээс зуурах ёстой төдийгүй бусдад анхааруулж, бусдыг ятгаж, бусадтай нөхөрлөх ёстой, ингэснээр тэд Бурханы хүсэл яг юу болохыг, үнэн-зарчим юу болохыг ойлгоно. Энэ бол чиний хариуцлага, хүлээсэн үүрэг юм. Дундыг баримтал гэж Бурхан чамаас шаарддаггүй, ямар уужуу сэтгэлтэйгээ гайхуул гэж бүр ч шаарддаггүй. Бурханы чамд анхааруулсан, чамд заасан зүйл, Бурханы хэлсэн үгэн дэх шаардлага, шалгуур, хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэн-зарчмаас чи зуурах ёстой. Чи тэдгээрээс зуурч, үүрд баримтлах ёстой төдийгүй бас үлгэр дуурайл үзүүлэн эдгээр үнэн-зарчмыг хэрэгжүүлж, бас чамтай адил эдгээр үнэн-зарчмаас зуурч, даган мөрдөж, хэрэгжүүлэхэд бусдыг ятгаж, хянаж, тусалж, залж чиглүүлэх ёстой. Үүнийг хий гэж Бурхан чамаас шаарддаг—энэ бол чамд Бурханы даалгасан зүйл. Чи бусдыг үл тоогоод зүгээр л өөртөө шаардлага тавьж болохгүй. Асуудалд зөв байр суурь баримталж, зөв шалгуураас зуурч, Бурханы үгэн дэх шалгуур яг юу болохыг мэдэж, үнэн-зарчим гэж яг юу болохыг олж мэдэхийг Бурхан чамаас шаарддаг. Үүнийг хийж чадахгүй байлаа ч, хүсэхгүй, дургүй байлаа ч гэсэн чамд үзэл байгаа бол, үүнийг эсэргүүцэж байгаа бол чи үүнийг өөрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэж үзэх ёстой. Чи Бурханаас ирдэг эерэг зүйлс болон зөв, зүйтэй зүйлсийн талаар хүмүүстэй нөхөрлөж, тэдгээрийг ашиглан бусдад тусалж, нөлөөлж, залж чиглүүлэх ёстой, тэгвэл хүмүүс ашиг тус хүртэж, босгон байгуулагдаж, амьдралын зөв замаар алхаж чадна. Энэ бол чиний хариуцлага бөгөөд оюун санаанд чинь Сатаны суулгасан “өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үзэл санаатай гөжүүдлэн зууралдах ёсгүй. Бурханы хувьд энэхүү үг нь зүгээр л амьдралын гүн ухаан; энэ нь Сатаны заль мэхийг агуулдаг нэг төрлийн сэтгэлгээ; энэ нь зөв зам ч биш, эерэг зүйл ч биш. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ тодорхой ойлгодог шулуун шударга хүн байхыг л Бурхан чамаас шаарддаг. Бялдууч, энхийг тогтоогч байхыг Тэр чамаас шаарддаггүй. Дундыг баримтал гэж Тэр чамаас шаардаагүй. Хэрэг явдал үнэн-зарчимд хамаатай байх үед чи хэлэх хэрэгтэй зүйлийг хэлж, ойлгох хэрэгтэй зүйлийг ойлгох ёстой. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа ч чи ойлгож байгаа бөгөөд түүнд хэлж өгч, туслах боломжтой бол энэ үүрэг, хариуцлагыг чи заавал биелүүлэх ёстой. Чи хөндлөнгөөс хараад зогсоод байж болохгүй, өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий гэх мэтийн оюун санаанд чинь Сатаны суулгасан гүн ухаантай зууралдаж бүр ч болохгүй. Ойлгов уу? (Ойлголоо.) Зөв, эерэг зүйлд чи дургүй байсан ч, хийх хүсэлгүй байсан ч, хийж чадахгүй, хүрч чадахгүй байсан ч, үүнийг эсэргүүцэж, эсвэл үүний эсрэг үзэл тээсэн ч гэсэн зөв, эерэг л байна. Зүгээр л хүн төрөлхтөн завхарсан зан чанартай, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл, үзэлтэй байдгаас болоод Бурханы үг болон үнэний мөн чанар өөрчлөгдөхгүй. Бурханы үг болон үнэний мөн чанар хэзээ ч, мөнхөд өөрчлөгдөхгүй. Бурханы үг болон үнэнийг мэдэж, ойлгож, туулж, олж авмагцаа өөрийнхөө туршлагын гэрчлэлийг бусдад нөхөрлөх нь чиний хүлээсэн хариуцлага юм. Ингэх нь бүр ч олон хүнд Бурханы хүслийг ойлгох, үнэнийг ухаарах, олж авах, Бурханы шаардлага, стандартыг ойлгох, үнэн-зарчмыг ухамсарлах боломж олгоно. Ингэснээр энэ хүмүүс өдөр тутмын амьдралдаа асуудалтай тулгарах үедээ хэрэгжүүлэлтийн замыг олж авах бөгөөд мунгинахгүй, эсвэл Сатаны янз бүрийн санаа, үзэл бодолд хүлэгдэхгүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үг нь үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн оюун санааг хянах гэсэн Сатаны зальхай явуулга юм. Хэрвээ чи үүнийг үргэлж баримталдаг бол сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг нэгэн, тэр чигтээ сатанлаг зан чанараар амьдардаг хүн мөн. Хэрвээ чи Бурханы замыг дагадаггүй бол үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй юм байна. Юу ч тохиолдлоо гэсэн, чиний дагах ёстой зарчим, хийх ёстой хамгийн чухал зүйл бол чадах чинээгээрээ хүмүүст туслах явдал юм. Чи Сатаны хэлсэн зүйл буюу “өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үгийг хэрэгжүүлж, “ухаалаг” бялдууч хүн байж болохгүй. Чадах чинээгээрээ хүмүүст туслах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэсэн үг юм. Ямар нэгэн зүйл хүлээсэн үүрэг, хариуцлагын чинь нэг хэсэг гэдгийг олж хармагцаа чи Бурханы үг, үнэний талаар нөхөрлөх ёстой. Хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэж үүнийг хэлдэг. Энэ нөхөрлөл “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийг үндсэндээ ойлгомжтой болгов уу? Та нар ойлгосон уу? (Тийм ээ.) Энэ үгийг ялган танихад харьцангуй амархан бөгөөд нэг их бодож үзэлгүйгээр юу нь буруу болохыг тогтоож болно. Энэ нь дэндүү утгагүй учраас цааш нь дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлагагүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?