Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (5) (III хэсэг)

Ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын үг хэллэг Сатанаас гаралтай. Тэдгээр нь завхарсан хүмүүсийн дунд бий болсон бөгөөд шүтлэггүй хүмүүс болон үнэнийг хайрладаггүй хүмүүст л тохиромжтой. Бурханд итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эхлээд эдгээр зүйлийг ялган таньж, голж чаддаг байх ёстой, учир нь эдгээр үг хүмүүст зарим нэг сөрөг нөлөө үзүүлж, замыг нь алдуулж, буруу замаар оруулна. Жишээлбэл, саяхан бидний ярьсан жишээн дотор “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үг бий. Эхлээд “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй” тухай ярилцъя. Хэрвээ энэ хаан ухаалаг, чадварлаг, эерэг хүн бол түүнийг дэмжиж, дагаж, хамгаалснаараа чи хүн чанартай, ёс суртахуунтай, эрхэм ёс жудагтай гэдгээ харуулна. Харин уг хаан дарангуй, ухаан муутай, диавол бөгөөд чи түүнийг дагаж, хамгаалж, түүнээс урвахгүй хэвээр байдаг бол чиний энэ “үнэнч зан” юу вэ? Энэ бол мунхаг, харалган үнэнч зан; энэ нь харалган, мунхаг. Тэр тохиолдолд чиний үнэнч зан буруу бөгөөд сөрөг зүйл болсон. Ийм төрлийн чөтгөрийн хаан болон диаволын тухайд бол чи “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй” гэх үгийг цаашид баримтлах ёсгүй. Чи ийм хааныг орхиж, голж, түүнээс зайгаа барих ёстой—харанхуйг орхиж, гэрлийг сонгох ёстой. Хэрвээ чи энэ чөтгөрийн хаанд үнэнч хэвээр үлдэх сонголт хийвэл түүний зарц, хамсаатан юм. Тиймээс тодорхой орчин, нөхцөл байдалд, энэхүү үгийн шагшин магтаж буй санаа, эерэг утга болон үнэ цэн оршин байдаггүй. Хэдийгээр энэ үг маш зөв шударга, эерэг сонсогддог ч хэрэглээ нь цөөн хэдэн тодорхой орчин, нөхцөл байдлаар хязгаарлагддаг гэдгийг үүнээс харж болно; энэ нь бүх орчин, нөхцөл байдалд тохирдоггүй. Хэрвээ хүмүүс энэ үгийг сохроор, мунхгаар баримталбал гагцхүү замаа алдаж, буруу замаар орно. Үүний үр дагаврыг төсөөлөхийн аргагүй. Энэ үгийн дараагийн хэсэг нь “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэг юм. Энд “сайн эмэгтэй” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь цэвэр ариун, эр нөхөртөө л үнэнч байдаг эмэгтэйг хэлж байна. Нөхөр нь сайн хүн мөн эсэхээс үл хамааран тэрээр эцсээ хүртэл нөхөртөө үнэнч байж, зүрх сэтгэлээ огт өөрчлөхгүй байх ёстой. Нөхөр нь нас барсан ч гэсэн насныхаа төгсгөл хүртэл бэлэвсэн хэвээр үлдэх ёстой. Цэвэр ариун, үнэнч эхнэр гэгч нь энэ юм. Уламжлалт соёл бүх эмэгтэйчүүдээс цэвэр ариун, үнэнч эхнэр байхыг шаарддаг. Энэ нь эмэгтэйчүүдэд шударгаар хандаж буй хэрэг мөн үү? Яагаад эрчүүд нэгээс илүү эхнэртэй байж болж байхад эмэгтэйчүүд нөхөр нь нас барсан ч гэсэн дахиад гэрлэж болдоггүй юм бэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүст эрх тэгш байр суурь байдаггүй. Хэрвээ эмэгтэй хүн “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгээр хязгаарлагдаж, цэвэр ариун, үнэнч эхнэр байхаар сонговол юу хожих вэ? Сайндаа л нас барсных нь дараа цэвэр ариун байдлыг нь дурссан хөшөө босно. Энэ нь утга учиртай юу? Эмэгтэйчүүд амьдралдаа хэцүү хувь заяа туулсан гэдэгтэй та нар санал нийлэх үү? Нөхөр нь нас барсны дараа тэд яагаад дахин гэрлэх эрхгүй байсан юм бэ? Энэ бол уламжлалт соёлын шагшин магтдаг үзэл бодол бөгөөд хүн төрөлхтний үргэлж зууралддаг үзэл юм. Нөхөр нь хэдэн хүүхдээ орхиод нас барахад, хэрвээ эмэгтэй хүн хүүхдүүдээ тэжээж чадахгүй бол юу хийж болох вэ? Хоол унд гуйлгачлах ёстой болно. Хэрвээ тэрээр хүүхдүүдээ зовоохыг хүсэхгүй, амьд үлдэх арга зам олохыг хүсвэл дахин гэрлэж, нэр төрөө шившиглэн амьдарч, олон нийтийн санаа бодлоор буруутгагдаж, нийгэм болон ард түмэнд гадуурхагдаж, дорд үзэгдэх ёстой болно. Тэрээр хүүхдүүдээ хэвийн өсгөхийн тулд доромжлуулж, нийгмийн гутаан доромжлолыг тэвчих ёстой болно. Энэ өнцгөөс бол, хэдийгээр тэр эмэгтэй “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх стандартыг хангаагүй ч зан авир, арга зам, золиослол нь хүндлүүштэй биш гэж үү? Ядаж л хүүхдүүд нь өсөж том болоод, ээжийнхээ хайрыг ойлгох үедээ ээжийгээ хүндлэх бөгөөд тийм зан авир гаргасных нь төлөө ээжийгээ дорд үзэж, гадуурхахгүй нь лавтай. Харин ч тэд талархаж, ийм ээж бол мундаг гэж бодно. Гэхдээ олон нийтийн санаа бодол тэдэнтэй санал нийлэхгүй. Хүмүүсийн сурталчилдаг “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэгтэй адил өнцөг буюу нийгмийн санал бодлын өнцгөөс авч үзвэл, чи үүнийг яаж ч харлаа гэсэн уг ээж сайн хүн биш, учир нь тэрээр ёс суртахууны энэ уламжлалт үзлийг зөрчсөн. Үүний үр дүнд тэд түүнд ёс суртахууны зан байдлын асуудалтай гэсэн хаяг зүүнэ. Тэгвэл түүний хүүхдүүдийн бодол санаа, үзэл бодол яагаад уламжлалт соёлын үзэл бодлоос өөр байдаг юм бэ? Учир нь хүүхдүүд нь энэ асуудлыг амьд үлдэх өнцгөөс харна. Хэрвээ энэ эмэгтэй дахин гэрлээгүй бол хүүхдүүдтэйгээ хамт амьд үлдэх аргагүй байх байв. Хэрвээ тэрээр энэ уламжлалт үзлийг баримталсан бол түүний хувьд амьдрах аргагүй болж, өлбөрч үхэх байлаа. Тэрээр хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө амийг аврахын тулд дахин гэрлэх сонголт хийсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл, уламжлалт соёл болон олон нийтийн санал бодлоор түүнийг яллах нь буруу биш үү? Тэдгээр нь хүмүүс амьдрах, үхэх эсэхийг огт тоодоггүй! Тэгвэл ёс суртахууны талаарх энэ уламжлалт үзлийг баримтлахын утга учир, үнэ цэн юу вэ? Үүнд ямар ч үнэ цэн байхгүй гэж хэлж болно. Энэ нь хүмүүсийг шархлуулж, хорлодог зүйл юм. Энэ үзлийн хохирогчдын хувиар энэ эмэгтэй болон түүний хүүхдүүд энэ баримтыг шууд туулсан, гэхдээ хэн ч тэднийг анхаараагүй, өрөвдөөгүй. Тэд шаналлаа тэвчихээс өөр яаж ч чадаагүй. Энэ нийгэм шударга гэж та нар бодож байна уу? Ийм нийгэм, улс орон яагаад ийм ёрын муу, харанхуй байдаг юм бэ? Яагаад гэвэл, хүнд Сатаны суулгасан уламжлалт соёл хүмүүсийн бодлыг хянаж, олон нийтийн санал бодлыг захирсаар байдаг. Өнөөг хүртэл нэг ч хүн энэ асуудлыг тодорхой харж чадаагүй. Шүтлэггүй хүмүүс уламжлалт соёлын үзэл, үзэл бодолтой зууралдаж, өөрсдийнх нь зөв гэж бодсоор байдаг. Өнөөг хүртэл тэд эдгээр зүйлийг орхиогүй.

Одоо бид “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгийг ямар ч өнцгөөс харлаа гэсэн, энэ нь эерэг зүйл биш, гагцхүү хүний үзэл, төсөөлөл гэдгийг харж болно. Би яагаад үүнийг эерэг зүйл биш гэдэг вэ? (Учир нь энэ нь үнэн биш, харин хүний үзэл, төсөөлөл юм.) Үнэндээ энэ үгэнд шаардсан зүйлийг тун цөөн хүн л биелүүлж чадна. Энэ нь ердөө л хоосон онол, хүний үзэл, төсөөлөл боловч хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон учраас олон нийтийн санал бодол болсон бөгөөд олон хүн иймэрхүү асуудлыг үүний дагуу шүүдэг. Тэгвэл иймэрхүү асуудлыг шүүдэг олон нийтийн санал бодлын өнцөг болон байр суурийн мөн чанар юу вэ? Дахин гэрлэсэн эмэгтэйг олон нийтийн санал бодлоор яагаад ийм хатуу шүүдэг юм бэ? Хүмүүс яагаад ийм хүнийг шүүмжилж, гадуурхаж, дорд үздэг юм бэ? Шалтгаан нь юу вэ? Та нар ойлгодоггүй, тийм үү? Та нар бодит баримтуудыг тодорхой мэддэггүй; энэ нь үнэн биш, мөн Бурханы үгтэй нийцдэггүй гэдгийг л мэддэг. За яах вэ Би та нарт хэлье, Намайг ярьж дуусахад та нар иймэрхүү зүйлийг тодорхой харж чаддаг болно. Учир нь олон нийтийн санал бодол нь уг эмэгтэйг ганцхан зүйл, ганцхан үйлдэлд буюу дахин гэрлэсэнд нь л үндэслэн шүүгээд, түүний хүн чанарын жинхэнэ чансааг харахын оронд ганцхан тэр зүйлд л үндэслэн түүний хүн чанарын чансааг явцуу тодорхойлсон. Энэ нь шударга бус, зүй бус биш гэж үү? Олон нийтийн санал бодол нь уг эмэгтэйн хүн чанар ерөнхийдөө ямар байсныг—ёрын муу хүн байсан уу, сайхан сэтгэлтэй хүн байсан уу гэдгийг, эерэг зүйлийг хайрладаг байсан эсэхийг, бусад хүнийг гомдоож, хохироож байсан эсэхийг, эсвэл дахин гэрлэхээсээ өмнө завхай эмэгтэй байсан эсэхийг хараагүй. Нийгэм дэх хүмүүс болон олон нийтийн санал бодол нь энэ эмэгтэйг эдгээр зүйлд үндэслэн иж бүрэн хэмжсэн үү? (Үгүй, тэгээгүй.) Тэгвэл тухайн үед хүмүүсийн хэмжилт юунд үндэслэж байсан бэ? Тэд “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгэнд үндэслэсэн. “Эмэгтэй хүн нэг л удаа гэрлэх ёстой. Нөхөр чинь нас барсан ч гэсэн чи үлдсэн амьдралдаа бэлэвсэн хэвээр үлдэх ёстой. Эцсийн эцэст чи бол эмэгтэй хүн. Хэрвээ чи нөхрийнхөө дурсамжид үнэнч хэвээр үлдэж, дахин гэрлэхгүй бол бид ариун байдлыг чинь дурссан хөшөө босгоно—бүр арвыг ч босгож чадна! Хэчнээн их зовохыг чинь, эсвэл хүүхдүүдээ өсгөхөд чинь хэчнээн хэцүү байхыг хэн ч тоохгүй. Чи гудамжинд хоол гуйх ёстой болсон ч гэсэн хэн ч тоохгүй. Чи ‘сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй’ гэх үгийг баримталсаар байх ёстой. Ингэж байж л чи сайн эмэгтэй болж, хүн чанартай, ёс суртахуунтай болно. Дахиад гэрлэх юм бол чи муу эмэгтэй, завхай хүүхэн” гэж хүн бүр бодно. Энэ нь дахин гэрлэхгүй байснаар л эмэгтэй хүн эрхэм ёс суртахууны зан төлөвтэй, ёс жудагтай, сайн, цэвэр ариун, үнэнч хүн болж чадна гэсэн утгатай. Уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлал дотор “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” хэмээх үг хүмүүсийг үнэлэх үндэс болсон. Хүмүүс энэ үгийг үнэн мэт авч үзэж, бусдыг хэмжих стандарт болгон ашигласан. Энэхүү асуудлын мөн чанар энэ юм. Хүн уламжлалт соёлын дэвшүүлсэн шаардлага, стандартад нийцэхгүй зан авиртай байснаасаа болоод л хүн чанар муутай, ёс суртахууны зан төлөв доогуур, дорд, тааруу хүн чанартай гэх хаяг зүүдэг. Энэ ер нь шударга гэж үү? (Үгүй, шударга биш.) Тэгвэл сайн эмэгтэй байхын тулд орчин нөхцөл ямар байх ёстой вэ, ямар төлөөс төлөх ёстой вэ? Хэрвээ чи сайн эмэгтэй байхыг хүсвэл ганцхан нөхөрт үнэнч байх ёстой, нөхрөө нас барвал бэлэвсэн хэвээрээ үлдэх ёстой. Чи хүүхдүүдтэйгээ хамт гудамжинд гуйлга гуйж, бусдын доромжлол, зодуур, зүхэл, дээрэлхэлт, доог тохууг тэвчих ёстой. Энэ нь эмэгтэйчүүдэд хандах зохистой арга зам мөн үү? (Үгүй, биш.) Гэсэн ч хүмүүс ингэж л хийдэг, тэд гудамжинд гуйлга гуйж, толгой хоргодох газаргүй, дараа хэзээ хоол идэхээ мэдэхгүй амьдрахыг чинь харахыг илүүд үзэх бөгөөд хэн ч чамайг тоохгүй, өрөвдөхгүй, чамд анхаарал хандуулахгүй. Хэдэн хүүхэдтэй чинь, амьдрал чинь хэчнээн хүнд бэрх байх нь хамаагүй, хүүхдүүд чинь өлбөрч үхсэн ч гэсэн хэн ч тоохгүй. Харин чи дахин гэрлэх юм бол сайн эмэгтэй биш. Чи зэвүүцэж, үзэн ядсан үгээр булуулж, доромжилж зүхсэн, буруутгасан цөөнгүй үгтэй тулгарч, элдэв янзаар хэлүүлэх бөгөөд зөвхөн хүүхдүүд, цөөн тооны хамаатан садан, найз нөхөд чинь л өрөвдөж, дэмжсэн үг хэлнэ. Яахаараа ийм юм болдог билээ? Энэ нь уламжлалт соёлын боловсрол, нөлөөлөлтэй шууд холбоотой. Энэ нь уламжлалт соёлын сурталчилдаг “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгийн үр дүн юм. Эдгээр зүйлээс юу харж болох вэ? “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгэнд юу нуугдаж байна вэ? Хүний хуурамч байдал, хоёр нүүртэй, харгис зан. Эмэгтэй хүн идэх юмгүй, амьд үлдэж чадахгүй, өлбөрч үхэхийн даваан дээр байж болох бөгөөд хэн ч түүнийг өрөвдөхгүй; харин ч хүн бүр түүнээс ариун байдлаа хадгалахыг шаардана. Хүмүүс түүнийг амьд үлдэх сонголт хийхийг нь харахын оронд өлбөрч үхээд, дурсгалын хөшөө босгуулахыг нь харахыг илүүд үзнэ. Нэг талаар энэ асуудал хүн төрөлхтний гөжүүд занг илчилдэг. Нөгөө талаар энэ нь хүн төрөлхтний хуурамч, харгис байдлыг илчилдэг. Хүн төрөлхтөн эмзэг бүлгийнхэн юм уу өрөвдмөөр хүмүүсийг огт өрөвддөггүй, ойлгодоггүй, тэдэнд тусалдаггүй. Дээр нь нэмээд хүн төрөлхтөн хүмүүсийг яллаж, үхэл рүү нь түлхэхдээ “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх утгагүй онол, дүрмийг ашиглан нэмж доромжилж шархлуулдаг. Энэ нь хүмүүст шударга хандаж буй хэрэг биш. Энэ нь Бурханы үг болон хүн төрөлхтөнд тавьсан бүтээлийн Эзэний шаардлагыг зөрчдөг төдийгүй, хүний мөс чанар, эрүүл ухааны стандарттай зөрчилддөг. Тэгвэл уг эмэгтэйн хүүхдүүдийн энэ асуудлыг харах өнцөг шударга байсан уу? Тэд ээжийнхээ хоёр дахь гэрлэлт, төлсөн төлөөсөөс мэдэгдэхүйц ашиг тус хүртсэн биш үү? Тэр үйлдлийнх нь тухайд хүүхдүүд нь ээжийгээ хүндэлж, дэмжсэн ч тэрхүү дэмжлэг юунаас гарч байна вэ? Зүгээр л ээж нь өөрсдийг нь амьд үлдээхийн төлөө дахин гэрлэх сонголт хийж, тэдэнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгож, амийг нь аварсан болохоор дэмжсэн. Тэгээд л тэр. Өөрсдийнх нь амьдралыг аврахын төлөө байгаагүй бол ээжийнхээ дахин гэрлэх шийдвэрийг тэд зөвшөөрөхгүй, дэмжихгүй байх байлаа. Тиймээс хүүхдүүдийн хувьд ээжийнхээ дахин гэрлэлтийн талаарх үзэл бодол нь үнэхээр шударга байгаагүй. Олон нийтийн санал бодлын өнцгөөс ч бай, хүүхдүүдийнх нь өнцгөөс ч бай аль нь ч байсан, энэ ээжид хандах хүмүүсийн арга зам, түүнийг хэмжихдээ ашигласан стандарт нь түүний хүн чанарын жинхэнэ уг чанарт үндэслээгүй. Энэ нь дахин гэрлэсэн эмэгтэйд хандахдаа хүмүүсийн гаргасан алдаа юм. Үүнээс харахад уламжлалт соёлын дэвшүүлсэн “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үг Бурханаас биш, харин Сатанаас гаралтай, үнэнтэй ямар ч хамаагүй гэдэг нь илэрхий байна. Хүмүүсийн бүх зүйлийг харах өнцөг, тухайн нэг хүний ёс суртахуунтай байдал болон ёс суртахуунгүй байдлыг авч үзэх арга зам нь үнэнд юм уу Бурханы үгэнд үндэслэдэггүй, харин уламжлалт соёлын үзэл бодол болон уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлалын хүнд тавих шаардлагад үндэслэдэг. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэж юу вэ? Эдгээр үзэл баримтлал хаанаас гарч ирдэг вэ? Гаднаа энэ нь эртний гэгээнтнүүд, алдартай хүмүүсээс гарсан мэт харагддаг ч үнэн хэрэгтээ Сатанаас гаралтай. Тэдгээр нь хүмүүсийн зан авирыг хянаж, хязгаарлаж, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвийн жишиг, үлгэр жишээ, загварыг тогтоохын тулд Сатаны гаргасан янз бүрийн үг хэллэг юм. Үнэн хэрэгтээ эртний гэгээнтнүүд, алдартай хүмүүс бүгдээрээ сатанлаг уг чанартай байсан бөгөөд бүгд Сатанд үйлчлэл үзүүлсэн. Тэд хүмүүсийг төөрөгдүүлсэн диаволууд байсан юм. Тиймээс эдгээр үзэл баримтлал Сатанаас гаралтай гэж хэлэх нь бодит баримттай бүрэн нийцнэ.

Хүмүүс бусдын ёс суртахууны зан байдлыг болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг хэмжихдээ уламжлалт соёлын алдартай үгэнд л тулгуурладаг; ганц асуудалд ханддаг арга замдаа үндэслэн бусад хүмүүсийн хүн чанарын чансааны талаар үнэлэлт, дүгнэлт гаргадаг. Энэ нь илт буруу, алдаатай. Тэгвэл хүний хүн чанар сайн уу, муу юу гэдгийг яаж үнэн зөв, бодитой, шударга байдлаар хэмжиж болох вэ? Тэднийг хэмжих зарчим, стандарт юу вэ? Нарийн яривал энэ хэмжилтийн зарчим болон стандарт үнэн байх ёстой. Зөвхөн Бүтээгчийн үг л үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадалтай. Завхарсан хүмүүсийн үг бол үнэн биш, эрх мэдэлгүй, тэдгээрийг хэн нэгнийг хэмжих үндэс, зарчим болгон ашиглах ёсгүй. Тиймээс хүмүүсийн ёс суртахууны зан байдал болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг хэмжих үнэн зөв, бодитой, шударга арга зам нь Бүтээгчийн үг болон үнэнийг үндэслэл болгон ашиглах явдал билээ. “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэг нь завхарсан хүмүүсийн дундах алдартай үг юм. Үүний эх сурвалж нь буруу, энэ нь Сатанаас гаралтай. Хэрвээ хүмүүс бусдын хүн чанарын чансааг Сатаны үгэнд үндэслэн хэмжвэл тэдний дүгнэлт гарцаагүй буруу, шударга бус байна. Тэгвэл хүний ёс суртахууны чанарыг болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг яаж шударгаар, үнэн зөв хэмжиж болох вэ? Үүнийг тухайн хүний үйлдлийн санаархал, зорилго, үр дүн, түүнчлэн хийдэг зүйлийнх нь утга учир, үнэ цэнд үндэслэхийн сацуу мөн эерэг зүйлд хандах талаарх үзэл бодол, сонголтод нь үндэслэн хэмжих ёстой. Энэ нь тэр чигтээ үнэн зөв байна. Тухайн хүн заавал Бурханд итгэгч байх албагүй—Бурханаар сонгогдоогүй хэдий ч бодитоор дажгүй хүн чанартай, бүр хүн чанар нь Бурханд итгэдэг зарим хүнийхээс ч илүү дээр чанартай зарим шүтлэггүй хүн байдгийг чи харж болно. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан, Бурханд олон жил итгэсэн зарим шашны хүмүүс ах, эгч нарыг гэртээ байлгах үедээ чуулганаас мөнгө нэхэх талаар үргэлж бодож, ах эгч нарт өөрсдийгөө ядуу гэж үргэлж халаглан гаслах зуураа мөнгө, эд зүйлд шунаж байдагтай яг адилхан. Ах, эгч нар өөрсдийг нь гэртээ байлгах явцдаа хэрэглэг гээд жаахан мах, хүнсний ногоо, гурил будаа гэх зэргийг өгөх үед тэд гэрийнхэндээ идүүлэхээр нууцхан хадгалдаг. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Тэдний хүн чанар сайн уу, муу юу? (Муу.) Ийм хүмүүс шуналтай, хүмүүсийг далимдуулан ашигладаг, ёс жудаг муутай байдаг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг шууд хүлээн авсан зарим шүтлэггүй хүмүүс ах, эгч нарыг гэртээ байлгахад бэлэн байдаг. Тэд ах, эгч нарыг байлгахдаа өөрийнхөө мөнгийг хэрэглэхээр зүтгэж, чуулганы мөнгийг авахаас татгалздаг. Чуулган хэчнээн их мөнгө өгсөн ч бай, тэд ганц ч зоос ашигладаггүй, мөнгөнд огт шунадаггүй—бүгдийг нь хадгалаад, сүүлд нь чуулганд буцаан өгдөг. Ах, эгч нар өөрсдийг нь гэртээ байлгах хугацаандаа хэрэглэг гээд худалдан авч өгсөн юмыг тэд бүгдийг нь ах, эгч нарын хэрэглээ, хоол хүнсэнд зориулан хадгалдаг. Тэр ах, эгч нарыг явмагц тэд эдгээр зүйлийг агуулахад хийгээд, дараагийн удаа ах эгч нарыг байрлахаар ирэх үед л тэрийгээ гаргаж ирдэг. Тэдний оюун ухаанд маш тодорхой зааг байдаг бөгөөд тэд чуулганы юуг ч, хэзээ ч завшиж байгаагүй. Хэн тэдэнд үүнийг зааж өгсөн бэ? Хэн ч хэлж өгөөгүй, тэгвэл тэд юу хийхээ яаж мэдсэн юм бэ? Тэд яаж ингэж чадсан юм бэ? Хүмүүсийн ихэнх нь ингэж чаддаггүй, гэхдээ тэд чадна. Энд ямар асуудал байна вэ? Хүн чанарын ялгаа биш үү? Хүн чанарын чансааны ялгаа, ёс суртахууны ялгаа биш үү? Ийм хоёр төрлийн хүмүүсийн ёс суртахууны хооронд ялгаа байдаг юм чинь үнэн болон эерэг зүйлд хандах хандлагад нь ялгаа бий юу? (Тийм ээ, байдаг.) Энэ хоёр төрлийн хүмүүсээс аль нь үнэнд ороход илүү амархан байх вэ? Аль төрлийнх нь үнэнийг эрэлхийлэх магадлал ихтэй вэ? Ёс суртахуун сайтай хүмүүс үнэнийг эрэлхийлэх магадлал өндөртэй. Та нар ингэж үзэж байна уу? Та хэд ингэж хардаггүй, та нар бүгдээрээ дүрэм журмыг сохроор мөрдөж, хоосон сургаалын үг, хэллэгийг цээжээр уншиж мэддэг шашны хүмүүс үүнийг хийж чадах ёстой, дөнгөж Бурханд итгэж эхэлсэн, хоосон сургаалын үг, хэллэгийг ярьж хараахан чаддаггүй шүтлэггүй хүмүүс үүнийг хийж чадахгүй гэж л боддог. Гэхдээ бодит байдал дээр яг эсрэгээрээ байдаг. Хүмүүс, зүйлсийг ийм маягаар харж байгаа чинь буруу, утгагүй биш үү? Би юмыг ингэж хардаггүй. Би хүмүүстэй харилцахдаа өөр өөр зүйлд хандах хандлагыг нь, ялангуяа адилхан нөхцөл байдал тулгарахад хоёр өөр хүн яаж авирлаж, ямар сонголт хийхийг цогцоор нь хардаг. Энэ нь тэдний хүн чанар ямархуу болохыг илүү сайн үзүүлдэг. Энэ хоёр арга замын аль нь илүү шударга, илүү бодитой вэ? Хүнийг гадна талын үйлдэлд нь биш, уг чанар, мөн чанарт нь үндэслэн үнэлэх нь илүү шударга. Хүнийг уламжлалт соёлын үзэл бодолд үндэслэн үнэлж, нэг нөхцөл байдалд гаргасан үйлдлийг нь барьж аваад, түүнд нь дүгнэлт хийж, шийдвэр гаргавал тэр нь буруу бөгөөд тухайн хүнд шударга бус хандаж буй хэрэг юм. Тэдний хүн чанарын чансаа, бүхий л зан авир, алхаж буй замыг авч үзээд, үнэн зөв үнэлэх ёстой. Зөвхөн энэ нь л шударга, үндэслэлтэй бөгөөд бас тухайн хүнд шударга байдаг.

Өнөөдөр бидний жагсаасан ёс суртахууны зан байдлын талаарх үгсийн аль нь ч Бурханы үгтэй хамаагүй, аль нь ч үнэнтэй нийцдэггүй. Хэчнээн уламжлалт, эерэг үг байлаа ч үнэн болж чадахгүй. Ёс суртахууны зан төлөвийн талаарх үг уламжлалт соёлын шагшин магтдаг зүйлээс үүдэн гардаг бөгөөд Бурханы эрэлхийл гэж хүнээс шаарддаг үнэнтэй ямар ч хамаагүй. Хүний ёс суртахууны зан төлөвийн талаарх энэ өөр өөр үгийг хүмүүс хэчнээн сайн ярьж чаддаг байх нь, тэдгээрийг хэчнээн сайн биелүүлдэг байх нь, эсвэл тэдгээртэй хэчнээн их зууралддаг байх нь хамаагүй, эдгээр үг үнэн гэсэн үг биш. Газар дэлхий дээрх хүмүүсийн ихэнх нь эдгээр зүйлтэй зууралдаж, үүнд итгэлээ ч гэсэн тэдгээр нь үнэн болохгүй—мянган удаа давтлаа ч худал үг худал хэвээр байдагтай яг адилхан. Худал үг хэзээ ч үнэн болж чадахгүй. Худал үг бол Сатаны явуулгыг агуулдаг хуурамч дүрслэл, тиймээс үнэн болох нь бүү хэл, үнэнийг орлож чадахгүй. Үүний адилаар ёс суртахууны зан төлөвийн тухайд хүмүүсийн тавьдаг өөр өөр шаардлагууд үнэн болж чадахгүй. Чи тэдгээртэй хэчнээн их зууралдсан ч, эсвэл хэчнээн сайн зууралдсан ч хүний нүдэнд ёс суртахуун сайтай гэж л харагдана—харин Бурханы нүдээр чи хүн чанартай юу? Заавал тийм байх албагүй. Эсрэгээрээ, хэрвээ чи уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлалын тал бүрийг болон дүрэм журмыг маш сайн, чанд баримталдаг бол үнэнээс дэндүү их холджээ. Яагаад тэр вэ? Учир нь чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн дагуу, тэдгээрийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж байх болно. Яг л хүзүүгээ гилжийлгээд цаг харахтай адилхан—чиний харах өнцөг буруу байна. Эцсийн дүндээ хүмүүс, зүйлсийг үзэх үзэл, биеэ авч явах байдал, үйлдэл чинь үнэнтэй, Бурханы шаардлагатай ямар ч хамаагүй болж, чи өөрийнхөө дагах учиртай Бурханы замаас хол байна—бүр эсрэг чиглэлд гүйж, өөрийнхөө зорилгыг баллахуйц байдлаар авирлаж ч чадна. Чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгтэй зууралдаж, тэдгээрийг нандигнах тусам Бурхан чамаас улам залхаж, чи Бурхан болон үнэнээс улам холдож, Бурханыг улам эсэргүүцнэ. Ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн аль нэгийг хэчнээн зөв гэж бодох чинь хамаагүй, үүнтэй хэчнээн удаан зууралдах чинь хамаагүй, чи үнэнийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг биш. Чи уламжлалт соёлын зан авирын стандартын алийг зөв, үндэслэлтэй гэж бодох нь хамаагүй, энэ нь эерэг зүйлсийн бодит байдал биш; яавч үнэн биш, бас үнэнтэй нийцэлтэй ч биш. Би чамайг хурдхан өөрийгөө эргэцүүл гэж шавдуулж байна: Чиний зууралддаг энэ зүйл хаанаас үүдэлтэй вэ? Үүнийг хүмүүсийг үнэлэх, хүмүүст шаардлага тавих зарчим, стандарт болгон ашиглах нь Бурханы үгэнд үндэслэсэн үү? Үнэнд үндэслэсэн үү? Уламжлалт соёлын энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн үр дагавар юу болохыг чи мэдэх үү? Энэ нь үнэнтэй хамаатай юу? Чи уламжлалт соёлын энэ шаардлагыг үйлдлийнхээ үндэс, өөрийнхөө шалгуур болгон ашиглаж, үүнийг эерэг зүйл гэж үзсэнээрээ үнэнтэй зөрчилдөж, Бурханыг эсэргүүцэж, үнэнийг зөрчиж байгаа эсэхээ ялган таньж, задлан шинжлэх ёстой. Хэрвээ чи уламжлалт соёлын шагшин магтдаг үзэл бодол, үг хэллэгтэй сохроор зууралддаг бол үүний үр дагавар нь юу байх вэ? Чи эдгээр үгэнд төөрөлдөж, хууртсан бол үр дүн, төгсгөл чинь ямар байхыг төсөөлж чадна. Хэрвээ чи уламжлалт соёлын өнцгөөс хүмүүс, зүйлсийг хардаг бол үнэнийг хүлээн авахад чамд хэцүү байна. Чи хүмүүс, зүйлсийг Бурханы үг болон үнэний дагуу харж хэзээ ч чадахгүй. Үнэнийг ойлгодог хүн ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын янз бүрийн үг, шаардлагыг задлан шинжлэх ёстой. Чи тэдгээрийн алийг нь хамгийн их нандигнаж, үргэлж зууралдаж, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үндэс, шалгуураа болгож байгаагаа задлан шинжлэх ёстой. Дараа нь чи өөрийнхөө зууралддаг зүйлсийг Бурханы үг болон шаардлагатай харьцуулан үзэж, уламжлалт соёлын энэ талууд Бурханы илэрхийлдэг үнэнтэй зөрчилдөж, эсэргүүцэж байгаа эсэхийг харах ёстой. Хэрвээ чи үнэхээр асуудал олбол уламжлалт соёлын энэ талууд нь яг хаанаа буруу, утгагүй байгааг даруйхан задлан шинжлэх ёстой. Чи эдгээр асуудлыг ойлгох үедээ үнэн гэж юу болох, төөрөгдөл гэж юу болохыг мэднэ; мөн хэрэгжүүлэлтийн замтай болж, өөрийнхөө алхах ёстой замыг сонгож чадна. Үнэнийг ийм маягаар эрж хайвал чи замаа засаж чадна. Хүмүүсийн ёс суртахууны талаарх хүн төрөлхтний шаардлага, үг хэллэг гэгч хэчнээн стандартчилагдсан байлаа ч, эсвэл олон нийтийн таашаал, үзэл бодол, хүсэл, бүр сонирхолд хэчнээн нийцлээ ч тэдгээр нь үнэн биш юм. Чи үүнийг ойлгох ёстой. Нэгэнт эдгээр нь үнэн биш тул чи бушуухан үгүйсгэж, орхих хэрэгтэй. Бас тэдгээрийн мөн чанар болон тэдгээрийг баримталж амьдарснаас үүдэн гардаг үр дагаврыг задлан шинжлэх ёстой. Тэдгээр нь чамд үнэхээр жинхэнэ гэмшлийг төрүүлж чадах уу? Өөрийгөө мэдэхэд чинь үнэхээр тусалж чадах уу? Чамайг үнэхээр хүний төрхийг амьдран харуулдаг болгож чадах уу? Эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Тэдгээр нь чамайг зөвхөн хоёр нүүртэй, өөрийгөө зөвтгөдөг л болгоно. Чамайг илүү зальхай, ёрын муу болгоно. “Өмнө нь бид уламжлалт соёлын эдгээр талыг баримталж байхдаа өөрсдийгөө сайн хүмүүс гэж боддог байсан. Бидний биеэ авч явах байдлыг хараад бусад хүн ч биднийг бас сайн хүмүүс гэж бодсон. Гэвч үнэндээ ямархуу ёрын мууг хийж чадахаа бид зүрх сэтгэлдээ мэддэг. Багахан сайн юм хийх нь үүнийг зөвхөн өнгөлөн далдалдаг. Гэхдээ уламжлалт соёлын биднээс шаарддаг сайн зан авирыг орхивол бид оронд нь юу хийх ёстой вэ? Ямар зан авир, илрэл Бурханд алдар суу авчрах вэ?” гэж зарим хүн хэлдэг. Энэ асуултыг чи юу гэж бодож байна вэ? Бурханд итгэгчид ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстойг тэд мэдэхгүй хэвээр байгаа гэж үү? Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой маш олон үнэн бий. Тэгвэл чи яагаад үнэнийг хэрэгжүүлэхээс татгалзаж, хуурамч сайн хүн, хоёр нүүртэн байх гэж зүтгээд байдаг юм бэ? Чи яагаад дүр эсгээд байгаа юм бэ? Зарим хүн: “Уламжлалт соёлд олон сайн тал бий! Жишээ нь ‘Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой’ гэдэг бол сайхан үг! Энэ бол хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зүйл. Та яаж үүнийг хаяж чаддаг байна аа? ‘Найзынхаа өмнөөс зовлон туулах’ гэж бий—энэ нь хэчнээн үнэнч, баатарлаг билээ дээ! Тийм найзтай байвал сайхан амьдарна. Бас ‘Хаврын хүр хорхой үхэх хүртлээ торго нэхдэг, лаа бөхөх хүртлээ асдаг’ гэдэг. Энэ үг маш гүн гүнзгий, соёлоор баялаг! Хэрвээ Та биднийг эдгээр үгийн дагуу амьдрахыг зөвшөөрөхгүй бол бид юуны дагуу амьдрах ёстой вэ?” гэдэг. Хэрвээ чи ингэж бодож байгаа бол номлол сонсож өнгөрүүлсэн олон жил чинь дэмий үрэгджээ. Хүн ядаж л мөс чанар, эрүүл ухааны стандартын дагуу биеэ авч явах ёстой гэдгийг ч чи ойлгодоггүй. Чи өчүүхэн ч үнэнийг олж аваагүй, энэ олон жил дэмий амьдарсан.

Товчхондоо, хэдийгээр бид ёс суртахууны зан төлөвийн тухай уламжлалт соёлын эдгээр үгийг жагсаасан боловч үүний зорилго нь эдгээр үг бол хүмүүсийн үзэл, төсөөлөл бөгөөд Сатанаас үүдэлтэйгээс цаашгүй гэдгийг л та нарт мэдэгдэхийн төлөө биш, харин эдгээр зүйлийн мөн чанар нь хуурамч, өнгөлөн далдалсан, хуурмаг гэдгийг та нарт тодорхой ойлгуулах зорилготой. Хүмүүс эдгээр зан авирыг эзэмшсэн ч гэсэн хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа гэсэн үг яавч биш. Харин ч тэд эдгээр хуурамч зан авирыг ашиглан санаархал, зорилгоо нууж, завхарсан зан чанар, уг чанар, мөн чанараа далдалж байгаа. Үүний үр дүнд хүмүүс дүр эсгэж, бусдыг мэхлэхдээ улам сайжирч байгаа нь эргээд тэднийг улам завхарсан, ёрын муу болоход хүргэдэг. Завхарсан хүн төрөлхтний зууралддаг уламжлалт соёлын ёс суртахууны стандарт нь Бурханы илэрхийлдэг үнэнтэй нийцдэггүй, хүмүүст Бурханы зааж сургадаг ямар ч үгтэй таардаггүй, ямар ч холбоогүй байдаг. Хэрэв чи уламжлалт соёлын талуудтай зууралдсаар байгаа бол гүн гүнзгий төөрөлдөж, хорджээ. Хэрвээ чи аливаа хэрэг явдал дээр уламжлалт соёлтой зууралдаж, уламжлалт соёлын зарчим, үзэл бодлыг баримталдаг бол тэр хэрэг явдал дээр Бурханы эсрэг тэрсэлж, үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцэж байна. Хэрвээ чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн аль нэгтэй зууралдаж, үүнд үнэнч байж, хүмүүс, зүйлсийг харах шалгуур, үндэс болгон авч үздэг бол энэ тал дээр алдаа гаргасан бөгөөд тодорхой хэмжээнд хүмүүсийг шүүж, хохироодог бол нүгэл үйлдсэн байх болно. Хэрвээ чи хүн бүрийг уламжлалт соёлын ёс суртахууны стандартаар хэмжих гэж үргэлж зүтгэдэг бол яллаж, хэлмэгдүүлсэн хүмүүсийн чинь тоо улам бүр өссөөр байх ба чи гарцаагүй Бурханыг яллаж, эсэргүүцээд, дараа нь гол нүгэлтэн болох болно. Бүх хүн төрөлхтөн уламжлалт соёлын боловсрол, нөлөөгөөр улам бүр ёрын муу болсоор байгааг та нар харахгүй байна гэж үү? Дэлхий ертөнц улам харанхуй болж байгаа биш үү? Хүн Сатан, диаволд харьяалагдах тусмаа улам шүтэгддэг; хүн үнэнийг хэрэгжүүлж, Бурханы төлөө гэрчлэл хийж, Бурханд таалагдах тусмаа улам дарлагдаж, гадуурхагдаж, яллагдаж, бүр цовдлуулж алуулдаг. Энэ нь бодит баримт биш үү? Цаашдаа та нар өнөөдөр энд нөхөрлөсөн зүйлийн талаар байнга нөхөрлөж байх ёстой. Нөхөрлөсний дараа ойлгохгүй зүйл байвал тэрийгээ түр хойш тавиад, ойлгодог болох хүртлээ өөрийнхөө зохицуулж чадах хэсгүүдийн талаар нөхөрлө. Тов тодорхой, бүрэн дүүрэн ойлгох хүртлээ эдгээр үгийг нөхөрлө, тэгвэл та нар үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, бодит байдалд орж чадна. Та нар аль нэг үг юм уу зүйл үнэн мөн эсэхийг, эсвэл үнэн биш, харин уламжлалт соёл эсэхийг тодорхой ялган таньж чаддаг болох үедээ үнэний бодит байдалд орох илүү их замтай болно. Эцэст нь нөхөрлөлөөр дамжуулан өөрийнхөө хэрэгжүүлэх учиртай үнэн бүрийг ойлгож чаддаг болж, зөвшилцөлд хүрч, тууштай үзэл бодол, ойлголттой байж, аль зүйл нь эерэг, аль нь сөрөг, аль нь Бурханаас ирдэг, аль нь Сатанаас ирдэг болохыг мэдэж, эдгээр зүйлийг тодорхой, ойлгомжтой болох хүртэл уг сэдвээр нөхөрлөвөл тэр үед л та нар үнэнийг ойлгосон байх болно. Дараа нь өөрийнхөө хэрэгжүүлэх ёстой үнэний зарчмыг сонго. Ийм маягаар та нар Бурханы тогтоосон зан авирын стандартад нийцэж, ядаж л жаахан хүний төрхтэй болно. Хэрвээ та нар үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадвал хүний төрхийг бүрэн амьдран харуулж чадна. Тэр үед л Бурханы хүсэлд бүрмөсөн нийцнэ.

2022 оны 3 дугаар сарын 5

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих