Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6) (II хэсэг)
“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь ёс суртахууны талаарх уламжлалт соёлын хамгийн өнгөц шаардлага юм. Хэдийгээр хүмүүс завхарсан зан чанартай учраас, мөн хүн төрөлхтний ёрын муу чиг хандлага давамгайлсны улмаас хүний нийгэм иймэрхүү үзэл санааг сурталчилж, зааж сургадаг ч, хүмүүс хэсэг хугацаанд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг хэрэгжүүлж, ийм сайн ёс суртахуунтай байж чадлаа ч гэсэн, хүмүүсийн завхарсан зан чанар бодол санаа, зан авирт нь байнга давамгайлахын сацуу биеэ авч явах байдал болон эрэл хайгуулыг ч бас ноёрхож, хянаж байдаг гэх баримтыг өөрчилж чадахгүй. Түр зуурын сайн ёс суртахуун нь хүний эрэл хайгуулд огт нөлөөлдөггүй, муу ёрын чиг хандлагыг өөгшүүлж, биширч, дагахыг нь өөрчилж мэдээж чадахгүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Тиймээс урьд нь хүмүүсийн дуулдаг байсан “Замын хажуугаас би сохор зоос олоод” гэх дуу нь одоо бүүвэйн дуунаас цаашгүй, дурсамж болон үлдсэн. Хүмүүс олсон мөнгөө халааслахгүй байх хамгийн наад захын сайн зан авирыг ч баримталж чадахгүй. Хүмүүс сайн ёс суртахууныг сурталчилснаар хүн төрөлхтний эрэл хайгуул, завхарсан зан чанарыг өөрчлөхийг хүсдэг бөгөөд хүн төрөлхтний доройтлыг зогсоож, нийгэм өдөр өдрөөр доройтож буйг болиулахаар оролддог ч эцэстээ эдгээр зорилгод хүрч чадаагүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахуун нь хүний хүслэнт ертөнцөд л орших боломжтой. Хүмүүс энэ ёс суртахууныг нэг төрлийн хүслэнт байдал, илүү сайхан дэлхий ертөнцийг гэх хүсэл эрмэлзэл гэж үздэг. Энэхүү ёс суртахуун нь хүний оюун санааны ертөнцөд оршдог. Хүн ирээдүйн ертөнцөд иймэрхүү найдвар тавьдаг ч энэ нь хүний амьдралын бодит байдал болон хүмүүсийн бодит хүн чанартай нийцдэггүй. Энэ нь хүний биеэ авч явах зарчим, хүмүүсийн алхдаг зам, түүнчлэн тэдний эрэлхийлдэг зүйл, тэдний эзэмших, хүрэх учиртай зүйлтэй зөрөлддөг. Энэ нь хэвийн хүн чанарын илрэл болон илчлэлтэй, мөн хүн хоорондын харилцаа болон хэрэг явдлыг зохицуулах зарчимтай нийцдэггүй. Тиймээс хүн төрөлхтний ёс суртахууныг дүгнэдэг энэ стандарт нь эрт дээр үеэс өнөөг хүртэл үргэлж хүчингүй байсаар ирсэн. Хүний сурталчилдаг “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх энэ үзэл санаа, үзэл бодол нь тун утгагүй бөгөөд ихэнх хүн үүнийг үл тоодог, учир нь энэ нь хүний биеэ авч явах чиг хандлага, эрэл хайгуулыг өөрчилж чадахгүй, хүмүүсийн доройтол, аминч байдал, хувийн ашиг сонирхол, ёрын муу руу улайран зүтгэх чиг хандлагыг өөрчилж лавтайяа чадахгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх хамгийн өнгөц энэ шаардлага нь хөгжилтэй, хошин онигоо болсон. Одоо хүүхдүүд хүртэл “Замын хажуугаас би сохор зоос олоод” гэж дуулахыг хүсдэггүй—энэ нь өчүүхэн төдий ч утга учиргүй. Завхарсан улс төрчдөөр дүүрэн дэлхий ертөнцөд энэ дуу маш ёжтой болж хувирсан. Хүмүүсийн сайн мэддэг бодит байдал гэвэл, хүн хаягдсан нэг зоосыг цагдаад өгч болох ч нэг сая юань юм уу арван сая юань олох юм бол шууд халаасандаа хийнэ. Энэ үзэгдлээс бид, ёс суртахууны талаарх энэхүү шаардлагыг хүн төрөлхтөнд сурталчлах гэсэн хүмүүсийн оролдлого амжилт олоогүйг харж болно. Энэ нь хүмүүс бүр хамгийн наад захын сайн зан авирыг ч хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг юм. Хамгийн наад захын сайн зан авирыг ч хэрэгжүүлж чадахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс өөр хүний юмыг олбол өөртөө авч болохгүй гэх мэт өөрсдийнхөө хийх учиртай бүр хамгийн наад захын зүйлсийг ч хэрэгжүүлж чаддаггүй гэсэн үг. Түүнчлэн, хүмүүс ямар нэг буруу зүйл хийх үедээ энэ талаар ганц ч үнэн үг хэлэхгүй, буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд үхэхийг илүүд үзнэ. Тэд худал хэлэхгүй байх гэх мэтийн наад захын зүйлийг ч даган мөрдөж чадахгүй учраас ёс суртахууны талаар ярихад тохирохгүй нь лавтай. Тэд мөс чанар, эрүүл ухаантай байхыг ч хүсдэггүй юм чинь ёс суртахууны талаар ярьж яаж чадах юм бэ? Албан тушаалтнууд болон эрх мэдэлтэй хүмүүс бусад хүмүүсийг шахаж, илүү их ашиг хонжоо авах, өөрийнх нь биш зүйлсийг булааж авах арга замыг бодож тархиа гашилгадаг. Хууль ч тэднийг зогсоон барьж дийлэхгүй—яагаад тэр вэ? Хүн яагаад иймдээ тулсан бэ? Энэ бүхэн нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанараас үүдэлтэй бөгөөд тэдний сатанлаг уг чанарын хяналт, ноёрхол элдэв янзын ов мэхтэй, хор хөнөөлтэй зан авирыг бий болгодог. Энэ хоёр нүүртнүүд “ард түмэнд үйлчлэх” нэрийдлээр олон жигшүүртэй, ичгүүр сонжуургүй зүйл хийсэн. Тэд ичих нүүрэндээ илэг наасан биш үү? Өнөө үед хоёр нүүртэй хүмүүс маш олон бий. Ёрын муу хүмүүс хяналтаас гарч, сайн хүмүүс дарлагддаг ертөнцөд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх мэтийн хоосон сургаал хүмүүсийн завхарсан зан чанарыг хязгаарлаж ер чадахгүй, тэдний уг чанар-мөн чанар, эсвэл тэдний алхдаг замыг өөрчилж ердөө чадахгүй.
“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх сэдвийн талаарх энэ нөхөрлөлөөр Миний хэлсэн зүйлийг та нар ойлгов уу? Завхарсан хүмүүсийн хувьд энэ үг ямар утгатай вэ? Хүн энэ ёс суртахууныг яг яаж ойлгох ёстой вэ? (“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүмүүсийн биеэ авч явах байдал юм уу тэдний алхдаг замтай ямар ч хамаагүй. Энэ нь хүний алхдаг замыг өөрчилж чадахгүй.) Зөв өө, хүмүүс “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгэнд үндэслэн хүний хүн чанарыг хэмжих нь тохиромжгүй. Энэ үгийг ашиглан хүний хүн чанарыг хэмжиж болохгүй, бас хүний ёс суртахууныг ч үүгээр хэмжих нь буруу юм. Энэ нь хүний түр зуурын зан авираас цаашгүй. Хүний мөн чанарыг хэмжихэд үүнийг ашиглаж ер болохгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны талаарх үгийг дэвшүүлсэн хүмүүс—сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гээч энэ хүмүүс бол идеалистууд юм. Тэд хүний хүн чанар юм уу мөн чанарыг ойлгодоггүй, хүний доройтол, завхралын түвшнийг ухамсарладаггүй. Тийм болохоор тэдний дэвшүүлсэн ёс суртахууны тухай энэ үг маш хоосон, зүгээр л биелшгүй бөгөөд хүний бодит нөхцөл байдалд тохирдоггүй. Ёс суртахууны талаарх энэ үг нь хүний мөн чанартай, хүмүүсийн гаргадаг өөр өөр завхарсан зан чанартай, эсвэл завхарсан зан чанар нь давамгайлж байх явцад хүмүүсийн бий болгож болох үзэл, үзэл бодол, зан авиртай өчүүхэн төдий ч холбоогүй. Энэ нь нэг тал юм. Нөгөө талаар, олсон мөнгөө халааслахгүй байх нь зүгээр л хэвийн хүний хийх учиртай зүйл. Жишээлбэл, эцэг эх чинь чамайг төрүүлж, өсгөсөн боловч мэдлэггүй, төлөвшөөгүй хэвээр байх үедээ чи эцэг эхээсээ хоол унд, хувцас хунар гуйхаас өөр аргагүй. Харин төлөвшиж, юмыг илүү дээр ойлгодог болмогцоо чи аяндаа эцэг эхийгээ энхрийлэн хайрлаж, тэдний санааг зовоох, уурлуулахаас зайлсхийж, ажлын ачаалал юм уу зовлонг нь нэмэхгүй байхаар хичээж, бие даан хийж чадах бүхнээ хийнэ. Чи эдгээр зүйлийг аяндаа ойлгож авах бөгөөд хэн ч чамд зааж сургах шаардлагагүй. Чи бол мөс чанар, эрүүл ухаантай хүн учраас эдгээр зүйлийг хийж чадна, бас хийх ёстой—үүнийг дурдах нь огт зохисгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгийг ёс суртахууны эрхэм чанарын түвшинд өргөн аваачсанаар хүмүүс дэмий зүйл дээр сүржигнэж, арай л дэндүүлж байна; энэ зан авирыг тийм маягаар тодорхойлох ёсгүй, тийм биш гэж үү? (Тийм.) Үүнээс юу сурч мэдэж болох вэ? Хэвийн хүн чанарын цар хүрээнд хүний хийх учиртай, хийж чадах зүйлийг хийх нь хүн хэвийн хүн чанартайн тэмдэг юм. Хэрвээ хүн хэвийн эрүүл ухаантай бол хэвийн хүн чанартай хүмүүсийн бодож, ухаарч чадах зүйлсийг хийж чадна гэсэн үг—энэ нь маш хэвийн үзэгдэл биш гэж үү? Хэрвээ чи хэвийн хүн чанартай хэний ч хийж чадах зүйлийг хийдэг бол үүнийг үнэхээр сайн ёс суртахуун гэж нэрлэж болно гэж үү? Үүнийг урамшуулах шаардлагатай юу? (Үгүй, шаардлагагүй.) Энэ нь үнэхээр эрхэм хүн чанарт тооцогдох уу? Хүн чанартай гэж тооцогдох уу? (Үгүй, тооцогдохгүй.) Тийм зан авирыг харуулах нь хүн чанар эзэмшсэн түвшинд хүнийг өргөхгүй. Хэн нэгнийг хүн чанартай гэж хэлбэл, асуудлыг харах түүний өнцөг, байр суурь, мөн түүнчлэн асуудлыг зохицуулах арга зам, арга барил нь харьцангуй эерэг, идэвхтэй гэсэн үг юм. Эерэг, идэвхтэй байдлын тэмдэг юу вэ? Тэр хүн мөс чанартай, ичих нүүртэй гэсэн үг. Эерэг, идэвхтэй байдлын өөр нэг тэмдэг нь зөв шударга байдлын мэдрэмж юм. Тэр хүн орой унтаж, оройтож босох, хоол голж шилэх, амтлагч ихтэй хоолыг илүүд үзэх гэх мэтийн жаахан муу зуршилтай байж болох ч эдгээр муу зуршлаас гадна тодорхой сайн чанаруудтай байх болно. Тэрээр биеэ авч явах байдал, үйлдэлдээ зарчимтай, зааг хязгаартай байна; ичих нүүртэй, зөв шударга байдлын мэдрэмжтэй байна; эерэг зан ихтэй, сөрөг зан багатай байх болно. Хэрвээ тэрээр үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадвал тэр нь бүр ч сайн хэрэг бөгөөд түүний хувьд үнэнийг эрэлхийлэх замаар явахад амархан байх болно. Эсрэгээрээ, хэрвээ хүн ёрын мууг хайрладаг; алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлдэг; мөнгөнд дуртай; тансаг амьдралаар амьдрах дуртай; зугаа цэнгэл хайн цагаа дэмий үрэх дуртай бол хүмүүс, зүйлсийг харах өнцөг, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийн систем нь бүгд сөрөг, харанхуй байх бөгөөд тэрээр ичих нүүргүй, зөв шударга байдлын мэдрэмжгүй байх болно. Ийм хүн хүн чанаргүй байх ба түүний хувьд үнэнийг хүлээн авах юм уу Бурханы авралыг хүртэхэд амаргүй байх нь гарцаагүй. Энэ бол хүмүүсийг хэмжих энгийн зарчим юм. Хүний ёс суртахууныг хэмжих нь хүн чанартай эсэхийг нь хэмжих стандарт биш. Хүн сайн уу, муу юу гэдгийг хэмжихийн тулд ёс суртахуунд нь биш, хүн чанарт нь үндэслэн дүгнэх ёстой. Ёс суртахуун өнгөцхөн байх чиг хандлагатай бөгөөд үүнд нийгмийн уур амьсгал, нөхцөл байдал, орчин нөлөөлдөг. Зарим арга зам, илрэл байнга өөрчлөгдөж байдаг учраас ганцхан ёс суртахуунд нь үндэслэн хүний хүн чанарын чансааг тодорхойлоход хэцүү байдаг. Жишээлбэл, хүн нийгмийн ёс суртахууныг маш их хүндэлдэг, хаа явсан газраа дүрэм журмыг дагадаг байж болно. Тэрээр хийж байгаа бүх зүйлдээ биеэ барьж, төрийн хуулийг дагаж мөрддөг, олон нийтийн газар чанга дуу чимээ гаргах, бусад хүмүүсийн ашиг сонирхлыг зөрчихөөс зайлсхийдэг байж болно. Бас хүндлэлтэй, тустай байж, залуус, ахмадыг халамжилдаг байж болно. Энэ хүн маш олон сайн чанартай гэдэг баримт нь тэрээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа сайн хүн гэсэн үг мөн үү? (Биш.) Хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгийг маш сайн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг энэ ёс суртахууныг тууштай баримталдаг байж болох ч түүний хүн чанар ямар вэ? Тэрээр олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг хэрэгжүүлдэг гэх баримт нь хүн чанарынх нь талаар юу ч хэлэхгүй—түүний хүн чанар сайн уу, муу юу гэдгийг хэмжихэд энэ ёс суртахууныг ашиглах боломжгүй. Түүний хүн чанарыг хэрхэн хэмжих ёстой вэ? Түүнийг энэ ёс суртахууны баглаа боодлоос нь салгаж, хүний сайн гэж үздэг, хэвийн хүн чанартай ямар ч хүний хүрч чадах зан авир, ёс суртахуунаас салгах ёстой. Дараа нь, түүний биеэ авч явах зарчим, биеэ авч явахдаа давахгүй зааг хязгаар, үнэн болон Бурханд хандах хандлага гэх мэт хамгийн чухал илрэлийг нь хар. Энэ бол түүний хүн чанар-мөн чанар, дотоод уг чанарыг харах цорын ганц арга зам юм. Ийм маягаар хүмүүсийг харах нь харьцангуй бодитой, үнэн зөв байдаг. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны талаарх бидний хэлэлцүүлэг ингээд дуусаж байна. Та нар бүгдээрээ энэ нөхөрлөлийг ойлгов уу? (Ойлгосон.) Та нар Миний хэлснийг үнэндээ ойлгоогүй, энэ талаар багахан хоосон сургаал л ойлгосон ч мөн чанартай холбоотой хэсгүүдийг нь ойлгоогүй хэвээр байгаа гэж Би үргэлж санаа зовдог. Тиймээс Би энэ санааг дахиад жаахан тайлбарлахаас өөр аргагүй. Та нарыг ойлголоо гэх мэдрэмж төрөх үед л Би тайвширна. Та нарын ойлгосон гэдгийг Би яаж мэдэх вэ? Нүүр царай чинь баяр хөөртэй харагдвал та нар Миний хэлж байгааг ойлгосон байж таарна. Энэ үр дүнд хүрэхийн тулд Би дахиад жаахан ярих нь зүйтэй байх.
Би “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх нөхөрлөлөө бараг дуусгалаа. Энэ ёс суртахуун нь үнэнтэй хэрхэн зөрчилддөг, яагаад үүнийг үнэний түвшинд өргөж болохгүй, эсвэл хүмүүсийн зан авир болон ёс суртахуунд Бурхан ямар шаардлага тавьдгийг Би шууд хэлээгүй хэдий ч энэ бүх зүйлийг хамруулан ярьсан биш үү? (Тэгсэн.) Бурханы гэр “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх мэтийн ёс суртахууныг сурталчилдаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы гэр энэ үгийг хэрхэн үздэг вэ? Та нар ойлгосноо ярьж болно. (“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь зүгээр л хэвийн хүн чанартай хэн бүхний баримталж, хийх учиртай зүйл учраас үүнийг сурталчлах шаардлагагүй. Бас “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь зүгээр л хүний ёс суртахууны илрэл болохоос хүмүүсийн биеэ авч явах зарчим, эрэл хайгуулын талаарх үзэл бодол, тэдний алхдаг зам, эсвэл хүн чанарынх нь чансаатай хамаагүй.) Ёс суртахуун нь хүн чанарын шинж тэмдэг мөн үү? (Энэ нь хүн чанарын шинж тэмдэг биш. Ёс суртахууны зарим тал нь зүгээр л хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйлс юм.) Бурханы гэр хүн чанар болон хүмүүсийг ялган таних тухай ярихдаа үнэний эрэл хайгуулын үндсэн дээр ярьдаг. Ерөнхийд нь хэлбэл, Бурханы гэр хүний ёс суртахуун ямар болохыг хэмжихгүй—ядаж л хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг даган мөрдөж чадах эсэхийг Бурханы гэр хэмжихгүй. Бурханы гэр үүнийг шинжилдэггүй. Оронд нь Бурханы гэр тухайн хүний хүн чанарын чансааг, тэр хүн эерэг зүйлс болон үнэнийг хайрладаг эсэхийг, үнэн болон Бурханд ямар хандлагаар ханддагийг шинжилнэ. Хүн шашны бус нийгэмд байхдаа олсон мөнгөө халаасалдаггүй байж болох ч Бурханд итгэснийхээ дараа Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч хамгаалдаггүй бол—тахил хариуцах боломж олгох үед тахил хулгайлж, үрэн таран хийж, бүр зарж үрж ч чаддаг бол—энэ бүх муу зүйлийг хийж чаддаг бол тэд юу вэ? (Ёрын муу хүн.) Асуудал гарах үед тэд хэзээ ч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах байр суурь баримталдаггүй. Ийм хүмүүс байдаг биш үү? (Байдаг.) Тэгвэл тэдний хүн чанарыг хэмжихэд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь тохиромжтой юу? Тохиромжтой биш. Зарим хүн: “Тэд сайн хүн байсан. Тэд эрхэм ёс суртахуунтай, хүн бүр тэднийг сайшаадаг. Тэгвэл тэд яагаад Бурханы гэрт ирснийхээ дараа өөрчлөгдсөн юм бэ?” гэдэг. Тэд үнэхээр өөрчлөгдсөн үү? Үнэндээ тэд өөрчлөгдөөгүй. Тэд багахан ёс суртахуунтай, сайн зан авиртай байсан, гэхдээ үүнээс гадна энэ нь үргэлж тэдний хүн чанар-мөн чанар байсан—тэр нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэд хаашаа ч явсан, үргэлж ингэж авирладаг. Зүгээр л өмнө нь хүмүүс үнэнийг ашиглан хүн чанарыг нь дүгнэхийн оронд ёс суртахууны шалгуурыг ашиглан тэднийг хэмжиж байсан юм. Тэдэнд зарим талаар өөрчлөлт гарлаа гэж хүмүүс боддог ч үнэндээ тэгээгүй. Зарим хүн: “Тэд өмнө нь ийм байгаагүй” гэдэг. Тэд урьд нь ийм нөхцөл байдалтай тулгараагүй, ийм орчинд ороогүй учраас тийм байгаагүй юм. Үүнээс гадна хүмүүс үнэнийг ойлгоогүй, тэднийг ялган таньж чадаагүй. Хүмүүс хүн чанар-мөн чанарын оронд нэг сайн зан авирт үндэслэн бусдыг харж, дүгнэхийн эцсийн үр дагавар юу вэ? Хүмүүс бусдыг тодорхой харж чадахгүй төдийгүй, бас бусдын гадна талын сайн ёс суртахуунд сохорч, төөрөлдөнө. Хүмүүс бусдыг тодорхой харж чадахгүй байх үедээ буруу хүмүүст итгэж, буруу хүмүүсийг дэвшүүлж, томилох бөгөөд бусад хүнд мэхлэгдэж, хууртана. Зарим удирдагч, ажилчид хүмүүсийг сонгож, томилох үедээ ийм алдаа элбэг гаргадаг. Гаднаа жаахан сайн зан авиртай, ёс суртахуун сайтай хүмүүст тэд хууртаж, тэднийг чухал ажилд авах юм уу тэдэнд зарим чухал зүйл хадгалуулахаар зохицуулдаг. Үүний үр дүнд ямар нэг зүйл буруугаар эргэж, Бурханы гэрт зарим нэг хохирол учруулдаг. Яагаад буруугаар эргэдэг вэ? Удирдагч, ажилчид энэ хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чадаагүй учраас буруугаар эргэдэг. Тэд яагаад хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй вэ? Учир нь энэ удирдагч, ажилчид үнэнийг ойлгодоггүй, хүмүүсийг хэмжиж, ялган таньж чаддаггүй. Тэд хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй, хүмүүс Бурхан, үнэн болон Бурханы гэрийн ашиг сонирхолд ямар хандлагаар ханддагийг мэддэггүй. Яагаад тэр вэ? Учир нь энэ удирдагч, ажилчид хүмүүс, зүйлсийг буруу өнцгөөс хардаг. Тэд хүний үзэл, төсөөлөлд л үндэслэн хүмүүсийг хардаг, Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу мөн чанарыг нь хардаггүй—харин ч ёс суртахуун болон гадна талын зан авир, илрэлд нь үндэслэн хүмүүсийг хардаг. Хүмүүсийг зарчимгүй хардаг учраас тэд буруу хүмүүст итгэж, буруу хүмүүсийг томилдог, үр дүнд нь тэр хүмүүст хууртаж, мэхлэгдэж, ашиглагддаг бөгөөд эцсийн дүндээ Бурханы гэрийн ашиг сонирхол хохирдог. Эдгээр нь хүмүүсийг таньж, нэвт харж чадахгүй байхын үр дагавар юм. Тиймээс хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл хүмүүсийг яаж ялган таньж, харах вэ гэдэг нь эхлээд сурах ёстой хичээл юм—энэ хичээлийг сурахад урт удаан хугацаа ордог бөгөөд энэ нь хүмүүсийн сурах ёстой хамгийн үндсэн хичээлүүдийн нэг юм. Хэрвээ чи хүнийг тодорхой харж, таньж сурахыг хүсвэл Бурхан хүмүүсийг хэмжихдээ ямар стандарт ашигладгийг, хүмүүсийн бусдыг харж, хэмжих арга замыг ямар гажуудсан бодол санаа, үзэл бодол хянаж, ноёрхож байдгийг, мөн тэдгээр нь хүмүүсийг хэмжихдээ Бурханы ашигладаг стандартуудтай зөрчилддөг эсэхийг, хэрхэн зөрчилддөгийг эхлээд ойлгох ёстой. Хүмүүсийг хэмждэг чиний арга барил, шалгуур Бурханы шаардлагад үндэслэдэг үү? Бурханы үгэнд үндэслэдэг үү? Үнэнд үндэслэдэг үү? Тийм биш бөгөөд чи бусдыг хэмжихдээ өөрийнхөө туршлага, төсөөлөлд л найддаг бол, аль эсвэл бүр нийгэмд сурталчилдаг нийгмийн ёс суртахуунд юм уу хоёр нүдээрээ харсан зүйлдээ үндэслэн хэмжихдээ тулдаг бол чиний ялган танихаар оролдож буй хүн чамд тодорхой бус хэвээр үлдэнэ. Чи түүнийг нэвт харж чадахгүй. Хэрвээ чи түүнд найдаж, үүрэг оноож өгвөл тодорхой хэмжээний эрсдэл үүрэх бөгөөд энэ нь Бурханы тахил, чуулганы ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хохирол учруулах магадлалтай нь гарцаагүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл хүмүүсийг ялган таних нь чиний сурах ёстой эхний хичээл юм. Мэдээж энэ нь бас хүмүүст байх учиртай үнэний хамгийн үндсэн талуудын нэг юм. Хүмүүсийг ялган таньж сурах нь өнөөдрийн нөхөрлөлийн сэдвээс салшгүй зүйл. Чи хүний сайн ёс суртахуун, сайн чанар болон хэвийн хүн чанартай хүний эзэмших учиртай зүйлсийг ялган таньж чаддаг байх ёстой. Энэ хоёрыг ялган салгаж чаддаг байх нь маш чухал. Тэгж байж л хүний мөн чанарыг танин мэдэж, үнэн зөв ухамсарлаж, эцэст нь хэн хүн чанартай, хэн хүн чанаргүйг тодорхойлж чадна. Эдгээр зүйлийг ялган салгахын тулд хүн эхлээд юугаар зэвсэглэх ёстой вэ? Хүн Бурханы үгийг, түүнчлэн үнэний энэ талыг ойлгож, хүмүүсийг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон харах хэмжээнд очих ёстой. Энэ нь үнэнийг эрэлхийлж байхдаа хүний хэрэгжүүлж, эзэмших учиртай үнэн-зарчим биш гэж үү? (Мөн.) Тиймээс энэ сэдвээр нөхөрлөх нь маш чухал юм.
Би дөнгөж сая “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх эхний үгийн талаар нөхөрлөсөн, энэ нь мэдээж нэг төрлийн хүний ёс суртахуун юм. Энэ нь хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг нэг төрлийн ёс суртахуун, түр зуурын зан авир боловч харамсалтай нь хүн чанартай эсэхийг нь хэмжих стандарт болж чадахгүй. “Бусдад туслаад таашаал ав” гэх хоёр дахь үг ч бас адилхан. Энэ үгэнд үндэслэвэл энэ нь ч бас хүмүүсийн дуртай, сайн зан авир гэж үздэг зүйл юм. Ийм сайн зан авир гаргадаг хүмүүсийг ёс суртахуун сайтай, эрхэм ёс жудагтай хүмүүс хэмээн өндрөөр үнэлдэг—товчхондоо тэднийг бусдад туслаад таашаал авдаг, гойд сайн ёс суртахуунтай хүмүүс гэж үздэг. “Бусдад туслаад таашаал ав” гэдэг нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгтэй бага зэрэг төстэй. Энэ нь бас нийгмийн тодорхой уур амьсгал доторх хүмүүст бий болдог сайн зан авир юм. “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн үгчилсэн утга нь бусад хүмүүсийг дэмжээд таашаал авах явдал юм. Энэ нь хүн бусдад туслах үүрэгтэй гэсэн үг биш—“Бусдад туслах нь чиний хариуцлага” гэсэн үг биш—харин “Бусдад туслаад таашаал ав” гэсэн үг юм. Үүнээс бид, хүмүүсийг бусдад туслахад юу зоригжуулдгийг харж болно. Тэд үүнийг бусад хүмүүсийн төлөө хийдэггүй, харин өөрсдийнхөө төлөө хийдэг. Хүмүүс санаа зовнил, шаналлаар дүүрэн байдаг тул тусламж хэрэгтэй хүмүүсийг олоод, тэдэнд өглөг хандив өгч, дэмжлэг үзүүлдэг; тэд аз жаргалтай, сэтгэл хангалуун, амар тайван, баяр хөөртэй байж, өдөр хоногуудаа утга учиртай болгож, маш хоосон, шаналгаатай мэдрэмжийг мэдрэхгүйн тулд тусламжийн гараа сунгаж, хийж чадах сайн сайхан зүйлээ хийдэг—тэд зүрх сэтгэл, оюун санааныхаа цар хүрээг ариусгаж, өргөх зорилгодоо хүрэхийн тулд ёс суртахуунаа сайжруулдаг. Энэ нь ямар гээчийн зан авир вэ? Хэрвээ чи бусдад туслаад таашаал авдаг хүмүүсийг энэ тайлбарын өнцгөөс харвал тэд сайн хүмүүс биш. Ядаж л хийх учиртай зүйлээ хийж, нийгмийн болон гэр бүлийн хариуцлагаа биелүүлэхэд нь тэднийг ёс суртахуун, мөс чанар, хүн чанар нь зоригжуулдаггүй; харин ч тэд таашаал, сүнслэг тайтгарал, сэтгэл санааны тав тухыг олж авч, аз жаргалтай амьдрахын тулд хүмүүст тусалдаг. Ийм ёс суртахуун ямар байх ёстой вэ? Хэрвээ уг чанарыг нь харвал энэ нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгээс ч долоон дор. Ядаж л “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэгт аминч тал байдаггүй. Тэгвэл “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн тухайд ямар вэ? “Таашаал” гэдэг үг энэ зан авир нь аминч, жигшүүртэй санаа зорилгын элемент агуулдаг гэдгийг илэрхийлдэг. Энэ нь хүмүүсийн төлөө юм уу харамгүй өргөл болгон хүмүүст туслах явдал биш, харин өөрийнх нь таашаалын төлөө байдаг. Зүгээр л үүнийг дэмжих нь зохисгүй. Жишээлбэл, гол гудамжинд нэг хөгшин хүн унахыг чи хараад, дотроо “Сүүлийн үед би сэтгэлээр унаад байгаа. Энэ хөгшин унасан нь маш сайхан боломж—би бусдад туслаад таашаал авъя!” гэж бодлоо гэе. Чи очоод, тэр хөгшнийг босоход нь тусалсан бөгөөд тэр хүн босож зогссоныхоо дараа чамайг магтаж, “Хүү минь чи үнэхээр сайн хүн юм. Чи аюулгүй, аз жаргалтай байж, урт наслах болтугай!” гэж хэлнэ. Тэрээр ийм тааламжтай үгээр чамайг булдаг бөгөөд үүнийг сонссоны дараа бүх санаа зовнил чинь арилж, сэтгэл хангалуун санагдана. Чи хүмүүст туслах нь сайн хэрэг гэж бодоод, завтай цагтаа гудамжаар алхаж, унасан хэн бүхнийг босгож туслахаар шийднэ. Иймэрхүү сэтгэлгээний нөлөөн дор хүмүүс зарим сайн зан авир гаргадаг бөгөөд хүний нийгэм үүнийг бусдад туслаад таашаал авах сайхан уламжлал, мөн энэ агуу уламжлалыг өвлөн авсан нэг төрлийн эрхэм ёс суртахуун хэмээн ангилсан. Бусдад туслаад таашаал авахын дэд нөхцөл нь тусалж буй хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн ёс суртахууны оргил гэж үздэгт оршино. Тэд өөрсдийгөө агуу буянтан хэмээн загварчилж, хүмүүс өөрсдийг нь магтах тусам төдий чинээ тусалж, буяны үйлс хийж, бусдын төлөө илүү ихийг хийхэд бэлэн байдаг. Энэ нь хүн төрөлхтний баатар, аврагч болох гэсэн тэдний хүслийг болон бусдад хэрэгтэй байхаас сэтгэл ханамж авах гэсэн хүслийг нь хангадаг. Хүмүүс бүгд бусдад хэрэгтэй байхыг хүсдэггүй гэж үү? Хүмүүс бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх үедээ өөрсдийгөө тун хэрэгтэй, өөрсдийнх нь амьдрал утга учиртай гэж боддог. Энэ нь зүгээр л нэг төрлийн анхаарал татах гэсэн хэрэг биш үү? Анхаарал татах нь хүмүүст таашаал авчирдаг цорын ганц зүйл—энэ бол тэдний амьдрах арга зам юм. Үнэн хэрэгтээ бид бусдад туслаад таашаал авах асуудлыг ямар өнцгөөс харах нь хамаагүй, энэ нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт биш. Ихэнхдээ бусдад туслаад таашаал авах үйлдэл нь үнэндээ өчүүхэн төдий хүчин чармайлт л шаарддаг. Хэрвээ чи үүнийг хийх хүсэлтэй байгаа бол нийгмийн хариуцлагаа биелүүлсэн байх болно; хийхийг хүсэхгүй байгаа бол хэн ч чамд хариуцлага тооцохгүй, бас чи олон нийтэд буруутгагдах бай болохгүй. Хүний сайшаадаг сайн зан авирын тухайд гэвэл хүн тэдгээрийг хэрэгжүүлэх, эсвэл хэрэгжүүлэхээс татгалзах сонголт хийж болно, аль нь ч байсан зүгээр. Энэ үгээр хүмүүсийг хязгаарлах, эсвэл бусдад туслаад яаж таашаал авах вэ гэдгийг хүмүүст зааж сургах шаардлагагүй, учир нь энэ нь зүгээр л өөрөө дангаараа түр зуурын сайн зан авир юм. Хүн нийгмийн хариуцлагаа биелүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн үү, эсвэл иргэний ариун журмын мэдрэмжийн үүднээс энэ сайн зан авирыг хэрэгжүүлдэг үү гэдэг нь хамаагүй, эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэд зүгээр л энэ нэг тохиолдолд сайн хүн байх, Лэй Фэний сэтгэлийн биелэл болох хүслээ хангаж байгаа; тэд үүнээсээ жаахан таашаал, тав тухыг олж авч, улмаар сэтгэлгээнийхээ цар хүрээг илүү өндөр түвшинд өргөдөг. Тэгээд л тэр. Тэдний хийж буй зүйлийн мөн чанар энэ юм. Тэгвэл энэ нөхөрлөлөөс өмнө “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийн талаарх та нарын ойлголт ямар байсан бэ? (Үүний ар дахь аминч, жигшүүртэй санаархлыг би өмнө нь ойлгодоггүй байсан.) Чи ямар нэг зүйл хийх үүрэг хүлээсэн, бултах ёсгүй хариуцлага үүрсэн, нэлээд хэцүү зүйл хийх ёстой болж, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд жаахан зовлон туулж, зарим зүйлийг орхиж, төлөөс төлөх ёстой боловч ямартай ч энэ хариуцлагыг биелүүлж чадах тохиолдлыг аваад үз. Үүнийг хийж байхад чамд тийм ч таатай санагдахгүй бөгөөд төлөөс төлж, энэ хариуцлагыг биелүүлсний дараа хөдөлмөрийн чинь үр дүн чамд ямар ч таашаал, тав тух авчрахгүй, гэхдээ өөрийнхөө хариуцлага, үүргээс болоод чи ямартай ч үүнийг хийсэн. Хэрвээ бид үүнийг бусдад туслаад таашаал авахтай харьцуулбал аль нь илүү их хүн чанарыг харуулах вэ? (Үүрэг, хариуцлагаа биелүүлдэг хүмүүс илүү их хүн чанартай.) Бусдад туслаад таашаал авах нь хариуцлагаа биелүүлэх явдал биш—энэ нь зүгээр л нийгмийн тодорхой орчинд оршдог хүмүүсийн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын талаарх шаардлага юм; энэ нь олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуун, эсвэл бүр улс орны хуулиас үүдэлтэй бөгөөд хүн ёс суртахуунтай, хүн чанарын чансаатай эсэхийг хэмжихэд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, “Бусдад туслаад таашаал ав” гэдэг нь зүгээр л хүний сэтгэлгээний цар хүрээг өргөхийн тулд хүний нийгмийн дэвшүүлсэн хүмүүсийн зан авирыг хязгаарладаг үг юм. Ийм төрлийн үг хэллэг нь зүгээр л хүмүүсийг цөөн хэдэн сайн зан авирыг хэрэгжүүлэхэд хүргэдэг бөгөөд эдгээр сайн зан авирыг хэмжих стандарт нь нийгмийн ёс суртахуун, олон нийтийн санал бодол, эсвэл бүр хууль юм. Жишээлбэл, хэрвээ чи олон нийтийн газарт тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг харвал түүнд туслах учиртай эхний хүн боловч хэрвээ туслахгүй бол бусад хүн чамайг юу гэж бодох вэ? Тэд чамайг хүмүүжилгүй гэж загнана—олон нийтийн санал бодол гэдэг нь ийм утгатай биш гэж үү? (Тийм ээ.) Тэгвэл нийгмийн ёс суртахуун гэж юу вэ? Тэдгээр нь нийгмийн сурталчилж, урамшуулдаг эерэг, дээшээ чиглэсэн зүйлс, дадал зуршил юм. Мэдээж үүнд ихээхэн тодорхой шаардлага багтдаг, жишээлбэл: эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих, бусад хүнд бэрхшээл тулгарах үед тусламжийн гараа сунгах, дэмий харж зогсохгүй байх. Хүмүүс ийм ёс суртахууныг хэрэгжүүлэх учиртай, нийгмийн ёс суртахуунтай байна гэдэг нь энэ юм. Чи хүн зовж байхыг хараад, нүдээ аниад өнгөрүүлж, үл тоож, юу ч хийдэггүй бол нийгмийн ёс суртахуунгүй байна. Тэгвэл хуулиар хүний ёс суртахуунд ямар шаардлага тавьдаг вэ? Энэ тухайд Хятад бол онцгой тохиолдол юм: Хятадын хууль тогтоомжид нийгмийн хариуцлага болон нийгмийн ёс суртахуунтай холбоотой ямар ч тодорхой зүйл заалт байдаггүй. Хүмүүс гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол болон нийгмээс сонсож, ажиглаж байгаа зүйлээрээ дамжуулан эдгээр зүйлийн талаар бага зэрэг сурч мэддэг. Эсрэгээрээ барууны орнуудад эдгээр зүйлийг хуульд тусгасан байдаг. Жишээлбэл, хэрвээ чи зам дээр хүн унахыг харвал ядаж л тэр хүн дээр очоод, “Та зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?” гэж асуух ёстой. Хэрвээ тэр хүн “Би зүгээр ээ, баярлалаа” гэж хариулбал түүнд туслах хэрэггүй, чи тэр хариуцлагыг биелүүлэх шаардлагагүй. Хэрвээ тэр хүн “Надад туслаач” гэвэл чи туслах ёстой. Чи түүнд туслахгүй бол хуулийн хувьд хариуцлага хүлээнэ. Энэ нь хүмүүсийн ёс суртахууны талаар тодорхой улс орнуудын тавьдаг онцгой шаардлага юм; тэд хүмүүст тавих энэ шаардлагыг хууль тогтоомждоо шууд тусгасан байдаг. Олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуун, бүр хууль тогтоомжоос хүмүүсийн ёс суртахуунд тавьдаг энэ шаардлагууд нь зөвхөн хүмүүсийн зан авираар л хязгаарлагддаг бөгөөд зан авирын энэ үндсэн шалгуур нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт юм. Гаднаас нь харахад эдгээр ёс суртахууны стандарт нь хүмүүсийн зан авирыг буюу хүмүүс нийгмийн хариуцлагаа биелүүлсэн эсэхийг хэмждэг мэт байдаг ч мөн чанартаа тэдгээр нь хүмүүсийн дотоод чанарыг хэмждэг. Олон нийтийн санал бодол ч бай, нийгмийн ёс суртахуун ч бай, хууль тогтоомж ч бай, эдгээр зүйл нь зөвхөн хүмүүсийн хийдэг зүйлийг хэмждэг, үүнд шаардлага тавьдаг бөгөөд эдгээр хэмжүүр болон шаардлага нь хүмүүсийн зан авираар хязгаарлагддаг. Тэдгээр нь тухайн хүний зан авирт үндэслэн түүний чанар, ёс суртахууныг шүүдэг—энэ нь хэмжүүрийн цар хүрээ юм. “Бусдад туслаад таашаал ав” гэдэг үгийн уг чанар энэ юм. Бусдад туслаад таашаал авахын тухайд бол барууны орнууд хуулийн зүйл заалтаар дамжуулан хүмүүст шаардлага тавьдаг байхад Хятадад уламжлалт соёлыг ашиглан эдгээр үзэл санаагаар хүмүүсийг сургаж, хүмүүжүүлдэг. Дорнынхон болон Барууныхны хооронд ийм ялгаа байдаг ч уг чанартаа адилхан—хүмүүсийн зан авир, ёс суртахууныг хязгаарлаж, зохицуулахын тулд аль аль нь үг хэллэг ашигладаг. Гэхдээ барууны орнуудын хууль тогтоомж ч бай, эсвэл Дорнын уламжлалт соёл ч бай, энэ бүхэн нь ердөө л хүний зан авир, ёс суртахуунд тавьсан шаардлага, зохицуулалт бөгөөд эдгээр шалгуур нь хүмүүсийн зан авир, ёс суртахууныг л зохицуулдаг—гэхдээ тэдгээрийн аль нэг нь хүний хүн чанарыг онилдог уу? Хүн ямар зан авирыг хэрэгжүүлэх учиртайг л заасан эдгээр зохицуулалтыг хүний хүн чанарыг хэмжих стандарт болгон ашиглаж болох уу? (Үгүй.) Хэрвээ бид “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийг харвал зарим ёрын муу хүн бусдад туслаад таашаал авч чаддаг ч тэднийг өөрсдийнх нь санаархал, зорилго зоригжуулж байдаг. Диаволууд жаахан сайн үйл хийх үедээ өөрийн гэсэн санаархал, зорилготой байх магадлал бүр ч өндөр. Бусдад туслаад таашаал авдаг хүн бүр үнэнийг хайрладаг зөв шударга хүн гэж та нар бодож байна уу? Хятад дахь бусдад туслаад таашаал авдаг буюу баатарлаг хүмүүс, баячуудаас хулгайлаад ядууст өгдөг хүмүүс, эсвэл эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үргэлж тусламж дэмжлэг үзүүлдэг хүмүүс гэх мэтийг авч үзье—тэд бүгдээрээ хүн чанартай юу? Тэд бүгдээрээ эерэг зүйлийг хайрладаг, зөв шударга байдлын мэдрэмжтэй юу? (Үгүй.) Тэд сайндаа л харьцангуй ёс жудаг сайтай хүмүүс юм. Тэд бусдад туслаад таашаал авах ийм сэтгэлд захирагддаг учраас өөрсдөд нь таашаал, тайтгарал авчирч, аз жаргалын мэдрэмжийг бүрэн эдлэх боломж олгодог олон сайн үйл хийдэг боловч ийм зан авирыг хэрэгжүүлнэ гэдэг нь тэд хүн чанартай гэсэн үг биш, учир нь тэдний итгэл, сүнслэг түвшинд эрэлхийлж байгаа зүйл нь тодорхойгүй, үл мэдэгдэх хувьсагч юм. Тэгвэл энэ сайн ёс суртахуунд үндэслээд тэднийг хүн чанартай, мөс чанартай хүмүүс гэж үзэж болох уу? (Болохгүй.) Бусдад туслаад таашаал авдаг гэгддэг, эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг сан, халамжийн газар гэх мэт зарим байгууллага сайндаа л нийгмийн хариуцлагаа бага ч гэсэн биелүүлж байгаа. Тэд олон нийтийн нүдэн дэх дүр төрхөө сайжруулж, нэр хүндээ нэмэгдүүлж, бусдад туслаад таашаал авах сэтгэлгээгээ хангахын тулд эдгээр зүйлийг хийдэг—энэ нь “хүн чанартайг” нь илтгэх түвшинд яавч очихгүй. Цаашилбал, тэдний туслаад таашаал авч буй хүмүүс үнэхээр дэмжлэг хэрэгтэй хүмүүс мөн үү? Бусдад туслаад таашаал авах нь өөрөө зөв шударга зүйл мөн үү? Тийм байх албагүй. Хэрвээ чи нийгэмд болж буй том, жижиг үйл явдлуудыг бүгдийг нь хангалттай удаан судалбал заримдаа хүмүүс гагцхүү бусдад туслаад таашаал авдаг тохиолдол байхад өөр олон тохиолдолд, бусдад туслаад таашаал авах явдлуудад илүү олон илрээгүй нууц, нийгмийн хар бараан талууд багтаж байдгийг харж болно. Ямар ч тохиолдолд, бусдад туслаад таашаал авахын цаана алдартай болж, бусдын дээр гарах, нийгмийн ёс суртахууныг даган мөрдөж, хууль зөрчихгүй байх, эсвэл бүхий л нийгмээс илүү эерэг үнэлгээ авах гэсэн санаархал, зорилго оршиж байдаг. Хүн үүнийг яаж ч харсан бай, бусдад туслаад таашаал авах нь зүгээр л хүний гадна талын зан авирын нэг бөгөөд энэ нь хамгийн сайндаа л нэг төрлийн сайн ёс суртахуунтай тэнцэнэ. Энэ нь Бурханы шаарддаг хэвийн хүн чанартай ямар ч хамаагүй. Бусдад туслаад таашаал авч чаддаг хүмүүс ямар нэг бодитой амбицгүй дундаж хүмүүс байж болно, эсвэл нийгмийн томоохон зүтгэлтнүүд байж болно; тэд харьцангуй сайхан сэтгэлтэй хүмүүс байж болох ч бас зүрх сэтгэлдээ хорлонтой байж болно. Тэд ямар ч хүн байж болно, хүн бүр энэ зан авирыг хормын зуур хэрэгжүүлж чадна. Тиймээс ёс суртахууны талаарх “Бусдад туслаад таашаал ав” гэх үг хүмүүсийн хүн чанарыг хэмжих стандарт болж чадахгүй нь лавтай.
“Бусдад туслаад таашаал ав” гэх ёс суртахууны талаарх энэ үг үнэндээ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг төлөөлдөггүй бөгөөд хүмүүсийн уг чанар-мөн чанартай багахан холбоотой байдаг. Тиймээс хүний хүн чанарын чансааг хэмжихийн тулд үүнийг ашиглах нь тохиромжгүй. Тэгвэл хүний хүн чанарыг хэмжих зохистой арга зам юу вэ? Хамгийн наад зах нь хүн чанартай хүн энэ нь өөрийг нь баярлуулах эсэхэд үндэслэн хэн нэгэнд туслах уу, эсвэл хариуцлагаа биелүүлэх үү гэдгээ шийдэх ёсгүй; харин ч мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн шийдвэр гаргах ёстой бөгөөд юу олж авахаа, эсвэл тэр хүнд тусалбал өөрт нь ямар үр дагавар авчрах, эсвэл ирээдүйд өөрт нь ямар нөлөө үзүүлэх магадлалтайг бодолцон үзэх ёсгүй. Тэд эдгээр зүйлийн алийг ч бодож үзэх ёсгүй бөгөөд хариуцлагаа биелүүлж, бусдад тусалж, бусдыг зовлон туулахаас сэргийлэх ёстой. Тэд ямар ч аминч зорилгогүйгээр зүгээр л хүмүүст туслах ёстой—энэ бол үнэхээр хүн чанартай хүний хийх зүйл юм. Хэрвээ хүний бусдад туслах зорилго нь өөрийгөө баярлуулж, эсвэл өөртөө сайн нэр хүнд олж авахын төлөө бол энэ нь аминч, олиггүй чанартай байдаг—үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс ингэж авирлахгүй. Бусдыг жинхэнээсээ хайрладаг хүмүүс зөвхөн тодорхой мэдрэмж авах гэсэн хүслээ биелүүлэхийн тулд биш, харин хариуцлагаа биелүүлж, бусдад туслахын төлөө чадах бүхнээ хийхийн тулд аливааг хийдэг. Тэд шагнал авахын тулд бусдад тусалдаггүй, тэдэнд өөр ямар ч санаархал, сэдэл байдаггүй. Ийм маягаар авирлах нь хэцүү байж болох ч, бусдад шүүмжлүүлж, эсвэл бүр бага зэргийн аюултай нүүр тулж болох ч тэд үүнийг хүмүүсийн биелүүлэх учиртай үүрэг, хүмүүсийн хариуцлага гэдгийг ухамсарлаж, ингэж үйлдэхгүй бол бусдад болон Бурханд өрөө төлж дийлэлгүй, насан туршдаа харуусал тээн үлдэнэ гэдгээ ухамсарладаг. Тийм болохоор тэд тээнэгэлзэлгүйгээр урагшилж, чадах бүхнээ хийж, Тэнгэрийн хүслийг дуулгавартай дагаж, хариуцлагаа биелүүлдэг. Бусад хүн өөрсдийг нь яаж ч шүүмжилсэн, өөрсдөд нь талархал, хүндлэл үзүүлсэн ч бай, үгүй ч бай, нөгөө хүнийхээ хэрэгтэй бүхнээр тусалж, чин сэтгэлээсээ энэ бүхнийг хийж чадаж л байгаа бол тэд сэтгэл хангалуун байдаг. Ийм маягаар үйлдэж чаддаг хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай, хүн чанарын илрэлтэй бөгөөд энэ нь зүгээр л ёс суртахууны шинж чанар, ёс суртахууны зан байдлын цар хүрээнд хязгаарлагддаг зан авир биш юм. Бусдад туслаад таашаал авах нь зүгээр л нэг төрлийн зан авир бөгөөд заримдаа энэ нь зөвхөн тодорхой нөхцөл байдалд л бий болдог зан авир юм; ийм төрлийн түр зуурын зан авир гаргах хүний шийдвэр нь тэдний сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл, нийгмийн орчин, түүнчлэн ойрын нөхцөл байдал, ингэж авирласнаар ямар ашиг тус, сул тал үүсэж болох вэ гэдэгт үндэслэдэг. Хүн чанартай хүмүүс бусдад туслахдаа эдгээр зүйлийг бодолцон үздэггүй—тэд илүү эерэг, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд илүү нийцсэн шүүлтийн стандартад үндэслэн шийдвэрээ гаргадаг. Заримдаа тусламж үзүүлэх нь ёс суртахууны стандарттай зөрчилдөж, зөрөлдөх үед ч тэд хүмүүст цөхрөлтгүй тусалж чаддаг. Ёс суртахууны шалгуур, үзэл санаа, үзэл бодол нь хүмүүсийн түр зуурын зан авирыг л хязгаарлаж чадна. Эдгээр зан авир сайн юм уу муу байх нь тухайн хүний сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл, тэдний доторх сайн, муу болон агшин зуурын сайн, муу санаа зорилгод үндэслэн өөрчлөгдөнө; мэдээж нийгмийн уур амьсгал, орчин ч бас үүнд нөлөөлнө. Эдгээр зан авирт маш олон хольц бий; тэдгээр нь бүгд өнгөц зан авир бөгөөд хүмүүс хүний хүн чанартай эсэхийг шүүхдээ тэдгээрийг ашиглах боломжгүй. Эсрэгээрээ хүмүүсийн хүн чанар-мөн чанар, эрэлхийлдэг зүйл, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн систем, алхдаг зам, биеэ авч явах байдал, үйлдэлд нь үндэслэн хүн чанартай эсэхийг нь хэмжих нь хавьгүй илүү үнэн зөв, бодитой юм. Хүн чанарыг хэмжих үндэслэл, ёс суртахууныг хэмжих үндэслэл хоёрын аль нь үнэнтэй нийцдэг вэ гэдгийг Надад хэл дээ? Ёс суртахууныг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг үү, эсвэл хүн чанартай эсэхийг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг үү? Эдгээр стандартын аль нь үнэнтэй нийцдэг вэ? Үнэн хэрэгтээ хүн чанартай эсэхийг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг. Энэ нь ямар ч маргаангүй зүйл юм. Хүмүүсийн ёс суртахууныг хэмжихэд ашиглагддаг зүйлс яагаад шалгуур болж чаддаггүйн шалтгаан нь тэдгээр нь хувьсамтгай байдаг. Тэдгээр нь хүмүүсийн наймаа, ашиг сонирхол, дур сонирхол, эрэл хайгуул, сэтгэл хөдлөл, ёрын муу бодол, завхарсан зан чанар гэх мэт олон хольцоор дүүрэн байдаг. Үүнд хэтэрхий олон алдаа, хольц байдаг—тэдгээр нь энгийн зүйл биш. Тиймээс хүмүүсийг шүүх шалгуур болж чадахгүй. Тэдгээр нь хүнд Сатаны суулгадаг элдэв янзын зүйл, хүний завхарсан сатанлаг зан чанараас үүдэн гардаг нэмэлт нөхцөл болзлоор дүүрэн байдаг болохоор үнэн биш юм. Товчхондоо хүмүүс ёс суртахууны эдгээр шалгуурыг хангах нь амархан гэж үзсэн ч, эсвэл хэцүү гэж үзсэн ч бай, хүмүүс тэдгээрийг өндөр, нам, дунд зэргийн үнэ цэнтэй гэж үздэг ч бай хамаагүй ямар ч тохиолдолд тэдгээр нь зүгээр л хүмүүсийн зан авирыг хязгаарлаж, зохицуулдаг үг хэллэг юм. Тэдгээр нь хүний ёс суртахууны түвшинд хүртэл л өсөж чадна; хүний хүн чанарыг хэмжихэд үнэнийг ашиглах ёстой гэсэн Бурханы шаардлагатай өчүүхэн төдий ч хамаагүй. Тэдгээр нь хүн чанартай хүмүүсийн эзэмшиж, биелүүлэх ёстой хамгийн наад захын стандартыг ч агуулдаггүй; тэд энэ бүх зүйлд хүрдэггүй. Бусдыг харахдаа хүмүүс зөвхөн ёс суртахууны илрэлийг нь хэмжихэд л анхаардаг; бүхэлдээ уламжлалт соёлын шаардлагын дагуу бусад хүнийг харж, хэмждэг. Бурхан ердөө ёс суртахууны илрэлд нь үндэслэн хүмүүсийг хардаггүй—Тэрээр хүн чанар-мөн чанарт нь анхаардаг. Хүний хүн чанар-мөн чанарт юу багтдаг вэ? Тэдний дур сонирхол, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийн тогтолцоо, тэдний эрэлхийлдэг зүйл, тэд зөв шударга байдлын мэдрэмжтэй эсэх, үнэн болон эерэг зүйлийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах чадвар, тэдний сонгосон зам гэх мэт. Хүний хүн чанар-мөн чанарыг эдгээр зүйлийн дагуу дүгнэх нь зөв юм. Ингээд бусдад туслаад таашаал авах тухай Миний нөхөрлөл бараг дуусаж байна. Ёс суртахууны энэ хоёр шаардлагын талаарх энэ нөхөрлөлөөр дамжуулан та нар одоо ёс суртахууныг хэрхэн хэмжих, мөн түүнчлэн хүмүүсийг хэмждэг Бурханы стандарт болон хүний ярьдаг ёс суртахууны хоорондох ялгааны аль алийг нь ялган таних үндсэн зарчмыг ойлгов уу? (Тэгсэн.)
Би сая хүний ёс суртахуунд тавьдаг уламжлалт соёлын хоёр шаардлага болох “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн тухай нөхөрлөлөө. Энэ хоёр үгийн талаарх Миний нөхөрлөлөөс та нар юу мэдэж авсан бэ? (Хүмүүсийн ёс суртахуун хүн чанар-мөн чанартай нь хамаагүй гэдгийг би мэдэж авсан. Ийм ёс суртахуунтай хүмүүс ёс суртахууныхаа шинж чанарын хувьд сайндаа л жаахан сайн зан авир, илрэлтэй байдаг. Гэхдээ энэ нь тэд хүн чанартай, эсвэл хүний төрхийг амьдран харуулдаг гэсэн үг биш. Би энэ асуудлын талаар арай тодорхой ойлголттой болсон.) Сайн ёс суртахуун харуулдаг хүмүүс заавал хүн чанартай байх албагүй—хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд энэ нь үнэндээ ийм л байдаг. Хүмүүс бүгд нийгмийн ёрын муу чиг хандлагыг дагадаг ба бүгдээрээ аажмаар мөс чанар, эрүүл ухаанаа алдсан—хүний төрхийг амьдран харуулж чаддаг хүн цөөхөн. Нэгэнтээ замын хажуугаас олсон нэг зоосоо цагдаад өгч байсан хүн бүр сайн хүн болж таарсан уу? Тийм байх албагүй. Нэгэнтээ баатар мэт магтуулж байсан хүмүүст эцэст нь ямар төгсгөл тулгарсан бэ? Зүрх сэтгэлдээ хүмүүс бүгдээрээ энэ асуултын хариултыг мэддэг. Бусдад туслаад үргэлж таашаал авдаг, улаан цэцгээр гоёсон, хүмүүст шагшигдан магтагдсан нийгмийн ёс суртахууны тэр үлгэр жишээч хүмүүс, буянтнууд юу болсон бэ? Тэдний ихэнх нь сайн хүмүүс биш болж таарсан. Тэд алдар нэртэй болохын тулд зүгээр л зориуд хэдэн сайн үйл хийсэн. Үнэндээ тэдний ихэнх зан авир, амьдрал, ёс жудаг ердөө ч тийм сайн биш. Тэд гагцхүү зусардаж, бялдуучлахдаа л үнэхээр сайн. Тэд улаан цэцэг болон нийгмийн ёс суртахууны үлгэр жишээ болсон өнгөцхөн гадна үзэмжээ тайлж хаях үедээ биеэ хэрхэн авч явахаа, эсвэл яаж амьдрахаа ч мэддэггүй. Энд ямар асуудал байна вэ? Тэд нийгмээс өөрсдөд нь өгсөн “ёс суртахууны үлгэр жишээ” гэх титэмд урхидуулсан биш үү? Тэд өөрсдийнхөө юу болохыг үнэндээ мэддэггүй—тэд хэт их зусардсан болохоор өөрсдийгөө дэндүү агуу гэж бодож эхэлсэн бөгөөд хэвийн хүмүүс байж чадахаа больсон. Эцэст нь тэд бүр яаж амьдрахаа ч мэддэггүй, өдөр тутмын оршин тогтнол нь ямар ч замбараагүй болж, зарим нь бүр архинд орж, сэтгэлээр унаж, амиа егүүтгэдэг. Ийм ангилалд багтах хүмүүс гарцаагүй бий. Тэд үргэлж мэдрэмжийн араас хөөцөлдөж, баатар, үлгэр дуурайл болохыг, алдартай болохыг, эсвэл ёс суртахууны ноён оргил болохыг хүсдэг. Тэд хэзээ ч бодит ертөнцөд буцан очиж чаддаггүй; бодит амьдралын аар саар хэрэгцээ нь тэдний хувьд байнгын шаналал, зовлонгийн эх сурвалж болдог. Тэд энэ шаналлаас хэрхэн ангижрахаа, амьдралын зөв замыг хэрхэн сонгохоо мэддэггүй. Сэтгэлийн хөөрөл хайсандаа зарим нь хар тамхинд ордог бол зарим нь хоосон мэдрэмжээс зугтахын тулд амиа хорлохоор сонгодог. Амиа егүүтгээгүй зарим нь ихэвчлэн сэтгэл хямралаас болж насан эцэслэдэг. Ийм жишээ олон байдаг бус уу? (Тийм.) Энэ нь уламжлалт соёлын хүмүүст учруулдаг нэг төрлийн хор хөнөөл юм. Энэ нь хүмүүст хүн чанараа үнэн зөв ойлгох боломж олгодоггүй, тэднийг дагах ёстой зам руу нь залж чиглүүлдэггүй—тэгээд ч зогсохгүй—үнэндээ тэднийг төөрөлдүүлж, хоосон төөрөгдөл, уран сэтгэмжийн ертөнц рүү хөтөлдөг. Энэ нь хүмүүсийг хорлодог бөгөөд хор хөнөөл нь нэлээд гүн гүнзгий байдаг. Зарим хүн: “Дандаа тийм байдаггүй! Бид тун зүгээр байгаа, тийм биз дээ?” гэж магадгүй. Та нар одоо сайн байгаа чинь зүгээр л Бурханы хамгаалалтын үр дүн биш гэж үү? Бурхан та нарыг сонгосон бөгөөд та нар Бурханы хамгаалалтад байгаа учраас л Бурханы ажлыг хүлээн авах аз тохиож, Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож, нөхөрлөл хийж, энд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа; Бурханы хамгаалалтын ачаар л чи хэвийн хүний амьдралаар амьдарч, өдөр тутмын амьдралынхаа бүх талыг зохицуулах хэвийн эрүүл ухаантай байж чаддаг. Гэхдээ оюун санааны чинь гүнд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх мэтийн үзэл санаа, үзэл бодол байсаар байгааг үгүйсгэхийн аргагүй. Үүний зэрэгцээ та нар хүн төрөлхтнөөс үүдэлтэй энэ үзэл баримтлал, ёс суртахууны шалгуурт хоригдсон хэвээр байгаа. Би яагаад та нарыг эдгээр зүйлд хоригдсон гэж хэлж байна вэ? Учир нь та нарын амьдралдаа сонгосон зам; үйлдэл, биеэ авч явах байдлын чинь зарчим, зүг чиг; хүмүүс, зүйлсийг харах зарчим, арга барил, шалгуур гэх мэт зүйл бүгд өөр өөр хэмжээнд эдгээр үзэл баримтлал, ёс суртахууны шалгуурын нөлөөнд автаж, бүр хүлэгдэж, хянуулж байдаг. Харин Бурханы үг болон үнэн та нарын хувьд хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үндэслэл, шалгуур хараахан болоогүй. Одоогийн байдлаар та нар амьдралын зөв замыг л сонгосон бөгөөд үнэнийг эрэлхийлэх замаар алхах хүсэл, эрмэлзэл, итгэл найдвар та нарт бий. Гэсэн ч үнэн хэрэгтээ та нарын ихэнх нь энэ замд огтхон ч ороогүй—өөрөөр хэлбэл, та нар хүнд зориулж Бурханы бэлдсэн зөв замд хараахан хөл тавиагүй. Зарим хүн: “Хэрвээ бид зөв замд хөл тавиагүй юм бол яагаад үүргээ гүйцэтгэж чадсаар байгаа юм бэ?” гэж хэлнэ. Энэ нь хүний сонголт, хамтын ажиллагаа, мөс чанар, хүслийн үр дүн юм. Яг одоо чи Бурханы шаардлагатай хамтран ажиллаж, сайжрахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч сайжрахаар оролдож байлаа гээд үнэнийг эрэлхийлэх замд аль хэдийн хөл тавьсан гэсэн үг биш. Үүний нэг шалтгаан нь та нар уламжлалт соёлын суулгасан үзэл санааны нөлөөнд автсаар байгаа. Жишээлбэл, та нар “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийн талаарх Миний нөхөрлөл, илчлэлийг сонссоныхоо дараа тэдгээрийн мөн чанарыг сайн ойлгосон байж болох ч хэдхэн өдрийн дараа санаагаа өөрчилж магадгүй. “‘Олсон мөнгөө халааслах хэрэггүй’ гэх үг юу нь тийм муу байгаа юм бэ? Би олсон мөнгөө халаасалдаггүй хүмүүст дуртай. Ядаж л тэд шунахай биш. ‘Бусдад туслаад таашаал ав’ гэх үгийн юу нь буруу юм бэ? Ядаж л хэрэгтэй үед чинь хэн нэгэн тусламжийн гараа сунгана гэдэгт чи найдаж болно. Энэ нь сайн зүйл бөгөөд хүн бүхэнд хэрэгтэй зүйл шүү дээ! Үүнээс гадна, үүнийг яаж ч харсан, хүмүүс бусдад туслаад таашаал авах нь зүгээр л сайн, эерэг зүйл. Энэ нь бидний хүлээсэн үүрэг, үүнийг шүүмжлэх ёсгүй!” гэж бодож магадгүй. Хар даа, хэдхэн хоног сэрүүн байсны дараа ганц шөнийн нойр л чамайг хангалттай өөрчилнө; чи буцаад л бахь байдагтаа орж, уламжлалт соёлын хорионд дахин нэгэнтээ эргээд орно. Өөрөөр хэлбэл, оюун санааны чинь гүнд шигдсэн эдгээр зүйл бодол санаа, үзэл бодолд чинь, мөн түүнчлэн чиний сонгосон замд хааяа хааяа нөлөөлдөг. Мөн чамд нөлөөлж байх явцдаа байнга чамайг хойш татаж, амьдралын зөв замд хөл тавих, үнэнийг эрэлхийлэх замаар алхах, Бурханы үгийг үндэслэлээ болгож, үнэнийг шалгуураа болгосон амьдралын замд орох хүслээ биелүүлэхэд чинь саад болдог нь дамжиггүй. Чи энэ замаар алхахыг маш их хүслээ ч гэсэн, ингэж хүсэн эрмэлзэж, догдлон сандарч, үүнийг бодож, төлөвлөж, энэ талаар шийдвэр гаргаж, залбиран өдөр хоногийг өнгөрүүллээ ч гэсэн хэрэг явдал хүссэнээр чинь болохгүй. Үүний шалтгаан нь гэвэл, уламжлалт соёлын эдгээр тал зүрх сэтгэлийн чинь угт дэндүү гүн гүнзгий үндэслэсэн байдаг. Зарим хүн: “Тийм биш! Уламжлалт соёл хүмүүсийн зүрх сэтгэлд хэтэрхий гүн үндэслэсэн гэж Та хэлж байгаа ч би тэгж бодохгүй байна. Би хориодхон настай, дал, наян настай биш байхад яаж эдгээр зүйл миний зүрх сэтгэлд аль хэдийн гүн үндэслэсэн байх юм бэ?” гэж хэлж магадгүй. Эдгээр үзэл санаа зүрх сэтгэлд чинь аль хэдийн гүн үндэслэсэн гэж Би яагаад хэлдэг вэ? Бодоод үз: Эцэг эх чинь чамд тийм санаа суулгаагүй байсан ч гэсэн чи анх ухаан орсон цагаасаа л үргэлж эрхэм хүн болохыг эрмэлздэг байсан биш үү? Жишээлбэл, ихэнх хүн баатруудын тухай кино үзэж, зохиол унших дуртай байдаг бөгөөд эдгээр түүхэн дэх хохирогчдыг ихэд өрөвдөж, харин бусдыг гомдоосон хорон санаатнууд, харгис хэрцгий дүрүүдийг үзэн яддаг. Чи ийм нөхцөл байдалд өсөж том болох үедээ нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрдөг зүйлсийг өөрийн мэдэлгүй хүлээн авдаг. Тэгвэл чи яагаад тэдгээр зүйлийг хүлээн авсан бэ? Учир нь хүмүүс үнэнтэй төрөөгүй, юмыг ялган таних төрөлхийн чадваргүй. Чамд ийм зөн совин байдаггүй—хүмүүст байдаг зөн совин нь зарим сайн, эерэг, идэвхтэй зүйлд дуртай төрөлхийн чиг хандлага юм. Эдгээр идэвхтэй, эерэг зүйл илүү сайн ажиллаж, илүү сайн, баатарлаг, агуу хүн болох эрмэлзлийг чамд төрүүлдэг. Чамайг олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуунаас үүдэн гардаг үг хэллэгтэй харилцах үед эдгээр зүйл аажмаар зүрх сэтгэлд чинь бүрэлдэж эхэлдэг. Уламжлалт соёлын ёс суртахуунаас үүдэн гарсан үг хэллэг чамд нэвтэрч, дотоод ертөнцөд чинь ормогцоо зүрх сэтгэлд чинь үндэслэж, амьдралыг чинь ноёрхож эхэлдэг. Ийм зүйл тохиолдох үед чи эдгээр зүйлийг ялган таньж, эсэргүүцэж, голдоггүй, харин ч энэ нь чамд хэрэгтэй гэдгийг гүнээ мэдэрдэг. Чиний эхний үйлдэл эдгээр үг хэллэгийг өөгшүүлэх явдал байдаг. Яагаад тэр вэ? Учир нь эдгээр үг хүмүүсийн сонирхол, үзэлтэй маш сайн тохирдог, хүмүүсийн оюун санааны ертөнцийн хэрэгцээнд нийцдэг. Үүний үр дүнд чи эдгээр үгийг жам ёсны зүйл хэмээн хүлээн аваад, тэдгээрээс огт сэрэмжилдэггүй. Аажмаар гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөлөл, суртал ухуулга, мөн өөрийн төсөөллөөр дамжуулан чи эдгээр үг бол эерэг зүйл гэдэгт гүн гүнзгий үнэмшиж хоцордог. Цаг хугацааны эрхээр, аажмаар нас ахихын хэрээр чи бүх төрлийн орчин, нөхцөл байдалд эдгээр үгийг дагахаар чармайж, хүмүүсийн төрөлхөөсөө илүүд үздэг, сайн гэж боддог эдгээр зүйлийг дагадаг. Тэдгээр нь чиний дотор улам бүр бүрэлдэж, чиний дотор улам их шингэдэг. Үүний зэрэгцээ эдгээр зүйл амьдралыг үзэх үзэл, эрэлхийлдэг зорилгыг чинь ноёрхож, хүмүүс, зүйлсийг дүгнэх стандарт чинь болдог. Уламжлалт соёлын эдгээр үг хүмүүсийн дотор төлөвшсөний дараа Бурхан болон үнэнийг эсэргүүцэхэд тэднийг хүргэдэг үндсэн нөхцөлүүд бүгд бий болдог; хүмүүс тийм зүйл хийх өөрсдийн гэсэн шалтаг, үндэслэлээ олсон мэт байдаг. Тиймээс Бурхан хүмүүсийн завхарсан зан чанар болон мөн чанарыг илчилж, шүүлт, гэсгээлтээ буулгах үед хүмүүс Бурханы талаар элдэв янзын үзэл бий болгодог. Тэд: “Хүмүүс үргэлж ‘Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил’, ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэж хэлдэг байхад Бурхан яагаад ингэж хэлж чадаж байна аа? Тэр үнэхээр Бурхан гэж үү? Бурхан тэгж ярихгүй—Тэрээр хамгийн өндөр газарт зогсож, хүмүүстэй зөөлөн өнгө аясаар, бүх хүнийг зовлонгоос гэтэлгэдэг Буддагийн дууны өнгөөр, Бодисадвагийн дууны өнгөөр ярих учиртай. Бурхан тийм л байдаг—асар эелдэг зөөлөн, агуу дүр төрхтэй” гэж боддог. Иймэрхүү цуврал санаа, үзэл бодол, үзэл зүрх сэтгэлээс чинь улам их хэмжээгээр гардаг бөгөөд эцэст нь чи үүнийг тэвчиж чадахаа больж, Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг эсэргүүцэх зүйл өөрийн эрхгүй хийдэг. Ийм маягаар үзэл, төсөөлөл чинь чамайг сүйрүүлдэг. Чи хэдэн ч настай байсан, уламжлалт соёлын боловсролыг хүлээн авсан л бол, насанд хүрэгчийн сэтгэлгээний цар хүрээтэй л бол зүрх сэтгэл чинь уламжлалт соёлын ёс суртахууны энэ талуудаар дүүрэн байх бөгөөд тэдгээр нь аяндаа чиний дотор шингэнэ. Тэдгээр нь аль хэдийн чамайг ноёрхсон, чи олон жилийн турш аль хэдийн эдгээр зүйлийн дагуу амьдарсан. Чиний амь, чиний уг чанар уламжлалт соёлын ёс суртахууны энэ талуудад аль хэдийн эзлэгдсэн. Жишээлбэл, тав зургаан настай байхаасаа л чи бусдад туслаад таашаал авч, олсон мөнгөө халааслахгүй байж сурсан. Эдгээр зүйл чамд нөлөөлж, зан авирыг чинь бүрэн захирсан. Одоо дунд эргэм насны хүний хувиар чи аль хэдийн эдгээр зүйлийн дагуу олон жил амьдарсан; энэ нь чи Бурханы хүнээс шаарддаг стандартаас хол байгаа гэсэн үг юм. Чи уламжлалт соёлын сурталчилдаг ёс суртахууны талаарх эдгээр үгийг хүлээн авсан цагаасаа хойш Бурханы шаардлагаас улам бүр холдсон. Чиний өөрийн хүн чанарын стандарт болон Бурханы шаарддаг хүн чанарын стандартын хоорондох зай улам ихэссэн. Үүний үр дүнд чи Бурханаас улам холдсон. Тийм биш гэж үү? Цаг гарган эдгээр үгийг тунгаан бод.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?