Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (9) (I хэсэг)
Бид хэсэг хугацаанд ёс суртахууны талаарх сэдвээр нөхөрлөлөө. Өнгөрсөн удаа бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгийн талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийн талаар нөхөрлөнө, энэ нь хүний ёс суртахуунд тавих уламжлалт соёлын өөр нэг шаардлага юм. Хүмүүсийн ёс суртахууны аль талыг энэ үг хөнддөг вэ? Энэ нь хүмүүсээс уужим сэтгэлтэй, хүлээцтэй байхыг шаарддаг уу? (Тийм.) Энэ нь хүн чанарын уудам сэтгэлтэй холбоотой шаардлага юм. Энэ шаардлагын шалгуур юу вэ? Гол санаа нь хаана байна вэ? (Боломжтой үедээ өршөөж уучилж бай.) Тийм ээ, боломжтой үедээ өршөөж уучилж байх ёстой, хэт түрэмгий авирлаад хүмүүст гарах гарц үлдээхгүй байж болохгүй. Ёс суртахууны талаарх энэ үг нь хүмүүсээс уужуу сэтгэлтэй байж, ялихгүй гомдол тээхгүй байхыг шаарддаг. Хүмүүстэй харилцахад, эсвэл ажил хэргээ явуулахад маргаан, тэмцэл, өш хонзон үүсвэл гомдоосон талтай харилцахдаа хэтэрхий ихийг шаардаж, хэрээс хэтэрч, хатуу хандаж болохгүй. Шаардлагатай үед өршөөж уучилж бай, шаардлагатай бол уудам сэтгэлтэй бай, дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг анхаарч бай. Хүмүүст тийм уудам сэтгэл бий юу? (Үгүй.) Хүмүүст тийм уудам сэтгэл байхгүй. Ийм төрлийн зүйлийг тэвчих хүний зөн совингийн чадвар хэчнээн их болохыг, хэр хэмжээнд хэвийн байдгийг хүмүүс сайн мэддэггүй. Чамайг гомдоосон, чамд дайсагнаж хандсан, эсвэл ашиг сонирхлыг чинь хөндсөн хүнд хандах хэвийн хүний үндсэн хандлага юу вэ? Үзэн ядалт. Хүмүүсийн зүрх сэтгэлд үзэн ядалт төрвөл “боломжтой үедээ өршөөж уучилж” чадах уу? Үүнийг хийхэд амаргүй, ихэнх хүн үүнийг хийж чадахгүй. Ихэнх хүний тухайд гэвэл, тэд хүн чанарынхаа мөс чанар, эрүүл ухаанд найдан нөгөө хүнийг өршөөж уучилж, бүхнийг мартаж чадах уу? (Үгүй.) Гэхдээ үүнийг хийж чадахгүй гэж хэлэх нь тийм ч зөв биш. Яагаад тийм ч зөв биш вэ? Энэ нь бүхэлдээ уг асуудал юу болохоос, хэр шалихгүй, эсвэл хэр чухал болохоос хамаарна. Бас асуудлуудын ноцтой байдал өөр өөр байдаг учраас уг асуудал хэр ноцтойгоос шалтгаална. Хэрвээ хүн чамайг хааяа л үгээрээ гомдоодог бол мөс чанартай, эрүүл ухаантай хүн “Тэр хүн муу санаалж байгаа юм биш. Хэлсэн үг нь санаатай биш, зүгээр л илэн далангүй ярьж байна. Энэ олон жил эвтэй байснаа бодоод, тэр, тэрийг бодоод, эсвэл ийм, тийм юмыг бодоод би түүнд дургүйцэхгүй. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг үг бий. Тэр хүний хэлсэн нь зүгээр л нэг үг, миний байр суурь, хэтийн ирээдүйд нөлөөлөх нь бүү хэл, нэр нүүрийг минь хөндөөгүй, ашиг сонирхлыг минь хохироогоогүй учраас би зүгээр өнгөрүүлье” гэж бодно. Ийм шалихгүй асуудлуудтай тулгараад хүмүүс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөж чадна. Харин хэн нэгэн хүн амин чухал ашиг сонирхол, гэр бүлийг чинь хохироовол, эсвэл чамд учруулсан хохирол нь бүх амьдралд чинь нөлөөлбөл “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдсөөр байж чадах уу? Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн хүн эцэг эхийг чинь хөнөөж, үлдсэн гэр бүлийнхнийг чинь хөнөөхийг хүсвэл чи “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэдэг үгийг тийм хүнд хэрэглэж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Мах, цуснаас бүтсэн ямар ч хэвийн хүн тэгж чадахгүй. Хүмүүст гүн шингэсэн үзэн ядалтыг энэ үг хязгаарлаж огт чадахгүй, мэдээж энэ асуудлын талаарх хүмүүсийн хандлага, санаа бодолд нөлөөлж бүр ч чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн санаатай юм уу санаандгүйгээр ашиг сонирхлыг чинь хохироож, хэтийн ирээдүйд чинь нөлөөлсөн бол, эсвэл зориудаар юм уу зориуд бусаар бие махбодын хохирол учруулж, чамайг хөгжлийн бэрхшээлтэй болгож, шарх сорви үлдээж, эсвэл сэтгэл зүй, зүрх сэтгэлийн чинь гүнд сүүдэр тусгасан бол чи “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэсэн үгийг даган мөрдөж чадах уу? (Үгүй.) Чи тэгж чадахгүй. Тиймээс уламжлалт соёл нь хүмүүсээс ёс суртахуундаа хүлээцтэй, уужим сэтгэлтэй байхыг шаарддаг, гэхдээ хүмүүс тэгж чадах уу? Энэ хийхэд амар зүйл биш. Уг хэрэг явдал тухайн хүнд хэр их хор хохирол учруулж, нөлөөлснөөс, тухайн хүний мөс чанар, эрүүл ухаан үүнийг тэвчиж чадах эсэхээс энэ нь хамаарна. Ямар ч томоохон хохирол учраагүй, тухайн хүн үүнийг тэвчиж чаддаг, мөн энэ нь түүний хүн чанарын тэвчиж чадах зүйлээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл, хэвийн насанд хүрэгчдийн хувиар эдгээр зүйлийг тэвчиж, дургүйцэл, үзэн ядалтаа арилгаж чаддаг, үүнээс салахад харьцангуй амархан бол тэрээр нөгөө хүнийг хүлцэж, уучилж өршөөж чадна. Чамайг хязгаарлах, зааж сургах, эсвэл залж чиглүүлэх уламжлалт соёлын ёс суртахууны ямар ч үггүйгээр чи үүнийг хийж чадна, учир нь энэ бол хэвийн хүн чанарт байдаг зүйл бөгөөд үүнд хүрэх боломжтой. Хэрвээ энэ явдал чамайг хэт гүн шархлуулаагүй, эсвэл бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд том нөлөө үзүүлээгүй бол чи үүнийг амархан хийж чадна. Харин энэ нь бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд чамд том нөлөө үзүүлж, улмаар бүх насаар чинь чамайг зовоож, чамайг ихэнхдээ сэтгэлээр унагаж, дургүйг чинь хүргэж, үүнээс болоод чи үргэлж гуниглаж, бухимдаж, энэ хүн төрөлхтөн болон энэ ертөнцийг дайсагнасан байдлаар авч үзэхэд хүрч, зүрх сэтгэлдээ амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүй, бараг бүх насаараа үзэн ядалт дунд амьдарвал, өөрөөр хэлбэл, энэ явдал хэвийн хүн чанарын тэвчиж чадах хэмжээнээс хэтэрсэн бол мөс чанар, эрүүл ухаантай хүний хувьд боломжтой үедээ өршөөж уучлахад маш хэцүү. Зарим хүн үүнийг хийж чадаж байвал энэ нь онцгой тохиолдол, гэхдээ энэ нь юунд үндэслэх ёстой вэ? Ямар нөхцөлийг хангах ёстой вэ? Зарим хүн: “Тэгвэл тэд Буддын шашныг хүлээн авч, Нирван дүрийг олохын тулд үзэн ядалтаа орхих ёстой” гэдэг. Энэ нь жирийн хүмүүсийн дундах чөлөөлөлтийн зам байж болох ч ердөө л чөлөөлөлт юм. Ямартай ч “чөлөөлөлт” гэх энэ нэр томьёо юу гэсэн утгатай вэ? Энэ нь газар дэлхийн хэрүүл маргаан, үзэн ядалт, аллагаас хол явна гэсэн үг бөгөөд “харагдахгүй бол санагдахгүй” гэдэгтэй адилхан. Хэрвээ чи тийм хэрэг явдлаас хол байж, тэдгээрийг харж чадахгүй бол тэр нь зүрх сэтгэлийн чинь гүн дэх мэдрэмжид багахан нөлөө үзүүлэх бөгөөд аажмаар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ой ухаанаас чинь арилна. Гэхдээ тэр нь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэсэн үгийг даган мөрдөж байгаа хэрэг биш. Хүмүүс энэ асуудлыг өршөөж, уучилж, тэвчиж, бүрмөсөн орхиж чадахгүй. Эдгээр асуудал хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд л бүдгэрч, хүмүүс эдгээрийг тоохоо больдог. Эсвэл Буддын шашны зарим сургаалаас болоод л хүмүүс дурамжхан байдлаар, үзэн ядалт дунд амьдрахаа больж, дэлхий ертөнцийн хайр, үзэн ядалтын сэтгэлтэй орооцолдохоо больдог. Энэ нь зүгээр л хайр, үзэн ядалтаар дүүрэн зөрчил, тэмцэлтэй газруудаас хол байхын тулд идэвхгүй байдлаар өөрийгөө хүчилж байгаа хэрэг боловч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлж чадна гэсэн үг биш. Яагаад тэр вэ? Хэвийн хүн чанарын тухайд гэвэл, тэвчихийн аргагүй дарамт, гэмтэл бэртэл гэх мэт хүний бие, сэтгэл, сүнсэнд ноцтой хохирол учруулах ямар нэг зүйл тохиолдвол тэр хүн хэчнээн чадвартай байсан ч үүнийг тэвчиж чадахгүй. “Тэвчиж чадахгүй” гэдгээр Би юуг хэлж байна вэ? Хүмүүсийн хүн чанар, бодол санаа, үзэл бодол эдгээр зүйлийг эсэргүүцэж, арилгаж чадахгүй гэж Би хэлж байгаа юм. Хүний хэлээр бол, тэд үүнийг тэвчиж чадахгүй, энэ нь хүний тэвчээрийн хязгаараас давсан гэж хэлж болно. Итгэгчдийн хэлээр бол, тэд энэ асуудлыг ойлгож, нэвт харж, эсвэл хүлээн авч ер чадахгүй гэж хэлж болно. Тиймээс үзэн ядалтын эдгээр мэдрэмжийг эсэргүүцэх юм уу арилгах боломжит арга зам байхгүй тул “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөх боломжтой юу? (Үгүй.) Үүнд хүрч чадахгүй гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Өөрөөр хэлбэл, хэвийн хүн чанарт ийм уудам сэтгэл байдаггүй. Жишээлбэл, хэн нэгэн хүн эцэг эхийг чинь хөнөөж, бүх гэр бүлийнхнийг чинь устгавал чи тиймэрхүү зүйлийг зүгээр орхиж чадах уу? Тэр үзэн ядалтыг арилгах боломжтой юу? Чи бие, сэтгэл, сүнсээрээ юу ч мэдрэхгүйгээр ердийн хүмүүс рүү хардаг шигээ дайснаа харж, ердийн хүмүүсийг боддог шигээ дайснаа бодож чадах уу? (Үгүй.) Буддын шашинд итгэж, үйлийн үрийг нүдээрээ харж, улмаар өшөө авахын тулд хүн хөнөөх санаагаа орхисон биш л бол хэн ч ингэж чадахгүй. Зарим хүн: “Би сайхан сэтгэлтэй учраас хэн нэгэн хүн эцэг эхийг минь хөнөөвөл би түүнийг уучилж өршөөж, өш санахгүй байж чадна, яагаад гэвэл би үйлийн үрд үнэхээр итгэдэг. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэх үг үүнийг төгс нэгтгэн дүгнэдэг: Хэрвээ өшөө хорсол нь өшөө хорслыг төрүүлдэг бол энэ нь ер нь дуусна гэж үү? Үүнээс гадна, тэр хүн алдаагаа аль хэдийн хүлээн зөвшөөрч, бүр өвдөг сөгдөн, надаас уучлалт гуйсан. Ингээд тооцоо дууссан, би түүнийг өршөөж уучилна!” гэж хэлдэг. Хүмүүс ийм уужим сэтгэлтэй байж чадах уу? (Үгүй.) Тэд ингэж чадахгүй. Тэр хүнийг барьж авсныхаа дараа бүү хэл, бүр барихаасаа ч өмнө чи өшөөгөө авах тухай өдөр бүр байнга бодно. Энэ асуудал чамайг асар их шархлуулж, чамд асар их нөлөөлсөн болохоор хэвийн хүний хувьд чи мэдээж амьдарч байх хугацаандаа үүнийг хэзээ ч мартахгүй. Зүүд нойрондоо ч гэсэн чи гэрийнхнийхээ алуулж байгаа, өөрийнхөө өшөө авч байгаа дүр зургийг харна. Энэ асуудал эцсийн амьсгалаа авах хүртэл чинь, үлдсэн амьдралын чинь туршид чамд нөлөөлж чадна. Тийм үзэн ядалтыг зүгээр орхих ер боломжгүй. Мэдээж үүнээс бага зэрэг хөнгөн тохиолдлууд бий. Жишээлбэл, хэн нэгэн хүн олны өмнө нүүр лүү чинь алгадаж, хүн бүрийн өмнө чамайг ичээж, шившиглэж, ямар ч шалтгаангүй доромжиллоо гэе. Тэр үеэс хойш олон хүн чамайг ялгаварлан гадуурхсан харцаар харж, бүр чамайг дооглодог болсон болохоор чи хүмүүстэй хамт байхдаа ичнэ. Энэ нь эцэг эх, гэр бүлийнхнийг чинь хөнөөхөөс хавьгүй хөнгөн. Тэгсэн ч гэсэн “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхөд хэцүү, учир нь чамд тохиолдсон эдгээр зүйл хэвийн хүн чанарын тэвчээрийн хязгаараас аль хэдийн давсан. Тэр нь чамд бие махбод, сэтгэл санааны асар их хохирол учруулж, нэр төр, ёс жудгийг чинь асар их хохироосон. Чи тэрийг мартаж, зүгээр орхиж чадна гэж байхгүй тул “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхөд маш хэцүү байдаг—энэ нь хэвийн юм.
Дөнгөж сая нөхөрлөсөн эдгээр талаас харвал Хятадын уламжлалт соёлд дурдсан “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” хэмээх ёс суртахууны талаарх үг нь хүмүүсийг хязгаарлаж, гэгээрүүлдэг хоосон сургаал юм. Энэ нь багахан хэрүүл маргаан, ялихгүй зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахаас биш гүн гүнзгий үзэн ядалт өвөрлөсөн хүмүүст ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ийм шаардлага тавьдаг хүмүүс хүний хүн чанарыг үнэхээр ойлгодог уу? Ийм шаардлага тавьдаг хүмүүс бол хүний мөс чанар, эрүүл ухааны тэвчээрийн цар хүрээ хэчнээн их болохыг мэддэггүй хүмүүс яавч биш гэж хэлж болно. Зүгээр л энэ онолыг дэвшүүлэх нь тэднийг боловсон, эрхэм харагдуулж, хүмүүсийн сайшаал, бялдуучлалыг хүртэх боломжтой. Үнэн хэрэгтээ, хэрвээ хэн нэгэн хүн өөр нэгний нэр төр, ёс жудгийг сэвтээж, ашиг сонирхлыг нь хохироож, тэр ч байтугай хэтийн ирээдүй, бүх амьдралд нь нөлөөлсөн бол хүн чанарын үүднээс, гомдсон тал нь өшөө авах ёстой гэдгийг тэд маш сайн мэддэг. Тэр хүн хэчнээн мөс чанар, эрүүл ухаантай байсан ч үүнийг зүгээр орхихгүй. Сайндаа л өш хонзонгийнх нь түвшин, арга барил өөр байх болно. Хүний эрх оршин байдаггүй энэ бодит нийгэмд, хүмүүсийн амьдардаг энэ туйлын харанхуй, ёрын муу нийгмийн орчин, нийгмийн нөхцөлд хүмүүс шархлах болгондоо өшөө авч чадах учраас нэг нэгнийхээ эсрэг тэмцэж, бие биеэ хөнөөхөө хэзээ ч болиогүй. Тэд хэдий чинээ ноцтой хохирол амсана, өшөө авах хүсэл нь төдий чинээ хүчтэй, өшөөгөө авах арга барил нь төдий чинээ харгис байдаг. Тэгвэл энэ нийгэмд давамгайлах чиг хандлага юу байх вэ? Хүмүүсийн хоорондох харилцаанд юу тохиолдох вэ? Энэ нийгэм аллага, өс хонзонгоор дүүрэн байх бус уу? Тиймээс ийм шаардлага тавьдаг хүн бусдын зан авирыг хязгаарлахын тулд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ үгийг ашиглан хүмүүст өшөө авахгүй бай гэж маш нууцлаг байдлаар хэлж байна. Хүмүүст шударга бусаар хандаж, ёс жудгийг нь доромжилж, нэр төрийг нь сэвтээх бүрд ёс суртахууны талаарх энэ үг тэр хүмүүст нөлөөлж, үйлдэл хийхээсээ өмнө хоёр удаа бодож үзээд, түргэн зан гаргахгүй, сүржигнэхгүй байхад хүргэдэг. Төр засаг, нийгэм, эсвэл харилцсан хүмүүс нь шударга бусаар хандсан эсэхээс үл хамааран, энэ нийгэм дэх хүмүүс өөртэй нь шударга бус хандах бүрд өшөөгөө авахыг хүсвэл энэ хүн төрөлхтөн, энэ нийгмийг удирдахад хэцүү байх бус уу? Олон хүн цугласан газарт тэмцэл гарах нь зайлшгүй бөгөөд өшөө авалт түгээмэл тохиолдоно. Тэгвэл энэ хүн төрөлхтөн болон энэхүү нийгэм эмх замбараагүй байх биш үү? (Тийм ээ.) Эмх замбараагүй нийгмийг удирдах нь удирдагчдад амархан байх уу, үгүй юу? (Үгүй, удирдахад амархан биш.) Ийм шалтгааны улмаас хүмүүсийг ятгаж, гэгээрүүлэхийн тулд нийгмийн сурган хүмүүжүүлэгчид, сэтгэгчид гэгч энэ хүмүүс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ үгийг дэвшүүлсэн, ингэснээр хүмүүс ямар нэг шударга бус хандлага, ялгаварлан гадуурхалт, доромжлол амсаж, эсвэл бүр хүчирхийлүүлж, гишгэлэгдсэн ч гэсэн, сэтгэл санаа, бие махбодын зовлон нь хэчнээн их байлаа ч гэсэн юун түрүүнд өшөө авах талаар бодохгүй, харин ч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ сонгодог сургаалыг бодож, уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх эдгээр үгийн хязгаарлалтыг өөрийн эрхгүй хүлээн авч, улмаар бодол санаа, зан авираа үр дүнтэйгээр хязгаарлаж, бусад хүн, улс орон, нийгэмд хандах үзэн ядалтаа арилгадаг. Хүн чанарт зайлшгүй байдаг энэ дайсагналцал, уур хилэн болон зөнгөөрөө нэр төрөө хамгаалах бодол арилбал энэ нийгэм дэх хүмүүсийн хоорондох тэмцэл, өш хонзон мэдэгдэхүйц хэмжээгээр багасах бус уу? (Тэгнэ.) Жишээлбэл, зарим хүн: “Ингээд больцгооё, буулт хийх нь зөрчилдөөнийг хавьгүй амархан шийдвэрлэнэ. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг шүү дээ. Тэр хүнд манай гэрийнхнийг хөнөөх шалтгаан байж. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ, хоёр талд хоёуланд нь тус тусын шалтгаан байгаа. Үүнээс гадна, манай гэрийнхэн нас бараад өчнөөн олон жил болж байхад энэ асуудлыг дахиад сөхөх ямар хэрэгтэй юм бэ? Боломжтой үедээ өршөөж уучилж бай—хүмүүс үзэн ядалтаасаа салж чаддаг болохоосоо өмнө уужим сэтгэлтэй байж сурах ёстой, үзэн ядалтаасаа салж байж л аз жаргалтай амьдарч чадна” гэж хэлдэг. Зарим нь “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхи. Хэрвээ тэр миний эсрэг ялихгүй гомдол тээхгүй, эсвэл намайг өмнөх шигээ дайсагнан үзэхгүй бол би ч бас түүнтэй хэрэлдэхгүй, бид хоёр зүгээр л бүхнийг шинээр эхэлнэ. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг дээ” гэж хэлдэг. Хэн ч байлаа гэсэн, хэрвээ тийм хүмүүс өшөөгөө авах гэж байх үедээ гэнэтхэн биеэ барих юм бол тэдний үг, үйлдэл, онолын үндэслэл бүгд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын нөлөөллөөс үүдэлтэй байх биш үү? (Тийм.) “Яагаад маргалдаад байгаа юм бэ? Чам шиг ийм үлгэр дуурайл болсон эр хүн ийм шалихгүй асуудлыг ч зүгээр орхиж чадахгүй юм! Эр хүний дотор эмээл, хазаартай морь гэдэг. Ядаж л бага ч болов уудам сэтгэлтэй бай! Хүмүүс амьдралдаа бага зэрэг уужим сэтгэлтэй байх ёстой бус уу? Жаахан гомдол тээхийн оронд нэг алхам ухраад, том дүр зургийг хар. Ингэж хэрэлдэж маргалдаж байгаа чинь харахад инээдтэй байна” гэж хэлдэг зарим хүн ч бий. Эдгээр үг болон санаа нь ертөнцийн хэрэг явдалд хандах хүний нэг төрлийн хандлага буюу “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт ёс суртахууны талаарх сонгодог сургаалын үгсээс үүдэн гардаг хандлагыг товчоор илэрхийлдэг. Хүмүүс эдгээр үгийг шингээж, нөлөөнд нь автдаг бөгөөд эдгээр үг хүмүүсийг ятгаж, гэгээрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэж боддог учраас эдгээр үгийг зөв, зохистой зүйл гэж үздэг.
Хүмүүс яагаад үзэн ядалтаасаа салж чаддаг вэ? Үндсэн шалтгаан нь юу вэ? Нэг талаар, тэд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх энэ үгийн нөлөөнд автдаг. Нөгөө талаар, тэд өчүүхэн гомдол тээж, хүмүүсийг байнга үзэн ядаж, бусдад хүлээцгүй хандвал нийгэмд хөлөө олж чадахгүй, олон нийтийн санал бодлоор буруутгагдаж, бусдад дооглуулна гэж санаа зовдог учраас уур уцаараа дурамжхан, арга буюу залгих ёстой болдог. Нэг талаар, хүний зөн совинг харвал энэ дэлхийд амьдарч буй хүмүүс энэ бүх дарлал, үндэслэлгүй доромжлол, шударга бус харьцааг тэвчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүн чанар эдгээр зүйлийг тэвчиж чадахгүй. Тиймээс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх шаардлагыг хүнд тавих нь шударга бус, хүнлэг бус хэрэг юм. Нөгөө талаар, тийм үзэл санаа, үзэл бодол нь бас эдгээр зүйлийн талаарх хүмүүсийн үзэл бодол, харах өнцөгт нөлөөлж, гажуудуулдаг тул хүмүүс ийм хэрэг явдалд зөв хандаж чадахгүй, харин ч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэтийн үгийг зөв, эерэг зүйл гэж үзэх нь мэдээж юм. Хүмүүс шударга бус хандлагатай тулгарах үедээ олон нийтийн санал бодлоор буруутгагдахаас зайлсхийхийн тулд өөрсдийн амссан доромжлол, тэгш бус хандлагыг дотроо хадгалаад, өшөө авах боломжийг хүлээхээс өөр аргагүй болдог. Тэд “‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай.’ Битгий тоо, өшөө авах ямар ч хэрэггүй, энэ бол нэгэнт өнгөрсөн зүйл” гэх мэт сайхан сонсогдох зүйлийг чангаар хэллээ ч гэсэн энэ явдлаас болж өөрт нь учирсан хор хохирлыг хүний зөн совин нь хэзээ ч мартуулахгүй, өөрөөр хэлбэл, энэ явдлаас болж тэдний бие, сэтгэлд учирсан хохирол хэзээ ч арилахгүй, алга болохгүй. Хүмүүс “Үзэн ядалтыг март, энэ асуудал болоод өнгөрсөн, нэгэнт өнгөрсөн зүйл” гэж хэлдэг нь зүгээр л “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын хязгаарлалт, нөлөөлөлд автан бий болсон гадаад үзэмж юм. Мэдээж хүмүүс бас ийм үзэл санаа, үзэл бодолд хязгаарлагддаг болохоор тэдгээрийг хэрэгжүүлж дөнгөхгүй бол, боломжтой үедээ уучилж өршөөх зүрх сэтгэлгүй, уужим сэтгэлгүй байвал хүн бүрд дорд үзэгдэж, буруутгагдана, нийгэмд болон нийгмийн бүлэг дотроо ч гадуурхагдана гэж боддог. Гадуурхагдахын үр дагавар юу вэ? Чамайг хүмүүстэй харилцаж, бизнесээ хийх үед хүмүүс: “Энэ хүн явцуу сэтгэлтэй, өс санадаг. Түүнтэй харилцахдаа болгоомжтой байгаарай!” гэж хэлнэ гэсэн үг. Энэ мэтчилэн нийгмийн бүлэг дотор бизнесээ явуулах үед чинь энэ нь нэмэлт саад бэрхшээл болдог. Яагаад ийм нэмэлт саад бэрхшээл гардаг вэ? Учир нь нийгэм бүхэлдээ “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд автсан. Нийгмийн уур амьсгал бүхэлдээ тийм сэтгэлгээг хүндэлдэг бөгөөд нийгэм бүхэлдээ үүнд баригдаж, нөлөөнд нь автаж, хянуулдаг тул хэрвээ чи үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол нийгэмд хөлөө олж, нийгмийн бүлэг дотроо амьд үлдэхэд хэцүү байх болно. Тиймээс зарим хүн нийгмийн тийм уур амьсгалд захирагдаж, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үг, үзэл бодлыг дагахаас өөр аргагүй болж, хөөрхийлөлтэй амьдралаар амьдардаг. Эдгээр үзэгдлийг харгалзан үзвэл, ёс суртахуун номлогч гэгдэх тэр хүмүүс ёс суртахууны үзэл санаа, үзэл бодлын талаарх эдгээр үгийг дэвшүүлэхдээ тодорхой зорилго, санаархал агуулж байсан биш үү? Хүмүүс илүү эрх чөлөөтэй амьдарч, бие, сэтгэл, сүнсээрээ илүү чөлөөлөгдөг гэсэндээ тэд үүнийг хийсэн үү? Эсвэл хүмүүсийг илүү аз жаргалтай амьдруулахын төлөө хийсэн үү? Мэдээж үгүй. Ёс суртахууны талаарх эдгээр үг нь хүмүүсийн хэвийн хүн чанарын хэрэгцээнд огт үйлчилдэггүй, хүмүүсийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэхийн төлөө бүр ч байдаггүй. Харин ч тэдгээр нь ард түмнийг хянаж, эрх мэдлээ тогтворжуулах гэсэн эрх баригч ангийн санаархалд үйлчилдэг. Тэдгээр нь эрх баригч ангид үйлчилдэг, эрх баригч ангийнхан нийгмийн дэг журмыг сахиулж, нийгмийн уур амьсгалыг хянахын тулд эдгээр зүйлийг ашиглан хүн бүр, айл өрх бүр, хувь хүн болгон, хамт олон бүр, бүлэг бүрийг болон янз бүрийн бүлгүүдээс бүрдсэн нийгмийг хязгаарладаг. Чухам ийм нийгэмд, тийм ёс суртахууны үзэл санаа, үзэл бодол нэвтэрч, нөлөөлж, шингэсний үндсэн дээр нийгэм дэх ёс суртахууны гол үзэл санаа, үзэл бодол бий болж, төлөвшдөг. Нийгмийн ёс суртахуун, нийгмийн уур амьсгал ингэж төлөвшиж байгаа нь хүн төрөлхтний оршин тогтнолд илүү тустай биш, хүний сэтгэлгээний ахиц дэвшил, ариусалтад ч тустай биш, хүн чанарыг сайжруулахад ч тустай биш. Эсрэгээрээ, ёс суртахууны эдгээр үзэл санаа, үзэл бодол бий болсноор хүний сэтгэлгээ хянаж болохуйц цар хүрээнд хязгаарлагдсан. Тэгвэл эцэст нь хэн ашиг тусыг нь хүртдэг вэ? Хүн төрөлхтөн үү? Эсвэл эрх баригч анги уу? (Эрх баригч анги.) Тийм ээ, эцэстээ эрх баригч ангид ашиг тустай. Ёс суртахууны эдгээр судрыг өөрсдийн сэтгэлгээ, ёс суртахууны үндэс болгосноор хүмүүс амархан захирагддаг, дуулгавартай иргэд байх магадлалтай, арганд автахдаа амархан, хийж буй бүхэндээ ёс суртахууны судрын янз бүрийн үгэнд захирагдахдаа амархан, нийгмийн тогтолцоо, нийгмийн ёс суртахуун, нийгмийн уур амьсгал, олон нийтийн санал бодолд захирагдахдаа илүү амархан байдаг. Ийм маягаар тодорхой хэмжээнд нэг нийгмийн тогтолцоо, ёс суртахууны орчин, нийгмийн уур амьсгалаас хараат хүмүүс үндсэндээ нэгдмэл үзэл санаа, үзэл бодолтой, биеэ хэрхэн авч явах ёстой тухайд нэгдмэл доод хязгаартай болдог, учир нь тэдний бодол санаа, үзэл бодол нь ёс суртахуун номлогч, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг энэ хүмүүсийн боловсруулалт, стандартчиллыг туулсан байдаг. “Нэгдмэл” гэдэг энэ үг юу гэсэн утгатай вэ? Энэ нь захирагдаж буй бүх хүн—тэдний бодол, хэвийн хүн чанар—ёс суртахууны судрын эдгээр үгэнд уусаж, хязгаарлагдсан гэсэн үг юм. Хүмүүсийн бодол хязгаарлагдахын сацуу ам, уураг тархи нь ч бас хязгаарлагддаг. Уламжлалт соёлын эдгээр ёс суртахууны үзэл санаа, үзэл бодлыг хүн бүр хүлээн авахаас өөр аргагүйд хүрч, тэдгээрийг ашиглан нэг талаар өөрсдийн зан авирыг хэмжиж, хязгаарладаг, нөгөө талаар бусдыг болон энэ нийгмийг хэмждэг. Мэдээж үүний зэрэгцээ тэд бас ёс суртахууны судрын эдгээр үгэнд төвлөрсөн олон нийтийн санал бодлын хяналтад байдаг. Хэрвээ аливааг хийх арга зам чинь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг зөрчиж байна гэж чи бодвол маш их бухимдаж, тавгүйтэх бөгөөд удалгүй чамд “хэрвээ би боломжтой үедээ өршөөж уучилж дөнгөхгүй бол, хэрвээ би ухаан муутай одой шиг ийм өчүүхэн, явцуу сэтгэлтэй байж, үл ялиг үзэн ядалтаас ч салж чадахгүй, цаг ямагт сэтгэлдээ тээгээд байвал бусдын доог тохуу болох биш үү? Хамт олон, найз нөхдөдөө гадуурхагдах биш үү?” гэж бодогдоно. Тиймээс чи тун уужим сэтгэлтэй дүр үзүүлэх ёстой. Хэрвээ хүмүүс ийм зан авиртай бол олон нийтийн санал бодолд хянуулж байна гэсэн үг үү? (Тийм.) Объектив байдлаар хэлбэл, чиний зүрх сэтгэлийн гүнд үл үзэгдэх дөнгө байдаг, өөрөөр хэлбэл, олон нийтийн санал бодол, бүхий л нийгмийн буруушаалт нь чиний хувьд үл үзэгдэх дөнгөтэй адилхан. Жишээлбэл, зарим хүн Бурханд итгэх нь сайн, Бурханд итгэснээр аврал хүртэж чадна, Бурханд итгэх гэдэг нь зөв замаар алхаж, муу зүйл хийхгүй байх явдал гэсэн үг гэдгийг мэддэг ч анх Бурханд итгэдэг болохдоо энэ талаар илэн далангүй ярьж, итгэлээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, бүр сайн мэдээг түгээж зүрхлэхгүй байхдаа тулдаг. Тэд яагаад энэ талаар илэн далангүй ярьж, хүмүүст мэдэгдэж зүрхэлдэггүй юм бэ? Тэдэнд хүрээлэн буй орчин нь нөлөөлдөг үү? (Тийм.) Тэгвэл нийт орчны чамд үзүүлэх нөлөөлөл, хязгаарлалт юу вэ? Чи яагаад Бурханд итгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй юм бэ? Яагаад бүр сайн мэдээг түгээж ч зүрхэлдэггүй юм бэ? Итгэлтэй хүмүүсийг хяхан хавчдаг дарангуй дэглэмтэй улс орнууд гэх мэт онцгой тохиолдлуудаас гадна, өөр нэг шалтгаан нь олон нийтийн санал бодлоос урган гардаг янз бүрийн үг хэллэг чиний хувьд тэвчихэд дэндүү их байдаг. Жишээлбэл, чи шашинд итгэж эхэлмэгцээ гэрийнхнээ тоодоггүй гэж зарим хүн хэлдэг; зарим хүн чамайг чөтгөр шиг үзэж, шашинд итгэгчид үхэшгүй болдог, нийгмээс өөрсдийгөө тусгаарладаг гэж хэлдэг; зарим нь итгэгчид огт ядрахгүйгээр хэдэн өдөр хоол идэхгүй, унтахгүй явж чадна гэдэг; зарим нь бүр ч долоон дор юм хэлдэг. Чи эдгээр санал бодлын нөлөөнд автсан учраас Бурханд итгэдэг гэдгээ эхэндээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй байсан биш үү? Нийгмийн нийт орчин дахь эдгээр санал бодол чамд нөлөөлдөг үү? (Тийм.) Тэдгээр нь тодорхой хэмжээнд сэтгэл санааны байдалд чинь нөлөөлж, нэр нүүрийг чинь сэвтээдэг тул чи Бурханд итгэдэг гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Энэ нийгэм итгэл бишрэлтэй, Бурханд итгэдэг хүмүүст нөхөрсөг бус, дайсагнан ханддаг, тэр ч байтугай зарим хүн тэвчихийн аргагүй жигшүүртэй доромжлол, гүжирдсэн үг хэлдэг болохоор чи Бурханд итгэдэг гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй бөгөөд цуглаанд нууцаар хулгайч мэт сэмээрхэн явах ёстой болдог. Бусад хүн үүнийг олж мэдэх юм бол гүжирдсэн зүйл хэлнэ гэхээс айсандаа чи дургүйцлээ дарахаас өөр аргагүйд хүрдэг. Ийм маягаар чи чимээгүйхэн асар их шаналдаг ч энэ бүх шаналлыг туулах нь асар их босгон байгуулдаг бөгөөд чи олон зүйлийг тодорхой мэдэж авч, зарим үнэнийг ойлгосон.
Сая бид “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны тухай энэ үгийн талаар ихээхэн нөхөрлөлөө. Хүн чанарын үүднээс авч үзвэл энэ үг нь уудам сэтгэл, уужуу сэтгэлийн тухайд хүнд байх ёстой хамгийн наад захын ёс суртахууныг тодорхойлон заадаг. Үнэндээ хүмүүсийн хүний эрх, нэр төр, ёс жудаг, хүн чанарт үзүүлэх хор хохирол, үр нөлөөг нь харгалзан үзвэл гэмт хэргийн ертөнцийн хулгайч, дээрэмчдийн хар ярианы үгтэй адилхан “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг ашиглан хүмүүсийг тайтгаруулж, хязгаарлах нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хувьд асар том доромжлол, хүнлэг бус, ёс суртахуунгүй хэрэг юм. Хэвийн хүн чанарт баяр хөөр, уур уцаар, уй гашуу, аз жаргал төрөлхөөсөө байдаг. Би баяр хөөр, уй гашуу, аз жаргалын талаар цааш нь ярихгүй. Уур уцаар ч бас хэвийн хүн чанарт байдаг сэтгэл хөдлөл юм. Ямар нөхцөлд уур уцаар үүсэж, хэвийн байдлаар илэрдэг вэ? Хэвийн хүн чанарын уур уцаар гарч ирэх үед—өөрөөр хэлбэл, хүмүүсийн ёс жудаг, нэр төр, ашиг сонирхол, сүнс, сэтгэл санаа нь шархалж, гишгэлэгдэж, доромжлуулах үед хүмүүс аяндаа, зөн совингоороо уурлаж, дургүйцэж, бүр үзэн ядна—энэ нь уур уцаар үүсдэг шалтгаан бөгөөд уурын тодорхой илрэл юм. Зарим хүн ямар ч шалтгаангүй уурладаг. Ялихгүй асуудал тэдний уур хилэнг өдөөж чадна, эсвэл хэн нэгний санамсаргүй хэлсэн ямар нэг зүйл тэднийг гомдоож, тэд уурласандаа нүд нь улаанаар эргэлдэнэ. Тэд дэндүү түргэн ууртай байгаа юм биш үү? Эдгээр зүйлийн аль нь ч тэдний сэтгэл, ёс жудаг, нэр төр, хүний эрх юм уу сүнслэг ертөнцтэй холбоогүй атал тэд юу ч болоогүй байхад дүрсхийн уурладаг нь маш түргэн уураас нь болдог байж магадгүй. Юм болгон дээр уур хилэнгийн мэдрэмжээ харуулах нь хэвийн зүйл биш. Бидний энд ярьж буй зүйл бол хэвийн хүн чанарын харуулдаг дургүйцэл, уур уцаар, хилэн, үзэн ядалт. Эдгээр нь хүмүүсийн зөн совингийн зарим хариу үйлдэл юм. Хүний ёс жудаг, нэр төр, хүний эрх, сэтгэл гишгэлэгдэж, доромжлуулж, эсвэл шархлах үед тухайн хүн уурладаг. Ингэж уурлах нь хоромхон зуурын уур цухал биш, түр зуурын сэтгэл хөдлөл ч биш, харин хүний ёс жудаг, нэр төр, сэтгэл гэмтэх болгонд гарч ирдэг хүний хэвийн хариу үйлдэл юм. Энэ нь хүний хэвийн хариу үйлдэл тул энэхүү хариу үйлдэл нь үндэслэлтэй, зүй ёсны зүйл, иймээс энэ нь гэмт хэрэг биш бөгөөд үүнийг хязгаарлах шаардлагагүй гэж хэлж болно. Ийм хэмжээнд хүмүүсийг шархлуулдаг асуудлын тухайд гэвэл тэдгээрийг шударгаар шийдвэрлэж, зохицуулах ёстой. Хэрвээ уг асуудлыг ухаалгаар шийдвэрлэж, шударгаар зохицуулж чадахгүй, харин хүмүүсээс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлэхийг үндэслэлгүйгээр шаарддаг бол хохирогч талын хувьд энэ нь ёс суртахуунгүй, хүнлэг бус хэрэг бөгөөд хүмүүсийн мэдэж байх ёстой зүйл юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?