Цор ганц Бурхан Өөрөө IV
Бурханы ариун байдал (I) (I хэсэг)
Бид өнөөдөр Бурханы эрх мэдлийн талаар нэмж нөхөрлөсөн ба яг одоо Бурханы зөвт байдлын тухай ярилцахгүй. Өнөөдөр бид цоо шинэ сэдэв буюу—Бурханы ариун байдлын талаар ярих болно. Бурханы ариун байдал бол Бурханы цор ганц мөн чанарын өөр нэгэн тал юм, иймээс энэ сэдвийг энд зайлшгүй нөхөрлөх хэрэгтэй билээ. Миний нөхөрлөх Бурханы мөн чанарын энэ тал нь, бидний өмнө нь нөхөрлөсөн Бурханы зөвт зан чанар болон Бурханы эрх мэдэл хэмээх хоёр талуудын хамтаар—бүгд цор ганц биш гэж үү? (Тийм.) Бурханы ариун байдал нь мөн цор ганц, иймээс энэхүү цор ганц байдлын суурь, энэхүү цор ганц байдлын үндэс нь бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв юм. Ойлгов уу? Намайг дагаад хэлээрэй: Бурханы цор ганц мөн чанар—Бурханы ариун байдал. (Бурханы цор ганц мөн чанар—Бурханы ариун байдал.) Энэ хэллэгийг давтан хэлсний дараа та нарын сэтгэлд ямар санагдаж байна вэ? Магадгүй та нарын заримд эргэлзээ төрж, “Яагаад Бурханы ариун байдлыг ярилцана гэж?” хэмээн асууж байгаа байх. Бүү санаа зов, Би та нарт үүнийг алгуурхнаар тайлбарлаж өгөх болно. Үүнийг сонсмогцоо та нар Миний хувьд энэ сэдвийг нөхөрлөх нь яагаад тийм чухал болохыг мэдэх болно.
Эхлээд “ариун” гэдэг үгийг тодорхойлцгооё. Өөрийн ойлголт болон сурсан бүх мэдлэгээ ашиглан “ариун” гэдэг үгний тодорхойлолтыг та нар юу гэж ойлгож байна вэ? Үүнийг Надад тодорхойлоод өг дөө. (“Ариун” гэдэг нь өө сэвгүй бөгөөд хүн төрөлхтний ялзрал эсвэл алдаа дутагдлын аль нь ч байхгүй гэсэн үг. Үүний илчилдэг бүхэн—бодол санаа, яриа эсвэл үйлдлийн аль нь ч бай, үүний хийдэг бүхэн нь—бүхэлдээ эерэг байдаг.) Маш сайн. (“Ариун” гэдэг бол гэгээн, бузартаагүй, хүн халдашгүй юм. Энэ нь цор ганц бөгөөд Бурханы онцгой бэлгэ тэмдэг билээ.) (“Ариун” гэдэг нь өө сэвгүй агаад гэгээн, халдашгүй зан чанарын нэг тал.) Энэ бол та нарын тодорхойлолт. “Ариун” хэмээх энэ үг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой цар хүрээ, тодорхойлолт болон тайлбартай байдаг. Хамгийн наад зах нь, “ариун” хэмээх үгийг харах үед та нарын оюун ухаан хоосон байдаггүй. Та нарт энэ үгний талаар тодорхой тогтсон цар хүрээ байдаг ба үүний талаарх зарим хүмүүсийн тодорхойлолт нь, Бурханы зан чанарын мөн чанарыг тодорхойлоход энэхүү үгийг ашиглахтай дөхөж очдог. Энэ бол маш сайн. Ихэнх хүмүүс “ариун” хэмээх үг нь эерэг үг гэж итгэдэг бөгөөд үүнийг баталж болно. Гэхдээ Миний өнөөдрийн нөхөрлөхийг хүсэж байгаа Бурханы ариун байдлыг зүгээр нэг тодорхойлохгүй, мөн зүгээр нэг тайлбарлахгүй. Үүний оронд, Би яагаад Бурхан бол ариун гэж хэлсэн, мөн Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо Би яагаад “ариун” хэмээх үгийг ашигласныг харах боломжийг чамд олгохын тулд үүнийг батлах хэдэн баримтыг ашиглах болно. Бидний яриа дуусах үед, Бурханы мөн чанарыг тодорхойлоход “ариун” хэмээх үгийг ашиглах болон энэ үгийг Бурханд хамаатуулан ашиглах нь хоёулаа зүй ёсны агаад хамгийн зохимжтой юм гэдгийг чи мэдрэх болно. Хамгийн наад зах нь, хүн төрөлхтний одоогийн хэлний тухайд гэвэл Бурхантай хамаатайгаар энэ үгийг ашиглах нь нэн оновчтой—энэ нь хүмүүний хэлэн дотроос Бурханд хамаатуулахад хамгийн их тохирох цорын ганц үг юм. Бурханд хамаатуулан хэлэх үед энэ нь дэмий хоосон үг биш, мөн энэ нь ямар ч учир шалтгаангүй, хоосон магтаал биш. Бидний нөхөрлөлийн зорилго бол Бурханы мөн чанарын энэ талын тухай үнэнийг танин мэдэх боломжийг хүн бүхэнд олгох явдал юм. Бурхан хүмүүсийн ойлголтоос айдаггүй харин зөвхөн буруугаар ойлгохоос л айдаг. Хүн бүхэн Түүний мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдээсэй гэж Бурхан хүсдэг. Иймээс Бурханы мөн чанарын талыг дурдах болгондоо бид, Бурханы мөн чанарын энэ тал нь үнэхээр оршдог гэдгийг харах боломжийг хүмүүст олгохын тулд олон баримтыг гаргаж болно.
Одоо бидэнд “ариун” хэмээх үгний тодорхойлолт байгаа болохоор хэдэн жишээ авч үзэцгээе. Хүмүүс санаандаа олон “ариун” зүйл болон хүмүүсийн талаар төсөөлдөг. Жишээлбэл, хүн төрөлхтний толь бичигт онгон хөвгүүд, охидыг ариун гэж тодорхойлдог уу? (Тийм.) Тэд үнэндээ ариун уу? (Үгүй.) Энэхүү “ариун” гэж нэрлэгддэг зүйл болон бидний өнөөдөр ярилцах “ариун” зүйл нь нэгэн адил уу? (Үгүй.) Хүмүүсийн дундах өндөр ёс суртахуунтай, соёлтой боловсон үг яриатай, хэнийг ч хэзээ ч гомдоодоггүй, ярих үедээ бусдыг тайтгаруулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг хүмүүсийг харвал—тэд ариун уу? Үргэлж сайныг хийж, бусдад асар их тусламж үзүүлдэг өгөөмөр хүмүүс болон хүмүүсийн амьдралд асар их баяр хөөр авчирдаг хүмүүс—ариун уу? (Үгүй.) Өөрийнхөө ашиг сонирхлыг огт боддоггүй, хэнд ч хатуу ширүүн шаардлага тавьдаггүй, хэнд ч хүлээцтэй ханддаг хүмүүс—ариун уу? Хэнтэй ч хэзээ ч маргалдаж байгаагүй, мөн хэзээ ч хэнийг ч ашиглаж байгаагүй хүмүүс—ариун уу? Бусдын сайн сайхны төлөө ажилладаг, бусдад тус дэм үзүүлж, бүх талаар бусдад ашиг тус авчирдаг хүмүүс—ариун уу? Насан туршийнхаа хадгаламжийг бусдад өгч, энгийн амьдралаар амьдардаг, өөрсдөдөө хатуу чанд байдаг боловч бусдад өгөөмөр ханддаг хүмүүс—ариун уу? (Үгүй.) Ээж чинь та нарт анхаарал тавьж, боломжит бүх аргаар харж халамжилсныг та нар санаж байгаа—тэд ариун уу? Алдартай хүмүүс, одод эсвэл агуу хүмүүс ч бай та нарын эрхэмлэдэг шүтээнүүд чинь—ариун уу? (Үгүй.) Олон хүний хувьд үл мэдэгдэх ирээдүйг хэлэх чадвартай байсан Библи дэх эш үзүүлэгчдийг одоо харцгаая—ийм төрлийн хүн ариун байсан уу? Бурханы үг болон Түүний ажлын баримтуудыг Библид тэмдэглэх чадвартай байсан хүмүүс—ариун байсан уу? Мосе ариун байсан уу? Абрахам ариун байсан уу? (Үгүй.) Иовын тухайд ямар вэ? Тэр ариун байсан уу? (Үгүй.) Та нар яагаад ингэж хэлж байна вэ? Иов Бурханаар зөвт шударга хүн гэж нэрлэгдсэн, тэгвэл яагаад түүнийг хүртэл ариун биш гэж хэлж байна вэ? Та нар энд бага зэрэг айж болгоомжилж байна, үгүй гэж үү? Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс үнэхээр ариун биш гэж үү? Тэд ариун уу эсвэл үгүй юу? (Үгүй.) Та нар бага зэрэг болгоомжилсон байдалтай, тийм ч итгэлтэй биш байгаа бөгөөд “Үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй боловч мөн “Тийм” гэж хэлж ч зүрхэлдэггүй, иймээс та нар арай ядан “Үгүй” гэж хэлдэг. Би өөр нэг асуулт асууя. Бурханы элчүүд—газар дэлхий рүү Бурханы илгээсэн элчүүд—ариун уу? (Үгүй.) Анхааралтай бодоод үз. Үүнийг эргэцүүлэн бодоод хариултаа хэл. Тэнгэрэлчүүд ариун уу? (Үгүй.) Сатанаар ялзруулагдаагүй хүн төрөлхтөн—ариун уу? (Үгүй.) Та нар бүх асуултад “Үгүй” гэж хэллээ. Ямар үндсэн дээр? Та нарын “Үгүй” гэж хэлсний үндэслэл нь Миний дөнгөж саяын хэлсэн үг мөн үү? Та нар будилсан байна, үгүй гэж үү? Тэгвэл яагаад тэнгэрэлчүүдийг хүртэл ариун биш гэж хэлж байгаа юм бэ? Та нар болгоомжилж байна, үгүй гэж үү? Тэгвэл та нар, бидний өмнө нь дурдсан хүмүүс, зүйлс эсвэл бүтээгдээгүй зүйлс нь ямар үндсэн дээр ариун биш болохыг олж мэдэж чадах уу? Чадахгүй гэдэгт чинь Би итгэлтэй байна, тийм үү? (Тийм.) Иймээс та нарын “Үгүй” гэж хэлж байгаа чинь бага зэрэг хариуцлагагүй бус уу? Та нар хайнга хариулж байгаа биш гэж үү? Зарим хүмүүс: “Та ийм байдлаар асуусан болохоор энэ нь гарцаагүй үгүй байх ёстой” хэмээн бодлогоширч байгаа. Зүгээр л хайнга бүү хариул. Хариулт тийм эсвэл үгүй байх талаар анхааралтай бод. Бид дараах сэдвийг нөхөрлөх үед яагаад энэ нь “Үгүй” болохыг та нар мэдэх болно. Би та нарт хариултыг нь удахгүй өгнө. Эхлээд зарим нэг бичээсийг уншицгаая.
Ехова Бурханы хүнд өгсөн тушаал
(Эхлэл 2:15–17) Ехова Бурхан хүнийг аваад Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд түүнийг тэнд суулгав. Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, “Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно” гэж хэлжээ.
Могой эмэгтэйг уруу татсан нь
(Эхлэл 3:1–5) Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй могойд, Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно: Харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ гэж айлдсан хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.
Энэ хоёр ишлэл нь Библийн ямар номын хэсэг вэ? (Эхлэл.) Та нар энэ хоёр ишлэлийг сайн мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтнийг анх бүтээгдэх үед тохиолдсон зүйл юм; энэ бол бодитой үйл явдал байсан. Эхлээд Ехова Бурхан Адам, Ева хоёрт ямар тушаал өгснийг харцгаая, учир нь энэхүү тушаалын агуулга нь бидний өнөөдрийн сэдвийн хувьд маш чухал билээ. “Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, ийнхүү хэлжээ…” Дараах хэсгийг үргэлжлүүлэн уншъя. (“Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно.”) Энэ хэсэг дэх хүнд өгсөн Бурханы тушаал нь юуг агуулж байна вэ? Нэгдүгээрт Бурхан, юу идэж болохыг буюу олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг хүнд хэлсэн. Ямар ч аюул занал эсвэл хор байхгүй бөгөөд тэрээр бүгдийг нь хүссэнээрээ ямар ч болгоомжлох зүйлгүйгээр идэж болно. Энэ бол нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэ анхааруулга жимсийг нь идэж болохгүй модыг хүнд хэлсэн—тэрээр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх ёсгүй байлаа. Хэрвээ идвэл юу тохиолдох байсан бэ? Бурхан хүнд: Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхэх болно гэж хэлсэн. Эдгээр үг илэн далангүй байна уу? (Тийм.) Хэрвээ Бурхан чамд ингэж хэлсэн боловч яагаад гэдгийг нь ойлгоогүй бол чи үүнийг дагах ёстой дүрэм журам, тушаал гэж үзэх байсан уу? Үүнийг дагах ёстой, үгүй гэж үү? Гэхдээ хүн үүнийг дагаж чадах ч бай үгүй ч бай, Бурханы үг ойлгомжтой. Бурхан хүнд, юу идэж болох, юу идэж болохгүйг нь болон идэх ёсгүй зүйлээ идвэл юу тохиолдохыг нь маш тодорхой хэлсэн. Түүний хэлсэн эдгээр товчхон үгнээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харав уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? (Үгүй.) Ямар нэг заналхийлсэн зүйл байна уу? (Үгүй.) Бурхан хүнд, юу идэж болох болон юу идэж болохгүйг нь шударгаар, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа тов тодорхой, илэн далангүй хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн нууцлаг утга байгаа юу? Эдгээр үг шулуухан байна уу? Төсөөлөх хэрэг байна уу? (Үгүй.) Таамаглах хэрэггүй, тийм биз? Тэдгээрийн утга нь хараажаар илт бөгөөд чи харангуутаа л үүнийг ойлгодог. Энэ нь тов тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлэхийг хүсдэг, илэрхийлэхийг хүсдэг зүйл зүрх сэтгэлээс нь гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс нь маш цэвэр, шулуухан бөгөөд маш тодорхой байдаг. Ямар ч нуугдмал сэдэл эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнтэй шууд ярьж, юу идэж болохыг болон юу идэж болохгүйг нь түүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл ойлгомжтой гэдгийг, Бурханы зүрх сэтгэл үнэн юм гэдгийг хүн харж болно. Чиний идэж болох зүйлийг идэж болохгүй гэж хэлж, эсвэл идэж болохгүй зүйлийн чинь тухайд “Хийж үзээд юу болохыг нь хар” гэж хэлэх хуурамч байдал энд огтоос байдаггүй. Тэр ингэсэн үү? (Үгүй.) Үгүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, түүнийгээ л хэлдэг. Хэрвээ Би, Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилдэг учраас Бурхан бол ариун гэж хэлбэл, өчүүхэн зүйлийг дэвэргэж байгаа мэт, эсвэл Өөрийн тайлбарыг арай их дэгсдүүлсэн мэт чамд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов, бид хараахан дуусаагүй байна.
“Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцацгаая. Могой хэн бэ? (Сатан.) Сатан, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь бид Бурханы ариун байдлын талаар ярилцах үедээ дурдахгүй байж болохгүй үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Сатаны хорон муу, ялзрал эсвэл Сатаны уг чанарыг мэдэхгүй бол үнэндээ ариун байдал гэж юу болохыг чи хүлээн зөвшөөрөхийн аргагүй, мөн үүнийг мэдэж ч чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс, Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Ямар ч товойлгогчгүйгээр, харьцуулах юу ч байхгүйгээр чи ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй, иймээс энэхүү сэдвийг энд дурдах ёстой. Бид энэхүү сэдвийг оргүй хоосноос гаргаагүй, харин ч Сатаны үг болон үйл хэргээр нь дамжуулан Сатан хэрхэн үйлддэгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, тэр ямар уг чанартайг болон төрх байдал нь ямар болохыг бид харах болно. Тэгвэл энэ эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурханы өөрт нь хэлсэн үгийг могойд өгүүлсэн. Түүний хэлснээс авч үзвэл, Бурханы өөрт нь хэлсэн бүхний үнэн зөв байдлыг тэр баталсан уу? Тэр үүнийг баталж чадаагүй, тийм үү? Шинээр бүтээгдсэн нэгэн болохын хувьд түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй, мөн түүнд өөрийнхөө эргэн тойронд байгаа аливаа зүйлийг танин мэдэх чадвар ч байгаагүй. Түүний могойд хэлсэн үгээс авч үзвэл, тэрээр Бурханы үгийг зүрх сэтгэлдээ үнэн зөв гэж батлаагүй байсан; түүний хандлага ийм байв. Иймээс уг эмэгтэйд Бурханы үгний талаар тодорхой хандлага байхгүй байгааг могой харах үедээ, “Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд ямар нэгэн буруу зүйл байна уу? Энэ өгүүлбэрийг уншиж дуусах үедээ та нар могойн цаад санааг мэдрэв үү? (Тийм.) Могой ямар санаархалтай байсан бэ? (Хүнийг нүгэл үйлдэхэд уруу татсан.) Тэр, Бурханы үгийг анхаарч үзэхийг нь болиулахын тулд энэ эмэгтэйг уруу татахыг хүссэн, гэхдээ тэр шулуухан ярьсан уу? (Үгүй.) Тэр шууд хэлээгүй, иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Дотроо хүнээс нууж байдаг зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэр өөрийн санааг зальжин, тойруу байдлаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Сатан хэзээд ингэж ярьж хэлж, үйлдсээр ирсэн. Тэрээр аль нэг талыг батлахгүйгээр “магадгүй” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн үү? (Тийм.) Үг нь хүссэн үр нөлөөгөө үзүүлж байгаад могой баяртай байсан—энэ нь могойн зальт санаа байсан юм. Цаашлаад хүний сайн зүйл гэж итгэсэн үр дүнг ашиглан тэр түүнийг уруу татаж, “үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс тэр эмэгтэй: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” хэмээн бодолхийлсэн. Гэтэл могой, хүний бүр ч илүү сайхан гэж итгэдэг үгийг, хүний мэдэхгүй үгийг, сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй энэ үгийг хэлсэн: “та нар Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно.” Эдгээр үг хүнийг уруу татах хүчтэй биш гэж үү? Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тэгнэ.) Иймээс эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан ордог. Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгнээс хүн түүний муу ёрын сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна. Тийм биш гэж үү? (Тийм.) Эдгээр өгүүлбэрийг харьцуулахдаа, задлан шинжлэхгүй бол чамд магадгүй Еховагийн үг сонирхолгүй, жирийн, энгийн мэт, мөн тэдгээр нь Бурханы үнэнч шударга байдлыг магтах талаар илүү ихээр сурталчилах үнэ цэнэтэй биш гэж санагдаж болох юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн төрх байдлыг аваад тэдгээрийг товойлгогч болгон ашиглах үед, Бурханы эдгээр үг нь өнөөдрийн хүмүүсийн хувьд ихээхэн нөлөөтэй юу? (Тийм.) Энэ товойлгогчоор дамжуулан хүн Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг мэдэрч болно. Миний ингэж хэлж байгаа зөв үү? (Тийм.) Сатаны хэлдэг үг болгон, түүнчлэн түүний сэдэл, санаархал болон ярьж байгаа байдал нь—бүгд хуурамч байдаг. Түүний ярих арга барилын үндсэн онцлог нь юу вэ? Тэр чамд мэдэгдэлгүйгээр, мөн түүний зорилго юу болохыг ялган салгах боломжийг ч олгохгүйгээр чамайг уруу татахын тулд хоёрдмол утгатай үг ашигладаг; тэр чамд өгөөш үмхүүлж, түүнийг магтаж, ач гавьяаг нь магтан дуулахад чамайг хүргэдэг. Энэ нь Сатаны байнгын заль мэх биш гэж үү? (Тийм.)
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?