Цор ганц Бурхан Өөрөө V
Бурханы ариун байдал (II) (III хэсэг)
Бурханы ариун байдал нь танил сэдэв байж болох ч яриад үзэхээр зарим хүнд жаахан хийсвэр болж, агуулга нь жаахан гүнзгий байж магадгүй сэдэв юм. Яагаад гэвэл урьд нь хүмүүс энэ сэдвийн бодит талтай бараг харьцаж байгаагүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бид аажмаар явж, Бурханы ариун байдал гэж юу болохыг ойлгоход чинь Би туслах болно. Хэн нэгний ямаршуу хүн бэ гэдгийг ойлгохын тулд хийдэг зүйл, үйлдлийнх нь үр дүнг хар, тэгвэл тухайн хүний мөн чанарыг харж чадна. Ингэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл эхлээд энэ өнцгөөс Бурханы ариун байдлын талаар нөхөрлөцгөөе. Сатаны мөн чанар ёрын муу байдаг гэж хэлж болох тул хүнд чиглэсэн Сатаны үйлдэл нь хүнийг зогсолтгүй завхруулах явдал байж ирлээ. Сатан ёрын муу учраас түүний завхруулсан хүмүүс ёрын муу гэдэг нь гарцаагүй, тийм биз? “Сатан ёрын муу, гэхдээ түүний завхруулсан хүн ариун байж магадгүй” гэж хэлэх үү? Тэгвэл хөгийн хэрэг болно биз дээ? Тийм зүйл байж болно гэж үү? (Болохгүй.) Иймээс энэ тухайд ингэж бүү бод. Сатан ёрын муу бөгөөд түүний ёрын муу байдалд мөн чанарын болон бодитой тал аль аль нь бий. Энэ зүгээр ч нэг хоосон үг биш. Бид Сатаныг гүжирдэх гээгүй; харин гагцхүү үнэн ба бодит байдлын тухай нөхөрлөж байна. Энэ сэдвийн бодит байдлын талаар нөхөрлөх нь зарим нэг хүн, эсвэл тодорхой нэг бүлэг хүмүүсийг эмзэглүүлж магадгүй ч үүнд ямарваа хорлонт санаа байхгүй: өнөөдөр та нар үүнийг сонсоод жаахан тавгүйтэж магад, гэвч үүнийг хүлээн зөвшөөрөх өдөр удахгүй ирэхэд өөрсдийгөө та нар жигших бөгөөд өнөөдөр ярьсан зүйл маань та нарт маш их хэрэгтэй, тун их үнэ цэнтэй гэдгийг мэдэрнэ. Сатаны мөн чанар ёрын муу байдаг тул Сатаны үйлдлийн үр дүн гарцаагүй ёрын муу байдаг, эсвэл ядаж ёрын муутай нь холбоотой байдаг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Дэлхий ертөнцөд болон хүн төрөлхтний дунд Сатаны хийдэг ёрын муугийн дотроос тухайлсан ямар тал нь хүмүүст илэрхий, ойлгомжтой байдаг вэ? Та нар энэ талаар урьд нь бодож үзэж байсан уу? Энэ тухайд та нар нэг их бодоогүй байж магад тул Би хэдэн гол асуудлыг хөндье. Сатаны дэвшүүлдэг хувьслын онолын талаар хүн бүр мэднэ, тийм биз? Энэ салбарын мэдлэгийг хүмүүс судалдаг биз дээ? (Тийм ээ.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахын тулд эхлээд эрдэм мэдлэгийг ашигладаг бөгөөд өөрийн сатанлаг арга барилыг ашиглан хүнд мэдлэг олгодог. Дараа нь тэр шинжлэх ухааныг ашиглан хүнийг завхруулж, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, нууцлаг асуудлууд болон хүмүүсийн судлахыг хүсдэг зүйлсийн тухай сонирхлыг нь өдөөдөг. Хүнийг завхруулахад ашигладаг дараачийн зүйлс нь уламжлалт соёл, мухар сүсэг бөгөөд үүний дараа нийгмийн хандлага байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолддог, хүмүүстэй ойр оршдог зүйлс юм; тэдгээр нь бүгд хүмүүсийн хардаг, сонсдог, хүрдэг, мэдэрдэг зүйлтэй холбоотой байдаг. Хүн болгон эдгээр зүйлээр хүрээлүүлэн амьдардаг бөгөөд өөрөө хүслээ ч эдгээрээс ангижирч, чөлөөлөгдөж чаддаггүй гэж хэлж болно. Эдгээр зүйлтэй тулгараад хүн төрөлхтөн арга мөхөстөх агаад нөлөөнд нь автаж, халдвар авч, хяналт, хүлээсэнд нь орохоос өөр яаж ч чаддаггүй; хүн тэдгээрээс мултрахад хүчин мөхөстдөг.
1. Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай
Эхлээд эрдэм мэдлэгийн талаар ярилцъя. Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Хүмүүс наад зах нь “эрдэм мэдлэг” гэх үгийг сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдах болов? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хууль нь эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Газар дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм ээ.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухайд юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч болов үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгээ юунд үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Хүн төрөлхтний судалгаа шинжилгээгээр олж авсан мэдлэг, үүний нэгдсэн дүгнэлт нь бурхангүйн үзэлд суурилсан байдаг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй холбоогүй, үнэнтэй холбоогүй байдаг гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухайд, “Эрдэм мэдлэг үнэнтэй ямар ч холбоогүй байж болох ч хүмүүсийг бас завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухайд ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүн хувь заяагаа өөрөө удирддаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм ээ.) Энэ ямар гээч яриа вэ? (Хий дэмий яриа.) Яг зөв! Хий дэмий яриа шүү дээ! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар нь зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж хэлж магад. Энэ нь Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхийн оронд зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг нь үнэн биз дээ? Эрдэм мэдлэг гагцхүү амь амьжиргаа, ажил, орлого өгч, чамайг өлмөн зэлмэн явуулахгүй; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Эрдэм мэдлэгийг судлах тусам Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл төрнө. Тэгвэл одоо эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид харж байна вэ? Үүний заадаг бүхэн нь Сатаны гүн ухаан байдаг. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Өлсөх гэдэг ёолж болдоггүй өвчин” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр зүйр үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсох үед ой гутах мэдрэмж төрдөг. Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн хэрэглэдэг тухай хүн болгон багцаалсан ойлголттой байх. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаан, бодол сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан ийм зүйл хийснээр сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг нь хүн хүлээн авч, улмаар Бурханы оршин тогтнол, бүх зүйл, хүний хувь заяан дахь Бурханы ноёрхлыг үгүйсгэх боломж бүрддэг. Иймээс хүн хичээл сурлагаа ахиулж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд тодорхойгүй болсон мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг бүр мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй, энэхүү эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Сатан хүнийг завхруулах явдлын салшгүй хэсэг энд өрнөдөг бөгөөд хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.
Эхлээд эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талыг хөндье. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулах чадвартай юу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэгсэл төдийгүй өнөөдөр Бурхан үг хэлээр хүмүүстэй харилцаж байгаа билээ. Тэдгээр нь хэрэглүүр, хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ нь мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээхээр эрэлхийлдэг. Жишээ нь, нийтлэлд бичигдсэн үгс ямар ч асуудалгүй. Харин нийтлэлч тухайн нийтлэлийг бичихдээ агуулж байсан үзэл бодол, санаа зорилго, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулах чадвартай. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд тухайн нэвтрүүлгийн ямаршуу зүйл хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн хэлсэн зүйл, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ юу гэж хэлээд байгааг минь одоо та нар мэдлээ. Үүнийг буруугаар ойлгохгүй биз? Тэгэхээр дараачийн удаад чи зохиол, нийтлэл унших үедээ бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага хэмжээнд чадна.) Энэ бол шууд амархан ойлгогдох зүйл биш бөгөөд аажмаар судалж, туулах ёстой зүйл юм. Жишээ нь эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Тухайлбал, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс тогонд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгомогцоо чи цахилгаан гүйдэлтэй биетэд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм. Эрдэм мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухайд юу хэлэлцэж байсныг та нар одоо тодорхой ойлгов уу? Хэрэв ойлгосон бол энэ тухай цааш ярихгүй, учир нь дэлхий ертөнцөд олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар тэдгээрийг өөрсдөө яаралгүй ялгаж салгах ёстой.
2. Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай
Шинжлэх ухаан гэж юу вэ? Хүн бүр оюун санаандаа шинжлэх ухааныг өндөр нэр төртэйгөөр авч үзэн, гүн гүнзгий гэж тооцдог бус уу? Шинжлэх ухааныг дурдах үед хүмүүс, “Энэ нь эгэл хүмүүсийн хүрч чадахгүй зүйл; эрдэмтэн судлаачид, шинжээчдийн л хөндөж болох сэдэв; энэ нь жирийн ард түмэн бидэнтэй ямар ч хамаагүй” гэж боддог бус уу? Шинжлэх ухаан жирийн хүмүүст хамаатай юу? (Хамаатай.) Сатан хүмүүсийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ? Энд бид хэлэлцүүлэгтээ хүмүүсийн амьдралд байнга тулгардаг зүйлсийн тухай л ярьж, бусад асуудлыг анхааралгүй орхиё. “Ген” гэж үг бий. Та нар энэ тухай сонсож байсан уу? Энэ нэр томьёог бүгд мэднэ биз дээ? Генийг шинжлэх ухаанаар олж нээсэн бус уу? Ген гэдэг нь хүмүүст яг юу гэсэн утгатай вэ? Үүнээс болж хүмүүс биеийг нууцлаг зүйл гэж боддог бус уу? Энэ сэдвийг танилцуулах үед улам их нарийн ширийнийг мэдье гэж хүсэх зарим хүн, тэр дундаа сониуч нөхөд байх бус уу? Энэхүү сониуч хүмүүс энэ сэдэвт эрч хүчээ төвлөрүүлж, өөр хийх юмгүй байх үедээ энэ талаар илүү нарийн ширийнийг олж мэдэхээр ном товхимол, интернэтээс мэдээлэл хайх болно. Шинжлэх ухаан гэж юу вэ? Энгийнээр хэлбэл шинжлэх ухаан гэдэг нь хүмүүсийн сониучирхдаг, үл мэдэгдэх, Бурханы хэлж өгөөгүй зүйлсийн талаарх үзэл бодол, онол юм; шинжлэх ухаан нь хүмүүсийн судлахыг хүсдэг нууцуудын талаарх үзэл бодол, онол билээ. Шинжлэх ухаан ямар хамрах хүрээтэй вэ? Шинжлэх ухаан бүх зүйлийг хамардаг гэж хэлж болох ч хүн шинжлэх ухааны ажлыг хэрхэн хийдэг вэ? Судалгаагаар хийдэг үү? Эдгээр зүйлийн нарийн ширийн, хууль дүрмийг судлаад дараа нь үнэмшилтэй онол гаргаж, улмаар хүн болгонд, “Энэ эрдэмтэд үнэхээр сүрхий юм! Ийм зүйлийг ойлгохуйц маш их мэдлэгтэй юм гээч!” гэж бодогдуулах явдал шинжлэх ухаанд багтдаг. Хүмүүс эрдэмтдийг маш их биширдэг, тийм биз? Шинжлэх ухаан судалдаг хүмүүс ямар үзэл бодолтой байдаг вэ? Орчлон ертөнцийг судалъя, сонирхдог салбарынхаа нууцлаг зүйлсийг судалъя гэж тэд хүсдэг бус уу? Үүнээс эцэст нь ямар үр дүн гардаг вэ? Зарим шинжлэх ухаанд хүмүүс таамгаар дүгнэлт гаргадаг бол бусад нь хүний туршлагад тулгуурлан дүгнэлт хийдэг. Мөн шинжлэх ухааны өөр салбаруудад хүмүүс туршлага, түүхэн болон суурь нөхцөл байдлын ажиглалтад үндэслэн дүгнэлтэд хүрдэг. Тийм биз дээ? Тэгвэл шинжлэх ухаан хүмүүсийн төлөө юу хийдэг юм бэ? Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх биетүүдийг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг хэдий ч бүх зүйл дээр Бурхан ноёрхдог хуулийг хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олох мэт болдог ч тэдгээр хариулт оньсого мэт байдаг бөгөөд ердөө л түр зуурын сэтгэл ханамж авчирдаг нь хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарлаа гэсэн тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөхдөө шинжлэх ухааны үзэл санаанд тулгуурладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, уруу татагдсаар Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг, мөн хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо байдаг. Тийм биз дээ? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан бий гэдэгт итгэдэггүй; тэр ч байтугай Бурханыг олон жил дагасан зарим хүн гэнэтхэн явж очоод нянгийн талаар судалж, асуудалд хариулт олохын тулд мэдээлэл хайх болно. Ийм хүмүүс аливаа асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй бөгөөд ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч бодол, мэдлэг, шинжлэх ухаанч шийдэлд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байдаг; тэд Бурханд найддаггүй, Бурханыг мөн эрж хайдаггүй. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бий юу? (Байхгүй.) Тэр ч бүү хэл, зарим хүн шинжлэх ухаан судалдаг аргаараа Бурханыг судлахыг хүсдэг. Жишээлбэл, хөвөгч авдар зогссон уул руу очиж, улмаар хөвөгч авдрын оршин тогтнолыг нотолсон шашин судлаач олон бий. Гэхдээ тэд хөвөгч авдрын харагдцаас Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн судалгааны үр дүн юм. Хэрэв чи бичил амь судлал, одон орон судлал, газар зүй гэх зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнож, бүх зүйлд дээд эрх барьдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хүнд юу хийдэг вэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судалгаанд оруулахад хүргэдэг бус уу? Бурханы оршин тогтнолд хүмүүсийг улам их эргэлзэхэд хүргэдэг бус уу? (Тийм ээ.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Шинжлэх ухааны дүгнэлт ашиглан хүмүүсийг хуурч, мэдээ алдуулж, битүүлэг хариулт ашиглан хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулж, улмаар тэднийг Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, үүнд итгэхгүй байхад хүргэдэг бус уу? (Тийм ээ.) Иймээс Би шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж хэлдэг юм.
3. Сатан хүнийг завхруулахад уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай
Уламжлалт соёлын нэг хэсэг гэж тооцогддог олон зүйл байдаг уу? (Тийм ээ.) Энэ “уламжлалт соёл” гэдэг нь ямар утгатай вэ? Зарим нь үүнийг өвөг дээдсээс уламжилж ирсэн гэж хэлж байна—энэ бол нэг тал нь. Анхнаасаа амьдралын хэв маяг, зан заншил, үг хэллэг, дүрэм журам нь гэр бүл, угсаатны бүлэг, тэр ч байтугай бүхий л хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн бөгөөд хүмүүсийн бодолд шингэсэн байдаг. Хүмүүс эдгээрийг амьдралынх нь салшгүй хэсэг гэж үзэн, дүрэм журам гэж ханддаг бөгөөд тэдгээр нь өөрөө амь мэтээр дагаж мөрддөг. Үнэхээр л хүмүүс өвөг дээдсээс нь уламжилж ирсэн тул эдгээрийг хэзээ ч өөрчилж, орхихыг хүсдэггүй. Күнз, Мэнзээс өвлөгдөж ирсэн зүйлс, хятадын Дао, Күнзийн сургаалын хүмүүст зааж сургасан зүйлс гэх зэргээр хүмүүсийн яс маханд шингэсэн уламжлалт соёлын өөр талууд бий. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёлд ямар зүйл багтдаг вэ? Хүмүүсийн тэмдэглэдэг баяр наадам багтдаг уу? Жишээ нь: цагаан сар, дэнлүүний баяр, шарил цэвэрлэх өдөр, луут завины баяр, сүнсний баяр, намрын дунд сарын наадам гэх мэт. Өндөр настнууд тодорхой нас зооглосны ой, хүүхдүүд нэг сар хүрсэн эсвэл зуу хоносон өдрийг хүртэл зарим гэр бүлд тэмдэглэдэг. Эдгээр нь бүгд уламжлалт баяр наадам юм. Эдгээр баярын цаана уламжлалт соёл байдаг бус уу? Уламжлалт соёлын гол цөм нь юу вэ? Энэ нь Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнийг хэрэгжүүл гэж хүмүүст хэлэхтэй холбоотой юу? Бурханд өргөл өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг сонсдог аливаа баяр наадам бий юу? Тийм баяр наадам байдаг уу? (Байхгүй.) Энэ бүх баяр наадмаар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үед эдгээрийг идэж ууж, наргиж цэнгэх үйл явдал гэж үздэг. Уламжлалт соёлын цаана ямар эх үүсвэр байдаг вэ? Уламжлалт соёл хэнээс гаралтай вэ? (Сатанаас гаралтай.) Уламжлалт соёл Сатанаас гардаг. Эдгээр уламжлалт баяр наадмын дүр зургийн цаана Сатан хүнд тодорхой зүйлсийг шингээдэг. Эдгээр зүйл нь юу вэ? Эдгээрийн нэг нь хүмүүст өвөг дээдсийг нь сануулах явдал мөн үү? Жишээ нь шарил цэвэрлэх өдрөөр хүмүүс өвөг дээдсээ мартахгүйн тулд шарилыг нь цэвэрлэж, өвөг дээдэстээ өргөл өргөдөг. Түүнчлэн Сатан хүмүүст эх оронч байхыг сануулдгийн нэг жишээ нь луут завины баяр юм. Тэгвэл намрын дунд сарын наадам яадаг вэ? (Гэр бүлийнхнийг цуглуулдаг.) Гэр бүлийн цугларалтын цаад нөхцөл байдал нь юу вэ? Үүний шалтгаан юу вэ? Сэтгэлээсээ ярилцаж, сэтгэлээрээ холбогдох явдал. Мэдээж цагаан сарын битүүнийг тэмдэглэнэ үү, дэнлүүний баярыг тэмдэглэнэ үү хамаагүй, эдгээр тэмдэглэлт явдлын цаад шалтгааныг тайлбарлах олон арга бий. Яаж ч тайлбарлалаа гэсэн эдгээр шалтгаан нь дор бүрдээ Сатаны гүн ухаан, сэтгэлгээг хүмүүст шингээх арга зам байдаг бөгөөд ингэснээр хүмүүс Бурханаас төөрч, Бурхан байгаа гэдгийг мэддэггүй болж, өвөг дээдэстээ юм уу Сатанд өргөл барьж, эс бөгөөс махан биеийн хүслийн төлөө идэж ууж, наргиж цэнгэнэ. Энэ баяр наадам бүрийг тэмдэглэх зуур хүмүүсийг мэдээгүй байхад оюун санааных нь гүнд Сатаны үзэл бодол суудаг. Хүмүүс дөч, тавь хүрч, эсвэл бүр өндөр нас зооглох үед Сатаны эдгээр үзэл бодол зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Түүнчлэн хүмүүс эдгээр санааг зөв ч бай, буруу ч бай хамаагүй хойч үедээ ялгаваргүй, бүрэн уламжлах гэж чадах чинээгээрээ хичээдэг. Тийм биз дээ? (Тийм ээ.) Уламжлалт соёл, эдгээр баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэмд хязгаарлагдаж, хүлэгдээд Бурханыг эрж хайх цаг зав, эрч хүчгүй болдог.) Нэг тал нь ийм байдаг. Жишээлбэл, цагаан сарыг хүн бүр тэмдэглэдэг—тэмдэглэхгүй бол чи гуниглах бус уу? Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг ямарваа мухар сүсэг чамд бий юу? “Би шинэ оноо тэмдэглэсэнгүй, бас цагаан сарын өдөр муухай өдөр байсан юм чинь энэ жил ч бас тэр чигтээ муу байх бус уу” гэж бодож болох уу? Санаа зовж, жаахан айж эмээхгүй гэж үү? Олон жил өвөг дээдэстээ өргөл өргөөгүй хүн талийгаач өөрөөс нь мөнгө нэхэж байгаа зүүд гэнэт зүүдлэх нь ч байдаг. Тэдэнд ямар санагдах вэ? “Одоо өөд болчихсон хүнд үрэх мөнгө хэрэгтэй байгаа нь яасан гунигтай юм бэ! Тэдэнд зориулаад цаасан мөнгө шатаая. Тэгэхгүй бол огт болохгүй. Амьд хүмүүс бидэнд асуудал үүсгэж магадгүй—золгүйтэл хэзээ ниргэхийг хэн мэдлээ?” Тэд үргэлж иймэрхүү багахан айдас өвөртөлж, сэтгэлдээ зовних болно. Хэн тэдэнд ийм зовнил өгдөг вэ? (Сатан өгдөг.) Сатан бол энэхүү зовнилын эх сурвалж юм. Сатан хүнийг завхруулдаг аргуудын нэг нь энэ бус уу? Сатан чамайг мэл гайхуулж, буулган авч, захирахын тулд хянаж, заналхийлж, хүлэх янз бүрийн арга, шалтаг ашигладаг; Сатан ийнхүү хүнийг завхруулдаг. Хүмүүс ихэвчлэн сул дорой байдалтай, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй байх үедээ юмыг өөрийн эрхгүй төөрөгдсөн байдлаар хийж болно; өөрөөр хэлбэл тэд Сатаны гарт өөрийн мэдэлгүй унаж, өөрийн эрхгүй үйлдэн, юу хийж байгаагаа мэдэхгүйгээр аливааг хийж магадгүй юм. Сатан ийм маягаар хүнийг завхруулдаг. Гүн үндэслэсэн уламжлалт соёлоос хагацах дургүй, үүнийг ердөө орхиж чаддаггүй хүмүүс одоо бүр нэлээд цөөнгүй бий. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ ийм баяр наадам тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, сэтгэлийг нь дахин хангалуун болгож, өөрсдийн зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэмжилдэг. Уламжлалт соёлын цаад нөхцөл байдал ямар байдаг вэ? Хөшигний цаана Сатаны хар гар хяналтыг атгаж байна уу? Сатаны ёрын муу уг чанар явуулга хийж, хянаж байна уу? Энэ бүгдийг Сатан эрхэндээ байлгадаг уу? (Тийм ээ.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, иймэрхүү уламжлалт баяр наадам тэмдэглэдэг нь Сатанд хууртаж, завхрах орчин болдог төдийгүй тэд дуртайяа Сатанд хууртаж, завхардаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүгдийн хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.
4. Сатан хүнийг завхруулахын тулд мухар сүсгийг хэрхэн ашигладаг тухай
Та нар “мухар сүсэг” гэх нэр томьёог мэднэ биз дээ? Мухар сүсэг, уламжлалт соёл хоёр зарим нэг холбоотой ч өнөөдөр бид тэдгээрийн талаар ярихгүй. Харин Би мэргэ төлгө хийх, хувь заяаг мэргэлэх, хүж шатааж, Буддаг шүтэх гэх зэрэг хамгийн түгээмэл тааралддаг мухар сүсгийн хэлбэрийн талаар ярья. Зарим хүн мэргэ төлгө хийдэг, өөр бусад нь Буддаг шүтэж, хүж шатаадаг бол бусад нь хувь заяагаа мэргэлүүлж, царайны хэлбэрээ шинжүүлж, хувь заяагаа ийм байдлаар хэлүүлдэг. Та нараас хэр олон чинь хувь заяагаа мэргэлүүлж, царайгаа шинжүүлж байсан бэ? Үүнийг ихэнх хүн сонирхдог, тийм биз? (Тийм ээ.) Яагаад тэр вэ? Мэргэ төлгө, хувь заяаны мэргээс хүмүүс ямар төрлийн ашиг тус хүртдэг вэ? Ямар төрлийн сэтгэл ханамж олж авдаг вэ? (Сониуч зангаа хангадаг.) Зүгээр л сониуч зангаа хангадаг гэж үү? Миний бодлоор тийм байх албагүй. Мэргэ төлгө ямар зорилготой вэ? Яагаад мэргэ төлгө хийдэг вэ? Ирээдүйг харахын төлөө тэгдэг биш үү? Хүмүүс ирээдүйгээ мэдэхийн тулд царайгаа шинжүүлж, бусад нь аз хийморьтой байх эсэхээ мэдэхийн тулд мэргэлүүлдэг. Зарим хүн гэрлэлтээ ямар байхыг мэдэх гэж мэргэлүүлдэг бол өөр бусад нь ирж яваа жил ямаршуу хийморьтой байхыг үзэх гэж мэргэлүүлдэг. Зарим хүн өөрийнхөө болон үр хүүхдийнхээ хэтийн ирээдүйг мэдэхийн тулд царайгаа шинжүүлдэг бол зарим бизнес эрхлэгч хэр их мөнгө олохоо үзэх гэж мэргэлүүлж, яах ёстой тухайд төлгөчөөс удирдамж эрэлхийлдэг. Тэгэхээр сониуч байдлаа хангах гэж л ингэдэг гэж үү? Хүмүүс ирээдүй дэх хувийн эрх ашгийнхаа төлөө царайгаа шинжүүлж, иймэрхүү зүйл хийдэг; өөрсдийнх нь хувь заяатай энэ бүхэн нь нягт холбоотой гэдэгт тэд итгэдэг. Эдгээрийн аль нэг нь хэрэгцээтэй юу? (Үгүй.) Яагаад хэрэггүй юм бэ? Эдгээрээр дамжуулж зарим нэг зүйл мэдэж авах нь сайн хэрэг биш үү? Эдгээр арга нь хэзээ асуудал үүсэж магадгүй тухай мэдэхэд тус болно, хэрэв эдгээр асуудлыг гарахаас нь өмнө мэдэх юм бол сэргийлж болох бус уу? Хувь заяагаа мэргэлүүлбэл төөрдөг байшингаас хэрхэн зөв замаа олохыг харуулж, улмаар чи ирэх жилдээ аз хийморьтой байж, бизнесээрээ дамжуулан асар их эд баялаг хураах боломжтой. Тэгэхээр энэ хэрэгтэй юу, хэрэггүй юу? Хэрэгтэй эсэх нь бидэнд хамаагүй, бас өнөөдрийн бидний нөхөрлөл энэ сэдвийг хамрахгүй. Сатан хүнийг завхруулахад мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Мэргэ төлгө хийх, царай шинжих, хувь заяа мэргэлэх гэх мэтээр дамжуулан хүмүүсийн мэдэхийг хүсдэг бүхэн нь ирээдүйд тэдний хувь заяа ямар байх, урдах зам нь ямар байгаа талаар олж мэдэх зорилготой байдаг боловч эцсийн эцэст эдгээр зүйлийг хэн угаасаа хянаж байдаг вэ? (Бурхан хянаж байдаг.) Энэ бүх зүйл Бурханы гарт байдаг. Эдгээр арга барилыг ашиглан Сатан хүмүүст юуг мэдүүлэх гэдэг вэ? Сатан царай шинжих, хувь заяаны мэргийг ашиглан “Ирээдүйн хувь заяаг чинь би мэднэ, эдгээрийг би мэдэхээс гадна хянаж байгаа” гэж хүмүүст хэлэхийг хүсдэг. Сатан энэ боломжийг далимдуулж, ийм арга барил ашиглан хүмүүсийг хянаж, улмаар өөртөө сохроор итгүүлэн, үг болгоноо дуулгавартай дагуулахыг хүсдэг. Жишээлбэл чи царайгаа шинжүүлсэн бол, төлгөч нүдээ аниад өнгөрсөн хэдэн жилд чамд тохиолдсон бүхнийг нэгд нэггүй хэлбэл сэтгэлд чинь ямар санагдах вэ? “Яг зөв хэлж байна! Би өнгөрсөн үеийнхээ талаар урьд нь хэнд ч, хэзээ ч хэлж байгаагүй атал төлгөч энэ талаар яаж мэдэв ээ? Энэ төлгөчийг би үнэхээр биширч байна!” гэж чи тэр дороо бодно. Чиний өнгөрсөн үеийн талаар мэдэх нь Сатаны хувьд дэндүү амархан бус уу? Бурхан чамайг өнөөдрийн байгаа газар луу чинь хөтөлсөн бөгөөд тэр хооронд Сатан хүмүүсийг завхруулж, чамайг дагаж ирсэн. Амьдралын чинь өнгөрсөн олон арван жил Сатаны хувьд юу ч биш бөгөөд эдгээр зүйлийг мэднэ гэдэг Сатанд амархан байдаг. Сатаны хэлж буй бүхэн оновчтой байгааг олж мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд хүлээлгэн өгч буй бус уу? Өөрийн ирээдүй, хувь заяаг хяналтад нь оруулж, түүнийг түшиж тулж байгаа бус уу? Хормын төдийд зүрх сэтгэл чинь түүнийг хүндэлж, биширнэ, мөн энэ үед зарим хүн сүнсээ аль хэдийн булаалгасан байх болно. Тэгээд төлгөчөөс даруйхан ингэж асууна: “Би одоо яах хэрэгтэй вэ? Ирэх жил юунаас зайлсхийх ёстой вэ? Ямар зүйл хийх ёсгүй вэ?” Дараа нь төлгөч, “Чи тэнд очиж болохгүй, тийм зүйл хийж болохгүй, ийм өнгийн хувцас өмсөж болохгүй, иймэрхүү газруудаар явахаа багасгаж, ийм зүйл илүү их хийх хэрэгтэй…” хэмээнэ. Түүний хэлсэн бүхнийг чи тэр даруй сэтгэлдээ тусгаж авах бус уу? Түүний үгийг чи Бурханы үгээс ч хурдан цээжилнэ. Яагаад ийм хурдан цээжлэх вэ? Учир нь чи Сатанд найдан аз хийморьтой байхыг хүснэ. Сатан энэ л үед зүрх сэтгэлийг чинь эзэмддэг бус уу? Зөгнөл нь ар араасаа биелэх үед чи төлгөч дээр шууд эргэн очоод, дараа жилийн чинь хувь төөрөг ямар байхыг мэдэхийг хүсэх бус уу? (Тийм ээ.) Тэгээд Сатаны хий гэсэн бүхнийг хийж, боль гэсэн бүхнийг болино. Энэ маягаар чи Сатаны хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж байгаа бус уу? Маш хурдан түүний тэвэрт орж, хууртаж, хяналтад нь орно. Сатаны хэлдэг зүйлийг үнэн гэж итгэн, өнгөрсөн болоод өнөөгийн амьдралын чинь тухай, мөн ирээдүйд юу болох тухай мэддэг гэдэгт нь чи итгэдэг учраас ийм зүйл болдог. Сатан ийм арга барил ашиглан хүмүүсийг хянадаг. Гэвч бодит байдал дээр хэн үнэхээр хяналтыг атгадаг вэ? Сатан бус, Бурхан Өөрөө хяналтыг атгадаг. Сатан энэ тохиолдолд гагцхүү овжин явуулгаа ашиглан мэдлэггүй хүмүүсийг хуурч, зөвхөн материаллаг ертөнцийг хардаг хүмүүсийг хуурах замаар өөртөө итгүүлж, өөрт нь найдахад хүргэдэг. Дараа нь тэд Сатаны саварт унаж, үг бүрийг нь дуулгавартай дагадаг. Гэвч Сатан хүмүүсийг Бурханд итгэж, Бурханыг дагахыг хүсэх үед ер нь тавьж явуулдаг уу? Тавьж явуулдаггүй. Ийм нөхцөлд хүмүүс үнэхээр Сатаны савар луу унаж байгаа хэрэг үү? (Тийм ээ.) Энэ асуудал дээрх Сатаны зан авирыг ичгүүргүй гэж хэлж болох уу? (Болно.) Яагаад тэгж хэлэх вэ? Учир нь эдгээр нь зальхай, ов мэхтэй арга байна. Сатан ичгүүргүй бөгөөд өөрөө хүмүүсийн бүх зүйлийг хянадаг, бүр хувь заяаг нь хянадаг гэж хүмүүст эндүү ташаа бодогдуулдаг. Ингэснээр мэдлэггүй хүмүүс Сатаныг бүрэн дуулгавартай дагахад хүрдэг. Тэд ердөө хэдхэн үгэнд хууртдаг. Тэгээд мэл гайхсандаа Сатаны өмнө мөргөдөг. Тэгэхээр Сатан чамайг өөртөө итгүүлэхийн тулд ямар төрлийн арга ашиглаж, юу гэж хэлдэг вэ? Жишээ нь, чи Сатанд ам бүл хэдүүлээ байдгаа хэлээгүй боловч Сатан ам бүл чинь хэдүүлээг мөн л хэлж, эцэг эх, үр хүүхдийн чинь насыг хэлж өгөх чадвартай байж болох юм. Хэдийгээр чи үүнээс өмнө Сатаны талаар хардаж сэрдэж, эргэлзэж явсан ч ийм зүйл хэлэхийг нь сонсвол Сатан жаахан үнэмшилтэй санагдах бус уу? Дараа нь Сатан, ойрын үед ажил чинь хэр хэцүү байсан, дарга нар чинь чамайг зохих ёсоор үнэлдэггүй, цаг үргэлж чиний эсрэг явдаг гэх мэт зүйл хэлж магад. Үүнийг сонсчхоод чи, “Яг үнэн! Ажил дээр хэцүү байгаа шүү” гэж бодно. Тэгээд Сатанд арай их итгэнэ. Дараа нь Сатан чамайг хуурах өөр нэг зүйл хэлж, өөртөө улам ч их итгүүлнэ. Бага багаар чи Сатаныг эсэргүүцэж чадахаа больж, хардаж сэрдэхээ болино. Сатан ердөө шалихгүй хэдэн арга заль, бүр ялихгүй өчүүхэн арга заль хэрэглээд ийм маягаар толгойг чинь эргүүлдэг. Толгой чинь эргэх явцад чи байр байдлаа мэдэхээ байж, яах учраа олохоо больж, Сатаны хэлсэн зүйлийг дагаж эхэлнэ. Энэ бол хүнийг завхруулахад Сатаны ашигладаг “суут” арга бөгөөд үүнээс үүдэн чи өөрийн мэдэлгүй Сатаны урхинд орж, түүнд уруу татагддаг. Сатан чамд хүмүүсийн сайн гэж боддог цөөн зүйл хэлээд юу хийх, юу хийхээс зайлсхийх вэ гэдгийг дараа нь хэлж өгдөг. Ийнхүү чи тэр замаар өөрийн мэдэлгүй урууддаг. Тэр замаар уруудмагц чамд төвөг чирэгдэл л учрах бөгөөд Сатан юу гэж хэлсэн, юу хий гэж хэлсэн талаар цаг ямагт бодож, өөрөө ч мэдэлгүй түүнд эзэмдүүлнэ. Яагаад ингэдэг вэ? Учир нь хүн төрөлхтөн үнэнээр дулимаг тул бат зогсож, Сатаны уруу таталт, сорилтыг тэсвэрлэх чадваргүй юм. Сатаны ёрын муу, ов мэх, урвалт, хорлонт байдалтай тулгарсан хүн төрөлхтөн маш мэдлэггүй, томоогүй, сул дорой байдаг бус уу? Сатан хүнийг завхруулдаг нэг арга зам нь энэ бус уу? (Тийм ээ.) Сатаны янз бүрийн арга барилд хүн өөрийн эрхгүй бага багаар хууран мэхлэгддэг нь эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгах чадваргүй байдлаас үүдэлтэй. Тэдэнд ийм биеийн хэмжээ, Сатаныг ялан дийлэх чадвар дутагддаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?