Цор ганц Бурхан Өөрөө VIII
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II) (I хэсэг)
Өмнө нь хэлэлцсэн сэдвээ үргэлжлүүлцгээе. Өнгөрсөн удаа бид юуны талаар хэлэлцсэнийг та нар санаж байна уу? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэв та нарт их хол юм шиг санагддаг уу? Эсвэл та нар зүрх сэтгэлдээ аль хэдийн бүдүүн тойм үзэл баримтлалтай болсон байгаа юу? Энэ сэдвийн талаарх өмнөх нөхөрлөлийн маань гол санаа юу байсныг ярьж чадах хүн байна уу? (Бурхан бүх зүйлийг бүтээснээр дамжуулан би, Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг тэтгэдгийг хардаг. Өмнө нь би, Бурхан хүнийг хангах үедээ зөвхөн Өөрийн сонгосон хүмүүсийг үгээрээ хангадаг гэж үргэлж боддог байсан, харин бүх зүйлийн хуулиар дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг тэтгэж байгааг хэзээ ч харж байгаагүй. Үнэний энэ талын тухай Бурханы яриагаар л дамжуулан би, Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийг хангадаг, Тэрээр эдгээр хуулийг зохицуулж, бүх зүйлийг тэтгэдэг гэдгийг мэдэрсэн. Бүх зүйлийн бүтээлээс нь би Бурханы хайрыг хардаг.) Өнгөрсөн удаа бид, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар, мөн тэдгээрт зориулж хууль ба зарчмуудыг хэрхэн тогтоосон талаар голчлон ярилцсан. Ийм хууль, ийм зарчмуудын дор бүх зүйл хүнтэй хамт амьдарч, үхдэг бөгөөд Бурханы ноёрхол дор, Бурханы нүдэнд хүнтэй хамт зэрэгцэн оршдог. Бид эхлээд Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийн өсөлтийн хууль, түүнчлэн тэдний өсөлтийн тойрог зам, хэв маягийг тогтооход Өөрийн арга барилыг ашигладаг тухай, мөн энэ газар нутагт бүх зүйлийн амьдрах арга замыг Тэр бас тогтоож, тэднийг өсгөн үржүүлж, бие биеэс нь хамааруулж оршин тогтнуулсаар ирсэн тухай ярилцсан. Ийм арга маяг ба хуулиуд байснаар бүх зүйл энэ газар нутаг дээр амжилттай, амар тайван оршиж, өсөж чадна. Ийм орчинтой байснаар л хүн тогтвортой гэр орон, амьдрах орчинтой болж, Бурханы удирдамж дор цаашид хөгжин урагшилж, бүр илүү урагшилж чадна.
Өнгөрсөн удаа бид Бурхан бүх зүйлийг хангадаг тухай үндсэн ухагдахууныг хэлэлцсэн: Бурхан бүх зүйлийг ийм маягаар хангадаг болохоор бүх зүйл хүн төрөлхтний ашиг тусын төлөө оршин тогтнож, амьдарч болох юм. Өөрөөр хэлбэл, ийм орчин нь Бурханы тогтоосон хуулиудаас болж оршдог. Бурхан эдгээр хуулийг тогтоон барьж, удирддаг болохоор л одоогийн амьдрах орчин нь хүн төрөлхтөнд байдаг билээ. Өнгөрсөн удаа бидний ярилцсан зүйл бол өмнө нь бидний ярьсан Бурханы талаарх мэдлэгийн нэг том үсрэлт юм. Ийм үсрэлт яагаад оршдог вэ? Яагаад гэвэл, урьд нь бид Бурханыг мэдэж авах тухай ярилцах үедээ Бурхан хүн төрөлхтнийг аварч, удирдах цар хүрээн дотор—өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг аврах, удирдах цар хүрээнд—Бурхан, Бурханы үйл хэрэг, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний санаа зорилго, Тэр хүнийг үнэн ба амиар хэрхэн хангадаг тухай хэлэлцсэн. Гэхдээ сүүлд ярьсан сэдэв маань ердөө Библиэр, мөн Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг аврах цар хүрээн дотор хязгаарлагдахаа больсон байсан. Харин ч Бурханы Өөрийн тухай хэлэлцэхэд энэхүү цар хүрээнээс, Библиэс, мөн Өөрийн сонгосон хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын гурван үе шатны хил хязгаараас хальсан. Тиймээс Миний ярианы энэ хэсгийг сонсох үедээ та нар Бурханы талаарх мэдлэгээ Библи болон Бурханы ажлын гурван үе шатаар хязгаарлах ёсгүй. Харин харах өнцгөө нээлттэй байлгах хэрэгтэй; бүх зүйлийн дундах Бурханы үйл хэргийг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, удирдаж байдгийг харах ёстой. Энэ аргаар болон энэ суурин дээр чи Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадгийг харж чадна. Энэ нь, Бурхан бол бүх зүйлийн амийн жинхэнэ сурвалж бөгөөд энэ бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанар гэдгийг ойлгох боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ялгамж чанар, байр суурь, эрх мэдэл хийгээд Түүний бүх зүйл Өөрийг нь одоо дагаж байгаа хүмүүст зөвхөн чиглэдэггүй—энэ бүлэг хүмүүс та нарт төдийгүй—харин бүх зүйлд чиглэдэг билээ. Тэгвэл бүх зүйлийн цар хүрээ маш өргөн. Юм бүхнийг захирдаг Бурханы захиралтын цар хүрээг тайлбарлахын тулд Би “бүх зүйл” гэдгийг ашигладаг, учир нь Бурханы ноёрхдог зүйлс зөвхөн та нарын нүдээрээ харж чадах зүйлс төдийгүй, харин бүх хүний харж чаддаг материаллаг ертөнц, түүнчлэн материаллаг ертөнцийн гаднах, хүний нүдэнд үл үзэгдэгч өөр ертөнцийг багтаадаг ба цаашлаад, хүн төрөлхтний одоогийн оршдог газрын гаднах сансар огторгуй, гараг эрхсийг багтаадаг. Энэ бол Бурханы бүх зүйлийг захирдаг хүрээ юм. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхлын хүрээ маш өргөн. Та нарын хувьд юу ойлгож, юу харах ёстой, мөн юунаас мэдлэг олж авах ёстой нь хүн нэг бүрийн ойлгож, харж, тодорхой мэдэх шаардлагатай, мэдэх ёстой зүйл юм. Хэдийгээр энэхүү “бүх зүйлийн” цар хүрээ маш өргөн ч гэсэн та нарын харж чадахгүй, эсвэл хүрч чадахгүй цар хүрээний талаар Би та нарт ярихгүй. Би зөвхөн хүмүүсийн хүрч, ойлгож, ухан мэдэж чадах цар хүрээний талаар ярина, тэгэхээр хүн бүр “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн жинхэнэ утгыг мэдэрч чадах юм. Тэгснээр та нарт Миний ярьсан зүйл дэмий хоосон үг болохгүй.
Өнгөрсөн удаа “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг сэдвийн талаар та нарт энгийн ерөнхий тойм өгөхийн тулд бид түүх өгүүлэх арга хэрэглэсэн, тэгснээр та нар Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг тухай үндсэн ойлголттой болж чадна. Энэ үндсэн ойлголтыг та нарт суулгахын зорилго юу вэ? Энэ нь, Библи болон Өөрийн ажлын гурван үе шатнаас гадуур, хүний харж, хүрч чадахгүй бүр ч их ажлыг Бурхан бас хийж байгааг та нарт мэдэгдэхийн төлөө байдаг. Ийм ажлыг Бурхан биечлэн гүйцэтгэж байгаа билээ. Хэрвээ Бурхан Өөрийн удирдлагын ажлаас гадуурх энэ ажилгүйгээр, гагцхүү Өөрийн сонгосон хүмүүсийг л урагш хөтөлж байсан бол та бүгдийг багтаасан энэ хүн төрөлхтний хувьд үргэлжлүүлэн урагшлахад тун хэцүү байх байсан бөгөөд энэ хүмүүс болон энэ дэлхий ертөнц үргэлжлүүлэн хөгжиж чадахгүй байх байв. Энэ нь өнөөдөр та нартай ярилцаж байгаа “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгийн чухал ач холбогдол юм.
Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин
Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгт холбоотой олон сэдэв, агуулгыг хэлэлцсэн, гэхдээ Бурхан та нарыг Өөрийн үгээр хангаж, та нар дээр Өөрийн гэсгээлт, шүүлтийн ажлыг явуулахаас гадна хүн төрөлхтөнд ямар зүйлс хүртээдгийг та нар зүрх сэтгэл дотроо мэддэг үү? Зарим хүн “Бурхан надад нигүүлсэл, ерөөл хүртээдэг; Тэр надад сахилгажуулалт, тайтгарал өгч, боломжит бүх аргаар халамж, хамгаалалт өгдөг” гэж хэлж магад. Өөр хүмүүс “Бурхан надад өдөр тутмын хоол, унд хайрладаг” гэж байхад зарим нь “Бурхан надад бүхнийг хүртээдэг” гэж ч хэлнэ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харилцдаг эдгээр зүйлийн хувьд, өөрсдийн махан биеийн амьдралын туршлагатай холбоотой зарим нэгэн хариулт та бүхэнд байж болох юм. Бурхан хүн нэг бүрд олон зүйлийг өгдөг, гэхдээ энд бидний ярилцаж байгаа зүйл хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний хүрээнд зөвхөн хязгаарлагдахгүй, харин цааш лавшруулж харах боломжийг та нарт олгодог. Макро өнцгөөс авч үзвэл Бурхан нэгэнт бүх зүйлийн амийн эх сурвалж тул бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг цаашид оршин тогтнуулахын тулд тэдний оршин тогтнолыг тэтгэж, оршин тогтнолын хуулийг нь тогтоохын тулд Бурхан бүх зүйлд юу авчирдаг вэ? Энэ бол бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа зүйлийн гол зүйл юм. Та нар Миний хэлснийг ойлгож байна уу? Энэ сэдэв та нарт тийм ч танил биш байж магад, гэхдээ Би хэт гүн гүнзгий сургаал номлолын талаар ярихгүй. Та бүхнийг сонссоны дараа Би ойлгуулах гэж хичээнэ. Та нар дарамттай гэж бодох хэрэггүй—анхааралтай сонсоход л болно. Гэхдээ, Би үүнийг дахиад жаахан онцлох ёстой: Би ямар сэдвээр ярьж байгаа билээ? Надад хэлээч. (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Тэгвэл Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг вэ? Тэр бүх зүйлийг юугаар хангадаг болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэж хэлдэг вэ? Та нарт энэ тухай ойлголт, төсөөлөл байна уу? Миний ярьж байгаа энэ сэдэв та нарын зүрх сэтгэл, оюун ухаанд үндсэндээ огт байхгүй юм шиг байна. Гэхдээ та нар энэ сэдэв болон Миний ярих гэж байгаа зүйлсийг аливаа мэдлэгтэй холбож, эсвэл хүний ямар нэг соёл юм уу судалгаатай нэгтгэлгүйгээр Бурханы үйл хэрэгтэй холбож чадна гэдэгт Би найдаж байна. Би зөвхөн Бурхан болон Бурханы Өөрийн талаар ярьж байна. Энэ бол та нарт өгөх Миний зөвлөгөө юм. Та нар ойлгосон, тийм үү?
Бурхан хүн төрөлхтөнд олон зүйл хайрласан. Би хүмүүсийн харж чадах зүйл, өөрөөр хэлбэл, тэдний мэдэрч чадах зүйлийн тухай ярьж яриагаа эхэлье. Эдгээр нь хүмүүсийн дотроо ойлгож, хүлээн зөвшөөрч чадах зүйлс юм. Иймд Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангасан талаар хэлэлцэхдээ материаллаг ертөнцөөс эхэлцгээе.
1. Агаар
Эхлээд Бурхан хүнийг амьсгалаг гэж агаарыг бүтээсэн. Энэ агаар нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа хүрэлцдэг зүйл биш гэж үү? Энэ агаар нь хором бүрд, унтаж байхдаа ч гэсэн хүмүүсийн салж болшгүй зүйл биш гэж үү? Бурханы бүтээсэн агаар бол хүн төрөлхтөнд асар чухал: Энэ нь амьсгалж, амьд үлдэхэд заавал байх ёстой зүйл юм. Зөвхөн мэдрэгдэх атлаа үл үзэгдэх энэ бодис нь бүх зүйлд Бурханы өгсөн хамгийн анхны бэлэг байсан юм. Агаарыг бүтээснийхээ дараа Бурхан зүгээр л явахад бэлдсэн үү? Агаарыг бүтээчхээд Бурхан агаарын нягтшилыг анхаарч үзсэн үү? Бурхан агаарын агууламжийг анхаарч үзсэн үү? (Тэгсэн.) Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бэ? Бурхан яагаад агаарыг бүтээсэн бэ, мөн үүнийг бүтээсэн зорилго нь юу вэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох ёстой. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Энэ нь хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш; үүнийг мэдэх хэрэг байхгүй. Бидэнд агаарын нягтшилтай холбоотой яг таг тоо хэмжээ хэрэггүй бөгөөд ерөнхий ойлголттой байхад л болно. Бурхан, хүний уушги амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүст таатай бөгөөд амьсгалахад биед нь хор хөнөөл учруулахгүй. Энэ бол агаарын нягтшилын тухай хэллэг юм. Дараа нь бид агаарын агууламжийн талаар ярина. Юун түрүүнд агаарын агууламж хүмүүст хоргүй, тиймээс уушги, бие махбодыг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй байсан. Хүний амьсгалах агаар саадгүй орж, гарч байх хэрэгтэй, мөн амьсгал авсны дараа агаарын агууламж ба хэмжээ нь цус, түүнчлэн уушги ба биед буй хэрэглэгдсэн хий зохих ёсоор бодисын солилцоонд орохуйц байх, мөн тэр агаар ямар ч хортой бүрэлдэхүүн хэсгийг агуулах ёсгүй гэдгийг Бурхан харгалзан үзэх ёстой байлаа. Энэ хоёр стандарттай холбогдуулан, Би та нарыг баахан мэдээллээр булах гээгүй, харин Бурхан, юм бүхнийг бүтээхдээ Өөрийн гэсэн бодолтой байсан ба юм бүхэн нь хамгийн сайн байсан гэдгийг хүнд мэдэгдэх гэсэн юм. Түүнээс гадна, агаар дахь тоосны хэмжээ; газар дээрх тоос, элс, шорооны хэмжээ; түүнчлэн тэнгэрээс газар луу унах тоосны хэмжээний тухайд гэвэл, эдгээр зүйлийг удирдах арга зам буюу тэдгээрийг арилгах, задлах арга зам ч бас Бурханд байдаг. Тоос байдаг ч гэсэн Бурхан, тоос нь бие махбод, хүний амьсгалд хор хөнөөл учруулахгүй бөгөөд тоосны хэсгүүд нь бие махбодод аюулгүй байх хэмжээтэйгээр хийсэн. Бурхан агаарыг бүтээсэн нь учир битүүлэг байгаагүй гэж үү? Энэ нь амнаасаа жаахан агаар үлээхтэй л адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний бүтээсэн хамгийн энгийн зүйлсэд ч Бурханы нууц, Түүний оюун санаа, Түүний бодол болон Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой биш гэж үү? Өөрөөр хэлбэл, эгэл зүйлийг бүтээхдээ ч Бурхан хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө, хүний амьсгалдаг агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй бөгөөд нягтшил нь хүн амьсгалахад тохирсон байдаг. Хүмүүсийн амьсгалдаг энэ агаар тэдний биед, тэдний махбодод заавал байх ёстой зүйл юм. Иймд хүмүүс саадгүй, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхлээд бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад зайлшгүй чухал билээ.
2. Температур
Хоёр дахь зүйл нь температур юм. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн оршин тогтноход зохимжтой орчинд байх ёстой зүйл билээ. Хэрвээ температур хэт өндөр буюу Цельсийн 40 хэмээс дээш бол хүмүүсийн эрч хүчийг бүр ихээр шавхахгүй гэж үү? Хүмүүс амьдрахад тун зүдэргээтэй байх байсан биш үү? Хэрэв температур хэт доогуур, Цельсийн хасах 40 хэм хүрвэл яах вэ? Хүмүүс үүнийг ч бас тэвчиж чадахгүй. Тиймээс Бурхан энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан юм. Хүний биеийн дасан зохицож чадах температурын хэлбэлзлийн хязгаар ерөнхийдөө Цельсийн хасах 30 хэмээс Цельсийн 40 хэм байдаг. Энэ бол хойд зүгээс өмнө зүг хүртэлх температурын үндсэн хязгаар юм. Хүйтэн бүсэд температур Цельсийн хасах тавиас жаран хэм орчим хүрдэг. Ийм бүсэд хүн амьдрахыг Бурхан зөвшөөрдөггүй. Яагаад ийм хүйтэн бүсүүд байдаг вэ? Үүнд Бурханы мэргэн ухаан, санаа зорилго оршдог. Тэр чамайг тийм газруудын ойр очихыг зөвшөөрдөггүй. Бурхан хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг бөгөөд тэнд хүнийг амьдруулахаар бэлдээгүй гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд зориулаагүй. Яагаад Тэр ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ тэнд хүн амьдарч, оршин суухыг зөвшөөрөхгүй юм бол Бурхан тэдгээрийг яах гэж бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан энд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний оршин тогтнох орчны үндсэн температурыг Бурхан мөн л зохистойгоор тохируулдаг. Энд ч бас хууль бий. Бурхан ийм температурыг тогтоон барихад туслах, энэ температурыг хянах зарим зүйлийг бүтээсэн. Энэ температурыг тогтоон барихад ямар зүйл ашигладаг вэ? Юуны өмнө, нар хүмүүст дулааныг авчирдаг боловч хэтэрхий халуун бол хүмүүс тэвчиж чадах уу? Наранд ойртож зүрхлэх хүн бий юу? Наранд ойр очиж чадах ямар нэгэн хэрэгсэл газар дээр бий юу? (Үгүй.) Яагаад чадахгүй вэ? Хэтэрхий халуун. Наранд ойртохоор хайлна. Тиймээс Бурхан, хүн төрөлхтнөөс алслагдах нарны зайг тодорхой бодолцсон юм; Тэр тодорхой ажил хийсэн. Бурханд энэ зайн стандарт бий. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд туйл гэж бий. Тэнд дан мөсөн гол байдаг. Хүн төрөлхтөн мөсөн гол дээр амьдарч чадах уу? Энэ нь хүн амьдрахад тохиромжтой юу? (Үгүй.) Үгүй, иймээс хүмүүс тийшээ явахгүй. Хүмүүс Хойд ба Өмнөд туйл руу явдаггүй болохоор мөсөн гол хэвээр хадгалагдаж, температурыг хянах үүргээ гүйцэтгэж чадна. Ойлгов уу? Хэрвээ Хойд ба Өмнөд туйл гэж байхгүй, нар газар дэлхийг үргэлж ээгээд байвал газар дээрх бүх хүн халуунаас болж үхнэ. Бурхан хүний оршин тогтноход тохиромжтой температурыг хянах гэж энэ хоёр зүйлийг л ашигладаг уу? Үгүй, нарны халууныг шингээн авч, улмаар нарны дулааны эрчим хүчийг саармагжуулан, хүн төрөлхтний амьдардаг орчны температур болгон тохируулдаг янз бүрийн амьд зүйлс, тухайлбал хээр талын өвс ногоо, ойн янз бүрийн мод, бүх төрлийн ургамал бий. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх сурвалж байдаг. Гол мөрөн, нуурын гадаргын талбай нь хэн нэгний шийдэж чадах зүйл биш. Газар дэлхий дээр хэр их ус байх, ус хаашаа урсах, урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газар доорх ус болон хүмүүсийн харж чадах газар дээрх гол мөрөн, нуур зэрэг усны эдгээр янз бүрийн эх сурвалж нь хүний амьдрах температурыг мөн зохицуулж чаддаг. Түүнчлэн уулс, тал, хавцал, намгархаг газар гээд бүх төрлийн газар зүйн тогтоц бий; эдгээр янз бүрийн газар зүйн тогтоц, мөн тэдгээрийн гадаргын талбай болон цар хүрээ нь бүгд температурыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хэрвээ уул 100 километрийн тойрогтой бол энэ 100 километр нь 100 километрийн хэмжээний ашиг тус өгнө. Бурхан, ийм уул, хавцал хэр олныг газар дээр бүтээсэн тухайд гэвэл, энэ нь Бурханы сайтар бодсон зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл болгоны оршин тогтнолын ард нэг түүх байдаг бөгөөд энэ нь бас Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл, ой мод, янз төрлийн ургамал ногоо—тэдгээрийн оршин тогтнож, ургадаг талбайн хэмжээ болон цар хүрээг ямар ч хүн хянах аргагүй бөгөөд эдгээр зүйлийг шийдэх эрх хэнд ч байхгүй. Тэдгээр нь хэр их ус шингээх, нарнаас хэр их дулааны эрчим хүч авах зэргийг бас ямар ч хүн хянаж чадахгүй. Энэ бүхэн нь, бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы төлөвлөсөн зүйлийн цар хүрээнд байдаг.
Бурхан бүх талаар хянуур төлөвлөн, анхаарч зохицуулсны ачаар л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тиймээс хүний нүдээрээ хардаг нар гэх мэт юм бүхэн, хүмүүсийн байнга сонсдог Хойд ба Өмнөд туйл, түүнчлэн газар дээр, доор болон усанд оршдог янз бүрийн амьд зүйл, ойн ба бусад төрлийн ургамал ногоо нь гадаргын талбай, мөн усны эх сурвалж, янз бүрийн ус, хэр их далайн ус ба цэвэр ус байх, түүнчлэн, газар зүйн өөр өөр орчин гэсэн зүйлийг ашиглаад Бурхан хүний амьдрах хэвийн температурыг тогтоон барьдаг. Энэ бол маргаангүй. Бурхан ийм их анхаарал халамж тавьсан учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг. Энэ нь хэт халуун, эсвэл хэт хүйтэн байж болохгүй: Хүний биеийн дасан зохицож чадах температураас хэтэрсэн дэндүү халуун газруудыг Бурхан чамд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт доогуур, хэт хүйтэн газрууд; хүрч ирмэгц нь хүнийг ярьж чадахгүй болгож, тархи нь царцаж, бодож сэтгэж чадахгүй болж, амьсгалах аргагүй болтол нь хөлдөөх ийм газруудыг Бурхан бас хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй. Хүн ямар нэг судалгаа явуулахыг хүсэх, шинийг санаачлахыг хүсэх, эсвэл ийм хязгаарлалтыг эвдэхийг хүсэх нь хамаагүй—хүмүүс юу бодох нь хамаагүй, тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хязгаараас тэд хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн ба ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэддэг. Харин хүмүүс өөрсдөө мэддэггүй. Яагаад Би хүмүүс мэддэггүй гэж хэлдэг вэ? Хүмүүс ямар мунхаг зүйл хийсэн бэ? Хойд ба Өмнөд туйлтай үзэлцэхийг үргэлж хүсдэг нэлээд олон хүн байгаагүй гэж үү? Тэд тэнд очиж, газар нутаг эзэлж, улмаар суурьшин хөгжүүлж болно гэж үргэлж хүсдэг. Энэ нь өөрийгөө хорлох үйлдэл биш гэж үү? Чи Хойд ба Өмнөд туйлыг бүхэлд нь судалсан гэж үзье. Гэхдээ чи тийм температурт дасан зохицож, тэнд амьдарч чадаад, Хойд ба Өмнөд туйлын амьдрах орчныг “сайжрууллаа” ч гэсэн, энэ нь хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тус болох уу? Хойд ба Өмнөд туйлын бүх мөс хайлбал чи баярлах уу? Энэ бол ухаан санаанд багташгүй зүйл. Энэ бол утгагүй үйлдэл. Хүн төрөлхтөнд амьдарч чадах орчин байдаг атал хүмүүс чимээгүй, дуулгавартайгаар тэнд үлддэггүй, харин ч амьд үлдэж чадахааргүй газрууд руу явж аз туршихаар зүтгэдэг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйддаг. Тэд хэтэрхий их ерөөл эдэлсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэхүү энгийн амьдрах орчноо нэлээд их устгасан, иймээс тэд илүү их сүйтгэх гэж, эсвэл ямар ч юм “үйл хэрэгт” оролцох гэж, тэгээд нэг маягийн “анхдагч” болох гэж Хойд ба Өмнөд туйл руу бас явдаг байх л даа. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтөн өөрсдийн өвөг дээдэс Сатаны удирдлага дор утгагүй зүйлсийг ар араас нь үргэлжлүүлэн хийж, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, дур зоргоороо устгасаар байна. Энэ бол Сатаны хийсэн зүйл юм. Цаашлаад газар дээрх хүн төрөлхтний оршин тогтнол бага зэрэг аюулд орсныг хараад нэлээд олон хүн саран дээр очиж суух арга замыг олж, тэнд амьдарч болох эсэхийг шалган гарц хайхыг хүсдэг. Эцсийн эцэст, саран дээр хүчилтөрөгч байхгүй. Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж чадах уу? Саранд хүчилтөрөгч байхгүй тул энэ нь хүний байж чадах газар биш, гэсэн ч хүн тийш очихыг хүссээр байдаг. Энэ юу вэ? Энэ нь өөрийгөө хорлох явдал, тийм үү? Энэ нь агааргүй газар бөгөөд температур нь хүн амьдрахад тохиромжгүй, иймээс Бурхан үүнийг хүнд зориулж бэлдээгүй.
Бидний дөнгөж сая ярьсан температур бол өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн харилцдаг зүйл юм. Температур бол бүх хүний бие мэдэрч чадах зүйл, гэвч энэ температур яаж бий болсон, эсвэл хүн амьдрахад тохиромжтой энэ температурыг хэн хариуцаж, хянадаг талаар хэн ч боддоггүй. Энэ бол бидний одоо мэдэж авах ёстой зүйл юм. Үүнд Бурханы мэргэн ухаан байна уу? Үүнд Бурханы үйл хэрэг бий юу? (Тийм.) Бурхан, хүн амьдрахад тохирох температур бүхий орчныг бүтээснийг авч үзвэл, энэ нь бүх зүйлийг хангадаг Бурханы арга замуудын нэг мөн үү? (Тийм ээ.) Мөн.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?