Цор ганц Бурхан Өөрөө IX
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III) (III хэсэг)
Хүн төрөлхтөнд амьдрах тогтвортой орчныг өгөхийн тулд Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг
Бурхан Өөрийн үйлсийг бүх зүйлийн дунд, Өөрийн захирдаг бүх зүйлийн дунд илэрхийлж, бүх зүйлийн хуулийг атгадаг. Бурхан бүх зүйлийн хуулийг хэрхэн захирдаг, мөн түүнчлэн тэдгээр хуулийн хүрээнд бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянадаг нэг арга юм. Ийнхүү, бүх зүйлийг бүтээснийхээ дараа Тэр тэдгээрийн хоорондох харилцааг тэнцвэржүүлсэн. Энэ бол та нарын хувьд бас нэлээд том сэдэв юм. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлэх—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Хүмүүс өөрсдөө чадахгүй. Хүмүүс зөвхөн сүйтгэж чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлж чадахгүй; тэд тэдгээрийг удирдаж чадахгүй, мөн тэдэнд тийм агуу эрх мэдэл ч, хүч чадал ч байхгүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйлийг хийх хүч чадалтай. Ийм зүйл хийх Бурханы зорилго нь юуны төлөө байдаг вэ? Урьдын адил энэ нь хүн төрөлхтний амьд орших асуудалтай нарийн холбоотой байдаг. Бурханы хийхийг хүсдэг юм бүхэн зайлшгүй шаардлагатай байдаг—Түүний хийж, эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж үгүй. Хүн төрөлхтний оршин тогтнолыг хамгаалж, хүмүүст амьдрах таатай орчинг өгөхийн тулд Түүний зайлшгүй хийх ёстой, чухал зүйлс байдаг.
“Бурхан бүх зүйлийг тэнцвэржүүлдэг” гэсэн хэллэгийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш өргөн хүрээний сэдэв юм; юуны түрүүнд энэ нь, бүх зүйлийг тэнцвэржүүлэх нь яалт ч үгүй бүх зүйлийг Бурхан зохицуулдаг гэсэн ухагдахууныг хүнд өгч байна. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Эхлээд “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэргүй болгохгүй байхыг хэлдэг. Аливааг жинлэхдээ жин хэрэглэдэгтэй адилхан. Жинг тэнцүүлэхийн тулд хоёр тал дахь жин ижил байх ёстой. Бурхан бүх зүйлийн дотор олон зүйлийг бүтээсэн—Тэр хөдөлгөөнгүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьдардаг зүйлс, амьсгалдаг зүйлс хийгээд амьсгалдаггүй зүйлсийг хүртэл бүтээсэн. Энэ бүх зүйл хоорондоо харилцан хамаарал, харилцан дэмжлэг ба хязгаарлалт, харилцан шүтэлцээтэй байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй. Энэ нь маш төвөгтэй, үгүй гэж үү? Энэ нь Бурханд хэцүү биш боловч хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш хэцүү. Тэнцвэр гэдэг маш энгийн үг. Гэвч хэрвээ хүмүүс үүнийг судлах аваас, хэрвээ хүмүүс тэнцвэр бий болгох шаардлагатай болбол биологичид, одон орон судлаачид, физикчид, химичид, түүхчид гээд тэр бүх эрдэмтэд үүн дээр ажилласан ч гэсэн—энэ судалгааны эцсийн үр дүн нь юу байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдний хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлах, нэг нэгнийгээ нөхөх, харилцан тэтгэх байдлаар амьд орших янз бүрийн аргыг тогтоосон. Төрөл бүрийн эдгээр арга барил маш ээдрээтэй; тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийн бус юм. Хүмүүс, бүх зүйлийг хянаж байгаа Бурханы хяналтын ард орших зарчмыг судалж, батлахын тулд өөрсдийн оюун санаа, олж авсан мэдлэг, ажигласан үзэгдлийг ашиглах юм бол эдгээр зүйлийг олж илрүүлэх туйлын хэцүү бөгөөд ямар нэгэн үр дүнд хүрэхэд ч маш хэцүү. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү; Бурханы бүтээсэн бүх зүйлийг захирахын тулд хүний тархи толгой, мэдлэгт найдаж тэнцвэрийг хадгална гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл, хэрвээ хүмүүс бүх зүйлийн амьдрах зарчмыг мэддэггүй бол ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалах тухай мэдэхгүй. Тиймээс хэрвээ хүмүүс бүх зүйлийг удирдаж, захирах юм бол энэ тэнцвэрийг эвдэх маш өндөр магадлалтай. Энэ эвдрэх л юм бол тэр даруй тэдний амьдрах орчин эвдрэх ба үүнийг дагаад тэдний амьдрах эсэх түгшүүртэй болно. Энэ нь гай гамшгийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг дунд амьдарч эхэлбэл тэдэнд юу тулгарах вэ? Тааж таамаглахад хэцүү үр дүн гарна.
Тэгвэл бүх зүйлийн хоорондох харилцааг Бурхан хэрхэн тэнцвэржүүлдэг вэ? Юуны түрүүнд, дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг байхад зарим газарт дөрвөн улирлын турш хавар шиг байж, хэзээ ч өвөл болдоггүй бөгөөд иймэрхүү газруудад чи хэсэг мөс, эсвэл цасан ширхгийг хэзээ ч олж харахгүй. Энд бид томоохон уур амьсгалын талаар ярьж байгаа бөгөөд энэхүү жишээ нь бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг Бурханы арга замуудын нэг юм. Хоёр дахь арга зам нь энэ: Сахлаг өвс ургамлаар дүүрэн, янз бүрийн ургамал ногоо газрыг нь бүрхсэн уулын бүслүүр, мөн дундуур нь алхаж байхдаа дээр буй нарыг ч олж харж чадахааргүй маш шигүү хадлангийн бүсээр дүүрэн ой шугуй. Харин өөр уулыг харахад ганц ч хадуур өвс ургаагүй, давхар давхар хоосон тал, зэлүүд уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь үндсэндээ асар их овоорсон шорооноос тогтсон уулс, харин нэг нь шигүү ой модоор бүрхэгдсэн байхад нөгөөх нь модгүй, ганц хадуур өвс ч байхгүй. Энэ бол Бурханы бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг хоёр дахь арга зам юм. Гурав дахь төрөл нь гэвэл чи хязгааргүй уудам бэлчээр, өвс ногоо халиурсан тал газрыг харж байсан байх. Эсвэл нүдний хараа ч хүрэхээргүй цөл газрыг харж байсан байх; ямар ч амьд зүйл харагдахгүй, усны эх ундарга бүр ч байхгүй бөгөөд зөвхөн элс даган үлээх салхи л байдаг. Дөрөв дэх төрөл нь их хэмжээний уснаас тогтох далай тэнгисээр хучигдсан газар байхад өөр газраас булгийн ус ч олоход хэцүү байдаг. Тав дахь төрөл нь шиврээ бороо байнга ордог, үүлэрхэг, чийгтэй газар нутаг байхад халуу төөнөсөн нартай өдрүүд ихтэй, дусал ч бороо ордоггүй газар нутаг байдаг. Зургаа дахь төрөл нь агаар давчуу, хүн амьсгалахад хүндрэлтэй өндөрлөг газар байдаг бол нөгөө талаас төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг шавартай газар байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газарзүйн орчинд тохирох уур амьсгал, эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийн амьдрах орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулд томоохон орчин, уур амьсгалаас эхлээд газарзүйн орчин хүртэл, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын хэмжээ хүртэл хүн төрөлхтний амьдрах үндсэн орчинг тэнцвэртэй байлгадаг. Газарзүйн өөр өөр орчинд ийм эсрэг, тэсрэг шинжүүд байснаар хүмүүс тогтвортой агаартай байх бөгөөд өөр өөр улиралд температур ба чийгшил нь тогтвортой байна. Энэ нь амьдрах ийм орчиндоо үргэлжлүүлэн тасралтгүй амьдрах боломжийг хүмүүст өгдөг. Юун түрүүнд том орчин тэнцвэртэй байх ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардагддаг тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлалтын төлөө өөр өөр газарзүйн байрлал ба тогтцыг ашиглаж, мөн өөр өөр уур амьсгалын өөрчлөлтөөр үүнийг хийх боломжтой. Үүнийг томоохон орчны өнцгөөс ярьж байна.
Нарийвчлан яривал, ургамлын хувьд тэрхүү тэнцвэрийг хэрхэн бий болгодог вэ? Өөрөөр хэлбэл, амьдрах тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн орших боломжийг ургамалд яаж олгох вэ? Төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржихүйн давтамжийг удирдсанаар тэдний амьдрах орчныг хамгаалдаг. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газар унадаг. Дараа жил нь жимсний үрээс нахиа гарч, түрүүний хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа маш богино. Үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг—энэ үйл явц зөвхөн хавар, зун, намар тохиолддог. Төрөл бүрийн мод ч бас өөрийн гэсэн амьдрах хугацаатай, мөн нахиалж, үр жимсээ өгөх өөр өөрийн үетэй. Зарим мод ердөө 30-аас 50 жилийн дараа үхэх бөгөөд тэдний хувьд 30-аас 50 жилийн амьдрах хугацаатай, гэхдээ тэдний үр жимс газарт унаж, түүнээс үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давтамж юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг, ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд бас өөрийн гэсэн хэвийн мөчлөг, төрөх ба үхэх үйл явцтай. Зарим мод мянга гаруй жил амьдарч чаддаг бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Ямар төрлийн ургамал байх, эсвэл амьдрах хугацаа нь хэр их байх нь хамаагүй ер нь бол Бурхан амьдрах хугацаа, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, нөхөн үржих хэмжээ ба хувь дээр нь тулгуурлан үүний тэнцвэрийг зохицуулдаг. Энэ нь өвс, мод гээд бүгдэд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлэн ургах, өсөх боломжийг өгдөг. Тиймээс дэлхий дээр байгаа ой моддыг харах үед энэ нь мод байна уу, өвс байна уу гэдгээс үл хамааран өөрсдийн хуулийн дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтний тусламж хэрэггүй; энэ нь хүн төрөлхтнөөс ямар ч нэмэлт ажил шаарддаггүй. Ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьдрах орчноо хадгалан үлдэж чаддаг. Тэдэнд амьдрах тохиромжтой орчин байгаа учраас л эдгээр ой мод, өвсөрхөг тал газар дэлхий дээр үргэлжлэн оршсоор байдаг. Тэдний оршин тогтнол нь хүмүүс болон ой мод хийгээд өвст талд байгаа жигүүртэн шувуу, араатан амьтад, шавж хорхой, бүх төрлийн бичил биет зэрэг бүх амьд зүйлсийг амьдардаг орчных нь хамт үеэс үед тэжээдэг.
Бурхан бас бүх төрлийн амьтдын тэнцвэрийг хянадаг. Энэ тэнцвэрийг Тэр хэрхэн хянадаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд ба тоо хэмжээ, амьтдын дунд гүйцэтгэх үүрэгт нь үндэслэн тэдний тэнцвэрийг удирдаж, тоо толгойг тодорхойлдог. Тухайлбал, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос давж гарвал алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахийн нөхөн үржих тоо хэмжээ нь арслангийнхаас хамаагүй бага байвал тэдний хувь заяанд юунд тохиолдох вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх хэрэгтэй. Учир нь алаг тахь зөвхөн өөрийнхөө төлөө оршин тогтнодоггүй; тэд бас арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн алаг тахь болгон алаг тахиудын нэг хэсэг юм гэж чи хэлж болох ч энэ нь мөн арслангийн аманд орох хоол хүнс юм. Арслангийн нөхөн үржих хурд алаг тахийнхаас хэзээ ч давамгайлж болохгүй, тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахийн тоо хэмжээнээс илүү байж болохгүй. Зөвхөн ийм замаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Иймээс, хэдийгээр арслан алаг тахийн төрөлхийн дайсан боловч тэд нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтаа хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэг учраас алаг тахийн тоо хэзээ ч багасах юм уу устаж үгүй болохгүй ба “хаан” гэсэн зиндаанаас шалтгаалан арслангийн тоо хэзээ ч өсөхгүй. Энэ бол Бурханы аль эртнээс тогтоосон тэнцвэр юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх амьтны дунд тэнцвэрийн хуулийг тогтоосон бөгөөд ингэснээр тэд тэнцвэрээ хадгалж чаддаг, энэ бол хүмүүсийн үргэлж хардаг зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Үгүй, матар ч бас алаг тахийг иддэг. Алаг тахь үнэхээр биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд догшин ширүүн энэ дайсантай нүүр тулах үедээ зөвхөн зугтаж л чаддаг. Тэд эсэргүүцэж ч чаддаггүй. Арслангаас зугтаж чадахгүй болох үедээ тэд идүүлэхээс өөр аргагүй болдог. Үүнийг амьтны ертөнцөөс олон удаа харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Арсланг жигшдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд өөрсдийг нь хүлээж байгаа, зүгээр л модны сүүдэрт хайнга хүлээн зогсох арсланг хардаг. Арслан тэднийг хэзээ идэхийг хэн мэдэх билээ. Тэд зүрх сэтгэлдээ үүнийг мэддэг боловч тухайн газрыг мөн л орхиж явахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл. Энэ гайхамшигтай зүйл нь Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний захиралтыг агуулдаг. Чи алаг тахийг өрөвддөг боловч түүнийг аварч чадахгүй ба арсланг жигшин зэвүүцэх боловч үүнийг устгаж чадахгүй. Алаг тахь бол арсланд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс бөгөөд арслан алаг тахийг яаж идэж байх нь хамаагүй алаг тахь алга болно гэж байхгүй. Арслангийн гаргаж байгаа үр төл маш цөөн тооных бөгөөд тэд маш удаан үрждэг, иймээс хэр олон алаг тахь идэх нь хамаагүй тэдний тоо алаг тахийн тооноос хэзээ ч илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэр юм.
Ийм тэнцвэрийг хадгалах Бурханы зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн амьдрах орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрвээ алаг тахь, эсвэл буга зэрэг бусад ижил төстэй арслангийн идэш хэтэрхий удаан үржиж, арслангийн тоо хурдацтайгаар өсдөг бол хүн төрөлхтөнд ямар аюул учрах вэ? Арслан олзоо идэх нь хэвийн үзэгдэл боловч арслан хүн идвэл энэ нь эмгэнэлт явдал юм. Энэ эмгэнэлт явдлыг Бурхан урьдчилан төлөвлөөгүй, энэ нь Түүний захиралтын хүрээнд байхгүй бөгөөд хүн төрөлхтөнд Түүний авчирсан зүйл бүр ч биш. Харин ч энэ нь хүмүүсийн өөрсдөдөө авчирч байгаа зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал билээ. Ургамал ч бай, амьтан ч бай, зохистой тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь—хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн хэвийн экологийн орчин юм. Хүмүүс ийм экологийн орчин буюу тэнцвэртэй орчинтой байснаар л оршин тогтнол нь аюулгүй байх болно. Хэрвээ мод, эсвэл өвс ногоо нөхөн үржих чадвар муутай, эсвэл нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрс чийгшлээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгшлээ алдвал энэ нь эрүүл байх уу? Хэрвээ хөрс, ургамал болон чийгшлээ алдвал маш хурдан элэгдэлд орж, үүний оронд элс бий болно. Хөрс муудан элэгдсэнээр хүмүүсийн амьдрах орчин ч бас устана. Энэ сүйрлийг даган гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр бүх зүйлийн хооронд тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшгаас болж зовох болно. Жишээ нь, орчны тэнцвэр алдагдаж, мэлхийн экологийн орчныг сүйрүүлэх үед бүгд бөөгнөрөн цугларч, тоо хэмжээ нь огцом өсөх бөгөөд хот дотор зам хөндлөн гарах олон тооны мэлхийг ч хүмүүс харна. Хэрвээ олон тооны мэлхий хүмүүсийн амьдрах орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай энэ жижигхэн амьтад өөрсдөд нь тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй; тэд хүмүүсийн амьдрах орчны тэнцвэрийг хадгалдаг. Тэд гамшиг болмогцоо хүмүүсийн амьдралын эмх цэгцтэй байдалд нөлөөлөх болно. Мэлхийн авчрах бүх зүйл, бүх элемент хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж чаддаг. Тэдний бие махбодын эрхтнүүд хүртэл дайралтад өртөж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм. Хүмүүсийн олон удаа туулсан өөр нэгэн төрлийн гамшиг бол их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Энэ бол аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадвартай байх нь хамаагүй—хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайран орох үед тэдэнд ямар шийдэл байдаг вэ? Тэд царцааны эсрэг их буу ашиглаж чадах уу? Тэд автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд шавжны хор цацаж чадах уу? Энэ ч бас амар биш. Тэр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Тэд ялангуяа үр тариа иддэг. Царцааны явсан газар бүрд үр тариа, ургац тэр чигтээ сүйддэг. Иймээс, царцааны дайралтан дор тариалан эрхлэгчдийн нэг жилийн хоол хүнсийг царцаанууд нүд ирмэх зуур, тэр чигт нь идэх боломжтой. Хүмүүсийн хувьд, царцаа ирэх нь зөвхөн уур бухимдал төдий зүйл бус, харин гамшиг юм. Асар их хэмжээний царцаа бол нэг төрлийн гамшиг, тэгвэл хулганы тухайд ямар вэ? Хэрвээ хулганыг идэх ямар ч махчин шувуу байдаггүй бол тэд маш хурдан, төсөөлж чадахаас чинь ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрвээ хулгана саадгүй тархдаг бол хүмүүс сайхан амьдарч чадах уу? Тэгвэл хүмүүс юутай тулгарах вэ? (Тахалтай.) Зөвхөн тахал уу? Хулгана юуг ч мэрнэ. Бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр хулгана байхад л тэр гэр бүлийн хүн бүхэн уурлаж бухимдана. Заримдаа тэд тос хулгайлж иддэг, заримдаа үр тариа иддэг. Тэд иддэггүй зүйлээ мэрээд, бүхэлд нь хог новш болгож орхидог. Хувцас, гутал, тавилга гээд бүгдийг мэрдэг. Заримдаа аяга тавагны тавиур луу авирна—дээгүүр нь хулгана гүйсний дараа тэр аяга тавгийг ашиглаж болох уу? Чи тэдгээрийг халдваргүйжүүлсэн ч санаа амар байж чадахгүй, тэгээд л тэдгээрийг хаях болно. Энэ бол хулганы хүмүүст авчирдаг хүндрэл бэрхшээл. Тэд ердөө өчүүхэн жижиг хулгана атал хүмүүст тэдэнтэй харьцах арга байдаггүй. Хүмүүсийг тэд бүр дээрэлхдэг. Сүрэг хулганы талаар бол бүр ярих ч хэрэггүй—эвдэлж сүйтгэхэд ердөө хоёр хулгана байхад л хангалттай. Хэрвээ тэд гамшгийн хэмжээнд хүрвэл үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй. Мөн өчүүхэн жижиг шоргоолжнууд гамшиг болбол хүн төрөлхтөнд учруулах хохирлыг нь хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшин барилгад маш их хохирол учруулаад тэдгээр нь нуран унаж болно. Тэдний хүчийг хайхралгүй орхих ёсгүй. Хэрвээ төрөл бүрийн шувууд гамшиг үүсгэвэл мөн л аймшигтай зүйл болохгүй гэж үү? (Тэгнэ.) Өөрөөр хэлэх юм бол, ямар төрлийн амьтан, эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэнцвэрээ алдаж эхэлсэн даруйдаа хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагавар авчирна. Энэ нь хүмүүсийн оршин тогтнол болон амьдралд нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүрмөсөн устаж үгүй болох, мөхлийн хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.
Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгаж, уулс ба гол нууруудын орших нөхцөлийг тэнцвэртэй байлгаж, ургамал болон бүх төрлийн амьтад, шувууд, шавж хорхойн амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлийг Өөрийн тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх явдал юм. Бүтээгдсэн нэг ч зүйл эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, хуулийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд л хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрвээ ямар нэг амьд амьтан Бурханы тогтоосон тоо хэмжээ, эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрвээ Түүний захиралт дор байх өсөлтийн хурд, давтамж, тоо хэмжээ нь хэрээс хэтэрвэл хүн төрөлхтний амьдрах орчинд янз бүрийн түвшний сүйрэл учрах болно. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний оршин тогтнол заналхийлэлд өртөнө. Хэрвээ нэг төрлийн амьтан хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг булаан авч, усны ундаргыг нь сүйтгэж, төрөлх нутгийг нь үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь, бүх зүйлд ус маш чухал. Хэрэв хэтэрхий олон тооны хулгана, шоргоолж, царцаа, мэлхий юм уу өөр бусад төрлийн амьтад байвал тэд илүү их ус уух болно. Тэдний уух усны хэмжээ өсөхийн хэрээр ундны усны эх үүсвэр болон усархаг газрын тогтсон цар хүрээнд байх хүмүүсийн уух ус, усны эх үүсвэр багасаж, тэд усаар дутагдана. Бүх төрлийн амьтдын тоо хэмжээ ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус тасарч, бохирдож, устгагдвал амьдрах тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрвээ зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юм уу хэд хэдэн төрлийн амьд амьтан байгаа бол хүн төрөлхтний амьдрах орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр ч бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд сүйдэх болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдалд хүмүүсийн оршин тогтнол хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийлэлд өртсөөр байх болно. Тэгэхээр хүмүүс хэрвээ эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь ч бас янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, нөлөөлөлд өртөх болно. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтөнд угаасаа харьяалагддаг, амьдрах уугуул орчин нь асар их нөлөөлөл, төвөгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьдрах үндсэн орчин сүйтгэгдсэн ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй ямар болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал! Бүтээгдсэн зүйлс хүн төрөлхтний төлөө ямар шалтгаанаар оршин байдгийг, Өөрийнх нь бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг юу болохыг, хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг, хүн төрөлхтөнд ямар хэмжээний ашиг тус авчирдгийг Бурхан мэддэг учраас, мөн энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө Бурханы зүрх сэтгэлд байдаг бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ тал бүрийг удирддаг учраас Түүний хийдэг юм бүхэн хүн төрөлхтөнд маш чухал, шаардлагатай байдаг. Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харахдаа, эсвэл бүх зүйлийн дундаас зарим нэг байгалийн хуулийг харахдаа Бурханы бүтээсэн юм бүхэн байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхээ болино. Чи, бүх зүйлийг зохицуулж байгаа Бурханы зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоороо шүүмжилж, увайгүй үг ашиглахаа болино. Чи мөн бүтээсэн бүх зүйлдээ зориулсан Бурханы хуулийн талаар дур зоргоороо дүгнэлт гаргахаа болино. Тийм биш гэж үү?
Бидний дөнгөж сая ярилцсан энэ бүх зүйл юуны тухай вэ? Энэ талаар бодоод үз. Бурханы хийдэг юм бүхэнд Өөрийн гэсэн санаа зорилго бий. Хэдийгээр хүмүүс тухайн санаа зорилгыг харж чаддаггүй ч энэ нь хүн төрөлхтний амьд оршихтой үргэлж тун их холбоотой байдаг. Энэ нь үүнтэй салшгүй холбоотой—энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл. Учир нь Бурхан хэзээ ч хий дэмий зүйл хийж байгаагүй. Түүний хийдэг юм бүхэн, Түүний төлөвлөгөө бүр өөрсдийн онол болон зарчмын хүрээнд байх бөгөөд энэ нь Түүний мэргэн ухааныг агуулдаг. Тухайн төлөвлөгөөний ар дахь зорилго, цаад санаа нь хүн төрөлхтнийг хамгаалах, гамшиг болон аливаа амьд зүйлийн дайралтаас сэргийлэхэд хүн төрөлхтөнд туслах, бүх зүйлийн аливаа аюулаас хүмүүсийг хамгаалах явдал байдаг. Тиймээс бидний хэлэлцэж байгаа энэ сэдвийн хүрээнд харсан Бурханы үйлсээс, Бурхан хүн төрөлхтнийг өөр замаар хангадаг гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар тэжээж, хариулж байгаа гэж хэлж болох уу? (Болно.) Энэ сэдэв болон “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн бидний нөхөрлөлийн гарчгийн хооронд бат холбоо оршиж байна уу? (Тийм ээ.) Хүчтэй холбоо байгаа бөгөөд энэ сэдэв бол нэг тал нь юм. Эдгээр сэдвийг ярихаас өмнө хүмүүс Бурхан, Бурхан Өөрөө болон Түүний үйл хэргийн талаар ердөө зарим бүдэг бадаг төсөөлөлтэй байсан—тэдэнд жинхэнэ ойлголт байгаагүй. Харин Түүний үйл хэрэг, Түүний хийсэн зүйлсийн тухай хүмүүст хэлэхэд тэд Бурханы хийдэг зүйлийн зарчмуудыг ойлгож, ухаарч, тэдгээрийн талаар ойлголттой болж, тэдгээрт дөхөж очдог, тэгдэггүй гэж үү? Хэдийгээр ямар нэг зүйлийг хийхэд, бүх зүйлийг бүтээхэд, бүх зүйлийг захирах үед Бурханы зүрх сэтгэлд Түүний дүрэм, зарчим, журам нь маш нарийн төвөгтэй байдаг боловч ганцхан зүйлийг нь авч нөхөрлөлөөр та бүхэнтэй хуваалцвал, эдгээр нь Бурханы үйлс бөгөөд маш бодит гэдгийг та нар зүрх сэтгэлдээ ойлгож чадахгүй гэж үү? (Чадна.) Тэгвэл Бурханы тухай та бүхний одоогийн ойлголт өмнөхөөсөө ямар байна вэ? Мөн чанартаа энэ нь өөр. Өмнө нь ойлгож байсан зүйл чинь хэтэрхий хоосон, хэтэрхий тодорхойгүй байсан бол одоо ойлгож байгаа зүйл чинь Бурханы үйлсийг батлах, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг харьцуулах маш тодорхой баталгааг агуулдаг. Иймээс Миний хэлсэн бүх зүйл Бурханы талаарх ойлголтод чинь маш сайн хэрэглэгдэхүүн болдог.
Өнөөдрийн цуглаанд хэлэх зүйл ингээд дууслаа. Баяртай! Үдшийг сайхан өнгөрүүлээрэй! (Баяртай, Бурхан!)
2014 оны 2 дугаар сарын 9
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?