Цор ганц Бурхан Өөрөө VII
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I) (I хэсэг)
Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай тойм
Залбирч дууссаны дараа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тогтуун тайван байдаг уу? (Тэгдэг.) Зүрх сэтгэл нь тогтуун тайван болж чаддаг бол тэд Бурханы үгийг сонсож, ойлгож чадах бөгөөд үнэнийг сонсож, ойлгож чадна. Харин зүрх сэтгэл чинь тогтуун тайван болж чаддаггүй бол, зүрх сэтгэл чинь үргэлж урсгал даган хөвж, эсвэл үргэлж өөр юм боддог бол Бурханы үгийг сонсохоор цуглахад энэ байдал чинь нөлөөлнө. Тэгэхээр бидний одоо ярилцаж байгаа зүйлийн гол цөм нь юу вэ? Гол сэдвээ эргээд жаахан бодъё. Цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэх тухайд, бидний хэлэлцсэн эхний хэсэг юу вэ? (Бурханы эрх мэдэл.) Харин хоёр дахь нь юу байсан бэ? (Бурханы зөвт зан чанар.) Гурав дахь нь? (Бурханы ариун байдал.) Бурханы эрх мэдлийн тухай бид хэдэн удаа ярьсан бэ? Энэ нь та нарт сэтгэгдэл төрүүлсэн үү? (Хоёр удаа.) Тэгвэл Бурханы зөвт зан чанарын тухай хэдэн удаа ярьсан бэ? (Нэг удаа.) Бурханы ариун байдлын тухай хэд хэдэн удаа хэлэлцсэн маань та нарт ямар нэг сэтгэгдэл үлдээсэн байх, гэхдээ тухай бүрд бидний хэлэлцсэн тодорхой агуулга та нарт сэтгэгдэл үлдээсэн үү? Эхлээд ярьсан “Бурханы эрх мэдэл” сэдвээс аль нь та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээж, аль хэсэг нь та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? (Бурхан эхлээд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчний тухай ярьсан; Бурхан хэлсэн үгэндээ хүрдэг ба Түүний үг биелэх болно. Энэ бол Бурханы гол мөн чанар.) (Бурханы эрх мэдэл нь Түүний бүтээл болох тэнгэр, газар, тэдгээрийн доторх бүх зүйлд оршдог. Бурханы эрх мэдлийг хэн ч өөрчилж чадахгүй. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд бүх зүйлийг хянадаг.) (Бурхан солонго ашиглаж, хүнтэй гэрээ байгуулсан.) Энэ бол тодорхой агуулга. Өөр зүйл байна уу? (Иовыг сорьж болох боловч амийг нь авч болохгүй гэж Бурхан Сатанд тушаасан. Үүнээс бид Бурханы үгийн эрх мэдлийг хардаг.) Нөхөрлөл сонссоныхоо дараа та нар ийм ойлголт авсан байна. Өөр нэмэх зүйл байна уу? (Бурханы эрх мэдэл нь Бурханы цор ганц ялгамж чанар, байр суурийг илэрхийлдэг ба бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл Түүний эрх мэдлийг эзэмшиж чадахгүй гэдгийг бид үндсэндээ мэдэж авсан.) (Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд ярьдаг, хүнд ерөөл хайрлахын тулд ярьдаг. Эдгээр нь бүгд Бурханы үгийн эрх мэдлийн жишээ.) (Бурханы үгээр дамжуулан бид тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээлээс Түүний эрх мэдлийг хардаг, Түүний үг ч бас Бурханы эрх мэдлийг агуулдгийг бид бие махбодтой болсон Бурханаас хардаг, эдгээрийн аль аль нь Бурханы цор ганц байдлын бэлгэ тэмдэг. Эзэн Есүс, булшнаасаа алхан гарч ирэхийг Лазарт тушаасан үйл явдлаас бид, хүний амьдрал үхэл Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Сатан тэдгээрийг хянах хүчгүй, Бурханы ажил махбод, эсвэл Сүнсний алинаар ч хийгдсэн бай, Түүний эрх мэдэл цор ганц гэдгийг хардаг.) Өөр нэмэх зүйл байна уу? (Амьдралын зургаан онцгой үеийг Бурхан захирдгийг бид ойлгодог.) Маш сайн! Бурханы эрх мэдлийн тухай ярьж байхад та нар “эрх мэдэл” гэх үгийг хэрхэн ойлгож байна? Бурханы эрх мэдлийн хүрээнд, Бурханы хийдэг болон илчилдэг зүйлээс хүмүүс юу хардаг вэ? (Бид Бурханы төгс хүч, мэргэн ухааныг хардаг.) (Бурханы эрх мэдэл үргэлж байдаг бөгөөд үнэхээр, үнэхээр оршин байдаг.) (Бурханы эрх мэдлийг өргөн хүрээнд харвал, Тэр бүхнийг захирдаг, харин бага хэмжээнд харвал, Тэр хүний амьдралыг хянадаг. Амьдралын зургаан онцгой үеэс бид Бурхан үнэхээр бидний амьдралын бүх талыг төлөвлөж, удирдаж байдаг гэдгийг ойлгож болно.) (Цаашлаад, Бурханы эрх мэдэл цор ганц Бурханыг Өөрийг нь төлөөлдөг ба бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсээс юу ч энэ эрх мэдлийг эзэмшиж чадахгүй гэдгийг бид хардаг. Бурханы эрх мэдэл нь Түүний ялгамж чанарыг бэлгэддэг.) “Бурханы ялгамж чанар болон Бурханы байр суурийн бэлгэдэл” гэж хэлэхийг бодоход, та нар энэ үгсийн талаар ягшмал ойлголттой бололтой. Та нарт Бурханы эрх мэдлийн тухай мэдлэг үнэндээ байна уу, үгүй юу? Та нараас хэн нэг нь Түүний эрх мэдлийг үнэхээр ойлгосон уу? (Бид хэзээ ч хаа сайгүй оршигчийг жаахан байхаас эхлээд Бурхан биднийг харж хандаж, хамгаалж ирсэн, үүнээс бид Бурханы эрх мэдлийг хардаг. Бидэнд тохиолдсон аюулыг бид мэддэггүй, гэтэл Бурхан нууцаар биднийг үргэлж хамгаалж байсан; энэ ч бас Бурханы эрх мэдэл.) Маш сайн, сайхан хэллээ.
Бид Бурханы эрх мэдлийн тухай ярих үедээ, юунд голчлон анхаарсан билээ? Гол санаа нь юу байлаа? Энэ агуулгыг бид яагаад хэлэлцэх хэрэгтэй гэж? Нэгдүгээрт, энэ агуулгыг хэлэлцэхийн зорилго бол Бүтээгч болох Бурханы ялгамж чанар болон бүх зүйлийн дундах Түүний байр суурийг хүмүүст батлахын төлөө юм; энэ бол тэдний ойлгож чадах, тэдний харж мэдэрч чадах хамгийн эхний зүйл билээ. Чиний хардаг, мэдэрдэг зүйлс нь Бурханы үйлдлээс, Бурханы үгнээс, Бурхан бүхнийг удирдаж байгаагаас гардаг. Тэгвэл хүмүүсийн харж, мэдэрч, ойлгож байгаа Бурханы эрх мэдлээс хүн ямар жинхэнэ ойлголтуудыг авдаг вэ? Эхний зүйлийг бид аль хэдийн хэлэлцсэн. Хоёрдугаарт, эрх мэдлээрээ дамжуулан Бурханы хийсэн, хэлсэн, хянасан бүхнийг хүмүүс харах үед, энэ нь тэдэнд Бурханы хүч чадал, мэргэн ухааныг ойлгох боломж олгодог. Бүхнийг удирддаг Бурханы агуу хүчийг болон Бурхан тийн үйлдэхдээ хэчнээн ухаалаг байдгийг ойлгох боломжийг тэдэнд олгодог. Бидний өмнө нь хэлэлцсэн Бурханы цор ганц эрх мэдлийн гол санаа, гол анхаарах зүйл энэ байсан биш үү? Уг нь нэг их хугацаа өнгөрөөгүй байтал, зарим нь үүнийг мартжээ. Та нар Бурханы эрх мэдлийг бүрэн ухаараагүй гэдгийг энэ нь баталдаг; та нар Бурханы эрх мэдлийг хараагүй гэж хэлсэн ч болохоор байна. Үүнийг одоо та нар жаахан ч гэсэн ойлгож байна уу? Чи Бурханы эрх мэдлийг бодит үйлдэл дээр харахдаа юуг үнэхээр мэдэрдэг вэ? Бурханы хүч чадлыг чи үнэхээр мэдэрсэн үү? (Тэгсэн.) Бурхан бүхнийг бүтээсэн тухай Бурханы үгийг унших үедээ чи Түүний хүч чадлыг мэдэрдэг, Түүний бүхнийг чадагч хүчийг мэдэрдэг. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирч байдгийг харах үедээ чи юу мэдэрдэг вэ? Түүний хүч чадал, мэргэн ухааныг мэдэрдэг үү? (Мэдэрдэг.) Хэрвээ Бурхан энэ хүч чадлыг эзэмшдэггүй бол, энэ мэргэн ухааныг эзэмшдэггүй бол бүхнийг ноёрхож, хүн төрөлхтний хувь заяаг захирч чадах байсан уу? Бурханд тийм хүч чадал, мэргэн ухаан бий. Мөн Түүнд эрх мэдэл нь ч байгаа; энэ бол цор ганц. Бурханых шиг хүч чадал эзэмшдэг өөр ямар нэгэн бүтээл, эсвэл хэн нэг хүнийг орчлон ертөнцөөс чи ер нь харж байсан уу? Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, түүнчлэн тэднийг удирдаж, ноёрхох хүч чадалтай, Бүх хүн төрөлхтнийг захирч, дагуулж чадах, хэзээ ч хаа сайгүй оршигч, бүхнийг чадагч хэн нэг хүн, ямар нэг зүйл байгаа юу? (Үгүй, байхгүй.) Тэгвэл одоо та нар Бурханы цор ганц эрх мэдлийн дотор багтсан бүхний жинхэнэ утга учрыг ойлгож байна уу? Та нар бага зэрэг ойлголттой болов уу? (Тэглээ.) Сая бид Бурханы цор ганц эрх мэдлийг хамардаг зүйлсийг давтан авч үзлээ.
Бидний ярьсан хоёр дахь хэсэг юу билээ? (Бурханы зөвт зан чанар.) Бид Бурханы зөвт зан чанарын талаар тийм ихийг хэлэлцээгүй. Яагаад тэр вэ? Үүнд нэг шалтгаан бий: Энэ үе шатан дахь Бурханы ажил нь үндсэндээ шүүлт ба гэсгээлт юм. Бурханы зөвт зан чанар нэн ялангуяа Хаанчлалын эрин үед тодорхой илчлэгдсэн. Тэр бүтээлийн цаг үеэс хойш огт хэлж байгаагүй үгийг хэлсэн; бүх хүн буюу Түүний үгийг харж, Түүний үгийг мэдэрч туулсан бүхэн, Түүний үгэнд зөвт зан чанар нь илчлэгдсэнийг харсан. Тэгэхээр Бурханы зөвт зан чанарын тухай бидний ярьсан зүйлийн гол санаа нь юу вэ? Та нар ойлголтоо илүү гүнзгийрүүлсэн үү? Ямар нэг туршлагаараа ойлгож авсан уу? (Тухайн үеийн хүмүүс маш их завхарсан тул Бурханы уур хилэнг өдөөж, Бурхан Содом хотыг шатаасан. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг хардаг.) Эхлээд жаахан лавшруулан харъя: Хэрвээ Бурхан Содомыг устгаагүй бол чи Бурханы зөвт зан чанарыг мэдэж чадах байсан уу? Чи мөн л мэдэж чадах байсан. Үүнийг чи Хаанчлалын эрин үед илэрхийлсэн Бурханы үгээс харж чадна, бас хүний эсрэг хандсан Бурхан шүүлт, гэсгээлт болон хараалаас харж чадна. Ниневег аварсан явдлаас нь та нар Бурханы зөвт зан чанарыг хардаг уу? (Хардаг.) Энэ эрин үед та нар Бурханы өршөөл, хайр, хүлээцтэй байдлын ямар нэг зүйлийг харж чаддаг. Хүн гэмшвэл, Бурхан тэдэнд хандах хандлагаа өөрчилдгийг та нар хардаг. Бурханы зөвт зан чанарын талаар ярилцахын өмнө энэ хоёрыг жишээ болгон ашиглавал Түүний зөвт зан чанар илчлэгдсэн нь харахад тун тодорхой байна. Гэхдээ, бодит байдал дээр Бурханы зөвт зан чанар нь Библийн энэ хоёр түүхэнд тэмдэглэгдсэн зүйлээр хязгаарлагдахгүй. Та нарын одоо мэдэрч, харж, туулж байгаа Бурханы үг ба ажлаас та нарын хардаг Бурханы зөвт зан чанар нь юу вэ? Туршлагаасаа яриач. (Хүмүүст Бурханы бүтээж өгсөн орчинд, хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийн дагуу үйлдэж чадвал тэд Бурханы хайр ба өршөөлийг хардаг. Бурхан тэднийг замчилж, гэгээрүүлж, дотор нь гэрэл гэгээ мэдрүүлдэг. Хүмүүс Бурханы эсрэг явж, Бурханд тэрсэлж, Түүний хүслийн эсрэг явах үед Бурхан өөрсдийг нь хаясан мэт тэдний дотор харанхуй байдаг. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарын ариун байдлыг мэдэрч туулсан; Бурхан ариун хаанчлалд үзэгддэг бөгөөд бузар газруудаас нуугддаг.) (Өөрсдийнхөө туршлагаар бид, Бурханы зөвт зан чанарыг Ариун Сүнсний ажлаас хардаг. Бид идэвхгүй болох юм уу, Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг явахад, Ариун Сүнс нуугдаад, ямар ч юм хийхгүй байдаг. Заримдаа бид залбираад Бурханыг мэдэрдэггүй, эсвэл залбирсан ч Бурханд юу хэлэхээ мэддэггүй, гэхдээ хүний байдал өөрчлөгдөж, Бурхантай хамтран ажиллах хүсэлтэй болж, өөрсдийн үзэл, төсөөллийг хойш тавьж, сайжрахаар эрмэлзэх үед Бурханы мишээсэн дүр төрх аажмаар харагдаж эхэлдэг.) Өөр нэмэх зүйл байна уу? (Хүн Бурханаас урвах үед Бурхан нуугддаг бөгөөд Тэр хүнийг үл ойшоодог.) (Хүмүүст ханддаг байдлаас нь би Бурханы зөвт зан чанарыг хардаг. Ах эгч нарын маань биеийн хэмжээ, хэв чанар өөр, мөн бид бүхнээс Бурханы шаарддаг зүйл ч бас өөр. Бид Бурханы гэгээрлийг янз бүрийн түвшинд хүлээн авах чадвартай бөгөөд ийм маягаар би Бурханы зөвт байдлыг хардаг. Учир нь хүн хүндээ ингэж хандаж чаддаггүй, гагцхүү Бурхан л ингэж чаддаг.) Та нар бүгдээрээ зарим бодитой мэдлэгийг ярилаа.
Бурханы зөвт зан чанарыг мэдэх тухайд, юу нь гол болохыг та нар ойлгож байна уу? Та нар энэ талаарх туршлагынхаа тухай олон юм ярьж чадах боловч та нарт хэлэх ёстой цөөн хэдэн гол зүйл Надад байна. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн ядаж, юуг жигшиж, юуг хайрлаж, хэнийг тэвчиж, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Үүнийг мэдэх нь чухал. Цаашлаад, Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэр хүмүүст хайр, өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлдэг ч тэднийг хэзээ ч өөгшүүлдэггүй; Түүнд Өөрийн гэсэн зарчим, хил хязгаар бий. Чи дотроо Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцаж байгаа мэт Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө өөр нэг бүтээл шиг үзэж, найз шигээ юм уу шүтээн мэт хандвал Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаях болно. Энэ бол Түүний зан чанар бөгөөд энэ тухайд Өөртэй нь хайхрамжгүй ханддаг хэнийг ч Тэр тэвчдэггүй. Иймээс Бурханы үгэнд Түүний зан чанарын талаар үргэлж ингэж хэлдэг: Чи хэчнээн урт зам туулсан нь хамаагүй, Бурханы төлөө хэр их ажил хийж, эсвэл хэр их зовсон нь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хариу өгөх болно. Үүнийг та нар харж байсан уу? (Тийм ээ, харж байсан.) Юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хүмүүсийг Өөртэйгөө ойр дотно гэж харж болох боловч хүмүүс Түүнтэй найз шигээ, эсвэл хамаатан шигээ харьцаж болохгүй. Бурханыг найзаа гэж бодож болохгүй. Бурхан чамайг хэр их хайрлаж байгааг чи хэдий чинээ мэдэрсэн нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчдэг байсан нь хамаагүй, чи үүрд Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Ойлгож байна уу? Энэ тухай Би нэмж ярих хэрэг байна уу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Хүн сургаалыг ойлгодог эсэх, эсвэл энэ тухай бодсон эсэх нь хамаагүй, Ерөнхийдөө, энэ бол хүмүүсийн хамгийн амархан гаргадаг алдаа юм. Хүн Бурханыг уурлуулах нь ганц удаагийн буруу зүйл, эсвэл ганц үгнээс болж байгаа биш магад, харин энэ нь тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол үнэхээр аймаар зүйл. Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг мэддэг гэж боддог, тэд бүр Бурханы таалалд нийцэх зарим зүйлийг хийдэг ч байж мэднэ. Тэдэнд Бурхантай эн тэнцүү мэт, Бурхантай найзууд болсон мэт санагдаж эхэлдэг. Иймэрхүү мэдрэмж бол тун буруу. Хэрэв чи үүнийг сайн ойлгодоггүй бол, үүнийг тодорхой ойлгодоггүй бол Бурханыг уурлуулж, Бурханы зөвт чанарт халдахад маш амархан. Одоо чи үүнийг ойлгосон, тийм үү? (Тийм ээ.) Тэгвэл Бурханы зөвт зан чанар цор ганц мөн үү биш үү? Энэ нь хүний зан төлөвтэй адилхан уу? Хүний хувийн хүн чанартай ижилхэн үү? Хэзээ ч үгүй, тийм биз дээ? (Тийм ээ.) Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцсан, хүмүүсийн тухай юу ч бодсон, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн, мөн Бүтээгч. Чи ойлгож байна уу?
Бурханы ариун байдлын талаар та нар юу мэдсэн бэ? Сатаны ёрын муугийн эсрэг байдгаас гадна, Бурханы ариун байдлын талаар ярилцсан гол сэдэв юу байлаа? Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох мөн үү, биш үү? Бурханд юу байгаа, Тэр юу болох нь Бурханд Өөрт нь цор ганц байдаг уу? (Тийм.) Түүний ямар ч бүтээлд ийм юм байхгүй. Тийм болохоор бид Бурханы ариун байдлыг цор ганц гэж хэлдэг. Энэ бол та нарын ойлгож чадах зүйл. Бид Бурханы ариун байдлын талаар гурван цуглаан хийсэн. Та нарын бодлоор Бурханы ариун байдал гэж юу болохыг өөрсдийнхөө үгээр, өөрсдийнхөө ойлгосноор дүрслэн хэлж чадах уу? (Өнгөрсөн удаа Бурханыг бидэнтэй ярилцахад бид Түүний өмнө өвдөг сөгдсөн. Бид Түүний үзэл бодлыг сонссон. Бурхан бидэнтэй, нүүрээрээ газар унан мөргөх болон Түүнийг шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөхтэй холбоотой үнэнийг нөхөрлөсөн. Түүний шаардлагад хүрэхгүй байх үедээ өвдөг сөгдөн Түүнд мөргөсөн маань Түүний хүсэлтэй нийцэхгүйг бид харсан бөгөөд үүнээс бид Бурханы ариун байдлыг харсан.) Тун үнэн. Өөр зүйл байна уу? (Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үгнээс бид, Тэр илэн далангүй, тодорхой ярьдаг, гол санаагаа шууд хэлдэг гэдгийг хардаг. Сатан тойруу замаар ярьдаг бөгөөд энэ нь худал хуурмагаар дүүрэн байдаг. Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн өнгөрсөн удаагийн явдлаас бид Бурханы үг болоод үйлдэл үргэлж зарчимтай байдгийг харсан. Бид юу хийх ёстой, юуг баримталж, хэрхэн үйлдвэл зохилтойг хэлэхдээ Тэр үргэлж тун тодорхой, ойлгомжтой байдаг. Харин хүмүүс ийм биш; Сатан хүн төрөлхтнийг ялзруулсны дараа хүмүүс өөрсдийн үйлдэл ба үгээр хувийн зорилго болон хүслээ биелүүлэхээр эрмэлздэг болсон. Бурхан хүн төрөлхтнийг харж харгалзаж, хамгаалж, халамжилж байгаагаас Бурханы хийдэг бүхэн эерэг байдгийг бид хардаг ба энэ маш тодорхой. Ийм замаар бид Бурханы ариун байдлын мөн чанарын илчлэлийг хардаг.) Сайхан хэллээ! Өөр нэмж хэлэх хүн байна уу? (Бурхан Сатаны муу муухайг илчлэх үед бид Бурханы ариун байдлыг хардаг. Бурхан Сатаны мөн чанарыг илчлэх үед бид түүний хорон мууг илүү сайн мэддэг болж, хүн төрөлхтний зовлонгийн эх сурвалжийг хардаг. Өмнө нь бид Сатаны эзэмшил дор зовж буйгаа огт мэддэггүй байж. Бурхан бидэнд мэдэгдэх үед л, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдсөний үр дүнд ирдэг хамаг зовлонг Сатан бий болгодгийг бид харсан. Энэнээс болоод л Бурханы ариун байдал нь хүн төрөлхтний жинхэнэ аврал гэдгийг мэдэрч байна. Түүнээс гадна, аврал хүлээн авахуйц нөхцөл байдлыг Бурхан бидэнд бэлддэг; Тэр биднийг тун чинээлэг айлд төрүүлээгүй, харин тохиромжтой гэр бүлд, тохиромжтой орчинд төрүүлсэн байдаг. Бас Тэр биднийг Сатаны хөнөөл, дарлалд зовохыг зөвшөөрдөггүй, тийм болохоор бид эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн авах нөхцөл байдал, хэвийн үзэл бодол, хэвийн сэтгэхүйтэй байж чадна. Үүнээс бид Бурханы төлөвлөгөөний нарийн нягт байдлыг, Түүний зохицуулалтыг, мөн тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлдгийг нь бас хардаг. Биднийг Сатаны нөлөөнөөс аврах Бурханы ажлын нарийн ширийнийг бид илүү сайн харж, Бурханы ариун байдал, хүн төрөлхтнийг гэсэн хайрыг нь ойлгодог.) Үүн дээр нэмж ярих хүн байна уу? (Завхарсан хүн төрөлхтөнд Бурханы тухай жинхэнэ мэдлэг, эсвэл Бурханыг гэсэн жинхэнэ хайр дутмаг байдаг. Бид Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгодоггүй болохоор Түүнийг шүтэн мөргөхөөр өмнө нь өвдөг сөгдөж байгаа маань хуурамч, далд зорилготой, санаатай байдаг учраас Бурхан баярладаггүй. Бид Бурхан Сатанаас огт өөр гэдгийг хардаг; Сатан өөрийгөө хүмүүсээр хүндлүүлж, өөртөө тал засуулж, шүтэн мөргүүлэхийг хүсдэг. Сатанд зарчим гэж байдаггүй. Үүнээс би бас Бурханы ариун байдлыг ойлгодог.) Маш сайн байна! Бурханы ариун байдлын тухай нөхөрлөсөн зүйлээс та нар Бурханы төгс байдлыг харсан уу? (Харсан.) Өөр юу хардаг вэ? Бурхан бол бүх эерэг зүйлийн эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурхан бол үнэн ба шударга ёсны биелэл гэдгийг харж чаддаг уу? Бурхан хайрын эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурханы хийдэг бүхэн, Түүний гаргадаг бүхэн, илчилдэг бүхэн өө сэвгүй гэдгийг хардаг уу? (Тийм ээ, хардаг.) Энэ хэдэн жишээ нь бүгд Бурханы ариун байдлын талаар Миний ярьсан гол санаа юм. Өнөөдөр энэ үг та нарт зүгээр л нэг сургаал шиг санагдаж байгаа байх, гэхдээ нэг л өдөр чи өөрийн туршлагаараа дамжуулан Бурханы үг болон ажлаас жинхэнэ Бурханыг Өөрийг нь таньж мэдэх үедээ, Бурхан бол ариун, Бурхан хүн төрөлхтнөөс өөр, Түүний зүрх сэтгэл, зан чанар, мөн чанар бүгд ариун гэж зүрх сэтгэлийнхээ гүнээс хэлэх болно. Энэ ариун байдал Бурханы төгс байдлыг хүнд харуулдаг, бас Бурханы ариун байдлын мөн чанар өө сэвгүй гэдгийг харуулдаг. Түүний ариун байдлын мөн чанар нь Түүнийг цор ганц Бурхан Өөрөө гэдгийг тодорхойлж, Тэр бол цор ганц Бурхан Өөрөө гэдгийг хүнд харуулж, баталдаг. Гол санаа нь энэ биш гэж үү? (Мөн.)
Өнөөдөр бид нар өмнөх цуглаанууд дээр ярьсан агуулгын зарим хэсгийг тоймлон өгүүллээ. Ерөнхий тоймоо ингээд дуусгая. Та нар бүгдээрээ бүлэг бүрийн, сэдэв бүрийн гол санааг үнэн сэтгэлээсээ авч үзнэ гэж Би найдаж байна. Эднийг ердөө нэг сургаал гэж бүү бод; цаг завтай үедээ тэдгээрийг илүү анхааралтай уншиж, эргэцүүлэх гэж хичээ. Эдгээрийг зүрх сэтгэлдээ санаж, амьдралдаа хэрэгжүүл, тэгвэл Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын жинхэнэ илчлэлийн тухай Миний хэлсэн бүхнийг чи үнэхээр мэдрэх болно. Гэхдээ чи эдгээрийг зүгээр бичиж авчихаад ерөөсөө уншихгүй, эргэцүүлж бодохгүй бол хэзээ ч ойлгохгүй. Чи одоо ойлгосон, тийм үү? Энэ гурван зүйлийг ярилцсаны дараа Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанар болон зан чанарын талаар хүмүүс ерөнхийд нь, эсвэл зарим талаар нарийвчлан ойлгосон байх болно. Гэхдээ тэд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болсон уу? (Үгүй.) Тэгвэл, Бурханы талаарх өөрсдийн ойлголтыг харвал, илүү гүнзгий ойлголт хэрэгтэй гэж санагдаж байгаа өөр талбар та нарт байна уу? Юу гэсэн үг вэ гэхээр, Бурханы эрх мэдэл, зөвт зан чанар, ариун байдлын тухай ойлголттой болсны дараа чиний оюун санаанд Бурханы цор ганц ялгамж чанар, байр суурийн талаарх мэдлэг бий болсон байх, гэвч илүү гүнзгий ойлголттой болохоосоо өмнө чи Бурханы үйлдэл, Бурханы хүч чадал, Бурханы мөн чанарыг туршлагаараа мэдэж авч, ойлгох хэрэгтэй. Одоо та нар энэ нөхөрлөлүүдийг сонссон болохоор итгэлийн тухай энэ сэдвийг зүрхэндээ хадгалж чадахаар боллоо: Бурхан үнэхээр оршин байдаг, Бурхан бүхнийг захирдаг нь бодит үнэн. Түүний зөвт зан чанар нь ямар ч хүний халдахыг тэвчдэггүй бөгөөд Түүний ариун байдал нь ямар ч хүн эргэлзэхийн аргагүй тодорхой зүйл юм. Эдгээр нь бодит баримт. Энэ нөхөрлөлүүд нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг хүмүүсийн зүрх сэтгэлд суурилуулж өгдөг. Энэ суурь тавигдмагц, хүмүүс илүү ихийг ойлгохоор хичээх ёстой.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?