Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
V хэсэг
Иовын тухай
Иов шалгалтуудыг хэрхэн туулсныг мэдээд та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно
Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл, бид түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.
Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.
“Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр, “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал—үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан төлөв нь ямар байсныг харснаар эхлэх болно. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн түүний зан чанар болон мэрийлтийн талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүмүүсээс хамгийн агуу нь байсан юм”. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас уу гэдгийг бидэнд хэдийгээр хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тэр их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, түүний хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байж болох юм; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв (Иов 1:4–5). Энэ эшлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж идэж, уун найрладаг байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн. Эхнийх нь Иовын хөвгүүд, охид хангалуун амьдралтай учраас дандаа найрладаг байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарч, ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд баялгаас бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байсан—гэсэн ч тэд үүний үр дүнд өөрсдийгөө ариусгаагүй, эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос эмээгээгүй, тэр ч бүү хэл тэд зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос ч эмээгээгүй байгаа биз дээ. Мэдээжээр бид анхаарлаа Иовын хүүхдүүд дээр биш, харин тийм зүйлтэй тулгараад Иов юу хийсэнд нь төвлөрүүлэх юм; энэ нь эшлэлд дүрслэгдсэн өөр хэрэг бөгөөд энэ нь Иовын өдөр тутмын амьдрал, түүний хүн чанарын мөн чанарыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охидоо хэтэрхий идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, зарц нартай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр өөрийн дээд зэргийн амьдрах орчинд хууртагдаагүй, махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл өөрийн эд баялгийн улмаас шатаалт тахил өргөхөө мартаагүй, тэр ч байтугай энэ нь түүнийг өөрийн зүрх сэтгэл дэх Бурханаас аажмаар зайлсхийхэд хүргээгүй. Тэгэхээр Иов амьдралынхаа хэв маягт сахилга баттай байсан бөгөөд шунахай, эсвэл таашаалыг чухалчилж байгаагүй, мөн Бурхан түүнийг ерөөсний үр дүнд тэр амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Үүний оронд тэр Бурханы өмнө хүлцэнгүй, даруухан, болгоомжтой, хянуур байж, Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байгаасай гэж хүсдэг байсан юм. Иовын эд баялаг түүний зүрх сэтгэлд ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө ч бай өдөр тутам хийдэг байсан Иовын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжиж, түүний өдөр тутмын амьдралын хэсэг нэг бүрд тусгагдаж байсан. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь тэр шударга байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа өөрийн хөвгүүд, охидыг илгээж, ариусгаж байсан гэдэг нь тэр хүүхдүүдийнхээ зан аашийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; үүний оронд зүрх сэтгэлдээ тэр тэдний зан төрхөөс залхаж, тэднийг буруушааж байсан юм. Түүний хөвгүүд, охидын зан төрх Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэр тэднийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчлаач гэж үргэлж гуйдаг байсан. Иовын үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр эдгээр хүмүүс түүний хөвгүүд, охид байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас өөрийнхөө зарчмаас няцаагүй, мөн өөрийн уян сэтгэлийн улмаас тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднийг наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад хэрхэн ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханыг няцаасан зүйлийг жигшдэг байсан, тэр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрладаг ба мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын чухамхүү чигч байдал байсан юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл болон амьдран харуулалт байсан, энэ тухай нь бид судалж мэдэх ёстой.
Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үе дэх Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)
Бидний дээр хуваалцсан зүйл нь шалгалтаас өмнө өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын олон янзын талууд юм. Эдгээр олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын чигч байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг талаарх анхны танилцуулга, ойлголтыг өгч, аяндаа анхны нотолгоогоор хангадаг. Яагаад би “анхны” гэж хэлсний шалтгаан бол ихэнх хүмүүс одоо ч гэсэн Иовын зан чанар болон түүний Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт нь Библид тэмдэглэсэн түүний хэлсэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үгнээс үүссэн түүний талаарх таатайхан сэтгэгдлээс цааш хэтэрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг ойлгох хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдах юм.
Түүний эд хөрөнгө хулгайлагдаж, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах байдлаар хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, тэр уйлаагүй, эсвэл түүнд энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл учир, шалтгааныг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал эсвэл харууслыг харуулаагүй, мөн тэр хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжааагүй. Харин ч тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүмүүсийнхээс өөр байсан. Тэдгээр нь олон хүмүүсийг будилуулж, “хэнэггүй” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Өөрсдийн эд хөрөнгийг гэнэт алдах үедээ энгийн хүмүүс, уй гашууд дарагдаж, эсвэл цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүмүүс бүр сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний амьд үлдэх нь хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол тэдний хичээл чармайлт хий дэмий байж, тэдэнд найдвар үгүй болж, бүр ирээдүй ч байхгүй гэсэн үг байдаг. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөнд хандах хандлага ба тэдний үүнтэй харилцах ойр дотно харилцаа юм, мөн хүмүүсийн үзэхэд энэ бол эд хөрөнгөний ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад тоохгүй тайван байсанд нь гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар эдгээр бүх хүмүүсийн төөрөгдлийг арилгах болно.
Эрүүл ухаанаар бодвол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы түүнд өгсөн хөрөнгийг тэр хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгө нь хулгайлагдсан гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон бүхнийг бүртгэж, дараа нь Бурханд улайх ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Гэсэн хэдий ч Иов тэгээгүй—үнэндээ, түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ баримтлах замыг амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ тэр үүнд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ тэр сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн Бурханы замыг үл тоогоогүй, эсвэл байнга ерөөл хүртдэг гээд Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг Бурханаас түүнд хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, түүний бат үнэмшлийн нотолгоо байсан. Иовын хүн чанар болон түүний өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Иовын хүн чанар болон мэрийлт нь эд хөрөнгөө алдах үедээ тэр тайван байсан зан төлвийнх нь салшгүй хэсэг юм. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үед, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх эрхэм чанар болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй. Тэдгээр нь олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан салгаж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүмүүстэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал нь маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов агуу үнэнч, шулуун шударга байдлыг эзэмшээгүй байна гэж үү?
Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар гэдэг нь тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын мэрийлт, өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч байдаг болгосон; түүний айдас түүнийг нүглээс зайлахдаа улам илүү үнэнч байдаг болгосон; эцэстээ, Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг цэцэн болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.
“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо учир зүйтэй, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө гаргасан зан төлөвтэй нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ түүний дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон ямар ч зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, түвэгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад, Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа тэр мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал нь энэ байсан. Яг ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өөрийн өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн юм.
Иов бие махбодын асар их өвдөлт, өөрийн хамаатан садан, найз нөхдийн эсэргүүцэлтэй тулгарах үедээ, үхэлтэй нүүр тулах үедээ түүний биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүгдэд харуулсан.
Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй
Дараахыг уншицгаая: “Тэгээд Сатан Еховагийн дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатиганд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув” (Иов 2:7–8). Энэ бол хөндүүр хатиг түүний биеэр нэг тархаж байх үед Иовын гаргасан зангийн дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатигныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн ааш зан, үзэл бодлыг харуулах ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан төлөв нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ эшлэл энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах болсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа алга байна гэж үү? Энэ нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулдаг ялгаа юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрийг хайрлаж, нэг их анхаарч байгаагүй; бусад хүмүүс түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тэр тоогоогүй, мөн түүний үйлдэл, эсвэл зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч тэр санаа зовоогүй; тэр байр суурийн баялагт автаагүй, мөн байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууд дуртай байгаагүй. Тэр зөвхөн Ехова Бурханы үзлээр амьдрахын үнэ цэнэ болон утга учраа л анхаардаг байсан. Иовын үнэн байдал нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй ба алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэр үнэн, цэвэр ариун, хуурамч зангүй байсан юм.
Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь
Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ сольсон энэ үгнээс харагддаг: Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:9–10) гэв. Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад түүнийг зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин оронд нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушааж хандсан. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний чигч хүн чанарын жинхэнэ дүр төрх байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжийг эзэмшсэн хүн байсан—энэ нь түүнийг хорон муугийн эргүүлэг, давалгааг үзэн ядаж, утга учиргүй тэрс үзэл, хөгийн маргаан болон этгээд баталгааг жигшин, зүхэж, хаяхад хүргэсэн ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үед өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгосон.
Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл
Нэгэнт бид Иовын зан төлвөөс түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын хүн чанараас бид юу хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.
Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хтуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бола, хэрвээ тэр хүйтэн хөндий, хэнэггүй ба хүн чанаргүй байсан бол Бурханы зүрх сэтгэлийн хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан түүнээс болж зовж шаналсан учраас тэр өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт бол Огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрснээр илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гадны хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын гаргасан зан төлөв бүхэлдээ үлгэр жишээч байсан. Зөвхөн өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанар нуугдаж, эсвэл баглагдаагүй, эсвэл өөр хүн засварлаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлийг ил харуулсан; тэр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.
Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанарын гол агуулгын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, үнэлэлттэй болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон үнэлэлт нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.
Бурхан Иовыг Сатаны гарт өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондын харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, шулуун шударга байсан ба тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, ийнхүү хүлээн зөвшөөрөх нь тэдэнд Бурханы санаа зорилгын талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, мэрийлтэд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, шулуун шударга байсан, хүмүүс түүнийг тэгж их шагширдаг, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч, түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй гэхээсээ илүү харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг гайхашруулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдээр төгс, шулуун шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа, эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах явдал; өөрөөр хэлбэл, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгон Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломжийг түүнд олгож, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг олох боломжийг хүнд олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг дандаа Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөнө. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс чигч учраас, тэд Бурханд итгэдэг, дуулгавартай байдаг ба эмээдэг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдаг болон Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар соригдож, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, тэд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, тэд бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.
Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч тэр мөн мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтанд өртөхгүй болж, үүний оронд Бурханы төрх байдлын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, түүнд өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс булаан авч, устгаж, эсвэл салгаж чадахгүй. Үүнийг итгэл, шийдэмгий байдал, Бурханд дуулгавартай байдал, мөн Бурханаас эмээдгийнх нь хариуд Иовд өгсөн; Иов дэлхийд баяр хөөр, аз жаргалыг хүртэхийн тулд Тэнгэр олгож, газар зөвшөөрсөн эрх ямбыг хүртэхийн тулд, газар дээрх Бурханы жинхэнэ бүтээл болохын хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр шүтэн мөргөхийн тулд амиараа төлөөс төлсөн юм. Иовын туулж амссан сорилтын хамгийн агуу үр дүн бас энэ байсан билээ.
Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед, тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, Сатан тэднийг суллаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, тэдэнд яриад байх энгийнээр орших ямар ч эрх байхгүй, цаашлаад тэдэнд яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол чи Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол чи аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байна, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр уг утгаараа тийм хүмүүс Сатаны атганд бүрэн байх болно.
Бурханы шалгалтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр
Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг эрхэм чанараар зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний эрхэм чанарыг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал хүн туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол тэр туршилтыг даваагүй байх юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгахад Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийг нь зүгээр орхих болгож, Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл үйл явц юм.
Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба гэгээрэл
Хүмүүс, Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналлаас болж зовнидоггүй болсон бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болсон юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд санаа зовдоггүй болсон бөгөөд Бурханы шалгалт ирэхийг эсэргүүцэж, эсвэл үгүйсгэдгээ больсон. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжин тусалж, зоригжуулах эх сурвалж болдог билээ. Тэд Иовоос өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн тэд Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байж л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; тэд Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын мэрийлтийг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр гаргасан зан төлөв нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэ билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?