Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
I хэсэг
Сүүлийн уулзалтынхаа үеэр бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал вэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу, эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсмоор байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд салшгүй холбоотой.
Бурханы ажлын талаарх бидний сүүлчийн нөхөрлөлийн агуулга нь Библид дүрсэлсэн олон жилийн өмнө тохиолдсон зүйлс байсан. Тэдгээр нь бүгд хүн болон Бурханы тухай түүх байсан бөгөөд тэдгээр нь хүнд тохиолдсон ба Бурханы оролцоо болон илэрхийллийг зэрэг багтаасан, иймээс эдгээр түүх нь Бурханыг мэдэхэд хэрэгтэй онцгой үнэ цэнэ, ач холбогдлыг агуулдаг. Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харьцаж эхэлснээсээ эхлээд Өөрийн мөн чанар болоод Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайгаа хүнд зогсолтгүйгээр мэдэгдэж эхэлсэн. Эртний хүмүүс, эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран товчхондоо, Бурхан Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлэн хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажиллаж байдаг—энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ нь бас Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харилцах явцад байнга ил гарч, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хүнээс хэзээ ч, юу ч нууж, далдлаагүй, харин оронд нь юу ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанарыг нийтэд мэдэгдэж, ил гаргадаг. Ингэж хүн Өөрийг нь мэдэж, бас Түүний зан чанар болон мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан найддаг. Түүний зан чанар болон мөн чанарыг хүн мөнхийн нууц гэж үзэхийг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар гэж үзэхийг Тэр хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн авч чадах ба зөвхөн ийм хүн төрөлхтөн л Бурханы ноёрхол дор амьдарч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийн дунд амьдарч чадна.
Бурханы гаргасан, илчилсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг ба тэдгээр нь мөн Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харьцах үедээ юу ч хэлж, хийж байсан, эсвэл Тэр ямар зан чанар илчилж байсан нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайд хүн юу харж байгаа нь хамаагүй, тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хэр зэрэг ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг—хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол Тэр хүмүүсээс ямар байхыг шаарддаг нь, Тэр тэднээс юу хийхийг шаарддаг нь, Тэр тэднээс хэрхэн амьдрахыг шаарддаг нь болон Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байхыг Тэр тэднээс хэрхэн шаарддаг нь юм. Эдгээр зүйл нь Бурханы мөн чанараас салшгүй байдаг уу? Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо ил гаргаж байдаг. Тэнд ямар ч худал хуурмаг, дүр эсгэлт, гоёж чимэглэсэн зүйл байдаггүй. Гэсэн ч хүн яагаад мэдэх чадваргүй, мөн тэр яагаад Бурханы зан чанарыг хэзээ ч тодорхой ойлгож чадахгүй байсаар ирсэн бэ? Бас тэр яагаад Бурханы хүслийг хэзээ ч ухаарсангүй вэ? Бурханы илчилж, гаргасан зүйл бол Бурханд Өөрт нь юу байгаа болон Өөрөө хэн болох нь, мөн Түүний жинхэнэ зан чанарын бүх хэсэг, талууд нь юм—гэтэл хүн яагаад харж чаддаггүй юм бэ? Яагаад хүн бүрэн төгс мэдлэгтэй болж чаддаггүй юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан байна. Тэгээд энэ шалтгаан нь юу вэ? Бүтээгдсэн цагаасаа хойш хүн хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж байгаагүй. Эрт цагт Бурхан хүний хувьд юу хийсэн нь хамаагүй, дөнгөж бүтээгдсэн хүн Түүнийг нөхрөөс өөр юу ч биш, түшиглэж болох нэгэн мэтээр үзсэн бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэг, эсвэл ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, тэр энэ Оршихуйн ил гаргасан зүйлийг мэдээгүй—түүний түшиглэж, өөрийн нөхөр гэж үзэж байсан энэ Оршихуй нь—Бурханы мөн чанар байсныг ч мэдээгүй, мөн энэ Оршихуй нь бүх зүйлсийг захирдаг Нэгэн байсан гэдгийг ч мэдээгүй. Энгийнээр хэлбэл, тэр үеийн хүмүүс Бурханыг огтхон ч таньж мэдээгүй. Тэнгэр газар болон бүх зүйлсийг Тэр бүтээсэн гэдгийг тэд мэдээгүй бөгөөд Тэр хаанаас ирсэн, цаашлаад Тэр хэн байсан гэдгийг тэд мэдэхгүй байсан. Мэдээж, тэр үед Бурхан хүнээс Түүнийг мэдэхийг, эсвэл Түүнийг ухаарахыг, эсвэл Түүний хийсэн бүхнийг ойлгохыг, эсвэл Түүний хүслийн талаар сонсож байхыг шаардаагүй, учир нь энэ бол хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үе байсан юм. Хуулийн эрин үеийн ажилд бэлтгэж эхлэх үедээ Бурхан хүнд зарим нэг зүйлийг хийсэн бөгөөд мөн Бурханд хэрхэн тахил өргөж, шүтэн мөргөж байхыг хүнд хэлж, хүнээс зарим зүйлийг шаардаж эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн Бурханы тухай цөөн хэдэн энгийн ойлголттой болж, зөвхөн тэр үед л тэр хүн болон Бурханы хоорондын ялгааг, бас Бурхан бол хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн байсан гэдгийг мэдэж авсан. Бурхан бол Бурхан, хүн бол хүн гэдгийг хүн мэдсэн үед Бурхан тэр хоёрын дунд тодорхой зай бий болсон, гэсэн ч Түүний талаар асар их мэдлэг буюу гүн ойлголттой болооч гэж Бурхан хүнээс хүсээгүй. Тийнхүү Бурхан Өөрийн ажлын үе шат, нөхцөл байдал дээр үндэслэн хүнд өөр өөр шаардлага тавьдаг. Та нар эндээс юу ойлгож байна вэ? Бурханы зан чанарын ямар талыг та нар ухамсарлаж байна вэ? Бурхан бодитой юу? Хүнээс шаардах Бурханы шаардлагууд тохиромжтой юу? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үед, Бурхан байлдан дагуулах ажил болон хүнийг төгс болгох ажлаа хараахан хэрэгжүүлээгүй, түүнд тийм ч олон үг хэлээгүй байхдаа хүнээс багыг шаардаж байсан. Хүн юу хийсэн болон хүн хэрхэн авирласнаас үл хамааран—хэдийгээр тэр Бурханыг гомдоох зарим нэг зүйл хийсэн ч гэсэн—Бурхан бүгдийг уучилж, бүгдийг үзсэн ч үзээгүй мэтээр өнгөрөөсөн юм. Бурхан хүнд юу өгснөө мэдэж байсан учраас, хүний дотор юу байгааг мэдэж байсан учраас Тэр хүнд тавих ёстой Өөрийн шаардлагын стандартыг мэдэж байсан. Хэдийгээр Түүний шаардлагын стандарт тэр үед маш бага байсан ч гэсэн энэ нь Түүний зан чанар агуу биш байсан, эсвэл Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдал нь хоосон үгнээс цаашгүй байсан гэсэн үг биш юм. Хүнд Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэх цорын ганц зам байдаг нь: Бурханы удирдлагын ажлын алхмуудыг дагаж, Бурханы хүн төрөлхтөнд хэлдэг үгсийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдээд, Бурханы зан чанарыг мэдчихээд хүн бас л Өөрийн үнэн биеийг харуулаач гэж Бурханаас гуйна гэж үү? Хүн тэгэхгүй, тэгж зүрхлэхгүй, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож ухаарснаар хүн аль хэдийн жинхэнэ Бурханыг Өөрийг нь харсан байх бөгөөд Түүний үнэн биеийг аль хэдийн харсан байх юм. Энэ бол зайлшгүй үр дүн билээ.
Бурханы ажил болон төлөвлөгөө зогсолтгүй урагшилж байхад, мөн энэ дэлхийг Тэр дахиж хэзээ ч үерийн ус ашиглан сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй солонгын гэрээ байгуулсныхаа дараа Бурхан Өөртэй нь нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авахыг бүр их шаргуу хүсэж байсан юм. Иймээс Тэр бас дэлхий дээр Түүний хүслийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, Сатанд хүлэгдэхгүй байж чадах, дэлхий дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авах бүр ч илүү яаралтай хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүмүүсийг олж авах нь Бурханд удтал байсан хүсэл буюу бүтээлийн цагаас хойш Түүний хүсэн хүлээсээр ирсэн зүйл байсан юм. Тийнхүү дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг, эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан, Бурханы хүсэл, ухааны цар хүрээ, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Бүтээлийн цагаас өмнө удаан хугацаанд Түүний эгээрч байсан, Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах—Түүний зан чанарыг ухамсарлан мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлэг хүмүүсийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд гэрчлэл хийж лавтай чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болох юм.
Өнөөдөр бүгдээрээ Бурханы гишгэсэн мөрөөр буцан мөрдөж, Түүний ажлын алхмуудыг үргэлжлүүлэн дагацгаая, ингэснээр бид Бурханы бодол, санааг болон Бурхантай хамаатай юм бүхнийг, хэтэрхий удаан “агуулахад хадгалагдсан” бүх зүйлийг нээн илрүүлж магадгүй юм. Эдгээр зүйлээр дамжуулан бид Бурханы зан чанарыг мэдэж, Бурханы мөн чанарыг ойлгож эхлэх бөгөөд бид Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, Бурхан болон бидний хоорондох зай багасан бид бүгдээрээ Бурханд аажмаар ойртон очих болно.
Бидний сүүлд ярьсан зүйлийн нэг хэсэг нь яагаад Бурхан хүнтэй гэрээ байгуулсан бэ гэдэг тухай байсан. Энэ удаад бид доорх Библийн ишлэлүүдийн тухай нөхөрлөх болно. Бүгдээрээ Библийг уншсанаар эхэлцгээе.
А. Абрахам
1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав
(Эхлэл 17:15–17) Бурхан Абрахамд: “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнийх байх болно” гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.
(Эхлэл 17:21–22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.
2. Абрахам Исаакийг өргөсөн нь
(Эхлэл 22:2–3) Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.
(Эхлэл 22:9–10) Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.
Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, энэ өтөл насны хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Тэр мэддэггүй байна; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодож, Тэр надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан: Боломжгүй зүйл—Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Иймээс, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга.) Тэр бол зөв шударга хүн байсныг хаана бичсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүмүүс зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар сургаал номлолд баригддаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурхан зүрх сэтгэлдээ хүн бүхнийг хэмжих стандарттай байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн түүний зан төлвөөс үзвэл Абрахамын Бурханд итгэх итгэл ямар байсан бэ? Энэ нь бага зэрэг хийсвэр байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд нь түүнийг хэн байсан бэ гэдгийг харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, энэ бол сургаал номлолын сохор хэрэглээ бөгөөд энэ бол хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон түүний өчүүхэн нүүр царайны илэрхийллийг харсан уу? Учрыг нь мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ хэрэг аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөх ч үгүй байсан, эсвэл хүний зан төлөв хэдий тэнэгдүү байж магадгүй ч гэсэн тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг өөрчлөх юм уу, нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21–22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Бурхан Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнийг агуу итгэлтэй байгаач, эсвэл Бурханы талаар ихийг мэдэж чаддаг байгаач, цаашлаад Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгодог чадвартай байгаач гэж гуйдаггүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгооч, эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл, Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгооч гэж Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, гаргасан ааш араншинг нь хэвийн гэж үзсэн. Тэр зэмлэж, буруушаагаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы бодлоор бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулалтыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний зан төрх болон зан төлөв Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мунхаглалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.
Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг
Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?
Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9–10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.
Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? Гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.
3. Бурханы Абрахамд өгсөн амлалт
(Эхлэл 22:16–18) Ехова: “Чи энэ зүйлийг хийсэн ба хүүгээ, ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөрөөрөө тангараглаж байна” хэмээгээд, “Би ерөөлөөрөө чамайг ерөөж, үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.
Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсний бүрэн бүтэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч агуулга нь баялаг: Энэ нь Бурханы Абрахамд өгсөн бэлгийн учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь мөн Бурхан эдгээр үгийг хэлэхдээ баяр хөөртэй, сэтгэл хөөрч байсныг нь, түүнчлэн Түүний үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдлыг шингээсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харж болно. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлсөн төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулсан анхаарал халамж, бодлыг бид мөн хардаг. Цаашлаад “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэдэг үгсийг агуулсан ишлэл нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын цаана Бурханы ганцаараа үүрсэн уйтгар, шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгсөн юм. Энэ нь онцгой ач холбогдол агуулсан бөгөөд дараагийн хүмүүст гүн гүнзгий нөлөөтэй байсан тунгааж бодууштай ишлэл юм.
Хүн дуулгавартай, чин сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы ерөөлийг олж авдаг
Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд хүртээсэн ерөөл агуу байсан уу? Хэр агуу гэж? Энд “чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэсэн нэг чухал өгүүлбэр байна. Абрахам урьд, хожид хэнд ч хүртээгээгүй ерөөлийг хүртсэн гэдгийг энэ харуулж байна. Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (жич: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж бид хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам Тэр харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалт байсан. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно.” Бурхан эдгээр үгсийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, тэр Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдоллохгүйгээр хийсэн учраас Бурхан тийнхүү түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Хүмүүс Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар тийм ч их ойлголттой биш байж магадгүй боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, эргэлзэхэд хүрсэн. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад энэ амлалтаа Абрахамд хүртээх үедээ Өөртөө хандсан бөгөөд үүнээс “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж Бурхан хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь эдгээр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөнө гэж шийдсэн. Тэгээд Бурхан Абрахамын үр удамд Бурханы удирдлагын ажил болон Бурханы ажлыг үүрүүлж, мөн Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаар эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, тэгснээр хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан ярих үедээ, Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байсан. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.
Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм
Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр чадаагүй! Иймээс Бурхан Өөрөөрөө тангараглах тэр мөчид Түүний зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон болон төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл Өөрийн хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос бараг ялгаагүй байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, энэ нь Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс зайтай хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, Тэр тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг, эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөөрөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхааг зогсоогоогүй бөгөөд Өөрийн хийх ёстой зүйлийн дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн.
Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Тэр Бурханы үгийг сонссон учраас л Бурхан Абрахамд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их энхрийлэн хайрладаг вэ? Тэр үүнийг хэр их энхрийлэн хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Бурхан Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай орсон бөгөөд түүний чин сэтгэл Бурханы сэтгэлийг уярааж, Бурханд үнэлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй, эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэр донсолгож, газар доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэлийн ханамжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэл ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн амьтнаас ирсэн бөгөөд энэ нь хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил” байсан ба энэ бол хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн нь байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хүнд хэцүү цагийг туулсан ба үүнд Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтөнд итгэл найдвар бий гэдгийг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Тэр Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж байхад тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж хүссэн. Бурхан юу хүссэн нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан бөгөөд түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Тэр бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байж, Бурхантай нэг сэтгэлтэй байх хэмээн Бурханы хүнээс шаардсан стандартаас хамаагүй хол нэгэн байлаа. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахамын Исаакийн өргөлөөс Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг харсан ба тэр Бурханы шалгалтыг давсан гэдгийг харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн бас л байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовохынхоо хэрээр Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ба Түүний удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Түүний хүслийг биелүүлэх бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, олж авах нь төдий чинээ их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы хүчтэй хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш ялагчдын бүлгийг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэйг үл харгалзан, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүүг үл харгалзан, Түүний хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байгааг үл харгалзан, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй ба хэзээ ч хаяагүй. Одоо Би ярьчихлаа, та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ ухаарал аажмаар ирэх болно!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?