Цор ганц Бурхан Өөрөө X
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV) (III хэсэг)
Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай
3. Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг
Дараа нь, Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар ярилцацгаая. Энэ нь та нарт хамаатай учир анхаарал хандуулаарай. Юун түрүүнд, Бурханыг дагадаг хүмүүсийг хэдэн төрөлд хувааж болох талаар бод. (Бурханы сонгосон хүмүүс ба үйлчлэл үзүүлэгчид.) Хоёр төрөл байдаг: Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид. Эхлээд бид цөөн хэдхэн байдаг Бурханы сонгосон хүмүүсийн талаар ярина. “Бурханы сонгосон хүмүүс” гэж юуг хэлдэг вэ? Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ, хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Өөрийг нь дагадаг бүлэг хүмүүсийг сонгосон ба тэднийг зүгээр л “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэдэг. Бурхан энэ хүмүүсийг сонгосонд онцгой цар хүрээ болон ач холбогдол байдаг. Үүний цар хүрээ нь, Бурханыг чухал ажил хийх бүрд энэ цөөн хэдэн хүн ирэх ёстой, энэ бол эхний онцгой чанар юм. Тэгвэл ач холбогдол нь юу вэ? Тэд Бурханаар сонгогдсон бүлэг байсан тул ач холбогдол нь асар их юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүмүүсийг бүрэн гүйцэд болгож, төгс болгохыг хүсдэг бөгөөд удирдлагын ажил нь дуусмагц Тэр энэ хүмүүсийг олж авна. Энэхүү ач холбогдол нь асар их бус уу? Иймээс энэ сонгогдсон хүмүүс Бурханд асар чухал, учир нь тэд бол Бурханы олж авахаар зорьдог хүмүүс билээ. Харин үйлчлэл үзүүлэгчдийн тухайд гэвэл, Бурханы урьдчилан тогтоосон төлөвлөгөөг орхиж, тэдний гарал үүслээс эхэлж ярья. “Үйлчлэл үзүүлэгч” гэдгийн үгчилсэн утга нь үйлчилдэг нэгэн гэсэн үг юм. Үйлчилдэг хүмүүс түр зуурынх байдаг; тэд урт хугацаагаар, эсвэл үүрд үйлчилдэггүй, харин тэднийг түр хөлсөлж, элсүүлдэг. Тэдний ихэнхийг үл итгэгчдээс сонгодог. Тэд газар дээр ирэхдээ Бурханы ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг гүйцэтгэх тушаалтай байдаг. Тэд урьд төрөлдөө амьтан байсан байж магадгүй, гэхдээ бас үл итгэгчдийн нэг байсан байж болох юм. Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ.
Бурханы сонгосон хүмүүсийн талаар эргэж ярья. Бурханы сонгосон хүмүүс үхэхдээ үл итгэгчид болон итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсээс огт өөр газар очдог. Энэ нь, тэнгэр элчүүд болон Бурханы элч нар тэднийг дагалддаг газар бөгөөд Бурханы биечлэн удирддаг газар юм. Гэсэн хэдий ч энэ газарт Бурханы сонгосон хүмүүс Бурханыг нүдээрээ харах боломжгүй байдаг ба энэ нь сүнсний ертөнцийн өөр хаанаас ч ялгаатай; энэ хэсэг хүмүүсийн нас барсныхаа дараа очдог газар нь энэ юм. Нас барсныхаа дараа тэд ч бас Бурханы элч нарын нарийн байцаалтад ордог. Юуг байцаадаг вэ? Бурханд итгэх итгэлийнхээ амьдралын туршид энэ хүмүүсийн туулсан замыг, энэ хугацаанд тэд Бурханыг эсэргүүцэж, эсвэл Түүнийг харааж байсан эсэхийг, ноцтой нүгэл юм уу, мууг үйлдсэн эсэхийг нь Бурханы элч нар шалгаж байцаадаг. Энэ байцаалтаар тухайн хүн явах уу, эсвэл үлдэх үү гэдгийг шийддэг. “Явах” гэдэг нь юуг хэлдэг вэ? “Үлдэх” гэдэг нь юуг хэлдэг вэ? “Явах” гэдэг нь зан авирынхаа үндсэн дээр Бурханы сонгосон хүмүүс дунд үлдэх эсэхийг нь хэлдэг. “Үлдэх” гэдэг нь тэд эцсийн өдрүүдэд Бурханы бүрэн төгс болгодог хүмүүсийн дунд үлдэж чадна гэсэн үг. Үлдэж байгаа хүмүүст зориулсан онцгой зохицуулалт Бурханд байдаг. Өөрийн ажлын үе бүрийн турш Бурхан, элчийн ажил хийлгэхээр, чуулгануудыг сэргээх ажил хийлгэхээр эсвэл чуулганыг харж хандуулахаар энэ хүмүүсийг илгээнэ. Гэвч ийм ажил хийх чадвартай хүмүүс нь ахин дахин эргэн төрдөг үл итгэгчид шиг дахин төрөл байнга олдоггүй; харин тэднийг Бурханы ажлын хэрэгцээ болон алхмуудын дагуу газар руу буцаадаг ба дахин төрөл байнга олоод байдаг хүмүүс биш. Тэгвэл тэднийг төрлөө дахин олоход ямар нэгэн дүрэм байдаг уу? Тэд хэдэн жилд нэг удаа ирдэг үү? Тэд ийм давтамжтайгаар ирдэг үү? Тэгдэггүй. Энэ нь Бурханы ажилд, Түүний ажлын үе шатуудад, Түүний хэрэгцээнд үндэслэдэг ба тогтсон дүрэм байдаггүй. Зөвхөн ганц дүрэм нь бол Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатыг хийхэд энэ сонгогдсон хүмүүс бүгд ирнэ. Тэднийг бүгд ирэх үед энэ нь тэдний дахин төрөл олох сүүлчийн тохиолдол байх болно. Яагаад тэр вэ? Энэ нь Бурханы ажлын сүүлчийн үе шатанд биелэх үр дүнд үндэслэдэг—учир нь ажлын сүүлчийн энэ үе шатанд Бурхан энэ сонгогдсон хүмүүсийг бүрэн төгс болгоно. Энэ нь юуг харуулдаг вэ? Хэрвээ энэ сүүлчийн үе шатанд энэ хүмүүс бүрэн болгуулж, төгс болгуулбал урьдынх шигээ дахин төрөл олохгүй; хүн байх үйл явц нь бүрэн дуусаж, дахин төрөл олох үйл явц нь ч дуусна. Энэ нь үлдэх хүмүүст хамаатай. Тэгвэл үлдэж чадахгүй хүмүүс хаашаа явдаг вэ? Үлдэж чадахгүй хүмүүст очвол зохих газар байдаг. Юуны түрүүнд, муу үйл, хийсэн алдаа, үйлдсэн нүглийнхээ үр дүнд тэд бас шийтгүүлдэг. Шийтгүүлснийх нь дараа Бурхан тэднийг үл итгэгчдийн дунд илгээдэг; нөхцөл байдалд нь тааруулан Тэр тэднийг үл итгэгчдийн дунд, эсвэл итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн дунд байхаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, тэдэнд боломжит хоёр нөхцөл бий: Нэг нь, шийтгүүлснийхээ дараа дахин төрөл олох үедээ шашны зарим урсгалын дунд амьдарч магадгүй, нөгөө нь, үл итгэгч болох юм. Хэрвээ үл итгэгч болбол бүх боломжоо алдана. Харин итгэл бишрэлтэй хүн болбол—жишээ нь, Христэд итгэгч болбол—Бурханы сонгосон хүмүүсийн эгнээнд эргэн орох боломж бас л бий; үүнд маш нарийн төвөгтэй харилцаа байдаг. Товчхондоо, хэрвээ Бурханы сонгосон хүмүүс Бурханыг уурлуулах ямар нэг зүйл хийвэл бусад хүмүүсийн нэгэн адил шийтгүүлнэ. Жишээлбэл, өмнө нь ярьж байсан Паулыг аваад үз. Паул бол шийтгүүлдэг хүмүүсийн нэг жишээ. Та нар Миний юу гэж хэлж байгаа санааг ойлгож байна уу? Бурханы сонгосон хүмүүсийн цар хүрээ тогтсон байдаг уу? (Ихэнхдээ тэгдэг.) Үүний ихэнх нь тогтсон байдаг ба багахан хэсэг нь тогтоогдоогүй байдаг. Яагаад тэр вэ? Энд Би хамгийн ойлгомжтой шалтгаан буюу мууг үйлдэх талаар хэлсэн. Тэд мууг үйлдэхэд Бурхан түүнийг хүсдэггүй ба Бурхан тэднийг хүсэхгүй байх үедээ янз бүрийн үндэстэн, олон төрлийн хүмүүсийн дунд хаядаг ба энэ нь тэднийг ямар ч итгэл найдваргүй болгож, эргэж ирэхийг нь бэрх болгодог. Энэ бүхэн нь Бурханы сонгосон хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгтэй хамаатай.
Дараагийнх нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар буюу тэд урьд төрөлдөө үл итгэгчид болон амьтад байгаад дахин төрөл олсон талаар ярьсан. Ажлын сүүлчийн үе шат ирэхэд Бурхан үл итгэгчдээс ийм бүлэг хүмүүсийг сонгосон ба энэ бол онцгой бүлэг билээ. Ийм хүмүүсийг сонгосон Бурханы зорилго нь Өөрийнхөө ажилд үйлчлүүлэх явдал юм. “Үйлчлэх” гэдэг нь нэг их боловсон сонсогддог үг ч биш, хүн бүрийн хүсэлд ч тийм сайн нийцдэггүй, гэхдээ бид энэ нь хэн рүү чиглэдгийг харах хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчдийн оршин тогтнолд онцгой ач холбогдол бий. Тэднийг Бурхан сонгосон учраас өөр хэн ч тэдний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх, гол нь Бурханы ажилд үйлчилж, Бурханы ажилтай хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг бүрэн төгс болгоход Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хөдөлмөрлөж, ямар нэг ажил гүйцэтгэж, эсвэл тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ хүмүүст тавьдаг Бурханы шаардлага юу вэ? Тэр тэдэнд тавьдаг шаардлагадаа хэт хатуу байдаг уу? (Үгүй, Бурхан тэднээс үнэнч байхыг шаарддаг.) Үйлчлэл үзүүлэгчид бас үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл, эсвэл Бурхан яагаад чамайг сонгосноос үл хамааран чи Бурханд үнэнч байх ёстой, Бурханы чамд өгсөн даалгаварт, түүнчлэн өөрийн хариуцдаг ажил болон гүйцэтгэдэг үүрэгтээ үнэнч байх ёстой. Хэрвээ үйлчлэл үзүүлэгчид үнэнч байж, Бурханыг хангалуун байлгах чадвартай бол тэдний төгсгөл ямар байх вэ? Тэд үлдэж чадна. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд үлдэх нь ерөөл мөн үү? Үлдэх гэж юу гэсэн үг вэ? Энэ ерөөл нь юу гэсэн үг вэ? Байр сууриараа тэд Бурханы сонгосон хүмүүстэй адилгүй юм шиг харагддаг, тэд өөр юм шиг байдаг. Гэвч үнэндээ энэ төрөлдөө тэдний эдэлдэг зүйлс нь Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адилгүй юу? Ядаж энэ амьдралд адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй, тийм үү? Бурханы айлдвар, Бурханы нигүүлсэл, Бурханы хангалт, Бурханы ерөөлийг эдэлдэггүй хэн байна вэ? Хүн бүр ийм элбэг дэлбэг байдлыг эдэлдэг. Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлэгч, харин Бурханы хувьд тэд бол Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг бөгөөд тэдний үүрэг нь зүгээр үйлчлэл үзүүлэгчийнх юм. Бурханы бүтээлийн нэг болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Ерөнхийд нь хэлбэл, нэр томьёо нь ялгаатай байдаг, мөн чанартаа ялгаа бий, тэдний гүйцэтгэдэг үүргийн хувьд ялгаа байдаг, гэвч Бурхан энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Тэгээд яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар үүнийг ойлгох ёстой. Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас ирдэг. Үл итгэгч гэж дурдаж байгаа нь тэдний өнгөрсөн үе муу байсныг хэлдэг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд урьд төрөлдөө бурхангүй үзэлтнүүд байсан, тэд Бурханд итгэдэггүй, Бурханд, үнэнд болон эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй байсан, тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Ихэнхдээ энэ бүлэг хүмүүс Бурханы үгийг ойлгох чадваргүй гэж хэлж болох юм. Яг л амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдагтай адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгааг, Түүний шаардлага юу болохыг, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгодоггүй—тэд ойлгодоггүй, эдгээр зүйл тэдэнд ойлгомжгүй байх ба тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас энэ хүмүүс бидний ярьсан амийг эзэмшээгүй байдаг. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэд Бурханы үгийн туршлага болон мэдлэгээр зэвсэглэдэг үү? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм юм. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Тэд Түүний үгийг ойлгодоггүй, амьгүй хэдий ч Бурхан тэдэнд бас л сайхан ханддаг ба тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг. Та нар эдгээр стандартын талаар дөнгөж сая хэлсэн: Бурханд үнэнч байж, Түүний хэлдгийг хийх. Чи үйлчлэлдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсийг нь хүртэл үйлчилж, чамд Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадвал үнэ цэнтэй амьдралаар амьдарна. Ингэж чадвал чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, илүү их чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Бурханы тухай мэдлэгийн талаар бага ч гэсэн ярьж чадвал, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслийн талаар зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы хүслийн талаар бага зэрэг анхааралтай байж чадвал энэхүү үйлчлэл үзүүлэгч болох чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэ хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр л үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэл хайгуулд үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Энэ бол хувь тавилангийн чинь өөрчлөлт байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүний хамгийн сайн зүйл нь юу вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болох юм. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болбол үл итгэгчид шиг дахиж амьтны төрөл олохгүй гэсэн үг юм. Энэ сайн зүйлд тооцогдох уу? Тийм ээ, энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, үйлчлэл үзүүлэгчид хувирч болно. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр заяах үед тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Биеэ авч явах байдалд нь үндэслэн Бурхан түүнийг өөрөөр зохицуулж, түүнд өөр хариу өгнө.
Гэхдээ эцэст нь хүртэл үйлчилж чаддаггүй үйлчлэл үзүүлэгчид байдаг; өөрөөр хэлбэл, үйлчлэх хугацаандаа хагас дутуу орхиж, Бурханыг хаядаг хүмүүс байдаг, мөн олон муу зүйл хийдэг, үүгээр ч зогсохгүй Бурханы ажилд асар их хор, асар их хохирол учруулдаг хүмүүс хүртэл байдаг, Бурханыг хараадаг үйлчлэл үзүүлэгчид ч гэсэн байдаг гэх мэт—эдгээр буцаахын аргагүй үр дагавар нь юу гэсэн үг вэ? Ийм ямар ч муу үйл нь тэдний үйлчлэл эцэс болно гэсэн үг. Үйлчлэлийн хугацаанд биеэ авч явах байдал чинь хэтэрхий муу байсан учраас, хэрээ мэдэхгүй даварсан учраас Бурхан чиний үйлчлэл шаардлага хангаагүй гэж үзвэл үйлчлэх эрхийг чинь хасаж, чамаар үйлчлүүлэхгүй, Тэр чамайг Өөрийнхөө нүднээс, мөн Бурханы гэрээс зайлуулна. Чи үйлчлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Чи үргэлж мууг хийхийг хүсдэг биш гэж үү? Чи үргэлж үнэнч бус байдаг биш үү? Тэгвэл үүнийг хялбар шийдэж болно: Чиний үйлчлэх эрхийг хасна. Бурханы хувьд, үйлчлэл үзүүлэгчийн үйлчлэх эрхийг хасна гэдэг нь тухайн үйлчлэл үзүүлэгчийн төгсгөл тунхаглагдсан гэсэн үг бөгөөд тэд Бурханд үйлчлэх эрхтэй байхаа больж, Бурханд тэдний үйлчлэл цаашид хэрэггүй болох ба тэд ямар ч сайхан зүйл хэлэвч эдгээр үг нь үр дүнгүй байх болно. Юмс энэ цэгт хүрэхэд энэ нөхцөл байдал залруулахын аргагүй болно; ийм үйлчлэл үзүүлэгчдэд буцах зам байхгүй. Тэгвэл Бурхан ийм үйлчлэл үзүүлэгчдийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Үйлчлэхийг нь л болиулдаг уу? Үгүй. Түүний үлдэхийг нь л хорьдог уу? Эсвэл түүнийг хайхралгүй орхиод эргэхийг нь хүлээдэг үү? Тэр тэгдэггүй. Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг тийм ч их хайрладаггүй, энэ нь үнэн юм. Хэрвээ хүн Бурханд үйлчлэхдээ ийм хандлагатай байдаг бол Бурхан энэ хандлагаас нь болж түүний үйлчлэх эрхийг хасах бөгөөд түүнийг үл итгэгчдийн дунд дахин нэг удаа буцааж хаяна. Үл итгэгчдийн дунд буцаан хаягдсан үйлчлэл үзүүлэгчийн хувь заяа ямар байх вэ? Энэ нь үл итгэгчдийнхтэй адилхан: дахин амьтны төрөл олж, сүнсний ертөнцөд үл итгэгчдийн шийтгэлийг хүлээнэ. Тэгээд тэр Бурханы ажилтай ямар ч холбоогүй болох учир Бурхан түүний шийтгэлийг биечлэн сонирхохгүй. Энэ нь зөвхөн Бурханд итгэх итгэлийн амьдралынх нь төгсгөл биш, харин түүний хувь заяаны төгсгөл, түүний хувь заяаны тунхаглал юм. Иймээс хэрвээ үйлчлэл үзүүлэгчид муу үйлчилбэл өөрсдөө үр дагаврыг нь амсах хэрэгтэй болно. Хэрвээ үйлчлэл үзүүлэгч нь бүр эцэст нь хүртэл үйлчилж чадахгүй бол, эсвэл замын дундаас үйлчлэх эрхээ хасуулбал үл итгэгчдийн дунд хаягдах бөгөөд үл итгэгчдийн дунд хаягдвал малтай харьцдаг шиг, эсвэл эргүү, саруул ухаангүй хүмүүстэй харьцдагтай адилаар тэдэнтэй харьцана. Намайг ингэж тайлбарлах үед та нар ойлгодог, тийм үү?
Дээрх нь Бурхан, Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг зохицуулж байгаа хэрэг юм. Үүнийг сонссоны дараа та нарт ямар санагдаж байна вэ? Миний дөнгөж сая ярьсан сэдэв буюу Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн тухай сэдвийн талаар Би өмнө нь ярьж байсан уу? Үнэндээ ярьсан, гэвч та нар санадаггүй. Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд зөв шударга ханддаг. Бүх талаараа Тэр зөвт, тийм үү? Чи хаанаас ч юм алдаа мадаг олж чадах уу? “Бурхан яагаад сонгогдсон хүмүүст маш хүлээцтэй ханддаг вэ? Тэгээд яагаад үйлчлэл үзүүлэгчдийг өчүүхэн төдий л тэвчдэг юм бэ?” гэж хэлэх хүмүүс байдаг уу? Үйлчлэл үзүүлэгчдийг өмөөрдөг хүн байна уу? “Бурхан үйлчлэл үзүүлэгчдэд илүү их цаг зарцуулж, тэднийг илүү тэвчиж тэсвэрлэж чадах уу?” Энэ үгс зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад буруу вэ? (Яагаад гэвэл, биднийг үйлчлэл үзүүлэгч болгосноор үнэндээ бидэнд ивээлээ хайрласан.) Үйлчлэл үзүүлэхийг зөвшөөрсөн нь үнэндээ онцгой ивээл юм! “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нэр томьёогүйгээр, үйлчлэл үзүүлэгчдийн ажилгүйгээр энэ үйлчлэл үзүүлэгчид хаана байх байсан бэ? Үл итгэгчдийн дунд малтай хамт амьдарч, үхэх байсан. Бурханы өмнө, Бурханы гэрт ирэхийг тэдэнд зөвшөөрснөөр өнөөдөр тэд ямар их нигүүлслийг эдэлж байна вэ! Энэ бол асар их нигүүлсэл юм! Бурхан, үйлчлэл үзүүлэх боломж өгөөгүй бол Бурханы өмнө очих боломж чамд хэзээ ч олдохгүй байх байсан. Шулуухан хэлэхэд, чи Буддын шашинтан байгаад зам мөрд хүрсэн байлаа ч гэсэн, хамгийн ихдээ л сүнсний ертөнцөд зарлага болно; чи хэзээ ч Бурхантай уулзаж, Түүний дуу хоолойг юм уу үгийг сонсож, Түүний хайр, ерөөлийг мэдрэхгүй, Бурхантай нүүр тулан уулзаж хэрхэвч чадахгүй. Буддын шашинтнуудын өмнөх ганц зүйл нь маш энгийн даалгаврууд байдаг. Тэд Бурханыг мэдэж хэрхэвч чадахгүй бөгөөд ердөө захирагдаж, дуулгавартай дагадаг, харин үйлчлэл үзүүлэгчид ажлын энэ үе шатанд маш ихийг олж авдаг! Юуны түрүүнд, тэд Бурхантай нүүр учирч, Түүний дуу хоолойг сонсож, Түүний үгийг сонсож, хүмүүст Түүний өгдөг нигүүлсэл болон ерөөлийг мэдэрч чаддаг. Түүнчлэн Бурханы хайрласан үг болон үнэнийг эдэлж чаддаг. Тэд үнэхээр маш ихийг олж авдаг! Иймд үйлчлэл үзүүлэгч болохын хувьд чи зохих хичээл зүтгэл ч гаргаж чадахгүй бол Бурхан чамайг бас л байлгах уу? Тэр чамайг байлгаж чадахгүй. Тэр чамаас тийм ч ихийг шаарддаггүй, харин чи Түүний шаарддаг зүйлээс юуг ч зохих ёсоор хийдэггүй, өөрийнхөө үүргийг сахиагүй—иймд Бурхан чамайг байлгаж чадахгүй нь лавтай. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Бурхан чамайг эрхлүүлдэг ч үгүй, ялгаварлан гадуурхдаг ч үгүй. Энэ бол Бурханы ажилладаг зарчим билээ. Бурхан бүх хүн болон бүтээлд ингэж хандан ажилладаг.
Сүнсний ертөнцийн тухайд гэвэл, хэрвээ тэнд байгаа янз бүрийн оршихуй ямар нэгэн буруу зүйл хийсэн бол, хэрвээ тэд өөрсдийн ажлыг зөв хийгээгүй бол тэднийг шийдвэрлэхэд таарсан тэнгэрлэг тушаал болон зарлиг Бурханд бас байдаг—энэ нь гарцаагүй. Иймээс Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын туршид буруу зүйл хийсэн зарим шийдвэр гүйцэтгэгч устгагдсан ба зарим нь өнөөдөр ч хоригдож, шийтгүүлсэн хэвээр байна. Энэ бол сүнсний ертөнцөд оршихуй бүрийн тулгарах ёстой зүйл юм. Хэрвээ тэд ямар нэгэн буруу зүйл хийж, эсвэл мууг үйлддэг бол шийтгүүлдэг—энэ нь Өөрийнхөө сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандах Бурханы хандлагатай адилхан. Иймээс сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы ажилладаг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж байгаа, үгүйгээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчид дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн сайн үйлдэлтэй, мууг хийдэггүй хүмүүст Бурханаар удирдуулдаг бүх зүйлийн дунд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрч, боломж үлдээнэ. Үүнтэй адилаар, Бурханыг дагадаг хүмүүсийн дундаас, Өөрийн сонгосон хүмүүсийн дундаас Бурхан энэхүү зарчмынхаа дагуу хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэр Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд сайн ханддаг бөгөөд Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг хайрладаг. Энэ хэдэн төрлийн хүмүүст—үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс болон Бурханы сонгосон хүмүүст—Түүний хайрладаг зүйл өөр өөр байдаг. Үл итгэгчдийг авч үзье: Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг мал гэж үздэг хэдий ч бүх зүйлийн дундаас тэд бүгд идэх хоолтой, өөрийн гэсэн газартай, амьдрал, үхлийн хэвийн мөчлөгтэй байдаг. Мууг хийдэг хүмүүс шийтгүүлж, сайныг хийдэг нь ерөөгдөж, Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ийм байдаг биш гэж үү? Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд, хэрвээ тэд ахин дахин төрөл олохдоо шашны сургаалыг чанд баримталж чадвал энэ бүх дахин төрөлтийн дараа эцэст нь Бурхан тэдэнд Өөрийн тунхаглалыг хийнэ. Үүнтэй адилаар, өнөөдөр та нарын хувьд та нар Бурханы сонгосон хүмүүс ч бай, эсвэл үйлчлэл үзүүлэгчид ч бай, Бурхан Өөрийн тогтоосон захиргааны зарлиг, журмын дагуу та нарыг бас эгнээнд оруулж, төгсгөлийг чинь тодорхойлно. Энэ хэдэн төрлийн хүмүүсийн дундаас—олон янзын шашинд харьяалагддаг итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүст Бурхан амьдрах орон зай өгсөн үү? Иудейн шашин хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцсон уу? Тэгээгүй, тийм үү? Тэгвэл Христийн шашин ямар байна вэ? Тэр бас л хөндлөнгөөс оролцоогүй. Тэр тэдэнд өөрсдийнхөө ёс жаягийг мөрдөхийг зөвшөөрсөн ба тэдэнтэй ярьдаггүй, эсвэл тэдэнд ямар ч гэгээрэл өгдөггүй, түүнчлэн юу ч илчилдэггүй: “Хэрвээ чи зөв гэж бодож байгаа бол энэ маягаараа итгэ.” Католикчууд Мариад итгэдэг, Есүст Мариагаар дамжин мэдээ очсон гэж итгэдэг; тэдний итгэлийн хэлбэр ийм юм. Тэгээд Бурхан ер нь тэдний итгэлийг зассан уу? Бурхан тэдэнд эрх чөлөө өгдөг, тэднийг тоодоггүй бөгөөд тэдэнд амьдрах орон зай өгдөг. Исламын болон Буддын шашинтнуудад Тэр бас ингэж ханддаг уу? Тэр тэдэнд ч мөн цар хүрээ тогтоосон бөгөөд тус тусынх нь итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрийн орон зайтай байхыг зөвшөөрдөг. Бүгд эмх журамтай байдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан эрх мэдэл эзэмшдэг ч Өөрийнхөө эрх мэдлийг дураараа ашигладаггүй. Бурхан бүх зүйлийг төгс эмх журамтай зохицуулдаг ба арга дүйтэй. Түүний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал үүнд оршдог.
Өнөөдөр бид сүнсний ертөнцөд хамааралтай зүйлс буюу Бурхан сүнсний ертөнцийг удирдаж, захирч байдгийн нэг тал болох шинэ, онцгой сэдвийн талаар ярилцлаа. Та нар эдгээр зүйлийг ойлгодоггүй байхдаа: “Үүнтэй холбоотой бүх зүйл нууцлаг бөгөөд бидний амийн оролтод ямар ч хамаагүй; эдгээр зүйл нь хүмүүсийн хэрхэн амьдардгаас ангид бөгөөд бид үүнийг ойлгох ч хэрэггүй, бид тэднийг сонсохыг ч хүсдэггүй. Тэдгээр нь Бурханыг мэдэхтэй огт холбоогүй” гэж хэлэх байсан байх. Одоо та нар, ийм бодолд асуудал байна гэж бодож байна уу? Энэ зөв үү? (Үгүй.) Ийм бодол буруу бөгөөд ноцтой асуудалтай. Учир нь, хэрвээ чи Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдгийг ойлгохыг хүсвэл өөрийнхөө харж чадах, мөн бодлоороо хүртэж болох зүйлсийг л ойлгож болохгүй. Чамд үзэгддэггүй ч чиний хардаг энэ дэлхийтэй салшгүй холбоотой нөгөө ертөнцийн талаар бас ойлгох ёстой. Энэ нь Бурханы дээд эрхэд хамаатай ба “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвт хамаатай; энэ нь үүний доторх агуулга юм. Энэхүү агуулгагүйгээр Бурхан хэрхэн бүх зүйлийн амийн эх сурвалж байдаг тухай хүмүүсийн мэдлэг дутуу дулимаг бөгөөд зарим зүйл дутагддаг. Иймд бидний өмнө нь хэлэлцэж байсан зүйл, мөн “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийн агуулгыг өнөөдрийн ярьсан зүйл маань нэгтгэн дүгнэлээ гэж хэлж болох юм. Үүнийг ойлгоод одоо та нар энэхүү агуулгаар Бурханыг мэдэж чадах уу? Мөн илүү чухал зүйл бол өнөөдөр Би та нарт үйлчлэл үзүүлэгчдэд хамаатай нэг маш чухал мэдээлэл дамжууллаа. Та нар иймэрхүү сэдвийн талаар сонсох үнэхээр дуртай гэдгийг, эдгээр зүйлийн талаар үнэхээр анхаардаг гэдгийг Би мэддэг, иймээс та нар өнөөдөр Миний ярьсан зүйлд сэтгэл хангалуун байна уу? (Тийм ээ, сэтгэл хангалуун байна.) Та нарт бусад зүйлийн талаар хүчтэй сэтгэгдэл төрөхгүй байж магад боловч үйлчлэл үзүүлэгчдийн талаар хэлсэн зүйлийн талаар та нарт нэн хүчтэй сэтгэгдэл төрсөн, учир нь энэхүү сэдэв нь хүн нэг бүрийн сүнсийг хөнддөг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?