Цор ганц Бурхан Өөрөө X
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV) (IV хэсэг)
Хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага
1. Бурханы Өөрийн ялгамж чанар ба байр суурь
Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”, мөн “Бурхан бол цор ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвүүдийг үзэж дууслаа. Тийм болохоор товч дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар дүгнэлт вэ? Бурханы Өөрийн тухай. Нэгэнт энэ нь Бурханы Өөрийн тухай тул Бурханы бүх тал, мөн хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хэлбэртэй холбоотой байх ёстой. Тиймээс эхлээд Би та нараас ингэж асуух хэрэгтэй: Эдгээр номлолыг сонссоны дараа та нарын зүрх сэтгэл дэх Бурхан хэн бэ? (Бүтээгч.) Та нарын зүрх сэтгэл дэх Бурхан бол Бүтээгч юм. Өөр зүйл байна уу? Бурхан бол бүх зүйлийн Эзэн. Эдгээр үг тохиромжтой юу? (Тохиромжтой.) Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц байдлаас хүмүүс Түүний эрх мэдэл, Түүний зөвт зан чанар, Түүний мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь бүгд цор ганц болохыг хардаг; Түүний цор ганц байдал нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдог ба Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээлийн дотроос сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд оршихуй Бурханы оронд зогсохыг хүсэх нь боломжгүй хэрэг, Бурханы дүрд тоглохыг хүсэх нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт. Бурханы Өөрийн ялгамж чанар, хүч чадал болон байр суурийг эзэмшдэг ийм Бүтээгч болон Захирагчийн хүн төрөлхтнөөс шаарддаг шаардлага юу вэ? Үүнийг хүн бүр ойлгож, санах ёстой ба энэ нь Бурхан, хүн хоёрт хоёуланд нь маш чухал юм!
2. Бурханд хандах хүн төрөлхтний янз бүрийн хандлага
Хүмүүс Бурханд хэрхэн ханддаг нь тэдний хувь заяаг шийддэг бөгөөд Бурхан тэдэнд хэрхэн хандаж, шийдвэрлэхийг шийддэг. Энд Би, хүмүүс Бурханд хэрхэн ханддаг талаар зарим жишээ дурдах гэж байна. Бурханд ханддаг тэдний арга маяг, хандлага зөв эсэх талаар хэдэн зүйл сонсъё. Бүгдээрээ доор дурдсан долоон төрлийн хүний биеэ авч явах байдлыг авч үзье. Үүнд:
1) Бурханд тун хөгийн ханддаг нэг төрлийн хүмүүс байдаг. Бурхан бол ертөнцийн үлгэр домгоос сонссон Бодьсадва, эсвэл бодь нэгэн шиг бөгөөд хүмүүс уулзахдаа гурвантаа мөргөж, хооллосныхоо дараа хүж асаах хэрэгтэй гэж тэд боддог. Тиймээс зүрх сэтгэлдээ тэд нигүүлслийнх нь төлөө Бурханд баярлаж, талархаж байх үедээ дандаа иймэрхүү сэтгэл хөөрөлтэй байдаг. Өнөөдөр өөрсдийнх нь итгэдэг Бурхан, зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлдэг ариун оршихуйнх нь адилаар, уулзахдаа гурвантаа мөргөж, хооллосныхоо дараа хүж асаадаг зан үйлийг нь хүлээн зөвшөөрдөг болоосой гэж тэд хүсдэг.
2) Зарим хүн Бурханыг бүх амьд зүйлийг зовлонгоос ангижруулж, өөрсдийг нь аварч чадах амьд Будда мэт үздэг; тэд Бурханыг зовлонгийн далайгаас холдуулж чадах амьд Будда гэж боддог. Энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханыг Будда мэт үзэн шүтэх явдал юм. Хэдийгээр тэд хүж асааж, мэхийн ёсолж, эсвэл тахил өргөдөггүй ч тэдний зүрх сэтгэл дэх Бурхан бол яг л Буддатай адил бөгөөд ямар ч амьд зүйлийг хөнөөхгүй, бусдыг харааж зүхэхгүй, үнэнч шударга харагдах амьдралаар амьдарч, ямар ч муу юм хийхгүйгээр өрөвч, өглөгч бай гэх эдгээр зүйлийг л шаарддаг. Энэ бол тэдний зүрх сэтгэл дэх Бурхан юм.
3) Зарим хүн Бурханыг агуу, эсвэл алдартай нэгэн мэт шүтэн мөргөдөг. Жишээлбэл, энэ агуу хүний ярих дуртай аливаа арга зам, ярьдаг аялга, хэрэглэдэг үг, хэллэг, дуу хоолойн өнгө, гарын дохио зангаа, санал бодол, үйлдэл, намба төрх—энэ бүхнийг тэд хуулбарладаг бөгөөд эдгээр нь Бурханд итгэх итгэлийн замналдаа бүрэн бий болгох ёстой зүйлс нь юм.
4) Зарим хүн Бурханыг эзэн хаан мэт үзэж, Түүнийг бүхнээс дээр байдаг гэж боддог бөгөөд хэн ч Түүнийг уурлуулж зүрхэлдэггүй—хэрвээ тэгвэл тэд шийтгүүлнэ. Эзэн хаан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг учир тэд ийм эзэн хааныг шүтэн мөргөдөг. Эзэн хааны бодол, зан байдал, эрх мэдэл, уг чанар—түүний ашиг сонирхол, хувийн амьдрал хүртэл—бүгд энэ хүмүүсийн ойлгох ёстой зүйл, анхаарах ёстой асуудал, хэрэг явдал болдог, иймээс тэд Бурханыг эзэн хаан мэт үзэж шүтэн мөргөдөг. Итгэлийн ийм хэлбэр үнэхээр хөгийн.
5) Зарим хүн Бурханы оршин тогтнолд гойд итгэлтэй байдаг ба энэ нь гүн гүнзгий бөгөөд гуйвшгүй. Бурханы талаарх тэдний мэдлэг маш өнгөц, Бурханы үгийн талаар нэг их туршлагагүй байдаг учраас Түүнийг шүтээн мэт үзэж шүтэн мөргөдөг. Энэ шүтээн нь түүний зүрх сэтгэл дэх Бурхан, энэ нь түүний эмээж, бөхийн мөргөх ёстой бөгөөд дагаж, дуурайх ёстой зүйл юм. Тэр Бурханыг бүхэл амьдралынхаа турш дагах ёстой шүтээн мэт үздэг. Тэр Бурханы ярианы өнгийг хуулбарладаг бөгөөд Бурханд таалагддаг хүмүүсийг гаднаа дуурайдаг. Тэр үргэлж гэнэн, цэвэр ариун, үнэнч шударга харагддаг зүйлсийг хийдэг, тэр ч байтугай энэ шүтээнийг хэзээ ч хагацаж чадахгүй хамтрагч, эсвэл найз нөхөр мэт дагадаг. Тэр ийм маягаар Бурханд итгэдэг.
6) Нэг төрлийн хүн Бурханы үгээс ихийг уншиж, зөндөө номлол сонссон хэдий ч Бурханд хандах цор ганц зарчим бол үргэлж долигонож, бялдуучлах ёстой, эсвэл бодитой бус байдлаар Бурханыг магтаж, Түүнийг сайшаах ёстой гэж зүрх сэтгэлдээ боддог. Бурхан бол ийм маягаар авирлахыг шаарддаг Бурхан гэж тэд итгэдэг бөгөөд тийн үйлдэхгүй бол хэдийд ч Түүнийг хилэгнүүлж, Түүнийг гомдоох бөгөөд гомдоосных нь хариуд Бурхан тэднийг шийтгэнэ гэж итгэдэг. Тэдний зүрх сэтгэлд буй Бурхан ийм юм.
7) Мөн дийлэнх хүмүүс Бурханыг сэтгэлийн өмөг түшиг болгодог. Тэд энэ дэлхийд амьдардаг учраас амар тайван бус, амар амгалан юм уу аз жаргал үгүй байдаг бөгөөд хаанаас ч тайтгарал олж авч чаддаггүй. Тэд Бурханыг олсныхоо дараа, Түүний үгийг сонсож, харах үедээ зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж, хөөрдөг. Яагаад гэвэл, тэд өөрсдөд нь аз жаргал авчрах газрыг эцэстээ оллоо, мөн сэтгэлийн өмөг түшиг болох Бурханыг эцэстээ оллоо гэж итгэдэг. Бурханыг хүлээн авч, дагаж эхэлсний дараа тэдний сэтгэл нь аз жаргалтай, амьдрал нь хангалуун болдог бөгөөд амьдралаа амьтан шиг ухамсаргүйгээр өнгөрүүлдэг үл итгэгчидтэй адил байхаа больж, амьдрал нь хүсэл эрмэлзэлтэй болсон гэж тэд боддог. Тиймээс, энэ Бурхан өөрсдийнх нь сүнслэг хэрэгцээг хангаж, оюун санаа болон сүнсний аль алинд нь асар их аз жаргал авчирч чадна гэж тэд боддог. Өөрсдөө ч мэдэлгүйгээр, өөрсдөд нь сэтгэлийн өмөг түшиг болдог, сэтгэлд нь болон бүхэл гэр бүлд нь аз жаргал авчирдаг Бурханыг орхиж чадахгүй болдог. Бурханд итгэх итгэл өөрсдөд нь сэтгэлийн түшиг болохоос өөрийг хийх хэрэггүй гэж тэд итгэдэг.
Дээр дурдсан энэ олон төрлийн хүмүүсийн Бурханд хандах хандлага та нарын дунд байдаг уу? (Байдаг.) Хэрвээ Бурханд итгэхдээ хүний зүрх сэтгэл эдгээр хандлагын аль нэгийг агуулдаг бол тэр хүн Бурханы өмнө үнэхээр очиж чадах уу? Хэрвээ хэн нэгний зүрх сэтгэлд дээрх хандлагуудын аль нэг байгаа бол тэр хүн Бурханд итгэдэг үү? Цор ганц Бурханд Өөрт нь итгэдэг үү? (Үгүй.) Чи цор ганц Бурханд Өөрт нь итгэдэггүй, тэгвэл хэнд итгэдэг юм бэ? Хэрвээ чиний итгэдэг зүйл цор ганц Бурхан Өөрөө биш бол чи нэг шүтээн юм уу, нэг агуу хүн, эсвэл Бодьсадвад итгэдэг, зүрх сэтгэлдээ Буддаг шүтэн мөргөдөг байж болзошгүй. Түүнчлэн чи жирийн нэг хүнд итгэдэг байж болзошгүй. Товчхондоо, Бурханд итгэх итгэл болон хандлагынхаа янз бүрийн хэлбэрээс болоод хүмүүс өөрсдийн боддог Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, өөрсдийн төсөөллийг Бурханд тулгаж, Бурханы талаарх хандлага, төсөөллөө цор ганц Бурхантай Өөртэй нь эн зэрэгцүүлэн тавьдаг бөгөөд дараа нь тэдгээрийг тахидаг. Хүмүүс Бурханд ийм зүй зохисгүй ханддаг нь юуг харуулдаг вэ? Энэ бол тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь голж, хуурамч Бурханыг шүтэн мөргөдөг гэсэн үг, энэ бол Бурханд итгэхийн зэрэгцээ Бурханыг голж, Түүнийг эсэргүүцэж, мөн жинхэнэ Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй зууралдсаар байвал тэдэнд ямар үр дагавар ирэх вэ? Итгэлийн ийм хэлбэртэй байснаар тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд илүү ойртож ер нь чадах уу? (Үгүй, чадахгүй.) Харин ч өөрсдийн үзэл, төсөөллөөс болж хүмүүс Бурханы замаас улам л холдоно, учир нь чиний эрж хайдаг чиглэл Бурханы шаарддаг чиглэлээс эсрэг байдаг. Та бүхэн “сүйх тэргээ хойд зүг рүү жолоодоод, урд зүг рүү явах” гэдэг түүхийг ер нь сонсож байсан уу? Энэ нь ёстой л сүйх тэргээ хойд зүг рүү жолоодож, урд зүгт явж буй хэрэг байж болох юм. Хэрвээ хүмүүс ийм утгагүй байдлаар Бурханд итгэвэл хичээх тусмаа Бурханаас улам их холдоно. Тиймээс Би та бүхэнд үүнийг сануулж байна: Та нар явахаасаа өмнө эхлээд зөв чиглэлд явж байгаа эсэхээ ялгаж салгах ёстой. Сохроор бүү хүчин чармайлт гарга, “Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг Захирагч мөн үү? Миний итгэдэг энэ Бурхан надад ердөө л сэтгэлийн өмөг түшиг болдог нэгэн үү? Тэр миний шүтээн үү? Миний итгэдэг энэ Бурхан надаас юу шаарддаг вэ? Бурхан миний хийдэг бүхнийг сайшаадаг уу? Миний хийдэг, эрэлхийлдэг бүхэн Бурханыг мэдэхийн төлөө байдаг уу? Энэ нь Бурханы надаас шаарддаг зүйлтэй нийцэж байна уу? Миний алхдаг замыг Бурхан зөвшөөрч, сайшаадаг уу? Миний итгэлд Бурхан сэтгэл хангалуун байдаг уу?” гэж өөрсдөөсөө заавал асуу. Чи эдгээр асуултыг өөрөөсөө байнга, давтан асууж байх хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэхийг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун байлгахаасаа өмнө тодорхой ухамсар, тодорхой зорилготой байх ёстой.
Бурхан хүлээцтэй учраас дөнгөж сая Миний ярьсан энэ зүй зохисгүй хандлагуудыг дурамжхан хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Бурхан энэ хүмүүсийн хандлагыг сайшааж чадах болов уу? (Үгүй.) Хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүст тавих Бурханы шаардлага юу вэ? Тэрээр хүмүүсээс ямар хандлагатай байхыг шаарддаг талаар та нар тодорхой мэддэг үү? Өнөөдөр Би маш ихийг ярьсан ба Бурханы Өөрийн тухай сэдвээр болон Бурханы үйл хэрэг, Түүнд юу байдаг, Тэр юу болох талаар ихийг ярилаа. Одоо та нар Бурхан хүмүүсээс юу олж авахыг хүсдэгийг мэдэв үү? Бурхан чамаас юу хүсдэгийг мэдэх үү? Та нар хандлагаа илэрхийл. Туршлага болон хэрэгжүүлэлтээс олж авсан мэдлэг чинь бас л дутуу дулимаг, эсвэл маш өнгөц хэвээр байвал та бүхэн эдгээр үгийн талаар мэддэг зүйлээ ярьж болно. Та бүхэнд нэгтгэн дүгнэсэн мэдлэг байна уу? Бурхан хүнээс юу шаарддаг вэ? (Энэ хэдэн ярианы үеэр Бурхан, Бурханыг мэдэх, Түүний үйл хэргийг мэдэх, Тэр бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг мэдэх, Түүний байр суурь, ялгамж чанарыг мэдэхийг биднээс шаарддаг гэдгээ онцлон анхаарууллаа.) Бурхан Өөрийг нь мэд гэж хүмүүсээс шаардахад эцсийн үр дүн нь юу байдаг вэ? (Бурхан бол Бүтээгч, хүн бол бүтээл гэдгийг хүмүүст мэдүүлдэг.) Хүмүүс ийм мэдлэгтэй болох үед Бурханд хандах хандлага, үүргийн гүйцэтгэл, эсвэл амь зан чанарт нь ямар өөрчлөлт гардаг вэ? Та бүхэн энэ тухай ер нь бодож үзсэн үү? Бурханыг мэдэж, Түүнийг ойлгосны дараа тэд сайн хүн болдог гэж хэлж болох уу? (Бурханд итгэх итгэл нь сайн хүн болох гэж хөөцөлдөх явдал биш. Харин Бурханы стандартыг хангасан бүтээл болох гэж, мөн үнэнч хүн байхын төлөө хөөцөлдөх явдал юм.) Өөр зүйл байна уу? (Бурханыг үнэн, зөвөөр мэдсэний дараа бид Бурханыг Бурхан гэж үзэн хандаж чадах бөгөөд Бурхан бол үүрд Бурхан, бид бол бүтээгдсэн зүйлс, Бурханыг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг мэдэж, зөв байр сууринд зогсоно.) Тун сайн байна! Бусдын ярихыг сонсъё. (Бид Бурханыг мэддэг ба эцсийн дүндээ Бурханд үнэхээр дуулгавартай, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байж чаддаг.) Яг зөв!
3. Хүн төрөлхтөн Өөрт нь хэрхэн хандвал зохих талаарх Бурханы шаардлага
Үнэндээ, Бурхан хүнийг нэг их шахаж шаарддаггүй—ядаж л хүмүүсийн төсөөлдөг шиг шахаж шаарддаггүй. Бурхан нэг ч үг айлдаагүй бол, зан чанараа, эсвэл ямар нэгэн үйл хэргээ илэрхийлээгүй бол Бурханыг мэдэх нь та нарын хувьд туйлын хэцүү байх байлаа, учир нь хүмүүс Бурханы санаа зорилго, Түүний хүслийг таах хэрэгтэй болох бөгөөд энэ нь тэдний хувьд тун хэцүү юм. Гэхдээ Өөрийн ажлын сүүлийн үе шатанд Бурхан олон үг айлдаж, асар их ажил хийж, хүнд олон шаардлага тавьсан. Өөрийн үг болон асар их хэмжээний ажлаараа Тэр, юунд дуртай, юуг жигшдэгээ, мөн тэд ямар байх ёстойг хүмүүст мэдэгдсэн байдаг. Эдгээр зүйлийг ойлгосны дараа хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы шаардлагын талаар нарийн зөв ойлголттой байх ёстой, учир нь тэд тодорхойгүй Бурханд итгэж, эсвэл Бурханыг бүүр түүр, хийсвэр, хоосон байдал дунд дагадгаа больдог; харин үүний оронд хүмүүс Бурханы айлдваруудыг сонсож чаддаг, Түүний шаардлагын стандартуудыг ойлгож, үүнд хүрч чаддаг ба хүмүүсийн мэдэж, ойлгох ёстой бүхнийг нь хэлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашигладаг. Өнөөдөр, хэрвээ хүмүүс Бурхан юу болох, Тэр өөрсдөөс нь юу шаарддагийг мэдэхгүй хэвээр байвал; хүн яагаад Бурханд итгэх ёстойгоо мэдэхгүй, Бурханд хэрхэн итгэж, хэрхэн хандах ёстойгоо ч мэдэхгүй байвал үүнд асуудал байна. Яг сая та нар тус бүрдээ нэг хэсгийн талаар ярилаа; эдгээр зүйл тодорхой ч бай, ерөнхий ч бай, та нар зарим зүйлийг мэдэж байна—гэхдээ Би, Бурханы хүн төрөлхтөнд тавьдаг зөв, бүрэн, тодорхой шаардлагыг та нарт хэлмээр байна. Эдгээр нь хэдхэн л үг бөгөөд маш энгийн. Та нар энэ үгсийг аль хэдийн мэддэг байж магадгүй. Хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зөв шаардлагууд доор байна. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.
Энэ таван зүйлд Бурхан, Өөрт нь цаашид эргэлзэхээ болихыг, өөрсдийнхөө төсөөлөл, эсвэл тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Түүнийг дагахгүй байхыг хүмүүсээс шаарддаг; тэд Бурханыг ямар нэг төсөөлөл, эсвэл үзэлтэйгээр дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс үнэнч байж, харин хуумгай, хоёрдмол сэтгэлтэй бус байхыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, эсвэл чамайг туршиж, шүүж, чамайг засаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж, цохих үед чи Түүнд туйлын дуулгавартай байх ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, тайлбар хэлэх ёсгүй. Чиний дуулгавартай байдал туйлын байх ёстой. Бурханыг мэдэх явдал хүмүүсийн хамгийн дутагдалтай зүйл юм. Тэд Бурханд хамааралгүй яриа, айлдвар, үгсийг дандаа Түүнд тохож, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүмүүсийн төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас Бурханы хүсэж буй хүмүүсийн мэдлэгт, Бурхан чамаас Бурханыг болон Түүний үгийг л танин мэдэх төдийг шаарддаггүй, харин Бурханы талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэрийг ярьдаг, бага зэрэг мэддэг байсан ч гэсэн энэхүү бага зэргийн мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийн мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийнх нь талаар хүмүүсийн хэлдэг бодит бус, бодлогогүй магтаал, сайшаалд Бурхан зэвүүцдэг. Үүнээс гадна, хүмүүс Түүнийг агаар шиг авч үзэхийг Тэр жигшдэг. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс амныхаа зоргоор, дураараа ярьж, шүүмжилдгийг нь Тэр жигшдэг; түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийг огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр жигшдэг. Тэрхүү таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм. Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг бөгөөд энэ нь Бурхан тэдэнд шахалт үзүүлснээс бус, харин тэдний чин сэтгэлээс гардаг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, эсвэл гаднах зан авираар бэлэг барь гэж хүсдэггүй; харин Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүндэтгэж, Түүнээс эмээхийг Тэр чамаас хүсдэг. Энэхүү хүндлэл нь амь зан чанарт чинь өөрчлөлт гарсны улмаас, Бурханы талаарх мэдлэгээс чинь, Бурханы үйл хэргийн талаарх ойлголтоос чинь, Бурханы мөн чанарын талаарх ойлголтоос чинь, мөн Бурханы бүтээсэн зүйлсийн нэг хэмээх баримтыг хүлээн зөвшөөрсний чинь улмаас бий болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүмүүсийн хүндэтгэл зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахын төлөө юм.
Одоо тэр таван шаардлагыг авч үзье: Эдгээрийн эхний гуравт хүрч чадах хүн та нарын дунд байна уу? Би жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байхыг хэлж байна. Эдгээр зүйлийг хийх чадалтай хүн та нарын дунд байна уу? Хэрвээ Би бүх таван шаардлагыг гэсэн бол та нарын дундаас маргаангүйгээр нэг нь ч чадахгүй байсан—гэхдээ Би үүнийг гурав болгож багасгасан. Та нар үүнийг биелүүлсэн эсэхээ бодоод үз. “Жинхэнэ итгэлд” хүрэхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Хүмүүс Бурханд байнга эргэлздэг учраас амархан биш. “Үнэнчээр дагах” тухайд ямар вэ? “Үнэнч” гэж юуг хэлдэг вэ? (Хоёрдмол сэтгэлгүй, чин үнэнч байх.) Хоёрдмол сэтгэлгүй, харин чин үнэнч байх. Та нар голыг нь олж хэллээ! Тэгвэл та нар энэ шаардлагыг биелүүлж чадах уу? Та нар илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, тийм үү? Одоогоор та нар энэ шаардлагыг хараахан биелүүлээгүй. “Туйлын дуулгавартай байдлын” хувьд та нар үүнийг биелүүлсэн үү? (Үгүй.) Та нар үүнийг ч бас биелүүлээгүй. Та нар байнга дуулгаваргүй, тэрслүү байдаг ба дандаа үг дуулдаггүй, эсвэл дуулгавартай байхыг хүсдэггүй, эсвэл сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь амийн оролтынхоо дараа хүмүүсийн биелүүлэх хамгийн үндсэн гурван шаардлага бөгөөд тэдгээрийг та нар хараахан биелүүлээгүй байна. Иймд энэ мөчид та нарт их боломж байна уу? Өнөөдөр, Намайг эдгээр үгийг хэлэхийг сонсоод та нарын санаа зовж байна уу? (Тийм ээ.) Та нарын санаа зовох нь зөв. Санаа зовохгүй бүү бай. Би та нарын өмнөөс санаа зовж байна. Би нөгөө хоёр шаардлагын талаар ярихгүй; хэн ч тэдгээрийг биелүүлэх чадваргүй гэдэг нь эргэлзээгүй. Та нарын санаа зовж байна. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон уу? Ямар зорилгод, ямар чиглэлд та нар эрж хайж, хичээл чармайлтаа зориулах ёстой вэ? Та нарт зорилго бий юу? Би илэн далангүй ярья: Энэ таван шаардлагыг биелүүлэхээрээ та нар Бурханыг хангалуун болгоно. Эдгээрийн нэг бүр нь үзүүлэлт, хүмүүсийн амийн оролт боловсорч гүйцсэний үзүүлэлт бөгөөд үүний эцсийн зорилго юм. Хэрвээ Би эдгээр шаардлагын зөвхөн нэгийг сонгоод дэлгэрэнгүй ярьж, та нараас шаардсан ч энэ нь биелүүлэхэд хялбар биш байх байсан; та нар нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Мөн та нар ямар хандлагатай байх хэрэгтэй вэ? Энэ нь хорт хавдартай өвчтөн мэс заслын ор луу явахаа хүлээхтэй адил байх ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэхийг хүсвэл, Бурханыг олж авч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, нэлээд зовлон туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүйгээр эдгээр зүйлийг биелүүлж чадахгүй. Та нар маш их номлол сонссон боловч үүнийг сонссон гээд энэ номлол та нарынх болсон гэсэн үг биш; чи үүнийг шингээж, өөрийн юм болгож хувиргах ёстой ба үүнийг өөрийн аминд уусгаж, амьдралдаа аваачиж, эдгээр үг болон номлол, оршин тогтнолын чинь чиглэлийг зааж, чиний аминд оршин тогтнолын үнэ цэн, утга учир авчрахыг зөвшөөрөх ёстой—тэр үед эдгээр үгийг сонссоны ашиг гарна. Хэрвээ Миний хэлдэг үг амьдралд чинь ямар нэгэн өөрчлөлт, аминд чинь ямар нэг үнэ цэн авчирдаггүй бол үүнийг сонсох нь чамд ямар ч ашиггүй. Та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? Үүнийг ойлгосон бол үлдсэн хэсэг нь та нараас хамаарна. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой! Бүү хайхрамжгүй ханд—цаг хугацаа нисэн өнгөрч байна! Та нарын ихэнх нь Бурханд аль хэдийн арав гаруй жил итгэсэн. Энэ өнгөрсөн арван жилээ эргээд хар: Та нар хэр ихийг олж авсан бэ? Мөн энэ төрөлдөө амьдрах хэдэн арван жил та нарт үлдсэн бэ? Тийм ч их үлдээгүй. Бурханы ажил чамайг хүлээдэг эсэх, Тэр чамд боломж үлдээсэн эсэх, Тэр нэг ажлаа дахин хийх эсэх тухай март; энэ талаар бүү ярь. Чи өнгөрсөн арван жилээ ухрааж чадах уу? Чамд үлдсэн цаг хугацаа, өнгөрч буй өдөр бүр, гишгэж буй алхам бүртэй чинь хамт нэг өдрөөр хорогддог. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй! Хэрвээ үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас юм уу, өөр юунаас ч илүү чухал гэж хандвал л Бурханд итгэх итгэлээс ашиг тус хүртэнэ! Хэрвээ чи зөвхөн завтай үедээ итгэж, өөрийнхөө итгэлд бүх анхаарлаа хандуулах чадваргүй бол, хэрвээ чи үргэлж хайхрамжгүй ханддаг бол юу ч олж авахгүй. Та нар үүнийг ойлгож байна, тийм үү? Өнөөдөр яриагаа ингээд дуусгая. Дараа дахин уулзъя! (Бурханд талархъя!)
2014 оны 2 дугаар сарын 15
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?