Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг
Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй байсан бол Бурхан энэ удаад ирэхдээ эмэгтэй байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажлын төлөө бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, ямар ч төрлийн махбодыг дураараа сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлдөг. Эрэгтэй ч бай, эсвэл эмэгтэй ч бай Түүний махбод болсон бие мөн л бол энэ нь Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэх үедээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын энэ үе шатыг оронд нь эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан боловч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан юм. Аль ч үе шатанд хийгдсэн ажил адилхан ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, мөн нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Тухайд үед, Есүс Өөрийн ажлыг хийхдээ цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүүг дурддаггүй вэ? Яагаад гэвэл ажлын шаардлага нь Есүсийнхээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдэд Тэр бие махбодтой болсон нь сүүлчийн удаа гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй байж болох бөгөөд эмэгтэй хүнийг Бурхан гэж нэрлэж болохгүй гэж бүх хүн итгэдэг байв, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүх хүн үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж тэд итгэсэн билээ. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, эрэгтэй хүнээс илүү байж болохгүй гэж ч хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагийн бүтээсэн эрэгтэй эмэгтэй рүү биш, харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёр луу чиглэсэн юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн тогтоосон хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг заавал дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, “Хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, зөв зохистой дэг журмаа алдахгүй байхын тулд л Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар Ехова тохиромжтой дүрэм журам гаргасан боловч энэ нь зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хандаж хэлсэн бөгөөд Бурханы махбод болсон биетэй ямар ч хамаагүй. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үг зөвхөн Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй эсвэл эмэгтэй болж ялгарсан. Тэрээр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийнхөө ажлыг шийддэггүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэхдээ, ялзруулагдахын өмнөх эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэсэн юм. Хэрвээ могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг хүмүүс авч, бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн хайртай эхнэрээ хайрлах ёстой байсан биш гэж үү? Тэгвэл Бурхан бас Бурхан хэвээр байх байсан уу? Хэрвээ ийм байсан бол Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ Бурханы махбод болсон бие эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн асар том алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүн хэрвээ итгэсээр байвал, гэрлээгүй болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс болон одоогийн бие махбодтой болсон Бурхан хүний итгэдэг шиг адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг үнэлэхдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг бол Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүсийг үнэлэхдээ чи Адамд хэлсэн Еховагийн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүний ёсоор Эзэн Есүсийг үнэлдэг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэйн ёсоор үнэлж болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ чи ингэж үнэлсэн бол бодлогогүй авирласныг чинь энэ нь нотолно. Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байв; могойд мэхлэгдээгүй эрэгтэй болон эмэгтэй хүний ёсоор Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр огтхон ч хамаагүй бөгөөд тэр хоёр бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүс эрэгтэй байсан нь, Тэр зөвхөн бүх эмэгтэй хүний тэргүүн байж, харин бүх эрэгтэйнх биш гэдгийг баталж чадах уу? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэж чадах байсан уу? Өнөө үед бие махбодтой болсон нь, хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч, шинж чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй хүн байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлсэн хэвээр байж зүрхлэх үү? Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг үргэлжлүүлэн доромжилж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, чиний тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, муухай чанар чинь илрэх вий. Чи бүх зүйлийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг хүртэл ойлгоход чиний харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авьяас болон туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ашиглахад ч хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Насан туршдаа чиний харсан, сонссон бүхэн, мөн төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Хэчнээн биеэ тоосон байх нь хамаагүй чи бол ердөө шоргоолжноос ч дор бүтээл билээ! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолж гэдсэн дотроо авч явдаг зүйлээс ч бага! Чи бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгоно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь хардаг, үүнээс болж чи үнэхээр баялаг төсөөллөөр дүүрсэн бөгөөд тэдгээрээс урган гарсан тоо томшгүй олон үзлийг цуглуулжээ. Хэрвээ бие махбодтой болсон Би байгаагүй бол чи ер бусын авьяас эзэмшсэн байсан ч гэсэн чамд тийм олон төсөөлөл байхгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гардаггүй гэж үү? Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүхээр хичээх эрээ цээргүй зан чамд байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед үүнийг судлахыг чинь Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор биш гэж үү? Чи өөртөө жигшил зэвүүцэл авчирдаггүй гэж үү?
Хэрвээ эцсийн өдрүүдийн энэхүү үе шатан дахь ажлыг нэмэхгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараагаар нь өөр нэрээр ирсэн хэн боловч Бурхан Өөрөө биш байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч биш гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан юм. Нүглийн тахил болон үйлчилж, эсвэл Бурханы өмнөөс эрх мэдлийг гартаа авч, бүх хүн төрөлхтнийг золин авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн үзэл хүнд байдаг. Ирдэг Нэгэн нь эрэгтэй байх л юм бол Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн итгэдэг зарим хүмүүс байдаг бөгөөд Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хэлдэг ч хүмүүс бий. Энэ нь хүний ноцтой хэтрүүлэгтэй үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй байсан бол Бурханы тухайд бүх хүн төрөлхтөн харанхуйн сүүдэрт хучигдах байв. Хэрвээ ийм байсан бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү дээр гэж бодох байсан ба эмэгтэйчүүд хэзээ ч толгой өргөн явж чадахгүй байх байсан, тэгвэл ганц ч эмэгтэй хүн аврагдаж чадахгүй байх байлаа. Бурхан бол эрэгтэй, түүнээс гадна Тэр үргэлж эмэгтэй хүнийг басамжилдаг бөгөөд түүнд авралаа хайрлахгүй байсан гэдэгт хүмүүс үргэлж итгэдэг. Хэрвээ ийм байсан бол Еховагийн бүтээсэн, бас ялзарсан бүх эмэгтэйчүүд хэзээ ч аврагдах боломжгүй байх байсан биш гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн мөнхөд мөхөхгүй гэж үү? Энэ шалтгааны улмаас эцсийн өдрүүд дэх ажлын үе шат нь бүх хүн төрөлхтнийг, зөвхөн эмэгтэй хүнийг биш харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд хийгдэх ёстой. Бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг энэ ажил нь зөвхөн эмэгтэй хүний төлөө хийгддэг юм биш. Хэрвээ хүн ингэж бодож байгаа бол тэд бүр ч тэнэг мөн!
Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Ѳөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл Тэр энэ үе шатанд дахин цовдлогдох ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Иймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил үе шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрдэггүй вэ? Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй, мөн цовдлолоор дамжуулан хүний нүглийг ч үүрдэггүй; харин ч хүнийг шууд гэсгээдэг. Хэрвээ хүнийг гэсгээх Миний гэсгээлт болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Энэ үе шатан дахь ажил нь бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас ийм төрлийн ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж, ойлгож байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс болон дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод нь ямар нэг төрлийн бие махбодын эсвэл цусан барилдлагагүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэдийгээр Тэд нэг удам сударгүй эсвэл нийтлэг хүний хэлийг хуваалцдаггүй (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Хэдийгээр Тэд ижилхэн мөн чанарыг эзэмшсэн Сүнс боловч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд бүрэн адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэдний хуваалцдаг бүхэн нь адилхан хүн чанар боловч Тэдний махбодын төрх байдал болон Тэдний төрөлтийн нөхцөл байдал адилгүй байдаг. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог бөгөөд Тэдний махбодод өөр удам судрыг оноодог. Энэ нь Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Харин Тэд бол нэг Сүнс байсантай адил юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль тогтоож, түүнд тушаал гаргахын аль алиныг хийж чадсан ба түүнчлэн тухайн үеийн Израильчуудын газар дээрх амьдралыг залж чиглүүлж, сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх Израильчуудыг Өөрийнхөө эрэх мэдэл дор байлгаж чадсан. Өөрийнхөө эрх мэдлийн улмаас Тэр Израилийн ард түмэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн турш амьдарсан юм. Израильчууд Түүний эсрэг тэрсэлж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг мөрдсөн билээ. Энэ нь, Түүний эрх мэдэл болон Түүний бүхнийг чадагч байдалд түшиглэн хийгдсэн ажил байлаа. Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, хүнд үргэлж хайртай байсан, учир нь Тэр хүнийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучлах чадвартай байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад хайртай байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, хайртай байхаар хичээж байсан. Тэд үргэлж зовлон амсаж, зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч сүүлийн үе шатанд дахиж тийм байхгүй. Есүс болон Еховагийн Сүнс нэг байсан хэдий ч Тэдний ажил бүхэлдээ адилхан байгаагүйтэй ижил юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөхийн төлөө байгаагүй, харин эрин үеийг удирдаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг эхлүүлэхийн төлөө байсан. Гэвч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах явдал юм. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад харийн хүмүүс дахин дахин үнэн замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба одоо хэлж байгаа үг орчлон ертөнц даяарх хүмүүс рүү чиглэж байгаа. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн юм. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Өнөөдөр Тэр бас, Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чаддаг, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагддаг. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст Тэр шийтгэл, мөн түүнчлэн залхаан цээрлүүлэлт билээ. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин аливаа бүх ажлыг хийх чадвартай. Чи Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна! Түүний чаддаг бүхэн нь цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал, тэгээд л тэр гэж чи итгэж байна уу? Үүний дараа чи амийн модны жимсийг идэж, амийн голоос уухын тулд тэнгэр өөд Түүнийг дагах уу? … Энэ нь ийм энгийн байна гэж үү? Надад хэл дээ, чи юу гүйцэтгэсэн бэ? Чамд Есүсийн амь байгаа юу? Чи үнэндээ Түүгээр золин аврагдсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байлаа. Хүн болохын хувьд чи ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Чамд зөвхөн гадаад талын сүсэг бишрэл байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Чи Түүнийг ингэж харуулдаг уу? Хэрвээ чи Бурханы амийг олж аваагүй эсвэл Түүний бүхий л зөвт зан чанарыг хараагүй бол чи өөрийгөө амьтай нэгэн гэж хэлж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох үнэ цэнэ чамд байхгүй.
Бурхан Сүнс байгаад зогсохгүй, мөн Тэр махбод болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие мөн. Хэдий та нар Есүсийг хараагүй боловч тэр үеийн Израильчууд буюу Иудейчүүд Түүнийг нүдээрээ харсан. Тэр эхлээд махбодтой бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд газар сайгүй ажиллаж чаддаг. Тэр Ехова, эсвэл Есүс, эсвэл Мессиа байж чадна; эцэст нь Тэр бас Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт байдал, шүүлт, гэсгээлт; Тэрээр хараал болон уур хилэн; гэхдээ Тэр бас өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүний хийсэн бүх ажил Түүнийг төлөөлөх чадвартай. Өнөөдөр Тэр ямар байдалтай Бурхан гэж чи хэлэх вэ? Чи ердөө тайлбарлаж чадахгүй. “Тэр ямар байдалтай Бурхан болохын тухайд, би тайлбарлаж чадахгүй” гэж л чи хэлж чадна. Бурхан нэг үе шатанд золин авралын ажил хийснээс болж Тэрээр үүрд өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан байна гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр өршөөнгүй, энэрэнгүй Бурхан юм бол яагаад эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөлд нь аваачих вэ? Яагаад Тэр маш олон гамшгийг илгээх вэ? Хэрвээ чиний боддог шигээр Тэр эцсээ хүртэл, бүр эцсийн үе шат хүртэл хүнд өршөөнгүй, энэрэнгүй ханддаг юм бол Тэр яагаад тэнгэрээс гамшиг илгээх гэж байна вэ? Хэрвээ Тэр хүнийг Өөр шигээ, мөн Өөрийн цорын ганц Хүү шигээ хайрладаг юм бол яагаад тэнгэрээс тахал болон мөндрийг доош илгээх гэж байна вэ? Хүн өлсгөлөн болон гамшит өртөхийг Тэр яагаад зөвшөөрдөг вэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямар байдалтай болохын тухайд та нарын дундаас хэн ч хэлж зүрхэлдэггүй, хэн ч тайлбарлаж чаддаггүй. Түүнийг Сүнс гэдэгт чи итгэлтэй байна уу? Тэр бол Есүсийн махбодоос өөрцгүй гэж чи хэлж зүрхлэх үү? Мөн чи Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?