Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 436
Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлодог бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тусгүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлэх ёстой. Тэд алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Тэгсний дараа бодит асуудал, бодит зүйлс, бодит орчин нь хүмүүст бодит дадлагатай болох боломж олгодог. Тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс эхлээд дорд хэв чанартайгаа ухаарч, дараа нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн орж, бас хэвийн хэрэгжүүлдэг; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой; тэд бодит зүйл, бодит үйл явдал, бодит орчинтойгоор хэрэгжүүлэх ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийхнөөр жинхэнэ дадлага олж чадах уу? Хүмүүс бодит байдалд ингэж орж чадах уу? Үгүй! Хэрвээ хүмүүс бодит амьдралд орж чадахгүй бол хуучин амьдралын хэв маяг, аливааг хийдэг арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан атлаа тэдний нэг нь ч амь зан чанартаа өөрчлөлт эрж хайж байгаагүй; харин тэд гүн гүнзгий онол эрж хайх гэж сохроор зүтгэсэн. Тиймээс өнөөгийн хүмүүс амьдралдаа Бурханд итгэх шашны энэ маягийг өөрчлөх ёстой. Тэд нэг зүйл, нэг үйл явдал, нэг хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэлт рүү орох ёстой. Тэд аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийн өөрчлөлт мөн чанараас нь эхэлдэг. Уг ажил хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.
Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг. Бодит амьдралгүйгээр хүний хуучин уг чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг жишээ болгон авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жинхэнэ жишээ ашиглан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүү идэх гээд шувтрав. Үүнийг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээж, амралтын өдөр нүхэнд унасан тугалуудыг аварч болохгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг эш татан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед хүмүүст ойлгуулж, мөн өөрчлөгдөхөд нь туслахын тулд Тэр олон бодит явдлыг ашигласан. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Бодит явдал байхгүй бол хүмүүс зөвхөн онол, оюун ухааны ойлголт олж авч чадна—энэ бол өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Тэгэхээр, мэргэн ухаан, ухаарлыг дадлагаар хэрхэн олж авдаг вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар мэргэн ухаан, ухаарал олж авч чадах уу? Яаж ийм байж болох билээ? Хүн бодит амьдралд ойлгож, туулах ёстой! Тиймээс хүн дадлага хийх ёстой бөгөөд бодит амьдралаас холдох ёсгүй. Хүмүүс өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд: хүний боловсролын түвшин, илэрхийлэх байдал, аливааг харах чадвар, ялган таних, Бурханы үгийг ойлгох чадвар, суурь мэдлэг, хүн чанарын ёс журам болон хүмүүст байвал зохих хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүмүүс оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг орхисон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүмүүс ихийг ойлгодог боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй; тийм учраас Бурханы үгийн мөн чанарын талаар баттай ойлголт бага байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амь руу ордоггүй—эсвэл оролтын талаар огт тоодоггүй—тул өөрчлөлт чинь багасна. Тийм урт хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож байна. Онолын мэдлэгийнхээ тухай ихийг ярьж чаддаг боловч гаднах зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжралгүй байсан шигээ үлддэг. Хэрвээ тийм бол чи эцэстээ хэзээ орох юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?