Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт (II хэсэг)
Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүйцэхдээ аливааг хийдэг арга, зан чанар, сэдэл, заль мэхнийх нь арга барилд дургүйцдэг; Бурхан энэ бүх зүйлд дургүй. Хэрэв ов мэхтэй хүмүүс үнэнийг хүлээн авч, ов мэхтэй зан чанараа хүлээн зөвшөөрч чаддаг, Бурханы авралыг хүлээн авахыг хүсдэг бол тэдэнд ч бас аврагдах найдлага бий. Учир нь Бурхан бүх хүнд эрх тэгш ханддаг, үнэн ч мөн адил. Иймээс бид Бурханы таалалд нийцдэг хүмүүс болохыг хүсвэл юун түрүүнд биеэ авч явах зарчмаа өөрчлөх ёстой. Цаашид бид сатанлаг гүн ухааны дагуу амьдарч болохгүй, худал хуурмаг, заль мэхээр амиа аргацааж болохгүй, харин бүх худал хуурмагаа хаяад, үнэнч шударга хүн болох ёстой, тэгвэл бидний талаарх Бурханы үзэл бодол өөрчлөгдөнө. Хүн урьд нь бусдын дунд амьдрахдаа байнга худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэнд найдаж, сатанлаг гүн ухааныг өөрсдийн оршин тогтнолын үндэс, өөрсдийн амь, биеэ авч явахын суурь болгон ашигладаг байлаа. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байсан. Шүтлэггүй хүмүүсийн дунд ний нуугүй ярьж, үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байх юм бол гүжирдүүлж, шүүгдэж, хаягдах учраас чи ертөнцийн чиг хандлагыг дагаж, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, худал ярихдаа улам чадварлаг, улам ов мэхтэй болдог. Түүнчлэн зорилгодоо хүрч, өөрийгөө хамгаалахын тулд хорон арга ашиглаж сурдаг. Тэгээд Сатаны ертөнцөд улам дэвжин дээшилж, улмаар нүгэлд улам бүр гүн живсээр эцэст нь гарч чадахаа больдог. Бурханы гэрт аливаа зүйл шал эсрэгээрээ байдаг. Худал хэлж, хууран мэхлэх тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг хаяна. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар байдаг бол, мөн зүсээ хувиргах, өөрийгөө нуун далдлахын тулд хуйвалдаж, нарийн арга сэддэг бол илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг. Бурханы гэрт үнэнч шударга хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа орхигдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна. Хэрэв чи үнэнч шударга хүн байх гэж хичээхгүй, үнэнийг эрэлхийлэх чиглэлд туршлагажиж, хэрэгжүүлэхгүй, өөрийнхөө муу муухайг илчлэхгүй, үнэн нүүр царайгаа харуулахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханы сайшаалыг хүртэж хэзээ ч чадахгүй. Юу ч хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, чи үнэнч хандлагатай байх ёстой. Үнэнч хандлага байхгүй бол үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй. Үүргээ чи үргэлж хайхрамжгүй, хааш яаш байдлаар гүйцэтгэж, ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаггүй бол өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө ойлгож, өөрийгөө шинжлэхээр сэтгэлээ уудлах хэрэгтэй. Тэгээд хайхрамжгүй, хааш яаш байхын оронд үнэн-зарчмыг эрж хайж, дараагийн удаа илүү сайн хийхээр чармайх ёстой. Хэрвээ чи үнэнч зүрх сэтгэлээр Бурханыг сэтгэл хангалуун болгохоор мэрийдэггүй, үргэлж махан биеэ сэтгэл хангалуун болгохыг хичээдэг бол сайн ажил хийж чадна гэж үү? Үүргээ сайн гүйцэтгэж чадна гэж үү? Лавтай чадахгүй. Ов мэхтэй хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш байдаг, тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн сайн гүйцэтгэдэггүй бөгөөд ийм хүмүүст авралд хүрэхэд хэцүү санагддаг. Ов мэхтэй хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үедээ ов мэх гаргадаг уу? Үнэнийг хэрэгжүүлэх нь тэднээс төлөөс төлж, ашиг сонирхлоосоо татгалзаж, бусдад өөрийгөө ил болгохыг шаарддаг. Гэвч тэд заримыг нь хэлдэггүй; ярихдаа хагасыг нь л ил болгож, үлдсэнийг нь хадгалж үлддэг. Бусад хүн тэднийг ямар утгаар хэлснийг нь үргэлж таамаглаж, ямар санаатай байгааг нь ухаж ойлгохын тулд үргэлж тааж олох ёстой болдог. Тэд аргалах боломж өөрсдөдөө үргэлж гаргаж, бултаж зайлах боломжийг өөрсдөдөө олгодог. Өөрийг нь ов мэхтэй болохыг бусад хүн анзаарах үед тэр хүмүүстэй тэд харилцахыг хүсдэггүй, юу ч хийсэн тэднээс болгоомжилдог. Тэд худал хэлж, хуурч мэхэлдэг бөгөөд хэлж байгаа зүйлийнх нь юу нь үнэн, юу нь худал болохыг, тэдгээр нь хэр хольцтой болохыг мэдэхгүй болохоор бусад хүн тэдэнд итгэж чаддаггүй. Тэд хэлсэн үгнээсээ буцдаг, хүмүүсийн зүрх сэтгэлд тэд ямар ч үнэ цэнгүй байдаг. Тэгвэл Бурханы зүрх сэтгэлийн тухайд ямар вэ? Бурхан тэднийг яаж хардаг вэ? Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааны гүнийг хардаг учраас Бурхан тэднийг бүр ч их жигшдэг. Хүмүүс зөвхөн өнгөн дээр байгаа зүйлийг харж чаддаг бол Бурхан илүү нарийн, хурц, бодитой хардаг.
Чи хэр удаан итгэгч байсан, ямар үүрэгтэй, ямар ажил хийдэг, хэв чанар чинь их, бага байх, зан ааш чинь сайн муу байх нь хамаагүй, үнэнийг хүлээн авч, үнэнч хүн болохоор эрж хайж чадаж байгаа цагт шагнал хүртэх нь дамжиггүй. Үнэнч хүн болохоор эрж хайдаггүй зарим хүн үүргээ сайн гүйцэтгэхэд л хангалттай гэж боддог. Би тэдэнд “Чи үүргээ хэзээ ч сайн гүйцэтгэж чадахгүй” гэж хэлдэг. Нөгөө хэсэг нь, үнэнч хүн байх чухал биш, Бурханы хүсэлд үйлчлэхээр эрж хайх нь илүү том асуудал, энэ бол Бурханыг сэтгэл хангалуун байлгах цорын ганц арга зам гэж боддог. Тэгвэл оролдоод үз, үнэнч хүн болохгүйгээр Бурханы хүсэлд үйлчилж чадах эсэхээ хар. Бусад хүн үнэнч хүн байхаар эрж хайдаггүй ч өдөр бүр залбирахдаа сэтгэл хангалуун байдаг, цуглаанд цагтаа очдог, Бурханы үгийг идэж, уудаг, шүтлэггүй хүмүүс шиг амьдардаггүй. Тэд хууль дүрэм зөрчихгүй, муу зүйл хийхгүй л байхад хангалттай. Гэхдээ Бурхан ийм маягаар сэтгэл хангалуун байж чадна гэж үү? Чи үнэнч хүн биш бол Бурханыг сэтгэл хангалуун байлгаж яаж чадах юм бэ? Хэрвээ чи үнэнч хүн биш бол зөв хүн биш. Хэрвээ чи үнэнч хүн биш бол шударга бус, зальжин байдаг. Чи юмыг хайхрамжгүй, хааш яаш байдлаар хийдэг, бүх төрлийн завхрал харуулдаг, өөрөө хүссэн ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Үнэнч хүн байхаас гадуур гэдэг нь юуг ч сайн хийдэггүй гэсэн үг, чи яагаад ч Бурханд дуулгавартай байж, Түүнийг сэтгэл хангалуун болгохгүй. Үнэнч хандлагагүй бол чи хийж байгаа аливаа зүйлдээ Бурханыг сэтгэл хангалуун болгож яаж чадах юм бэ? Хэрвээ чи үүргээ үнэнч хандлагагүйгээр гүйцэтгэдэг бол Бурханыг яаж сэтгэл хангалуун болгож чадах юм бэ? Чи үүнийг зөв хийж чадах уу? Чи махан биеэ, хэтийн төлөвөө үргэлж бодож, махан биеийн зовлон зүдүүрээ багасгаж, өөрийгөө бага зарлагадаж, бага золиос гаргаж, бага төлөөс төлөхийг үргэлж хүсдэг. Чи үргэлж ямар нэгэн зүйл нууж байдаг. Энэ бол ов мэхтэй хандлага. Зарим хүн Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа хүртэл тооцоотой байдаг. Тэд: “Би ирээдүйд тав тухтай амьдрах ёстой. Бурханы ажил хэзээ ч дуусахгүй бол яах вэ? Би өөрийгөө Түүнд зуун хувь өргөн барьж чадахгүй. Бурханы өдөр хэзээ ирэхийг ч би мэдэхгүй. Би тооцоотой байж, өөрийгөө Бурханд зарлагадахаасаа өмнө гэр бүлийн амьдрал, ирээдүйгээ зохицуулах хэрэгтэй” гэж хэлдэг. Ингэж боддог олон хүн байдаг уу? Тооцоотой байж, болзошгүй тохиолдлын төлөвлөгөө өөртөө зориулж гаргадаг бол энэ нь ямар зан чанар вэ? Энэ хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд үнэнч хүмүүс мөн үү? Тооцоотой байж, болзошгүй тохиолдлын төлөвлөгөө гаргах нь Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй байгаа хэрэг биш. Энэ бол ов мэхтэй зан чанар бөгөөд ингэж байгаа хүмүүс хуурч мэхэлсэн үйлдэл хийж байна. Бурханд хандаж байгаа тэдний хандлага бол үнэнч хандлага яавч биш. Өөртэй нь харилцаж, холбоотой байх үедээ ах эгч нар асуудлыг нь олж харж, өөрийг нь биеийн хэмжээ багатай гэж хэлж, дорд үзэх вий гэж зарим хүн айдаг. Тиймээс тэд ярихдаа маш мэриймтгий, Бурханыг хүсэн хүлээдэг, үнэнийг хэрэгжүүлэх дуртай юм шиг сэтгэгдэл төрүүлэхийг үргэлж хичээдэг. Гэхдээ дотроо бол үнэндээ аймшигтай сул дорой, сөрөг байдаг. Хэнд ч өөрийгөө нэвт шувт харуулахгүйн тулд тэд хүчтэй юм шиг дүр үзүүлдэг. Энэ бас ов мэх юм. Товчхондоо амьдралд ч, үүргээ гүйцэтгэхдээ ч, юу ч хийсэн, хуурч мэхлэн, дүр эсгэж, бусдыг залилж, мэхлэн, өөрийгөө хүндлүүлж, бишрүүлж, дорд үзүүлэхгүйн тулд хуурамч дүр эсгэдэг бол энэ бүгд нь ов мэх юм. Үнэн хэрэгтээ нөхөр нь чөтгөр, үл итгэгч байхад зарим эмэгтэй нөхрөө эрхэмлэн хайрладаг. Ах эгч нар сэтгэл хөдлөл ихтэй байна гэж хэлэх вий гэж айгаад тэр эмэгтэй түрүүлж “Миний нөхөр бол чөтгөр” гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ тэр “Нөхөр минь сайн хүн” гэж хэлдэг. Эхнийхийг нь амаараа хэлж байгаа боловч нөхрөө ялган таньж чадсан гэж бусдад харуулах гэсэндээ бусдад сонсгох гэж л хэлж байгаа. Үнэн хэрэгтээ бол тэр “Энэ хэрэг явдлыг битгий ил болго. Энэ үзэл бодлыг би эхлээд илэрхийлчихвэл та нар үүнийг дурдах хэрэггүй болно. Би нөхрөө чөтгөр гэдгийг хэдийнээ илчилсэн болохоор сэтгэл хөдлөлөө орхисон гэсэн үг, энэ талаар хэлэх зүйл та нарт байхгүй” гэж байгаа юм. Энэ нь зальжин байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол дүр үзүүлж байгаа хэрэг биш гэж үү? Чи ингэж байгаа бол дүр эсгэх замаар хүмүүсийг хууран мэхэлж, төөрөлдүүлж байгаа хэрэг. Чи тоглоом тоглож, алхам бүрдээ хүний толгой эргүүлж байгаа хэрэг, ингэснээр хүмүүс үнэн нүүр царайг чинь биш хуурамч төрхийг чинь харна. Энэ бол муу санаа, энэ бол хүний ов мэхтэй байдал. Нөхөр чинь чөтгөр гэдгийг чи хүлээн зөвшөөрсөн хойно нөхрөөсөө яагаад салж болохгүй гэж? Тэр чөтгөр, Сатаныг яагаад голж болохгүй гэж? Чи нөхрөө чөтгөр гэж хэлдэг ч үргэлжлүүлэн түүнтэй амьдралаа өнгөрөөсөөр байдаг бөгөөд чөтгөрт дуртай гэдгийг чинь энэ нь харуулдаг. Чи амаараа түүнийг чөтгөр гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чи бусдыг хуурч, мэхэлж байна гэсэн үг. Энэ нь чи чөтгөрүүдтэй сүлбэлддэг, тэднийг хаацайлж байна гэдгийг бас харуулдаг. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг хүн байсан бол чөтгөр гэдгийг нь хүлээн зөвшөөрмөгцөө нөхрөөсөө салах байсан. Тэгвэл чи гэрчлэл хийж чадах бөгөөд энэ нь чи диавол болон өөрийнхөө хооронд тодорхой шугам татсаныг харуулна. Гэхдээ харамсалтай нь чи тэр шугамыг татаж чадаагүйгээр барахгүй өдөр хоногоо чөтгөртэй хамт амьдран өнгөрөөж, ах эгч нараа худал үг, ов мэхээр төөрөлдүүлж байна. Энэ нь чамайг диаволтой адил нэг төрлийнх, бас нэг худалч чөтгөр гэдгийг баталдаг. Азарган тахиа ч бай, эсвэл нохой ч бай, гэрлэсэн эрээ эмэгтэй хүн дагадаг гэх үг бий. Чи чөтгөртэй гэрлэж, түүнээс хэзээ ч нүүр буруулаагүй болохоор чи ч бас чөтгөр гэдгийг энэ нь батална. Чи диаволынх боловч өөрийгөө Бурханых гэж батлахын тулд нөхрөө чөтгөр гэдэг. Энэ бол худал хэлж, хуурч мэхлэх тактик биш гэж үү? Чи үнэнийг сайн мэдэж байгаа хэр нь ийм арга хэрэглэж бусдын толгойг эргүүлдэг. Энэ бол муу санаатай, ов мэхтэй байгаа хэрэг. Муу санаатай, ов мэхтэй бүх хүн бол тэр чигтээ чөтгөр юм.
Бүх хүн завхарсан зан чанартай. Хэрвээ чи өөрийгөө шинжвэл бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, ов мэхтэй авирладаг зарим нэг байдал, хэрэгжүүлэлтээ сайн олж харах болно, та нарт бүгдэд чинь дүр үзүүлж, хоёр нүүр гаргаж байсан үе бий. Зарим хүн “Тэгээд би яагаад анзаараагүй юм бэ? Би цайлган хүн. Би энэ хорвоод эцэс төгсгөлгүй дээрэлхүүлж, луйвардуулж байсан, нэг ч удаа хуурч мэхлээгүй. Би зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ л хэлдэг” гэж хэлдэг. Энэ чамайг үнэнч хүн гэдгийг чинь хараахан батлахгүй. Чи ердөө л ухаан муутай, боловсролгүй байж болно, эсвэл магадгүй чамайг захиргаадахад амархан, магадгүй үйлдэлд чинь мэргэн ухаан байхгүй, цөөн хэдхэн ур чадвартай, нийгмийн доод түвшинд байдаг маанаг хулчгар байж болох ч энэ нь чи үнэнч хүн гэсэн үг биш. Үнэнч хүн бол үнэнийг хүлээн авч чаддаг хүн болохоос өрөвдөлтэй золгүй амьтан, ямар ч хэрэггүй, эргүү амьтан, номхон хүн биш. Та нар ийм зүйлсийг ялган таньж чаддаг байх ёстой, тийм үү? Зарим хүн: “Би хэзээ ч худал хэлдэггүй. Надад л үргэлж худал хэлдэг. Гадуур хүмүүс намайг үргэлж захиргаадаж байдаг. Зүдэрснийг нь овоолсон бааснаас өргөж гаргадаг гэж Бурхан хэлдэг, би тийм хүмүүсийн нэг. Энэ бол Бурханы нигүүлсэл. Бурхан бидэн шиг, нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй номхон хүмүүсийг өрөвддөг. Энэ бол үнэхээр Бурханы энэрэл!” гэж хэлэхийг Би байнга сонсдог. Бурхан зүдэрсэн хүмүүсийг овоолсон өтөг бааснаас өргөж гаргадаг гэж хэлж байгаад бодитой тал бий. Хэдийгээр чи үүнийг таньж байгаа ч энэ нь чамайг үнэнч хүн гэдгийг батлахгүй. Үнэндээ зарим хүн бол ердөө л мангар, тэнэг, ямар ч ур чадваргүй, хэв чанар муутай, үнэний талаар ойлголтгүй мунхгууд юм. Тиймэрхүү хүн Бурханы яриад байдаг үнэнч хүнтэй ямар ч холбоогүй. Бурхан зүдэрснийг овоолсон бааснаас өргөж гаргадаг нь үнэн боловч тэнэг, мунхгуудыг өргөж гаргадаггүй. Хэв чанар чинь угийн маш муу, чи бол эргүү тэнэг, ямар ч хэрэггүй бөгөөд хэдийгээр чи ядуу айлд төрсөн, нийгмийн доод давхаргынх ч гэсэн Бурхан чамайг аврахгүй. Нийгэмд ихээхэн зовж зүдэрч, ялгаварлан гадуурхалт туулсан, хүн болгонд захиргаадуулж, хууртагдсан болохоор өөрийгөө үнэнч хүн болсон гэж бүү бод. Чи тэгж бодож байгаа бол тун их эндүүрч байна. Үнэнч хүн гэж юу болох талаар буруу ойлголт, буруу төсөөлөлтэй байсаар байна уу? Энэ нөхөрлөлөөс та нар зарим нэг зүйлийг ойлгож авсан уу? Үнэнч хүн байх нь хүмүүсийн боддог шиг биш, энэ бол хоёрдмол утгатай юм ярихаас зайлсхийдэг илэн далангүй хүн байх биш. Хүн байгалиасаа маш илэн далангүй хүн байж болох ч энэ нь залилж, мэхэлдэггүй гэсэн үг биш. Бүх завхарсан хүн зальжин, ов мэхтэй завхарсан зан чанартай байдаг. Хүмүүс энэ хорвоод Сатаны нөлөөн дор, Сатаны хүчинд захирагдаж, хяналтад нь амьдарч байхдаа үнэнч байх боломжгүй. Тэд улам л ов мэхтэй л болно. Завхарсан хүн төрөлхтний дунд амьдарч, үнэнч хүн байх нь гарцаагүй олон бэрхшээлтэй байдаг. Шүтлэггүй хүмүүс, диавол хаад, амьд чөтгөрүүд биднийг шоолж, доромжилж, шүүж, тэр ч байтугай гадуурхаж, хөөж таарна. Тэгэхээр энэ хорвоод үнэнч хүн байгаад амьд үлдэх боломжтой юу? Энэ хорвоод бидэнд амьд үлдэх боломж байна уу? Байгаа. Бидэнд амьд үлдэх боломж гарцаагүй бий. Бурхан биднийг урьдаас тогтоож, сонгосон бөгөөд Тэр бидэнд гарах гарц лавтай нээж өгдөг. Бид Бурханд итгэж, Түүний удирдамж дор Түүнийг бүрэн дүүрэн дагадаг, бүхэлдээ Түүний хайрладаг амьсгал, амиар амьдардаг. Бид Бурханы үгийн үнэнийг хүлээн авсан болохоор хэрхэн амьдрах шинэ дүрэмтэй, амьдралын шинэ зорилготой болсон. Амьдралын маань үндэс суурь өөрчлөгдсөн. Бид үнэнийг олж авч, аврагдахын тулд л амьдрах шинэ арга зам, биеэ авч явах шинэ хэв маягтай болсон. Бид амьдрах шинэ горимтой болсон: Бид үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд амьдардаг. Энэ нь бид биеэрээ юу идэх, юу өмсөж зүүх, хаана амьдрахтай ямар ч хамаагүй, энэ бол бидний сүнслэг хэрэгцээ. Олон хүнд үнэнч хүн байх хэтэрхий хэцүү санагддаг. Үүний нэг хэсэг болох завхарсан зан чанараас ангижрах нь үнэхээр хэцүү. Үүнээс гадна шүтлэггүй хүмүүсийн дунд амьдарч байгаа бол, ялангуяа тэдэнтэй хамт ажиллаж байгаа бол үнэнч хүн байж, үнэнийг хэлбэл шоолуулж, доромжлуулж, шүүгдэж, тэр ч байтугай гадуурхагдаж, хөөгдөж болно. Энэ нь биднийг амьд үлдэхэд бэрхшээлтэй болгодог. Олон хүн: “Үнэнч хүн байх боломжгүй. Илэн далангүй байх надад ашиггүй, худал хэлэхгүйгээр би юу ч хийж чадахгүй” гэж хэлдэг. Энэ ямар харах өнцөг вэ? Энэ бол ов мэхтэй хүний харах өнцөг, логик үндэслэл билээ. Тэд өөрийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалахын тулд л худал, зальжин зүйл хэлдэг. Тэд тийм зүйлийг алдахаас айгаад үнэнч хүн байж, үнэнийг хэлэхийг хүсдэггүй. Завхарсан хүн төрөлхтөн бүхэлдээ тийм. Тэд хэр их сурч мэдсэн, байр суурь нь хэр өндөр, нам байх, албан тушаалтан, энгийн иргэн байх, алдартан, жирийн хүн байх нь хамаагүй, бүгд байнга худал хэлж, хуурдаг, хэнд ч итгэхийн аргагүй. Энэхүү завхарсан занг нь шийдвэрлэхгүй бол тэд цаг үргэлж худал хэлж, хуурч мэхэлсээр байх бөгөөд ов мэхтэй зан чанараар дүүрэн байх болно. Ийм маягаар тэд Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг болж чадах уу? Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Гарцаагүй чадахгүй.
Үнэнч хүн байх хэцүү юм шиг та нарт санагддаг уу? Та нар үүнийг хэрэгжүүлж үзсэн үү? Та нар үнэнч хүн байхыг аль талаас нь хэрэгжүүлж, туулж мэдэрсэн бэ? Хэрэгжүүлэлт чинь ямар зарчимд үндэслэсэн бэ? Яг одоо та нарт энэ талаар ямар түвшний туршлага байна вэ? Үндсэндээ үнэнч хүн болох хэмжээнд очиж байсан уу? Очиж байсан бол гайхалтай хэрэг! Биднийг аварч, өөрчлөхийн тулд Тэр зүгээр л жаахан бэлтгэл ажил юм уу ирээдүйд юу болохыг харуулах ажил хийгээд, дараа нь болчихдог юм биш гэдгийг Бурханы үгээс бид харж чаддаг байх ёстой. Тэр бас хүмүүсийн гадаад зан авирыг өөрчилдөггүй. Харин ч Тэр зүрх сэтгэлийнх нь гүнээс, зан чанар, яг мөн чанараас нь эхлээд хүн нэг бүрийг өөрчилж, тэднийг угаар нь өөрчлөхийг хүсдэг. Бурхан ингэж ажилладаг юм чинь бид бие биедээ яаж хандах ёстой вэ? Бид эрж хайж байгаа зүйл, зан чанарын өөрчлөлт, гүйцэтгэх ёстой үүрэгтээ хариуцлага үүрэх ёстой. Бид хийж байгаа бүх зүйлдээ хайхралгүй орхилгүйгээр нухацтай хандаж, бүх зүйлийг задлан шинжлүүлэхээр гаргаж тавих ёстой. Чи өөрийнхөө зөв гэж үзсэн ямар нэг зүйлийг хийж дуусгах бүрд энэ нь үнэнтэй нийцсэн байх албагүй. Үүнийг ч бас задлан шинжилж, Бурханы үгтэй харьцуулж, Бурханы үгийн дагуу баталгаажуулах ёстой. Ингэснээр зөв байсан уу, эсвэл эндүү ташаа байсан уу гэдэг нь тодорхой болно. Түүнчлэн, чи буруу хийсэн гэж боддог зүйлээ ч задлан шинжлэх ёстой. Үүний тулд ах, эгч нар хамтдаа илүү их цаг гарган нөхөрлөж, эрж хайж, бие биедээ туслах шаардлагатай. Илүү их нөхөрлөх тусам, зүрх сэтгэл чинь төдий чинээ цэлмэж, үнэн-зарчмыг улам их ойлгодог. Энэ нь Бурханы ерөөл юм. Хэрвээ хэн ч зүрх сэтгэлээ нээлгүй, сайхан харагдахын тулд дүр эсгээд, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж найдан, бусдад өндрөөр үнэлэгдэж, дооглуулахгүй байхыг хүсдэг бол жинхэнэ өсөлт гарахгүй. Хэрвээ чи үргэлж дүр эсгээд, нөхөрлөх үедээ сэтгэлээ нээдэггүй бол Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авахгүй, үнэнийг ойлгож чадахгүй. Тэгвэл үр дүн нь юу байх вэ? Чи үүрд харанхуйд амьдарна, аврагдахгүй. Үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөхийг хүсвэл чи үнэнийг олж авч, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд багахан төлөөс төлөх ёстой бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай нөхөрлөх ёстой. Энэ нь амийн оролт, зан чанарын өөрчлөлтийн чинь аль алинд нь тустай юм. Цуглаан дээр туршлага, ойлголтоо ярилцах нь чамд болон бусдад тустай. Та нарын хэн нь ч өөрийгөө мэдэх, туршлага, ойлголтынхоо талаар ярьдаггүй, хэн нь ч өөрийгөө задлан шинжилж, илэн далангүй байдаггүй, бүгд л бичиг үсэг, хоосон сургаал ярихдаа гарамгай, хэн нь ч өөрийгөө ойлгосон талаар ярьдаггүй, өөрийгөө хэчнээн бага мэддэгээ хэн нь ч илчлэх зориггүй байдаг бол яах вэ? Та нар бүгд цуглараад, жаахан эелдэг, найр тавьсан үгс солилцож, бие биеэ зусардаж, бие биедээ сайрхаж, худал зүйл хэлнэ. “Сүүлийн үед чи тун сайн байлаа. Чи бага зэрэг өөрчлөгдсөн шүү!” “Чи сүүлийн үед асар их итгэл харууллаа!” “Чи маш хүсэл тэмүүлэлтэй!” “Чи надаас илүү ихийг зарлагадсан.” “Чиний хувь нэмэр минийхээс их!” Иймэрхүү нөхцөл байдал бий болдог. Хүн болгон бие биеэ зусардаж, бие биедээ сайрхаж, хэн ч үнэн төрхөө задлан шинжлүүлэхээр ил болгож бүх хүнээр ялган таниулж, ойлгуулахыг хүсдэггүй. Иймэрхүү орчинд жинхэнэ чуулганы амьдрал байж чадах уу? Үгүй, чадахгүй. Зарим хүн: “Би нэлээд хэдэн жил чуулганы амьдралаар амьдарлаа. Би үргэлж сэтгэл хангалуун байж, таашаал авдаг. Цуглаан дээр ах эгч нар бүгд залбирч, Бурханыг магтаж магтан дуу дуулах дуртай. Бүх хүн залбирал, магтан дуунд сэтгэл нь хөдөлж нулимс урсгадаг. Заримдаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж, бид бүгд халууцаж хөлөрч, ах эгч нар дуулж, бүжиглэдэг. Энэ бол маш баян, өнгөлөг чуулганы амьдрал, маш таашаалтай байдаг. Энэ үнэхээр Ариун Сүнсний ажлыг илтгэдэг! Дараа нь бид Бурханы үгийг идэж, уудаг бөгөөд Бурханы үг зүрх сэтгэлд маань шууд хүрч байгааг мэдэрдэг. Биднийг нөхөрлөх болгонд бүх хүн үнэхээр урам зоригтой байдаг” гэж хэлдэг. Хэдэн жилийн иймэрхүү чуулганы амьдрал бүх хүнд үнэхээр тааламжтай байх боловч үүнээс юу гардаг вэ? Бараг хэн ч үнэхээр үнэн-бодит байдалд ордоггүй, бараг хэн ч туршлагаа ярьж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй. Бурханы үгийг уншиж, дуулж, бүжиглэх маш их эрч хүч тэдэнд байдаг ч үнэнийг нөхөрлөх болохоор зарим хүн сонирхолгүй болдог. Үнэнч хүн болох туршлагынхаа талаар хэн ч ярьдаггүй, хэн ч өөрийгөө задлан шинжилдэггүй, бусдын ашиг тус, босгон байгуулалтын төлөө бусдад мэдүүлж, ялган таниулахын тулд хэн ч завхарсан зан чанараа ил болгодоггүй. Хэн ч Бурханыг алдаршуулахаар бодит туршлагын гэрчлэлийнхээ талаар нөхөрлөдөггүй. Яг ингэж, дуулж, бүжиглэж, баяр хөөр дүүрэн, аз жаргалтайгаар хэдэн жилийн чуулганы амьдралыг үрдэг. Та нар Надад хэлдээ: Энэ аз жаргал, баяр хөөр хаанаас гардаг вэ? Бурханы харахыг хүсдэг, Түүнийг сэтгэл хангалуун болгодог зүйл энэ биш гэж Би хэлнэ, учир нь Түүний харахыг хүсдэг зүйл нь хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөх, хүмүүс үнэн-бодит байдлыг амьдран харуулах юм. Бурхан ийм бодит байдал харахыг хүсдэг. Цуглаан дээр байхдаа юм уу хүсэл тэмүүлэлд автсан байхдаа магтан дууны түүврээсээ зуурч, Өөрийг нь магтан дуулж, бүжиглэхийг чинь Тэр хүсдэггүй, Түүний харахыг хүсдэг зүйл нь энэ биш. Эсрэгээрээ Бурхан үүнийг хараад гуньж, шаналж, сандардаг, учир нь Тэр мянга мянган үг хэлсэн боловч нэг ч хүн тэрийг нь үнэхээр хэрэгжүүлж, амьдран харуулаагүй. Энэ л Бурханы санааг зовоодог. Та нар чуулганы амьдралын өчүүхэн амар амгалан, аз жаргалд тун маадгар, сэтгэл хангалуун байх нь олонтоо. Та нар Бурханыг магтаж, бага зэрэг таашаал, хэсэгхэн тайвшрал, бага зэрэг сүнслэг сэтгэл ханамж олж авчхаад итгэлээ сайн хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Та нар ийм хуурмаг үзэгдэлтэй зууралдаж, үүнийг хөрөнгө, Бурханд итгэх итгэлээсээ олж авсан хамгийн том зүйл гэж үзэж, амь зан чанараа өөрчилж, авралын замд орохын оронд үүнийг хүлээж авдаг. Ингэснээр үнэнийг эрэлхийлж, үнэнч хүн байхаар эрэлхийлэх хэрэггүй гэж боддог. Өөрийгөө эргэцүүлж, асуудлаа задлан шинжилж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах хэрэггүй гэдэг. Ингэх нь одоо аюултай газар руу орж байгаа хэрэг. Хүмүүс ийм маягаар үргэлжлүүлбэл, Бурханы ажил дуусах үед тэд үнэнч хүн болоогүй, үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй байвал, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадаагүй, антихристүүдэд хууртаж, хянуулж мэдэхээр, Сатаны нөлөөнөөс мултраагүй байвал, Бурханы өөрсдөд нь тавьсан шаардлагад нийцээгүй байвал Бурханы аврах хүмүүс тэд биш. Тийм учраас Бурхан санаа зовдог.
Хүмүүс дөнгөж итгэж эхлэхдээ үргэлж үнэхээр урам зоригтой байдаг. Бурхан үнэнийг нөхөрлөж байгааг сонсоод ялангуяа тэд: “Одоо би үнэнийг ойлгож байна. Би үнэн замыг оллоо. Би үнэхээр баяртай байна!” гэж боддог. Шинэ жил, хурим тэмдэглэж байгаа юм шиг өдөр бүр баяр хөөрийг мэдэрч, хэн нэгэн цуглаан зохион байгуулж, нөхөрлөхийг өдөр бүр тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ хэдэн жилийн дараа зарим хүн чуулганы амьдралын дур сонирхлоо алдаж, Бурханд итгэх дур сонирхлоо ч бас алддаг. Яагаад тэгдэг вэ? Яагаад гэвэл тэд Бурханы үг, үнэний талаар зөвхөн өнгөц, онолын ойлголттой байдаг. Тэд Бурханы үгэнд чин сэтгэлээсээ ороогүй, бодит байдлыг нь өөрийн биеэр туулж мэдрээгүй. Бурханы хэлдэгчлэн, олон хүн найран дээрх тансаг хоол ундыг хардаг ч ихэнх нь харах л гэж ирдэг. Бурханы бэлдэж өгсөн амттай хоолыг тэд авч, идэж, амсаж, хэрэглэн бие махбодоо тэжээдэггүй. Үүнийг Бурхан жигшдэг, Түүний санааг энэ зовоодог. Та нарын одоо байгаа байдал ийм биш гэж үү? (Тийм ээ.) Би та нарт туслах гэж бүгдтэй чинь тогтмол нөхөрлөдөг. Миний санааг хамгийн их зовоодог зүйл нь эдгээр номлолыг сонсож, сүнслэг хэрэгцээгээ хангасны дараа тэдгээрийг хэрэгжүүлэх гэж чи юу ч хийхгүй, тэдгээрийн талаар дахиж бодохгүй. Ингэвэл Миний хэлсэн бүхэн хий дэмий болох болно. Хүн ямар хэв чанартай байх нь хамаагүй хоёр, гурван жил итгэснийх нь дараа үнэнийг хайрладаг хүн мөн эсэхийг нь хэлж болно. Хэрвээ тэр үнэнийг хайрладаг хүн мөн бол, эрт орой хэзээ нэгэн цагт үнэнийг эрэлхийлэх болно. Хэрвээ тэр үнэнийг хайрладаг хүн биш бол удаан тэсэхгүй, илчлэгдэж, таягдан хаягдах болно. Та нар үнэнийг хайрладаг хүмүүс үнэхээр мөн үү? Та нар үнэнч хүн болохыг хүсэж байна уу? Та нар ирээдүйд өөрчлөгдөж чадах уу? Энэ нөхөрлөлийн дараа та нар үүнээс хэр ихийг нь өөрийн биеэр хэрэгжүүлэх вэ? Үүнээс хэр их нь үнэхээр та нарт үр дүн гаргах вэ? Тэр бүхэн мэдэгдэхгүй, эцэстээ илчлэгдэнэ. Хүн шинээр итгэж эхлэхдээ хэчнээн оргилуун сэтгэлтэй байх, хэр их зовж зүдэрч чаддаг байхтай энэ нь огт хамаагүй. Тэд үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээж авч чаддаг эсэх нь гол. Үнэнийг хайрладаг хүмүүс л номлол сонссоныхоо дараа эргэцүүлж тунгаана. Тэд л Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн туулж, өдөр тутамдаа хэрхэн хэрэгжүүлэх, үнэхээр Бурханыг дуулгавартай дагадаг хүн болохын тулд Бурханы үгэн дэх үнэн-бодит байдлыг хэрхэн амьдран харуулах талаар тунгаан бодно. Тийм ч учраас үнэнийг хайрладаг хүмүүс эцэстээ үнэнийг олж авах болно. Үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэн замыг хүлээж авч магадгүй, тэд өдөр бүр цугларч, номлол сонсож, зарим нэг хоосон сургаал сурч мэдэж болох ч бэрхшээл, шалгалттай тулгармагц сөрөг, сул дорой болж, итгэлээсээ татгалзаж ч магадгүй. Итгэгчийн хувьд үнэн-бодит байдалд орж чадах эсэх чинь үнэнд хандах хандлага, эрэлхийллийн чинь зорилго юу байхаас, үнэхээр үнэнийг амиа болгож олж авах эсэхээс хамаардаг. Зарим хүн бусдад тусалж, Бурханд үйлчилж, чуулганыг сайн удирдахын тулд өөрсдийгөө үнэнээр зэвсэглэдэг. Тэгэх нь муугүй бөгөөд тийм хүмүүс зарим нэг ачаа үүрдэг гэсэн үг юм. Гэхдээ тэд амийн оролтдоо, үнэнийг хэрэгжүүлэхдээ анхаарахгүй бол, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхгүй бол үнэн-бодит байдалд орж чадахгүй. Тэгэх боломжгүй. Тэд үнэн-бодит байдалгүй бол яаж бусдад тусалж чадах юм бэ? Бурханд үйлчилж яаж чадах юм бэ? Чуулганы ажлыг сайн хийж чадах уу? Тэгэх ч бас боломжгүй. Хэдэн номлол сонссон, ямар замыг сонгосон чинь хамаагүй. Зөв харах өнцгийг Би та нарт хуваалцъя: Чи ямар үүрэг гүйцэтгэдэг, удирдагч эсвэл ердийн дагагч байх чинь хамаагүй, Бурханы үгэнд гол хүчин чармайлтаа гаргах ёстой. Тэдгээрийг уншиж, чин сэтгэлээсээ тунгаан бодох ёстой. Эхлээд чи мэдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй бүх үнэний талаар ойлголттой болж, тэдгээрийг өөртэйгөө харьцуулж, өөртөө хэрэгжүүлэх ёстой. Эхлээд ойлгож, бодит байдалд орохгүйгээр үнэнийг олж авахгүй. Ойлгосон хоосон сургаалаа үргэлж бусдад тайлбарладаг ч тэрийгээ хэрэгжүүлж, туулж чаддаггүй бол алдаа гаргаж байгаа хэрэг. Энэ бол мунхаг, мэдлэггүй байгаа хэрэг. Чи Бурханы үгийг үнэн хэмээн хэрэгжүүлж, туулж аажмаар асар их үнэнийг ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл үүрэгтээ улам сайн үр дүн гаргаж эхлэн, хуваалцах олон туршлагын гэрчлэлтэй болно. Ингэснээр Бурханы үг амь чинь болно. Чи үүргээ гарцаагүй сайн гүйцэтгэж, Бурханы өөрт чинь өгсөн даалгаврыг бас биелүүлж чадна. Хэрвээ чи бусдыг эдгээр үгтэй харьцуулж, эдгээрийг бусад хүнд хэрэглэж, ажилдаа хөрөнгө болгон ашигладаг бол чи асуудалд орно. Чи ингэж Паултай яг ижил замаар явж байна. Энэ чиний харах өнцөг болохоор эдгээр үгэнд хоосон сургаал, онол гэж хандаж, эдгээр онолыг ашиглан илтгэл тавьж, ажил бүтээхийг хүсдэг. Ингэх нь маш аюултай, энэ бол хуурамч удирдагч, антихристүүдийн хийдэг зүйл. Хэрвээ чи өөрийн байдлыг Бурханы үгийн дагуу харж, эхлээд өөрийгөө эргэцүүлж, өөрийнхөө талаар ойлголттой болж, дараа нь үнэнийг хэрэгжүүлдэг бол үр шимийг нь хүртэж, үнэн-бодит байдалд орно. Тэгсэн цагт л чи шаардлага хангаж, үүргээ сайн гүйцэтгэх биеийн хэмжээтэй болно. Бурханы ажил, Түүний үгийн бодит туршлага чамд байхгүй бол, ямар ч амийн оролтгүй, бичиг үсэг, хоосон сургаал цээжээр уншиж л чаддаг бол ажил хийлээ ч гэсэн сохроор хийж, ямар ч бодитой зүйлд хүрэхгүй. Эцэстээ хуурамч удирдагч, антихрист болж таягдан хаягдана. Хэрвээ чи үнэний талыг ойлгодог бол эхлээд өөрийгөө үүнтэй харьцуулж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой, ингэснээр чиний бодит байдал болдог. Тэгвэл чи гарцаагүй ямар нэгэн зүйл олж авч, өөрчлөгдөнө. Бурханы үг сайн, тэдгээр нь үнэн бөгөөд бодит байдалтай болохыг мэдэрдэг ч зүрх сэтгэлдээ үнэнийг тунгаан бодож, ойлгохыг хичээдэггүй, бас бодит амьдралдаа хэрэгжүүлж, туулдаггүй, харин тэмдэглэлийн дэвтэртээ бичиж аваад л болдог бол үнэнийг хэзээ ч ойлгож, олж авахгүй. Бурханы үгийг уншиж, номлол, нөхөрлөл сонсоод чи тунгаан бодож, өөртэйгөө харьцуулж, өөрийн байдалтай холбож, тэдгээрийг ашиглан асуудлаа шийдвэрлэх ёстой. Үгийг ингэж хэрэгжүүлж байж л тэдгээрээс жинхэнээсээ ямар нэгэн зүйл олж авч чадна. Та нар номлол сонссоныхоо дараа хэрэгжүүлдэг зүйл чинь энэ мөн үү? Биш бол, та нарын амьдралд Бурхан байхгүй, Түүний үг ч байхгүй, Түүнд итгэх итгэлд чинь бодит байдал алга. Та нар шүтлэггүй хүмүүс шиг Бурханы үгээс гадуур амьдарч байна. Бурханд итгэдэг ч Түүний үгийг хэрэгжүүлж, туулахын тулд бодит амьдралд хэрэглэж чаддаггүй хүмүүс үнэндээ Бурханд итгэдэггүй, үл итгэгчид юм. Үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс бол Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс биш, тэд бол Түүнд тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгийг бодит амьдралдаа оруулахгүйгээр Бурханы ажлыг яагаад ч туулж мэдэрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы ажлыг, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг бодит амьдралд туулж мэдэрдэггүй бол яагаад ч үнэнийг олж авч чадахгүй. Та нар үүнийг ойлгож байна уу? Та нар эдгээр үгийг ойлгож ухаарч чадвал хамгийн сайн боловч тэдгээрийг яаж ухаарч ойлгох, хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, хамгийн чухал зүйл нь ойлгодог Бурханы үг, үнэнийг чи бодит амьдралдаа оруулж, хэрэгжүүлэх ёстой юм. Биеийн хэмжээ чинь өсөж, зан чанар чинь өөрчлөгдөх цорын ганц арга зам энэ билээ.
Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүст тавих шаардлагаа гаргаж тавихдаа хүмүүст зориулсан хэрэгжүүлэлтийн зам, зарчмыг үргэлж зааж өгдөг. Жишээ нь бидний дөнгөж сая ярьж байсан үнэнч хүн байхыг аваад үзье: Бурхан хүмүүст зам өгч, хэрхэн үнэнч хүн байх, үнэнч хүн байх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж зөв замд орохыг хэлж өгсөн. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.” Энэ нь Тэр биднээс нууц, хувийн гэсэн зүйлээ ил болго, задлан шинжлүүлэхээр гаргаж тавь гэж шаарддаг гэсэн утгатай юм. Энэ бол та нарын бодоогүй зүйл: Та нарыг ийм маягаар хэрэгжүүл гэж Бурхан үүнийг хэлсэн гэдгийг та нар ойлгоогүй, мэдээгүй. Заримдаа чи зальжин, ов мэхтэй санаа зорилготой үйлддэг учраас үйлдэл, санаа зорилгоо өөрчлөх ёстой. Үгийн чинь зальжин, ов мэхтэй уг чанарыг хэн ч ойлгож ухаараагүй байж болох ч өөрийгөө бүү магт. Чи Бурханы өмнө очиж, өөрийгөө шинжлэх ёстой, чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Чи залбирч, санаа зорилго, арга барилаа илчилж, задлан шинжилж, энэ санаа зорилгыг чинь Бурхан таашаах эсэх, жигших эсэх, чи үүнийг илчилж чадах эсэх, тэр талаар ярихад хэцүү эсэх, үнэнтэй нийцдэг эсэхийг эргэцүүлэх хэрэгтэй. Ийм маягаар задлан шинжиж, судалж шинжилснээр үнэн хэрэгтээ энэ асуудал үнэнтэй нийцдэггүй, иймэрхүү зан авирыг ил болгоход хэцүү, үүнийг Бурхан жигшдэг болохыг олж мэдэх болно. Тэгээд чи энэ зан авираа өөрчилдөг. Миний энэ нөхөрлөл та нарт ямар санагдаж байна вэ? Та нарын зарим нь санаа зовж магадгүй. Та нар: “Бурханд итгэнэ гэдэг үнэхээр төвөгтэй. Энэ хүрэхэд хангалттай хэцүү байсан, одоо би дахиад эхлэх ёстой гэж үү?” гэж боддог. Бодит байдал гэвэл Бурхан ирчихсэн, Тэр хүн төрөлхтнийг үнэн-бодит байдалд оруулахаар удирдаж эхэлсэн. Итгэгчийн хувьд, хүний хувьд энэ бол эхлэл. Хэрвээ чи эхлэлээ сайн тавья гэвэл итгэлийн бат бөх үндэс суурь тавьж, эхлээд үзэгдлийн үнэн, Бурханыг дагахын ач холбогдлыг мэдэж авч, дараа нь үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарах ёстой. Ингэснээр чи үнэн-бодит байдалд орж чадна. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаал ярихад л анхаарч, эдгээр зүйлд үндэслэн үндэс суурь тавьдаг бол тэр нь асуудал болно. Энэ бол элсэн дээр байшингийн суурь тавихтай адил: Чи хэчнээн өндөр болгож бариад ч үргэлж нурж унах аюултай бөгөөд удаан тэсэхгүй. Гэхдээ энэ мөчид та нарт бүгдэд чинь сайшаагууштай нэг зүйл байгаа нь Миний та нартай нөхөрлөдөг зүйлийг та нар ойлгож чаддаг, сонсохыг хүсдэг. Энэ нь сайн хэрэг. Үнэнийг эрэлхийлж, бодит байдалд орох нь хамгийн чухал, бусад нь чухал биш. Чи үүнийг мэдэж байгаа цагт итгэлийн зөв замд ороход хэцүү биш байх болно. Үнэнийг эрэлхийлэх замаар алхахын тулд эхлээд өөрийгөө мэдэж авах ёстой, өөрт чинь ямар завхарсан зан чанар, ямар дутагдал байгааг сайн мэдэж байх ёстой. Тэгвэл чи өөрийгөө үнэнээр зэвсэглэхийн ач холбогдлыг ойлгож, асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг хурдан эрж хайж чадна. Цаг хугацаа хүнийг хүлээхгүй! Амийн оролтоор асуудлаа шийдвэрлэж, үнэн-бодит байдалтай болмогц дотоод амар амгаланг илүү их мэдрэх болно. Гамшиг хэчнээн их байх нь хамаагүй чамд айх мэдрэмж төрөхгүй. Сүүлийн энэ хэдэн жилийг үнэнийг эрэлхийлэхгүйгээр үрж, аливаа юм болоход мэлэрч, идэвхгүй хүлээсэн байдалтай байсаар, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг ашиглаж бас чадахгүй, харин ч хорвоогийн гүн ухаан, завхарсан зан чанараар амьдарсаар байвал ямар хөөрхийлөлтэй хэрэг болох вэ! Асар их гамшиг болох өдөр ирэхэд үнэн-бодит байдлын хэлтэрхий чамд байхгүй бол үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгээгүй, ямар ч үнэнийг огт олж аваагүйдээ харамсаж, байнгын түгшсэн байдалд амьдрах болно. Яг одоо Ариун Сүнсний ажил хүнийг хүлээдэггүй. Итгэлийнх нь эхний хэдэн жилд Тэр хүмүүст бага зэрэг нигүүлсэл, өршөөл хайрлаж, тэдэнд тусалж, тэжээн тэтгэдэг. Хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэзээ ч бодит байдалд орохгүй харин мэддэг бичиг үсэг, хоосон сургаалдаа сэтгэл ханадаг бол тэд аюулд орно. Ариун Сүнсний ажлаас тэд аль хэдийн хоцорч, Бурхан хүн төрөлхтнийг аварч, төгс болгох эцсийн боломжоос тэд хоцорсон. Тэд гамшигт унаж, уйлж, шүдээ хавирч л чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?