Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь
Хэрэгжүүлэлтийн үеэр тушаалуудыг мөрдөх явдлыг үнэнийг хэрэгжүүлэхтэй уялдуулах ёстой. Тушаалуудыг мөрдөх зуураа хүн үнэнийг хэрэгжүүлэх учиртай. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ хүн тушаалуудын зарчмыг зөрчиж, тушаалыг эсэргүүцэх ёсгүй; Бурханы юу л шаардсаныг чи хийх ёстой. Тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх нь эсрэг тэсрэг бус, харилцан уялдаатай юм. Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалын мөн чанарыг төдий чинээ их мөрдөнө. Үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалуудад илэрхийлэгдсэн Бурханы үгийг төдий чинээ их ойлгоно. Үнэнийг хэрэгжүүлэх болон тушаалуудыг мөрдөх нь зөрчилдөөнтэй үйлдлүүд биш, харин ч хоорондоо холбоотой. Анх хүн тушаалуудыг мөрдсөний дараа л үнэнийг хэрэгжүүлж, Ариун Сүнснээс гэгээрэл олж авч чаддаг байсан боловч энэ нь Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан, чамаас зөвхөн сайн явдалтай байхыг биш, зүрх сэтгэлээсээ Өөрт нь шүтэн мөргөхийг шаарддаг. Гэхдээ чи тушаалуудыг ядаж өнгөцхөн ч болов мөрдөх ёстой. Туршлагаар дамжуулан хүн аажмаар Бурханы тухай илүү тодорхой ойлголттой болсныхоо дараа, Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэхээ больж, Бурханы ажлын талаарх ямар ч эргэлзээгүй болдог. Энэ бол хүмүүс тушаалуудын мөн чанарыг сахиж чадах ганц зам юм. Тиймээс үнэнийг хэрэгжүүлэлгүй тушаалуудыг мөрдөх төдий нь үр ашиггүй бөгөөд Бурханыг бодитой шүтэн мөргөх явдлыг бүрдүүлдэггүй, учир нь чи бодитой биеийн хэмжээнд хараахан хүрээгүй. Хэрвээ чи тушаалуудыг үнэнгүйгээр мөрддөг бол энэ чинь ердөө дүрэм журмыг хатуу чанд баримтлахтай дүйцдэг. Ингэснээр тушаалууд чиний хууль болох ба амийн өсөлтөд чинь туслахгүй. Харин ч, тэдгээр нь чамд дараа болж, чамайг Хуучин Гэрээний хууль шиг ягштал хүлж, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдахад хүргэнэ. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлснээр л тушаалуудыг үр дүнтэй мөрдөж чадах ба үнэнийг хэрэгжүүлэхийн тулд тушаалуудыг мөрдөнө. Тушаалуудыг мөрдөх явцдаа чи бүр олон үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг хэрэгжүүлэхдээ тушаалуудын утга учир үнэндээ юу болох талаар улам гүнзгий ойлголт олж авна. Хүн тушаалуудыг мөрд гэсэн Бурханы шаардлагын цаад зорилго, утга учир нь хүний төсөөлдөг шиг хүнийг дүрэм журам мөрдүүлэх л гэсэн юм биш, харин хүний амийн оролттой холбоотой. Чиний амийн өсөлтийн хэмжээ тушаалуудыг ямар түвшинд мөрдөж чадахыг чинь тодорхойлдог. Хүнээр мөрдүүлэх гэж уг тушаалууд байдаг хэдий ч тушаалуудын мөн чанар нь хүний туршлагаар л дамжин тодорхой болдог. Тушаалуудыг сайн мөрдөнө гэдэг нь “тэд бүрмөсөн бэлэн болж, өргөгдөх л үлдсэн” гэсэн утгатай гэж ихэнх хүн боддог. Энэ нь хэрээс хэтэрсэн бодол бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Иймэрхүү зүйл хэлдэг хүмүүс ахиц гаргах хүсэлгүй, махан биед шунадаг. Энэ бол утгагүй үг! Энэ нь бодит байдалд таардаггүй! Тушаалуудыг бодитоор мөрдөлгүй, үнэнийг л хэрэгжүүлэх нь Бурханы хүсэл биш. Ингэдэг хүмүүс бол эрэмдэг бөгөөд өрөөсөн хөлгүй хүмүүстэй адилхан. Тушаалуудыг дүрэм журам баримталж байгаа мэт зүгээр л мөрдөж, харин үнэнийг эзэмшихгүй байх нь ч бас Бурханы хүслийг хангалуун байлгаж чадахгүй; ийнхүү үйлддэг хүмүүс өрөөсөн нүдгүй хүнтэй адил нэг төрлийн эрэмдэг юм. Хэрвээ чи тушаалуудыг сайн мөрддөг бөгөөд бодитой Бурханы талаар тодорхой ойлголт олж авсан бол чи үнэнийг эзэмшинэ гэж хэлж болно; ер нь, чи бодитой биеийн хэмжээг олж авсан байх болно. Чи хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлбэл тушаалуудыг бас мөрдөх бөгөөд энэ хоёр зүйл хоорондоо зөрчилддөггүй. Үнэнийг хэрэгжүүлэх, тушаалуудыг мөрдөх гэдэг нь хоёр тогтолцоо бөгөөд аль аль нь хүний амийн туршлагын салшгүй хэсэг юм. Хүний туршлага нь тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх явдлын хуваагдлаас бус, нэгдлээс бүрдэх ёстой. Гэхдээ энэ хоёр зүйлийн хооронд ялгаа болон холбоо хоёул бий.
Шинэ эрин үе дэх тушаалуудын тунхаглал нь энэ урсгал дахь бүх хүн болон өнөөдөр Бурханы дуу хоолойг сонсдог бүх хүн шинэ эрин үед орсон хэмээх баримтыг гэрчлэх гэрчлэл юм. Энэ нь Бурханы ажлын шинэ эхлэл бөгөөд Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн хэсгийн эхлэл билээ. Бурхан, хүн хоёр шинэ тэнгэр, шинэ газрын ертөнцөд орж, израильчуудын дунд Ехова, иудейчүүдийн дунд Есүс ажиллаж байсны яг адилаар Бурхан илүү их бодитой ажил хийж, газар дээр улам ч их, улам ч агуу ажил хийнэ гэдгийг шинэ эрин үеийн тушаалууд бэлгэддэг. Тэдгээр нь бас энэ бүлэг хүмүүс Бурханаас илүү их, илүү агуу даалгавар хүлээн авч, бодитоор хангагдаж, тэжээл, дэмжлэг, халамж, хамгаалалт хүртэх бөгөөд Бурхан тэдэнд илүү бодитой сургуулилт өгч, мөн Бурханы үгээр харьцаж, эвдэж, цэвэршүүлнэ гэдгийг бэлгэддэг. Шинэ эрин үеийн тушаалуудын учир холбогдол нэлээд гүнзгий юм. Тэдгээр нь Бурхан газар дээр үнэхээр илрэн гарах ба тэндээс бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулж, махбодоор Өөрийн бүх алдрыг илчилнэ гэдэг санаа өгдөг. Мөн Өөрийн сонгосон бүх хүнийг төгс болгохын тулд бодитой Бурхан газар дээр илүү бодитой ажил хийх гэж байгаа гэдгийг илтгэдэг. Түүнчлэн Бурхан газар дээрх бүх зүйлийг үгээр гүйцэлдүүлж, “бие махбодтой болсон Бурхан хамгийн өндөрт мандаж, өргөмжлөгддөг агаад бүх ард түмэн, бүх улс үндэстэн агуу их Бурханыг шүтэн мөргөхөөр сөгдөнө” гэсэн баримтыг нотолно. Шинэ эрин үеийн тушаалууд нь хүнээр мөрдүүлэхийн тулд байдаг боловч, мөн тэгэх нь хүний үүрэг, хариуцлага хэдий ч тэдгээрийн төлөөлдөг утга учир нь ганц хоёр үгээр бүрэн илэрхийлэхийн аргагүй хэтэрхий гүн гүнзгий юм. Шинэ эрин үеийн тушаалууд нь Ехова ба Есүсийн тунхагласан Хуучин Гэрээний хууль болон Шинэ Гэрээний дүрэм журмыг орлодог. Энэ бол хүний төсөөлдөг шиг энгийн хэрэг биш, илүү гүн гүнзгий хичээл юм. Шинэ эрин үеийн тушаалуудад практик учир холбогдлын тал байдаг: Тэдгээр нь Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн хоорондох холбоос болдог. Шинэ эрин үеийн тушаалууд нь хуучин эрин үеийн бүх хэрэгжүүлэлт, дүрэм журмыг болон бас Есүсийн эрин үе ба түүнээс өмнөх бүх хэрэгжүүлэлтийг төгсгөдөг. Тэдгээр нь хүнийг илүү бодитой Бурханы өмнө аваачиж, Түүгээр биечлэн төгс болгуулж эхлэх боломж олгодог; энэ нь төгс болох замын эхлэл. Тиймээс та нар шинэ эрин үеийн тушаалуудад зөв хандлага баримтлах хэрэгтэй, тэдгээрийг хааш яаш дагах юм уу, басамжилж болохгүй. Шинэ эрин үеийн тушаалууд нь нэгэн зүйлийг маш их онцолдог: Хүн өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөх ба үүнд Сүнсний мөн чанарт илүү бодитоор захирагдах явдал багтана. Эл тушаалууд нь бас, зөвт байдлын Нар болон илэрснийхээ дараа Бурхан хүнийг гэм буруутай, эсвэл зөв шударга хэмээн шүүх зарчмуудыг онцолдог. Уг тушаалуудыг ойлгох нь хэрэгжүүлэхээс амархан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгохыг хүсвэл Өөрийн үг, удирдамжаар дамжуулан хийх ёстой ба хүн ганцхан төрөлх оюун ухаанаараа төгс байдалд хүрч чадахгүй гэдгийг үүнээс харж болно. Хүн шинэ эрин үеийн тушаалуудыг мөрдөж чадах уу, үгүй юу гэдэг нь бодитой Бурханы талаарх хүний мэдлэгтэй хамаатай. Ийм учраас чи тушаалуудыг мөрдөж чадах эсэх нь хэдхэн хоногийн дотор шийдвэрлэх асуудал биш. Энэ бол сурч мэдэх тун гүнзгий хичээл юм.
Үнэнийг хэрэгжүүлэх нь хүний амь өсөж болох зам юм. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол та нарт онолоос өөр юу ч үгүй үлдэх бөгөөд бодит амьгүй байх болно. Үнэн нь хүний биеийн хэмжээний бэлгэ тэмдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэг үү, үгүй юу гэдэг чинь чамд бодит биеийн хэмжээ бий эсэхтэй холбоотой. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, зөвт байдлаар үйлддэггүй, эсвэл сэтгэл хөдлөлд автаж, махан биеэ анхаардаг бол тушаалыг мөрдөхөөс хамаагүй хол байна. Энэ нь хамгийн гүн гүнзгий хичээл юм. Эрин үе тутамд хүний орж, ойлгох хэрэгтэй олон үнэн байдаг боловч эрин үе тутамд тэдгээр үнэнийг дагалддаг өөр өөр тушаал бий. Хүний хэрэгжүүлдэг үнэн нь мөн тухайн эрин үетэй холбоотой бөгөөд мөрддөг тушаалууд нь ч бас эрин үетэй холбоотой. Эрин үе тутамд өөрийн гэсэн хэрэгжүүлэх үнэн болон мөрдөх тушаалууд байдаг. Гэвч Бурханы тунхагласан янз бүрийн тушаалаас хамааран—өөрөөр хэлбэл, өөр өөр эрин үеэс хамааран— үнэнийг хэрэгжүүлэх зорилго болон үр нөлөө нь харьцангуй ялгаатай байдаг. Тушаалууд нь үнэнд үйлчилж, үнэн нь тушаалыг хадгалж хамгаалахын төлөө оршдог гэж хэлж болно. Хэрвээ зөвхөн үнэн байдаг бол Бурханы ажилд яриад байх өөрчлөлт гэж үгүй байх болно. Гэсэн хэдий ч, тушаалуудад хандсанаар хүн Ариун Сүнсний ажлын хандлагын цар хэмжээг таньж, Бурханы ажилладаг эрин үеийг мэдэж чадна. Шашинд, Хуулийн эрин үеийн хүний хэрэгжүүлж байсан үнэнийг хэрэгжүүлж чаддаг олон хүн бий. Гэвч тэдэнд шинэ эрин үеийн тушаалууд байдаггүй бөгөөд шинэ эрин үеийн тушаалуудыг мөрдөж чаддаггүй. Тэд мөн л хуучин арга барилыг баримталж, балар эртний хүмүүс хэвээр үлддэг. Тэднийг ажлын шинэ арга барил дагалддаггүй бөгөөд тэд шинэ эрин үеийн тушаалуудыг харж чаддаггүй. Иймээс тэдэнд Бурханы ажил байдаггүй. Тэд өндөгний хоосон хальс барьсан хүнтэй адилхан; дотор нь ангаахай байхгүй бол сүнс гэж байхгүй. Тодруулбал, амь байхгүй гэсэн үг. Ийм хүмүүс шинэ эрин үед ороогүй, олон алхмын цаана хоцорчихсон. Тиймээс, хэрвээ хүмүүст хуучин эрин үеийн үнэн байдаг ч шинэ эрин үеийн тушаалууд байхгүй бол нэмэргүй. Та нарын олонх нь энэ цаг үеийн үнэнийг хэрэгжүүлдэг ч тушаалуудыг нь сахидаггүй. Та нар юу ч олж авахгүй, хэрэгжүүлдэг үнэн чинь үнэ цэнэгүй, утга учиргүй бөгөөд Бурхан та нарыг магтахгүй. Ариун Сүнсний өнөөгийн ажлын арга барил дотор үнэнийг хэрэгжүүлэх ёстой; өнөөдрийн бодитой Бурханы дуу хоолойг дагаж, үүнийг хийх ёстой. Ингэхгүйгээр бүх зүйл шүүрэн шанагаар ус утгахтай адил үр дүнгүй. Энэ бол шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглахын бодит утга учир юм. Хүмүүс уг тушаалуудыг сахих гэж байгаа бол хамгийн наад зах нь л махбодод бий болсон бодитой Бурханыг будилж мунгиналгүй мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тушаалуудыг сахих зарчмыг хүмүүс мэдэх хэрэгтэй. Уг тушаалуудыг сахих гэдэг нь тэдгээрийг мухар сохроор юм уу, эсвэл дур зоргоороо дагана гэсэн үг биш, харин үндэс суурьтай, зорилготой, зарчимтай сахина гэсэн үг билээ. Эхлээд биелүүлэх зүйл бол үзэгдлийг чинь тод болгох явдал юм. Хэрвээ чи одоо үеийн Ариун Сүнсний ажлын талаар нэвтэрхий ойлголттой ба өнөөдрийн ажлын арга барилд орвол тушаалуудыг мөрдөх талаар аяндаа тодорхой ойлголт олж авна. Хэрвээ шинэ эрин үеийн тушаалуудын мөн чанарыг нэвт шувт харж, уг тушаалуудыг мөрдөж чадах өдөр ирвэл тэр үед чи төгс болгуулсан байх болно. Энэ нь үнэнийг хэрэгжүүлж, тушаалуудыг мөрдөхийн бодит учир холбогдол юм. Үнэнийг хэрэгжүүлж чадах эсэх чинь шинэ эрин үеийн тушаалуудын мөн чанарыг хэрхэн ойлгохоос хамаардаг. Ариун Сүнсний ажил хүнд тасралтгүй харагдаж, Бурхан хүнээс улам, улам ихийг шаардана. Тиймээс хүний үнэхээр хэрэгжүүлдэг үнэн улам олширч, илүү агуу болж, тушаалуудыг мөрдсөний үр нөлөө илүү гүн гүнзгий болно. Тиймээс та нар үнэнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тушаалуудыг мөрдөх ёстой. Хэн ч энэ хэрэг явдлыг огоорох ёсгүй; энэхүү шинэ эрин үед шинэ үнэн болон шинэ тушаалууд зэрэг эхлэг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?