Цор ганц Бурхан Өөрөө II

Бурханы зөвт зан чанар (IV хэсэг)

Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшил нь тэдэнд Бурханы өршөөлийг хүртээж, төгсгөлийг нь өөрчилсөн

Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн зөрчилдөөн байсан уу? Мэдээж үгүй! Учир нь тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдалд өөрийн гэсэн шалтгаан байсан. Энэ нь ямар шалтгаан байсан бэ? Энэ бол Библид бичигдсэн “Хүн бүр ёрын муу замаасаа эргэж”, “өөрсдийн гар дахь хүчирхийллээ хаях” хэмээх шалтгаан юм.

Энэхүү “ёрын муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн ааш авирын ар дахь ёрын муу эх сурвалжийг хэлдэг. “Ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь хүмүүс дахин хэзээ ч тэгж үйлдэхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч муу арга замаар үйлдэхгүй; тэдний үйлдлийн арга барил, эх сурвалж, зорилго, санаархал болон зарчим бүгд өөрчлөгдсөн; зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд тэд дахин хэзээ ч тэдгээр арга барил, зарчмыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих, орхих, өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс өөрсдийн гар дахь хүчирхийллийг хаях үед энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталж, бас төлөөлсөн. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг харж, мөн тэдний зүрх сэтгэлийг ажигладаг. Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшлийг үнэхээр ажиглах үедээ, мөн өөрсдийн муу замыг орхиж, гар дахь хүчирхийллээ хаясныг нь харах үедээ Өөрийн зүрх сэтгэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн биеэ авч явах байдал болон ааш авир, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн зүрх сэтгэлдээ нүглээ үнэхээр улайж, гэмших хандлага нь Бурханыг зүрх сэтгэлээ өөрчилж, санаагаа өөрчилж, шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэх юм уу сүйрүүлэхгүй байхад хүргэсэн юм. Тиймээс Ниневегийн хүмүүсийн төгсгөл өөрчлөгдсөн. Тэд амиа аврахын зэрэгцээ Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртсэн, энэ мөчид Бурхан бас уур хилэнгээ буцаан татсан билээ.

Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор юм

Бурхан Ниневе хотынхонд хэчнээн ч их уурласан бай, тэднийг мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч, өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэхүү үйл явдал дээр Бурханы зан чанарын энэ хоёр тал давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмшихийн өмнө болон дараа нь Бурхан, энэ хоёр эрс эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, харуулсан ба Бурханы мөн чанарын үнэн бодитой байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүст хүлээцтэй ханддаггүй юм биш, эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй юм биш; харин хүмүүс Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу үйл хэрэг Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, мөн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах явдал дээр Бурханы хандлага маш тодорхой илэрч гарсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэрээр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях л юм бол Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бурхан Ниневегийн хүмүүсийн төлөө зүрх сэтгэлээ өөрчлөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэ хэрэг явдал дээр Бурханы зан чанарын хоёр талын өөрчлөлт нь чамд юуг харах боломжийг олгодог вэ? Бурханы зан чанар бол тэр чигээрээ бүхэл; энэ нь огтхон ч хуваагдмал биш. Тэр хүмүүст хандан Өөрийн уур хилэнг, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлж байгаа нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар бодитой агаад тод томруун. Тэрээр аливаа зүйлсийн өрнөл хөгжлийн дагуу Өөрийн бодол болон хандлагыг өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүнд хэлдэг; Тэрээр робот юм уу шавар хүн биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч тэдний хандлагаас хамаарч өнгөрсөн үеийг нь уучилж чадна; Тэр Ниневе хотынхонд гай гамшиг буулгахаар шийдэж чадах бөгөөд тэдний гэмшлээс болж Өөрийн шийдвэрийг өөрчилж чадна. Хүмүүс дүрэм журмыг шууд мөрдөж, тийм дүрэм журам ашиглан Бурханыг тогтоож, тодорхойлох дуртай байдаг, түүнчлэн томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлын цар хүрээний дагуу бол Бурхан боддоггүй, мөн Түүнд ямар ч бодит санаа байдаггүй. Бодит байдал дээр, Бурханы бодол нь аливаа зүйлс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг; эдгээр бодол өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр талууд илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, зүрх сэтгэлээ өөрчлөх агшиндаа Бурхан Өөрийн амийн оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд харуулдаг бөгөөд Түүний зөвт зан чанар бол бодитой агаад тод томруун гэдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл болон хүлээцтэй байдал үнэхээр оршин байгааг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илрэлийг ашигладаг. Аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Тэрээр арслангийн уур хилэн ба эхийн өршөөл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг. Түүний зөвт зан чанарыг сэжиглэж, үүнд халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрдөггүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх зүйлийн өнцөг булан бүрд тод томруунаар илэрхийлдэг бөгөөд агшин бүрд тод томруунаар хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй, өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, уур хилэнгээ илэрхийлэхээ зогсоож, Ниневе хотыг устгахаа больсныг харах үедээ чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж хэлж чадах уу? Бурхан догшин ширүүн уур хилэнг илэрхийлж, Өөрийн өршөөлийг буцаан авах үедээ хүний төлөө ямар ч жинхэнэ хайрыг мэдэрдэггүй гэж хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд догшин ширүүн уур хилэнг илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлээс болж Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний зүрх сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлийн өөрчлөлт, мөн хүнд хандах Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй бөгөөд хольцгүй байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь цэвэр хүлээцтэй байдал; Түүний өршөөл нь цэвэр өршөөл билээ. Хүний гэмшил болоод өөр өөр хандлагаас хамаарч Түүний зан чанар нь уур хилэнг харуулж, мөн өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлдэг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, энэ нь бүгд ариун; энэ нь бүгд шууд; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлүүдийн зарчим, Түүний бодол, санаа, ямар нэг тодорхой шийдвэр, түүнчлэн аливаа үйлдлээс нь ямар ч өө сэв, гэм буруу харагдахгүй байдаг. Бурханы шийдэж, үйлдсэний дагуу ажил нь гүйцэлддэг. Ийм төрлийн үр дүн нь оновчтой зөв, алдаа мадаггүй байдаг, учир нь үүний эх сурвалж нь өө сэвгүй, гэм буруугүй билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг өөр ямар ч бүтээл эзэмшдэггүй бөгөөд энэ нь ариун, өө сэвгүй агаад нягт шинжилт, туршлагыг тэсвэрлэж чадна.

Ниневегийн түүхийг ойлгосны дараа та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг харж байна уу? Та нар Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд ийм төрлийн зан чанар байдаг уу? Хэн нэгэн хүнд Бурханых шиг ийм уур хилэн байдаг уу? Бурханых шиг өршөөл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг хэн нэгэн байна уу? Бүтээлийн дундаас хэн асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн өршөөл хайрлаж, хүн төрөлхтөнд хүлээцтэй хандаж, хүнийг уучилж, улмаар хүнийг устгах шийдвэрээ өөрчлөх эрхтэй вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг; Тэр ямар ч хүн, үйл явдал, зүйлсийн хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Түүний цор ганц зан чанарын хувьд хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлт дор оршдог. Тэр уурлан хилэгнэх юм уу өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар буюу өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын цор ганц чанар юм!

Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгомогц та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарын дотор байдаг өршөөлийг дүрсэлж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар гэж тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; энэ нь хүний халдах, сэжиглэхийг тэвчдэггүй; энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй зүйлсийн алинд ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц бөгөөд ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд хүний халдахыг тэвчдэггүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл бас ариун агаад хүний халдахыг тэвчдэггүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл Бурханыг орлож, эсвэл төлөөлөн, хийхээр зорьсон зүйлийг нь хийж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр ч Түүнийг орлох юм уу төлөөлж чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн чин сэтгэл

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэдэг, учир нь Бурхан үйл хэргээ хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүн төрөлхтнөөс нууцлаагүй, мөн Өөрийгөө ч нуугаагүй. Түүний бодол, санаа, үг болон үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд нээлттэй байдаг. Тиймээс хүн төрөлхтөн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан зориуд өөрөөс нь зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө хүнээс зориуд нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох санаа зорилго Бурханд байдаггүй хэмээн хүн бодсоор байгаагийн учир шалтгаан гэвэл тэрээр Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүтэйгээр тэрээр Бүтээгчийн бодол, үг, үйл хэргийг анхаардаггүй… Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг, үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, ойлгохын тулд өөрийн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон сэтгэлийн үгэнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг бүхэн нээлттэй, тод томруун гэдгийг ухаарахад хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч цаг үргэлж хүмүүсийн дунд байдаг, Тэрээр хүнтэй болон бүх зүйлтэй үргэлж ярилцаж байдаг, мөн өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад хэцүү биш. Түүний мөн чанар болон зан чанар хүнтэй ярих ярианд нь илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн илэрдэг; Тэрээр цаг үргэлж хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээр аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба бүх зүйлийн дунд байдаг. Би харж хандаж байгаа; Би хүлээж байгаа; Би дэргэд чинь байна… Түүний гар дулаахан агаад хүчтэй; Түүний алхаа хөнгөн; дуу хоолой нь намуухан агаад уянгалаг; Түүний бие хаа шилжин өөрчлөгдөж, хүн төрөлхтний эргэн тойронд байдаг; Түүний төрх байдал үзэсгэлэнтэй сайхан агаад эелдэг. Тэр хэзээ ч яваагүй, мөн алга болоогүй. Өдөр шөнөгүй хүн төрөлхтөнтэй хамт байж, хажуугаас нь хэзээ ч холддоггүй. Хүний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, мөн хүнийг гэх Түүний жинхэнэ санаа зовнил болон хайр Ниневе хотыг аврах үед нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг харуулсан. Үүнээс чи хүнийг гэх Бурханы чин сэтгэлийг гүн гүнзгий ойлгож чадна…

Иона Номын 4:10–11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы анхны үг, мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм. Энэхүү яриа товчхон байсан ч гэсэн, Бүтээгчийн хүнийг хаях хүсэлгүй байдал, хүн төрөлхтнийг гэх анхаарал халамжаар бялхаж байсан. Эдгээр үг нь бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгээр Бурхан, хүн төрөлхтнийг гэх Өөрийн жинхэнэ санаа зорилгыг өгүүлсэн байдаг. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг—энэ нь ямар хандлага вэ? Энэ бол гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Бурхан хүн төрөлхтөнд ийм байдлаар ханддаг. Эдгээр үгэн дотроос хүн Бурханы бодол, санаа, мөн Түүний зан чанарыг олж болно.

Эдгээр үгэнд Бурханы харуулсан бодлууд нь юу вэ? Анхааралтай уншвал Тэр “өрөвдөх” гэсэн үгийг ашигласан гэдгийг олж мэдэхэд хэцүү биш; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.

Үгчилсэн утгын түвшинд, хүмүүс “өрөвдөх” гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарладаг: нэгдүгээрт, хайрлах, хамгаалах, энэрэх; хоёрдугаарт, халуун дотноор хайрлах; эцэст нь шархлуулахыг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо, энэ нь энхрийлэл, хайр болон хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үг ашигласан боловч Бурханы сэтгэлийн үг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага нь энэ үгийг хэлэх үед аль хэдийн бүрэн ил болсон байв.

Ниневе хотын бүх хүн Содомынхтой адил завхарсан, ёрын муу, хүчирхийллээр дүүрсэн байсан ч тэдний гэмшлийн улмаас Бурхан зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдсэн юм. Бурханы үг болон зааварт хандах тэдний хандлага Содомын иргэдийнхээс шал өөр учраас, мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийнхөө нүгэлд үнэнчээр гэмшсэн учраас, түүнчлэн бүх зүйлд хандах тэдний жинхэнэ, чин сэтгэлийн улмаас Бурхан Өөрийн чин зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтнийг гэх Бурханы шагнал болон өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл болон хүлээцтэй байдлыг эзэмшиж чадахгүй, мөн хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийг нь ч эзэмшиж чадахгүй. Чиний агуу, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн өндөрт зогсоод агуу хүний хувиар ярьж, хамгийн өндөр дээд цэгээс хүн төрөлхтөнд буюу бүтээлд ингэж илтгэж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний оршин тогтнолын нөхцөл байдлыг гарын алга шигээ мэдэж чадах вэ? Хүн төрөлхтний оршин тогтнолын төлөөх ачаа болон хариуцлагыг хэн үүрч чадах вэ? Хэн хотын сүйрлийг тунхаглах эрхтэй вэ? Мөн хэн хотыг өршөөх эрхтэй вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвддөг, Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг хайрлаж энхрийлдэг, Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө хаяхыг хүсэхгүй байх чин сэтгэлтэй байдаг. Мөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл хайрлаж, Өөрийн бүх бүтээлийг хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүн төрөлхтний үйлдэл бүрд татагдаж байдаг: Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, завхралд уурлаж, зовж, шаналж байдаг; хүн төрөлхтний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, өөрчлөгдөж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох, Түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл хүн төрөлхтний оршин тогтнолтой нягт холбоотой байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; мөн хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг… Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй атлаа Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж ирсэн… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгсөн… Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Хүн төрөлхтнийг Өөрийн нүдний өмнө болон амийн хангалт дор үргэлжлүүлэн амьдруулах гэсэндээ л Тэр үүнийг хийдэг; хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг, бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөг гэсэндээ л Тэр үүнийг хийдэг.

Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл

Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар энэ нь, Өөрийнх нь дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлсэнчлэн “Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь тойм биш байсан. Тэрээр хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй, мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг—өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуус байгааг мэдэж байв. Энэ нь хүн төрөлхтнийг Бурхан тун сайн ойлгодгийн бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ нь, хүмүүст хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зүрх сэтгэлд хүний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би … их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Эдгээр нь Ионаг буруутгасан Ехова Бурханы үг боловч бүгд үнэн юм.

Ниневегийн хүмүүст Ехова Бурханы үгийг тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болон хүлээлтийг ч ойлгоогүй. Энэ зэмлэлээр дамжуулан, хүн төрөлхтөн бол Түүний гараар бүтээгдсэн бөгөөд Бурхан хүн нэг бүрийн төлөө хичээл чармайлт гаргасан; хүн бүр Бурханы итгэл найдварыг тээдэг; хүн бүхэн Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн бүрийн төлөө Бурхан уйгагүй төлөөс төлсөн гэдгийг Бурхан түүнд хэлэхийг хүссэн юм. Энэ зэмлэл нь, Иона эрэндийн бутыг хайрлан энхрийлж байсантай адилаар Бурхан Өөрийн гараар бүтээгдсэн хүнийг хайрлан энхрийлсэн гэдгийг ч бас Ионад хэлсэн. Бурхан эцсийн боломжит мөчийг хүртэл тэднийг яасан ч амархан орхихгүй; түүнчлэн хотын дотор маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан. Баруун, зүүн гараа ялгаж ч чадахгүй, эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдсэн зүйлтэй харьцахдаа Бурхан тэдний амийг тасалж, тэдний төгсгөлийг тийм амархнаар тодорхойлж бүр ч чадахгүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд өвөг дээдэс шигээ замаар алхахгүй, Ехова Бурхан тэдэнд дахин хэзээ ч анхааруулж сануулах хэрэггүй болж, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор дахин нэгэнтээ амьдрах Ниневег харахыг бүр ч их хүссэн. Тиймээс Бурханы нүдээр бол, өөрсдийн баруун, зүүн гарыг ялгаж мэдэхгүй тэр бүтээгдсэн хүмүүс нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсан төдийгүй Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв. Ехова Бурханы энэхүү чин сэтгэлийн илэрхийлэл нь хүнийг гэх Бүтээгчийн өршөөлийг бүхэлд нь харуулсан. Энэ нь, “Бүтээгчийн өршөөл” бол хоосон үг биш, хуурамч амлалт ч биш гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Тэр бол жинхэнэ, бодит агаад ямар ч худал хуурмаг, хуурамч төрх ашигладаггүй, мөн ийм маягаар Түүний өршөөл нь бүх цаг хугацаа, эрин үед хүнд эцэс төгсгөлгүйгээр хайрлагддаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярьсан яриа нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэрхэн өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг болон хүн төрөлхтнийг гэх Түүний чин сэтгэлийн талаарх цорын ганц, онцгойлон хэлсэн зүйл юм. Ехова Бурханы товч яриа нь, хүн төрөлхтнийг гэх Түүний бодлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг; энэ нь хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл бөгөөд мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний элбэг дэлбэг өршөөлийн бодит нотолгоо юм. Түүний өршөөл нь зөвхөн хүн төрөлхтний ахмад үеийнхэнд хайрлагдаагүй; энэ нь үеэс үед үргэлж ийм байсан шигээ, залуу үеийнхэнд ч бас өгөгдсөн юм. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой өнцөг буланд, тодорхой эрин үед үргэлж бууж ирдэг боловч Бурханы өршөөл хэзээ ч зогсоогүй. Тэрээр Өөрийн өршөөлөөр бүтээсэн хүн төрөлхтнийг үеийн үед удирдан, хөтөлж, хангаж, тэжээн тэтгэдэг, учир нь хүнд хандах Түүний чин сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгэхэд Би … Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Тэр Өөрийн бүтээсэн бүх зүйлийг үргэлж энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл бөгөөд мөн Бүтээгчийн цэвэр ариун цор ганц чанар юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих