Биеэ авч явахад нь хүнд байх ёстой зарчмууд (II хэсэг)
Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр байдлынхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох зөв газрыг олж, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэх ёстой; зөвхөн энэ л эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал, тодорхой мэргэжлийн ур чадварт дадамгай, зарчмыг ойлгодог хүмүүс байдаг бөгөөд тэд тухайн талбарт тэр хариуцлагыг үүрч, эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, гүн ойлголтоор ханган, бусдад урам зориг оруулж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалдаг хүмүүс байдаг—тэгвэл тэд санаа бодлоо хэлэх ёстой. Хэрвээ чи өөрт тохирох зөв газрыг олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр байдлынхаа дагуу биеэ авч явж байх болно. Эхэндээ чи зарим нэг санаа бодлоо л хэлж чаддаг байсан ч өөр зүйл санал болгохоор оролдож, үүнийхээ төлөө маш их хичээж зүтгэсэн ч эцэст нь чадахгүй хэвээр байвал; мөн бусад хүмүүс тэр зүйлийг санал болгох үед чамд таагүй санагдаж, сонсохыг хүсдэггүй бөгөөд зүрх сэтгэл чинь хөндүүрлэж, хязгаарлагдаж, Бурханыг буруутгаж, Бурхан бол зөвт бус гэж хэлдэг бол—энэ нь амбиц юм. Ямар зан чанар хүнийг амбицтай болгодог вэ? Биеэ тоосон зан чанар амбицтай болгодог. Эдгээр байр байдал та нарт мэдээж хэдийд ч гарч ирж болох бөгөөд хэрэв та нар тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, амийн оролтгүй, тэр талаар өөрчлөгдөж чадахгүй байвал үүргээ гүйцэтгэж буй мэргэшил, цэвэр байдлын чинь түвшин доогуур байх болно, бас үр дүн нь тийм ч сайн байхгүй. Энэ нь үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг биш бөгөөд Бурхан та нараас алдрыг олж аваагүй гэсэн үг юм. Бурхан хүн бүрд өөр өөр чадвар, билиг авьяас өгсөн. Зарим хүн хоёр юм уу гурван салбарт авьяастай байдаг, зарим нь нэг салбарт авьяастай байдаг байхад зарим нь ямар ч авьяасгүй байдаг. Хэрэв та нар эдгээр асуудалд зөв зүйтэй хандаж чаддаг бол эрүүл ухаантай юм. Эрүүл ухаантай хүн байраа олж, тэр байрынхаа дагуу биеэ авч явж, үүргээ сайн гүйцэтгэж чаддаг. Байраа хэзээ ч олж чадахгүй хүн бол үргэлж амбицтай байдаг хүн юм. Тэд үргэлж байр суурь, ашиг хонжоо эрэлхийлдэг. Тэд байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Илүү их ашиг хонжоо олохын тулд чадах чинээгээрээ ихийг авахыг хичээдэг; тэд үргэлж хэрээс хэтэрсэн хүслээ хангана гэж найддаг. Өөрсдөө билиг авьяастай, хэв чанар сайтай бол Бурханы нигүүлслийг илүү их эдлэх ёстой, хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь алдаа биш гэж тэд боддог. Ийм хүн эрүүл ухаантай юу? Үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс энэ нь ичгүүргүй хэрэг гэдгийг мэдэрч чадна. Үнэнийг ойлгодог хүмүүс ийм тэнэг зүйл хийдэггүй. Хэрэв чи Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ үнэнчээр биелүүлнэ гэж найддаг бол энэ нь хэрээс хэтэрсэн хүсэл биш юм. Энэ нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцэж, Бурханыг баярлуулдаг. Хэрэв чи үүргээ сайн биелүүлэхийг үнэхээр хүсвэл эхлээд зөв байраа олоод, дараа нь бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа чадах зүйлээ хийж, хамаг чадлаараа хичээх ёстой. Ингэх нь хангалттай бөгөөд үүргээ ингэж гүйцэтгэх нь тодорхой хэмжээнд цэвэр байдаг. Жинхэнэ бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл бол энэ. Юун түрүүнд чи жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болохыг ойлгох ёстой: Жинхэнэ бүтээгдсэн зүйл бол супер хүн биш, харин газар дэлхий дээр шулуун шударгаар, бодитой байдлаар амьдардаг хүн юм; тэрээр огтхон ч гоц гойд биш, өчүүхэн төдий ч ер бусын биш, харин эгэл жирийн хүнтэй адилхан. Хэрэв чи үргэлж бусдын дээр гарч, бусдаас дээгүүр эрэмбэлэгдэхийг хүсдэг бол энэ нь биеэ тоосон, сатанлаг зан чанараас чинь үүдэн гардаг бөгөөд чиний амбицаас бий болсон төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ чи үүнд хүрч чадахгүй, чамд үүнийг хийх боломж байхгүй. Бурхан чамд тийм авьяас юм уу ур чадвар өгөөгүй, тийм мөн чанар ч өгөөгүй. Чи бол хүн төрөлхтний эгэл жирийн гишүүн бөгөөд хэдий гадаад төрх, гэр бүл, нийгмийн гарал чинь өөр, ур чадвар, билиг авьяас чинь жаахан ялгаатай байж болох ч бусдаас ерөөсөө өөр биш гэдгээ битгий март. Гэхдээ үүнийг бүү март: Чи хэчнээн онцгой байлаа ч зөвхөн эдгээр өчүүхэн байдлаар л өөр бөгөөд завхарсан зан чанар чинь бусдынхтай адилхан. Чамд байх ёстой хандлага, үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчим чинь бусдынхтай адилхан. Ердөө давуу тал, билиг авьяасаараа л хүмүүс ялгардаг. Чуулганд зарим хүн гитар тоглож чаддаг, зарим нь хуучир тоглож чаддаг, зарим нь бөмбөр тоглож чаддаг. Хэрвээ чи эдгээр талбарын аль нэгийг сонирхвол сурч болно. Ямар тодорхой ур чадвар, технологи байхаас үл хамааран, чи сурах дуртай, сурамгай байх л юм бол үүнийг сурч чадна. Чи шинэ ур чадвар сурмагцаа хүмүүст төдийгүй бас Бурханд таалагдах нэмэлт үүрэг гүйцэтгэхэд үүнийгээ ашиглах боломжтой. Илүү их ур чадвар эзэмшиж, Бурханы гэрийн ажилд илүү их хувь нэмэр оруулах нь хамгийн ерөөлтэй зүйл юм. Нас залуу, ой тогтоолт сайтай байхдаа шинэ зүйл сурахад буруу юм байхгүй. Энэ нь зөвхөн ашиг тустай, харин хор хохиролгүй. Энэ нь үүргийн гүйцэтгэл болон Бурханы гэрийн ажилд ашиг тустай. Үүргээ гүйцэтгэх явцдаа янз бүрийн шинэ зүйл сурахад анхаарах нь хичээнгүй, хариуцлагатай гэсэн үг юм; тэд ямар ажил хийхээ мэдэхгүй хүмүүсээс хавьгүй дээр. Харин чи хэсэг хугацаанд ямар нэг зүйл сураад юу ч ойлгохгүй хэвээр байвал тухайн тал дээр ямар ч авьяасгүй гэдгийг чинь энэ нь илтгэдэг. Зарим хүн сайн бүжиглэж чаддаг ч солгой хоолойгоор дуулдаг, эсвэл аягүй байдгийн адилаар энэ нь төрөлхийн зүйл бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Тийм нөхцөл байдалд зөв хандлагаар хандах учиртай. Хэрвээ чи бүжиглэж чаддаг бол сайн бүжиглэ. Бурханыг магтах зүрх сэтгэлтэй бол солгой хоолойгоор дуулсан ч Бурхан дургүйцэхгүй. Чи зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байгаа л бол тэр нь хангалттай. Хувийн чадвар чинь юу болохоос үл хамааран тэрийгээ ашиглаж л байгаа бол сайн хэрэг. Үүргээ нухацтай гүйцэтгэ, байр байдлынхаа дагуу биеэ авч явах гэдэг нь энэ юм.
Хэн ч өөрийгөө төгс, алдартай, эрхэмсэг, бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж онцгойлон авч үзэх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөс нь дээгүүр юм уу өөрөөс нь илүү байхыг зөвшөөрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын давуу тал өөрийнхөөс нь илүү гарахыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс нь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, бусад хүн өөрөөс нь дээр гэдгийг олж мэдэх үедээ сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын сануулгыг хүлээн авч чадахгүй, дутагдалтайгаа нүүр тулж чадахгүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чи хязгаарлагддаг болохоор үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан авир, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв та нар энэ бүх нарийн ширийнийг бага багаар илүү гүнзгий ухаж ойлгож, ололт гаргаж, тэдгээрийг ойлгож чаддаг бол; бас эдгээр бодол, эндүү ташаа үзэл, үзэл бодол, бүр зан авирыг ч аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байраа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ нь үнэн-бодит байдал руу орох оролтыг бүрдүүлдэг. Хэрэв чи үнэн-бодит байдал руу орж чадвал хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс “Энэ хүн байр байдлынхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэж байна. Тэрээр төрөлх байдал, адгуу зан юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Тэд биеэ барьдаг, Бурханаас эмээдэг сэтгэлтэй, үнэнийг хайрладаг, зан авир, илэрхийлэл нь өөрийн махан бие, дур сонирхлыг орхисон гэдгийг нь илчилдэг” гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар сайхан гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж ирэхэд чи хүлээн авч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, адгуу зангаас ангид байдаг. Хүний төрхтэй байх гэдэг нь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаантай байдаг.
Хүмүүс үргэлж дүр эсгэж, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд үргэлж өөрсдийгөө аятайхан харагдуулж, байнга өөрийгөө дөвийлгөж, алдаа, дутагдлаа олж харж чадалгүй, хүмүүст хамгийн сайн талаа харуулах гэж үргэлж хичээх нь ямар зан чанар вэ? Энэ нь биеэ тоосон, хуурмаг, хоёр нүүртэй байдал, Сатаны зан чанар, ёрын муу зүйл юм. Сатанлаг дэглэмийн гишүүдийг аваад үз: Тэд харанхуйд хэчнээн их тэмцэлдэж, дайсагнаж, алж хядлаа ч тэднийг мэдээлж, илчлэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Хүмүүс чөтгөрлөг царайг нь харна гэхээс айгаад тэд үүнийг нуун дарагдуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Олны нүдэн дээр тэд аятайхан харагдахын тулд чадах бүхнээ хийн, ард түмэнд хэчнээн хайртайгаа хэлж, хэчнээн агуу, алдар суутай, алдаа мадаггүй болохоо ярьдаг. Энэ бол Сатаны уг чанар. Сатаны уг чанарын хамгийн алдартай онцлог шинж нь заль, ов мэх юм. Тэгвэл энэхүү заль, ов мэхийн зорилго юу вэ? Хүмүүсийг хуурч, өөрийнх нь мөн чанар, үнэн төрхийг харахад саад хийж, улмаар өөрийнхөө засаглалыг уртасгах зорилгод хүрэх явдал. Эгэл хүмүүс тийм эрх мэдэл, байр суурьгүй байж болно, гэвч тэд ч бас хүмүүс өөрсдийг нь сайнаар бодож, зүрх сэтгэлдээ өндрөөр үнэлж, өндөр байр сууринд тавиасай гэж хүсдэг. Энэ бол завхарсан зан чанар бөгөөд хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол үүнийг таньж чадахгүй. Завхарсан зан чанарыг танихад хамгийн хэцүү: Өөрийн алдаа, дутагдлыг таньж мэдэх амархан, харин өөрийн завхарсан зан чанарыг таньж мэдэх нь амаргүй. Өөрийгөө мэддэггүй хүмүүс завхарсан байдлынхаа талаар хэзээ ч ярьдаггүй—өөрсдийгөө зүгээр гэж үргэлж боддог. Тэгээд өөрийн мэдэлгүй гайхуулж эхэлдэг: “Итгэлийнхээ энэ олон жилийн хугацаанд би маш их хавчлага, зовлон зүдүүр амссан. Та нар намайг яаж энэ бүхнийг даван туулсныг мэдэх үү?” Энэ биеэ тоосон зан чанар мөн үү? Өөрсдийгөө харуулах гэдгийнх нь цаад сэдэл нь юу вэ? (Хүмүүст өндрөөр үнэлэгдэх.) Хүмүүст өндрөөр үнэлэгдэх зорилго юу вэ? (Хүмүүсийн оюун санаанд байр суурь эзлэх.) Хэн нэгний оюун санаанд байр суурь эзлэх үед тэд хамт байхдаа чамайг хүндэлж, чамтай ярихдаа тун эелдэг байж, үргэлж чамд хүндлэлтэй хандаж, бүх зүйл дээр чамайг үргэлж эхэнд явуулж, чамд найр тавьж, чамд зусардаж, чамайг дуулгавартай дагадаг. Тэд бүх зүйл дээр чамтай хэлэлцэж, чамаар шийдвэр гаргуулдаг. Чи үүнээс таашаал мэдэрнэ—өөрийгөө өрөөл бусдаас илүү хүчтэй, илүү дээр гэж бодно. Ийм мэдрэмжид хүн бүр дуртай. Энэ нь хэн нэгний зүрх сэтгэлд байр суурь эзлэх мэдрэмж юм; хүмүүс үүнд ташуурахыг хүсдэг. Тийм учраас хүмүүс байр суурийн төлөө тэмцдэг бөгөөд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзэлж, бусдад хүндлэгдэж, шүтэгдэхийг бүгд хүсдэг. Хэрвээ тэд ийм таашаал авч чаддаггүй бол байр суурь эрэлхийлэхгүй байх байсан. Жишээлбэл, хэрвээ чи хэн нэгний сэтгэлд байр суурь эзэлдэггүй бол тэд чамтай ижил түвшинд зогсож, чамд эн тэнцүү хандана. Шаардлагатай үед тэд чамтай зөрчилдөнө, чамд сайхан аашилж, хүндэтгэлтэй хандахгүй, тэр ч байтугай ярьж дуусаагүй байхад чинь яваад өгч магадгүй. Үүнд чиний дургүй хүрэх үү? Хүмүүс чамд ингэж хандахад чи дургүй; тэд хором бүрд чамд зусардаж, чамайг хүндэлж, чамайг шүтэхэд чи дуртай. Чи бүх зүйлийн төвд байж, бүх зүйл чамайг тойрон эргэлдэж, хүн бүр чамайг сонсож, чамайг хүндэлж, чиний зааврыг дуулгавартай дагах нь чамд таалагддаг. Энэ нь хаан болон хаанчилж, эрх барих хүсэл биш гэж үү? Байр суурь эрэлхийлж, олж авах нь чиний үг, үйлдлийг захирдаг бөгөөд чи үүний төлөө бусадтай тэмцэлдэж, зууралдаж, өрсөлддөг. Чиний зорилго бол байр суурь олж авч, Бурханы сонгосон хүмүүсийг үгэндээ оруулж, тэднээр дэмжүүлж, шүтүүлэх явдал. Тэр байр сууринд хүрмэгцээ чи эрх мэдэлтэй болж, байр суурийн ашиг тус, бусдын бишрэл болон тэр байр суурьтай хамт ирдэг бусад бүх давуу талыг эдэлж чадна. Хүмүүс үргэлж дүр эсгэж, бусдад өөрсдийгөө төгс гэж бодогдуулахын тулд бусдын өмнө гайхуулж, дүр үзүүлж, өөрсдийгөө гоёж чимэглэдэг. Үүний зорилго нь байр суурь олж авах явдал, ингэснээр тэд байр суурийн эрх ямбыг эдэлж чадна. Хэрвээ чи итгэхгүй байгаа бол сайн бодоод үз: Яагаад чи үргэлж бусдад өндрөөр үнэлэгдэхийг хүсдэг вэ? Бусад хүн чамайг шүтэж, чамайг хүндлээсэй гэж чи хүсдэг, ингэснээр чи эцэст нь эрх мэдэлтэй болж, байр суурийн эрх ямбыг эдэлж чадна. Чиний цөхрөнгөө баран эрж хайдаг байр суурь чамд олон ашиг тусыг авчрах бөгөөд эдгээр ашиг тус нь чухамдаа бусдын атаархаж, хүсдэг зүйл юм. Хүмүүс байр суурийн авчирдаг олон ашиг тусыг амтлах үед энэ нь тэднийг согтоож, тэд тэрхүү тансаг амьдралд ташуурдаг. Зөвхөн энэ л дэмий үрэгдээгүй амьдрал гэж хүмүүс боддог. Завхарсан хүн төрөлхтөн эдгээр зүйлд ташуурах дуртай. Тиймээс хүн тодорхой байр сууринд хүрч, янз бүрийн ашиг тусыг нь эдэлж эхэлмэгцээ эдгээр нүгэлт таашаалд эргэлт буцалтгүй шунаж, тэдгээрийг хэзээ ч орхихгүй байхдаа тулна. Мөн чанартаа алдар нэр, байр суурийн эрэл хайгуул нь тодорхой байр суурийг дагалдан ирдэг давуу талд ташуурах, хаан болон хаанчлах, Бурханы сонгосон хүмүүсийг хянах, бүх зүйлийг ноёрхох, байр суурийнхаа эрх дархад тансаглаж, нүгэлт таашаалд умбаж чадах бие даасан хаант улсыг байгуулах хүсэлдээ хөтлөгддөг. Сатан хүмүүсийг мэхэлж, толгойг нь эргүүлж, тэнэгтүүлж, тэдэнд хуурамч сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв янзын арга барил ашигладаг. Тэр ч бүү хэл, өөрийгөө бишрүүлж, тэднийг айлгахын тулд сүрдүүлэг, заналхийлэл ашигладаг бөгөөд хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгаж, тэдэнд өөрийгөө шүтүүлэх эцсийн зорилготой. Сатан үүнээс таашаал авдаг; бас хүмүүсийг өөртөө татахын тулд Бурхантай тэмцэлддэг Сатаны зорилго энэ юм. Тиймээс та нар бусад хүмүүсийн дунд байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэх үедээ юуны төлөө тэмцэж байгаа юм бэ? Энэ үнэхээр алдар нэрийн төлөө юу? Үгүй. Үнэндээ алдар нэрийн авчирдаг ашиг тусын төлөө тэмцэж байгаа юм. Хэрвээ чи үргэлж тэдгээр ашиг тусыг эдлэхийг хүсдэг бол тэдгээрийн төлөө тэмцэх ёстой. Харин тэдгээр ашиг тусыг үнэлдэггүй, “Хүмүүс надад яаж хандах нь хамаагүй. Би зүгээр л эгэл хүн. Надад тэгж сайхан хандах нь зохисгүй, бас би хүнийг шүтэхийг ч хүсдэггүй. Миний үнэхээр шүтэн мөргөж, эмээх ёстой Нэгэн бол Бурхан. Зөвхөн Тэр л миний Бурхан, миний Эзэн. Хүн хэчнээн сайн байлаа ч, хэчнээн их ур чадвартай, хэчнээн их авьяастай, хэчнээн эрхэмсэг, төгс дүр төрхтэй байлаа ч үнэн биш учраас миний хүндэтгэлийн бай биш. Тэр бол Бүтээгч биш; Аврагч биш, бас хүний хувь заяаг зохион байгуулж, захирч чадахгүй. Тэр бол миний шүтлэг бишрэлийн бай биш. Нэг ч хүнийг би шүтэх ёсгүй” гэдэг бол энэ нь үнэнд нийцэх биш үү? Эсрэгээрээ хэрвээ чи бусдыг шүтдэггүй бол бусад хүн чамайг шүтэж эхлэхэд яаж хандах ёстой вэ? Чи тэднийг болиулах арга зам олж, тийм сэтгэлгээнээс салахад нь тэдэнд туслах ёстой. Чи тэдэнд жинхэнэ төрхөө харуулах арга зам олж, үзэшгүй муухай байдал, жинхэнэ уг чанараа тэдэнд харуулах ёстой. Хамгийн гол нь, чи хэчнээн сайн хэв чанартай, хэчнээн өндөр боловсролтой, хэчнээн мэдлэгтэй, хэчнээн ухаантай байх нь хамаагүй, зүгээр л эгэл жирийн хүн хэвээр гэдгээ хүмүүст ойлгуулах ёстой. Чи хэний ч бишрэл, шүтлэгийн бай биш. Юун түрүүнд чи байр сууриндаа бат зогсож, алдаа гаргасныхаа дараа, эсвэл өөрийгөө эвгүй байдалд оруулсныхаа дараа буцаж няцахгүй байх ёстой. Алдаа гаргах юм уу өөрийгөө эвгүй байдалд оруулсныхаа дараа чи үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй төдийгүй, бас нуун далдалж, халхавчлахын тулд ов мэх ашигладаг бол алдаагаа дордуулж, өөрийгөө бүр ч муухай харагдуулна. Амбиц чинь улам илэрхий болно. Завхарсан хүмүүс дүр эсгэхдээ сайн байдаг. Тэд юу ч хийсэн, ямар ч завхрал харуулсан, үргэлж дүр эсгэх ёстой байдаг. Ямар нэгэн зүйл буруудах юм уу ямар нэг буруу юм хийвэл тэд бурууг бусдад тохохыг хүсдэг. Тэд сайн зүйлийн гавьяаг өөрсдөө хүртэж, муу зүйлийн бурууг бусдад тохохыг хүсдэг. Бодит амьдрал дээр иймэрхүү дүр эсгэлт их байдаг биш гэж үү? Хэтэрхий их байдаг. Алдаа гаргах, эсвэл дүр эсгэх: энэ хоёрын аль нь зан чанартай холбоотой вэ? Дүр эсгэх нь зан чанарын асуудал, үүнд биеэ тоосон зан чанар, ёрын муу, заль мэх багтдаг; Бурхан үүнийг маш их зэвүүцдэг. Үнэн хэрэгтээ чамайг дүр эсгэх үед юу болж байгааг хүн бүр ойлгодог ч чи бусад хүн үүнийг олж харахгүй гэж бодоод, нэр нүүрээ хамгаалж, өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бусдад бодогдуулахын тулд маргаж, өөрийгөө зөвтгөхөөр бүх хүч чадлаа дайчилдаг. Энэ тэнэг хэрэг биш үү? Бусад хүн энэ талаар юу гэж боддог вэ? Тэдэнд ямар санагддаг вэ? Ой нь гутаж, жигшдэг. Хэрэв чи алдаа гаргачхаад алдаандаа зөв хандаж, мөн энэ талаар ярихыг хүн бүрд зөвшөөрч, санал бодлоо илэрхийлж, ялган танихыг нь зөвшөөрч, энэ талаараа нээлттэй байж, үүндээ дүн шинжилгээ хийж чадвал чиний талаарх хүн бүрийн үзэл бодол ямар байх вэ? Тэд чамайг үнэнч шударга хүн гэж хэлнэ, учир нь чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байдаг. Чиний үйлдэл, зан авираас тэд зүрх сэтгэлийг чинь харж чадна. Харин чи дүр эсгэж, хүн бүрийг хуурах гэж оролдвол хүмүүс чамайг дорд үзэж, тэнэг, мунхаг хүн гэж хэлнэ. Хэрвээ чи дүр эсгэж, өөрийгөө зөвтгөхөөр оролддоггүй бол, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг бол хүн болгон чамайг үнэнч шударга, ухаантай гэж хэлнэ. Юу чамайг ухаантай болгодог вэ? Хүн болгон алдаа гаргадаг. Хүн болгон алдаа, дутагдалтай. Үнэндээ, хүн болгон ижилхэн завхарсан зан чанартай. Өөрийгөө бусдаас илүү эрхэмсэг, төгс, сайхан сэтгэлтэй гэж бүү бод; тэгэх нь ямар ч эрүүл ухаангүй байгаа хэрэг. Хүмүүсийн завхарсан зан чанар, завхралын мөн чанар, үнэн төрх чамд тодорхой болмогц чи алдаагаа нуун далдлах гэж оролдохгүй, бусдын алдаан дээр дөрөөлөхгүй—аль алинтай нь зөвөөр нүүр тулж чадна. Тэр үед л чи гярхай болж, тэнэг зүйл хийхгүй бөгөөд энэ нь чамайг ухаалаг болгоно. Ухаалаг биш хүмүүс бол мунхаг хүмүүс бөгөөд багахан алдаагаа үргэлж бодсоор байхын сацуу нүднээс далдуур өөдгүй загнадаг. Үүнийг харахад зэвүүцмээр байдаг. Үнэндээ юу хийж байгаа чинь бусад хүнд даруй илэрхий байдаг боловч чи улайм цайм дүр эсгэсээр байгаа. Бусад хүнд энэ нь алиалагчийн үзүүлбэр шиг харагддаг. Ингэх нь тэнэг хэрэг бус уу? Үнэхээр тэнэг. Тэнэг хүмүүст ямар ч мэргэн ухаан байдаггүй. Тэд хэчнээн олон номлол сонслоо ч үнэнийг ойлгохгүй, аливаа зүйлийн үнэн мөнийг харахгүй л байдаг. Тэд үргэлж хамраа сөхөж, өөрийгөө бусад бүх хүнээс өөр, илүү хүндтэй гэж боддог; энэ бол биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, энэ бол мунхаглал. Мунхаг хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй, тийм биз дээ? Чи тэнэг, ухаангүй байдаг хэрэг явдлууд дээрээ сүнслэг ойлголтгүй байдаг бөгөөд үнэнийг амархан ойлгож чадахгүй. Асуудлын үнэн мөн ийм л байдаг.
Завхарсан зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй. Хүн бүх зүйл дээр байнга өөрийгөө эргэцүүлж, шинжлэх ёстой. Тэд Бурханы үгийн дагуу үйлдэл, зан авираа шинжилж, өөрсдийгөө ойлгохоор оролдож, үнэнийг хэрэгжүүлэх замыг олох ёстой. Энэ бол завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга зам юм. Өдөр тутмын амьдралдаа харуулдаг завхарсан зан чанараа эргэцүүлж, судалж, үнэний талаарх ойлголтдоо тулгуурлан задлан шинжилж, ялган таньж, аажмаар нэвтэрч гарах шаардлагатай, ингэснээр хүн үнэнийг хэрэгжүүлж, бүх үйлдлээ үнэнд нийцүүлж чадна. Тийм эрэл хайгуул, хэрэгжүүлэлт, өөрийнхөө талаарх ойлголтоор дамжуулан эдгээр завхарсан илрэл багасаж эхлэх бөгөөд хүний зан чанар эцэстээ өөрчлөгдөх найдлага бий болдог. Энэ бол зам. Хүний зан чанарын өөрчлөлт нь түүний амийн өсөлтийн асуудал юм. Хүн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Үнэнийг хэрэгжүүлснээр л тэд завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна. Хэрвээ завхарсан зан чанар байнга харагдсаар, үйлдэл, үг болгоноос ч харагдахдаа тулбал хүний зан чанар өөрчлөгдөөгүй гэсэн үг юм. Завхарсан зан чанартай холбоотой аливаа асуудлыг нухацтай задлан шинжилж, судлах ёстой. Хүн завхарсан зан чанарын үндсэн шалтгааныг ухан гаргаж, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Энэ нь завхарсан зан чанарын асуудлыг бүрэн шийдвэрлэх цорын ганц арга зам юм. Чи энэ замыг олсон л бол зан чанар чинь өөрчлөгдөх найдвар бий. Эдгээр нь хий хоосон зүйл биш; энэ нь бодит амьдралтай холбоотой. Гол нь хувь хүмүүс үнэн-бодит байдлыг өөрсдөдөө чин сэтгэлээсээ, махран хэрэглэж чадах эсэх, үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхэд оршдог. Тэд үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа цагт завхарсан зан чанараасаа аажмаар ангижирч эхэлж чадна. Тэгээд тэд Бурханы шаардлагын дагуу, байр байдлынхаа дагуу биеэ авч явж чадна. Өөрсдийнхөө байрыг олж, бүтээгдсэн зүйлийн үүрэг рольдоо бат зогсож, Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг, дуулгавартай дагадаг хүн болсноор тэд Бурханы сайшаалыг хүртэнэ.
2020 оны 2 дугаар сарын 20
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?