Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (2) (III хэсэг)

Үнэнийг эрэлхийлэх нь аврал хүртэхтэй шууд холбоотой тул үнэнийг эрэлхийлэх тухай сэдэв нь жижиг сэдэв биш. Хэдийгээр энэ нь түгээмэл сэдэв байж болох ч маш олон үнэнийг хөнддөг. Үнэндээ энэхүү сэдэв нь хүний хэтийн ирээдүй, хувь заяатай нягт холбогддог, мөн бид энэ талаар байнга нөхөрлөдөг ч хүмүүс үнэнийг эрэлхийлэх талаар өөрсдийн ойлгох шаардлагатай янз бүрийн үнэн болон асуудлыг төдийлөн тодорхой ойлгоогүй хэвээр байна. Харин ч тэд мунгинасан байдлаар хүмүүсийн сайн гэж үздэг янз бүрийн зан авир, арга барил, түүнчлэн хүмүүсийн харьцангуй идэвхтэй, өөдөө чиглэсэн, эерэг гэж үздэг зарим бодол санаа, үзэл бодлыг авч, тэдгээрийг үнэн мэт эрэлхийлдэг. Энэ бол аймшигтай алдаа. Нарийн яривал хүмүүсийн зөв, сайн, зүйтэй гэж үздэг олон зүйл үнэн биш. Зарим нь хамгийн сайндаа л үнэнтэй нийцдэг ч тэдгээрийг үнэн гэж хэлж болохгүй. Ихэнх хүн үнэний эрэл хайгуулын талаар гүн гүнзгий буруу ойлголттой байдаг бөгөөд үнэний талаар нэлээд их эндүү ташаа ойлголт, өрөөсгөл хандлага өвөрлөдөг. Тийм учраас бид үүнийг тодорхой нөхөрлөж, ойлгох учиртай үнэн болон шийдвэрлэх учиртай асуудлуудыг нь хүмүүст ойлгуулах шаардлагатай. Бидний дөнгөж сая нөхөрлөсөн үнэний эрэл хайгуултай холбоотой тодорхой агуулгын талаар ямар нэг бодол та нарт байна уу? Ямар нэг төлөвлөгөө, санаа зорилго байна уу? Бид нөхөрлөлөөрөө дамжуулан, үнэнийг эрэлхийлэх нь юу гэсэн үг болох талаар илүү тодорхой тодорхойлсон болохоор олон хүн өмнө нь хийж, илчилдэг байсан зүйл, түүнчлэн ирээдүйд юу хийхээр зорьж байгаа талаараа бага зэрэг будилж байна. Тэд сэтгэл гонсойж, заримд нь бүр ямар ч найдваргүй болж, таягдан хаягдах аюулд орсон мэт санагддаг. Үнэнийг тодорхой нөхөрлөсөн атал хүмүүс үлбэгэр болбол тэдний байдал зөв үү? Энэ нь хэвийн үү? (Үгүй ээ, хэвийн биш.) Хэрвээ чи урьд нь үнэнийг эрэлхийлсэн, энэ нөхөрлөлийг сонсоод тэрийгээ баталгаажуулсан бол улам эрч хүчтэй болох биш үү? (Тэгнэ.) Тэгвэл хүмүүс яагаад үлбийдэг вэ? Тэр үлбэгэр байдлын уг үндэс юу вэ? Үнэнийг ил тод, тодорхой нөхөрлөх тусам хүмүүс төдий чинээ замтай болох учиртай—тиймээс хэрвээ хүмүүс илүү их замтай болсон бол улам үлбэгэр болох уу? Энд асуудал байгаа биш үү? (Байна.) Ямар асуудал? (Хүн үнэнийг эрэлхийлэх нь сайн гэдгийг мэддэг ч эрэлхийлэхийг хүсэхгүй байгаа бол энэ нь үнэнийг хайрладаггүйгээс болж байгаа юм.) Хүмүүс үнэнийг хайрладаггүй, эсвэл үнэнийг эрэлхийлэхээр зорьдоггүй—тийм учраас тэдэнд үлбэгэр санагддаг. Тэдний урьдын үйлдэл яасан бэ? (Тэд яллагдсан.) “Яллагдсан” гэдэг нь тийм ч зөв үг биш—нарийн яривал тэдний урьдын үйлдэл хүлээн зөвшөөрөгдөөгүй. Үйлдэл нь хүлээн зөвшөөрөгдөөгүйн үр дүн ямархуу байдаг вэ? Хүний үйлдэл хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үед юу болж байдаг вэ? Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр нь энгийн зүйл—хэрвээ хүний үйлдэл хүлээн зөвшөөрөгдөхгүй бол тэрээр үнэнийг эрэлхийлээгүй, харин оронд нь хүний зөв, сайн гэж үздэг зүйлсийг эрэлхийлж байгаа, өөрсдийн үзэл, төсөөллөөр амьдарсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Ийм зүйл тохиолдож байгаа биш үү? (Тийм.) Ийм зүйл тохиолдож байгаа. Хүмүүсийн үйлдлийг Бурхан хүлээн зөвшөөрөхгүй үед тэд гонсойдог. Ийм үед тэдэнд хэрэгжүүлэлтийн эерэг, зөв зам байдаггүй юу? Үйлдэл нь хүлээн зөвшөөрөгдөөгүйгээс болоод хүн сөрөг болж, үүргээ орхиж, найдваргүй гээд өөрсдийгөө хаях нь зөв үү? Энэ нь хэрэгжүүлэлтийн зөв зам мөн үү? (Биш.) Энэ нь хэрэгжүүлэлтийн зөв зам биш. Иймэрхүү зүйл тохиолдоход өөрийнхөө асуудлыг олж мэдсэн бол хүн даруйхан замаа өөрчлөх ёстой. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх гэж юу болох тухай бидний нөхөрлөлөөр дамжуулан урьдын үйлдэл, зан авир чинь үнэний эрэл хайгуултай ямар ч хамаагүй байсныг олж мэдвэл энэ нь чамайг бухимдуулах эсэхээс үл хамааран хамгийн эхлээд хуучин, эндүү ташаа арга зам, хэрэгжүүлэлтийн арга барил, мөн түүнчлэн эрэл хайгуулын буруу замаа өөрчлөх нь чиний эн тэргүүнд хийх ёстой зүйл юм. Чи эдгээр зүйлийг даруйхан эргүүлэх ёстой. Урьдын үйлдлийг нь Бурхан няцааж, үл хүлээн зөвшөөрч, эдгээр үйлдэл бол ердөө л хөдөлмөр бөгөөд үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч хамаагүй гэж хэлэх үед зарим хүн “Өө, хүмүүс бид үнэхээр мунхаг, харалган. Бид үнэнийг ойлгодоггүй, юмыг нэвт харж чаддаггүй—энэ бүх хугацаанд бид үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байна гэж бодсон. ‘Үнэний эрэл хайгуул’ гэгчдээ бидний хийсэн зүйл ердөө л хүний сайн зан авир—зүгээр л махан биеийн янз бүрийн төрөлх чадвар, хэв чанар, авьяас билэгтээ тулгуурлан хүмүүсийн хийдэг зүйл гэдгийг бид одоо л мэдэж авлаа. Тэдгээр нь үнэний эрэл хайгуулын мөн чанар, тодорхойлолт, шаардлагаас хол; үүнтэй ямар ч хамаагүй. Бид энэ талаар юу хийх ёстой вэ?” гэж бодно. Энэ бол томоохон асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэх ёстой. Үүнийг шийдвэрлэх арга зам юу вэ? Нэг асуулт гарч ирлээ: Өмнө нь хүмүүсийн сайн гэж үздэг байсан зан авир, арга барил нэгэн зэрэг няцаагдсан, Бурхан тэдгээрийг санадаггүй, үнэний эрэл хайгуул гэж ч тодорхойлдоггүйг харгалзан үзвэл үнэний эрэл хайгуул гэж юу юм бэ? Үүнд хариулахын тулд хүн үнэний эрэл хайгуулын тодорхойлолтыг анхааралтай залбиран уншиж, тэрхүү тодорхойлолтоос хэрэгжүүлэлтийн замыг олж, үүнийг амьдралынхаа бодит байдал болгон хувиргах ёстой. Хүмүүс урьд нь үнэний эрэл хайгуулыг хэрэгжүүлээгүй тул одоогоос эхлээд үнэний эрэл хайгуулын тодорхойлолтыг биеэ авч явах үндэс, сууриа болгох ёстой. Тэгвэл үнэний эрэл хайгуулын тодорхойлолт юу вэ? Тэр бол: Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Үүнийг илүү тодорхой, ойлгомжтой хэлэх боломжгүй. Хүний урьдын бүх үйлдэл, зан авир юу байсан бэ? Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгосон байсан уу? Бодоод үз—тийм байсан уу? (Үгүй.) Тийм үйлдэл, зан авир маш ховор, байхгүйтэй адил гэж хэлж болно. Тиймээс хүн маш олон жил Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, нөхөрлөөд үнэхээр юунд ч хүрээгүй юу? Хүмүүс Бурханы үгийн дагуу ганц ч зүйл хэрэгжүүлээгүй гэж үү? Бидний энд ярьсан “Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх” гэх тодорхойлолт юунд чиглэсэн бэ? Ямар асуудлыг шийдвэрлэх зорилготой вэ? Хүний ямар асуудал, хүний зан чанарын мөн чанарын аль тал руу энэ нь чиглэдэг вэ? Хүмүүс үнэнийг эрэлхийлэхийн тодорхойлолтыг одоо ойлгож байж болох ч урьдын үйлдлүүд нь яагаад хүлээн зөвшөөрөгдөөгүй, яагаад үнэний эрэл хайгуул биш гэж тодорхойлогдсон тухайд гэвэл эдгээр зүйл тэдний хувьд тодорхойгүй, ойлгомжгүй, бүрхэг хэвээр үлддэг. Зарим хүн “Бид Бурханы нэрийг хүлээн авснаасаа хойш маш ихийг орхисон: Бид гэр бүлийнхэн болон ажлаа орхиж, хэтийн ирээдүйгээ орхисон. Бидний зарим нь сайхан ажлаасаа гарсан; зарим нь аз жаргалтай гэр бүлээ орхисон; зарим нь цалин өндөртэй, хязгааргүй ирээдүйтэй сайхан ажил мэргэжилтэй байсан ч бүгдийг нь орхисон. Эдгээр нь бидний орхисон зүйл. Бурханд итгэх болсноосоо хойш бид даруухан, тэвчээртэй, хүлээцтэй байж сурсан. Бид бусадтай харилцахдаа маргалддаггүй, чуулганд гарсан аливаа асуудлыг зохицуулахын тулд чадах бүхнээ хийдэг, ах эгч нарт бэрхшээл тулгарах бүрд хайраар тусалж дэмжихээр хамаг чадлаараа хичээдэг. Бид бусдад хор хөнөөл учруулахаас зайлсхийдэг, бусдын ашиг сонирхлыг хохироохоос аль болох зайлсхийдэг. Эдгээр арга барил нь үнэнийг эрэлхийлэхтэй үнэхээр ямар ч хамаагүй гэж үү?” гэх болно. Одоо сайн бодоод үз: Хүний татгалзал, зарлагадалт, зориулалт, хүлээцтэй байдал, тэвчээр, тэр ч байтугай зовлон зүдүүр юутай хамаатай байдаг вэ? Эдгээр зүйлд хэрхэн хүрдэг вэ? Тэдгээр нь юунд үндэслэдэг вэ? Ямар зоригжуулагч хүч хүмүүсийг ийм зүйл хийхэд хүргэдэг вэ? Эргэцүүлээд үз. Эдгээр зүйлийг сайтар бодвоос зохилтой юу? (Тийм.) Нэгэнт тэдгээрийг сайтар бодвоос зохилтой тул өнөөдөр шинжилж, судалцгаая; хүний сайн, зөв, эрхэм гэж дандаа үздэг байсан эдгээр зүйл үнэний эрэл хайгуултай холбоотой эсэхийг харцгаая.

Эхлээд хүний орхилт, зориулалт, төлсөн төлөөсийг харцгаая. Эдгээр орхилт, зориулалт, төлөөсийн нөхцөл байдал, орчноос үл хамааран эдгээр зүйлийг хөдөлгөгч гол хүч хаанаас үүдэлтэй вэ? Миний нэгтгэн дүгнэснээр хоёр эх сурвалж бий. Эхнийх нь гэвэл, хүмүүс бодол санаа, үзлээрээ “Хэрвээ Бурханд итгэвэл өөрийгөө орхиж, өөрийгөө зарлагадаж, Бурханы төлөө төлөөс төлөх ёстой. Энэ нь Бурханд таалагддаг. Хүмүүс тав тухад шунаж, хорвоо ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх үед, эсвэл амаараа Бурханы нэрийг хүлээн авч, Бурханыг дагагч болсныхоо дараа хайхрамжгүй хэвээр үлдэж, урьдынхаараа амьдарсаар байвал Бурханд таалагддаггүй. Бурхан үүнд дургүй” гэж боддог. Хүмүүсийн субьектив хүслийг харгалзан үзвэл ингэж бодох нь лавтай. Бурханыг болон Бурханы шинэ ажлыг хүлээн авах хүний шалтгаан ямар ч байсан, субьектив хүсэл нь ийм маягаар үйлдэхийг зөвшөөрч, хүмүүс ингэж үйлдэхэд л Бурхан дуртай, ийм маягаар үйлдсэнээр Бурханыг баярлуулж, сэтгэл хангалуун болгоно гэж боддог. Хүмүүс махран тэмцэж, хичээл чармайлт гаргаж, хариуд нь юу ч нэхэлгүйгээр зүтгэж байгаа цагт, мөн төлөөс төлөхийн тулд өөрсдийнхөө сайн сайхан байдал, золгүй явдлыг үл тоож, өөрийгөө зориулж, төлөөс төлсөөр, Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд өргөн барьж байгаа л бол Бурхан гарцаагүй баярлана гэж тэд боддог. Тиймээс хүн ингэж бодмогцоо эргэлзэлгүйгээр толгой бөхийн, өөр бусад юм бүхнийг үл харгалзан, орхиж болох бүхнийг орхиж, өргөл болгож чадах бүхнээ өргөн барьж, өөрийнхөө тэвчиж чадах ямар ч зовлонг тэвчдэг. Хүмүүс ийм арга замаар хийдэг ч аль нэг нь толгойгоо өргөн, “Бурхан минь, миний хийж байгаа зүйл Танд хэрэгтэй зүйл мөн үү? Бурхан минь, Та миний зарлагадалт, зүтгэл, зовлон, төлсөн төлөөсийг хүлээн зөвшөөрч байна уу?” гэж Бурханаас асуусан уу? Хүмүүс Бурханаас хэзээ ч ингэж асууж байгаагүй бөгөөд Бурханы хариу үйлдэл, эсвэл хандлага ямар байхыг мэдэхгүйгээр өөдрөгөөр үргэлжлүүлэн өөрсдийгөө зориулж, өргөн барьж, зарлагадаж, зөвхөн ийм маягаар зовох юм бол Бурхан баяртай, сэтгэл хангалуун байна гэж боддог. Зарим хүн бүр банш идэхээ болихдоо тулж, банш идэх юм бол Бурхан баярлахгүй гэж айдаг. Оронд нь тэд эрдэнэ шишийн мантуу идэж, банш идэх нь тав тухад шунаж байгаа хэрэг гэж үздэг. Тэд эрдэнэ шишийн мантуу, бин, даршилсан ногоо идэх үедээ л тайвширдаг бөгөөд тайвшрах үедээ Бурхан гарцаагүй сэтгэл хангалуун байж таарна гэж боддог. Тэд өөрсдийн мэдрэмж, өөрсдийн баяр хөөр, уй гашуу, уур хилэн, баяр баясгаланг Бурханы мэдрэмж, Бурханы баяр хөөр, уй гашуу, уур хилэн, баяр баясгалантай эндүүрдэг. Энэ нь утгагүй биш үү? Хүмүүсийн зөв гэж үздэг зүйлсийг олон хүн үнэн гэж авч үзээд, тэдгээрийгээ Бурханд тулгаж, тэдгээрийг хүнд тавих Бурханы шаардлага хэмээн тайлбарладаг, учир нь бүх хүн ингэж боддог. Иймээс хүмүүс ингэж бодож байгаа л бол тэдгээр үг, зан авир, арга замыг өөрийн мэдэлгүй үнэн гэж тодорхойлох маш амархан бөгөөд энэ нь жам ёсны зүйл юм. Хүмүүс тэдгээр зүйлийг үнэн гэж тогтоосон тул, тэдгээр нь хүний даган мөрдөх шаардлагатай хэрэгжүүлэлтийн зарчим байж таарна, хүн ийм маягаар тэдгээрийг хэрэгжүүлж, даган мөрдвөл тэр нь Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлж, мэдээж Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг гэж тэд бодно. Хүмүүс нэгэнт “Бурханы хүслийг биелүүлж” байгаа юм чинь зовлон бэрхшээл нь үнэ цэнтэй биш үү? Тэд энэ төлөөсийг зөв төлж байгаа биш үү? Энэ нь Бурханы сэтгэл ханаж, санан дурсдаг зүйл биш үү? Гарцаагүй мөн гэж хүмүүс боддог. Энэ нь хүний “үнэн” гэж үздэг зүйл болон Бурханы үгийн хоорондох зай, ялгаа юм. Хүмүүс хүний ёс суртахууны байдалд нийцдэг, сайн, эрхэм, зөв юм бүхнийг өөрсдийнхөө үзэл, төсөөллөөр үнэн гэж тогтмол ангилаад, дараа нь тэрхүү чиглэлд үргэлжлүүлэн үйлдэж, хэрэгжүүлэхээр чармайх зуураа өөрсдөдөө хатуу шаардлага тавьдаг. Ингэснээрээ тэд өөрсдийгөө үнэнийг эрэлхийлж байгаа, үнэнийг эрэлхийлдэг хүнээс огт дутахгүй, мэдээж бас гарцаагүй аврагдаж чадах хүн мөн гэж боддог. Үнэн хэрэгтээ Бурханы үг болон үнэн нь хүмүүсийн үзэлдээ сайн, зөв, эерэг гэж үздэг зүйлстэй ямар ч хамаагүй. Гэсэн хэдий ч хүмүүс Бурханы үгийг уншиж, гартаа барьж байхдаа ч гэсэн өөрсдийнх нь үзлээр, сайн, зөв, сайхан, зөөлөн, эерэг бүхнийг, мөн хүний сурталчилсан зүйлсийг үнэн, эерэг зүйл гэж үзээд, тэдгээрийн араас уйгагүй хөөцөлдөн, тэдгээрийг эрэлхийлж, тэдгээрт хүрэхийг өөрөөсөө шаардаад зогсохгүй, бусдыг ч бас тэг гэж шаарддаг. Хүний сайн гэж үздэг зүйлсийг хүмүүс үнэнтэй уйгагүй эндүүрдэг бөгөөд дараа нь тэдгээр зүйлийн шаардсан стандарт, чиглэлд нийцүүлэн эрэлхийлж, улмаар өөрсдийгөө аль хэдийн үнэнийг эрэлхийлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэж боддог. Энэ нь үнэний эрэл хайгуулын талаар хүмүүст байдаг эндүү ташаа ойлголтын нэг тал юм. Энэхүү эндүү ташаа ойлголт гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө үзлээр сайн, зөв, эерэг гэж үздэг зүйлээ өөрсдийн стандарт гэж авч үзээд, хүнд тавих Бурханы шаардлага болон Бурханы үгийн шаардлага, стандартыг орлуулах явдал юм. Хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж боддог эдгээр зүйлээ үнэнтэй андуураад зогсохгүй, эдгээр зүйлийг даган мөрдөж, бас эрэлхийлдэг. Энэ нь асуудал биш үү? (Мөн.) Энэ нь хүний бодол санаа, үзэл бодолд буй асуудал юм. Эдгээр зүйлийг хийхэд нь хүмүүсийг юу зоригжуулдаг вэ? Эдгээр санаа бодол, эндүү ташаа ойлголттой болоход хүргэдэг үндсэн шалтгаан юу вэ? Үндсэн шалтгаан нь гэвэл, Бурхан эдгээр зүйлд дуртай гэж хүмүүс боддог учраас эдгээрийг Бурханд тулгадаг. Жишээлбэл, уламжлалт соёл хүмүүсийг ажилсаг, арвич хямгач бай гэдэг; ажилсаг, арвич хямгач байдал бол хүний ариун журам юм. “Оргилд гарахын тулд олон зовлон туулах ёстой” гэдэг нь ч бас ариун журам, “Эзнийхээ тушааснаар хий, эс бөгөөс чи уйгагүй хичээл чармайлт гаргаад юунд ч хүрэхгүй” гэх зэрэг иймэрхүү бусад санаа ч бас ариун журам мөн. Арьс өнгө, бүлэг болгонд хүмүүс өөрсдийнх нь сайн, зөв, эерэг, идэвхтэй, өөдөө чиглэсэн гэж үздэг бүхэн үнэн гэж боддог бөгөөд эдгээр зүйлийг үнэн гэж үзээд, Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг орлуулдаг. Хүний бат итгэдэг, Сатаны зүйлсийг үнэн болон Бурханы шаардлагын стандарт гэж тэд эндүүрдэг. Тэд өөрсдийнхөө зөв гэж төсөөлдөг, боддог хүслэнт байдал, чиглэл, зорилго руу эрэл хайгуулаа чиглүүлдэг. Энэ бол аймшигтай алдаа. Хүний үзэл, төсөөллөөс гардаг эдгээр зүйл Бурханы үгтэй огт нийцдэггүй, тэр чигтээ үнэнтэй зөрчилддөг.

Хүмүүс өөрсдийн үзэлдээ сайн, зөв гэж үздэг зүйлээ үнэнтэй эндүүрдгийн хэдэн жишээг Би хэлье, тэгснээр энэ санаа тийм ч хийсвэр биш болж, та нар үүнийг ойлгож чадна. Жишээлбэл: Бурханд итгэснийхээ дараа зарим эмэгтэй нүүрээ будаж, гоёл чимэглэл зүүхээ больдог. Тэд будаг шунх, гоёл чимэглэлээ хойш тавиад, Бурханд итгэгчид биеэ зөв авч явах учиртай, будаж шунхдаж, гоёж гангалж болохгүй гэж боддог. Зарим хүн машинтай ч жолооддоггүй, оронд нь унадаг дугуйгаар явдаг. Машин жолоодох нь тав тухад шунаж буй хэрэг гэж боддог. Зарим хүнд мах идэх боломж бололцоо байдаг ч иддэггүй бөгөөд үргэлж мах идэх юм бол цаашид мах идэх боломжгүй нөхцөл байдал тулгарах үед сөрөг, сул дорой болж, Бурханаас урвана гэж боддог. Иймээс тэд урьдчилаад махгүйгээр зовж сурдаг. Бусад нь Бурханд итгэгчийн хувиар биеэ зөв авч явах ёстой гэж боддог тул өөрсдийнхөө дутагдал, муу зуршлыг үнэлж дүгнээд, ярианы өнгөө өөрчлөхөөр шаргуу ажиллаж, уураа барьдаг бөгөөд өөрсдийгөө боловсруулж, бүдүүлэг биш болохын тулд чадлынхаа хэрээр хичээдэг. Хүн Бурханд итгэдэг болмогцоо өөрсдийгөө хязгаарлаж, хазаарлах ёстой, бусдын нүдэнд сайн хүн болж, биеэ зөв авч явах ёстой гэж боддог. Ингэснээрээ төлөөс төлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, үнэнийг хэрэгжүүлж байна гэж тэд боддог. Зарим хүн хааяа хааяа гоё хувцаслаж, дэлгүүр хэсэхээр явдаг бөгөөд тэгэх үедээ буруутай санагдаж, Бурханд итгэж байгаа болохоор будаж шунхдаж, гоёж гангалж болохгүй, сайхан хувцас өмсөж болохгүй гэж боддог. Хэрвээ тэд будаж шунхдаж, гоёж гангалаад, сайхан хувцас өмсвөл Бурхан үзэн ядаж, дургүйцнэ, Бурхан хүй нэгдлийн үеийн хүн төрөлхтөнд дуртай, харин аж үйлдвэр, орчин үеийн шинжлэх ухаан юм уу ямар нэг чиг хандлагад дургүй гэж боддог. Эдгээр зүйлийг эрэлхийлэхээ болих л юм бол үнэнийг эрэлхийлнэ гэж тэд боддог. Энэ нь гажууд ойлголт биш үү? (Мөн.) Энэ хүмүүс Бурханы үгийг анхааралтай уншсан уу? Бурханы үгийг үнэн гэж авч үзсэн үү? (Үгүй.) Тэд Бурханы үгийг үнэн гэж авч үзээгүй юм чинь үнэнийг эрэлхийлж байгаа юу? (Үгүй.) Тийм учраас эдгээр арга зам, илрэл нь зүгээр л хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлээ үнэнтэй эндүүрч, эдгээр зүйлийг ашиглан үнэнийг орлуулдаг. Тэд өөдрөгөөр эдгээр зүйлийг хэрэгжүүлж, дараа нь өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байгаа, үнэний бодит байдалтай хүн мөн гэж боддог. Жишээлбэл, Бурханд итгэдэг болсноосоо хойш телевизийн шоу нэвтрүүлэг үзээгүй, мэдээ үзээгүй, бүр дэлгүүр ч хэсээгүй хүмүүс байдаг. Тэд сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлж байсан учраас олон шөнө өвсөн дээр унтаж, нохойн үүрний дэргэд олон өдрийг өнгөрөөсөн, хүйтэн хоол идээд өчнөөн олон удаа гэдэс нь өвдөж, нойр хоол дутуугаас болоод олон кг жин хасаж, маш их зовсон. Тэд энэ бүх зүйлийг маш сайн мэддэг, тэдгээрийг нэг бүрчлэн тооцоолдог. Тэд яагаад эдгээр зүйлийг ийм тодорхой бүртгэдэг юм бэ? Учир нь хүмүүс эдгээр зан авир, арга зам нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож байгаа хэрэг, энэ бүх сайн зан авирыг бүрдүүлчих юм бол Бурхан өөрсдийг нь сайшаана гэж боддог. Тиймээс хүмүүс гомдоллодоггүй бөгөөд эдгээр зүйлийг эргэлзэлгүйгээр хэрэгжүүлдэг. Тэд эдгээрийн талаар ярих, давтах, эргэн санахаас огт залхдаггүй, зүрх сэтгэл нь хангалуун байдаг. Гэсэн ч Бурханы шалгалттай тулгарах үедээ, Бурханы зохицуулсан орчин өөрсдийнх нь хүссэн шиг биш бол, Бурханы шаарддаг зүйл, Бурханы үйлдэл өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй бол энэ хүмүүсийн зөв гэж үздэг зүйлс, түүнчлэн тэдний төлдөг төлөөс болон хэрэгжүүлэлт ямар ч нэмэргүй байх болно. Өөрсдөд нь тулгарсан орчинд Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг мэдэхэд нь эдгээр зүйл тэдэнд өчүүхэн төдий ч тус болохгүй. Эсрэгээрээ, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханыг дуулгавартай дагахад нь эдгээр зүйл бул хар чулуу, саад тотгор болно. Үүний шалтгаан нь өөрсдийнх нь зөв гэж үздэг зүйлс үндсэндээ үнэн биш, өөрсдийнх нь хэрэгжүүлдэг зүйл үнэний эрэл хайгуул биш гэдгийг хүмүүс огт мэдэж аваагүйд оршдог. Тэгвэл хүмүүс эдгээр зүйлээс юу олж авдаг вэ? Ердөө нэг төрлийн сайн зан авир. Хүмүүс тэдгээрээс үнэнийг, амийг олж авахгүй. Гэсэн хэдий ч тэд эдгээр сайн зан авир нь үнэний бодит байдал гэж эндүүрсээр байгаа бөгөөд өөрсдийнхөө үзлээр зөв гэж үздэг эдгээр зүйл нь үнэн, эерэг зүйл гэдэгт бүр ч шийдэмгий болж, улмаар тэрхүү шийдэмгий байдал нь зүрх сэтгэлд нь үндэслэдэг. Хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв гэж үздэг эдгээр зүйлийг шүтэж, үүнд сохроор итгэх тусмаа үнэнийг улам голж, Бурханы шаардлага болон үгээс төдий чинээ холддог. Үүний зэрэгцээ хүмүүс илүү их төлөөс төлөх тусмаа өөрсдийгөө төдий чинээ хөрөнгөтэй болж байна гэж боддог бөгөөд аврагдаж, Бурханы амлалтыг хүлээн авах шалгуурыг хангаж байгаа гэж улам их боддог. Энэ нь ёрын тойрог биш үү? (Мөн.) Энэ асуудлын үндэс нь юу вэ? Гол буруутан нь юу вэ? (Хүмүүс өөрсдийнхөө үзлийг эерэг зүйл гэж эндүүрч, үүгээрээ Бурханы үгийг орлуулдаг.) Хүмүүс Бурханы үгийг өөрсдийнхөө үзлээр орлуулж, Бурханы үгийг хойш тавьж, үндсэндээ үл тоодог. Өөрөөр хэлбэл, тэд Бурханы үгийг огтхон ч үнэн гэж авч үздэггүй. Хүмүүс Бурханд итгэснийхээ дараа Бурханы үгийг уншиж магадгүй ч эрэлхийлж, сонгож, хэрэгжүүлдэг зүйл нь хүний үзэл, төсөөлөлд үндэслэсэн хэвээр байдаг бөгөөд тэд Бурханы үг, шаардлагын дагуу Бурханд итгэх замд ороогүй гэж хэлж болно. Хүмүүс үзэл, төсөөлөлдөө үндэслэн Бурханд итгэх асуудал яг хаанаас үүдэн гардаг вэ? Хүний үзэл, төсөөлөл хаанаас үүсдэг вэ? Хаанаас үүдэлтэй вэ? Тэдгээр нь голчлон уламжлалт соёл, хүний өв уламжлал, түүнчлэн шашны ертөнцийн боловсруулалт, нөлөөллөөс үүдэлтэй гэж хэлж болно. Хүний үзэл, төсөөлөл эдгээр зүйлтэй шууд холбоотой байдаг.

Хүмүүс бодол санаа, үзэл бодолдоо өөр ямар зүйлийг сайн, зөв, эерэг гэж үздэг вэ? Цөөн хэдэн жишээ хэл дээ. Хүмүүс үргэлж “Сайн хүмүүс амар тайван амьдардаг”, “Цайлган хүмүүс хэзээд давамгайлдаг” гэж хэлдэг—энэ цөөхөн байна, тийм үү? (Тийм.) Бас “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус; өнөөдөр биш бол дараа болно”, “Ёрын мууд тууштай байх нь өөрийгөө сүйрүүлнэ”, “Бурхан устгах хүнээ эхлээд галзууруулдаг”, “Оргилд гарахын тулд олон зовлон туулах ёстой”, “Эрдэм ном эрхэм дээд” гэх мэт. Энэ бүх утгагүй үг ой гутмаар байдаг. Ийм үг сонсоод Миний уур хүрдэг ч хүмүүс тэдгээрийг маш амархан хэлдэг. Тэд яагаад эдгээр үгийг ийм амархан хэлж чаддаг юм бэ? Би яагаад үүнийг хэлж чаддаггүй юм бэ? Би эдгээр үг, эдгээр хэллэгт дургүй. Та нар ийм үгийг бэлэн байлгаж, хэл амнаасаа урсгаж, ер түгдрэлгүй цээжээр хэлдэг чинь эдгээр зүйлийг онцгойлон дээдэлж, шүтдэгийг чинь нотолдог. Та нар эдгээр хоосон, хийсвэр, бодит бус зүйлийг шүтэхийн зэрэгцээ тэдгээрийг өөрийнхөө уриа лоозон, үйлдлийнхээ зарчим, шалгуур, үндэс болгодог. Дараа нь бүр Бурхан ч бас ингэж боддог, Бурханы үг төстэй санааг өөрөөр илэрхийлсэн хэрэг, эдгээр зүйл бол Бурханы үгийн ерөнхий утга: хүмүүсийг сайн болгох гэсэн уриалга гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Эдгээр зүйл нь Бурханы үг болон Бурханы илэрхийлсэн үнэний утга мөн үү? Огтхон ч үгүй; Бурханы хэлсэн зүйл эдгээр зүйлтэй ямар ч хамаагүй. Тиймээс хүмүүсийн үнэнд хандах хандлагыг өөрчилж, үнэнийг танин мэдэх чадварыг нь засаж залруулах ёстой—өөрөөр хэлбэл, үнэнийг байрлуулдаг стандартыг нь засаж залруулж өөрчлөх ёстой. Эс бөгөөс тэдний хувьд үнэнийг хүлээн авахад хэцүү байх бөгөөд тэд үнэнийг эрэлхийлэх замд орох аргагүй байх болно. Үнэн гэж юу вэ? Өргөн хүрээнд ярих юм бол Бурханы бүх үг үнэн. Тэгэхээр бүр нарийн яривал үнэн гэж юу вэ? Би та нарт өмнө нь хэлсэн. Би юу гэж хэлсэн бэ? (“Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм” (Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл (III хэсэг).) Зөв, үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм. Тэгвэл үнэн нь хүмүүсийн өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлтэй холбоотой юу? (Үгүй.) Хүмүүсийн эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? (Сатаны амьдралын гүн ухаанаас, мөн уламжлалт соёлын хүнд суулгасан зарим бодлоос.) Тийм ээ. Нарийн яривал эдгээр зүйл Сатанаас гаралтай. Эдгээр зүйлийг хүнд суулгасан алдартай, нэрд гарсан хүмүүс хэн бэ? Тэд Сатан биш гэж үү? (Мөн.) Та нарын тэр бүх эцэг өвгөд чинь Сатан—тэд бол амьдарч, амьсгалж буй Сатан. Хятадын ард түмний дэмждэг тэр үгсийг хар л даа: “Анд найз алсаас ирэх хэчнээн сайхан билээ”, “Нэгэнт ирсэн бол үлдсэн ч болно”, “Эцэг эхийнхээ амьдад хол бүү яв”, “Эцэг эхдээ ачлалтай байх нь хамгийн эрхэм дээд үйл”, “Гурван ачлалгүй байдлын дундаас угсаа залгамжлагчгүй байх нь хамгийн муу”, “Үхэгсдийг хүндэл”, “Хүн үхэх дөхөхөөр үг нь үнэн, зөөлөн болдог.” Эдгээр үгийг сайтар шинжлээд үз—тэдгээрийн аль нэг нь үнэн үү? (Үгүй.) Тэдгээр нь бүгд утгагүй үг, төөрөгдөл юм. Надад хэл дээ, хүмүүс Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа эдгээр төөрөгдөл, утгагүй үгийг үнэн гэж эндүүрэх нь хэчнээн мунхаг хэрэг вэ? Энэ хүмүүс үнэнийг ойлгох чадвартай юу? (Үгүй.) Тийм хүмүүс бол хөгийн хүмүүс бөгөөд үнэнийг ойлгож огт чадахгүй. Та нар одоо Бурханы маш олон үгийг уншсан болохоор жаахан ч болов үнэний мэдлэгтэй болсон биш үү? (Тэгсэн.) Үнэн хаанаас ирдэг вэ? (Бурханаас ирдэг.) Үнэн Бурханаас ирдэг. Бурханы хэлээгүй ямар ч үгэнд бүү итгэ. Сатанлаг амьдралын гүн ухаан, уламжлалт соёлын тэдгээр санаа нь үнэн биш бөгөөд хүн тэдгээрийн дагуу, тийм зүйлсийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёсгүй, учир нь тэдгээр нь Бурханаас ирээгүй. Ямар нэг зүйл хүнээс гаралтай л бол уламжлалт соёлоос үүдэлтэй юу, алдартай хүнээс үүдэлтэй юу гэдэг нь, эрдэм ном, нийгмийн бүтээгдэхүүн эсэх нь, эсвэл ямар эзэнт гүрэн, арьс өнгөний хүмүүсээс гаралтай нь хамаагүй—энэ нь үнэн биш. Гэсэн ч хүмүүс яг эдгээр зүйлийг үнэн гэж үзэж, үнэний оронд эрэлхийлж, хэрэгжүүлдэг бөгөөд ингэх явцдаа өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна, Бурханы хүслийг биелүүлэх тун дөхөж байна гэж боддог, гэтэл үнэндээ үүний яг эсрэгээр байдаг: Чи эдгээр зүйлд үндэслэн эрэлхийлж, хэрэгжүүлэх үедээ Бурханы шаардлагаас улам холдож, үнэнээс бүр ч их холддог.

Хүний сайн, эерэг гэж үздэг зүйлсийг үнэнтэй андуурч, тэдгээрийг үнэн мэт эрэлхийлэх нь угаасаа утгагүй юм. Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы олон үгийг уншсан хүмүүс яахаараа хүний сайн гэж үздэг тэдгээр зүйлийг үнэнтэй андуурч, тэдгээрийг үнэн мэт эрэлхийлсээр байдаг юм бэ? Энд ямар асуудал байна вэ? Хүмүүс үнэн юу болохыг ойлгодоггүй, үнэний талаар бодит мэдлэггүй гэдгийг харуулахад энэ нь хангалттай. Энэ бол Миний дөнгөж сая асуусан “Эдгээр зүйл үнэн биш гэдгийг харгалзан үзвэл, хүмүүс яаж эдгээрийг хэрэгжүүлж, өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна гэж бодсоор байдаг юм бэ?” гэх асуултын нэг хүчин зүйл юм. Би хүний завхарсан зан чанартай холбоотой өөр нэг хүчин зүйлийн талаар ярья. Өөрсдийнхөө үзлээр сайн, зөв, эерэг гэж үздэг зүйлс нь үнэн гэж хүмүүс боддог бөгөөд энэ суурин дээрээ төлөвлөгөө зохиож, өөрсдөө Бурханыг сэтгэл хангалуун болгосон, Бурхан баяртай байгаа, хүнд амласан амлалтаа Бурхан өөрсдөд нь өгнө гэж боддог. Энэ төлөвлөгөө нь Бурхантай наймаа хийх гэсэн оролдлого биш үү? (Мөн.) Нэг талаар хүмүүс буруу, утгагүй ойлголт өвөрлөх зуураа эдгээр зүйлийг баримталж, эрэлхийлдэг, үүний зэрэгцээ хувийн хүсэл, санаархлаараа Бурхантай наймаа хийх гэж оролддог. Энэ нь өөр нэг хүчин зүйл биш үү? (Мөн.) Бид энэ хүчин зүйлийн талаар өмнө нь олон удаа нөхөрлөсөн учраас одоо үүнийг дэлгэрэнгүй ярихгүй. Тэгвэл Би та нараас асууя: Бурханд итгэдэг хүн орхиж, зовж, өөрийгөө зарлагадаж, Бурханы төлөө төлөөс төлөх үедээ санаархал, зорилготой байдаг биш үү? (Тийм.) “Би юу ч хүсэхгүй, юу ч гуйхгүй. Орчин нөхцөл ямар ч байсан би орхиж, өөрийгөө зарлагадаж, төлөөс төлнө. Тэгээд л тэр. Надад ямар ч хувийн хүсэл, санаархал байхгүй. Бурхан надад яаж ч хандсан зүгээр ээ. Бурхан намайг шагнаж болно, шагнахгүй байж ч болно—аль ч тохиолдолд би Бурханы шаардлагын дагуу үйлдэж, өөрийгөө өргөн барьж, бүх юмыг орхиж, төлөөс төлж, зовсон” гэж хэлдэг хүн байна уу? Тийм хүмүүс байдаг уу? (Үгүй.) Өнөөг хүртэл ийм хүн төрөөгүй. Зарим хүн “Тийм хүн вакуум орчинд л амьдрах ёстой болно” гэж хэлж магадгүй. Хүн вакуум орчинд амьдарсан ч гэсэн ийм байхгүй: Тэд завхарсан зан чанартай, санаархал, хүсэлтэй хэвээр байх бөгөөд Бурхантай наймаа хийхээр оролдсоор л байна. Тиймээс энэ асуултын хоёр дахь хүчин зүйл нь хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв гэж боддог зүйлээ үнэн гэж авч үзмэгцээ төлөвлөгөө гаргадаг. Тэр төлөвлөгөө нь юу вэ? Бурханы хүнд амласан ерөөлөөр, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газраар солихын тулд эдгээр зүйлийг хэрэгжүүлэх. Ямар нэг зүйлийг хүн эерэг гэж үзэж байгаа л бол тэр нь зөв байж таарна гэж тэд боддог учраас өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хийж, эрэлхийлдэг бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр Бурханаар ерөөгдөх нь дамжиггүй гэж боддог. Тэр нь хүний төлөвлөгөө юм. Энэхүү хоёр дахь хүчин зүйл нь гагцхүү хүмүүс санаархал, хүслээ хангахаар хичээж, Бурхантай наймаа хийхээр оролдохтой холбоотой. Хэрвээ чи үүнд итгэхгүй бол хүмүүсийн наймаа хийхийг хориглож, хүсэл, санаархлаас нь салга—тэднээр хүсэл, санаархлыг нь орхиул. Тэгвэл тэд зовж, төлөөс төлөх эрч хүчээ нэн даруй алдана. Яагаад тэд эдгээр зүйлийг хийх эрч хүчээ алдах вэ? Учир нь тэдэнд хэтийн ирээдүй, хувь заяагаа алдсан мэт, ерөөгдөх найдвар байхаа больсон мэт, юу ч олж авахгүй мэт санагдана. Тэдний хэрэгжүүлдэг зүйл үнэн биш, эрэлхийлдэг зүйл нь үнэн биш, харин өөрсдийнх нь эерэг гэж төсөөлдөг зүйлс байдаг хэдий ч хүсэл, санаархал нь нуран унах үед эдгээр зүйлийн төлөө төлөөс төлөхийг ч хүсэхээ больдог. Надад хэл дээ, хүмүүст юу байдаг вэ? Тэдэнд жинхэнэ итгэл бий юу? (Байхгүй.) Цаашилбал хүмүүс үнэнч үү? “Бурхан одоо юу ч хэлсэн бид Түүнийг дагана. Бурхан юу ч хэлсэн бид сөрөг болохгүй, урам хугарахгүй, бууж өгөх нь бүү хэл буцаж няцахгүй. Бурхан биднийг хүсэхгүй байсан ч гэсэн, биднийг үйлчлэл үзүүлэгчид, хөдөлмөрчид, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш, аврагдах найдваргүй гэж хэлсэн ч гэсэн бид Бурханыг эргэлзэлгүй дагаж, үүргээ цөхрөлтгүй гүйцэтгэнэ. Энэ чинь үнэнч зан биш үү? Итгэлтэй байгаа хэрэг биш үү? Үнэнч, итгэлтэй байх нь үнэнийг эрэлхийлэхтэй адил биш үү? Бид тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлж байгаа гэсэн үг биш үү?” гэж зарим хүн хэлж болзошгүй. Надад хэл дээ, энэ нь үнэнийг эрэлхийлж буй хэрэг мөн үү? (Үгүй.) Энэ нь үнэнийг эрэлхийлж буй хэрэг биш гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүний “амьдрах арга зам” бүгд битүүмжлэгдсэн, тэдэнд бүр зуурах сүрэл ч байхгүй гэсэн үг юм. Тэгвэл яах ёстой вэ? Хийж болох зүйл байна уу? Өөрсдийнх нь хийж чадах ямар нэгэн зүйл байгаа эсэхээс үл хамааран, үүнийг сонсоод хүмүүст ямар санагддаг вэ? Тэд дээд зэргээр гонсойж, “Надад үнэхээр ерөөгдөх найдвар байхгүй гэсэн үг үү? Юу болоод байна аа?” гэдэг. Ийм нөхцөлд хүмүүс бүрмөсөн мунгинадаг. Миний үг та нарын бүх “амьдрах арга замыг” салгасан болохоор эндээс хаашаа явахыг чинь Би харъя. “Хөдөлмөрлөж, наймаа хийхээр оролдож, гажууд ойлголттой байж, эсвэл зовж, төлөөс төлөх нь зөв биш—тэгвэл яг юу хийвэл зөв юм бэ? Бурхан юу ч хэлсэн бид Түүнийг орхихгүй. Үүргээ гүйцэтгэсээр байх болно. Тэр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй дүйцэх биш үү?” гэж зарим хүн хэлдэг. Энэ асуултыг тодорхой ойлгох ёстой. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг үргэлж буруу ойлгодог учраас орхиж, зарлагадаж, зовж, төлөөс төлөх нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж буй хэрэг гэж боддог. Энэ бол аймшигтай алдаа. Үнэнийг хэрэгжүүлэх нь Бурханы үгийг хэрэгжүүлэх явдал боловч хүмүүс үнэнийг зарчимтайгаар хэрэгжүүлэх ёстой—хүний үзэл, төсөөлөлд тулгуурлан хэрэгжүүлж яасан ч болохгүй. Бурханы хүсдэг зүйл бол чин сэтгэл, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг зүрх сэтгэл юм. Бурханы үгийг ийм маягаар хэрэгжүүлэх нь л үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг. Хэрвээ хүн өөрийгөө Бурханы төлөө зарлагадах үедээ Бурхантай наймаа хийж, хувийн санаархал, хүслээ хангахыг үргэлж хүсдэг бол үнэнийг хэрэгжүүлж байгаа биш, харин үнэнээр доог тохуу хийж, үнэнийг уландаа гишгэлж байгаа, хоёр нүүртэн юм. Тиймээс ерөөл хүртэх санаархал, хүсэл нь нуран унахыг үл харгалзан, тэсэн ядан хүлээх юу ч үгүй, өөрийг нь зоригжуулах юу ч үгүй байсан хэр нь хүн Бурханы шүүлтийн үгийг хүлээн авч чаддаг, Бурханыг орхидоггүй, үүргээ цөхрөлтгүй биелүүлдэг бол энэ нь үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхтэй дүйцэх үү? Миний харж байгаагаар, хэрвээ бид үүнийг үнэнийг эрэлхийлэх гэж юу болох тухай тодорхойлолтод үндэслэн үнэлбэл энэ нь мөн л үнэнийг эрэлхийлэх явдал биш бөгөөд үнэнийг эрэлхийлэх стандартад огт хүрэхгүй. Одоо бид үнэний эрэл хайгуулын талаар үнэн зөв тодорхойлолттой болсон болохоор хүмүүсийн үйлдэл, зан байдал, илрэлийг үнэлэхдээ үүнийг чанд мөрдөх ёстой. Хүсэн хүлээх ерөөлгүй байсан ч Бурхантай хамт үлдэж, үүргээ цөхрөлтгүй гүйцэтгэх хүний чадварт үндэслэн ямар үнэлгээ хийж болох вэ? Бүтээгдсэн зүйлийн хувиар тийм хүмүүс хүн чанартаа хоёр магтууштай зүйлтэй төрсөн байдаг, тэрийгээ ашиглаж чадвал чи хамгийн бага хэмжээнд Бурханыг дагах нь лавтай. Тэр хоёр зүйл юу болохыг та нар мэдэх үү? (Мөс чанар, эрүүл ухаан.) Зөв. Хүний хүн чанарт хамгийн үнэ цэнтэй хоёр зүйл байдаг—хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үед, тун тааруу хэв чанартай, Бурханы шаардлага болон үнэний талаар ямар ч мэдлэг, оролтгүй бөгөөд байрандаа бат зогсож чаддаг байх үед үүнд хүрэх боломжийг тэдэнд олгодог үндсэн урьдач нөхцөл юу вэ? Тэд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Тэгвэл хариулт нь тодорхой байна. Хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, ерөөгдөх хүсэл, санаархалгүй, ерөөгдөх хүслээ булаалгасан мөртөө Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэж чаддаг хэвээр байвал тэд ямар суурин дээр ингэдэг вэ? Юу тэднийг зоригжуулж байна вэ? Тэдний үйлдэлд ямар ч үндэслэл, урам зориг байхгүй—хүмүүс хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай л бол эдгээр зүйлийг хийж чадна. Одоо нөхцөл байдал ийм байдаг: Чи үнэнийг ойлгодоггүй, тэр бол бодит баримт—хоосон сургаалын ойлголт чинь нэмэргүй, энэ нь үнэний бодит байдалд орсон гэсэн үг биш. Хэтийн ирээдүй, хувь заяагаа эрэлхийлэхийн тулд Бурхантай наймаа хийхээр оролдох нь буруу гэдгийг чи мэднэ, гэхдээ хэтийн ирээдүй, хувь заяаны эрэл хайгуул болон ерөөгдөх хүслийг чинь яллаж, булаасны дараа чи баяртайгаар Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэдэг хэвээр бол тэр нь үнэхээр магтууштай байх болно. Чи үнэнийг олж авалгүйгээр Бурханыг дагаж чадсан бол тэр нь юунд түшиглэх байсан бэ? Мөс чанар, эрүүл ухаанд чинь түшиглэх байсан. Хүний мөс чанар, эрүүл ухаан өөрсдийнхөө хэвийн оршин тогтнол, амьдрал, хүмүүс, зүйлстэй харилцах харилцааг тэтгэж чадна. Тэгвэл мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн үүргээ гүйцэтгэх болон үнэнийг хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар зай байдаг вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүний илрэл нь гэвэл тэд тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг байхад мөс чанар, эрүүл ухаандаа л үндэслэн үйлддэг хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй байж болох ч бүртгэл дээрээ ямар ч муу дүнгүйгээр хөдөлмөрлөж, үүргээ гүйцэтгэж, Бурханы гэрт үлдэж чадна. Тэр нь юунаас хамаардаг вэ? Тэд Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгохын оронд мөс чанар, эрүүл ухааныхаа шалгуурт үндэслэн хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг. Тиймээс ингэж бодоод үзвэл, хэрвээ чи зүгээр л мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн үүргээ гүйцэтгэдэг бол үнэнийг эрэлхийлэх тэр хоёрын хооронд ялгаа байх биш үү? (Байна.) Мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн үүргээ гүйцэтгэх нь хөдөлмөрлөх төдийдөө сэтгэл ханах явдал; сайн хөдөлмөрлөх, үймээн, саад учруулахгүй байх, дуулгавартай дагаж, захирагдах, сайн зан авиртай, бусадтай сайн харилцаатай байх, бүртгэл дээрээ муу дүнгүй байх гэх мэт зүйлсийг өөрийнхөө стандарт болгох явдал юм. Тэр нь үнэнийг эрэлхийлэх түвшинд хүрч очих уу? Үгүй. Хүн хэчнээн сайн зан авиртай байх нь хамаагүй завхарсан зан чанарынхаа талаар ямар ч мэдлэггүй, Бурханы талаарх тэрслүү байдал, үзэл, буруу ойлголт, янз бүрийн сөрөг байдлаа ч огт мэддэггүй бол; тэдний хувьд эдгээр зүйлийг шийдвэрлэх боломжгүй байдаг бол; үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг ойлгох боломжгүй байдаг бол; гаргасан завхарсан зан чанарынхаа алийг ч шийдвэрлээгүй бол; биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, дураараа, цадиггүй, зальжин, ов мэхтэй хэвээр бөгөөд сөрөг, сул дорой болж, Бурханы талаар эргэлзэх үе ч байдаг бол—эдгээр зүйл тэдний дотор байсаар байдаг бол тэд Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагаж чадах уу? Тэдний дотор ийм завхарсан зан чанар байсаар байгаа бол Бурханы ажлыг үнэхээр туулж чадах уу? Хэрвээ хүн зүгээр л сайн зан авиртай бол тэр нь үнэний эрэл хайгуулын илрэл мөн үү? (Биш.) Хүнд байдаг хамгийн сайн зүйл юу вэ? Ердөө л хүний мөс чанар, эрүүл ухаан; эдгээр нь хоёрхон эерэг зүйл, хүнд байдаг магтууштай зүйлс. Гэхдээ энэ хоёрын аль нь ч үнэнтэй холбоогүй; хүний эрэл хайгуулын хамгийн үндсэн урьдач нөхцлөөс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл, хэрвээ чи хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг ойлгож чаддаг бол ямар нэг зүйл тохиолдоход зөв сонголт хийж чадна. Хүнд байдаг мөс чанар, эрүүл ухаан энэ: Бурхан бол бүтээлийн Эзэн, чи бол бүтээгдсэн зүйл; Бурхан чамайг сонгосон учраас Бурханы төлөө өөрийгөө зориулж, зарлагадах нь зүйтэй, Бурханы үгийг сонсох нь зүйтэй. Энэхүү “зүйтэй” гэдэг нь мөс чанар, эрүүл ухаанаар чинь тодорхойлогддог—гэхдээ чи Бурханы үгийг сонссон уу? Үйлдлийн чинь ард ямар зарчим, арга барил байдаг вэ? Чи завхарсан зан чанартай—чи үүнийгээ хаясан уу? Шийдвэрлэсэн үү? Тийм зүйлс “зүйтэй” гэдэгтэй ямар ч хамаагүй байдаг. Хэрвээ чи юу хийх нь зүйтэй, хэрхэн хийвэл зүйтэй вэ гэдгийн энэхүү үндэс сууриас хэтэрдэггүй, “зүйтэй” зүйлсийн хүрээнд л амьдардаг бол энэ нь мөс чанар, эрүүл ухааны чинь үр нөлөө биш үү? (Мөн.) “Бурхан намайг аварсан учраас би өөрийгөө Бурханы төлөө зарлагадах ёстой. Бурхан амийг минь аварч, хоёр дахь амь өгсөн тул Бурханы хайрыг хариулах нь зүйтэй. Бурхан бүтээлийн Эзэн, би бүтээгдсэн зүйл тул Бурханы зохицуулалтад захирагдах учиртай” гэж мөс чанар чинь чамд хэлнэ. Энэ нь мөс чанар, эрүүл ухааны чинь нөлөө биш үү? (Мөн.) Мөс чанар, эрүүл ухааны нөлөөгөөр хүмүүст бий болсон янз бүрийн зан авир, хэрэгжүүлэлтийн хэв маяг, хандлага, үзэл бодол нь мөс чанар, эрүүл ухааны зөнгөөрөө хийж чадах хүрээнээс хэтрэхгүй бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх явдлыг гүйцэхгүй. Тийм биз дээ? (Тийм.) Жишээлбэл, зарим хүн: “Бурханы гэр надад үүрэг гүйцэтгэх боломж олгосноороо намайг өргөмжилсөн, Бурханы гэр намайг хооллож, хувцаслаж, орон байраар хангадаг. Бурханы гэр миний амьдралд тал бүрээр санаа тавьдаг. Би Бурханы нигүүлслийг маш их эдэлсэн учраас Бурханы хайрыг хариулах ёстой; үүрэгтээ хааш яаш хандсанаар Бурханыг мэхлэх ёсгүй, үймүүлж, саад болсон зүйл хийж бүр ч болохгүй. Бурханы гэрээс надад зохицуулж өгсөн юунд ч захирагдахад би бэлэн байна. Бурханы гэр надаар юу ч хийлгэсэн би гомдоллохгүй” гэж хэлдэг. Иймэрхүү тунхаглал нь дажгүй; мөс чанар, эрүүл ухаантай хүний хувьд энийг хийх нь нэлээд амархан биш үү? (Тийм.) Энэ нь үнэнийг хэрэгжүүлэх түвшинд очиж чадах уу? (Чадахгүй.) Энэ нь үнэнийг хэрэгжүүлэхэд хүрэхгүй. Тиймээс хүн хэчнээн эрхэм мөс чанартай, хэвийн эрүүл ухаантай байсан ч, мөс чанар, эрүүл ухаандаа захирагдан бүхнийг хийж чаддаг байсан ч, үйлдэл нь хэчнээн зохистой, аятайхан байлаа ч, бусад хүн эдгээр үйлдлийг хэчнээн их биширч байлаа ч тэрээр сайн хүний зан авиртай байгаагаас цаашгүй. Тэдгээрийг хүний сайн зан авирын хүрээнд л ангилах боломжтой; үнэнийг хэрэгжүүлэхэд үндсэндээ хангалтгүй. Эрүүл ухаанд үндэслэн бусадтай харилцах үедээ үг хэл чинь арай илүү зөөлөн байж, бусад руу дайрч давшлахгүй, уурлахгүй, дарангуйлж, хянаж, дээрэлхэхгүй, эсвэл бусад хүнээс нээнтэг хайхгүй гэх мэт—эдгээр нь бүгд хэвийн хүн чанарын эрүүл ухаанаар хүрч болох зүйл—гэхдээ энэ нь үнэнийг хэрэгжүүлэхтэй холбоотой юу? Үгүй, холбоогүй. Тэдгээр нь хүний эрүүл ухаанаар хүрч болох зүйлс бөгөөд үнэнээс тодорхой хэмжээний зайтай байдаг.

Мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн үйлдэх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй хамаагүй гэж Би яагаад хэлдэг вэ? Би нэг жишээ хэлье. Жишээ нь нэг хүн чамд тусалдаг, чи тэр хүнтэй сайн харилцаатай бөгөөд тэр хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, дараа нь чамд сайн мэдээ түгээлээ—энэ нь Бурхан түүнийг ашиглан чамд сайн мэдээ түгээхтэй адилхан. Чи Бурханы шинэ ажлыг хүлээн авсныхаа дараа түүнд бүр ч их талархаж, хариу барихыг үргэлж хүснэ. Тиймээс чи юу ч хийсэн түүнд бага зэрэг эрх чөлөө өгч, тэдэнд юу ч хэлсэн үргэлж тун эелдэг хандаж, гойд хүндэтгэлтэй, тахимдуу, хүлээцтэй хандах бөгөөд түүнийг ямар ч муу зүйл хийсэн, зан төлөв нь ямар ч байсан тэвчээртэй, найрсаг хандаж, тэр ч байтугай бэрхшээл тулгараад тусламж гуйх бүрд нь болзолгүйгээр түүнд тусална. Яагаад тэр вэ? Үйлдэлд чинь юу нөлөөлж байна вэ? (Миний мөс чанар.) Энэ нь мөс чанарын чинь нөлөөгөөр хийгддэг. Мөс чанарын чинь нөлөөг эерэг, эсвэл сөрөг гэж хэлж болохгүй; чи мөс чанартай, бага зэрэг хүн чанартай бөгөөд хэн нэгэн чамд тусалбал талархаж, хариу барьдаг юм байна гэж л хэлж болно. Энэ өнцгөөс харвал чи дажгүй хүн юм. Гэхдээ үнэнийг ашиглан үүнийг хэмжих юм бол бид өөр дүгнэлтэд хүрч болно. Нэг л өдөр тэр хүн мууг үйлдэж, чуулганаас зайлуулагдах гэж байхад чи мөн л мөс чанараараа түүнийг хэмжиж, “Тэр бол надад сайн мэдээ түгээсэн хүн. Амьд байх хугацаандаа би түүний тусыг мартахгүй; тэр хүн байгаагүй бол би одоо энд байхгүй байх байсан. Тэр өнөөдөр мууг үйлдсэн ч гэсэн би илчилж болохгүй. Хийсэн зүйл нь буруу байсныг харсан ч гэсэн би тэгж хэлж чадахгүй, учир нь тэр хүн надад маш их тусалсан. Би түүнд хариу барьж чадахгүй байж болох ч дайрч давшилж болохгүй. Өөр хэн нэгэн түүнийг мэдээлэхийг хүсвэл тэгж болно, харин би мэдээлэхгүй. Би шархан дээр нь давс үрж чадахгүй—тэгэх юм бол би юу болох вэ? Мөс чанаргүй хүн болох биш үү? Мөс чанаргүй хүн бол зүгээр л араатан биш үү?” гэж хэллээ гэе. Юу гэж бодож байна? Иймэрхүү нөхцөл байдалд мөс чанар ямар нөлөө үзүүлж байна вэ? Мөс чанарын нөлөөгөөр үнэнийг зөрчиж байгаа биш үү? (Тийм.) Заримдаа хүний мөс чанарын нөлөө нь сэтгэл хөдлөлд хязгаарлагдаж, захирагддаг ба үүний үр дүнд тэдний гаргасан шийдвэр үнэний зарчимтай зөрчилддөг гэдгийг бид үүнээс харж болно. Ийнхүү хүний мөс чанарын нөлөө нь үнэний стандартаас доогуур бөгөөд заримдаа хүмүүс мөс чанартаа үндэслэн үйлдэх явцдаа үнэнд харшилдаг гэх баримтыг бид тодорхой харах боломжтой. Чи Бурханд итгэдэг ч үнэний дагуу амьдардаггүй, харин мөс чанартаа үндэслэн үйлддэг бол мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чадах уу? Чи үнэхээр зарим муу зүйлийг хийж чадна—мөс чанартаа үндэслэн үйлдэхэд хэзээ ч буруудахгүй гэж хэлж яасан ч болохгүй. Хэрвээ хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы хүсэлд нийцэхийг хүсвэл ердөө мөс чанартаа үндэслэн үйлдэх нь асар хангалтгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хүн Бурханы шаардлагыг биелүүлэхийн тулд үнэнд үндэслэн үйлдэх ёстой. Чи мөс чанараа үнэн мэт үзэж, бүхнээс дээгүүр гэж авч үзэх үедээ үнэнийг хаана тавьсан бэ? Чи үүнийг мөс чанараараа орлуулсан; энэ нь үнэнийг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Үнэнтэй зөрчилдөж байгаа биш үү? Хэрвээ чи мөс чанарынхаа дагуу амьдардаг бол үнэнийг зөрчих боломжтой, үнэнийг зөрчих нь Бурханыг эсэргүүцэх явдал юм. Бурханд итгэснийхээ дараа мөс чанараа өөрсдийнхөө үг, үйлдлийн стандарт болгож, мөс чанартаа үндэслэн биеэ авч явдаг олон хүн бий. Мөс чанартаа үндэслэн үйлдэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү, биш үү? Хүний мөс чанар үнэнийг орлож чадах уу? Мөс чанартаа үндэслэн үйлдэх нь үнэнд үндэслэн үйлдэхээс яг юугаараа өөр вэ? Зарим хүн үргэлж мөс чанартаа тулгуурлан үйлдэхээр зүтгэж, өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн мөн гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Хүний мөс чанарын мэдрэмж үнэнийг орлож чадах уу? (Чадахгүй.) Энэ хүмүүс ямар алдаа гаргаж байна вэ? (Үнэнийг зөрчиж байна, энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг.) Зөв өө. Тэд мөс чанарын мэдрэмжийг үнэнтэй адилтгаснаар үнэнийг зөрчихөд амархан болдог. Ийм хүн үргэлж мөс чанарынхаа стандартад тулгуурлан, мөс чанараа шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг. Тэд мөс чанартаа хүлэгдэж, захирагдахын сацуу эрүүл ухаан нь ч мөс чанартаа захирагддаг. Хэрвээ хүн мөс чанартаа захирагддаг бол үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж мөн л чадах уу? Чадахгүй. Тэгвэл мөс чанар үнэнийг орлож чадах уу? Чадахгүй. Зарим хүн: “Бид бусад хүмүүст яаж хандахаа хэмжихдээ мөс чанараа ашиглаж болохгүй, мөс чанараа үнэн гэж үзэж болохгүй юм чинь Бурханд хэрхэн хандахыг хэмжихдээ мөс чанарынхаа стандартыг ашиглах нь зөв үү?” гэж асууж магад. Энэхүү асуултыг бодолцон үзвээс зохилтой. Ямартай ч хүний мөс чанар үнэнийг орлож чадахгүй. Хэрвээ чи үнэнгүй бөгөөд мөс чанартаа үндэслэн Бурханд ханддаг бол хүний стандартын дагуу тэр нь зүгээр гэж тооцогдох боловч энэ стандартад тулгуурлаад чи Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж чадахгүй—хамгийн сайндаа л чи үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийж чадна, энэ нь өөрөө нэлээд сайн зүйл юм. Зарим хүн: “Бусад хүмүүст мөс чанараа ашиглах шаардлагагүй, Бурханд ч мөс чанараа ашиглах шаардлагагүй” гэх байх. Энэ зөв үү, үгүй юу? Хоосон сургаал болон онолын үүднээс энэ буруу юм шиг санагдаж байна, тийм үү? Тэгвэл үнэнийг ашиглаад хэмжээд үз—зөв харагдаж байна уу? Бурхан хүмүүст мөс чанараа ашиглан Өөрт нь хандаж болно гэж хэлдэг үү? Бурхан хүнээс юу шаарддаг вэ? Өөрт нь яаж хандахыг шаарддаг вэ? Чи мөс чанартай байж болох ч чин сэтгэлтэй юу? Чи мөс чанартай ч чин сэтгэлгүй бол тэр нь нэмэргүй. Хүн Өөрт нь чин сэтгэлээсээ хандахыг Бурхан шаарддаг. Библид “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх чадлаараа Бурхан Эзэнээ хайрла” (Марк 12:30) гэж бичигдсэн байдаг. Бурхан юу шаарддаг вэ? (Хүмүүс Бурханыг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлахыг.) Бурхан хүмүүсээс юу хүсдэг вэ? (Чин сэтгэлийг нь.) Зөв. Бурхан “Та нар Намайг мөс чанар, эрүүл ухаан, зөн совингоороо хайрлах ёстой” гэж хэлсэн үү? Бурхан тэгж хэлсэн үү? (Үгүй, тэгээгүй.) Бурхан яагаад тэгж хэлдэггүй вэ? (Мөс чанар бол үнэн биш учраас.) Мөс чанар гэж юу вэ? (Хүн чанарын хамгийн доод стандарт.) Тийм ээ, мөс чанар, эрүүл ухаан бол хүн чанарын хамгийн доод, хамгийн үндсэн стандарт юм. Хүн сайн уу, хүн чанартай юу гэдгийг яаж ялгаж болох вэ? Үүнийг яаж хэмжиж болох вэ? Юугаар хэмжих вэ? Хамгийн доод, хамгийн үндсэн стандарт бол хүн мөс чанартай, эрүүл ухаантай эсэх юм. Энэ нь хүн чанартай эсэхийг хэмжих стандарт мөн. Тэгвэл хүн үнэнийг эрэлхийлдэг эсэхийг хэмжих стандарт юу вэ? Хүн мөс чанартай, эрүүл ухаантай эсэхэд үндэслэн үнэнийг эрэлхийлдэг эсэхийг нь ялган таньж болно—энэ үг үнэн үү? Энэ зөв үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүнээс юу хүсдэг вэ? (Чин сэтгэл.) Бурхан хүний чин сэтгэлийг хүсдэг. Тэр чин сэтгэл юунаас бүрддэг вэ? Чин сэтгэлээ харуулахын тулд хүн юу хийх ёстой вэ? Хэрвээ хүн залбирах үедээ чин сэтгэлээ Бурханд өргөж байна гэж л хэлдэг ч дараа нь өөрийгөө Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаггүй, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэггүй бол тэр нь чин сэтгэл мөн үү? Тэр нь чин сэтгэл биш, ов мэх юм. Тэгвэл ямар зан авир чин сэтгэлийн илрэл вэ? Тодорхой хэрэгжүүлэлт нь юу вэ? Мэдэх үү? Энэ нь Бурханд дуулгавартай хандлага биш үү? (Мөн.) Хүн дуулгавартай хандлагатай байвал л чин сэтгэлтэй байна. Энэ нь мөс чанараас хавьгүй илүү давуу биш үү? Хүний мөс чанар, эрүүл ухаан чин сэтгэлд дөхөж ч очихгүй, тэдгээрийн хооронд зай байдаг. Хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаан нь өөрсдийн оршин тогтнол, хэвийн амьдрал, бусад хүмүүстэй харилцах харилцааг хадгалах хамгийн үндсэн нөхцөлөөс хэтрэхгүй. Хэрвээ хүмүүс мөс чанар, эрүүл ухаанаа алдвал хамгийн энгийн түвшинд ч оршин тогтнож, хэвийн амьдралтай байж, бусадтай харилцаж чадахгүй. Ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс буюу тэр ёрын муу хүмүүсийг л хар—энэ бүлэг дотроос тэдэнтэй дуртайяа харилцах хүн байна уу? (Байхгүй.) Хэн ч тэдэнтэй харилцахыг хүсэхгүй. Тэдэнтэй харилцах үед хүмүүст ямар санагдах вэ? Жигшиж, зэвүүцэж, бүр айж, тэдэнд хязгаарлагдаж, хүлэгдэж ч магадгүй. Тийм хүмүүст хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, хэн ч тэдэнтэй харилцахыг хүсдэггүй. Надад хэл дээ, Бурхан энэ хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Хэрвээ ёрын муу хүн өөрийг нь гомдоосон хэн бүхэнд хандан “Нөхцөл байдал нь бүрдэх л юм бол би чамайг ална, чамайг үгүй хийнэ!” гэж хэлбэл тэр үүнийг үнэхээр хийж чадах эсэхээс үл хамааран тийм юм хэлж чадна гэдэг нь түүнийг ёрын муу хүн болгох биш үү? (Тэгнэ.) Тэгэхээр үг нь бусдад айдас хуруулдаг тэр ямар төрлийн хүн бэ? Мөс чанар, эрүүл ухаантай хүн мөн үү? (Биш.) Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс хүн чанартай юу? (Үгүй.) Ямар ч хүн чанаргүй ёрын муу хүнтэй хэн харилцаж зүрхлэх юм бэ? Ёрын муу хүмүүс бусад хүнтэй хэвийн харилцаатай байдаг уу? (Үгүй.) Бусадтай харилцах харилцааных нь нөхцөл байдал юу вэ? Хүн бүр тэднээс айдаг, бүгд тэдэнд хязгаарлагдаж, захирагддаг—тэд уулзсан хүн болгоноо дээрэлхэж, хүн бүрийг шийтгэхийг хүсдэг. Тийм хүмүүс хэвийн хүн чанартай юу? Мөс чанар, эрүүл ухаангүй ийм төрлийн хүнтэй хэн ч харилцаж зүрхэлдэггүй. Тэд бүр хэвийн хүний амьдралаар ч амьдарч чаддаггүй тул диавол, араатнуудаас өөрцгүй. Олны дунд байхдаа тэд үргэлж бусад руу дайрч давшилж, нэг хүнийг шийтгээд, дараа нь өөр нэгийг шийтгэдэг. Эцэст нь хүн бүр тэднээс зай барьж, тэднээс зайлсхийдэг. Тэд хэчнээн аймшигтай вэ! Тэд бүр хэвийн хүний харилцаатай байж ч чадахгүй, бүлгийн дотор хөлөө олж ч чадахгүй—тэд ер нь юу вэ? Тийм хүмүүст хүн чанар ч байдаггүй—тэд үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Ямар төрлийн хүмүүс хүн чанаргүй байдаг вэ? Араатан, диаволууд. Бурхан Өөрийнхөө илэрхийлсэн үнэнийг араатан, диаволуудад биш, хүнд өгдөг. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс л хүн гэж нэрлэгдэхэд тохирно. Надад дахиад хэл дээ: Хүн хэвийн хүн чанарыг бүрэн амьдран харуулахад мөс чанар, эрүүл ухаантай байхад л болох уу? Хүмүүс завхарсан зан чанартай учраас зай байсаар байдаг гэж хэлж болно. Тэд завхарсан зан чанараасаа ангижирч, хэвийн хүн чанарыг амьдран харуулахаасаа өмнө үнэнийг эрэлхийлэх ёстой. “Би мөс чанар, эрүүл ухаантай. Ёрын мууг хийхгүй байх л юм бол үнэний бодит байдалтай болно” гэж зарим хүн хэлж магадгүй. Энэ зөв үү? Хүн мөс чанартай, эрүүл ухаантай байна гэдэг нь аль хэдийн үнэнийг эрэлхийлж байгаа гэсэн үг биш—мөс чанар, эрүүл ухаанаараа амьдарч байгаа гэсэн үг ч биш. Тэгвэл мөс чанар, эрүүл ухаан гэж яг юу юм бэ? Хүний мөс чанар, эрүүл ухаан нь үнэнийг эрэлхийлэхийн тулд хүмүүст байх ёстой хүн чанарын хамгийн үндсэн тэмдэг, шинж чанар төдий юм. Энэ хоёрын дагуу амьдарна гэдэг нь хүн үнэнийг эрэлхийлж байгаа гэсэн үг биш бөгөөд үнэний бодит байдалтай гэдгийг нь бүр ч нотлохгүй. Миний дөнгөж сая ярьсан жишээнээс, хүн мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдвэл үнэн болон зарчмыг зөрчих магадлалтай гэдгийг харж болно. Тэд Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон эдгээр зүйлийг хийх стандартаас хамаагүй хол хэвээр байна. Тиймээс чи хэчнээн мөс чанартай байсан ч, эрүүл ухаан чинь хэчнээн хэвийн байсан ч Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж чадахгүй бол үнэнийг эрэлхийлж байгаа биш. Үүний адилаар мөс чанар, эрүүл ухааны зөн совингийнхоо цар хүрээнд хэчнээн их зовж, хөдөлмөрлөх чинь хамаагүй, чамайг үнэнийг эрэлхийлж байна гэж хэлж болохгүй.

Бид дөнгөж сая гурван зүйлийг задлан шинжилсэн нь бүгд үнэний эрэл хайгуулын талаарх хүмүүсийн өрөөсгөл хандлага, буруу ойлголт байсан. Тэр гурван зүйл юу байсныг Надад хэл дээ? (Эхнийх нь, хүмүүс өөрсдийнхөө үзлээр сайн, зөв, эерэг гэж үздэг зүйлээ үнэнтэй эндүүрч, тэдгээрийг стандартаа болгож—хүнд тавьдаг Бурханы шаардлага, Бурханы үгийн шаардлага болон стандартыг орлуулж—дараа нь тэдгээр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг. Хоёр дахь нь, эндүү ташаа ойлголттой зууралдсан суурин дээрээ хүмүүс хүсэл, санаархал өвөрлөх зуураа Бурхантай наймаа хийхээр оролддог. Бурханыг сэтгэл хангалуун, баяр баясгалантай болгосны дараа Бурхан өөрсдөд нь амлалтаа өгнө гэж хүмүүс боддог. Гурав дахь нь, өөрсдийнхөө мөс чанар, эрүүл ухаанд үндэслэн биеэ авч явж, үйлдсэнээр аль хэдийн үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хүмүүс боддог.) Энэ гурвыг хойш тавивал үнэнийг эрэлхийлэх нь яг юу гэсэн үг вэ? Үнэний эрэл хайгуулын талаарх тодорхойлолтдоо буцаад очъё: “Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.” Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох, үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ гэдгийг хүмүүст ойлгуулахад эдгээр үг хангалттай. Бид үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох талаар аль хэдийн маш их ярьсан. Тэгвэл хүн яаж үнэнийг эрэлхийлэх вэ? Бид одоо ч, өмнө нь ч энэ талаар асар их нөхөрлөсөн: Хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж байгаа эсэх чинь хамаагүй, энэ нь Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгох ёстой. Тэр нь үнэний эрэл хайгуул юм. Эдгээр үгтэй хамааралгүй бусад бүх зүйл нь үнэний эрэл хайгуул биш. Мэдээж “тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх” нь хүний завхарсан зан чанарт чиглээгүй бол хүний зарим бодол санаа, үзэл бодол, үзлийг хөнддөг. Хэрвээ энэ нь эдгээр зүйлийг хөндөж, хүнд үнэний зарчмын дагуу хэрэгжүүлэх, Бурханы үг болон үнэнд захирагдах боломж олгох зорилготой бол мэдээж тэр нь үүний эцсийн үр нөлөө байх болно. “Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх” гэдэг нь нэлээд тодорхой, илэрхий бөгөөд эцэстээ хүмүүст өгдөг зам нь хэрэгжүүлэлтийнхээ өрөөсгөл хандлагаас ангижирч, хүсэл, санаархлаа орхих боломжийг хүмүүст олгодог. Үүний зэрэгцээ хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү, хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай гэсэн итгэл үнэмшлийнхээ ард нуугдан амьдарч, үүнийгээ ашиглан Бурханы үгийг үндэс сууриа болгох, үнэнийг шалгуураа болгох хэрэгжүүлэлтийн зарчмыг орлуулах ёсгүй. Чи ямар ч шалтгаантай байсан, ямар ч сайн тал, давуу талтай байсан, тэдгээр нь Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх явдлыг орлоход хангалтгүй юм. Тэр бол гарцаагүй. Эсрэгээрээ, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх эхлэлийн цэг чинь тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг хэрэгжүүлэлтийн зарчмын дагуу байвал чи үнэнийг хэрэгжүүлж байна, эс бөгөөс чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Товчхондоо хүмүүс хүний үзэл, төсөөлөл дунд амьдарч, наймаа хийх санаархалтай үйлдэж, эсвэл өөрсдийгөө асар ёс суртахуун сайтай гэх итгэл үнэмшлээрээ үнэний эрэл хайгуул, үнэний хэрэгжүүлэлтийг тогтмол орлуулах—ийм арга зам нь бүгд мунхаг юм. Эдгээрийн аль нь ч үнэний эрэл хайгуулын илрэл биш бөгөөд эцэстээ эдгээр мунхаг хандлагын үр дүн нь хүмүүс үнэнийг ойлгодоггүй, Бурханы хүслийг ухамсарлаж чаддаггүй, авралын замаар алхаж чаддаггүй явдал байх болно. Ойлгов уу? (Ойлголоо.) Мэдээж үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн дундаас—аврагдаж чадахгүй хүмүүсээс гадна—үйлчлэл үзүүлэгч байхад бэлэн байдаг зарим хүн бий, тэд амьд үлдэнэ. Энэ нь нэлээд дажгүй бөгөөд үнэнийг эрэлхийлэхгүй байхын өөр нэг сайн сонголт гэж үзэж болно. Аль замыг тусгайлан сонгох чинь та нараас хамаарна. Магадгүй зарим хүн “Энэ бүх нөхөрлөлийн дараа Та бидэнд хүмүүс, зүйлсийг яаж харах, эсвэл яаж биеэ авч явж, үйлдэхийг хэлж өгсөнгүй” гэх байх. Би хэлээгүй гэж үү? (Та хэлсэн.) Хүн юуны дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой вэ? (Бурханы үгийн дагуу.) Юуг шалгуураа болгох вэ? (Үнэнийг шалгуураа болгож.) Тэгвэл Бурханы үг юу вэ? Үнэн хаана байна вэ? (Бурханы үг бол үнэн.) Бурханы маш олон үг байдаг, тэдгээр нь хүмүүс, зүйлсийг яаж харж, хэрхэн биеэ авч явж, үйлдэхийг бүх талаар хүмүүст хэлдэг учраас бид одоо үүнийг дэлгэрэнгүй ярихгүй. Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг дахиад нэг уншаад үз. (Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? “Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.”) Та нар эдгээр үгийг зүрх сэтгэлдээ сийлж, амийнхаа уриа лоозон болгох ёстой. Үүнийг байнга гаргаж ирж, тунгаан бодож, бодолцон үз; зан авир, амьдралын хандлага, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, санаархал, зорилгоо тэдгээртэй харьцуулан шалга. Тэгвэл чи жинхэнэ байдал чинь юу болох, чиний гаргадаг зан чанарын мөн чанар юу болохыг тодорхой мэдэрч чадна. Тэдгээрийг энэ үгтэй харьцуулж, энэ үгийг өөрсдийнхөө хэрэгжүүлэлтийн зарчим, хэрэгжүүлэлтийн зам, чиглэл болго. Ийм маягаар эрэлхийлэх үедээ, эдгээр үгэнд бүрэн орж, амьдран харуулж чадах үедээ чи үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгоно. Мэдээж эдгээр үгийн бодит байдалд орох үедээ чи үнэнийг эрэлхийлэх замд аль хэдийн орсон байх болно. Үнэнийг эрэлхийлэх замд орох үед үүнээс юу үүдэн гарах вэ? Завхарсан зан чанарын самуурал, хяналт, хязгаарлалтаас үүдсэн зовуурь шаналал улам бүр хөнгөрнө. Яагаад тэр вэ? Учир нь чамд завхарсан зан чанараа шийдвэрлэх зам байгаа, аврагдах найдвар байгаа гэдгийг чи мэдэрнэ. Тэр үед л чи Бурханд үнэхээр итгэж, Бурханы үгийг идэж, уух амьдрал нь сэтгэл ханамжтай, амар амгалан, баяр хөөртэй гэдгийг мэдэрнэ. Бурханд олон жил итгэсний дараа, үнэнийг хайрладаггүй хүмүүст амьдрал нь маш хоосон, найдах зүйл юу ч үгүй мэт санагддаг. Ихэнхдээ тэдэнд завхарсан зан чанараар амьдрах нь үнэхээр шаналгаатай санагддаг бөгөөд үүнээс салахыг хүссэн ч чаддаггүй. Тэд завхарсан зан чанартаа үүрд хязгаарлагдаж, хүлэгдэж, баригдаж, энэ нь асар их зовлон шаналал учруулдаг ч тэдэнд дагах зам огт байдаггүй. Тэдний энэ гашуун зовлонгийн өдрүүд эцэс төгсгөлгүй. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч, аврал хүртэж чадах юм бол энэ гашуун зовлонгийн өдрүүд нь өнгөрөн одно. Гэсэн хэдий ч энэ бүхний үр дүн та нарын ирээдүйн эрэл хайгуул, оролтоос хамаарна.

2022 оны 1-р сарын 29

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих