Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (3) (I хэсэг)
Өнөө үед үүрэг гүйцэтгэж буй хүмүүс улам завгүй болсоор байна. Тэдэнд цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч, цаг хүрэлцэхгүй байгаа мэт санагддаг. Яагаад тэр вэ? Үнэндээ тэд одоо үнэнийг ойлгож, олон зүйлийг мэддэг болсноос энэ нь үүдэлтэй. Тэд хариуцлагаа улам бүр ухамсарлаж, үүргээ улам махран гүйцэтгэж, бүр ч их нарийн ширийн ажил хийж байна. Тиймээс тэдэнд өөрсдийнх нь биелүүлэх ёстой үүрэг улам их байна гэж санагддаг. Тийм ч учраас тэд үүргээ гүйцэтгээд улам завгүй болсоор байгаа. Үүнээс гадна, үүрэг гүйцэтгэдэг ихэнх хүн өдөр бүр Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөх ёстой. Тэд өөрсдийгөө эргэцүүлж, асуудал тулгарах үед уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Түүнчлэн мэргэжлийн зарим ур чадварт суралцах ёстой. Тэдэнд үргэлж цаг хүрэлцэхгүй, өдөр бүр хэтэрхий хурдан өнгөрч байгаа мэт санагддаг. Шөнөдөө тэд тухайн өдөр юу хийснээ тунгаан боддог бөгөөд өөрсдийнх нь хийсэн зүйл төдийлөн үнэ цэнгүй, олигтой үр дүнд хүрээгүй мэт санагддаг. Хэтэрхий бага биеийн хэмжээтэй, дутуу дулимаг гэдгээ мэдэрч, биеийн хэмжээгээ хурдхан өсгөхийг эрмэлздэг. Зарим нь “Энэ ажил хэзээ завгүй байхаа болих юм бол? Би хэзээ зүрх сэтгэлээ тайван байлгаж, зохих ёсоор Бурханы үгийг уншиж, өөрийгөө үнэнээр зэвсэглэж чадах бол? Долоо хоногийн ганц хоёр цуглаанаас олж авдаг зүйл үнэхээр хязгаарлагдмал. Бид илүү их цуглаж, илүү олон номлол сонсох ёстой, тэр л үнэнийг ойлгох цорын ганц зам” гэдэг. Тиймээс тэд хүлээж, хүсэн эрмэлздэг бөгөөд нүд ирмэхийн зуур гурав, дөрөв, таван жил өнгөрч, цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч байгааг тэд мэдэрдэг. Зарим хүн арав гаруй жил итгэснийхээ дараа ч нэг их туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй. Тэд түгшиж, хаягдах вий хэмээн айж, өөрсдийгөө илүү их үнэнээр хурдхан зэвсэглэхийг хүсдэг. Тийм учраас цаг давчуу болохыг мэдэрдэг. Ингэж боддог хүн олон бий. Үүрэг гүйцэтгэх ачаа үүрдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч байгаа мэт санагддаг. Үнэнийг хайрладаггүй, тав тух, зугаа цэнгэлд шунадаг хүмүүс цаг хугацаа хурдан өнгөрч байгааг мэдэрдэггүй; зарим нь бүр “Бурханы өдөр хэзээ ирэх юм бэ? Бурханы ажил төгсгөлдөө очиж байгаа гэж тэд үргэлж хэлдэг—яагаад одоо хүртэл дуусаагүй байгаа юм бэ? Бурханы ажил хэзээ орчлон ертөнц даяар өргөжих юм бэ?” гэж гомдоллодог. Ийм зүйл хэлдэг хүмүүст цаг хугацаа дэндүү удаан өнгөрч байгаа мэт санагддаг. Зүрх сэтгэлдээ тэд үнэнийг сонирхдоггүй; дэлхий ертөнц рүү буцан очоод, өөрийнхөө амьдралаар амьдрахыг үргэлж хүсдэг. Тэдний энэ байдал үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийнхээс илт өөр. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч гэсэн өөрсдөд нь тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг, сонссон номлолынхоо ойлгомжгүй зүйлийн талаар нөхөрлөж, өдөр бүр өөрийнхөө гүйцэтгэлийг эргэцүүлэхийн тулд зүрх сэтгэлээ тайван байлгаж, дараа нь Бурханы үгийг тунгаан бодож, туршлагын гэрчлэлийн видео үздэг. Тэд үүнээс юм олж авдаг. Үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч энэ нь тэдний амийн оролтод огтхон ч саад болдоггүй, амийн оролтыг нь саатуулдаг ч үгүй. Үнэнийг хайрладаг хүмүүс аяндаа ингэж хэрэгжүүлдэг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс үүрэгтээ хэчнээн завгүй байсан ч, өөрсдөд нь юу ч тулгарсан үнэнийг эрж хайдаггүй бөгөөд өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахын тулд Бурханы өмнө өөрийгөө тайван байлгахыг хүсдэггүй. Тиймээс тэд үүргээ гүйцэтгээд завгүй байсан ч, эсвэл зав чөлөөтэй байсан ч үнэнийг эрэлхийлдэггүй. Үнэн хэрэгтээ хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх зүрх сэтгэлтэй, үнэнийг хүсэн эрмэлздэг, амь руу орох, зан чанараа өөрчлөх ачаа үүрдэг бол үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байлаа ч зүрх сэтгэлдээ Бурханд ойртож, Бурханд залбирна. Тэд Ариун Сүнснээс зарим гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах нь гарцаагүй бөгөөд тэдний амь тасралтгүй өснө. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй, амь руу орох юм уу зан чанараа өөрчлөх ямар ч ачаа үүрдэггүй бол, эсвэл эдгээр зүйлийг сонирхдоггүй бол юу ч олж авч чадахгүй. Ямар завхрал харуулж байгаагаа эргэцүүлэх нь хаана ч, хэзээ ч хийж болох зүйл юм. Жишээлбэл, хүн үүргээ гүйцэтгэх явцдаа завхрал харуулдаг бол зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа мэдэж авч, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Энэ бол зүрх сэтгэлийн асуудал; хийж буй ажилд огт нөлөөлдөггүй. Үүнийг хийхэд амархан уу? Энэ нь үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхээс чинь хамаардаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс амийн өсөлтийн асуудлыг сонирхдоггүй. Тэд ийм зүйлсийг бодолцож үздэггүй. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л амийн өсөлтөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг; зөвхөн тэд л бодитоор оршин байдаг асуудлуудыг дандаа тунгаан бодож, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайх талаар боддог. Үнэндээ асуудлыг шийдвэрлэх болон үнэнийг эрэлхийлэх үйл явц нь адилхан зүйл юм. Хэрвээ хүн үүргээ гүйцэтгэх явцдаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад байнга анхаарч, хэдэн жил тэгж хэрэгжүүлээд нэлээд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бол үүргийн гүйцэтгэл нь стандартад нийцэх нь дамжиггүй. Тийм хүмүүс завхрал харуулах нь хавьгүй бага, тэд үүргээ гүйцэтгэхдээ олон бодит туршлага хуримтлуулсан байдаг. Тийнхүү тэд Бурханыг гэрчилж чаддаг. Тийм хүмүүс анх үүргээ гүйцэтгэхээс эхлээд Бурханыг гэрчилж чаддаг болох хүртлээ яаж туршлагажсан бэ? Тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад түшиглэн туршлага хуримтлуулсан. Тийм учраас үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үүргээ зарчмын дагуу амжилттай гүйцэтгэх ба үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадна. Энэ бол амиа өсгөх үйл явц, мөн үнэн-бодит байдалд орох үйл явц юм. Зарим хүн үүргээ гүйцэтгээд маш завгүй байгаа болохоор үнэнийг эрэлхийлэх цаг гарсангүй гэж үргэлж хэлдэг. Энэ бол худлаа. Үнэнийг эрэлхийлдэг хүн ямар ч ажил хийж байсан, асуудлыг олж мэдмэгцээ үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгож, олж авна. Ингэх нь гарцаагүй. Өдөр бүр цугласнаар л үнэнийг ойлгож болно гэж боддог олон хүн бий. Энэ бол хамгийн буруу. Үнэн бол зүгээр нэг цуглаж, номлол сонсоод ойлгож чадах юм биш, хүн бас Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах хэрэгтэй, мөн асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэх үйл явц байх хэрэгтэй. Хамгийн чухал нь үнэнийг эрж хайж сурах ёстой. Үнэнийг хайрладаггүй хүмүүс ямар ч асуудалтай тулгарсан, үнэнийг эрж хайдаггүй; үнэнийг хайрладаг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч үнэнийг эрж хайдаг. Тиймээс, үүргээ гүйцэтгээд маш завгүй байгаа болохоор цуглаан хийх цаг гардаггүй, улмаар үнэний эрэл хайгуулаа хойш тавих ёстой болдог хэмээн гомдоллодог хүмүүс бол үнэнийг хайрлагсад биш гэж баттай хэлж болно. Тэд бол сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй утгагүй ойлголттой хүмүүс юм. Тэд Бурханы үгийг унших юм уу номлол сонсох үедээ яагаад тэрийгээ үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлж, дадлагажуулж чаддаггүй юм бэ? Яагаад Бурханы үгийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд үнэнийг хайрладаггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг, тиймээс үүргээ гүйцэтгэхэд нь ямар ч бэрхшээл тулгарсан, тэд үнэнийг эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй. Энэ хүмүүс бол үйлчлэл үзүүлэгчид гэдэг нь илэрхий байна. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсэж болох ч хэв чанар нь дэндүү муу байдаг. Тэд бүр амьдралаа ч олигтой зохицуулж чаддаггүй; хоёр, гурван хийх юм байвал алийг нь эхлээд, алийг нь сүүлд хийхээ мэддэггүй. Хоёр, гурван асуудал тулгарвал яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, толгой нь эргэдэг. Тийм хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад амжилт гаргаж чадах уу? Тэгэх албагүй, учир нь тэдний хэв чанар дэндүү муу. Олон хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч Бурханд арав, хорин жил итгэчхээд ямар ч туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй, ямар ч үнэнийг олж аваагүй байдаг. Үүний гол шалтгаан нь тэдний хэв чанар дэндүү муу. Хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх нь үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байх, эсвэл хэр их цаг завтай байхтай хамаагүй; зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг эсэхээс нь хамаардаг. Үнэндээ хүн бүрд адилхан арвин цаг хугацаа бий; хүн бүр цагийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь л ялгаатай. Үнэнийг эрэлхийлэх цаг алга гэж хэлдэг хэн боловч махан биеийн зугаа цэнгэлд цагаа үрж, эсвэл гадаад хүчин чармайлт гаргаад завгүй байх боломжтой. Тэд асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад тэр цагаа зарцуулдаггүй. Эрэл хайгуулаа цалгардуулдаг хүмүүс ийм байдаг. Энэ нь тэдний амийн оролтыг асар их саатуулдаг.
Сүүлийн хоёр цуглаанаар бид “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” хэмээх сэдэв болон уг сэдвээс үүдэлтэй зарим нэг нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөлөө. Сүүлийн цуглаан дээр нөхөрлөсөн зүйлээ эхлээд авч үзэцгээе. Бид “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэдгийг үнэн зөв тодорхойлж, дараа нь үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохтой холбоотой зарим тодорхой асуудал, хүмүүсийн зарим зан авирын талаар үргэлжлүүлэн нөхөрлөсөн. Өнгөрсөн удаагийн цуглаан дээрх нөхөрлөлийн хамгийн сүүлийн зүйл юу байсан билээ? (Бурхан нэг асуулт тавьсан: Хүний сайн, зөв гэж үздэг зүйл нь үнэн биш байхад хүн яагаад тэдгээрийг үнэн мэт эрэлхийлсээр байдаг вэ?) Хүний сайн, зөв гэж үздэг зүйл нь үнэн биш байхад хүн яагаад тэдгээрийг үнэн мэт баримтлахын сацуу өөрийгөө үнэнийг эрэлхийлж байна гэж боддог юм бэ? Бид өнгөрсөн удаад энэ асуулттай холбоотой гурван зүйлийн талаар нөхөрлөсөн. Эхнийх нь: Хүний эрэлхийлдэг эдгээр зүйл үнэн биш, тэгвэл хүн яагаад тэдгээрийг үнэн мэт хэрэгжүүлсээр байдаг юм бэ? Учир нь хүний хувьд өөрийнх нь зөв, сайн гэж үздэг зүйлс үнэн гэж санагддаг болохоор хүн өөрийнхөө сайн, зөв гэж боддог зүйлийг үнэн мэт эрэлхийлдэг. Ингэж хэлбэл ойлгомжтой байгаа биз дээ? (Тийм ээ.) Тэгвэл энэ асуултын зөв хариулт юу вэ? Хүмүүс өөрсдийнхөө зөв, сайн гэж боддог зүйлийг үнэн мэт баримталдаг бөгөөд ингэснээрээ үнэнийг эрэлхийлж байна гэж боддог. Энэ нь бүрэн гүйцэд хариулт мөн үү? (Мөн.) Хоёр дахь нь: Өөрийнхөө зөв, сайн гэж боддог зүйлсийг үнэн гэж баримтлахдаа хүн яагаад өөрийгөө үнэнийг эрэлхийлж байгаа гэж боддог вэ? Үүнд ингэж хариулж болно: Учир нь хүнд ерөөгдөх хүсэл байдаг. Хүн өөрийнхөө зөв, сайн гэж үздэг зүйлээ хүсэл, санаархал өвөрлөн эрэлхийлдэг учраас өөрийгөө үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлж байна гэж боддог. Мөн чанартаа энэ нь Бурхантай наймаа хийхээр оролдож буй хэрэг юм. Гурав дахь нь: Хэрвээ хүн хэвийн мөс чанар, эрүүл ухаантай бол үнэнийг ойлгохгүй тохиолдолд мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу үйлдэхээр зөнгөөрөө сонгож, зохицуулалт, хууль, дүрэм журам гэх мэтийг даган мөрдөнө. Хүн мөс чанартаа эерэг, бүтээлч, хүн чанарт нь нийцдэг гэж үздэг зүйлсээ үнэн хэмээн зөнгөөрөө баримталдаг гэж хэлж болно. Хүний мөс чанар, эрүүл ухааны цар хүрээнд үүнд хүрэх боломжтой. Бурханы гэрт хэвийн хөдөлмөрлөж чаддаг олон хүн бий; тэд хэвийн мөс чанар, эрүүл ухаантай учраас үйлчлэл үзүүлж, Бурханы гэрийн зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг. Ерөөл хүртэхийн тулд тэд бүр зовлон туулж, ямар ч төлөөс төлнө. Тиймээс хүн мөс чанар, эрүүл ухааныхаа хүрээнд хүрч чадах зүйлсээ үнэний хэрэгжүүлэлт, эрэл хайгуул гэж үздэг. Эдгээр нь тэр асуултад хариулах гурван үндсэн хэсэг юм. Өнгөрсөн удаа бид энэ гурван хэсгийн талаар ерөнхийд нь нөхөрлөсөн; өнөөдөр бид энэ гурван зүйлийн орхигдуулсан асуудлын талаар тодорхой, дэлгэрэнгүй нөхөрлөж, тус бүрээс нь үүдэн гардаг асуудлууд болон элемент нь дор бүрдээ үнэний эрэл хайгуулаас хэр ялгаатай, үүнтэй хэр зөрчилддөгийг задлан шинжилнэ, ингэснээр та нар үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох, тэр эрэл хайгуулыг яг яаж хэрэгжүүлэх ёстой талаар илүү тодорхой мэдэж авна. Ингэх нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа үнэнийг зөв хэрэгжүүлж, эрэлхийлэхэд илүү сайн түлхэц болно.
Эхлээд эхний зүйлийн талаар нөхөрлөцгөөе. Энгийнээр хэлбэл, эхний зүйлийн талаарх нөхөрлөл маань хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл дээр төвлөрнө. Бидний нөхөрлөл яагаад тэр агуулга дээр төвлөрөх ёстой вэ? Тэр агуулга ямар асуудал үүсгэдэг вэ? Юун түрүүнд тэр талаар сайн бодоод үз. Цуглаан дээр энэ талаар зохих ёсоор нөхөрлөөгүй бол та нар үнэн зөв мэдлэгтэй болж чадах байсан уу? Хэрвээ бид энэ талаар тодорхой нөхөрлөл хийгээгүй, та нар зүгээр л өөрсдөө тунгаан бодсон бол, эсвэл цаг гарган үүнийг туулж, мэдэж авсан бол яах вэ? Тэгвэл та нар энэ агуулга ямар үнэнтэй холбоотойг мэдэх байсан уу? Тунгаан бодоод эдгээрийг олж мэдэж чадах байсан уу? (Үгүй.) Эхлээд “хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл” гэх хэллэгийн үгчилсэн утгыг бодож үзээд, энэ талаарх мэдлэг чинь хэр гүн болохыг харъя. Юун түрүүнд бидний нөхөрлөх гэж байгаа энэ хэллэгийн чухал хэсэг нь юутай холбоотой вэ? Та нар хэлж чадах уу? Энэ нь хийсвэр үг биш гэж үү? Үүнд нууц бий юу? (Энэ нь хүний үзэл, төсөөлөлд чиглэдэг.) Наадах чинь ерөнхийд нь хэлж байна; жишээ хэл дээ. (Хүн өөрийгөө орхиж, зарлагадаж, зовж, төлөөс төлж чадаж байгаа цагт Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж өөрийнхөө үзлээр боддог. Ачлал энэрэл, эмэгтэйчүүд нөхөртөө үйлчилж, үр хүүхдүүдээ өсгөх гэх мэт зарим уламжлалт соёл ч бас бий. Хүмүүс эдгээрийг ч бас сайн зүйл гэж үздэг.) Чи цөөн хэдийг нь хэллээ. Та нар гол санааг нь ойлгов уу? Ямар хэсгүүд бидний энэ сэдэвтэй холбоотой вэ? (Орхих, зарлагадах, зовох, төлөөс төлөх.) (Ачлал энэрэл, эмэгтэйчүүд нөхөртөө үйлчилж, үр хүүхдүүдээ өсгөх.) Тийм ээ. Дахиад бий юу? (Фарисайчуудын адилаар үнэн сүсэг, тэвчээр, хүлээцтэй байдлаа харуулах.) Номхон даруу байдал, тэвчээр, хүлээцтэй байдал—энэ нь цөөн хэдэн тодорхой, зан авирын илэрхийлэл, үг хэллэгтэй холбоотой. Бид нэгэнт ийм агуулгын талаар нөхөрлөх гэж байгаа учраас тодорхой үг хэллэг ашиглан дэлгэрэнгүй нөхөрлөсөн нь дээр. Бид тэр асуултад ингэж анхаарлаа хандуулбал хүмүүс илүү үнэн зөв, нарийн ойлголттой болж чадна. Одоогийн байдлаар та нар ямар ч сэжүүр өгч чадаагүй учраас Би шууд нөхөрлөл хийе, за юу? (За.) Хятадын таван мянган жилийн соёл бол “өргөн уудам, гүн гүнзгий”, элдэв янзын түгээмэл үг хэллэг, хэлц үгээр дүүрэн. Энэ нь бас Күнз, Мэнз гэх мэт үй олон магтагдсан “эртний мэргэдтэй.” Тэд Хятадын уламжлалт соёлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг Күнзийн сургаалыг бий болгосон. Хятадын уламжлалт соёлд үе үеийн хүмүүсийн дүгнэн нэгтгэсэн хэл, үгсийн сан, үг хэллэг олон байдаг. Зарим нь эртний зүйлийг хөнддөг, зарим нь үгүй; зарим нь энгийн ардуудаас гаралтай, бусад нь алдартай хүмүүсээс үүдэлтэй байдаг. Та нар уламжлалт соёлд тийм ч дуртай биш, эсвэл бүдүүлэг уламжлалт соёлоосоо хөндийрсөн байж магадгүй, аль эсвэл та нар дэндүү залуу болохоор Хятадын “өргөн уудам, гүн гүнзгий” уламжлалт соёлыг хараахан гүн гүнзгий судалж, шинжлээгүй, тийм учраас энэ талаар хараахан мэдэхгүй, тийм зүйлсийг ойлгохгүй байж магадгүй. Тэр нь үнэндээ сайн хэрэг. Хэдийгээр хүн үүнийг ойлгодоггүй байж болох ч уламжлалт соёл нь хүний бодол, үзэлд далдуур нөлөөлж, халдварладаг. Хүмүүс эцэст нь өөрийн мэдэлгүй тэдгээр зүйлийн дагуу амьдардаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн буюу хүний эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн уламжлалт соёл хүн хэрхэн ярьж, үйлдэж, биеэ авч явах ёстой талаар элдэв янзын олон юм хэлдэг. Хүмүүс хэдийгээр уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэгийн талаар өөр өөр ойлголт, үзэл бодолтой байж болох ч уламжлалт соёлын тийм зүйлсийн талаар ерөнхийдөө итгэлтэй байдаг. Энэ ажиглалтаас үзвэл хүн төрөлхтний амьдрал, оршин тогтнол, мөн хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлдөг эх сурвалж нь бүгд уламжлалт соёлын зүйлс юм. Хэдийгээр хүн төрөлхтний янз бүрийн угсаатан ястны баримталдаг ёс суртахууны стандарт, ёс суртахууны шалгуурын талаарх үг нь ялгаатай байдаг ч ерөнхий цаад санаа нь төстэй байдаг. Өнөөдөр хэдүүлээ заримынх нь талаар дэлгэрэнгүй нөхөрлөж, задлан шинжилье. Хэдий бид хүний зөв, сайн гэж үздэг бүх зүйлийг дурдаж, задлан шинжилж чадахгүй ч ерөнхий агуулга нь үнэнийг эрэлхийлэх гэдгийн тодорхойлолтыг хөндсөн хоёр элемент буюу хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, хүний биеэ авч явах байдал болон үйлдлээс өөр юу ч биш. Нэг нь үзэл бодол, нөгөөх нь зан авир. Өөрөөр хэлбэл, хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлдээ үндэслэн хорвоо ертөнцийн хүмүүс, үйл явдлыг авч үзэж, өөрийнхөө зөв, сайн гэж үздэг зүйлийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс, суурь, шалгуур болгодог. Тэгвэл эдгээр зөв, сайн зүйл нь яг юу вэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлс бол хүн биеэ сайхан авч явж, ёс суртахуун, ёс жудаг сайтай байх тухай шаардлага төдийхөн юм. Ийм л хоёр зүйл байдаг. Бодоод үз: Үндсэндээ ийм хоёр зүйл байдаг биш үү? (Тийм ээ.) Нэг нь сайн зан авир; нөгөө нь хүний ёс жудаг, ёс суртахуун. Хүн төрөлхтөн хүний амьдардаг хүн чанар, биеэ авч явах байдлыг хэмжих стандарт болгон энэ хоёр зүйлийг үндсэндээ тогтоосон: Нэг нь хүн гаднаа сайхан авирлах шаардлага, нөгөө нь ёс суртахуунтай авирлах шаардлага. Тэд хүний сайн чанарыг хэмжихдээ энэ хоёр хүчин зүйлийг ашигладаг. Тэд хүний сайн чанарыг хэмжихдээ энэ хоёр хүчин зүйлийг ашигладаг учраас хүмүүсийн зан авир, ёс суртахууныг шүүх стандарт бий болж, улмаар хүмүүс хүний ёс суртахууны зан байдал болон зан авирын талаарх элдэв янзын үгийг аяндаа сонсож эхэлсэн. Тийм ямар тодорхой үг хэллэгүүд байдаг вэ? Та нар мэдэх үү? Жишээлбэл энгийн үг хэллэг: Хүмүүсийн зан авирыг хэмжих ямар стандарт, үг хэллэг байдаг вэ? Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх—эдгээр нь гадна талын зан авиртай холбоотой. Сайхан ааштай байх гэдэг мөн үү? (Мөн.) Үлдсэн нь ерөнхийдөө төстэй бөгөөд ижил төстэй байдлаар нь та нар ямар үг, хэллэг хүний зан авирыг хэмжих стандарт, ямар хэллэг нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт вэ гэдгийг мэднэ. Тэгвэл “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэдэг нь гадна талын зан авирын стандарт уу, эсвэл ёс суртахууны стандарт уу? (Ёс суртахуун, ёс зүйн тухай.) Уужим сэтгэл ямар вэ? (Тэр нь ч бас ёс суртахууны тухай.) Зөв. Эдгээр нь ёс суртахуунтай, хүний ёс суртахууны жудагтай холбоотой. Хүний зан авиртай холбоотой үндсэн үг бол сайхан ааштай байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэх мэт үг юм. Эдгээр нь бүгд хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж боддог зүйлс; тэдгээр нь сөрөг зүйл биш, харин уламжлалт соёлын үг хэллэгт үндэслэсэн, эсвэл ядаж л мөс чанар, эрүүл ухаанд нийцэлтэй эерэг гэж үздэг зүйлс билээ. Энд бидний ярьж буй зүйл бол хүмүүсийн ерөнхийдөө зөв, сайн гэж хүлээн зөвшөөрдөг зүйлс юм. Тэгвэл Миний дөнгөж сая хэлсэн гурваас гадна хүний сайн зан авирын талаарх өөр ямар үг байдаг вэ? (Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах.) Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх—эдгээр нь бүгд хүмүүсийн тодорхой хэмжээнд мэддэг, ойлгодог зүйлс юм. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх—хүний оюун санаагаар бол ийм зан авиртай хэн бүхэн сайн хүн, эелдэг зөөлөн, хүн чанартай хүн гэж тооцогддог. Бүх хүн бусдыг зан авирт нь үндэслэн хэмждэг; гадаад зан авираар нь хүний сайн чанарыг шүүдэг. Хүмүүс тухайн хүн боловсорсон, хүн чанартай эсэх, харилцах болон итгэл үзүүлэхэд зохистой эсэхийг уламжлалт соёлын бодол, санааны дагуу, мөн уг хүнээс харж болох зан авирын дагуу шүүж, тодорхойлж, хэмждэг. Хүмүүс материаллаг ертөнцийг нэвт харах чадвартай юу? Огтхон ч үгүй. Хүмүүс тухайн хүн сайн, муу эсэхийг, эсвэл ямархуу хүн болохыг зан авирынх нь дагуу шүүж, ялган таньж л чадна; хүнтэй харилцаж, ярилцаж, хамтран ажилласнаар л хүмүүс тэдгээр зүйлийг ажиглаж, тодорхойлж чадна. Чи хэмжүүртээ “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх”, “Эвсэг найрсаг байх”, “Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах” гэх мэт үгийг ил тод ашигладаг эсэх нь хамаагүй, чиний хэмжүүр, хэмжүүрийн чинь стандарт эдгээр үгээс хэтэрдэггүй. Хүн өрөөл бусдын дотоод ертөнцийг харж чадахгүй байх үедээ тэдний зан авир, үйлдлийг ажиглаж, зан авирын эдгээр шалгуурыг ашиглан тэд сайн, муу эсэхийг, эрхэмсэг, олиггүй эсэхийг хэмждэг. Тэдний хэрэглэдэг бүхэн үндсэндээ энэ юм. Тийм биз дээ? (Тийм.) Сая тоймлон үзсэн үг хэллэгт үндэслэвэл хүн төрөлхтөнд хэмжүүрийн ямар стандарт байдаг вэ? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө үзлээр юуг сайн, зөв гэж үздэг вэ? Ёс суртахууны зан төлөвийн тухай зүйлээс эхлэхийн оронд хүний зан авираас харагдаж, илчлэгддэг сайн, зөв, эерэг зүйлийг эхлээд нөхөрлөж, задлан шинжлээд, эдгээр нь үнэхээр эерэг зүйл мөн эсэхийг харцгаая. Тэгвэл бидний дөнгөж сая жагсаасан үг хэллэгт үнэнтэй холбоотой зүйл байна уу? Үнэнтэй нийцэх агуулга байна уу? (Үгүй.) Хэрвээ хүн тийм хүн болохыг, тийм зан авиртай, тийм дүр төрхтэй хүн байхыг эрэлхийлдэг бол тэр хүн үнэнийг эрэлхийлж байна уу? Тэдний эрэлхийлдэг зүйл үнэний эрэл хайгуултай холбоотой юу? Ийм зан авиртай хүн үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлж байгаа юу? Ийм зан авир, илрэлтэй хүн жинхэнэ утгаараа сайн хүн мөн үү? Хариулт нь үгүй—тийм биш. Энэ нь харваас илэрхий юм.
Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тухай үгийг эхлээд харцгаая. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэдэг үг өөрөө юу гэсэн утгатай болохыг ярья. (Энэ нь нэлээд боловсон, хүмүүжилтэй хүнийг дүрсэлдэг.) “Боловсон” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Тодорхой хэмжээнд дэг журамтай гэсэн үг.) Зөв. Тэр хүн ямар дэг журмыг анхаардаг вэ? Хариулт чинь тодорхой байх тусам, энэ асуудал болон үүний мөн чанарын талаарх ойлголт чинь илүү бүрэн гүйцэд байх болно. Тэгвэл дэг журамтай гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг жишээ хэлье. Хоол идэх үед ахмадуудыг суудлаа эзлэх хүртэл залуу үеийнхэн суух ёсгүй бөгөөд ахмадууд юм яриагүй байхад чимээгүй байх ёстой. Ахмадуудад зориулсан хоол үлдвэл ахмадуудыг ид гэж хэлэх хүртэл хэн ч тэрийг идэж болохгүй. Үүнээс гадна идэж байхдаа ярьж, шүдээ ярзайлгаж, чанга инээж, тамшаалж, тавгаа тачигнуулж болохгүй. Ахмадууд идэж дуусвал залуу үеийнхэн тэр даруй идэхээ болиод, босох ёстой. Тэд ахмадуудаа үдэж явуулсны дараа л үргэлжлүүлэн идэж болно. Энэ нь дэг журмыг баримталж байгаа хэрэг биш үү? (Мөн.) Ийм дэг журам их бага хэмжээгээр айл өрх бүрд, бүхий л овог, удам угсааны гэр бүлүүдэд байдаг. Бүх хүн их бага хэмжээнд эдгээр дэг журмыг мөрддөг бөгөөд тэгэх явцдаа тэдгээрт хязгаарлагддаг. Өөр өөр гэр бүлд ялгаатай дэг журам бий—хэн тэдгээрийг тогтоодог вэ? Урьдын өөр эрин үе дэх тухайн гэр бүлийн өвөг дээдэс, нэр хүндтэй ахмадууд тогтоосон. Тэд чухал баяр ёслолын өдрүүд болон дурсгалт өдрүүдийг тэмдэглэхэд онцгой ач холбогдол өгдөг; тэр үед хүн бүр эдгээр дэг журмыг дагах ёстой, хэн ч үүнээс ангид биш. Хэрвээ хүн дэг журмыг эвдэх юм уу зөрчвөл тухайн гэр бүлийн журмаар хатуу шийтгүүлнэ. Зарим нь бүр гэр бүлийнхээ тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн уучлал гуйх ёстой болно. Дэг журам гэдэг нь энэ юм. Бидний дөнгөж сая ярьсан зүйл бол ердөө тухайн нэг айл өрх юм уу гэр бүлд хэрэглэгдэж болох зарим дэг журам юм. Тийм дэг журам нь “хүмүүжилтэй” гэсэн үгийн утгын нэг хэсэг биш үү? (Мөн.) Хүний хооллож байгаа байдлыг хараад л хүмүүжилтэй хүн мөн эсэхийг нь таньж болно. Хэрвээ тэд юм идэхдээ тамшаалж, хоол шилж, эсвэл бусдад үргэлж савхалж өгч, идэж байхдаа ярьж, чангаар инээж, тэр ч байтугай зарим тохиолдолд ярьж буй хүн рүүгээ савхаараа заадаг бол энэ бүхнээрээ тэд хүмүүжилтэй биш гэдгээ харуулж байна. Хүн боловсон биш байна гэдэг нь зан авирынх нь хувьд бусад нь түүнийг зэмлэж, эргэлзэж, басамжилдаг гэсэн утгатай. Боловсон хүмүүс бол идэж байхдаа ярьдаггүй, инээдэггүй, хоолыг шилж иддэггүй, бусдад савхалж өгдөггүй. Тэд нэлээд дэг журамтай байдаг. Бусад хүн тэдний зан авир, үйл хөдлөлийг хараад, үүнийхээ үндсэн дээр тэр бол боловсон хүн гэж хэлдэг. Энэ боловсон байдлаасаа болоод тэд бусдад хүндлэгдэж, үнэлэгдэж, бас таалагддаг. Энэ нь боловсон байдлын нэг хэсэг юм. Тэгвэл үнэндээ боловсон байдал гэж юу вэ? Бид сая “Боловсон байдал” нь хүмүүсийн зан авиртай л холбоотой гэж хэлсэн. Сүүлийн энэ жишээн дээр нэмээд, хооллох үед үе удмын тэргүүлэх дараалал байдаг, хүн бүр уг дэг журмын дагуу суудалдаа суух ёстой; тэд буруу газар суух ёсгүй байлаа гэе. Ахмад ч бай, залуу үеийнхэн ч бай гэр бүлийн дэг журмыг адилхан дагаж мөрдөнө, хэн ч үүнийг зөрчиж болохгүй бөгөөд тэд бүгд маш дэг журамтай, үнэхээр цэмцгэр, маш эрхэм, тун хүндтэй харагддаг—гэхдээ тэд хэчнээн тэгж харагддаг байлаа ч энэ бүхэн нь ердөө л гадна талын сайн зан авир юм. Энэ нь завхарсан зан чанартай холбоотой юу? Үгүй; энэ нь хүмүүсийн гаднах зан авирыг хэмжих стандартаас цаашгүй. Ямар зан авир? Үндсэндээ тэдний үг яриа, үйлдэл. Жишээлбэл, хүн хоол идэхдээ ярих ёсгүй, хоолоо зажлахдаа чимээ гаргах ёсгүй. Хоол идэхээр суухад хэн эхлээд суух вэ гэдэг дэс дараалал бий. Ерөнхийдөө зогсох, суух зөв зохистой арга зам гэж бий. Энэ бүхэн нь зан авираас цаашгүй бөгөөд бүгдээрээ гадаад зан авир юм. Тэгвэл хүмүүс үнэхээр эдгээр дэг журмыг дагахад бэлэн байдаг уу? Энэ асуудлын талаар хүмүүс дотроо юу гэж боддог вэ? Тэдэнд ямар санагддаг вэ? Эдгээр өрөвдмөөр дэг журмыг дагах нь хүмүүст ашиг тустай юу? Энэ нь хүмүүст амийн өсөлт авчирч чадах уу? Эдгээр өрөвдмөөр дэг журмыг дагахад ямар асуудал байна вэ? Энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол болон амь зан чанарт өөрчлөлт гарсан эсэх асуудалтай холбоотой юу? Огтхон ч үгүй. Энэ нь зөвхөн хүмүүсийн зан авиртай л холбоотой. Энэ нь зүгээр л хүмүүс ямар дэг журмыг баримталж, даган мөрдөх ёстой вэ гэдэгтэй холбоотой цөөн хэдэн шаардлагыг хүмүүсийн зан авирт тавьдаг. Хүн эдгээр дэг журмын талаар юу ч гэж бодсон бай, тэдгээрийг үзэн ядаж, дургүйцлээ ч гэсэн, гэр бүл болон өвөг дээдсээсээ болоод, мөн гэр бүлийнхээ хуулиас болоод тэдгээрт хүлэгдэн амьдрахаас өөр аргагүй болдог. Гэхдээ эдгээр дэг журмын талаар хүмүүс ямар бодолтой байгааг, хүмүүс бодол санаандаа эдгээрийг хэрхэн харж, авч үзэж байгааг, эсвэл тэдгээрийн талаар ямар үзэл бодол, хандлагатай байгааг хэн ч судалдаггүй. Чи энэ тогтсон хүрээнд сайхан авирлаж, эдгээр дүрэм журмыг даган мөрдөхөд л хангалттай. Тэгдэг хүмүүс бол боловсон хүмүүс юм. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” нь зөвхөн хүмүүсийн зан авирт л янз бүрийн шаардлага тавьдаг. Энэ нь хүмүүсийн зан авирыг л хязгаарлахад ашиглагддаг бөгөөд энэ зан авирт хүмүүсийн суух, зогсох үеийн төрх байдал, биеийн хөдөлгөөн, мэдрэхүйн эрхтний дохио зангаа, нүд нь хэрхэн харагдах, ам нь хэрхэн хөдлөх, толгойгоо яаж эргүүлэх гэх мэт багтдаг. Энэ нь хүмүүсийн оюун ухаан, зан чанар, хүн чанарын мөн чанарыг үл харгалзан гадаад зан авирын стандартыг л хүмүүст өгдөг. Энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх стандарт юм. Хэрвээ чи энэ стандартыг хангасан бол боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн мөн бөгөөд боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирыг эзэмшсэн бол чи бусдын нүдээр хүндлүүштэй, үнэлүүштэй хүн юм. Тийм байдаг биш гэж үү? (Тийм.) Тэгвэл энэ үг хүний зан авир дээр төвлөрдөг үү? (Тийм.) Энэ зан авирын стандартыг үнэндээ юунд ашигладаг вэ? Хүн боловсон, дэг журамтай эсэх, бусадтай харилцахдаа бусдад хүндлэгдэж, дээдлэгддэг эсэх, биширмээр хүн мөн эсэхийг хэмжихэд үндсэндээ ашиглагддаг. Хүмүүсийг ийм маягаар хэмжих нь үнэн-зарчимтай огт нийцэхгүй бөгөөд ингэх нь утгагүй.
Бидний саяын нөхөрлөл “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэх үгийн тавьсан шаардлагуудын нэг болох хүний хүмүүжилтэй үндсэндээ холбоотой. “Мэдрэмжтэй байх” гэдэг нь юуг хэлдэг вэ? (Ааш аяг, ёс зүйн талаарх ойлголтыг харуулах.) Энэ нь бага зэрэг өнгөц боловч үүний нэг хэсэг мөн. “Мэдрэмжтэй байх” гэдэг нь үндэслэлтэй, үгэнд оромтгой ёс зүйтэй байна гэсэн үг биш. Үүнийг дэлгэрүүлж болох уу? (Болно.) Ааш аяг, ёс зүйн талаарх ойлголтыг харуулах, учир шалтгааныг харах эелдэг байдалтай байх. Тиймээс энэ бүгдийг нэгтгэж үзвэл, хэрвээ хүн “боловсрол сайтай, мэдрэмжтэй байхад” хүргэсэн зан авиртай бол үүнийгээ яг яаж бүхэлд нь харуулдаг вэ? Та нар боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн харсан уу? Танай ахмадууд, хамаатан садны дунд, эсвэл найз нөхдийн чинь дотор боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн бий юу? Тэдний онцлог шинж юу вэ? Тэд ер бусын олон дэг журмыг дагадаг. Үг яриа нь бүдүүлэг ч биш, балмад ч биш, бусдыг гомдоодог ч биш, нэлээд нарийн нягт байдаг. Тэд суухдаа зөв суудаг; зогсохдоо зөв зогсдог. Тэдний зан авир хүмүүст бүх талаар цэмцгэр, дэгжин харагддаг бөгөөд хүмүүс тэднийг хараад хайрлаж, атаархдаг. Тэд хүмүүстэй уулзахдаа толгойгоо доошлуулж, биеэ бөхийлгөж, мэхийн ёсолж, өвдгөө нугалдаг. Тэд нийгмийн доод давхаргын дадал зуршил, танхай байдалгүйгээр эелдгээр ярьж, нийтийн сахилга бат, дэг журмыг чанд сахидаг. Ерөнхийдөө тэдний гадаад зан авир нь үүнийг харсан хүмүүст тав тух, магтаал төрүүлдэг. Гэхдээ нэг асуудалтай зүйл бий: Тэдний хувьд бүх зүйл дэг журамтай байдаг. Хооллох нь өөрийн гэсэн дэг журамтай; унтах нь өөрийн гэсэн дэг журамтай; алхах нь өөрийн гэсэн дэг журамтай; тэр ч байтугай гэрээсээ явах, гэртээ харих нь дэг журамтай байдаг. Тийм хүнтэй хамт байхад нэлээд хязгаарлагдмал, эвгүй санагддаг. Тэд хэзээ дэг журам гаргаж ирэхийг чи мэдэхгүй бөгөөд үүнийг санаандгүй зөрчих юм бол чи нэлээд увайгүй, мэдлэггүй харагдана, харин тэд маш цэмцгэр харагдана. Тэд шүдээ огт ярзайлгахгүйгээр инээмсэглэхдээ ч, бусдын өмнө биш, харин шөнө дүлээр бусдыг унтаж байхад хөнжил дотроо уйлахдаа ч маш цэмцгэр байдаг. Тэд юу ч хийлээ гэсэн дэг журамтай байдаг. Үүнийг “хүмүүжил” гэж нэрлэдэг. Тийм хүмүүс ёс зүйтэй газарт, өнөр өтгөн гэр бүлд амьдардаг; тэд асар олон дэг журамтай, асар их хүмүүжилтэй. Үүнийг яаж ч хэллээ гэсэн, боловсрол сайтай, мэдрэмжтэй байхад хүргэдэг сайн зан авир нь өссөн орчноос нь хүнд шингэж, улмаар зан авирт нь тавьдаг өндөр стандарт, хатуу чанд шаардлагаар дамжин тухайн хүнд аажмаар төлөвшдөг нэг төрлийн гадаад зан авир юм. Тийм зан авир хүмүүст ямар ч нөлөө үзүүллээ гэсэн хүний гадаад зан авирыг л хөндөхөөс цаашгүй бөгөөд хэдийгээр тийм зан авир нь хүний сайн гэж үздэг зан авир, мөн хүмүүсийн хүсэн эрмэлздэг, сайшаадаг зан авир хэдий ч хүний зан чанараас өөр юм. Хүний гадаад зан авир хэчнээн сайн байх нь хамаагүй завхарсан зан чанарыг нь далдалж чадахгүй; хүний гадаад зан авир хэчнээн сайн байх нь хамаагүй завхарсан зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Хэдийгээр боловсрол сайтай, мэдрэмжтэй хүний зан авир нь нэлээд дэг журамтай, бусдын хүндлэл, бишрэлийг нэлээд төрүүлдэг ч завхарсан зан чанар нь ил гарах үед тэдний тэр сайн зан авир ямар ч нэмэр болохгүй. Тэдний зан авир хэчнээн эрхэмсэг, төлөвшсөн байлаа ч үнэн-зарчмыг хөндсөн зүйл тэдэнд тохиолдох үед тэрхүү сайн зан авир нь ямар ч нэмэр болдоггүй, үнэнийг ойлгоход нь түлхэц өгдөггүй—харин ч тэд боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь эерэг зүйл гэж өөрсдийнхөө үзлээр боддог учраас тэр зүйлийг үнэн гэж авч үзээд, үүгээрээ Бурханы хэлсэн үгийг хэмжиж, эргэлздэг. Тэд тэр үгийн дагуу өөрсдийнхөө үг, үйлдлийг хэмждэг бөгөөд энэ нь бас тэдний бусдыг хэмжих стандарт юм. Одоо “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэдгийн тодорхойлолтыг харъя—тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлийг харж, биеэ авч явж, үйлдэх. Тэгвэл боловсрол сайтай, мэдрэмжтэй байхыг шаарддаг гадаад зан авирын стандарт нь Бурханы үг болон үнэнтэй ер нь хамаатай юу? (Үгүй.) Тэдгээр нь ямар ч холбоогүй төдийгүй, хоорондоо зөрчилддөг. Хаана зөрчилддөг вэ? (Тийм үг хэллэг нь хүмүүсийг зөвхөн гадаад зан авирт анхаарч, өөрсдийнхөө доторх санаа зорилго, завхарсан зан чанарыг үл тооход л хүргэнэ. Үүнээс болоод хүмүүс эдгээр сайн зан авирт хууртаж, өөрсдийнхөө бодол, санаанд байгаа зүйлийг эргэцүүлдэггүй, мөн завхарсан зан чанараа нэвт харж чаддаггүй, тэр ч байтугай зан авираас нь үүдэн бусдад сохроор атаархаж, бусдыг шүтдэг.) Тэр нь уламжлалт соёлын үг хэллэгийг хүлээн авахын үр дагавар юм. Тиймээс хүн эдгээр сайн зан авирын гүйцэтгэлийг харах үедээ тийм зан авирыг эрхэмлэнэ. Тэрээр эдгээр зан авир бол сайн, эерэг зүйл гэж бодож эхэлдэг бөгөөд эерэг зүйл гэж үзэх суурин дээрээ тэдгээрийг үнэн мэт авч үздэг. Дараа нь тэрээр үүнийг биеэ барьж, бусдыг хэмжих шалгуур болгон ашигладаг; тэр үүнийг хүмүүс, зүйлсийг харах үндэс сууриа болгон авч үздэг бөгөөд ингэхдээ бас үүнийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс болгодог. Тэгээд энэ нь үнэнтэй зөрчилддөг биш үү? (Тийм.) Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх ёстой гэдэг нь хүмүүсийг хуурдаг эсэхийг бид одоохондоо түр орхиод, тэр үгийн өөрийнх нь талаар ярья. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэдэг нь соёлтой, эрхэмсэг үг юм. Бүх хүн энэ үгэнд дуртай бөгөөд энэ үгийг зөв, сайн, шалгуур гэж үзсэний үндсэн дээр бусдыг хэмжиж, хүмүүс, зүйлсийг харахдаа үүнийг ашигладаг. Ингэхдээ бас үүнийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс болгодог. Жишээлбэл, хүн хэн нэгний сайн талыг хэмжихдээ Бурханы үгэнд тулгуурладаггүй. Юунд тулгуурладаг вэ? “Энэ хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй юу? Гадаад зан авир нь боловсон уу? Дэг журам сайтай юу? Бусдыг хүндэлдэг үү? Ааш аяг сайтай юу? Бусадтай ярихдаа даруухан хандлагаар ханддаг уу? Кон Рон нэгэнтээ хамгийн том лийрийг дүүдээ өгсөн шиг эелдэг, хүндэтгэлтэй сайн зан авиртай юу? Тэр хүн ийм хүн мөн үү?” Тэд ямар үндсэн дээр энэ асуулт, үзэл бодлыг дэвшүүлдэг вэ? Юун түрүүнд энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх шалгуурт үндэслэдэг. Тэд үүнийг шалгуур болгон ашиглах нь зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш гэж? Маш энгийн хариулт байхад та нар бодож олж чаддаггүй. Учир нь Бурхан тэгж хэмждэггүй, мөн хүнд ингэж хэмжихийг зөвшөөрөхгүй. Хэрвээ хүн ингэж хэмждэг бол андуурч байна. Хэрвээ хүмүүс ийм маягаар хүн юм уу үйл явдлыг хэмжих юм бол, хэрвээ үүнийг хүмүүс, зүйлсийг харах стандарт болгон ашиглах юм бол үнэн болон Бурханы үгийг зөрчиж байна. Тэр нь уламжлалт үзэл болон үнэний хоорондох зөрчилдөөн юм. Тийм биз дээ? (Тийм ээ.) Бусдыг хэмжихдээ юунд үндэслэхийг Бурхан хүнд зөвшөөрдөг вэ? Юуны дагуу хүмүүс, зүйлсийг харахыг зөвшөөрдөг вэ? (Бурханы үг.) Хүмүүсийг Өөрийнх нь үгийн дагуу харахыг Бурхан хүнд зөвшөөрдөг. Тодруулж хэлбэл, уг хүн хүн чанартай эсэхийг Бурханы үгийн дагуу хэмжинэ гэсэн үг юм. Энэ бол нэг тал нь. Үүнээс гадна, энэ нь тухайн хүн үнэнийг хайрладаг эсэх, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй эсэх, үнэнд захирагдаж чаддаг эсэхэд үндэслэдэг. Эдгээр нь үүний нарийн ширийн нь биш гэж үү? (Мөн.) Тэгвэл хүн бусдын сайн талыг хэмжихдээ юунд үндэслэдэг вэ? Тэд боловсон, дэг журамтай эсэх, хоол идэхдээ тамшаалж, амттайг нь шилж сонгох гээд байдаг эсэх, хооллохоор суухаасаа өмнө ахмадуудыг суухыг нь хүлээдэг эсэхэд үндэслэдэг. Тэд ийм зүйлийг ашиглан бусдыг хэмждэг. Эдгээр зүйлийг ашиглах нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зан авирын стандартыг ашиглаж байгаа хэрэг үү? (Тийм.) Ийм хэмжүүр үнэн зөв үү? Энэ нь үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Үнэнтэй нийцдэггүй нь ойлгомжтой. Тэгвэл ингэж хэмжихийн эцсийн үр дүн юу вэ? Хэмжиж буй хүн, боловсрол сайтай, мэдрэмжтэй хэн боловч сайн хүн гэж бодох бөгөөд хэрвээ хэмжиж буй хүнээр үнэний тухай нөхөрлүүлбэл хүмүүст үргэлж эдгээр дотоод дүрэм журам, сургаал, сайн зан авирыг суулгана. Хүмүүст эдгээр зүйлийг суулгахын эцсийн үр дүн гэвэл, тэд хүмүүсийг сайн зан авиртай байхад хөтлөх боловч тэр хүмүүсийн завхарсан мөн чанар огтхон ч өөрчлөгдөхгүй. Юмыг ингэж хийх нь үнэн болон Бурханы үгээс холдож буй хэрэг юм. Тийм хүмүүс ердөө цөөн хэдэн сайн зан авиртай байдаг. Тэгвэл сайн зан авираас болоод тэдний доторх завхарсан зан чанар өөрчлөгдөж чадах уу? Бурханд дуулгавартай, үнэнч байж чадах уу? Огтхон ч үгүй. Энэ хүмүүс хэн болж хувирсан бэ? Гаднаа л сайхан зан авиртай ч үндсэндээ үнэнийг ойлгодоггүй, Бурханд дуулгавартай байж чаддаггүй фарисайчууд. Тийм биш гэж үү? (Тийм.) Фарисайчуудыг хар—гадна төрхөөрөө тэд өө сэвгүй байсан биш үү? Тэд Амралтын өдрийг сахидаг; Амралтын өдрөөр юу ч хийдэггүй байсан. Тэд эвлэгхэн үг хэлтэй, нэлээд дэг журамтай, дүрэм журмыг баримталдаг, тун боловсон, нэлээд соёлтой, эрдэм мэдлэгтэй байсан. Тэд дүр эсгэхдээ сайн, Бурханыг огт хүндэлдэггүй, харин ч Бурханыг шүүж, яллаж байсан учраас эцэст нь Бурханаар хараагдсан. Бурхан тэднийг хоёр нүүрт фарисайчууд, бүгд мууг үйлдэгчид гэж тунхагласан юм. Үүний адилаар боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирыг биеэ авч явах байдал, үйлдлийнхээ шалгуур болгон ашигладаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой. Тэд энэ дүрмийг ашиглан бусдыг хэмжиж, биеэ авч явж, үйлдэхдээ мэдээж үнэнийг эрэлхийлдэггүй; хэн нэгэн хүн юм уу ямар нэг зүйлийг үнэлэх үед тэдний үнэлгээний стандарт болон үндэслэл нь үнэнтэй нийцдэггүй, харин үнэнийг зөрчдөг. Тэдний анхаардаг ганц зүйл бол хүний зан авир, арга зам болохоос хүний зан чанар, мөн чанар биш. Тэд Бурханы үгэнд, үнэнд үндэслэдэггүй; харин боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэсэн уламжлалт соёлын зан авирын энэ стандартад үндэслэн хэмждэг. Тэгж хэмжихийн үр дүн гэвэл, уг хүн гаднаа боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зэрэг сайн зан авиртай л бол тэдний хувьд уг хүн сайн бөгөөд Бурханы хүсэлд нийцдэг. Хүмүүс тийм ангилал ашиглах үедээ үнэн болон Бурханы үгийг эсэргүүцсэн байр сууринд зогсож байгаа нь илт байдаг. Тэд хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэхдээ энэ зан авирын шалгуурыг ашиглах тусам үүнээс үүдэн гардаг үр дагавар нь тэднийг Бурханы үг болон үнэнээс улам холдуулдаг. Тэгсэн ч гэсэн тэд хийж буй зүйлээсээ таашаал авч, өөрсдийгөө үнэнийг эрэлхийлж байна гэж боддог. Уламжлалт соёлын цөөн хэдэн сайн үг хэллэгийг баримтлаад тэд өөрсдийгөө үнэн болон үнэн замыг баримталж байна гэж үздэг. Гэхдээ тэд эдгээр зүйлийг яаж ч баримталж, хэчнээн тууштай байх нь хамаагүй, эцэстээ Бурханы үг, үнэний талаар ямар ч туршлагагүй, дадлагагүй байна, мөн Бурханыг өчүүхэн төдий ч дуулгавартай дагахгүй. Бурханыг жинхэнээсээ хүндэлдэг болж бүр ч чадахгүй. Хүмүүс боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэх мэт ийм сайн зан авирыг баримтлах үед ийм зүйл тохиолддог. Хүн сайн зан авирт, үүнийг амьдран харуулахад, эрэлхийлэхэд анхаарлаа хандуулах тусам Бурханы үгээс төдий чинээ холдоно—Бурханы үгээс холдох тусмаа үнэнийг төдий чинээ бага ойлгож чадна. Энэ нь зүй ёсны зүйл юм. Хэрвээ хүний зан авир сайжирвал зан чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг үү? Та нарт ийм туршлага бий юу? Та нар өөрийн мэдэлгүй боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар чармайж байсан уу? (Тэгсэн.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байснаар бусдад нэлээд хүндтэй, эрхэмсэг харагдана гэж хүн бүр ойлгодгоос энэ нь болж байгаа юм. Бусад нь тэднийг өндрөөр үнэлдэг. Тэгдэг биз дээ? (Тийм.) Тиймээс ийм сайн зан авиртай байх нь муу зүйл байж таарахгүй. Гэхдээ эдгээр сайн зан авир, ийм сайн илэрхийлэлтэй байх нь хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадах уу? Хүмүүсийг муу юм хийхээс сэргийлж чадах уу? Чадахгүй юм бол ийм сайн зан авир ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь зүгээр л сайхан харагдана; гэхдээ ямар ч хэрэггүй. Ийм сайн зан авиртай хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадах уу? Мэдээж үгүй. Сайн зан авир нь хүний үнэний хэрэгжүүлэлтийг орлож чадахгүй. Яг л фарисайчуудтай адилхан. Тэд зан авир сайтай, нэлээд үнэн сүсэгтэй байсан ч Эзэн Есүст хэрхэн хандсан билээ? Тэд хүн төрөлхтний Аврагчийг цовдолж чадна гэж хэн ч төсөөлөөгүй. Тиймээс зөвхөн гаднаа л сайн зан авиртай ч үнэнийг олж аваагүй хүмүүс аюултай. Тэд бахь байдгаараа үргэлжлүүлж, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх боломжтой. Хэрвээ та нар үүнийг нэвт харж чадахгүй бол хүмүүсийн сайн зан авирт хууртсаар байх боломжтой.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?