Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (4) (I хэсэг)

Сүүлийн цуглаан дээр юу нөхөрлөснөө эхлээд санацгаая. (Сүүлийн цуглаан дээр бид “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэх сэдвээр нөхөрлөсөн. Бид эхлээд “Хүмүүсийн сайн, зөв гэж үздэг зүйл үнэн биш юм бол хүмүүс яагаад эдгээр зүйлтэй үнэн мэт зууралдаж, ингэснээрээ үнэнийг эрэлхийлж байна гэж боддог юм бэ?” гэх асуултад анхаарлаа хандуулсан. Та үүний гурван шалтгааныг жагсаасан. Та эдгээрээс эхний шалтгааных нь талаар голчлон ярьсан бөгөөд хүмүүсийн өөрсдийнхөө үзлээр сайн, зөв гэж үздэг тэр зүйлс яг юу болох тухай байсан.) Сүүлийн цуглаан дээр бид эхний шалтгааны талаар голчлон нөхөрлөсөн. Бид хүмүүсийн өөрсдийнхөө үзлээр сайн, зөв гэж үздэг зүйлсийн тухай ярьж, тэдгээр зүйлийг хоёр том ангилалд хуваасан: эхнийх нь “сайн зан авир”, хоёр дахь нь “сайн ёс суртахууны зан байдал” юм. Би “сайн зан авир” гэх эхний ангилалд боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх гэсэн нийт зургаан жишээ хэлсэн. Бид хоёр дахь ангилал буюу “сайн ёс суртахууны зан байдлын” талаар хараахан нөхөрлөөгүй. Тэдгээрийн талаар нөхөрлөж, тэр нөхөрлөлийн үнэн болон зарчмыг жигдэлж, тодруулж, бүх юмыг ойлгомжтой, тодорхой болгосныхоо дараа бага зэрэг нягталж үзэх ёстой зарим асуудал бий. Ингэвэл үнэнийг ойлгоход илүү хялбар болно. Бидний өнгөрсөн удаагийн нөхөрлөл зарим томоохон хэсэг, түүнчлэн зарим тодорхой жишээнээс бүрдэж байсан. Энэ нь их юм шиг санагдаж байсан ч үнэндээ бид зүгээр л тэр том хэсгүүдийн доторх зарим тодорхой зүйлийн талаар нөхөрлөж, тэр нарийн ширийнийг улам цааш задалсан болохоор уг нөхөрлөл арай илүү тодорхой, илүү ойлгомжтой байна. Бид сайн зан авирын талаар зургаан жишээ хэлсэн ч тус бүрийнх нь талаар, нэг бүрчлэн дэлгэрэнгүй нөхөрлөөгүй. Тэр жишээн дундаас боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэдэг нь хүмүүсийн өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлийн сонгодог төлөөлөл юм. Бид энэ жишээний талаар арай илүү нөхөрлөсөн. Үлдсэн нь үүнтэй төстэй; та нар адилхан аргаар тэдгээрийг задлан шинжилж, ялган таньж болно.

Өнөөдөр нөхөрлөлийнхөө зүй ёсны агуулгад орохоос өмнө Би хоёр богинохон түүх ярьж өгье. Та нар түүх сонсох дуртай биз дээ? (Тийм ээ.) Түүх сонсох нь төдийлөн ядаргаатай биш, бас хэт их төвлөрөх шаардлагагүй. Дарамт нь харьцангуй бага, нэлээд сонирхолтой байх боломжтой. Тиймээс анхааралтай сонсоод, энэ түүхийн агуулгыг сонсох явцдаа Би яагаад энэ түүхийг ярьж байгааг, ямар нарийн ширийн зүйл, гол санаа үүнд агуулагдаж байгааг, өөрөөр хэлбэл, үүнийг сонсоод хүмүүс ямар бодитой зүйл олж авч болохыг бас бодолцон үзээрэй. За, ингээд түүхээ эхэлье. Энэ нь Шяошяо, Шяожи хоёрын түүх юм.

Шяошяо, Шяожи хоёрын түүх

Хэсэг хугацаанд Шяошяогийн нүд өвдөхтэй зэрэгцэн нүд бүрэлзэх, гэрэлд мэдрэмтгий болох, салхинд нулимс цийлгэнэх, нүдэнд нь юм орсон мэт санагдах гэх мэт шинж тэмдгүүд илэрчээ. Тэрээр нүдээ нухалсан ч нэг их нэмэр болсонгүй. Шяошяо юу нь болохгүй байгааг мэдээгүй бөгөөд дотроо “Миний нүдэнд өмнө нь ямар ч асуудал гарч байгаагүй, миний хараа зүгээр. Юу болоод байна аа?” гэж боджээ. Толинд харахад нүд нь урьдын адил—зүгээр л бага зэрэг улайсан, заримдаа жаахан цус хурсан харагдаж байв. Энэ нь Шяошяог гайхшируулж, бага зэрэг түгшээж байлаа. Тэрээр анх эхлэхэд нь энэ асуудалд нэг их анхаарал хандуулаагүй ч шинж тэмдэг нь улам ихсэхийн хэрээр эцэстээ үүнийг тэсвэрлэж чадсангүй. Тэгээд “Би эмч рүү очих ёстой юу, эсвэл өөрөө мэдээлэл хайхаар оролдох уу? Энэ талаар мэдээлэл олоход төвөгтэй, бас би бодит асуудал юу болохыг буруу оношилж магадгүй. Шууд эмч рүү очсон нь дээр байх; эмч намайг зөв оношилж чадах нь лавтай” гэж боджээ. Тиймээс Шяошяо эмч дээр очив. Эмч үзлэг хийгээд, ямар нэг том асуудал ололгүй, ердийн нүдний дусаалга бичиж өгөөд, Шяошяог нүдээ сайн арчилж, хэт их ядраахгүй байхыг зөвлөлөө. Нүдэнд нь том асуудал байхгүй гэдгийг мэдээд Шяошяо маш их тайвширчээ. Гэртээ харьсны дараа Шяошяо уг нүдний дусаалгыг эмчийн бичиж өгсөн зааврын дагуу цаг тухайд нь, зохих хэмжээгээр нь өдөр бүр хэрэглэж, хэд хоногийн дотор шинж тэмдэг нь сайжирлаа. Шяошяогийн сэтгэлээс асар их ачаа хөнгөрч, хэрвээ эмээр эмчилж болж л байгаа бол асуудал ноцтой биш юм шиг санагдав. Гэвч тэр мэдрэмж удаан үргэлжлээгүй бөгөөд хэсэг хугацааны дараа шинж тэмдгүүд нь эргэн ирлээ. Шяошяо нүдний дусаалгын тунгаа нэмэгдүүлснээр нүд нь арай дээр болж, шинж тэмдгүүд нь бага зэрэг дээрджээ. Гэвч хэд хоногийн дараа нүд нь буцаад хуучин хэвэндээ орж, шинж тэмдгүүд нь улам дордож, улам нэмэгдэх болов. Шяошяо үүний учрыг олж чадаагүй бөгөөд зовлонгийн давлагаа өөрийг нь дахин нөмрөн авахыг мэдэрлээ: “Би яах ёстой вэ? Эмчийн өгсөн эм нэмэргүй байна. Тэгэхээр миний нүдэнд ямар нэг ноцтой асуудал байна гэсэн үг үү? Би үүнийг үл тоож болохгүй.” Энэ удаа тэрээр дахин нөгөө эмчтэй уулзахгүй, нүднийхээ асуудлын талаар зөвлөгөө авахгүй байхаар шийджээ. Оронд нь тэрээр уг асуудлыг өөрөө шийдэх сонголт хийв. Тэгээд интернэтэд орж, өөрийнх нь шинж тэмдэгтэй холбоотой элдэв янзын видео болон мэдээлэл оллоо. Тэдгээрийн ихэнх нь энэ асуудал нүдээ зохисгүй ашигласнаас үүдэн гардаг, нүдээ арчлах хэрэгтэй, нүдээ зөв ашиглах нь бүр ч чухал гэсэн байв. Шяошяод энэ зөвлөгөө нэмэргүй, асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй гэж санагджээ. Тиймээс тэрээр мэдээлэл хайсаар байв. Нэг өдөр тэрээр өөрийнх нь шинж тэмдэг нүдний торлог бүрхэвчийн цус алдалтаас болсон байж магадгүй бөгөөд энэ нь нүдний даралтын дохио байх боломжтой гэсэн эх сурвалж харлаа. Бас өөрийнх нь шинж тэмдэг цаашдаа катаракт болж хувирах боломжтой байв. “Нүдний даралт”, “катаракт” гэх үгийг уншаад Шяошяогийн толгой эргэж, бүх юм харанхуйлж, бараг ухаан алдах шахаад, зүрх нь цээжин дотроо хүчтэй цохилж байлаа. “Өө Бурхан минь, юу болоод байна аа? Би үнэхээр нүдний даралт, катаракттай болох юм гэж үү? Катарактад мэс засал хийх шаардлагатай, хэрвээ нүдний даралттай бол сохрох магадлалтай гэж би сонссон! Тэгвэл би дуусна, тийм биз дээ? Би залуу хэвээр байна, хэрвээ сохрох юм бол сохор хүний хувиар би үлдсэн амьдралаа яаж өнгөрөөх билээ? Ирэх өдрүүдэд юуг хүсэн эрмэлзэх билээ? Би бүх амьдралаа харанхуйд өнгөрүүлэх биш үү?” Шяошяо “нүдний даралт”, “катаракт” гэх хоёр үгийг хараад зүгээр суугаад байж болохгүйгээ мэджээ. Тэрээр түгшиж, сэтгэлийн хямрал, гутралд улам их автаж, юу хийхээ, эсвэл ирэх өдөр хоногуудтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байв. Тэрээр уйтгар гунигт эзэмдүүлж, өөрийнх нь өмнөх бүх зүйл бүрхэг болжээ. Энэ асуудалтай тулгараад Шяошяо цөхрөнгөө барж, амьдрах сонирхлоо алдсан бөгөөд эрч хүчээ дайчлан үүргээ биелүүлж чадсангүй. Тэрээр эмч рүү буцан очиж, нүдний асуудлаа бусад хүнд хэлэхийг хүссэнгүй. Мэдээж өөрийг нь нүдний даралттай эсвэл катаракттай болох гэж байгааг хүмүүс мэдэх вий гэхээс айжээ. Яг ингээд л Шяошяо сэтгэлээр хямрал, сөрөг байдал, төөрөгдөл дунд өдөр хоногийг өнгөрүүлж байв. Өөрийнх нь хувьд ирээдүй нь аймшигтай, зүрх зүсэм байсан учраас тэрээр ирээдүйгээ таамаглаж, төлөвлөж зүрхэлсэнгүй. Тэгээд сэтгэлээр унаж, цөхрөнгөө барж, аймшигтай зан байдалтайгаар өдөр хоногийг өнгөрүүлжээ. Тэрээр залбирч, Бурханы үгийг уншихыг хүссэнгүй, мэдээж бусад хүмүүстэй ярилцахыг хүссэнгүй, яг л шал өөр хүн болсон мэт байлаа. Ингээд хэд хоносны дараа Шяошяо гэнэтхэн “Би өрөвдөлтэй нөхцөл байдалд байх шиг байна. Ирээдүй минь бүрхэг, Бурхан намайг хамгаалахын оронд надад ийм өвчин тусахыг зөвшөөрсөн байхад би яагаад үүргээ зохих ёсоор биелүүлсээр байх ёстой гэж? Амьдрал богинохон; нүдний хараа минь сайн байгаа дээр би яагаад боломжийг ашиглаж, дуртай зүйлээ хийж, өөртөө сайн хандаж болохгүй гэж? Миний амьдрал яагаад ийм ядаргаатай байх ёстой юм бэ? Би яагаад өөрийгөө шархлуулж, өөртөө ийм муухай хандах ёстой юм бэ?” гэж бодов. Тиймээс Шяошяо унтаагүй, юм идээгүй, эсвэл ажиллаагүй байх үедээ ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж, тоглоом тоглож, видео үзэж, шоу нэвтрүүлгүүдийг дараалуулан үзэж, бүр гадуур гарахдаа утсаа авч гараад, гар утсаараа тасралтгүй тоглоом тоглож байлаа. Тэр интернетийн ертөнцөд донтон өдөр хоногуудыг өнгөрөөж байсан юм. Ингэхийн хэрээр аяндаа нүднийх нь өвдөлт улам дордож, шинж тэмдгүүд нь ч бас улам ноцтой болов. Үүнийг тэвчиж чадахаа болих үедээ тэрээр шинж тэмдгүүдээ намдаахын тулд нүдний дусаалгаа бага зэрэг ашиглаж, арай гайгүй болохоор нь эргээд л интернэтэд шимтэж, дуртай зүйлсээ үздэг байлаа. Энэ нь түүний хувьд зүрх сэтгэлийнхээ гүн дэх айдас, балмагдлыг намжаах арга зам, цаг нөхцөөж, өдөр хоногийг өнгөрүүлэх арга зам байв. Нүд нь өвдөж, шинж тэмдэг нь дордох бүрд Шяошяо дотоод ухамсраараа эргэн тойрныхоо хүмүүсийг харж, “Бусад хүмүүс нүдээ над шиг л ашигладаг. Яагаад тэдний нүд улайж, цаг ямагт нулимс нь гоожиж, дотор нь юм орчихсон мэт санагддаггүй юм бэ? Яагаад ганцхан надад ийм өвчин тусаж байгаа юм бэ? Бурхан хүмүүст давуу тал олгож байгаа юм биш үү? Би Бурханы төлөө өөрийгөө маш их зарлагадсан; Бурхан яагаад намайг хамгаалахгүй байна вэ? Бурхан үнэхээр шударга бус! Яагаад бусад хүн бүр Бурханы хамгаалалтыг хүртэх азтай байхад би чаддаггүй юм бэ? Яагаад бүх золгүй явдал надад тохиолддог юм бэ?” гэж боддог байв. Энэ тухай бодох тусмаа Шяошяо улам уурлаж, унтууцаж, хорсол, уур хилэнгээ арилгахын тулд онлайн зугаа цэнгэл ашиглахыг улам хүсэж байлаа. Тэрээр нүднийхээ өвчнөөс аль болох хурдан салахыг хүссэн боловч интернэтэд хэчнээн их донтохоос үл хамааран, хорсол, уур хилэнгээсээ ангижрахыг хүсэх тусмаа баяр хөөр, амар амгалан байдал нь улам багасаж, улам азгүй санагдах болжээ. Тэрээр зүрх сэтгэлдээ Бурхан шударга биш хэмээн гомдоллож, өдөр хоног ар араасаа тийнхүү өнгөрч байлаа. Шяошяогийн нүдний асуудал ер дээрдэлгүй, сэтгэл санаа нь улам дордсоор байв. Энэ бүхний цаана Шяошяод бүр ч арчаагүй, азгүй санагдаж, ийм маягаар амьдрал нь үргэлжилсээр байсан юм. Хэн ч түүнд тусалж чадсангүй, тэр хэнээс ч тусламж гуйсангүй. Зүгээр л өдөр бүрийг төөрөгдөл, сэтгэл гутрал, хүчин мөхөс байдал дунд өнгөрөөж байлаа.

Энэ бол Шяошяогийн түүх. Үүнийг ингээд дуусгая. Дараа нь Шяожигийн түүхийг ярья.

Шяожи үүргээ гүйцэтгэж байхдаа Шяошяотай адилхан асуудалтай тулгарчээ. Түүний хараа бүрэлзэж, нүд нь ихэвчлэн хавдаж, хорсож байв. Үүнийг дагаад нүдэнд нь юм торсон мэт мэдрэмж төрж, нүдээ нухалсны дараа ч ер сайжрахгүй байлаа. Тэрээр “Юу болоод байна вэ? Миний нүд сайн байдаг байсан; би нүдний эмч дээр огт очиж байгаагүй. Ойрын үед нүд маань яагаад байна аа? Миний нүдэнд асуудал байгаа юм болов уу?” гэж боджээ. Толинд харахад нүд нь урьдынхаасаа ямар ч ялгаагүй харагдаж байв. Зүгээр л нүдэнд нь халуу оргих мэдрэмж төрж, нүдээ чанга анивчвал улам хорсож, хавдаж, нулимс гоожиж эхэлдэг байжээ. Нүдэнд нь асуудал байх шиг Шяожид санагдаж, “Нүдний асуудал бол том хэрэг. Би үл тоомсорлож болохгүй. Тэгсэн ч гэсэн надад тийм ч эвгүй санагдахгүй байна, энэ нь миний амьдрал, үүрэгт нөлөөлөөгүй. Ойрын үед чуулганы ажил маш завгүй байгаа, эмч рүү явбал үүрэгтээ хохирол учруулна. Би завтай үедээ энэ талаар мэдээлэл хайж үзье” гэж бодлоо. Ийм шийдвэр гаргасныхаа дараа Шяожи үүргийнхээ зав чөлөөгөөр холбогдох мэдээллийг хайж олоод, нүдэнд нь ноцтой асуудал байхгүй—нүдээ удаан хугацаанд, хэт их ашигласнаас тавгүйтэж байгааг олж мэджээ. Нүдээ зөв хэрэглэж, зохих ёсоор арчилж, зарим нэг зөв дасгалыг хийвэл нүд нь буцаад хэвийн байдалдаа орох байлаа. Шяожи тэрийг уншаад маш их баярлаж, “Энэ нь ноцтой асуудал биш юм чинь хэтэрхий их санаа зовох шаардлагагүй. Би нүдээ зөв ашиглаж, зөв дасгал хийх хэрэгтэй гэж мэдээлэлд бичсэн байсан, тиймээс би нүдээ буцаагаад хэвийн болгохын тулд зүгээр л нүдээ яаж зөв ашиглаж, ямар дасгал хийх ёстойгоо судалъя” гэж бодов. Тэгээд тэрээр холбогдох мэдээллийг илүү их эрж хайж, олсон мэдээллээсээ өөрийнх нь нөхцөл байдалд тохирсон цөөн хэдэн арга барил, арга замыг сонгож авчээ. Тэр үеэс хойш Шяожи хэвийн амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэхийн сацуу нүдээ арчлах гэсэн нэг шинэ ажилтай болов. Тэрээр өөрийнхөө сурсан нүд арчлах аргыг өдөр бүр хэрэгжүүлж, тэдгээрийг оролдож үзэх явцад нүднийх нь шинж тэмдэг намдаж байгааг мэдэрчээ. Хэсэг хугацаанд тэдгээрийг туршиж, оролдож үзсэний эцэст зарим арга нь нэмэртэй, харин зарим нь зүгээр л онолын хувьд сайн болохоос хэрэгжүүлээд нэмэргүй, ядаж л асуудлыг нь шийдэж чадахгүй гэдгийг Шяожи мэдэрлээ. Тиймээс Шяожи анх олж мэдсэн зүйлдээ үндэслээд өөрт нь нэмэр болсон нүднийхээ эрүүл мэндийг хамгаалах хэдэн арга барил, аргачлалыг сонгов. Тэрээр өдөр бүр нүдээ зөв ашиглаж, нүдээ арчилж, үүргээ саатуулалгүй үүнийгээ хийж байлаа. Хэсэг хугацааны дараа Шяожигийн нүд үнэхээр улам дээрдэж, урьдын шинж тэмдэг болох нүд улайх, хорсох, халуу оргих мэдрэмж гэх мэт нь аажмаар арилж, давтамж нь улам багасжээ. Шяожид маш азтай санагдав. “Удирдлагынх нь төлөө Бурханд талархъя. Энэ бол Бурханы нигүүлсэл, удирдамж.” Хэдийгээр нүд нь арай бага асуудалтай, шинж тэмдэг нь улам багасаж байсан ч Шяожи хойргололгүйгээр нүдээ арчлах өнөөх аргуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нүдээ зөв хэрэглэж байлаа. Хэсэг хугацааны дараа түүний нүд буцаад хэвийн байдалдаа оров. Энэ туршлагаас Шяожи нүдээ эрүүл байлгах зарим арга замыг сурч, бас нүдээ хэрхэн ашиглаж, зөв амьдрахыг сурчээ. Тэрээр амьдралын туршлагадаа зарим эерэг, суурь мэдлэгийг нэмээд, маш их баяртай байв. Тэгээд хэдийгээр зарим сайн, мууг туулж, ер бусын туршлагатай болсон ч эцэст нь үүнээсээ үнэ цэнтэй амьдралын туршлагыг олж авснаа мэдэрсэн юм. Өөрийнх нь эргэн тойрны хэн нэгэн хүн нүд нь өвдөж, хавдаж, хорсож байна гэж хэлэх бүрд Шяожи өөрийнхөө туршлага, өөрийнхөө хэрэглэсэн арга, аргачлалын талаар ний нуугүй ярьдаг байлаа. Шяожигийн тусламжтайгаар нүдний асуудлын шинж тэмдэгтэй хүмүүс ч бас нүдээ зөв ашиглаж, эрүүл байлгах арга зам, арга барилд суралцжээ. Шяожи баяртай байсан бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст асар их тус болсон юм. Иймээс тэр хугацаанд Шяожи болон бусад хүмүүс хүний амьдралд байх учиртай зарим суурь мэдлэгийг олж авч, хүн бүр аз жаргалтайгаар, баяртайгаар хамт ажиллаж, үүргээ биелүүлж байлаа. Шяожи нүднийхээ асуудлаас болоод сөрөг байдал, хүчин мөхөс байдалд автаагүй, азгүйтлийнхээ талаар хэзээ ч гомдоллоогүй. Тэрээр мэдээлэл хайх явцдаа Шяошяогийн харсан зарим цочирдом мэдэгдлийг харсан хэдий ч тэгтлээ их анхаарал хандуулаагүй. Харин оронд нь өөрийнхөө асуудлыг идэвхтэйгээр, зөв зохистой шийдвэрлэсэн юм. Үүнтэй адилхан зүйл тохиолдох үед Шяошяо удаа дараа сэтгэлээр унаж, хүчин мөхөстөж, төөрөлдсөн. Нөгөө талаар Шяожи сэтгэл хямрал, төөрөгдөлд автахаас зайлсхийсэн төдийгүй Бурханы эсрэг гомдоллоогүй—тэр ч бүү хэл эдгээр үйл явдлаас амьдралд хандах илүү ашиг тустай, идэвхтэй, эерэг хандлагыг олж авсан юм. Тэрээр өөртөө тусалж, бас бусдад тусалсан билээ.

Энэ бол Шяошяо, Шяожи хоёрын түүх юм. Та нар одоо хоёулангийнх нь түүхийг сонслоо. Та нар ойлгосон уу? Шяошяо, Шяожи хоёрын аль нь таалагдаж байна? (Шяожи.) Тэгвэл Шяошяогийн юу нь муу байна? (Ямар нэг зүйл тохиолдох үед тэр зохих ёсоор нүүр тулж чадаагүй. Сөрөг болж, эсэргүүцсэн.) Сөрөг болж, эсэргүүцэх нь өөрийгөө сүйрүүлдэг. Бусад хүнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайж чаддаг ч Шяошяо ямар нэг зүйл тохиолдох үед үнэнийг эрж хайж чадаагүй, сөрөг байдал, эсэргүүцлийг сонгосон. Тэр өөрийнхөө сүйрлийг дуудаж байлаа. Өнөө үед мэдээлэл хөгжсөн байж болох ч сатаны энэ ертөнцөд худал үг, заль мэх хаа сайгүй байдаг. Дэлхий ертөнц худал үг, заль мэхээр дүүрэн. Энэ эмх замбараагүй ертөнцөд ямар нэг асуудал юм уу аливаа мэдээлэлтэй тулгараад хүмүүс мэргэн ухаантай байх ёстой, ухаалаг, мэдрэмжтэй байх ёстой, ялган таньдаг байх ёстой. Тэд өөр өөр мэдээллийг зөв байр сууринаас, нарийн нягт шүүх ёстой. Хүмүүс аливаа мэдэгдэлд амархан итгэх ёсгүй, аливаа төрлийн мэдээллийг амархан хүлээн авч бүр болохгүй. Сатаны ертөнцөд хүмүүс бүгд худал хэлдэг бөгөөд худалч хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Тэд худал хэлдэг, тэгээд л тэр. Энэ ертөнц дээрх хэн ч худал үгийг буруушаадаггүй; хэн ч заль мэхийг буруушаадаггүй. Хүний зүрх сэтгэлийг ойлгоход бэрх бөгөөд худалч хүн бүрийн цаана санаархал, зорилго байдаг. Жишээлбэл, чи эмчтэй уулзаж, эмч: “Таны өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хорт хавдар болж магадгүй!” гэж хэллээ гэе. Хэрвээ чи хулчгар хүн бол “Өө яана аа! Хорт хавдар болж магадгүй юм байна! Хурдхан эмчлүүлье!” хэмээн айна. Үүний үр дүнд үүнийгээ эмчлэхээр оролдох тусам энэ нь улам хүндэрч, эцэст нь эмнэлэгт хэвтэнэ. Үнэндээ тэр эмчийн хэлсэн чиний өвчин хорт хавдар болж болзошгүй гэсэн үг хараахан хорт хавдар болоогүй байна гэсэн утгатай байсан атал чи үүнийг хорт хавдар мэт даруйхан эмчлэх ёстой гэсэн үг хэмээн буруугаар ойлгосон. Ингэснээрээ чи үхлийг дуудаж байгаа биш үү? Үүнийг хорт хавдар мэт эмчлэх юм бол эмчлэхээр оролдох тусмаа чи илүү хурдан үхнэ. Тэгвэл чи арай илүү удаан амьдарч чадах уу? (Үгүй.) Үнэн хэрэгтээ чи хорт хавдар тусаагүй, тэгвэл яагаад эмч чамд хурдхан эмчлэхгүй бол хорт хавдар болно гэж хэлдэг юм бэ? Чамайг хуурч мөнгийг чинь авахын тулд, мөн өвчнөө хүнд өвчин мэт үзэж эмчлүүлэхэд чамайг хүргэхийн тулд ингэж хэлдэг. Энэ нь ялихгүй өвчин хууч гэдгийг чи мэдэж байсан бол эмчлэхээр оролдохгүй, эмч чамаас мөнгийг чинь авч чадахгүй. Олон эмч өвчтөнөө үзэхдээ чөтгөр хүнийг барьж авдагтай адилаар барьж аваад, тавьж явуулалгүй чанга зуурдаг. Энэ бол ихэнх эмч нарын өвчтөнүүддээ хэрэглэдэг түгээмэл арга юм. Тэд эхлээд хэчнээн алдартай болохоо, анагаах ухаанд хэр сайн гэдгээ, хэчнээн олон хүнийг эдгээснээ, ямар өвчнийг эмчилснээ, анагаах ухаанаар хэр удаан ажиллаж байгаагаа чамд хэлдэг. Тэд чамайг өөртөө итгүүлж, шууд суугаад, эмчилгээг нь хүлээн авахад хүргэдэг. Дараа нь тэд чамд хүнд өвчин тусах гэж байна, эмчилгээ хийлгэхгүй бол үхэж магадгүй гэж хэлдэг. Хүн бүр үхдэг, гэхдээ үнэхээр энэ өвчин чамайг үхүүлэх үү? Тэгэх албагүй. Хүн бүрийн үхэл, амьдрал Бурханы гарт байдаг. Эмч нар биш, Бурхан л тэрийг шийддэг. Эмч нар ихэвчлэн хүмүүсийг хуурахын тулд ийм заль ашигладаг. Хулчгар, үхлээс айдаг хүмүүс хаа сайгүй эмчээс зөвлөгөө авч, эрүүл мэндийнхээ талаар эмч нараар дүгнэлт гаргуулдаг. Хэрвээ эмч өөрийг нь хорт хавдартай болох боломжтой гэж хэлбэл тэд итгэдэг бөгөөд хорт хавдраар үхэх эрсдэлээ арилгахын тулд уг эмчээр эмчлүүлэхээр яаравчилдаг. Тэд зүгээр л өөрсдийгөө айлгаж байгаа биш үү? (Тийм.) Бид одоо эмч нарын талаар ярихаа болиод, Шяошяо, Шяожи хоёрын тухай яриагаа үргэлжлүүлье. Эргэн тойронд нь болж байгаа зүйлийн талаарх тэдний харах өнцөг, үзэл бодол, байр суурь шал өөр байсан. Шяошяо бөөн сөрөг байдлаас өөрцгүй байхад Шяожи өөрт нь тохиолдсон зүйлд зөв хандаж чадсан. Түүнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан болон шүүлт байсан бөгөөд аливаа зүйлтэй идэвхтэйгээр нүүр тулж байлаа. Бас тэр үүргээ гүйцэтгэсээр байв. Тэр хоёр шал өөр байсан. Ямар нэг зүйл тохиолдоход Шяошяо нөхцөл байдлыг найдваргүй гэж үзээд, цадиггүй авирласан. Тэрээр үүнийг шийдвэрлэх зөв зохистой арга барил, арга замыг эрж хайгаагүй, бас ялган таних чадваргүй, мунгинуу, мунхаг, мугуйд, гөжүүд, нэлээд хорон санаатай байсан юм. Өвчин тусах, бэрхшээлтэй тулгарах үедээ, эсвэл ямар нэг муу зүйл өөрт нь тохиолдох үед тэрээр бусад хүнд ч бас ийм зүйл тохиолдоосой гэж найдаж байв. Тэгээд өөрийг нь хамгаалаагүйн төлөө Бурханыг үзэн ядаж, уураа гаргахыг хүсэж байлаа. Гэхдээ тэрээр бусдад уураа гаргаж зүрхлээгүй тул өөртөө хилэгнэж, өөртөө уураа гаргасан. Энэ нь харгис зан чанар биш гэж үү? (Мөн.) Зарим шалихгүй зүйл чинийхээр болоогүй үед дургүйцэж, үзэн ядаж, атаархах нь харгис зан юм. Харин Шяожи ямар нэг зүйл тохиолдох үед эрүүл ухаантай, хэвийн хүн чанарын үнэлэмжтэй байсан. Тэрээр мэргэн ухаантай байж, хэвийн хүн чанартай хүний хийх учиртай сонголтыг хийсэн. Хэдий Шяожид Шяошяотай адилхан өвчин туссан ч эцэстээ Шяожигийн асуудал нь шийдвэрлэгдсэн байхад Шяошяо асуудлаа шийдвэрлэж огт чадаагүй бөгөөд асуудал нь улам дордож, улам хүндэрсээр байсан. Шяошяогийн асуудал ноцтой байсан ба махан биеийн өвчин төдий байгаагүй—тэрээр зүрх сэтгэлийнх нь гүнд оршдог зан чанараа илчилсэн; зөрүүд, гөжүүд, мунхаг, хорон санаатай байдлаа илчилсэн. Энэ хоёр хүний хоорондох ялгаа энэ юм. Хэрвээ та нар энэ хоёр хүн яаж амьдардаг тухай, түүнчлэн аливаа зүйлд хандах хандлага, арга барилын талаар илүү дэлгэрэнгүй мэдлэг, ойлголттой бол дараа энэ талаар үргэлжлүүлэн нөхөрлөж, өөрсдийгөө үүнтэй харьцуулж, үүнээс сургамж авч болно. Мэдээж та нар Шяожи шиг идэвхтэй байдлаар орох ёстой. Амьдралд зөв хандаж, тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхээр чармайж, улмаар үнэнийг эрэлхийлдэг хүн болох ёстой. Шяошяотай адилхан байж болохгүй. Тийм биз дээ? (Тийм ээ.) Ийм маягаар эрэлхийлж, хэрэгжүүлэх ёстой.

Одоо хэдүүлээ сүүлчийн цуглаан дээр юу нөхөрлөснөө эргээд саная. Бид хүмүүсийн үзэлдээ зөв, сайн гэж үздэг зүйлсийн эхний тал буюу сайн зан авирын тухай ярилцаж, сайн зан авирын зургаан жишээг жагсаасан. Тэдгээр нь бүгд уламжлалт соёлын сурталчилдаг зүйлс, бодит амьдрал дээр хүмүүст таалагддаг сайн зан авирууд байсан. Тэр нь юу байсныг та нар Надад хэлж өгч чадах уу? (Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх.) Бид өөр жишээ татаагүй. Уламжлалт соёлын дэвшүүлсэн сайн зан авирын зургаан төлөөллөөс бага зэрэг ялгаатай зан авир бусад улс орны уламжлалт соёлд байж магадгүй ч бид тэрийг жагсаагаагүй. Өнгөрсөн удаа бид энэ зургаан сайн зан авирын зарим тодорхой агуулгыг нөхөрлөж, задлан шинжилсэн. Ерөнхийдөө энэ гадаад сайн зан авирууд нь хүний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг бүү хэл, хүн чанарын доторх эерэг зүйлсийг ч төлөөлдөггүй—хүн үнэнийг ойлгодог, үнэний бодит байдлыг амьдран харуулдаг гэдгийг мэдээж нотолдоггүй. Тэдгээр нь ердөө л хүний харж болох гадаад талын зан авир юм. Энгийнээр хэлбэл, тэдгээр нь хүний гадаад талын илрэл мөн. Гадна талын эдгээр илрэл болон илчлэл нь хүмүүс бие биетэйгээ харилцаж, зохицож, хамт амьдрах үед тохиолддог ёс төдий зүйл юм. “Ёс төдий зүйл” гэж юуг хэлж байна вэ? Энэ нь хүмүүс хараад сэтгэл нь тайвширдаг хамгийн өнгөц зүйлс юм. Тэдгээр нь хүмүүсийн мөн чанарыг огт төлөөлдөггүй, бодол санаа, үзэл бодлыг нь ч, эерэг зүйлд хандах хандлагыг нь ч төлөөлдөггүй, үнэнд хандах хүмүүсийн хандлагыг бүр ч төлөөлдөггүй. Гадна талын зан авирын талаарх хүн төрөлхтний шаардлага, үнэлгээний стандарт нь хүмүүсийн ойлгож, хүрч чадах ёс төдий зүйл билээ. Тэдгээр нь хүний мөн чанартай ямар ч хамаагүй. Хүмүүс гаднаа хэчнээн эвсэг найрсаг, ойр дотно байдалтай харагдах нь хамаагүй, тэдний амьдран харуулдаг гадна талын зан авирыг бусад хүн хэчнээн их таашааж, хүндэлж, биширч, шүтдэг байх нь хамаагүй, тэд хүн чанартай гэсэн үг биш, уг чанар болон мөн чанар нь сайн, эерэг зүйлсийг хайрладаг, эсвэл зөв шударга байдлын мэдрэмжтэй гэсэн үг биш, мэдээж тэд бол үнэнийг эрэлхийлж чаддаг хүмүүс гэсэн үг бүр ч биш. Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн энэ бүх сайн зан авир нь өөрсдийгөө бусад амьтнаас ялгахын тулд хүн төрөлхтний сурталчилдаг гадна талын зарим илрэл болон амьдран харуулдаг зүйлээс цаашгүй. Жишээлбэл, боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх—эдгээр сайн зан авир нь уг хүн гаднаа нэлээд хүмүүжилтэй, эелдэг, боловсролтой, соёлтой бөгөөд ямар ч дүрэм журмыг дагадаггүй араатан амьтдаас өөр гэдгийг л харуулдаг. Хүмүүс хооллож, ундалсныхаа дараа гараараа юм уу цаасан алчуураар амаа арчиж, өөрсдийгөө бага зэрэг цэвэрлэдэг. Хэрвээ чи юм идэж, уусных нь дараа нохойн амыг арчихаар оролдвол нохой үүнд баярлахгүй. Амьтад ийм зүйлийг ойлгодоггүй. Тэгвэл хүмүүс яагаад ойлгодог вэ? Учир нь хүмүүс бол “илүү өндөр түвшний амьтад” учраас эдгээр зүйлийг ойлгох учиртай. Тиймээс эдгээр сайн зан авир нь хүн төрөлхтөн гэх биологийн бүлгийн зан авирыг зохицуулахдаа хүний ашигладаг зүйл бөгөөд тэдгээр нь хүн төрөлхтнийг илүү дорд түвшний амьтдаас ялгахаас хэтрэхгүй. Тэдгээр нь биеэ авч явах байдал, үнэний эрэл хайгуул, эсвэл Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр чи гаднаа боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх гэх мэт стандарт, шаардлагыг хангаж байж болох ч, ийм сайн зан авиртай байж болох ч энэ нь чи бол хүн чанартай хүн, үнэнтэй хүн, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэсэн үг биш. Энэ нь ийм утгатай огт биш. Эсрэгээрээ, зан авирын боловсролын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээг туулсны дараа үг яриа, нүүрний хувирал, намба төрх гэх мэт чинь арай илүү сахилга баттай болсон л гэсэн утгатай. Энэ нь амьтнаас дээр, бага зэрэг хүний төрхтэй гэдгийг чинь харуулдаг, харин үнэнийг эрэлхийлдэг хүн гэдгийг чинь харуулахгүй. Энэ нь үнэний эрэл хайгуултай ямар ч хамаагүй байдаг гэж ч хэлж болно. Чи ийм сайн зан авиртай гэдэг нь чамд үнэнийг эрэлхийлэх зөв нөхцөл бүрдсэн гэсэн үг огт биш, аль хэдийн үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авсан гэсэн үг бүр ч биш. Энэ нь тэдгээр зүйлийг огт харуулдаггүй.

Муур, нохойг гэрийн тэжээвэр амьтнаа болгосон хэн боловч тэр амьтдад хайр татам зүйл байдгийг мэдэрнэ. Зарим муур, нохой үнэндээ сайхан ааштай байдаг. Зарим муур эзнийхээ өрөөнд орохыг хүсвэл орохоосоо өмнө хаалган дээр нь хэдэн удаа мяулна. Эзэн нь юу ч хэлэхгүй бол орохгүй, эзнийгээ “Ороод ир” гэж хэлсний дараа л орно. Муур хүртэл ийм ёс журмыг хэрэгжүүлж чаддаг, эзнийхээ өрөөнд орохоосоо өмнө зөвшөөрөл авахаа мэддэг. Тэр нь нэг төрлийн сайн зан авир биш гэж үү? Хэрвээ амьтад хүртэл ийм сайн зан авиртай байж чаддаг юм бол сайн зан авиртай хүмүүс амьтнаас хэчнээн илүү дээр байж чадах вэ? Энэ бол хүмүүст байх учиртай наад захын суурь мэдлэг—үүнийг зааж сургах шаардлагагүй, энэ нь тун хэвийн зүйл юм. Хүмүүст иймэрхүү зан авир харьцангуй тохиромжтой санагдаж, тав тухтай байдлыг мэдрүүлдэг байж болох ч эдгээр сайн зан авирыг амьдран харуулах нь тэдний хүн чанарын чансаа юм уу мөн чанарыг төлөөлөх үү? (Үгүй.) Төлөөлөхгүй. Тэдгээр нь ердөө хүний үйлдэлд байх ёстой дүрэм журам, арга барил бөгөөд хүний хүн чанарын чансаа болон мөн чанартай ямар ч хамаагүй. Жишээ нь муур, нохойг аваад үз—тэдгээрт юу нийтлэг байдаг вэ? Хүмүүс ямар нэгэн идэх юм өгөхөд дотно сэтгэл, талархлаа илэрхийлдэг. Тэд ингэж авирлаж, ийм зан авир харуулж чадна. Тэдний ялгаа гэвэл, нэг нь муур барихад мэргэшсэн, харин нөгөө нь гэр орноо хамгаалахад мэргэшсэн. Муур хэдийд ч, хаана ч эзнээ орхиод явж магадгүй; зугаатай байх юм бол муур эзнээ мартаад, анхаарал хандуулахгүй. Нохой хэзээ ч эзнээ орхихгүй; чамайг эзнээ гэж таньсан л бол эзэн нь солигдлоо ч гэсэн чамайг таньж, эзнээ гэж үзнэ. Зан авирын ёс суртахуун, мөн чанарын хувьд муур, нохой хоёрын хоорондох ялгаа энэ юм. Одоо хүмүүсийн талаар ярьцгаая. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, сайхан ааштай байх, ойр дотно байдалтай байх гэх мэт хүний сайн гэж үздэг зан авирын дунд бусад төрлийн амьтдын зан авираас давсан зарим зүйл байдаг хэдий ч—өөрөөр хэлбэл хүний хийж чадах зүйл бусад төрөл зүйлийн амьтдын чадамжаас давдаг хэдий ч—эдгээр нь гадна талын зан авир, дүрэм журмаас цаашгүй бөгөөд хүмүүсийн зан авирыг зохицуулж, бусад төрлийн амьтдаас ялгах зорилготой арга зам юм. Эдгээр сайн зан авирыг эзэмших нь хүмүүст бусад төрлийн амьтдаас ялгаатай, илүү дээр гэдгийг нь мэдрүүлдэг ч үнэндээ зарим талаараа хүмүүс амьтдаас дор авирладаг. Жишээ нь, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах гэдгийг аваад үз. Амьтны ертөнцөд чоно үүнийг хүмүүсээс дээр хийдэг. Чонын сүрэгт алиных нь ч бэлтрэг байсан том чононууд нь халамжилдаг, дээрэлхэж, хорлодоггүй. Үүнийг хүн хийж чаддаггүй бөгөөд энэ талаараа хүн төрөлхтөн чонын сүргээс ч долоон дор. Хүн төрөлхтөн яаж ахмадаа хүндэлж, залуусыг халамжилдаг вэ? Хүмүүс үнэхээр үүнд хүрч чадах уу? Ихэнх хүн “залуусыг халамжилж” чаддаггүй, хүмүүст ийм сайн зан авир байдаггүй, өөрөөр хэлбэл, тэдэнд ийм төрлийн хүн чанар байдаггүй. Жишээлбэл: Хүүхдийг эцэг эхтэйгээ хамт байх үед хүмүүс тэр хүүхэдтэй ярихдаа нэлээд эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх болно—харин аав, ээжийнх нь эзгүйд хүмүүсийн чөтгөрлөг тал гарч ирдэг. Хэрвээ тэр хүүхэд өөртэй нь яривал тэд үл тоож, тэр ч байтугай тэр хүүхдэд дургүйцэж, хүчирхийлнэ. Тэд хэчнээн олиггүй муухай юм бэ! Дэлхийн олон оронд хүүхдийн наймаа түгээмэл байдаг—энэ нь дэлхий нийтийн асуудал юм. Хэрвээ хүмүүст ахмадыг хүндлэх, залуусыг халамжлах сайн зан авир ч байхгүй, хүүхдүүдийг дээрэлхэх үедээ мөс чанарын өвдөлтийг мэдэрдэггүй бол тэр нь ямар гээчийн хүн чанар болохыг Надад хэл дээ? Тэд ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг дүр эсгэсээр байдаг ч тэр нь зүгээр л гадаад үзэмж. Би яагаад ийм жишээ татсан бэ? Учир нь хүн төрөлхтөн эдгээр сайн зан авирыг нэгтгэн дүгнэж, хүмүүсийн зан авирын эдгээр шаардлага, стандартыг дэвшүүлсэн хэдий ч хүмүүс тэдгээрт хүрч чадах эсэхээс үл хамааран, эсвэл хэчнээн сайн зан авиртайгаас үл хамааран, хүний завхарсан мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийн шалгуур нь бүхэлдээ завхарсан хүн төрөлхтний бодол санаа, үзэл бодлоос үүдэн гардаг бөгөөд тэдгээр нь завхарсан зан чанараар тодорхойлогддог. Хэдийгээр хүн төрөлхтний дэвшүүлсэн шаардлага, стандарт нь сайн, өндөр стандарт гэж хүлээн зөвшөөрөгддөг ч хүмүүс тэдгээрт хүрч чадах уу? (Үгүй.) Тэр нь асуудал юм. Хүн гаднаа арай дээр авирлаж, үүнийхээ төлөө шагнуулж, танигдлаа ч гэсэн үүнд нь ч бас дүр эсгэлт, заль мэх холилдсон байдаг, учир нь хүн бүрийн хүлээн зөвшөөрдөгчлөн бага зэрэг сайн зүйл хийх амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү билээ. Тэр үнэхээр сайн хүн юм бол яагаад сайн зүйл хийхэд түүнд маш хэцүү байдаг юм бэ? Тиймээс хүн төрөлхтний “сайн” гэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нэг ч хүн хүрч чадахгүй. Бүгд сагсуурал, луйвар, зохиомол зүйл. Хүмүүс гаднаа боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх гэх мэт цөөн хэдэн ийм стандартыг биелүүлж, бага зэрэг сайн зан авиртай байлаа ч гэсэн—хэдийгээр хүмүүс эдгээр зүйлийн заримыг хийж, эзэмшиж чадах ч энэ нь богинохон хугацаанд, түр зуур, эсвэл эгшин зуурын орчинд л байдаг. Өөрт нь хэрэгтэй үед л тэд ийм илрэлтэй байдаг. Ямар нэг зүйл байр суурь, бахархал, эд хөрөнгө, ашиг сонирхол, эсвэл бүр хувь заяа, хэтийн ирээдүйг нь хөндмөгц тэдний уг чанар, догшин араншин гарч ирнэ. Тэд боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай харагдахаа болино. Харин ч бие биеийнхээ эсрэг тэмцэж, явуулга хийж, нэг нэгнээ мэхлэхээр оролдож, бие биеэ зохиомлоор буруутгаж, хөнөөнө. Ийм зүйл хэтэрхий олон тохиолддог—өөрсдийнхөө ашиг сонирхол, байр суурь, эрх мэдлийн төлөө найз нөхөд, хамаатан садан, бүр эцэг хөвгүүд хүртэл нэг нь л амьд үлдэх хүртлээ бие биеэ хөнөөхөөр оролдоно. Хүмүүсийн дунд оршдог эмгэнэлтэй нөхцөл байдал харваас илэрхий. Тийм учраас боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байхыг эгшин зуурын орчны үр дүн гэж л нэрлэж болно. Нэг ч хүн тэдгээрийг үнэхээр амьдран харуулдаггүй, хятадуудын шүтдэг гэгээнтэн, агуу хүмүүс ч эдгээр зүйлийг хийж чадаагүй. Тиймээс эдгээр сургаал, онол нь бүгд утгагүй юм. Тэдгээр нь бүгд дэмий хоосон яриа. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийнх нь ашиг сонирхлыг хөнддөг асуудлыг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон шийдвэрлэж чаддаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чаддаг. Ийм маягаар тэдний эзэмшдэг үнэний бодит байдал нь хүн төрөлхтний хүлээн зөвшөөрсөн сайн зан авирын стандартаас давдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлын саад бартааг даван гарч чаддаггүй, тийм болохоор үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Тэр ч байтугай сайн зан авир гэх мэт дүрэм журмыг ч баримталж чаддаггүй. Тэгвэл хүмүүс, зүйлсийн талаарх тэдний үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийн үндэс, шалгуур юу вэ? Мэдээж тэдгээр нь зүгээр л дүрэм журам, хоосон сургаал, Сатаны гүн ухаан, хууль бөгөөд Бурханы үг юм уу үнэн биш. Учир нь тэр хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, зүгээр л өөрсдийнхөө ашиг сонирхлыг хайдаг болохоор угаасаа үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Тэд бүр сайн зан авирыг ч баримталж чаддаггүй—хуурамчаар үйлдэхээр оролдсон ч дүр эсгэлтээ хэвээр үргэлжлүүлж чаддаггүй. Ингээд тэд үнэн төрхөө илчилдэг. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө тэд тэмцэж, булаан авч, дээрэмдэж, хуйвалдаж, явуулга хийж, заль гаргана, бусдыг шийтгэж, бүр хөнөөнө. Тэд энэ бүх харгис зүйлийг хийж чадна—үүгээр тэдний уг чанар илчлэгддэг биш үү? Тэдний уг чанар илчлэгдэх үед тэдний үг, үйлдлийн санаа зорилго, үндэслэлийг бусад нь амархан харж чадна; энэ хүмүүс тэр чигтээ Сатаны гүн ухаанаар амьдарч байгаа бөгөөд хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийнх нь үндэс Сатаны гүн ухаан гэдгийг бусад нь ялган таньж чадна. Жишээ нь: “Хүн бүр өөрийгөө боддог ба би үхэхээр чи үх”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой”, “Жижгээр сэтгээд сайн хүн болохгүй, эр хүнд хор шар илүүдэхгүй”, “Чамайг эелдэг бус байвал би шударга бус байна”, “Ачийг ачаар, бачийг бачаар” гэх мэт эдгээр сатанлаг логик болон хууль хүмүүсийг захирдаг. Хүмүүс эдгээр зүйлээр амьдрах үед боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах гэх мэт нь дүр эсгэхдээ хүмүүсийн ашигладаг баг, хуурамч төрх болдог. Яагаад хуурамч төрх болдог вэ? Учир нь хүмүүсийн үнэхээр мөрдөж амьдардаг үндэс суурь, хууль нь үнэн биш, харин хүнд Сатаны суулгасан зүйлс юм. Тиймээс хүний хамгийн наад захын мөс чанар, ёс суртахуун нь үнэнийг хайрладаггүй хүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ашиг сонирхолтой нь холбоотой ямар нэг зүйл тохиолдвол тэдний жинхэнэ дүр төрх гарч ирэх бөгөөд тэр үед хүмүүс үнэн төрхийг нь харна. Хүмүүс: “Гэхдээ тэд ихэвчлэн маш эелдэг, сайхан ааштай, боловсон байдаг биз дээ? Яагаад өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед тэд шал өөр хүн болчихдог юм бэ?” хэмээн гайхна. Үнэн хэрэгтээ тэр хүн өөрчлөгдөөгүй; зүгээр л жинхэнэ дүр төрх нь тэр үед л илчлэгдэж, ил болсон юм. Ямар нэг зүйл ашиг сонирхлыг нь хөндөхгүй бол, ана мана үзэлцэхээсээ өмнө тэд зөвхөн заль гаргаж, дүр эсгэдэг. Ашиг сонирхол нь хөндөгдөх юм уу заналхийлэлд өртөх үедээ, дүр эсгэхээ болих үедээ тэдний илчилдэг оршин тогтнолын хууль, үндэс суурь нь тэдний уг чанар, мөн чанар, үнэн төрх юм. Тиймээс хүн ямар ч сайн зан авиртай байсан—гадна талын зан авир нь хүмүүст хэчнээн өө сэвгүй харагддаг байсан ч—үнэнийг эрэлхийлдэг, эерэг зүйлсийг хайрладаг хүн гэсэн үг биш. Ядаж л хэвийн хүн чанартай гэсэн үг биш, итгэл даахуйц, харилцахад зохистой хүн гэсэн үг бүр ч биш.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих