Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (4) (III хэсэг)
Хүний зан авирын талаар Бурханы тавьсан шаардлагуудын дунд “эцэг эхээ хүндэл” гэсэн шаардлага бий. Хүмүүс ихэнхдээ бусад шаардлагын талаар ямар нэг бодол санаа, үзэлгүй байдаг, тэгвэл та нар “эцэг эхээ хүндэл” хэмээх шаардлагыг юу гэж бодож байна вэ? Та нарын үзэл бодол болон Бурханы ярьсан үнэний зарчмын хооронд зөрүү байна уу? Хэрвээ чи үүнийг тодорхой харж чаддаг бол сайн байна. Үнэнийг ойлгодоггүй, зөвхөн дүрэм журмыг яаж дагахаа л мэддэг, хоосон сургаалын үг, хэллэгийг л чалчдаг хүмүүст ялган таних чадвар байдаггүй; тэд Бурханы үгийг уншихдаа үргэлж хүний үзэл өвөрлөж, зарим зөрчилдөөн байгааг үргэлж мэдэрдэг бөгөөд Бурханы үгийг тодорхой харж чаддаггүй. Харин үнэнийг ойлгодог хүмүүс Бурханы үгээс ямар ч зөрчилдөөн олдоггүй, Бурханы үг асар тодорхой гэж боддог, учир нь тэд сүнслэг хэрэг явдлыг ойлгодог, үнэнийг ухан ойлгож чаддаг. Заримдаа та нар Бурханы үгийг тодорхой харж чаддаггүй, ямар ч асуулт асууж чаддаггүй—хэрвээ та нар ямар ч асуулт асуухгүй бол ямар ч асуудалгүй мэт харагдах хэдий ч үнэн хэрэгтээ маш олон асуудал, маш олон бэрхшээл та нарт байдаг бөгөөд та нар зүгээр л үүнийгээ мэддэггүй. Биеийн хэмжээ чинь дэндүү жаахан гэдгийг энэ нь харуулдаг. Юун түрүүнд, хүмүүс эцэг эхээ хүндлэх ёстой гэсэн Бурханы шаардлагыг харъя—энэ шаардлага зөв үү, буруу юу? Хүмүүс үүнийг дагаж мөрдөх ёстой юу, үгүй юу? (Дагаж мөрдөх ёстой.) Энэ бол гарцаагүй, үүнийг үгүйсгэж болохгүй; энэ талаар тээнэгэлзэж, тунгаан бодох шаардлагагүй, энэ шаардлага бол зөв. Юу нь зөв бэ? Яагаад Бурхан ийм шаардлага тавьсан бэ? Бурханы хэлсэн “эцэг эхээ хүндлэх” гэдэг нь юуг хэлдэг вэ? Мэдэх үү? Та нар мэдэхгүй. Яагаад үргэлж мэддэггүй юм бэ? Ямар нэг зүйл үнэнд хамаатай л байвал та нар мэддэггүй, тэгсэн мөртөө хоосон сургаалын үг, хэллэгийн талаар эцэс төгсгөлгүй ярьж чадна—энд ямар асуудал байна вэ? Та нар Бурханы эдгээр үгийг тэгвэл яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ нь үнэнийг хамардаг биш үү? (Тийм.) “Чи эцэг эхээ хүндлэх ёстой” гэсэн Бурханы үгийн нэг хэллэг байгааг хараад чи дотроо “Бурхан надаас эцэг эхээ хүндлэхийг шаардсан тул би эцэг эхээ хүндлэх ёстой юм байна” гэж бодон, үүнийг хийж эхэлдэг. Чи эцэг эхийнхээ хэлсэн бүхнийг хийж, эцэг эхээ өвдчихвөл орных нь хажууд сахиж, уух юм аягалж, амттай хоол хийж өгч, баярын өдрүүдээр дуртай зүйлийг нь бэлэг болгон авч өгдөг. Аав, ээжийгээ ядарч байгааг харах үедээ чи мөрийг нь нухаж, нуруунд нь иллэг хийж, тэдэнд асуудал гарах болгонд тэрийг нь шийдвэрлэх шийдэл бодож олж чаддаг. Энэ бүхнээс болоод эцэг эх чинь чамд маш сэтгэл хангалуун байдаг. Чи эцэг эхээ хүндэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа тул зүрх сэтгэлдээ тайвширч, “Хараач—аав, ээж хоёр намайг Бурханд итгэж эхэлснээсээ хойш өөрчлөгдсөн гэж хэлдэг. Одоо өөрсдийг нь хүндэлж чаддаг, илүү ухаантай болсон гэж хэлдэг. Тэд үнэхээр сэтгэл хангалуун байгаа, бас Бурханд итгэх нь сайн зүйл гэж боддог, учир нь Бурханд итгэдэг хөвгүүд, охид эцэг эхээ хүндлээд зогсохгүй, бас амьдралын зөв замаар алхаж, хүний төрхийг амьдран харуулдаг—тэд шүтлэггүй хүмүүсээс хавьгүй дээр. Бурханд итгэдэг болсныхоо дараа би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы шаардлагын дагуу үйлдэж эхэлсэн, аав ээж хоёр миний энэ өөрчлөлтийг хараад маш их баярладаг. Би өөрөөрөө маш их бахархаж байна. Би Бурханд алдар суу авчирч байна, Бурхан надад сэтгэл хангалуун байх нь гарцаагүй бөгөөд намайг эцэг эхээ хүндэлдэг, ариун хүний ёс журамтай хүн гэж хэлнэ” хэмээн боддог. Нэг өдөр чуулган чамайг хаа нэг тийшээ явуулж сайн мэдээ түгээлгэхээр зохицуулсан ба чи удаан хугацаанд гэртээ буцаж ирэх боломжгүй байлаа. Чи явахаар зөвшөөрч, Бурханы даалгаврыг хойш тавьж болохгүй гэдгийг мэдэрч, гэрт байгаа эцэг эхээ хүндэлж, үүнээс гадна Бурханы даалгаврыг баримтлах ёстой гэж бодно. Гэхдээ энэ асуудлыг эцэг эхтэйгээ ярилцах үед тэд уурлаж, “Чи дуулгаваргүй юм! Бид чамайг өсгөхийн тулд маш их ажилласан байхад одоо чи зүгээр л явах гэж байна. Чамайг явчихаар бидэн шиг хоёр хөгшнийг хэн халамжлах юм бэ? Өвчин тусаж, ямар нэг гамшиг тулгарвал хэн биднийг эмнэлэгт аваачих юм бэ?” гэнэ. Тэд чамайг явуулахыг зөвшөөрөхгүй бөгөөд чи “Бурхан бидэнд эцэг эхээ хүндэл гэж хэлдэг ч аав ээж маань намайг явуулахгүй, үүргээ биелүүлэхийг минь зөвшөөрөхгүй нь. Хэрвээ би тэдний үгэнд орвол Бурханы даалгаврыг хойш тавих ёстой болно, тэр нь Бурханд таалагдахгүй. Харин би Бурханыг дуулгавартай дагаж, яваад үүргээ гүйцэтгэх юм бол аав ээж хоёр баярлахгүй. Би яах ёстой вэ?” гэж санаа зовно. Тэгээд бодож бодож, “Бурхан хүмүүс эхлээд эцэг эхээ хүндлэх ёстой гэсэн шаардлага тавьсан тул би тэр шаардлагыг дагаж мөрдөнө. Би явж, үүргээ гүйцэтгэх шаардлагагүй” хэмээн үүргээ хойш тавьж, гэртээ эцэг эхээ хүндлэхээр сонгох боловч зүрх сэтгэлд чинь амар тайван санагддаггүй. Чи эцэг эхээ хүндэлж байгаа хэдий ч үүргээ биелүүлээгүй санагдаж, Бурханы урмыг хугаллаа гэж бодно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Чи нэг л өдөр үнэнийг ойлгож, үүргээ биелүүлэх нь хамгийн чухал зүйл гэдгийг ухаарах хүртлээ Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Дараа нь чи аяндаа гэрээсээ явж, үүргээ гүйцэтгэж чадна. Зарим хүн: “Бурхан надаас үүргээ гүйцэтгэхийг хүсдэг, бас эцэг эхээ хүндлэхийг хүсдэг. Энд зөрчилдөөн, зөрөлдөөн байгаа биш үү? Би ер нь яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ?” гэдэг. “Эцэг эхээ хүндлэх” гэдэг нь хүний зан авирын талаар Бурханы тавьсан шаардлага боловч Бурханыг дагахын тулд бүх юмнаас татгалзаж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх нь Бурханы шаардлага биш үү? Энэ нь Бурханы шаардсан зүйл бүр ч мөн биш үү? Энэ нь бүр ч үнэний хэрэгжүүлэлт биш үү? (Мөн.) Энэ хоёр шаардлага харшилдвал та нар юу хийх ёстой вэ? Зарим хүн: “Тэгвэл би эцэг эхээ хүндэлж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой, Бурханы үгийг даган мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой—за яах вэ, тэр нь амархан. Би гэртээ бүх юмаа төвхнүүлж, аав ээжийнхээ амьдралын хэрэгцээт зүйлийг бүгдийг нь бэлдэж, асрагч хөлслөөд, дараа нь явж үүргээ гүйцэтгэнэ. Би долоо хоногт нэг удаа заавал эргэн ирж, эцэг эх минь дажгүй байна уу гэдгийг шалгаад, явж байна; ямар нэг юм болохгүй байвал зүгээр л хоёр хоног хамт байна. Би тэднээс үргэлж хол байж, огт буцаж ирэхгүй байж болохгүй, гэртээ байнга байж, үүргээ биелүүлэхээр гадагш гарахгүй байж болохгүй. Ингэвэл нэг сумаар хоёр туулай буудах биш үү?” гэж хэлдэг. Та нар энэ шийдлийн талаар юу гэж бодож байна? (Ингэж болохгүй.) Энэ нь төсөөлөл; бодитой биш. Тэгвэл та нар ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ яг яаж үнэний дагуу үйлдэх ёстой вэ? (Үнэнч байдал, ачлал энэрлийн тухайд нэг сумаар хоёр туулай буудах боломжгүй—би үүргээ эн түрүүнд тавих ёстой.) Бурхан хүмүүст эхлээд эцэг эхээ хүндэл гэж хэлсэн, дараа нь Бурхан үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэх, Бурханы замыг дагахтай холбоотой илүү өндөр шаардлага тавьсан—чи алийг нь дагаж мөрдөх ёстой вэ? (Илүү өндөр шаардлагуудыг.) Илүү өндөр шаардлагуудын дагуу хэрэгжүүлэх нь зөв үү? Үнэнийг өндөр, нам, хуучин, шинэ үнэн гэж ангилж болох уу? (Үгүй.) Тэгвэл үнэнийг хэрэгжүүлэхдээ юуны дагуу хэрэгжүүлэх ёстой вэ? Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Асуудлыг зарчмын дагуу зохицуулах.) Асуудлыг зарчмын дагуу зохицуулах нь хамгийн чухал зүйл. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь өөр өөр цаг хугацаа, газар, орчин, нөхцөл байдалд Бурханы үгийг хэрэгжүүлэх гэсэн үг; энэ нь дүрэм журмыг гөжүүдлэн мөрдөх биш, харин үнэний зарчмыг баримтлах явдал юм. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь энэ юм. Тиймээс Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тавьсан шаардлагыг дагаж мөрдөх хоёрын хооронд ямар ч зөрчилдөөн байдаггүй. Илүү тодруулж хэлбэл, эцэг эхээ хүндлэх болон Бурханы даалгасан даалгавар, үүргийг гүйцэлдүүлэх хоёрын хооронд ямар ч зөрчилдөөн байдаггүй. Эдгээрийн аль нь Бурханы одоогийн үг, шаардлага вэ? Энэ асуултыг эхлээд бодолцон үзэх ёстой. Бурхан өөр өөр хүмүүсээс өөр өөр зүйл шаарддаг; Бурхан тэдэнд ялгаатай шаардлага тавьдаг. Удирдагч, ажилчид Бурханаар дуудагдсан тул орхих ёстой, эцэг эхтэйгээ хамт байж, тэднийг хүндэлж болохгүй. Тэд Бурханы даалгаврыг хүлээн авч, бүхнийг орхин Бурханыг дагах ёстой. Тэр нь нэг төрлийн нөхцөл байдал юм. Жирийн дагагчид Бурханаар дуудагдаагүй тул эцэг эхтэйгээ хамт байж, эцэг эхээ хүндэлж болно. Үүнийг хийлээ гээд ямар ч шагнал байхгүй, үүний үр дүнд тэд ямар ч ерөөл хүртэхгүй, харин ачлал энэрлээ харуулдаггүй бол хүн чанаргүй гэсэн үг. Үнэн хэрэгтээ эцэг эхээ хүндлэх нь зүгээр л нэг төрлийн хариуцлага бөгөөд үнэний хэрэгжүүлэлтэд хүрэхгүй. Бурханыг дуулгавартай дагах нь үнэний хэрэгжүүлэлт, Бурханы даалгаврыг хүлээн авах нь Бурханд дуулгавартай байдлын илрэл, үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг орхидог хүмүүс бол Бурханыг дагагчид юм. Товчхондоо, чиний өмнө буй хамгийн чухал ажил бол үүргээ сайн гүйцэтгэх явдал юм. Тэр нь үнэний хэрэгжүүлэлт, Бурханд дуулгавартай байдлын илрэл билээ. Тэгвэл одоо хүмүүсийн юун түрүүнд хэрэгжүүлэх ёстой үнэн юу вэ? (Үүргээ гүйцэтгэх.) Тийм ээ, үүргээ үнэнчээр гүйцэтгэх нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг. Хэрвээ хүн үүргээ чин үнэнчээр гүйцэтгэдэггүй бол зүгээр л үйлчлэл үзүүлж байна.
Бид сая ямар асуултыг ярилцаж байсан бэ? (Бурхан эхлээд хүмүүсээс эцэг эхээ хүндлэхийг шаардсан, дараа нь үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэх, Бурханы замыг дагахтай холбоотой илүү өндөр шаардлага тавьсан, тэгвэл хүн алийг нь эхлээд дагаж мөрдөх ёстой вэ?) Та нар сая хүмүүс илүү өндөр шаардлагын дагуу хэрэгжүүлэх ёстой гэсэн. Онолын түвшинд бол энэ үг зөв—Би яагаад үүнийг онолын түвшинд зөв гэж хэлж байна вэ? Хэрвээ чи энэ асуудалд дүрэм журам, томьёо ашиглах юм бол энэ хариулт зөв байна гэсэн үг. Харин хүмүүс бодит амьдралтай нүүр тулах үед энэ үг ихэнхдээ бүтэхгүй, хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Тэгвэл энэ асуултад хэрхэн хариулах ёстой вэ? Эхлээд чи өөрт тулгарсан нөхцөл байдал, амьдрах орчин, өөрийнхөө байгаа байдлыг харах ёстой. Амьдрах орчин, байгаа байдалд чинь үндэслэвэл эцэг эхээ хүндлэх нь Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж, үүргээ биелүүлэхтэй чинь зөрчилддөггүй—өөрөөр хэлбэл, эцэг эхээ хүндлэх нь үүргээ үнэнчээр биелүүлэхэд чинь нөлөөлдөггүй бол—чи хоёуланг нь нэгэн зэрэг хэрэгжүүлж болно. Чи албан ёсоор эцэг эхээсээ салах шаардлагагүй, тэднийг албан ёсоор орхиж, голох шаардлагагүй. Энэ нь ямар нөхцөл байдалд хамаарах вэ? (Эцэг эхээ хүндлэх нь үүргээ гүйцэтгэхтэй зөрчилдөхгүй байх үед.) Зөв. Өөрөөр хэлбэл, эцэг эх чинь Бурханд итгэх итгэлд чинь саад болохоор оролддоггүй, тэд ч бас итгэгч бөгөөд үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлэхийг чинь үнэхээр дэмжиж, урам зориг өгдөг бол эцэг эхтэйгээ харилцах харилцаа чинь ердийн утгаараа хамаатан садны хоорондох махан биеийн харилцаа биш, чуулганы ах, эгч нарын хоорондох харилцаа юм. Тэр тохиолдолд тэдэнтэй чуулганы гишүүн ах, эгчийн хувиар харилцахаас гадна, тэдний өмнө хүлээсэн үр хүүхдийн зарим хариуцлагаа биелүүлэх ёстой. Чи тэдэнд арай илүү анхаарал хандуулах ёстой. Энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй байгаа л бол, өөрөөр хэлбэл, зүрх сэтгэл чинь тэдэнд хязгаарлагдахгүй байгаа л бол эцэг эхтэйгээ утсаар ярьж, яажшуу байгааг нь асууж, бага зэрэг анхаарал хандуулж болно, мөн зарим бэрхшээлээ шийдвэрлэж, амьдралын зарим нэг асуудлаа зохицуулахад нь тусалж, тэр ч байтугай амийн оролтод нь тулгарсан зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалж болно—чи энэ бүхнийг хийж болно. Өөрөөр хэлбэл, эцэг эх чинь Бурханд итгэхэд чинь саад болдоггүй бол чи тэдэнтэй ийм харилцаагаа хадгалах ёстой, тэдний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх ёстой. Яагаад чи тэдэнд анхаарал хандуулж, халамжилж, яажшуу байгааг нь асуух ёстой вэ? Учир нь чи тэдний хүүхэд, тэдэнтэй ийм харилцаатай, өөр нэг төрлийн хариуцлагатай бөгөөд энэ хариуцлагаас үүдэн тэднийг арай илүү харж хандаж, тэдэнд илүү мөн чанартай холбоотой дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй байгаа л бол, мөн эцэг эх чинь Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхэд чинь саад болж, үймүүлэхгүй, чамайг хойш татахгүй л байгаа бол чи тэдний өмнө хариуцлагаа биелүүлэх нь жам ёсны, зохистой зүйл бөгөөд мөс чанартаа зэмлүүлэхгүй байх хэмжээнд чи үүнийг хийх ёстой—энэ нь чиний хүрэх ёстой хамгийн наад захын стандарт юм. Хэрвээ чи орчны нөлөөлөл, саад бэрхшээлээс болоод гэртээ эцэг эхээ хүндэлж чаддаггүй бол энэ дүрмийг дагаж мөрдөх албагүй. Чи өөрийгөө Бурханы зохион байгуулалтад даатгаж, Бурханы зохицуулалтад захирагдах ёстой, эцэг эхээ хүндлэх гэж зүтгэх шаардлагагүй. Бурхан үүнийг ялладаг уу? Бурхан үүнийг ялладаггүй; Бурхан үүнийг хийлгэх гэж хүмүүсийг хүчилдэггүй. Бид одоо юуны талаар нөхөрлөж байгаа вэ? Эцэг эхээ хүндлэх нь үүргээ гүйцэтгэхтэй нь зөрчилдөх үед хүмүүс яаж хэрэгжүүлэх ёстой тухай нөхөрлөж байна; хэрэгжүүлэлтийн зарчим болон үнэнийг нөхөрлөж байна. Чамд эцэг эхээ хүндлэх хариуцлага байдаг бөгөөд орчин нөхцөл нь бүрдвэл чи энэ хариуцлагыг биелүүлж болох ч сэтгэл хөдлөлдөө захирагдах ёсгүй. Жишээлбэл, хэрвээ эцэг эхийн чинь нэг нь өвчин тусаж, эмнэлэгт хэвтээд, тэднийг халамжлах хэн ч байхгүй, чи өөрөө үүргээ гүйцэтгээд гэртээ харих завгүй байвал яах ёстой вэ? Иймэрхүү үед сэтгэл хөдлөлдөө захирагдаж болохгүй. Энэ асуудлын талаар залбирч, үүнийг Бурханд даатгаж, Бурханы зохион байгуулалтад даатгах ёстой. Чи ийм хандлагатай байх ёстой. Хэрвээ Бурхан эцэг эхийн чинь амийг авч, тэднийг чамаас булаан авахыг хүсвэл чи мөн л дуулгавартай байх ёстой. Зарим хүн: “Хэдийгээр би дуулгавартай байсан ч сэтгэл шимширч, олон өдөр уйлсан—энэ нь сэтгэл хөдлөл биш гэж үү?” гэж хэлдэг. Энэ нь сэтгэл хөдлөл биш, хүний сайхан сэтгэл, хүн чанартай хэрэг бөгөөд Бурхан үүнийг ялладаггүй. Чи уйлж болно, гэхдээ хэдэн өдөр уйлаад, унтаж, юм идэж чадахгүй, үүргээ гүйцэтгэх сэтгэл төрөхгүй, тэр ч байтугай гэртээ харьж, эцэг эх дээрээ очихыг хүсвэл чи үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бөгөөд үнэнийг хэрэгжүүлээгүй байна, өөрөөр хэлбэл, чи эцэг эхээ хүндлэх хариуцлагаа биелүүлээгүй, харин сэтгэл хөдлөл дотроо амьдарч байна. Хэрвээ чи сэтгэл хөдлөлөөр амьдрах явцдаа эцэг эхээ хүндэлдэг бол хариуцлагаа биелүүлэхгүй, Бурханы үгийг дагаж мөрдөхгүй байна, учир нь чи Бурханы даалгаврыг орхисон бөгөөд Бурханы замыг дагадаг хүн биш. Иймэрхүү нөхцөл байдалтай тулгарах үед хэрвээ энэ нь үүргийг чинь саатуулахгүй, эсвэл үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй бол чи эцэг эхээ ачлахын тулд зарим нэг чадах зүйлээ хийж болно, биелүүлж чадах хариуцлагаа биелүүлж болно. Дүгнэж хэлбэл, энэ нь хэвийн хүн чанарын цар хүрээнд хүмүүсийн хийх учиртай, хийж чадах зүйл юм. Хэрвээ чи сэтгэл хөдлөлдөө баригдаж, улмаар үүргийн гүйцэтгэлээ саатуулж байвал энэ нь Бурханы санаа зорилготой бүрэн зөрчилдөнө. Бурхан чамаас үүнийг хийхийг хэзээ ч шаардаагүй, зөвхөн эцэг эхдээ хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийг л шаардсан, тэгээд л тэр. Ачлалтай байх гэдэг нь энэ юм. Бурхан “эцэг эхээ хүндлэх” тухай ярихад энэ нь болзолтой байдаг. Чи зүгээр л бүх төрлийн нөхцөл байдалд биелүүлж болох цөөн хэдэн хариуцлагыг биелүүлэх хэрэгтэй, тэгээд л болно. Эцэг эх чинь хүнд өвдөх юм уу нас барах эсэх тухайд бол үүнийг чи шийдэх үү? Тэдний амьдрал ямар байх, хэзээ насан эцэслэх, ямар өвчин тэднийг хөнөөх, эсвэл тэд хэрхэн нас барах—эдгээр зүйл чамтай ямар нэгэн байдлаар холбоотой юу? (Үгүй.) Тэдгээр нь чамтай ямар ч хамаагүй. Зарим хүн: “Би эцэг эхээ хүндлэхийн тулд хариуцлагаа биелүүлэх ёстой. Би тэднийг өвчлүүлэхгүй байх ёстой, ялангуяа хорт хавдар юм уу амь насанд халтай өвчин тусгахгүй байх ёстой. Тэднийг 100 насалтал нь амьдруулах ёстой. Тэгсэн цагт л би хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно” гэдэг. Энэ хүмүүс утгагүй биш үү? Энэ нь гарцаагүй хүний төсөөлөл болохоос Бурханы шаардлага яавч биш. Чи өөрөө 100 насалж чадах эсэхээ ч мэдэхгүй байж, эцэг эхээ тэгж наслуулахаар шаардах нь мунхаг хүний мөрөөдөл юм! Бурхан “эцэг эхээ хүндлэх” тухай ярихдаа зүгээр л хэвийн хүн чанарын цар хүрээнд орших хариуцлагаа биелүүлэхийг чамаас шаардаж байгаа. Чи эцэг эхээ ад үзэхгүй, эсвэл мөс чанар, ёс суртахуунд чинь харшлах зүйл хийхгүй байхад л хангалттай. Энэ нь Бурханы үгтэй нийцэх биш үү? (Тийм.) Мэдээж бид бас эцэг эх чинь Бурханд итгэхэд чинь саад болох, тэдний уг чанар, мөн чанар нь үл итгэгчид, шүтлэггүй хүмүүсийнх, бүр ёрын муу хүмүүс болон диаволынх байх, тэд чамтай адилхан замаар явахгүй байх тохиолдлын талаар дөнгөж сая дурдсан. Өөрөөр хэлбэл, тэд чамтай адил төрлийн хүн огт биш бөгөөд хэдийгээр олон жил нэг гэрт амьдарсан ч тэдэнд чинийх шиг эрэл хайгуул, ёс жудаг ер байхгүй, чамтай адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл байдаггүй. Чи Бурханд итгэдэг, харин тэд Бурханд огт итгэдэггүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцдэг бол ийм нөхцөлд юу хийх ёстой вэ? (Тэднийг орхих.) Ийм нөхцөлд тэднийг орхи, эсвэл харааж зүх гэж Бурхан чамд хэлээгүй. Бурхан тэгж хэлээгүй. “Эцэг эхээ хүндэл” гэсэн Бурханы шаардлага хүчинтэй хэвээр байгаа. Энэ нь чи эцэг эхтэйгээ хамт амьдарч байх үедээ эцэг эхээ хүндлэх энэ шаардлагыг баримталсаар байх ёстой гэсэн үг юм. Энэ явдал дээр зөрчилдөөн байхгүй, тийм биз дээ? (Байхгүй.) Үүнд ямар ч зөрчилдөөн байхгүй. Өөрөөр хэлбэл, чи гэртээ харьж амжвал эцэг эхдээ хоол хийж өгөх юм уу банш хийж өгөөд, боломжтой бол эрүүл мэндийн хэдэн бүтээгдэхүүн авч өгч болох бөгөөд тэд чамд маш сэтгэл хангалуун байна. Чамайг итгэлийнхээ талаар ярихад тэд хүлээн авдаггүй, итгэдэггүй, бүр үг хэлээр доромжилдог бол чи тэдэнд сайн мэдээ номлох шаардлагагүй. Тэдэнтэй уулзах боломжтой бол ийм маягаар хэрэгжүүл; боломжгүй бол зүгээр л тийм байх ёстой бөгөөд энэ нь Бурханы зохион байгуулалт тул чи хурдхан тэднээс зай барьж, зайлсхийх ёстой. Үүний зарчим юу вэ? Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй, чамтай нийтлэг хэл яриагүй, нийтлэг эрэл хайгуул, зорилгогүй, чамтай адил замаар алхдаггүй, тэр ч бүү хэл Бурханд итгэх итгэлд саад болж, хяхан хавчдаг бол чи тэднийг ялган таньж, мөн чанарыг нь нэвт харж, тэднийг голох ёстой. Мэдээж хэрвээ тэд Бурханыг үг хэлээр доромжилж, эсвэл чамайг харааж зүхэх юм бол чи зүрх сэтгэлдээ тэднийг харааж болно. Тэгвэл Бурханы хэлсэн “эцэг эхээ хүндлэх” гэдэг нь юуг хэлдэг вэ? Чи үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж чадаж байгаа бол бага зэрэг биелүүл, тийм боломж байхгүй бол, эсвэл эцэг эхтэйгээ харилцах харилцаан дахь санал зөрөлдөөн чинь хэдийнээ дэндүү их болж, та нарын дунд зөрчилдөөн үүсэж, бие биетэйгээ уулзаж чадахгүй түвшинд очсон бол чи даруйхан тэднээс салах ёстой. Ийм төрлийн эцэг эхийг хүндлэх тухай ярихдаа Бурхан, чамайг хүүхдийн байр суурийн өнцгөөс үр хүүхдийн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн хийх учиртай зүйлийг хийх ёстой, эцэг эхээ ад үзэж болохгүй, тэдэнтэй маргалдаж, тэднийг цохиж, загнаж болохгүй, зовоож болохгүй, харин чадлынхаа хэрээр хариуцлагаа биелүүлэх ёстой гэсэн утгаар хэлсэн. Эдгээр нь хүн чанарын цар хүрээнд биелүүлэх учиртай зүйл; “эцэг эхээ хүндлэх”-тэй холбоотойгоор хүний хэрэгжүүлэх ёстой зарчим юм. Үүнийг хийхэд амархан уу? Чи адгуу зангаар эцэг эхтэйгээ харилцаж, “Та хоёр бол диаволууд, үл итгэгчид, Бурхан та нарыг гал, хүхэрт нуур болон ёроолгүй нүхэнд очуулахаар хараана, тамын арван найман түвшин рүү илгээнэ!” гэж хэлэх хэрэггүй. Тэгэх шаардлагагүй, тэгж туйлшрах хэрэггүй. Орчин нь бүрдвэл, нөхцөл байдал шаардвал чи эцэг эхээ ачлах хариуцлагаа биелүүлж болно. Ингэх шаардлагагүй бол, эсвэл орчин нөхцөл нь бүрдэхгүй бол, ингэх боломжгүй бол чи энэ үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж болно. Чи эцэг эхтэйгээ уулзаж, харилцах үедээ үр хүүхдийн хариуцлагаа биелүүлэхэд л болно. Тэгэх үедээ чи даалгавраа биелүүлсэн байна. Энэ зарчмыг юу гэж бодож байна? (Сайн.) Эцэг эхээ оролцуулаад бүх хүнд хандах зарчим гэж байх ёстой. Чи хуумгай авирлаж болохгүй, Бурханд итгэх итгэлийг чинь хавчсаных нь төлөө эцэг эхээ үг хэлээр доромжилж болохгүй. Энэ дэлхий дээр Бурханд итгэдэггүй маш олон хүн, шүтлэггүй өчнөөн олон хүн, Бурханыг гутаан доромжилдог маш олон хүн бий—чи тэднийг бүгдийг нь харааж, хашхирч загнах уу? Тийм биш бол чи эцэг эх рүүгээ ч хашхирч загнаж болохгүй. Хэрвээ чи бусад хүмүүс рүү биш, эцэг эх рүүгээ хашхирч загнадаг бол адгуу зангаар амьдарч байгаа бөгөөд Бурхан үүнд дургүй. Чи ямар ч шалтгаангүйгээр эцэг эхээ үг хэлээр доромжилж, харааж зүхэж, тэднийг диавол, амьд Сатан, Сатаны зарц гээд, там руу оч гэж хараадаг бол Бурхан чамд сэтгэл хангалуун байна гэж бүү бод—тийм байдаггүй юм. Ийм хуурамч идэвх санаачилга гаргаснаас чинь болоод Бурхан чамайг боломжийн гэж үзэхгүй, хүн чанартай гэж хэлэхгүй. Харин ч Бурхан чиний үйлдлийг сэтгэл хөдлөл, адгуу зан агуулж байна гэж хэлнэ. Бурхан тийм маягаар авирлахад чинь дургүй, энэ нь хэт туйлширсан хэрэг бөгөөд Бурханы хүсэлд нийцдэггүй. Эцэг эхээ оролцуулаад бүх хүнд хандах зарчим гэж байх ёстой; тэд Бурханд итгэдэг эсэх нь хамаагүй, ёрын муу хүмүүс мөн эсэх нь хамаагүй тэдэнд зарчимтай хандах ёстой. Бурхан хүнд энэ зарчмыг хэлж өгсөн: Энэ нь бусдад шударга хандах явдал—зүгээр л хүмүүс эцэг эхийнхээ өмнө нэмэлт хариуцлага үүрдэг. Чи энэ хариуцлагаа биелүүлэхэд л болно. Эцэг эх чинь итгэгч мөн эсэх нь хамаагүй, итгэлээ эрэлхийлдэг эсэх нь хамаагүй, амьдралыг үзэх үзэл, хүн чанар нь чинийхтэй тохирдог эсэх нь хамаагүй, чи зүгээр л тэдний өмнө хариуцлагаа биелүүлэх ёстой. Чи тэднээс зайлсхийх шаардлагагүй—зүгээр л бүх зүйлийг жам ёсоор нь, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтын дагуу явуул. Хэрвээ тэд Бурханд итгэх итгэлд чинь саад хийвэл чи мөн л чадлынхаа хэрээр эцэг эхээ ачлах хариуцлагаа биелүүлэх ёстой, ингэснээр ядаж л мөс чанар чинь тэдэнд ямар ч өргүй байна. Хэрвээ тэд чамд саад болдоггүй, Бурханд итгэх итгэлийг чинь дэмждэг бол чи бас зарчмын дагуу хэрэгжүүлж, тохиромжтой үед тэдэнд сайн хандах ёстой. Товчхондоо, юу ч боллоо гэсэн хүнд тавих Бурханы шаардлага өөрчлөгддөггүй, хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэний зарчим өөрчлөгдөхгүй. Эдгээр асуудал дээр чи зүгээр л зарчмыг баримталж, биелүүлж чадах хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй.
Бурхан яагаад “эцэг эхээ хүндэл” гэх мэт хүний зан авиртай холбоотой шаардлага тавьсан талаар Би одоо ярья. Бурханы бусад шаардлага нь бүгд хүн нэг бүрийн биеэ авч явахтай холбоотой зан авирын зохицуулалт байдаг байхад Бурхан яагаад ачлал энэрлийн асуудлын тухайд өөр шаардлага тавьсан юм бэ? Надад хэл дээ: Хэрвээ хүн эцэг эхээ ч хүндэлж чадахгүй бол ямар уг чанар, мөн чанартай байдаг вэ? (Муу.) Түүнийг төрүүлж, өсгөхийн тулд эцэг эх нь их зовсон, түүнийг өсгөж хүмүүжүүлэх нь мэдээж амар байгаагүй—үнэндээ тэд үр хүүхэд нь өөрсдөд нь асар их аз жаргал, сэтгэл хангалуун байдал авчирна гэж боддоггүй, зүгээр л хүүхэд нь том болоод аз жаргалтай амьдралаар амьдарч, өөрсдөө хүүхдийнхээ төлөө нэг их санаа зовох шаардлагагүй болно гэж л найддаг. Гэхдээ хүүхэд нь чармайдаггүй, шаргуу ажилладаггүй, сайхан амьдардаггүй—эцэг эхдээ найдан тэднээр тэжээлгэдэг бөгөөд эцэг эхээ хүндэлдэггүй төдийгүй бас эцэг эхийнхээ эд хөрөнгийг булаан авах гэж дээрэлхэж, айлган сүрдүүлдэг шимэгч болсон. Хэрвээ тэр ийм олиггүй зан авир гаргаж чаддаг бол ямархуу төрлийн хүн бэ? (Хүн чанар муутай хүн.) Тэд өөрийг нь төрүүлж, өсгөсөн хүмүүсийн өмнө хүлээсэн ямар ч хариуцлагаа биелүүлдэггүй, буруутайгаа огтхон ч мэдэрдэггүй—энэ өнцгөөс харвал тэд мөс чанартай юу? (Үгүй.) Тэд эцэг эхийгээ оролцуулаад хэнийг ч цохиж, үг хэлээр доромжилно. Тэд өөр хэн нэгэнд ханддаг шигээ эцэг эхдээ хандана—тэднийг хүссэнээрээ цохиж, үг хэлээр доромжилно. Урвайсан үедээ эцэг эхдээ уураа гаргаж, аяга таваг хагалж, аав ээжийгээ айлгана. Ийм хүн эрүүл ухаантай юу? (Үгүй.) Хэрвээ хүн мөс чанаргүй, эрүүл ухаангүй, өөрийнхөө эцэг эхийг ч тоомжиргүй зовоож чаддаг бол хүн мөн гэж үү? (Биш.) Тэгвэл тэр юу вэ? (Адгуус амьтан.) Тэр бол адгуус амьтан. Ингэж хэлэх нь зөв үү? (Зөв.) Үнэн хэрэгтээ хэрвээ хүн эцэг эхийнхээ өмнө хүлээсэн зарим хариуцлагаа биелүүлж, тэднийг асарч, энхрийлэн хайрладаг бол энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст зайлшгүй байх учиртай зүйл биш гэж үү? (Мөн.) Хэрвээ хүн эцэг эхээ ад үзэж, зовоох юм бол мөс чанар нь хүлээн зөвшөөрч чадах уу? Хэвийн хүн тиймэрхүү юм хийж чадах уу? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс ингэж чадахгүй—тэд эцэг эхээ уурлуулчихвал хэдэн өдөр сэтгэл тавгүйтнэ. Зарим хүн түргэн ууртай байдаг бөгөөд цөхрөнгөө барах мөчдөө эцэг эхдээ уурлаж болох ч дараа нь тэд мөс чанартаа зэмлүүлнэ, уучлал гуйхгүй байлаа ч дахин тийм юм хийхгүй. Энэ бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл, хэвийн хүн чанарын илчлэл. Хүн чанаргүй хүмүүс юу ч мэдрэхгүйгээр эцэг эхээ яаж ч зовоож чадах бөгөөд тэдний хийдэг зүйл энэ юм. Бага байхад нь аав ээж нь нэг удаа цохисон л бол тэд насан туршдаа үүнийг санах ба өсөж том болсныхоо дараа аав ээж рүүгээ дайрч, эргүүлээд зодохыг хүсдэг. Бага байхад нь аав ээж нь зодсон бол ихэнх хүн зөрүүлээд цохихыг хүсдэггүй; гучаад насны зарим хүн аав ээж нь цохих үед эргүүлээд цохихгүй, өвдөж байсан ч нэг ч үг дуугарахгүй. Энэ нь хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйл юм. Тэд яагаад энэ талаар нэг ч үг дуугарахгүй вэ? Өөр хүн тэднийг цохивол тэд үүнийг зөвшөөрч, тэр хүнд зодуулах уу? (Үгүй.) Өөр хүн байсан бол хэн байх нь хамаагүй тэд өөрсдийгөө зодуулахгүй—бүр хэл амаар доромжилсон үг хэлэхийг нь ч зөвшөөрөхгүй. Тэгвэл тэд аав ээж нь яаж ч цохисон яагаад эргүүлээд цохидоггүй, эсвэл уурладаггүй юм бэ? Яагаад тэвчдэг юм бэ? Тэдний хүн чанарт мөс чанар, эрүүл ухаан байдаг учраас тэр биш гэж үү? Тэд дотроо “Аав ээж маань намайг өсгөсөн. Тэд намайг зодох нь буруу ч гэсэн би тэвчих ёстой. Тэгээд ч би тэднийг уурлуулсан учраас зодуулбал таарна. Би үгэнд нь орохгүй, уурыг нь хүргэсэн учраас л тэд ингэж байгаа. Би зодуулбал таарна! Би дахиж хэзээ ч ингэхгүй” гэж боддог. Хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой эрүүл ухаан энэ биш гэж үү? (Мөн.) Хэвийн хүн чанарын энэ эрүүл ухаан нь эцэг эхийнхээ ингэж хандахыг тэвчихэд хүргэдэг. Энэ бол хэвийн хүн чанар юм. Тэгвэл ингэж хандахыг нь тэвчиж чаддаггүй, эцэг эх рүүгээ эргээд дайрдаг хүмүүст ийм хүн чанар байдаг уу? (Байхгүй.) Тийм ээ, тэдэнд байдаггүй. Хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс бүр төрсөн аав ээжийгээ ч зодож, үг хэлээр доромжилж чаддаг, тэгвэл тэд Бурхан болон чуулганы ах, эгч нартаа яаж хандаж чадах вэ? Тэд өөрсдийг нь төрүүлж, өсгөсөн хүмүүст ингэж хандаж чаддаг юм чинь цусан холбоогүй бусад хүнийг бүр ч тоохгүй биш үү? (Тийм ээ.) Тэд өөрсдийнхөө харж, хүрч чадахгүй Бурханд яаж хандах вэ? Нүдээрээ харж чадахгүй Бурханд мөс чанар, эрүүл ухаанаар хандаж чадах уу? Тэд Бурханы зохион байгуулсан бүх орчинд дуулгавартай байж чадах уу? (Үгүй.) Хэрвээ Бурхан тэдэнтэй харьцаж, засаж, эсвэл шүүж, гэсгээвэл тэд Бурханыг эсэргүүцэх үү? (Тэгнэ.) Үүнийг бодоод үз: Хүний мөс чанар, эрүүл ухаан ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ? Хүний мөс чанар, эрүүл ухаан тодорхой хэмжээнд зан авирыг нь хязгаарлаж, зохицуулж чаддаг—энэ нь хүнийг зөв хандлагатай болгож, ямар нэг зүйл тохиолдоход зөв сонголт хийж, өөрсдөд нь тохиолдсон юм бүхэнд мөс чанар, эрүүл ухаанаар ханддаг болгодог. Ихэнх тохиолдолд мөс чанар, эрүүл ухаанд үндэслэн авирлах нь хүмүүст асар олон золгүй явдлаас зайлсхийх боломж олгоно. Мэдээж үнэнийг эрэлхийлдэг хүмүүс энэ суурин дээр үнэнийг эрэлхийлэх замаар алхах сонголт хийж, үнэний бодит байдалд орж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байж чаддаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хүн чанаргүй бөгөөд тэдэнд ийм мөс чанар, эрүүл ухаан байдаггүй—үүний үр дагавар аймшигтай. Тэд Бурханд юу ч хийж чадна—яг л фарисайчууд Эзэн Есүст хандсантай адилаар тэд Бурханыг гутааж, Бурханаас өшөө авч, Бурханыг доромжилж, бүр Бурханыг буруутгаж, Бурханаас урваж чадна. Энэ асуудал маш ноцтой—энэ нь гай дууддаг бус уу? Хүн чанарын эрүүл ухаангүй хүмүүс адгуу зангаасаа үүдэн бусдаас үргэлж өшөө авдаг; хүн чанарын эрүүл ухаанд баригддаггүй тул туйлширсан бодол санаа, үзэл бодолтой болж, дараа нь туйлширсан зан гаргаж, мөс чанар, эрүүл ухаангүй авирлахад амархан байдаг бөгөөд эцэстээ үр дагавар нь бүрмөсөн хяналтаас гардаг. Би “эцэг эхээ хүндлэх” болон үнэний хэрэгжүүлэлтийн талаар нөхөрлөж бараг дууслаа—эцсийн эцэст энэ нь хүн чанараас шалтгаалдаг. Бурхан яагаад “эцэг эхээ хүндэл” гэх мэтийн шаардлага тавьсан бэ? Энэ нь хүний биеэ авч явах байдалтай холбоотой учраас. Нэг талаар Бурхан энэ шаардлагыг ашиглан хүний зан авирыг зохицуулдаг, нөгөө талаар хүмүүсийн хүн чанарыг шалгаж, тодорхойлдог. Хэрвээ хүн төрсөн аав ээждээ мөс чанар, эрүүл ухаанаар ханддаггүй бол хүн чанаргүй гэдэг нь гарцаагүй. Зарим хүн: “Аав, ээж нь хүн чанар сайтай биш, хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн биелүүлээгүй бол яах вэ—тэр хүн мөн л эцэг эхдээ ачлалтай байх ёстой юу?” гэдэг. Хэрвээ тэр хүн мөс чанар, эрүүл ухаантай бол хүү юм уу охины хувиар эцэг эхээ зовоохгүй. Эцэг эхээ зовоодог хүмүүст мөс чанар, эрүүл ухаан яавч байхгүй. Тиймээс Бурхан ямар ч шаардлага тавьсан, энэ нь хүмүүсийн эцэг эхдээ хандах хандлагатай, ихэвчлэн амьдран харуулж, илчилдэг хүн чанартай холбоотой эсэх нь хамаагүй, ямар ч тохиолдолд Бурхан гадна талын зан авиртай холбоотой эдгээр арга замыг дэвшүүлсэн тул Өөрийн гэсэн шалтгаан, зорилготой байж таарна. Хэдийгээр Бурханы тавьсан зан авирын эдгээр шаардлага нь зарим талаар үнэнээс хол байдаг ч ямартай ч хүний зан авирыг зохицуулахын тулд Бурханы тогтоосон стандарт мөн юм. Тэдгээр нь бүгд ач холбогдолтой, өнөөдөр ч хүчинтэй хэвээр байдаг.
Би хүнд тавьсан Бурханы зан авирын шалгуур болон Бурханы шаарддаг үнэний хоорондох янз бүрийн уялдаа холбоо, ялгааны талаар сая нөхөрлөлөө. Одоо бид хүмүүсийн үзэлдээ зөв, сайн гэж үздэг зүйлсийн нэг хэсэг болох сайн зан авирын талаар нөхөрлөж бараг дууссан биш үү? Энэ талаарх нөхөрлөлөө дуусгасны дараа бид хүний зан авирыг зохицуулахын тулд Бурханы тавьсан зарим стандарт болон үг хэллэг, хүний амьдран харуулдаг зүйлийн тухай ярилцаж, зарим жишээг жагсаасан, тухайлбал: бусдыг зодохгүй, хэл амаар доромжлохгүй байх, эцэг эхээ хүндлэх, архи ууж, тамхи татахгүй байх, хулгай хийхгүй, бусдыг далимдуулан ашиглахгүй байх, хуурамч мэдүүлэг өгөхгүй, хуурамч шүтээн шүтэхгүй байх гэх мэт. Мэдээж эдгээр нь ердөө гол зүйл нь бөгөөд илүү олон нарийн ширийн зүйлийг бид авч үзэхгүй. Тэгвэл эдгээр зүйлийн талаар нөхөрлөсний дараа та нар ямар үнэнийг олж авсан байх ёстой вэ? Ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах хэрэгтэй юу? Сайхан ааштай хүн байх шаардлагатай юу? Эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх хэрэгтэй юу? Эмэгтэйчүүд эелдэг зөөлөн, хүмүүжилтэй юм уу боловсрол сайтай, мэдрэмжтэй байх хэрэгтэй юу? Эрчүүд нь агуу, амбицтай, амжилттай хүн байх хэрэгтэй юу? Тэгэх хэрэггүй. Мэдээж бид асар их нөхөрлөл хийсэн. Уламжлалт соёлын дэмждэг эдгээр зүйлийг Сатан хүмүүсийг төөрөлдүүлэхдээ ашигладаг нь тодорхой. Эдгээр нь үнэхээр төөрөлдүүлдэг зүйлс бөгөөд хүмүүсийг мэхэлдэг зүйлс юм. Та нар өөрсдийгөө шалгаж, ийм бодол санаа, үзэл бодол, зан авир, илрэлийг өвөрлөсөөр байгаа эсэхээ харах ёстой. Хэрвээ байгаа бол тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдхан эрж хайх ёстой, дараа нь үнэнийг хүлээн авч, Бурханы үгээр амьдрах ёстой. Тийм маягаар Бурханы сайшаалыг хүртэж чадна. Та нар уламжлалт соёлоор амьдрах үед дотоод байдал чинь ямар байсан, зүрх сэтгэлийн чинь гүнд ямар мэдрэмж төрж, юу олж авсан, үр дүн нь юу байсныг эргэцүүлээд, дараа нь биеэ барих, ариун хүний ёс журамтай байх, бусдыг цохихгүй, үг хэлээр доромжлохгүй байх гэх мэт хүнээс шаардсан Бурханы стандартын дагуу биеэ авч явахад ямар санагдахыг харах ёстой. Эдгээр амьдралын хэв маягийн аль нь чамайг илүү хялбар, эрх чөлөөтэй, тогтвортой, амар амгалан амьдруулж, илүү хүн чанартай амьдрах боломж олгож байгааг, мөн аль нь хуурамч багийн дор амьдарч байгаа мэт санагдуулж, амьдралыг чинь маш хуурамч, өрөвдөлтэй болгож байгааг хар. Амьдралын эдгээр хэв маягийн аль нь чамайг Бурханы шаардлагад улам ойр амьдруулж, Бурхантай харилцах харилцааг чинь улам хэвийн болгож байгааг хар. Чи үүнийг бодитоор туулах үедээ мэдэх болно. Бурханы үг болон үнэнийг л хэрэгжүүлэх нь чамд чөлөөлөлт, эрх чөлөөг авчирч, Бурханы сайшаалыг хүртэх боломж олгож чадна. Жишээлбэл, өөрийгөө ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, дүрэм журмыг дагаж мөрддөг, сайн хүн гэж бусдаар хэлүүлэхийн тулд чи өөрөөсөө насаар ахмад ах юм уу эгчтэй уулзах бүрдээ “ах аа”, “эгч ээ” гэж дуудаад, нэрээр нь дуудаж хэзээ ч зүрхэлдэггүй, нэрээр нь дуудахаас хэтэрхий ичиж, тэгэх нь тун хүндлэлгүй хэрэг гэж боддог байлаа гэе. Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах энэ уламжлалт үзэл зүрх сэтгэлд чинь нуугдсан байдаг тул хөгшин хүнийг харахдаа чи маш эелдэг, зөөлөн авирлаж, дүрэм журам сахидаг, соёлтой хүн мэт байж, өөрийн эрхгүй 15-аас 90 градусын өнцөг үүсгэн биеэрээ бөхийдөг. Чи ахмад хүмүүст хүндэтгэлтэй ханддаг бөгөөд урд чинь байгаа хүн хэдий чинээ өндөр настай байна, төдий чинээ сайхан авиртай мэт дүр эсгэдэг. Ингэж сайхан авирлах нь сайн зүйл мөн үү? Энэ бол ноён нуруугүй, нэр хүндгүй амьдарч байгаа хэрэг юм. Ийм хүмүүс жаахан хүүхэд харах үедээ яг л хүүхэд шиг хөөрхөн, хөгжилтэй авирладаг. Өөрийнхөө үе тэнгийн нэгнийг харах үедээ тэд нэлээд цэх зогсож, насанд хүрэгч мэт авирладаг, ингэснээр бусад нь тэднийг үл хүндэлж зүрхэлдэггүй. Тэд ямархуу хүн бэ? Олон нүүртэй хүн биш үү? Тэд маш хурдан өөрчлөгддөг, тийм биз дээ? Хөгшин хүнийг хараад тэд “өвөө”, “эмээ” гэж дууддаг. Өөрөөс нь насаар яльгүй ах хүнийг харах үедээ “агаа”, “эгээ”, “ах аа”, “эгч ээ” гэж дууддаг. Өөрөөсөө залуухан хүнтэй уулзахдаа “дүү”, “миний дүү” гэдэг. Тэд нас сүүдрээс нь хамааран хүмүүст өөр өөр алдар цол, хоч нэр өгдөг бөгөөд хүмүүсийг ингэж хаягладаг байдал нь маш оновчтой, үнэн зөв байдаг. Эдгээр зүйл тэдний ясанд нь суусан байдаг бөгөөд үүнийгээ асар чөлөөтэй хэрэглэж чаддаг. Ялангуяа Бурханд итгэж эхэлснийхээ дараа тэд “Одоо би Бурханд итгэгч юм чинь дүрэм журам сахиж, соёлтой байх ёстой; боловсрол сайтай, мэдрэмжтэй байх ёстой. Би тэр шүтлэггүй, асуудалтай залуус шиг дүрэм журмыг зөрчиж, тэрсэлж болохгүй—хүмүүс үүнд дургүй. Би хүн бүрд таалагдахыг хүсвэл ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах ёстой” гэдэгт бүр ч их үнэмшдэг. Тиймээс тэд зан авираа улам чанд зохицуулж, өөр өөр насны хүмүүсийг өөр өөр түвшинд хувааж, бүгдэд нь алдар цол, хоч нэр өгч, дараа нь үүнийгээ өдөр тутмын амьдралдаа байнга хэрэгжүүлж, улмаар “Намайг хараач, би Бурханд итгэснийхээ дараа үнэхээр өөрчлөгдсөн. Би боловсрол сайтай, мэдрэмжтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг хүн. Би үнэхээр хүний төрхтэй амьдарч байна. Хэчнээн ахмад хүн байх нь хамаагүй, уулзсан хүн бүрээ би зөв авгайлан дуудаж мэддэг. Эцэг эх маань надад үүнийг заах шаардлагагүй, эргэн тойрны хүмүүс надад үүнийг хэлж өгөх хэрэггүй, би зүгээр л яахаа мэднэ” гэж бүр ч их боддог. Энэ сайн зан авирыг хэрэгжүүлснийхээ дараа тэд өөрсдийгөө үнэхээр хүн чанартай, үнэхээр дүрэм журам мөрддөг, Бурханд энэ нь таалагдах нь лавтай гэж боддог—тэд өөрсдийгөө болон бусдыг хуурч байгаа биш үү? Одоогоос эхлээд чи эдгээр зүйлийг орхих ёстой. Өмнө нь Би Дамин, Шяомин хоёрын түүхийг ярьж өгсөн—тэр түүх ахмадыг хүндэлж, залуусыг халамжлахтай холбоотой байсан, тийм үү? (Тийм ээ.) Зарим хүн хөгшин хүнийг хараад, тэднийг “ах аа”, “эгч ээ” гэж дуудах нь хангалттай найрсаг биш, энэ нь өөрсдийг нь хангалттай соёлтой гэж хүмүүст бодогдуулахгүй гэж боддог болохоор “хөгшин өвөө”, эсвэл “хөгшин эгч” гэж дууддаг. Чи тэдэнд хангалттай хүндлэл үзүүлсэн мэт харагддаг, тэгвэл тэднийг гэх хүндлэл чинь хаанаас гардаг вэ? Чамд бусдыг хүндэлдэг хүний царай төрх байхгүй. Чи аймшигтай, хэрцгий, шазруун, биеэ тоосон төрхтэй, өөр хэнээс ч илүү биеэ тоосон үйлдэлтэй. Чи үнэний зарчмыг эрж хайдаггүй төдийгүй, бас өөр хэнтэй ч зөвлөлддөггүй; дураараа дургидаг, өчүүхэн төдий ч хүн чанаргүй. Чи хэн байр суурьтай болохыг хараад, дараа нь тэднийг “ах аа”, “эгч ээ” гэж дуудан, үүнийхээ төлөө бусдаар магтуулна гэж найддаг—ингэж дүр эсгээд нэмэртэй юу? Ингэж дүр эсгэвэл хүн чанар, ёс суртахуунтай болох уу? Эсрэгээрээ, ингэж байгааг чинь бусад хүмүүс харах үедээ чамайг бүр ч их зэвүүцнэ. Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой асуудлууд гарч ирэхэд чи жинхэнээсээ Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж чадна. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгахын тулд л амьдардаг, ийм хүн чанартай хэр нь хүмүүсийг “эгч ээ” гэж дуудсаар байдаг—энэ чинь дүр эсгэлт биш үү? (Мөн.) Та нар дүр эсгэхдээ үнэхээр сайн! Надад хэл дээ, ийм хүмүүс жигшүүртэй биш үү? (Тийм.) Ийм хүмүүс үргэлж Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж байдаг—Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч хамгаалдаггүй. Тэд тусыг усаар хариулдаг бөгөөд Бурханы гэрт амьдрахад зохихгүй. Өөрсдийгөө шалга, чиний өвөрлөсөөр байгаа ямар бодол санаа, үзэл бодол, хандлага, арга барил, хүмүүст хандах арга зам хүн төрөлхтний сайн зан авир гэж хүлээн зөвшөөрдөг ч үнэндээ Бурханы үзэн яддаг яг тэр зүйл мөн бэ гэдгийг хар. Та нар даруйхан эдгээр үнэ цэнгүй зүйлийг орхих ёстой, тэдгээртэй зууралдаж яавч болохгүй. Зарим хүн: “Ингэж авирлахад юу нь буруу юм бэ?” гэдэг. Хэрвээ чи тэгж авирладаг бол Би чамайг жигшиж, үзэн ядна, чи яасан ч тэгж авирлаж болохгүй. Зарим хүн: “Та намайг жигших нь хамаагүй, эцсийн эцэст бид Тантай хамт амьдардаггүй” гэдэг. Бид хамт амьдардаггүй байсан ч гэсэн чи тэгж авирлах ёсгүй. Чи үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаггүй, өөрөөр хэлбэл, аврагдаж чадахгүй учраас Би чамайг жигшинэ. Тиймээс тэдгээр зүйлийг аль болох хурдан орхисон чинь дээр. Битгий дүр эсгэ, хуурамч багийн цаана бүү амьдар. Энэ тухайд Барууны хүмүүс маш хэвийн гэж Би бодож байна. Жишээлбэл, Америкт чи зүгээр л хүмүүсийг нэрээр нь дуудах хэрэгтэй. Чи энэ хүнийг “өвөө”, тэр хүнийг “эмээ” гэж эв хавгүй дуудах хэрэггүй, хүмүүс чамайг шүүмжлэх талаар санаа зовох шаардлагагүй—зүгээр л хүмүүсийг нэр хүндтэй байдлаар нэрээр нь дуудаж болох бөгөөд ингэж дуудахыг чинь сонсоод том хүн ч бай, хүүхэд ч бай маш их баярлаж, чамайг өөрийг нь хүндэлж байна гэж бодно. Эсрэгээрээ, хэрвээ чи нэрийг нь мэддэг ч “ноёнтоон”, “эгч ээ” гэж дуудах юм бол тэд баярлахгүй, чамайг үл тоомсорлох бөгөөд энэ нь чамд маш хачин санагдана. Барууны соёл Хятадын уламжлалт соёлоос өөр. Хятадын ард түмэн уламжлалт соёлд үнэмшиж, үүний нөлөөнд автсан байдаг бөгөөд үргэлж өндөр албан тушаал хашиж, бүлгийн ахмад нь байж, бусдаар өөрийгөө хүндлүүлэхийг хүсдэг. Тэдний хувьд “өвөө”, “эмээ” гэж дуудуулах нь хангалтгүй, энэ үгийн урд “хөгшин” гэсэн үг нэмж, “хөгшин өвөө”, “хөгшин эмээ”, “хөгшин ах” гэж дуудахыг хүмүүсээс хүсдэг. Тэгээд бас “том эгч”, эсвэл “том ах” гэж бий—хэрвээ тэд “хөгшин” гэж дуудуулахгүй бол “том” гэж дуудуулахыг хүсдэг. Ийм хүмүүс жигшүүртэй биш үү? Энэ ямар гээчийн зан чанар вэ? Олиггүй биш үү? Энэ нь үнэхээр зэвүүн! Ийм төрлийн хүмүүс бусдын хүндлэлийг олж авч чадахгүй төдийгүй, бусад хүмүүс тэднийг үзэн ядаж, зэвүүцэж, тэднээс зайгаа барьж, тэднийг голдог. Тиймээс уламжлалт соёлын эдгээр талыг илчилж, эдгээр зүйлийг үзэн ядах шалтгаан Бурханд бий. Учир нь эдгээр зүйл Сатаны заль мэх, зан чанарыг агуулдаг, мөн хүний биеэ авч явах арга барил, чиг баримжаанд нөлөөлдөг. Мэдээж бас хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодолд нөлөөлөхийн сацуу хүмүүсийг харалган болгож, зөв замыг сонгох чадварт нь нөлөө үзүүлдэг. Тиймээс хүмүүс эдгээр зүйлийг орхих ёстой биш үү? (Тийм ээ.)
Хятадын ард түмэнд уламжлалт соёл гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Мэдээж дэлхий дээр бүх улс оронд өөрийн гэсэн уламжлалт соёл байдаг бөгөөд эдгээр уламжлалт соёл нь хоорондоо багахан л ялгаатай. Зарим үг хэллэг нь Хятадын уламжлалт соёлынхоос ялгаатай хэдий ч уг чанар нь адилхан. Хүмүүс завхарсан зан чанартай, хэвийн хүн чанаргүй тул гаднаа сайн мэт харагддаг, хүний үзэл, төсөөлөлтэй нийцдэг, хүмүүс хэрэгжүүлэхэд амархан, өөрсдийгөө нуун далдлахад амархан зарим маш овжин зан авирыг ашигладгаас болоод л энэ бүх үг хэллэг оршин байдаг, ингэснээр хүмүүс маш боловсон, эрхэм, хүндтэй харагдаж, нэр төртэй, ёс жудагтай мэт санагддаг. Гэхдээ уламжлалт соёлын яг энэ талууд л хүмүүсийн нүдийг сохолж, тэднийг хууран мэхэлдэг бөгөөд хүний төрхийг амьдран харуулахад яг эдгээр зүйл л хүмүүст саад болдог. Үүнээс ч долоон дор нь, Сатан эдгээр зүйлийг ашиглан хүмүүсийн хүн чанарыг завхруулж, тэднийг зөв замаас холдуулдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Бурхан хүмүүст хулгай хийж, садар самуун үйлдэж болохгүй гэх мэтийг хэлдэг, харин Сатан хүмүүст боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай байх ёстой гэх мэтийг хэлдэг—эдгээр нь Бурханы тавьсан шаардлагуудын яг эсрэг биш гэж үү? Бурханы шаардлагатай зориуд сөргөлддөг биш үү? Бусад хүнийг хууран мэхлэхийн тулд эдгээр гадна талын арга барил, зан авир, амьдран харуулдаг зүйлээ хэрхэн ашиглахыг Сатан хүмүүст заадаг. Харин Бурхан хүмүүст юу заадаг вэ? Тэд бусдын итгэлийг хуурамчаар олж авахын тулд гадна талын зан авирыг ашиглах ёсгүй, үүний оронд нь Бурханы үг болон үнэнд үндэслэн биеэ авч явах ёстой гэж заадаг. Тийм маягаар тэд бусдын итгэл, найдварыг хүртэх эрхтэй болно—ийм хүмүүс л хүн чанартай байдаг. Энд ялгаа байгаа биш үү? Асар их ялгаа бий. Бурхан чамд биеэ хэрхэн авч явахыг заадаг байхад Сатан чамд хэрхэн дүр эсгэж, бусад хүнийг хэрхэн хуурах вэ гэдгийг хэлж өгдөг—энэ нь том ялгаа биш үү? Тэгвэл хүмүүс эцэст нь юу сонгох ёстойг та нар одоо ойлгов уу? Эдгээрийн аль нь зөв зам бэ? (Бурханы үг.) Тийм ээ, Бурханы үг бол амьдралын зөв зам. Бурханы үг хүний зан авирын талаар ямар ч шаардлага тавьсан бай, энэ нь дүрэм журам, тушаал, эсвэл хүнд Бурханы ярьсан хууль байлаа ч гэсэн бүгд гарцаагүй зөв бөгөөд хүмүүс тэдгээрийг дагаж мөрдөх ёстой. Учир нь Бурханы үг бол үргэлж зөв зам, эерэг зүйл байна, харин Сатаны үг хүмүүсийг мэхэлж, завхруулж, Сатаны явуулгыг агуулдаг бөгөөд хүмүүсийн дур сонирхол, үзэл, төсөөлөлд хэчнээн нийцэж байлаа ч гэсэн зөв зам биш юм. Ойлгов уу? (Ойлголоо.) Өнөөдрийн нөхөрлөлийн агуулгыг сонсоод та нарт ямар санагдаж байна? Энэ нь үнэнтэй холбоотой байна уу? (Тийм ээ.) Та нар үнэний энэ талыг өмнө нь ойлгосон байсан уу? (Тийм ч тодорхой биш.) Одоо тодорхой ойлгов уу? (Өмнөхөөсөө илүү ойлголоо.) Товчхондоо, эдгээр үнэнийг ойлгох нь хүмүүст хожим ашиг тусаа өгнө. Энэ нь ирээдүйд үнэнийг эрж хайх, хүн чанарыг амьдран харуулахад нь тустай, мөн амьдралдаа эрэлхийлдэг зүйлийнх нь зорилго, чиглэлд тустай байх болно.
2002 оны 2 дугаар сарын 26
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?