Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6) (III хэсэг)

Одоо ёс суртахууны талаарх дараагийн үгийн талаар нөхөрлөцгөөе—“Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”—энэ хэллэг ямар утгатай вэ? Энэ нь чи өөртөө хатуу шаардлага тавьж, бусад хүмүүст зөөлөн хандах ёстой гэсэн үг, тэгснээр тэд ямар уудам, уужуу сэтгэлтэй болохыг чинь харж чадна. Тэгвэл хүмүүс яагаад ингэх ёстой гэж? Үүгээрээ юунд хүрэх зорилготой вэ? Үүнийг хийх боломжтой юу? Энэ нь үнэхээр хүмүүсийн хүн чанарын төрөлхийн илэрхийлэл мөн үү? Үүнийг хэрэгжүүлэхийн тулд чи маш их буулт хийх ёстой! Чи хүсэл, шаардлагаас ангид байж, өөрийгөө бага баясгаж, арай илүү зовж, илүү их төлөөс төлж, их хөдөлмөрлөх ёстой, тэгж байж бусад хүмүүс ядарч зүдрэх шаардлагагүй болно. Бусад хүмүүс гоншигнож, гомдоллох юм уу тааруу ажиллавал чи тэднээс хэт ихийг шаардах ёсгүй—ерөнхийдөө энэ нь хангалттай. Хүмүүс үүнийг эрхэм ёс суртахууны шинж тэмдэг гэж үздэг—гэхдээ энэ нь яагаад Надад худал сонсогддог вэ? Энэ худлаа биш гэж үү? (Энэ худлаа.) Ердийн нөхцөлд эгэл жирийн хүний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл нь өөртөө хүлээцтэй, бусдад хатуу хандах явдал байдаг. Энэ бол баримт. Хүмүүс өрөөл бусдын асуудлыг ухамсарлаж чаддаг—“Энэ бол биеэ тоосон хүн! Тэр бол муу хүн! Энэ бол аминч хүн! Тэр хүн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй, хааш яаш! Энэ хүн их залхуу!” гэхийн сацуу дотроо “Би жаахан залхуу байсан ч яах вэ дээ. Би сайн хэв чанартай. Хэдий залхуу ч бусдаас илүү сайн ажилладаг!” гэж боддог. Тэд бусдаас алдаа олж, өө эрэх дуртай байдаг ч өөрсдөдөө хүлээцтэй, аль болох найрсаг ханддаг. Энэ нь тэдний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл биш гэж үү? (Мөн.) Хэрэв хүмүүсээс “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” хандах үзэл санааны дагуу амьдрахыг шаардвал тэд ямар зовлон зүдүүр туулах ёстой вэ? Тэд үүнийг үнэхээр тэвчиж чадах уу? Хэчнээн хүн тэгж чадах бол? (Хэн ч чадахгүй.) Яагаад тэр билээ? (Хүмүүс угаасаа аминч байдаг. Тэд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх зарчмын дагуу үйлддэг.) Үнэн хэрэгтээ хүн бол аминч төрсөн, аминч амьтан бөгөөд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг гүн ухаанд туйлын үнэнч байдаг. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед аминч бус байж, өөрсдийгөө харж хандахгүй байх нь тэдний хувьд осолтой, ёсноос гажууд гэж хүмүүс боддог. Хүмүүс ингэж бодож, үйлддэг. Хүмүүсээс аминч бус байж, өөрсдөдөө хатуу шаардлага тавьж, бусдыг далимдуулан ашиглахын оронд дуртайяа хохирол амсдаг байхыг хүлээвэл энэ нь бодитой хүлээлт мөн үү? Хэн нэгэн хүн өөрсдийг нь ашиглах үед хүмүүс баяртайгаар “Чи намайг ашиглаж байгаа ч би уурлахгүй ээ. Би хүлээцтэй хүн, би чамайг муулахгүй, эсвэл чамаас хариугаа авах гэж оролдохгүй, хэрвээ чи хангалттай ашиглаж амжаагүй бол санаа зоволтгүй үргэлжлүүл” гэж хэлэхийг хүлээх нь бодитой хүлээлт үү? Хэдэн хүн ингэж чадах вэ? Завхарсан хүн төрөлхтний ердийн ааш авир ийм байдаг уу? Мэдээжийн хэрэг, ийм зүйл тохиолдох нь хэвийн бус юм. Яагаад тэр билээ? Учир нь завхарсан зан чанартай хүмүүс, ялангуяа аминч, жигшүүртэй хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцдэг бөгөөд бусдыг бодох юм бол яавч сэтгэл нь ханадаггүй. Тиймээс энэ нь гоц үзэгдэл бөгөөд ийм юм тохиолдох нь хэвийн бус юм. “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”—ёс суртахууны талаарх энэ үг нь хүн чанарыг ойлгодоггүй нийгмийн ёс суртахууны үзэлтнүүдийн хүнд тавьсан, бодит баримтад ч, хүн чанарт ч үл нийцэх нэг төрлийн шаардлага гэдэг нь ойлгомжтой. Энэ нь хулганад нүх ухаж болохгүй гэж хэлэхтэй, эсвэл мууранд хулгана барьж болохгүй гэж хэлэхтэй адилхан. Ийм шаардлага тавих нь зөв үү? (Үгүй. Энэ нь хүн чанарын хуулийг зөрчдөг.) Энэ шаардлага мэдээж бодит байдалтай нийцдэггүй, маш хоосон байдаг. Энэ шаардлагыг шаарддаг хүмүүс өөрсдөө даган мөрдөж чаддаг уу? (Үгүй.) Тэд өөрсдийнхөө биелүүлж чаддаггүй шаардлагыг даган мөрдөхийг бусдаас шаарддаг—энд ямар асуудал байна вэ? Энэ нь бага зэрэг хариуцлагагүй хэрэг биш үү? Хамгийн наад зах нь тэд хариуцлагагүй бөгөөд дэмий юм ярьж байна гэж хэлж болно. Тэгвэл үүнийг цааш нь авч үзвэл энэ асуудлын уг чанар юу вэ? (Хоёр нүүр гаргах.) Зөв, энэ нь хоёр нүүртэй зангийн жишээ. Тэд өөрсдөө энэ шаардлагыг даган мөрдөж илт чаддаггүй хэр нь өөрсдийгөө хүлээцтэй, уудам сэтгэлтэй, үнэхээр ёс суртахуун өндөртэй гэж хэлсээр байдаг—энэ нь зүгээр л хоёр нүүртэй зан биш үү? Үүнийг яаж ч томьёолсон бай, энэ нь тодорхой худал хуурмагийг агуулсан хоосон үг учраас бид үүнийг хоёр нүүрт үг хэллэг гэж ангилна. Энэ нь фарисайчуудын сурталчилж байсан үг хэллэгтэй адил төстэй; үүний цаана далд сэдэл байдаг нь мэдээж онгирох, өөрийгөө эрхэм ёс суртахуунтай хүн гэж тодорхойлох, эрхэм ёс суртахууны үлгэр дуурайл, үлгэр загвар гэж өөрийгөө бусдад магтуулах явдал юм. Тэгвэл ямар хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чаддаг вэ? Багш, эмч нар энэ үгийг даган мөрдөж чадах уу? Алдартай, агуу гэгддэг хүмүүс, Күнз, Мэнз, Лаози гэх мэтийн мэргэд энэ үгийг даган мөрдөж чадсан уу? (Үгүй.) Товчхондоо хүний дэвшүүлсэн энэ үг хэчнээн инээдтэйгээс үл хамааран, энэ шаардлага хэрэгжих боломжтой эсэхээс үл хамааран, эцсийн эцэст энэ нь зүгээр л хүмүүсийн ёс суртахууны зан байдал, зан авирт тавьсан шаардлага юм. Ядаж л хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөхийг хүсдэггүй, тэдний хувьд үүнийг хэрэгжүүлэхэд амархан биш, учир нь энэ нь хүний хэвийн хүн чанараар хүрч болох стандарттай зөрчилддөг. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ нь уламжлалт соёлын сурталчилдаг хүний ёс суртахууны талаарх стандарт, шаардлага хэвээр юм. Хэдийгээр “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдэг нь цөөхөн хүний даган мөрдөж чадах хоосон үг бөгөөд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үгтэй адилхан боловч—үүнийг хэрэгжүүлдэг хүмүүс ямар сэдэл, санаархал өвөрлөдгөөс үл хамааран, эсвэл хүн үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ч үл хамааран—ямар ч тохиолдолд энэ шаардлагыг сурталчилдаг хүмүүс өөрсдийгөө ёс суртахууны оргилд тавьдаг гэсэн баримтад үндэслэвэл энэ нь тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, зарим талаар хэвийн бус эрүүл ухаантай болгодог биш гэж үү? Хэрвээ чи тэднээс “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх үгийг даган мөрдөж чадах эсэхийг асуувал тэд “Мэдээж шүү дээ!” гэж хэлнэ. Гэхдээ тэднээс үүнийг дагаж мөрд гэж үнэхээр шаардах юм бол тэд чадахгүй. Яагаад үүнийг даган мөрдөж чаддаггүй вэ? Учир нь тэд биеэ тоосон, сатанлаг зан чанартай. Бусад хүн тэдэнтэй байр суурь, эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжооны төлөө өрсөлдөж байх үед энэ ёс суртахууныг даган мөрдөхийг тэднээс шаардаад, үнэхээр тэгж чадах эсэхийг нь хар. Тэд үүнийг хийж ер чадахгүй, тэр ч бүү хэл чамд дайсагнана. Хэрвээ чи тэднээс “Яагаад чи өөрөө ч даган мөрдөж чадахгүй байж энэ үгийг сурталчлаад байдаг юм бэ? Яагаад чи үүнийг мөрдөхийг бусдаас шаардсаар байгаа юм бэ? Чи хоёр нүүр гаргаж байгаа биш үү?” гэж асуувал тэд хүлээн авах уу? Хэрвээ чи тэднийг илчилбэл тэд хүлээн авахгүй—тэднийг яаж ч илчилсэн бай тэд хүлээн авахгүй, буруугаа хүлээхгүй—тэд бол сайн хүмүүс биш гэдгийг энэ нь харуулж байна. Өөрсдийнхөө шаардлагыг мөрдөж чадахгүй мөртөө ёс суртахууны өндөр өнгө аястай байдаг болохоор тэднийг том луйварчид, хоёр нүүр гаргагч гэж зүй ёсоор нэрлэж болно.

“Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдэг нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үг хэллэгтэй адил хүмүүсийн ёс суртахуунтай холбоотойгоор уламжлалт соёлын тавьдаг шаардлагуудын нэг юм. Үүний нэгэн адилаар, хэн нэгэн ийм ёс суртахуунд хүрч чадах, эсвэл хэрэгжүүлж чадах эсэхээс үл хамааран энэ нь тэдний хүн чанарыг хэмжих стандарт, хэм хэмжээ болж чадахгүй. Магадгүй чи үнэхээр өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чаддаг, өөртөө нэн өндөр стандарт тавьдаг байж болох юм. Магадгүй чи маш цэвэрч бөгөөд аминч бус байж, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөлгүйгээр үргэлж бусдыг боддог, бусдыг анхаардаг байж болно. Чи үнэхээр өгөөмөр, аминч бус, нийгмийн хариуцлагын мэдрэмж өндөртэй, нийгмийн ёс суртахуунтай байж магадгүй. Эрхэм чанар, сайн чанар чинь ойр дотнынхон болон чамтай тааралддаг, харилцдаг хүмүүст ил харагддаг байж магадгүй. Чиний зан авир чамайг буруутгах, шүүмжлэх шалтгааныг бусдад хэзээ ч өгдөггүй, харин ч магтаал сайшаал хүлээж, бүр бишрэл хүндлэл төрүүлдэг байж магадгүй. Хүмүүс чамайг үнэхээр өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хүн гэж үздэг байж магадгүй. Гэсэн хэдий ч эдгээр нь гаднах зан авираас цаашгүй. Чиний зүрх сэтгэлийн гүн дэх бодол санаа, хүсэл эрмэлзэл эдгээр гадаад зан авир, гаднаа амьдран харуулж буй эдгээр үйлдэлтэй чинь нийцдэг үү? Хариулт нь үгүй, нийцдэггүй. Чи яагаад ийм маягаар үйлдэж чадаж байна вэ гэвэл үүний цаана ямар нэгэн сэдэл байгаа. Тэр яг ямар сэдэл вэ? Чи энэ сэдлийг ил гаргаж тэвчих үү? Мэдээж үгүй. Энэ сэдэл бол дурдахын аргагүй, хар бараан, ёрын муу зүйл гэдгийг энэ нь нотолдог. Тэгвэл энэ сэдэл яагаад хэлэхийн аргагүй, ёрын муу вэ? Учир нь хүмүүсийн хүн чанар завхарсан зан чанартаа захирагдаж, хөтлөгддөг. Хүмүүс бодлоо үгээр илэрхийлсэн ч бай, эсвэл урсган гаргасан ч бай хүн төрөлхтний бүх бодлыг завхарсан зан чанар нь ноёрхож, хянаж, залж чиглүүлж байдаг нь эргэлзээгүй. Үүний үр дүнд хүмүүсийн сэдэл, санаархал бүгд хар санаатай, ёрын муу байдаг. Хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чадах эсэхээс үл хамааран, эсвэл энэ ёс суртахууныг гаднаа төгс илэрхийлдэг эсэхээс үл хамааран энэхүү ёс суртахуун нь тэдний хүн чанарыг хянахгүй, хүн чанарт нь нөлөөлөхгүй нь лавтай. Тэгвэл хүмүүсийн хүн чанарыг юу хянадаг вэ? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдгийн дор халхлагдан оршдог хүн чанар-мөн чанар буюу тэдний жинхэнэ уг чанар юм. Хүний жинхэнэ уг чанар бол тэдний хүн чанар-мөн чанар юм. Хүний хүн чанар-мөн чанар юунаас бүрддэг вэ? Энэ нь үндсэндээ тэдний дур сонирхол, эрэлхийлдэг зүйл, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн систем, мөн түүнчлэн үнэн болон Бурханд хандах хандлага гэх мэт юм. Зөвхөн эдгээр зүйл л хүмүүсийн хүн чанар-мөн чанарыг үнэхээр төлөөлдөг. “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх ёс суртахууныг биелүүлэхийг өөрсдөөсөө шаарддаг хүмүүсийн ихэнх нь байр сууринд хэт донтсон байдаг гэж баттай хэлж болно. Завхарсан зан чанартаа хөтлөгдсөн тэд хүмүүсийн дундах нэр хүнд, нийгмийн нэр алдар, бусдын зүрх сэтгэл дэх байр суурийн араас өөрийн эрхгүй хөөцөлддөг. Энэ бүх зүйл байр суурийн төлөөх хүсэлтэй нь холбоотой бөгөөд сайн сайхан ёс суртахуунаар халхавчлан тэдгээрийн араас хөөцөлддөг. Тэдний энэ эрэл хайгуул хаанаас үүдэлтэй вэ? Эдгээр нь тэр чигтээ завхарсан зан чанараас нь үүдэн гарч, завхарсан зан чанарт нь хөтлөгдөж байдаг. Иймээс юу ч боллоо гэсэн, хүн “өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй” хандах ёс суртахууныг биелүүлдэг ч бай, үгүй ч бай, тэрийгээ төгс хийдэг ч бай, үгүй ч бай хамаагүй, энэ нь тэдний хүн чанар-мөн чанарыг огтхон ч өөрчилж чадахгүй. Цаад утгаараа, энэ нь тэдний амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн системийг яаж ч өөрчлөх боломжгүй, эсвэл янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах тэдний хандлага, харах өнцгийг залж чиглүүлж чадахгүй гэсэн үг юм. Тийм биз дээ? (Тийм.) Хүн өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй хандаж чаддаг байх тусмаа дүр эсгэж, дүр үзүүлж, сайхан зан авир, тааламжтай үгээр бусдыг хуурахдаа төдий чинээ сайн, уг чанартаа улам их ов мэхтэй, ёрын муу байдаг. Хүн ийм байх тусмаа байр суурь, эрх мэдлийг хайрлаж, эрэлхийлэх нь төдий чинээ гүн гүнзгий болдог. Гадна талын ёс суртахуун нь хэчнээн агуу, алдар цуутай, зөв харагдаж байсан ч, хүмүүс харахад хэчнээн тааламжтай байсан ч тэдний зүрх сэтгэлийн гүнд оршдог далд эрэл хайгуул, тэдний уг чанар-мөн чанар, тэр ч байтугай амбиц нь хэдийд ч тэсрэн гарч ирж болзошгүй. Тиймээс тэдний ёс суртахуун хэчнээн сайн байсан ч төрөлхийн хүн чанар-мөн чанар, эсвэл амбиц, хүслийг нь нуун далдалж чадахгүй. Эерэг зүйлсийг хайрладаггүй, үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг жигшүүрт уг чанар-мөн чанарыг нь далдалж чадахгүй. Эдгээр баримтаас харахад “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах” гэдэг нь зүгээр ч нэг утгагүй зүйл биш—энэ нь үгээр хэлэхийн аргагүй амбиц, хүслээ далдлахын тулд ийм үг хэллэг, зан авирыг ашиглахаар оролддог тэр амбицтай хүмүүсийг илчилдэг. Та нар үүнийг чуулган дахь зарим антихрист, муу ёрын хүнтэй харьцуулж болно. Чуулган доторх байр суурь, эрх мэдлээ бэхжүүлж, бусад гишүүдийн дунд илүү сайн нэр хүндтэй болохын тулд тэд үүргээ гүйцэтгэж байхдаа зовлон туулж, төлөөс төлж чаддаг бөгөөд Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд бүр ажил алба, гэр бүлээ орхиж, байгаа бүхнээ зарж ч магадгүй. Зарим тохиолдолд, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд тэдний төлсөн төлөөс, туулсан зовлон нь эгэл жирийн хүний тэвчиж чадах зүйлээс ч давдаг; тэд байр сууриа хадгалахын тулд дээд зэргээр өөрийгөө үгүйсгэх сэтгэлийг цогцлоож чадна. Гэхдээ тэд хэчнээн их зовж, ямар ч төлөөс төлсөн бай, аль нь ч Бурханы гэрчлэлийг юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, мөн тэд Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй. Тэдний эрэлхийлдэг зорилго бол зүгээр л байр суурь, эрх мэдэл, Бурханы шагналыг олж авах явдал. Тэдний хийж буй юу ч үнэнтэй өчүүхэн төдий ч хамаатай биш. Тэд өөртөө хэчнээн хатуу хандаж, бусдад хэчнээн хүлээцтэй хандахаас үл хамааран, эцсийн үр дүн нь ямар байх вэ? Бурхан тэднийг юу гэж бодох вэ? Бурхан тэдний амьдран харуулдаг гадна талын сайн зан авирт үндэслэн төгсгөлийг нь тодорхойлох уу? Мэдээж үгүй. Хүмүүс эдгээр зан авир, илрэлд үндэслэн бусдыг харж, дүгнэдэг бөгөөд бусад хүний мөн чанарыг нэвт харж чадахгүй учраас эцэст нь тэдэнд хууртдаг. Харин Бурхан хэзээ ч хүнд хууртдаггүй. Хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханддагаас болоод Бурхан хүмүүсийн ёс суртахууныг яавч сайшаахгүй, дурсан санахгүй. Харин ч амбиц, байр суурь эрэлхийлж явсан замынх нь төлөө тэднийг яллана. Тиймээс үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, хүмүүсийг хэмжих энэ шалгуурыг ялган таньдаг байх ёстой. Тэд энэ утгагүй стандартыг бүрэн үгүйсгэж, орхиж, Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу хүмүүсийг ялган таних ёстой. Хүн эерэг зүйлсийг хайрладаг эсэхийг, үнэнийг хүлээн авч чаддаг эсэхийг, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байж чаддаг эсэхийг, мөн тэдний сонгож, алхдаг замыг голчлон харж, эдгээр зүйлд үндэслэн ямар төрлийн хүн болохыг, ямархуу хүн чанартай болохыг нь тодорхойлох ёстой. Хүмүүс “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах” стандартад үндэслэн бусдыг дүгнэх үед гажуудал, алдаа мадаг гаргахад хэтэрхий амархан байдаг. Хэрвээ чи хүнээс үүдэлтэй зарчим болон үг хэллэгт үндэслэн хүнийг буруу ялган таньж, харах юм бол энэ явдал дээр үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцнэ. Яагаад тэр вэ? Үүний шалтгаан нь хүмүүсийг харах үндэс суурь чинь буруу, Бурханы үг болон үнэнтэй нийцэлгүй байх болно—энэ нь бүр тэдгээрийг эсэргүүцэж, тэдгээртэй зөрөлдөнө. Бурхан “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” хэмээх ёс суртахууны талаарх үгэнд үндэслэн хүмүүсийн хүн чанарыг хэмждэггүй учраас чи энэ шалгуурын дагуу хүмүүсийн ёс суртахууныг дүгнэж, ямархуу хүн болохыг нь тодорхойлох гэж зүтгээд байх юм бол үнэн-зарчмыг бүрэн зөрчсөн бөгөөд алдаа гаргаж, зарим нэг ташаарал, гажуудал үүсгэх нь гарцаагүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Хүмүүс эдгээр зүйлийг ойлгомогцоо ядаж л хүмүүс, зүйлсийг харах Бурханы үндэс суурь, зарчим, шалгуурын талаар тодорхой түвшний ойлголттой болсон байх болно—чи ядаж л Бурхан эдгээр зүйлд хэрхэн ханддагийг ойлгож, ухамсарласан байна. Тэгвэл чиний өнцгөөс харвал ямар вэ? Чи ядаж л хүнийг харах зөв үндэс суурь юу болохыг, хүмүүсийг харах ямар шалгуур үнэн болон бодит баримттай нийцдэг бөгөөд ямар нэг алдаа, гажуудалд яавч хүргэхгүй болохыг мэдэх ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг үнэхээр тодорхой мэдэх юм бол уламжлалт соёлын эдгээр тал, мөн түүнчлэн хүний янз бүрийн үг хэллэг, онол, бусад хүмүүсийг харах арга замыг ялган таньдаг болох бөгөөд уламжлалт соёлын эдгээр талыг болон хүнээс үүдэлтэй бүх төрлийн үг хэллэг, үзэл бодлыг бүрмөсөн орхиж чадна. Ийм маягаар чи үнэн-зарчимд үндэслэн хүмүүсийг харж, ялган таньж, тодорхой хэмжээнд Бурхантай нийцэлтэй байх бөгөөд Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй, Бурханы эсрэг явахгүй. Аажмаар Бурхантай нийцэлтэй болохын хэрээр чи хүмүүс, зүйлсийн мөн чанарыг улам тодорхой хардаг болж, үүний баталгааг Бурханы үгээс олно. Хүн төрөлхтнийг илчилсэн Бурханы янз бүрийн үг болон Бурхан хүн төрөлхтнийг тодорхойлж, тогтоосон нь бүгд зөв, тэдгээр нь бүгд үнэн гэдгийг чи харна. Мэдээж үүний баталгааг олохын хэрээр чи Бурхан болон Бурханы үгэнд улам бүр итгэлтэй болж, улам их мэдэж авах бөгөөд Бурханы үг бол үнэн, хүний амьдран харуулах учиртай бодит байдал гэдэгт улам их итгэлтэй болно. Үнэнийг хүлээн авах, олж авах үйл явц үүнээс бүрддэг биш гэж үү? (Тийм.) Энэ нь үнэнийг хүлээн авч, олж авах үйл явц юм.

Үнэнийг эрэлхийлэхийн зорилго нь үнэнийг амиа болгон хүлээн авах явдал юм. Хүмүүс үнэнийг хүлээн авч чадах үед дотоод хүн чанар, амь нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг бөгөөд эцэстээ энэ өөрчлөлт нь тэдний шагнал болдог. Урьд нь чи хүмүүс, зүйлсийг уламжлалт соёлын дагуу хардаг байсан ч одоо энэ нь буруу гэдгийг ухаарсан тул аливаа зүйлийг ийм өнцгөөс харахаа больж, аливаа хүнийг уламжлалт соёлд заасан зүйлд үндэслэн харахаа болино. Тэгвэл одоо юуны үндсэн дээр хүмүүс, зүйлсийг харах вэ? Хэрвээ чи мэдэхгүй бол үнэнийг хүлээн аваагүй хэвээр байгааг чинь энэ нь нотолно. Харин чи ямар үнэн-зарчмын дагуу хүмүүс, зүйлсийг харах ёстойгоо аль хэдийн мэдэж байгаа бол, өөрийнхөө үндэс суурь, зам, шалгуур, зарчмыг үнэн зөв, тодорхой өгүүлж чаддаг бол, бас эдгээр үнэн-зарчмын дагуу хүмүүсийг ялган таньж, хүмүүст хандаж чаддаг бол үнэн чиний дотор аль хэдийн үр нөлөө үзүүлж, бодол санааг чинь залж чиглүүлж, хүмүүс, зүйлсийг харах өнцгийг чинь захирч эхэлжээ. Энэ нь үнэн аль хэдийн чамд үндэслэж, чиний амь болсон гэдгийг нотолж байна. Тэгвэл үнэний чамд үзүүлэх үр нөлөө эцэст нь чамд яаж туслах вэ? Биеэ авч явах байдал, сонгосон зам, амьдралын чиглэлд чинь үнэн нөлөөлөх бус уу? (Тэгнэ.) Хэрвээ энэ нь биеэ авч явах байдал, алхаж буй замд чинь нөлөөлж чаддаг бол Бурхантай харилцах харилцаанд чинь нөлөөлөхгүй гэж үү? (Нөлөөлнө.) Бурхантай харилцах харилцаанд чинь үнэн нөлөөлөхөд ямар үр дүн гарах вэ? Чи Бурханд илүү ойртох уу, эсвэл холдох уу? (Би Бурханд улам ойртоно.) Бурханд улам ойртох нь гарцаагүй. Чи Бурханд ойртох үедээ Бурханыг дагаж, Бурханы өмнө бөхийхөд бэлэн байх уу, эсвэл эргэлзээ, буруу ойлголцолд автангаа Бурханы оршин тогтнолд дурамжхан итгэх үү? (Бурханыг дагаж, Бурханы өмнө бөхийхөд бэлэн байна.) Тэгэх нь мэдээж. Тэгвэл чи яаж ийм бэлэн байдалд хүрэх вэ? Чи бодит амьдралдаа Бурханы үгээс баталгаа олно; үнэн чиний дотор үр нөлөө үзүүлж эхлэх бөгөөд чи үүний баталгааг олно. Бүх зүйл тохиолдох явцад энэ бүх зүйлийн далд эх сурвалж чиний дотор батлагдах бөгөөд энэ нь Бурханы үгтэй бүрэн нийцэж байгааг чи олж мэднэ. Бурханы үг бүгд үнэн гэдгийг чи баталгаажуулж, энэ нь Бурханд итгэх итгэлийг чинь нэмэгдүүлнэ. Чи Бурханд хэдий чинээ их итгэлтэй болно, Бурхантай харилцах харилцаа чинь төдий чинээ хэвийн болж, бүтээгдсэн зүйлийн хувиар үйлдэхийг улам их хүсэж, Бурханыг өөрийн Захирагч болгоход бэлэн байх бөгөөд Бурханд дуулгавартай хэсгүүд чинь улам нэмэгдэнэ. Харилцаа чинь ингэж сайжрах талаар чи юу бодож байна вэ? Энэ нь сайхан биш гэж үү? Энэ бол сайн, эерэг хөгжлийн үр дүн юм. Тэгвэл муу, хортой хөгжлийн үр дагавар ямар байх вэ? (Бурханы оршин тогтнолд итгэх итгэл минь улам сул дорой болж, би Бурханы талаар буруу ойлголт, эргэлзээ тээнэ.) Хамгийн наад зах нь ийм үр дагавар гарна. Чи ямар ч хэрэг явдал дээр баталгаа хүлээн авахгүй, Бурханд итгэх итгэлдээ үнэнийг олж авч чадахгүй төдийгүй элдэв янзын үзэл бий болгоно—чи Бурханыг буруу ойлгож, зэмлэж, Бурханаас сэрэмжилж, эцэст нь Бурханыг үгүйсгэнэ. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ Бурханыг үгүйсгэвэл Бурханыг дагасан хэвээр байж чадах уу? (Чадахгүй.) Чи Бурханыг дагахыг хүсэхээ болино. Дараа нь юу болох вэ? Чи Бурханы хийдэг, хэлдэг зүйлийг сонирхохоо болино. Бурханыг “Хүн төрөлхтний төгсгөл ойрхон байна” гэж хэлэх үед чи “Би юу ч харахгүй байна!” гэж хариулна. Чи Бурханд итгэхгүй. “Чи үнэнийг эрэлхийлснийхээ дараа сайн хүрэх газартай болно” гэж Бурханыг хэлэхэд чи: “Таны ярьдаг энэ сайн газар хаана байна вэ? Би харахгүй байна!” гэж хариулна. Чи сонирхохгүй. Бурханыг “Чи жинхэнэ бүтээгдсэн зүйл шиг авирлах ёстой” гэж хэлэх үед чи: “Жинхэнэ бүтээгдсэн зүйл шиг авирлалаа гээд ашиг байна уу? Би үүнээс хэдэн ерөөл хүртэж чадах вэ? Ингэлээ гээд би үнэхээр ерөөл хүртэж чадна гэж үү? Энэ нь ерөөл хүртэхтэй холбоотой юу?” гэж хариулна. Бурхан: “Чи Бурханы дээд эрхийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой!” гэхэд чи: “Ямар дээд эрх? Яагаад би Бурханы дээд эрхийг мэдэрч чаддаггүй юм бэ? Хэрвээ Бурхан үнэхээр дээд эрхтэй юм бол яагаад намайг ядуу амьдруулж байгаа юм бэ? Яагаад намайг өвчлүүлж байгаа юм бэ? Бурхан дээд эрхтэй юм бол яагаад миний хувьд бүх юм үргэлж ийм хэцүү байдаг юм бэ?” гэж хариулна. Чиний зүрх сэтгэл гомдлоор дүүрч, Бурханы хэлсэн юунд ч итгэхгүй. Энэ нь Бурханд жинхэнээсээ итгэдэггүйг чинь харуулна. Тийм учраас янз бүрийн асуудалтай тулгарахдаа чи өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүйгээр, зөвхөн гомдоллоно. Тийм маягаар чи ийм хортой үр дүнд хүрнэ. Зарим хүн: “Бурхан дээд эрхтэй юм чинь надад тусалж, өвчнийг минь нэн даруй эдгээх учиртай. Хүссэн бүхнээ биелүүлэхэд минь надад туслах ёстой. Яагаад одоо миний амьдрал таагүй байдал, зовлонгоор дүүрэн байдаг юм бэ?” гэдэг. Тэд Бурханд итгэх итгэлээ алдсан бөгөөд нэгэнтээ өөрт нь байсан бүдэг бадаг итгэлийн өчүүхэн төдий ч ул мөр тэдэнд үлдээгүй—бүрмөсөн алга болсон. Энэ бүхний хортой үр дагавар, ёрын муу үр дүн энэ юм. Та нар иймдээ тулахыг хүсэж байна уу? (Үгүй.) Ийм түвшинд очихоос хэрхэн зайлсхийж болох вэ? Чи үнэний тухайд хичээл чармайлт гаргах ёстой—энэ бүхний гол түлхүүр болон зам нь үнэнд, Бурханы үгэнд оршиж байгаа. Чи Бурханы үг болон үнэнд хичээл чармайлт гаргах юм бол Бурханы чамд зааж, чамайг чиглүүлсэн замыг өөрийн мэдэлгүй илүү тодорхой харж, Бурханы зохион байгуулдаг хүмүүс, үйл явдал, зүйлсийн мөн чанарыг харна. Энэ туршлагын алхам бүрд чи хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх зарчим болон үндэс суурийг Бурханы үгээс аажмаар олж мэднэ. Үнэнийг хүлээн авч, ойлгож авснаар чи өөрт тулгарч буй хүмүүс, үйл явдал, зүйлсээс хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг олно. Хэрвээ чи эдгээр замын дагуу хэрэгжүүлдэг бол Бурханы үг чамд орж, чиний амь болох ба чи өөрийн мэдэлгүй Бурханы дээд эрх, зохион байгуулалтын дор амьдарч эхэлнэ. Бурханы дээд эрх, зохион байгуулалтын дор амьдрах үедээ чи өөрийн эрхгүй хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж сураад, аливаа зүйлийг зөв байр суурь, өнцөг, үзэл бодлын үүднээс харна; аливаа зүйлийн талаарх үзэл бодлын чинь үр дүн Бурханы үг болон үнэнтэй нийцэж, Бурханд улам ойртох, үнэнээр бүр ч их цангах боломжийг чамд олгоно. Гэхдээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, үнэний талаар хичээл чармайлт гаргадаггүй, үнэнийг сонирхдоггүй бол эцэст нь хаа хүрэхийг чинь хэлэхэд хэцүү. Эцсийн эцэст боломжит хамгийн муу үр дүн гэвэл хүмүүс Бурханд итгэхээр яаж ч хичээлээ гэсэн, Бурханы үйлдлийг харж, эсвэл Бурханы дээд эрхийг мэдэрч чаддаггүй явдал; хэчнээн олон зүйл тууллаа ч гэсэн Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг ухамсарлаж чаддаггүй явдал юм. Тийм тохиолдолд хүмүүс Бурханы илэрхийлдэг үг үнэн гэдгийг л хүлээн зөвшөөрөх боловч аврагдах найдварыг олж харахгүй, Бурханы зан чанар зөвт, ариун гэдгийг бүр ч харахгүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь бүрхэг гэдгийг л үргэлж мэдэрнэ. Тэд үнэн юм уу Бурханы авралыг олж аваагүй, олон жил Бурханд итгэснийхээ дараа юу ч олж аваагүй гэдгийг энэ нь харуулдаг. Ингээд “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх гурав дахь үгийн талаарх Миний нөхөрлөл дуусаж байна.

Ёс суртахууны талаарх дөрөв дэх үг юу вэ? (Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул.) Хүмүүс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахдаа тодорхой санаа зорилго өвөрлөдөг үү? Тэд аливаа зүйлийг хялбарчлахын тулд нэг алхам ухарч байгаа биш үү? Энэ нь асуудлыг шийдвэрлэх эвлэрлийн арга зам биш үү? Хүмүүс өс хонзонгийн хэзээ ч үл төгсөх тойрогт баригдахыг хүсдэггүй, арай илүү амар тайван амьдрахын тулд асуудлыг намжаахыг хүсдэг. Хүний амьдрал тийм ч урт биш бөгөөд зуун жил, эсвэл хэдэн зуун жил амьдарлаа ч амьдрал нь богинохон санагддаг. Тэд өдөржингөө л өшөө авч, хөнөөх бодолд автаж, дотоод ертөнц нь үймээн самуунаар дүүрч, аз жаргалгүй амьдралаар амьдардаг. Тиймээс тэд илүү аз жаргалтай, илүү баяр хөөртэй амьдарч, өөрсдөдөө зөв хандах арга замыг олохоор оролддог—энэ нь үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах явдал юм. Хүмүүс амьдрах хугацаандаа бие биеэ гомдоож, нэг нэгнийхээ явуулгын хохирогчид болох нь гарцаагүй бөгөөд үргэлж өсөрхөж, хорссон сэтгэл хөдлөлд автаж, нэлээд олиггүй амьдралаар амьдардаг тул нийгмийн уур амьсгал, нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг хангахын тулд ёс суртахууны үзэлтнүүд үүнийг сэдлээ болгон энэхүү ёс суртахууны шалгуурыг дэлхийд сурталчилдаг. Тэд хүмүүст үзэн ядалтыг үзэн ядалтаар хариулахгүй байхыг, үзэн ядалт, аллагаас зайлсхийхийг анхааруулж, оронд нь үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж сур гэж хүмүүст сэрэмжлүүлдэг. Өмнө нь хэн нэгэн чамд хор хохирол учруулсан байлаа ч чи түүнээс өшөө авах ёсгүй, харин ч түүнд тусалж, урьдын гэм бурууг нь мартаж, түүнтэй хэвийн харилцаж, түүнийг аажмаар өөрчилж, хоорондын дайсагналаа арилгаж, эв найртай харилцаа үүсгэ гэж тэд хэлдэг. Энэ нь нийт нийгмийг эв зохицолд хөтлөх бус уу? Чамайг хэн ч гомдоосон, гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хөрш, эсвэл хамтран ажиллагчийн чинь хэн ч бай, чи тэдний үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж, өшөө хорсол тээхээс цээрлэх ёстой гэж тэд хэлдэг. Хүн бүр үүнийг хийж чадвал яг л “Хүн бүр багахан хайрлах л юм бол дэлхий ертөнц гайхалтай сайхан газар болно” гэж хүмүүсийн хэлдэгтэй адил болно гэж тэд хэлдэг. Эдгээр үг төсөөлөлд үндэслэсэн биш гэж үү? Гайхалтай сайхан газар аа? Тэгнэ байх даа! Энэ дэлхийг хэн захирч, хэн хүн төрөлхтнийг завхруулдгийг хар. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх үг үнэндээ ямар өөрчлөлт гаргаж чадах вэ? Энэ нь юуг ч өөрчилж чадахгүй. Бусад үгийн адилаар энэ үг нь хүмүүсийн ёс суртахууны чанарт тодорхой шаардлага тавьдаг, эсвэл тодорхой дэг журмыг албадан мөрдүүлдэг. Бусдын үзэн ядалт, аллагатай тулгарах үедээ үзэн ядаж, аллага үйлдэхийг цээрлэх, өөрсдөд нь хор хохирол учруулдаг хүмүүст тайван, аядуу зөөлөн зангаар хандаж, ёс суртахуунаа ашиглан дайсагнал, аллагыг намжааж, урсах цусны хэмжээг багасгахыг энэ нь шаарддаг. Ёс суртахууны талаарх энэ үг нь мэдээж хүмүүст тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг; энэ нь тодорхой хэмжээнд дайсагнал, дургүйцлийг намжааж, өш хонзонгийн аллагыг бууруулдаг; энэ нь нийгмийн уур амьсгал, олон нийтийн дэг журам, нийгмийн эв зохицолд тодорхой хэмжээгээр эерэг үр нөлөө үзүүлж чаддаг ч энэ үг хэллэг тийм нөлөө үзүүлэх ямар урьдач нөхцөл байна вэ? Нийгмийн орчны тухайд бол томоохон урьдач нөхцөл бий. Нэг нь хүмүүст байдаг хэвийн эрүүл ухаан болон дүгнэлт юм. Хүмүүс: “Миний өшөө авахыг хүсэж буй энэ хүн надаас илүү хүчтэй юу, үгүй юу? Түүнээс өшөөгөө авбал би зорилгодоо хүрч чадах уу? Би өшөөгөө аваад, түүнийг хөнөөх юм бол өөрийнхөө үхлийг дуудаж байгаа хэрэг болох биш үү?” гэж боддог. Тэд эхлээд үр дагаврыг нь дэнсэлдэг. Сайтар нягталж үзсэнийхээ дараа ихэнх хүн: “Тэр хүн холбоо сүлбээ сайтай, нийгмийн нөлөөлөл ихтэй, харгис, хэрцгий учраас надад хохирол учруулсан ч гэсэн би түүнээс өшөө авч чадахгүй. Би доромжлолыг чимээгүйхэн залгих ёстой. Гэхдээ энэ амьдралдаа түүнээс өшөө авах боломж олдох л юм бол би тэр боломжийг ашиглана” гэж ухаардаг. “Өшөөгөө авдаггүй бол эр хүн биш”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэсэн алдартай үг байдаг. Хүмүүс ийм амьдралын гүн ухаан өвөрлөсөөр байдаг. Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах амьдралын гүн ухааныг хүмүүс баримталдаг нь нэг талаар нийгмийн орчин болон хүний гүн гүнзгий завхралтай шууд холбоотой—энэ нь хүмүүсийн үзэл болон эрүүл ухааны дүгнэлтээс үүдэн бий болдог. Ихэнх хүн ийм төрлийн нөхцөл байдалтай тулгарах үедээ зөвхөн доромжлолыг чимээгүйхэн залгиж, гаднаа үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах явдлыг хэрэгжүүлж, үзэн ядалт, өс хонзонгоо хойш тавьж л чадна. Хүмүүс ийм амьдралын гүн ухааныг баримталдгийн өөр нэг шалтгаан нь зарим тохиолдолд холбогдох хоёр талын хооронд эрх мэдлийн тэнцвэргүй байдал их байдаг тул хохирсон тал өшөө авахаар оролдож зүрхэлдэггүй бөгөөд хийж чадах зүйл юу ч байхгүй учраас үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахаас өөр аргагүй болдог. Хэрвээ тэд өшөө авбал бүх гэр бүлийнхнийхээ амийг аюулд оруулж болзошгүй, үүний үр дагаврыг төсөөлөхийн аргагүй. Тийм тохиолдолд зүгээр л доромжлолыг залгиад үргэлжлүүлэн амьдарсан нь дээр гэж хүмүүст санагддаг. Гэхдээ тэгснээрээ тэд дургүйцлээ давж гарсан уу? Өс хонзонгоо мартаж чадах хүн байна уу? (Үгүй.) Ялангуяа маш ноцтой өс хонзонгийн тохиолдолд, жишээ нь хэн нэгэн хүн ойрын садан төрлийнхнийг чинь хөнөөж, гэр бүлийг чинь сүйтгэж, чиний нэрийг шившиглэж, түүнтэй гүн дайсагнахад чамайг хүргэлээ гэе—тийм өс хонзонг хэн ч зүгээр орхиж чадахгүй. Энэ нь хүн чанарын нэг хэсэг бөгөөд хүн чанарын давж гарч чадахгүй зүйл юм. Ийм нөхцөл байдалд хүмүүст зөнгөөрөө үзэн ядсан мэдрэмж төрөх нь нэлээд хэвийн зүйл. Түргэн уур, зөн совин, эсвэл мөс чанараас үүдэн гарах нь хамаагүй, аль ч тохиолдолд энэ нь хэвийн хариу үйлдэл юм. Өөрт нь сайн хандаж, тогтмол хооллож, тусалдаг хүмүүст нохой хүртэл ойр дотно болж, тэдэнд итгэж эхэлдэг, харин өөрийг нь зодож, зэрлэгээр харьцдаг хүмүүст дургүйцдэг—тэгээд ч зогсохгүй өөрийг нь зоддог хүмүүстэй адилхан үнэртэй, дуу хоолойтой хүмүүст ч дургүй байдаг. Чи хар даа, хүмүүс бүү хэл, нохдод ч ийм зөн совин бий! Хүмүүс амьтдынхаас хамаагүй илүү төвөгтэй оюун ухаантай байдгийг харгалзан үзвэл, өшөө авалтын аллага, шударга бус харилцаатай тулгарах үед дайсагнасан мэдрэмж төрөх нь тун хэвийн юм. Гэхдээ хэд хэдэн шалтгааны улмаас, тодорхой нөхцөл байдлаас үүдэн хүмүүс ихэвчлэн буулт хийж, доромжлолыг залгиж, түр зуур бүхнийг тэвчиж өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрдэг—гэхдээ тэд үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахыг хүсдэг, тэгж чаддаг гэсэн үг биш. Миний сая хэлсэн зүйл хүн чанарын өнцөг, хүний зөн совингийн хариу үйлдэлд үндэслэсэн. Хэрвээ бид үүнийг одоо нийгмийн талаарх обьектив баримтын өнцгөөс харвал—хэрвээ хүн үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулаагүй, харин оронд нь өшөө авч, аллага үйлдсэн бол үр дагавар нь ямар байх вэ? Түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж, цагдан хорьж, шоронд хорих ял оноож магадгүй, бүр цаазаар авах ял ч өгөх боломжтой. Үүнд үндэслээд дүгнэвэл, хүн чанарын өнцгөөс ч бай, эсвэл нийгэм, хууль эрх зүйн хязгаарлагдмал хүч чадлын үүднээс ч бай, хүмүүс шударга бус харилцаа, өшөө авалтын аллагатай тулгарах үед ганц ч хүн өөрсдийн оюун ухаан юм уу зүрх сэтгэлийн гүнээс үзэн ядалтыг салгаж чадахгүй. Үг хэлээр доромжлох, дооглох, тохуурхах гэх мэтийн ялихгүй хор хөнөөлийн хохирогч болох үедээ ч хүмүүс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж чаддаггүй. Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах чадвар нь хүн чанарын хэвийн илрэл мөн үү? (Биш.) Тэгвэл хүн дээрэлхүүлж, хохирох үед тэдний хүн чанарын хамгийн наад захын хэрэгцээ, шаардлага юу байдаг вэ? Ямар ч хүн дуртайяа, баяртайгаар “Алив намайг дээрэлх! Чи хүчтэй, ёрын муу хүн болохоор намайг хүссэнээрээ дээрэлхэж болно, би үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулна. Чи миний эрхэм ёс жудаг, ёс суртахууныг сайтар мэдэрнэ, би мэдээж чамаас өшөө авахгүй, чиний талаар ямар ч сэтгэгдэлтэй болохгүй. Би чамд уурлахгүй—энэ бүхнийг зүгээр л наргиан гэж авч үзнэ. Чиний хэлсэн зүйл ёс жудгийг минь хэчнээн гутааж, нэр нүүрийг минь гутааж, ашиг сонирхлыг минь хохироосон ч бай зүгээр ээ, чи хүссэнээ чөлөөтэй хэлж болно” гэж хэлэх үү? Тийм хүмүүс байдаг уу? (Байхгүй.) Бүр нэг ч хүн өс хонзонгоо үнэхээр орхиж чадахгүй—тэд дайснаа хөнөөн өшөөгөө авахгүйгээр хэсэг зуур явж чадвал тэр нь аль хэдийн сайн хэрэг. Тиймээс хэн ч үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж үнэхээр чадахгүй, хүмүүс энэ ёс суртахууныг хэрэгжүүллээ ч гэсэн тухайн үеийн тодорхой нөхцөл байдлын хязгаарлалтаас болж ийнхүү үйлдэхээс өөр аргагүйд хүрсэн, эсвэл үнэндээ тэр хэрэг бүхэлдээ зохиомол, хуурамч байснаас үүдэлтэй байх болно. Хэвийн нөхцөл байдалд хүмүүс ноцтой хавчлага, хүчирхийлэлд өртөх үедээ өс зангидаж, өширхөг болно. Үзэн ядалт нь дэндүү их бөгөөд маш ноцтой цочролд өртөж, эцэст нь ой санамж, оюун ухаанаа алдсан цорын ганц тохиолдолд л хүн үзэн ядалтаа мэдэхгүй, эсвэл хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжтой. Гэхдээ хэвийн хүн чанар, эрүүл ухаантай ямар ч хүн доромжлох, ялгаварлан гадуурхах, доош хийх, даапаалах, элэглэх, дооглох, хохироох гэх мэтээр өөрт нь хандахыг, эсвэл бүр өөрийнх нь ёс жудаг, нэр төрийг уландаа гишгэж, гутаахыг хүсэхгүй; өмнө нь өөрийг нь гомдоосон, эсвэл хохироосон хүмүүст хэн ч ёс суртахуунтай байдлаар хуурамчаар хариу барихыг хүсэхгүй—хэн ч ингэж чадахгүй. Тиймээс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах ёс суртахуунтай холбоотой энэ үг нь завхарсан хүн төрөлхтөнд маш сул, хүчгүй, хоосон, утга учиргүй харагддаг.

Үүнийг хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны өнцгөөс харах юм бол хүн хэчнээн завхарсан байх нь хамаагүй, тэрээр ёрын муу хүн үү, эсвэл харьцангуй хүн чанар сайтай хүн үү гэдэг нь хамаагүй бусад нь өөрт нь сайн хандаж, хамгийн наад захын хүндлэл үзүүлнэ гэж бүгд найддаг. Хэрвээ хэн нэгэн ямар ч шалтгаангүйгээр чамд зусардаж, тал засаад эхэлбэл чи баярлах уу? Дуртай байх уу? (Үгүй.) Яагаад дургүй байх вэ? Чамайг хуурч байгаа мэт санагдах уу? “Би чамд гурван настай хүүхэд шиг харагдаж байна уу? Надад яагаад эдгээр зүйлийг хэлэх хэрэгтэй болсныг чинь би яахаараа ойлгож чаддаггүй байна аа? Би чиний хэлсэн шиг сайн гэж үү? Би ийм юм хийсэн гэж үү? Энэ бүх тэнэг зусардалт юуны төлөө юм бэ? Чи яахаараа өөрийгөө жигшдэггүй юм бэ?” гэж чи бодно. Хүмүүс зусардсан үг сонсох дургүй бөгөөд үүнийг нэг төрлийн доромжлол гэж авч үздэг. Хүндлэлийн доод хязгаараас гадна бусад хүн өөрт нь яаж хандаасай гэж хүмүүс хүсдэг вэ? (Чин сэтгэлээсээ хандахыг.) Хүмүүсээс бусдад чин сэтгэлээсээ хандахыг шаардах боломжгүй—хэрвээ тэд бусдыг дээрэлхэхгүй байвал тэр нь аль хэдийн нэлээд сайн хэрэг. Хүмүүсээс нэг нэгнээ дээрэлхэхгүй байхыг шаардах нь харьцангуй обьектив шаардлага юм. Хүмүүс бусад хүн өөрийг нь дээрэлхэхгүй, харин хүндэлнэ, хамгийн чухал нь өөрт нь шударгаар хандана гэж найддаг. Бусад хүн өөрийг нь эмзэг байх үед зовоохгүй, алдаа нь илчлэгдэх үед гадуурхаж тусгаарлахгүй, эсвэл өөрт нь байнга зусардаж, долигонохгүй гэж тэд найддаг. Хүмүүст ийм зан авир жигшүүртэй санагддаг бөгөөд зүгээр л өөрт нь шударгаар хандаасай гэж хүсдэг—тийм биш гэж үү? Бусдад шударгаар хандах нь хүний ертөнц болон хүний сэтгэлгээний цар хүрээн дэх харьцангуй эерэг хүслэнт байдал юм. Би яагаад тэгж хэлж байна вэ? Бодоод үз дээ: Яагаад бүх хүн Бао Жэнд дуртай байдаг вэ? Хэдийгээр эдгээр хэрэг зохиомол, тэр чигтээ санаанаасаа зохиосон зүйл байсан ч Бао Жэн хэргийг шийдвэрлэж буй дүрслэлийг хүмүүс үзэх дуртай. Яагаад хүмүүст энэ нь таалагдсан хэвээр байна вэ? Яагаад хүмүүс үүнийг үзэхийг хүссээр байдаг вэ? Учир нь тэд хүслэнт ертөнцдөө, сэтгэлгээнийхээ цар хүрээнд, зүрх сэтгэлийнхээ гүнд бүгд эерэг, арай дээр ертөнцийг хүсдэг. Хүн харьцангуй шударга, эрх тэгш нийгмийн орчинд, хүн бүрд ийм баталгаа олгогддог ертөнцөд амьдардаг ч болоосой гэж тэд хүсдэг. Тийм маягаар ядаж л ёрын муу хүчний дарлалд өртөх үед чинь шударга ёсыг сахиулах, гомдлынхоо талаар давж заалдах, гомдол гаргах эрхтэй байх, эцэст нь чиний амссан шударга бус байдлыг тодорхой болгох газар байх болно. Ийм нийгэм болон хүн төрөлхтөн нь нэрээ цэвэрлэж чадах газартай, ямар нэг доромжлол амсах юм уу гомдол тээхээс өөрийгөө хамгаалж чадах газартай байх болно. Энэ нь хүний хүслэнт нийгэм биш гэж үү? Хүн бүрийн хүсэмжилдэг зүйл энэ биш гэж үү? (Мөн.) Энэ бол хүн бүрийн мөрөөдөл юм. Өөрт нь шударгаар хандана гэж хүмүүс найддаг—тэд өөрт нь шударга бусаар хандахыг хүсдэггүй, эсвэл өөрт нь шударга бусаар хандвал гомдоллох газаргүй байхыг хүсдэггүй бөгөөд энэ нь тэдэнд маш их түгшүүртэй санагддаг. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх хүний ёс суртахуунд тавьсан стандарт, шаардлага нь бодит амьдрал дахь хүн төрөлхтний завхралын бодит байдлаас хол байдаг гэж хэлж болно. Тиймээс хүний ёс суртахуунд тавьсан энэхүү шаардлага нь хүнийг хайхардаггүй, обьектив баримт болон бодит амьдралаас хол байдаг. Энэ нь хэлмэгдэж, доромжлогдсон эмзэг бүлгийнхний дотоод ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй идеалистуудын дэвшүүлсэн үг юм—ийм хүмүүс хэр зэрэг хэлмэгдэж, нэр төр, ёс жудаг нь ямар их доромжлогдсоныг, эсвэл бүр тэдний хувийн аюулгүй байдал хэр зэрэг заналхийлэлд өртсөнийг энэ идеалистууд огт мэдэрдэггүй. Тэд ийм бодит байдлыг ойлгодоггүй, тэгсэн мөртөө эдгээр хохирогчийг танхайрагчидтай эвлэрч, тэднээс өшөө авахгүй байхыг шаардаж, иймэрхүү зүйл хэлдэг: “Чи ад үзэгдэхээр төрсөн болохоор хувь заяагаа хүлээн авах ёстой. Чи нийгмийн хамгийн доод давхаргад төрсөн, боол байхад тохирсон. Чи бусдад захирагдахын тулд төрсөн—чамайг хохироосон хүмүүсээс чи өшөө авах ёсгүй, харин үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах ёстой. Чи нийгмийн уур амьсгал, нийгмийн эв нэгдлийн сайн сайхны төлөө хариуцлагаа биелүүлж, эерэг эрч хүч, хамгийн шилдэг ёс суртахуунаа харуулснаар нийгэмд хувь нэмрээ оруулах ёстой.” Нийгмийн дээд давхаргынхан, эрх баригч ангиуд доод давхаргынхныг мөлждөг явдлыг зөвтгөх, тэднийг ая тухтай байдлаар хангах, эмзэг бүлгийнхний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлийг тайвшруулахын тулд үүнийг тодорхой хэлсэн байдаг. Ийм зүйл хэлэхийн зорилго энэ биш гэж үү? (Мөн.) Хэрвээ улс орон бүрийн хууль тогтоомж, нийгмийн тогтолцоо, арьс өнгө, овог аймаг бүрийн тогтолцоо болон дүрэм журам нь шударга, хатуу чанд мөрдөгддөг бол хүн чанарын хуулийг зөрчсөн ийм бодит бус үг хэллэгийг сурталчлах шаардлага байсаар байх уу? Тэгэх шаардлагагүй. Эрх баригч анги болон эрх мэдэлтэй, хүч чадалтай ёрын муу хүмүүст эмзэг бүлгийнхнийг мөлжиж, гишгэлэх гарц, давуу тал олгохын тулд л “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үгийг сурталчилсан нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ, эмзэг бүлгийнхнийг тайвшруулж, тэднийг өс санаж, баячууд, элитүүд, эрх баригч ангийнханд дайсагнахаас сэргийлэхийн тулд эдгээр сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг хүмүүс өөрсдийгөө ёс суртахууны ноён оргилд байрлуулж, хүн бүрээс ёс суртахуун сайтай байхыг шаардах нэрийдлээр энэ үгийг сурталчилдаг. Энэ нь нийгэмд бүр ч их зөрчилдөөн үүсгэдэггүй гэж үү? Чи хүмүүсийг дарангуйлах тусам нийгэм төдий чинээ шударга бус болно. Хэрвээ нийгэм үнэхээр шударга, эрх тэгш байсан бол энэ үгийг ашиглан хүмүүсийн ёс суртахууныг дүгнэж, шаардлага тавих хэрэгтэй байсан уу? Энэ нь нийгэмд юм уу хүн төрөлхтний дунд шударга ёс байхгүйгээс болсон нь тодорхой. Хэрвээ мууг үйлдэгчдийг хуулиар шийтгэж чаддаг байсан бол, эсвэл мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс ч бас хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байсан бол “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг хүчингүй болж, байхгүй болох байсан. Хэчнээн эгэл жирийн хүмүүс албан тушаалтныг хохироож чадах вэ? Хэчнээн ядуу хүмүүс баян хүнийг хохироож чадах вэ? Үүнийг хийх нь тэдний хувьд хэцүү. Тиймээс “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг эгэл жирийн, ядуу хүмүүс, доод давхаргынханд чиглэдэг нь илэрхий—энэ нь ёс суртахуунгүй, шударга бус үг хэллэг юм. Жишээлбэл, хэрвээ чи нэг төрийн албан хаагчаас үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул гэж шаардвал тэр чамд “Би ямар үзэн ядалтад хариулах ёстой юм бэ? Хэн надтай орооцолдож зүрхлэх юм бэ? Хэн намайг гомдоож зүрхлэх юм бэ? Хэн надад ‘үгүй’ гэж хэлж зүрхлэх юм бэ? Надад үгүй гэж хэлсэн хэнийг ч би хөнөөнө—түүний гэр бүлийнхэн, хамаатан садныг нэг бүрчлэн устгана!” гэж хэлнэ. Хар даа, албан хаагчдын хувьд хариулах үзэн ядалт байхгүй учраас “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг тэдний хувьд оршин байдаггүй. Хэрвээ чи түүнд “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах энэ ёс суртахууныг чи хэрэгжүүлэх ёстой, ийм ёс суртахуунтай байх ёстой” гэж хэлбэл тэр хүн “За, би тэгж чадна аа” гэж хариулна. Энэ бол тэр чигтээ ов мэхтэй худал үг юм. Ямар ч тохиолдолд “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг нь мөн чанартаа зүгээр л доод давхаргынхныг тайвшруулах арга зам болгож нийгмийн ёс суртахууны үзэлтнүүдийн сурталчилсан үг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр доод давхаргыг боолчлохын тулд сурталчилсан үг юм. Эрх баригч ангийн эрх мэдлийг улам тогтворжуулж, эрх баригч ангийн таалалд нийцүүлж, доод давхаргынхны боолчлолыг мөнхөд хадгалахын тулд үүнийг сурталчилдаг, ингэснээр тэд үе дамжин боолчлогдсон ч гомдоллохгүй. Үүнээс харах юм бол иймэрхүү нийгэмд хууль тогтоомж болон тогтолцоо илт шударга бус байдаг; ийм төрлийн нийгэм нь үнэнд захирагддаггүй, үнэн, шударга ёс, зөв шударга байдалд захирагддаггүй. Харин хэн албан тушаалтнаар ажиллахаас үл хамааран хүний ёрын муу, эрх мэдэлд захирагддаг. Эгэл жирийн хүмүүс албан тушаалтан болбол нөхцөл байдал мөн л адилхан байна. Энэхүү нийгмийн тогтолцооны мөн чанар нь энэ юм. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэдэг нь энэ баримтыг илчилдэг. Энэ үг хэллэг улс төрийн тодорхой шинж чанартай нь гарцаагүй—энэ нь эрх баригч ангиуд доод давхаргынхныг ноёрхож, боолчилдгийг бэхжүүлэхийн тулд хүний ёс суртахуунд тавьсан шаардлага юм.

Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул гэсэн шаардлага нь хүн чанарын хэвийн хэрэгцээ, шаардлага, эсвэл хүн чанарын ёс жудаг, нэр хүндтэй үл нийцдэг төдийгүй мэдээж хүний хүн чанарын чансааг хэмжих зүй ёсны стандарт бүр ч биш. Энэхүү шаардлага жинхэнэ хүн чанараас хол байдаг; үүнд хүрэхийн аргагүй төдийгүй, анхнаасаа үүнийг хэзээ ч сурталчлах ёсгүй байсан. Энэ нь зүгээр л засаглалаа бэхжүүлж, олон нийтийг хянахын тулд эрх баригч ангийн хэрэглэдэг үг хэллэг, стратеги юм. Мэдээж Бурхан Хуулийн эрин үед ч, Нигүүлслийн эрин үед ч, эсвэл одоогийн Хаанчлалын эрин үед ч иймэрхүү үгийг хэзээ ч сурталчлаагүй, мөн Тэрээр хүмүүсийн хүн чанарын чансааг хэмжих үндэслэл болгон ийм төрлийн арга барил, үг хэллэг, шаардлагыг хэзээ ч ашиглаагүй. Яагаад гэвэл, хүн ёс суртахуунтай ч бай, ёс суртахуунгүй ч бай, эсвэл ёс суртахуун нь хэчнээн сайн ч бай, муу ч бай, Бурхан хүний мөн чанарыг л харгалзан үздэг—ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг Бурханы цар хүрээнд ердөө оршин байдаггүй. Тиймээс “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх үг нь Бурханы гэрт хүчингүй бөгөөд үүнийг задлан шинжлэхэд зохисгүй. Чи үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулдаг ч бай, эсвэл үзэн ядалтыг өшөө авалтаар хариулдаг ч бай хамаагүй, Бурханд итгэгчид “үзэн ядалтыг хариулах” асуудлыг хэрхэн үзэх ёстой вэ? Ямар хандлага, ямар үзэл бодлын үүднээс тэд энэ асуудлыг харж, хандах ёстой вэ? Хэрвээ хүн чуулганд ёрын муу үйл үйлдвэл Бурханы гэрт тухайн хүнтэй харьцах өөрийн гэсэн захиргааны зарлиг, зарчим байдаг—хэн ч хохирогчийн өшөөг авах, шударга бус байдлын эсрэг түүнийг хамгаалах шаардлагагүй. Бурханы гэрт тийм зүйл шаардлагагүй бөгөөд чуулган угаасаа тэр асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэнэ. Энэ бол хүмүүсийн ажиглаж, нүүр тулж чадах баримт юм. Үүнийг маш тодорхой, нарийн хэлэх юм бол: Чуулганд хүмүүстэй харьцах зарчим байдаг, Бурханы гэрт захиргааны зарлиг байдаг. Тэгвэл Бурханы тухайд ямар вэ? Бурханы тухайд бол, ёрын мууг үйлддэг хэн ч бай зохих ёсоор шийтгүүлэх бөгөөд хэзээ, хэрхэн шийтгүүлэхийг нь Бурхан тушаана. Бурханы шийтгэлийн зарчим нь Бурханы зан чанар, мөн чанараас яавч салшгүй. Бурханд зөвт, халдашгүй зан чанар байдаг, сүр жавхлан, уур хилэн байдаг бөгөөд ёрын мууг үйлдсэн бүх хүнийг Бурхан зохих ёсоор шийтгэнэ. Энэ нь хүний хуулиас хамаагүй илүү агуу, хүн чанарыг болон хорвоо ертөнцийн бүх хуулийг даван гардаг. Энэ нь шударга, үндэслэлтэй, хүн чанарын хүсэлд нийцэж байдаг төдийгүй, бас хүн бүрийн сайшаал, баталгаажуулалтыг шаарддаггүй. Энэ нь ёс суртахууны ноён оргилоос асуудлыг дүгнэхийг чамаас шаарддаггүй. Бурхан эдгээр зүйлийг хийхдээ Өөрийн гэсэн зарчимтай, цаг хугацаатай байдаг. Бурхан юу ч хийсэн бүхнийг Бурханд даатгах ёстой бөгөөд энэ нь өөрсдөд нь ямар ч хамаагүй тул хүмүүс хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх ёстой. Бурхан “үзэн ядалтыг хариулах” асуудлын тухайд хүмүүсээс юу шаарддаг вэ? Түргэн ууртай занд тулгуурласан юм бүү хий, түргэн зангаар бусдаас бүү өшөө ав. Хэн нэгэн хүн чамайг гомдоож, зовоож, эсвэл бүр хохироохыг хүсвэл чи юу хийх ёстой вэ? Ийм зүйлсийг зохицуулах зарчим байдаг уу? (Байдаг.) Эдгээр зүйлд зориулсан шийдэл, зарчим байдаг бөгөөд Бурханы үг болон үнэнд үндэслэдэг. Ямартай ч “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх энэ үг нь хүмүүсийн хүн чанарын чансааг хэмжих стандарт ч бас биш. Хэрвээ хүн үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж чаддаг бол сайндаа л тэр хүнийг харьцангуй хүлээцтэй, энгийн, сайхан зантай, уужуу сэтгэлтэй, шалихгүй биш, гайгүй ёс суртахуунтай гэж хэлж болно. Гэхдээ энэ хүний хүн чанарын чансааг энэ нэг үгийн үндсэн дээр хэмжиж, дүгнэж болох уу? Үгүй, яасан ч болохгүй. Түүний эрэлхийлдэг зүйл, алхдаг зам, үнэн болон эерэг зүйлд хандах хандлага гэх мэтийг харгалзан үзэх ёстой. Тэр хүнд хүн чанар байгаа эсэхийг үнэн зөв дүгнэх цорын ганц арга зам энэ юм.

Өнөөдрийн нөхөрлөл ингээд дууслаа.

2022 оны 3 дугаар сарын 26

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих
Фонтын хэмжээг жижгэрүүлэх
Фонтын хэмжээг томруулах
Бүтэн дэлгэцээр харуулах
Бүтэн дэлгэцээс гарах

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6) (III хэсэг)

00:00
00:00
Өмнөх
Тоглуулах
Дараах
Бүгдийг давтан тоглуулах
随机播放
Дуу хаах
Видео үзэх