Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8) (II хэсэг)

Өнөөдөр нөхөрлөлөө үргэлжлүүлж, ёс суртахууны зан төлөвийн талаарх дараагийн үгийг задлан шинжилцгээе: “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил.” Энэ нь хүмүүст Сатаны суулгасан бусадтай харилцах арга барилыг дүрсэлдэг. Бусадтай харилцахдаа бага зэрэг хөдлөх зай үлдээх ёстой гэсэн үг юм. Бусдад хэтэрхий хатуу хандах ёсгүй, урьдын алдааг нь сөхөж болохгүй, нэр хүндийг нь хадгалах ёстой, тэдэнтэй тогтоосон сайхан харилцаандаа сэв суулгаж болохгүй, тэдэнд өршөөнгүй хандах ёстой гэх мэт. Ёс суртахууны тухай энэхүү үг нь үндсэндээ хүмүүсийн хоорондох харилцааг журамласан нэг төрлийн амьдралын гүн ухааныг дүрсэлдэг. “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэсэн амьдралын гүн ухааны нэг үг байдаг. Энэ нь найрсаг харилцаагаа хадгалахын тулд найзынхаа асуудлыг тодорхой харж байсан ч гэсэн тэр талаар амаа хамхих ёстой—хүмүүсийн нүүр лүү алгадахгүй, дутагдлыг нь илчлэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэсэн үг юм. Тэд бие биеэ мэхэлж, нэг нэгнээсээ нууцалж, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийж, нэг нь нөгөөгөө ямар хүн болохыг тов тодорхой мэдэж байгаа хэр нь ил тод хэлдэггүй, харин найрсаг харилцаагаа хадгалж үлдэхийн тулд зальжин арга хэрэглэдэг. Хүн яагаад ийм харилцаагаа хадгалж үлдэхийг хүсдэг юм бол? Энэ нийгэмд, бүлэг дотроо дайсантай болж, өөрийгөө байнгын аюултай нөхцөл байдалд оруулахыг хүсэхгүйд учир нь байгаа юм. Хэн нэгний дутагдлыг нь илчилж, гомдоосны дараа тэр хүн чиний дайсан болж, чамд хор хүргэхийг мэдэх учраас, мөн өөрийгөө ийм нөхцөл байдалд оруулахыг хүсэхгүй учраас чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх амьдралын гүн ухааны үгийг хэрэглэдэг. Үүнийг харгалзан үзвэл, ийм харилцаатай хоёр хүнийг жинхэнэ найзууд гэж тооцох уу? (Үгүй.) Тэд жинхэнэ найзууд биш, бие биеийнхээ итгэлт хүн бүр ч биш. Тэгвэл энэ нь яг ямар харилцаа вэ? Энэ нь нийгмийн суурь харилцаа мөн биз дээ? (Мөн.) Нийгмийн ийм харилцаанд хүмүүс мэдрэмжээ хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаггүй, хэлэхийг хүссэн зүйлээ ч хэлдэггүй. Зүрх сэтгэлдээ байгаа зүйл, бусдаас олж харсан асуудал, эсвэл бусдад тустай үг хэлж ч чаддаггүй. Харин оронд нь тэд бусдын ивээлийг алдахгүйн тулд сайхан зүйлийг сонгож хэлдэг. Бусдыг өөрсдөд нь дайсагнах вий гэсэндээ тэд үнэнийг хэлж зүрхэлдэггүй, зарчмыг баримталдаггүй. Хэн ч өөрт нь заналхийлэхгүй бол тэр хүн харьцангуй тайван, амар амгалан амьдрах биш үү? Хүмүүс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг үгийг сурталчилдгийн зорилго энэ мөн биз дээ? (Мөн.) Энэ бол сэрэмжилсэн шинжтэй, өөрийгөө хамгаалж үлдэх зорилготой, оршин тогтнох зальжин, хуурамч арга зам гэдэг нь тодорхой. Ингэж амьдардаг хүмүүс юу дуртайгаа ярьж чадах итгэлт хүн, дотнын анд нөхөдгүй байдаг. Тэд бие биеэсээ сэрэмжилж, тооцоотой хандаж, стратеги гаргаж, дор бүрнээ тэр харилцаанаас хэрэгтэй зүйлээ авч байдаг. Тийм биш гэж үү? Угтаа бол “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь бусдын дургүйг хүргэж, дайсантай болохгүй байх, хэн нэгнийг гомдоохгүй байснаар өөрийгөө хамгаалах зорилготой. Энэ бол өөрийгөө шархлуулахгүйн тулд хүний хэрэглэдэг арга, техник юм. Мөн чанарынх нь энэ хэдэн талаас харахад “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэсэн хүмүүсийн ёс суртахууны шаардлага нь эрхэм үг мөн үү? Энэ нь эерэг үг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь хүмүүст юу зааж сургадаг вэ? Чи хэнийг ч гомдоож, шархлуулах ёсгүй, эс бөгөөс эцэст нь чи л шархална гэдгийг, мөн хэнд ч итгэж болохгүй гэдгийг заадаг. Хэрвээ чи аль нэг сайн найзаа гомдоовол үерхэл нөхөрлөл чинь чимээгүйхэн өөрчлөгдөж эхэлнэ: Тэд чиний дотнын, сайн найз байснаа танихгүй хүн, эсвэл дайсан чинь болно. Хүмүүст ингэж авирлахыг заагаад ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ? Ийм маягаар авирлаад дайсантай болохгүй, тэр ч байтугай дайснаа хэдээр цөөллөө ч гэсэн, ингэлээ гээд хүмүүс чамайг биширч, сайшааж, үргэлж анд найз хэвээр байх уу? Энэ нь ёс суртахууны стандартад бүрэн нийцдэг үү? Сайндаа л энэ нь амьдралын гүн ухаанаас хэтрэхгүй. Ийм үг, хэрэгжүүлэлтийг баримтлах нь ёс суртахуун сайтайд тооцогдох уу? Огтхон ч үгүй. Зарим эцэг эх үр хүүхдүүддээ ингэж зааж сургадаг. Хүүхэд нь хаа нэгтээ явж байгаад зодуулчихвал тэд хүүхдэдээ “Дорой амьтан. Яагаад зодолдоогүй юм бэ? Чамайг цохих юм бол зүгээр л өшиглө!” гэж хэлдэг. Энэ нь зөв үү? (Үгүй.) Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Өдөөн хатгах гэж нэрлэдэг. Өдөөн хатгахын зорилго юу вэ? Хохирлоос зайлсхийж, бусдыг завших. Хэрвээ хүн чамайг цохих юм бол сайндаа л хоёр өдөр өвдөнө; харин чи түүнийг өшиглөвөл үр дагавар нь бүр ч ноцтой байх бус уу? Хэн ийм үр дүнд хүргэсэн байх вэ? (Эцэг эх нь өдөөн хатгаснаар.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгийн шинж чанар үүнтэй зарим талаар төстэй биш үү? Энэ үгийн дагуу бусад хүнтэй харилцах нь зөв үү? (Үгүй.) Үгүй, зөв биш. Энэ өнцгөөс үүнийг харвал энэ нь хүмүүсийг өдөөн хатгаж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Энэ нь хүмүүст бусадтай харилцахдаа ухаалаг байх, хүмүүсийг ялган таньж чаддаг байх, хүмүүс, зүйлсийг зөвөөр харах, хүмүүстэй ухаалгаар харилцахыг зааж сургадаг уу? Сайн хүмүүстэй, хүн чанартай хүмүүстэй уулзвал тэдэнд чин сэтгэлээсээ хандаж, чадаж байвал тусалж, чадахгүй бол хүлээцтэй байж, зөв зохистой хандаж, дутагдлыг нь хүлцэж, чиний талаарх буруу ойлголт, шүүлтийг нь тэвчиж сурч, давуу тал, сайн чанараас нь суралцах ёстой гэж зааж сургадаг уу? Энэ нь хүмүүст ийм зүйл зааж сургадаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ үгийн хүмүүст зааж сургасан зүйлээс эцэстээ ямар үр дүн гардаг вэ? Энэ нь хүмүүсийг илүү үнэнч шударга болгодог уу, эсвэл илүү ов мэхтэй болгодог уу? Энэ нь хүмүүсийг илүү ов мэхтэй болоход хүргэдэг: хүмүүсийн зүрх сэтгэл холдож, хоорондох зай нь ихсэж, харилцаа нь ярвигтай болдог; энэ нь хүмүүсийн нийгмийн харилцаа ярвигтай байдагтай адилхан. Хүмүүсийн хоорондох чин сэтгэлийн харилцаа алдагдаж, харилцан болгоомжилсон сэтгэлгээ үүсдэг. Ийм маягаар хүмүүсийн харилцаа хэвийн хэвээр байж чадах уу? Нийгмийн уур амьсгал сайжрах уу? (Үгүй.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг илт буруу юм. Хүмүүст ингэж зааж сургах нь тэднийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэж чадахгүй; түүнчлэн, хүмүүсийг илэн далангүй, шулуун шударга, чин үнэнч болгож чадахгүй. Энэ нь ямар нэг эерэг үр дүнд хүрч яасан ч чадахгүй.

“Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг хоёр үйлдлийг хэлдэг: нэг нь цохих, нөгөө нь илчлэх. Хүмүүсийн бусадтай харилцах хэвийн харилцаанд хүнийг цохих нь зөв үү, буруу юу? (Буруу.) Бусадтай харилцахдаа хэн нэгнийг цохих нь хэвийн хүн чанарын илрэл, зан авир мөн үү? (Биш.) Нүүр лүү нь алгадсан ч бай, эсвэл өөр хаа нэгтээ нь цохисон ч бай, хүмүүсийг цохих нь гарцаагүй буруу. Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад” гэх үг угаасаа буруу. Энэ үгийн дагуу бол хүний нүүр лүү алгадах нь илт буруу боловч өөр газар нь цохивол зөв, учир нь алгадсаны дараа нүүр улайж, хавдаж, гэмтдэг. Энэ нь тухайн хүнийг эвгүй, муухай харагдуулдаг, мөн маш бүдүүлэг, балмад, олиггүй байдлаар хүмүүст хандсаныг чинь харуулдаг. Тиймээс хүмүүсийг өөр газар нь цохивол эрхэм үү? Үгүй, тэр нь ч бас эрхэм биш. Үнэндээ энэ үгийн гол санаа нь хүнийг хаана нь цохих биш, харин “цохих” гэдэг үг нь өөрөө юм. Бусадтай харилцахдаа чи асуудалтай нүүр тулж, асуудлыг шийдэх арга зам болгон бусдыг үргэлж цохидог бол арга барил чинь өөрөө буруу байна. Энэ нь түргэн зангаас үүдэлтэй, хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд үндэслэдэггүй, мэдээж үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмыг даган мөрдөж буй хэрэг бүр ч биш. Зарим хүн бусдыг байхад нэр төрд нь халддаггүй, хэлэх үгэндээ хянамгай хандаж, бусдын нүүр лүү алгадахаас зайлсхийдэг ч тэдний ар хударгаар үргэлж бохир заль гаргаж, ширээн дээгүүр гар барилаа ч ширээн доогуураа өшиглөж, нүүрэн дээр нь сайхан зүйл хэлдэг ч ар хударгаар нь тэдний эсрэг хуйвалдаж, өө сэвээр нь нээнтэглэж, өшөө авах боломжийг хүлээж, зохиомлоор буруутгаж, явуулга хийж, цуу яриа тарааж, эсвэл тэдэн рүү дайрч довтлохын тулд зөрчилдөөн үүсгэж, бусад хүмүүсийг ашигладаг. Ийм башир арга нь хүний нүүр лүү алгадахаас хэчнээн илүү ноцтой вэ? Хүний нүүр лүү алгадахаас ч илүү ноцтой биш үү? Тэдгээр нь бүр ч илүү башир, харгис, хүн чанаргүй биш үү? (Тийм ээ, үнэн.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад” гэх үг угаасаа утгагүй. Энэ үзэл бодол нь өөрөө хуурамч дүр эсгэлтийн сэжүүр бүхий алдаа эндэл юм. Энэ бол хоёр нүүртэй арга барил, бүр ч зэвүүцмээр, жигшүүртэй, үзэн ядмаар байдаг. Одоо бид хүмүүсийг цохих нь түргэн зангаас болдог гэдгийг ойлголоо. Юуны үндсэн дээр чи хэн нэгнийг цохидог вэ? Энэ нь хуулиар зөвшөөрөгддөг үү, эсвэл Бурханы олгосон эрх үү? Аль нь ч биш. Тэгвэл яагаад хүмүүсийг цохино гэж? Хэрвээ чи хэн нэгэнтэй хэвийн харилцаж чадвал зөв арга ашиглан түүнтэй эвтэй байж, харилцаж чадна. Хэрвээ чи эвтэй байж чадахгүй бол түргэн зангаар авирлах юм уу зодолдох шаардлагагүйгээр тус тусынхаа замаар явж болно. Хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны цар хүрээнд энэ нь хүмүүсийн хийдэг зүйл байх ёстой. Чи түргэн зангаар авирламагцаа тухайн хүний нүүрийг алгадалгүй, өөр газар нь цохисон байлаа ч энэ нь ноцтой асуудал. Энэ нь хэвийн харилцах арга зам биш. Дайснууд ингэж харилцдаг, энэ нь хүмүүсийн харилцдаг хэвийн арга зам биш. Энэ нь хүн чанарын эрүүл ухааны хүрээнээс давсан байдаг. “Бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдгийн “илчлэх” гэдэг үг сайн уу, муу юу? “Илчлэх” гэдэг үг Бурханы үгээр хүмүүсийг илчилж, ил болгохыг хэлдэгтэй адилхан утгатай юу? (Үгүй.) Хүний хэлэнд оршиж буй “илчлэх” гэдэг үгэнд Миний ойлгож байгаагаар ийм утга байхгүй. Үүний мөн чанар нь зарим талаар хорлонтой байдлаар илчлэх явдал; энэ нь хүмүүсийн асуудал, дутагдал, бусдын мэдэхгүй зарим зүйл, зан авир, эсвэл цаана нь явагдаж байгаа далд явуулга, санаа, үзэл бодлыг илчлэх гэсэн утгатай. “Бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг үгэн дэх “илчлэх” гэдгийн утга энэ юм. Хэрвээ хоёр хүн хоорондоо маш нийцтэй, ямар ч хориг саадгүйгээр бие биеийнхээ итгэлийг хүлээсэн бөгөөд нэг нь нөгөөдөө ашиг тустай, дэмтэй байж чадна гэж найддаг бол зэрэгцэж суугаад бие биеийнхээ асуудлыг илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцах нь хамгийн сайн. Ингэх нь зөв бөгөөд бусдын дутагдлыг илчилж байгаа хэрэг биш. Хэрвээ чи нөгөө хүнийхээ асуудлыг олж мэдсэн боловч чиний зөвлөгөөг хараахан хүлээж авч чадахгүй гэдгийг харж байгаа бол маргаан, зөрчлөөс зайлсхийхийн тулд зүгээр л дуугүй өнгөр. Хэрвээ чи түүнд туслахыг хүсэж байгаа бол эхлээд санаа бодлыг нь асууж, “Чамд жаахан асуудал байгааг би хараад хэдэн зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Хүлээж авч чадах эсэхийг чинь би мэдэхгүй. Хүлээж авна гэвэл би хэлье. Хүлээж авахгүй бол би одоохондоо амаа хамхиад, юу ч хэлэхгүй” гэж хэлж болно. Хэрвээ тэр “Би чамд итгэж байна. Чи юу ч хэлсэн дэндүүлэхгүй; би хүлээж авч чадна” гэж хэлбэл чамд зөвшөөрөл өгсөн гэсэн үг бөгөөд тэр үед чи асуудлыг нь нэг нэгээр нь хэлж өгч болно. Тэрээр хэлсэн зүйлийг чинь бүрэн хүлээж аваад зогсохгүй үүнээс ашиг тус хүртэж, та хоёр хэвийн харилцаагаа хадгалж үлдэж чадна. Ингэх нь бие биедээ чин сэтгэлээсээ хандаж байгаа хэрэг мөн биз дээ? (Мөн.) Энэ бол бусадтай харилцах зөв арга барил; энэ нь бусдын дутагдлыг илчлэх явдал биш. Яригдаж байгаа үгийн тухайд “бусдын дутагдлыг илчлэхгүй” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусдын дутагдлыг ярихгүй байх, хамгийн их цээрлэдэг асуудлуудыг нь ярихгүй, асуудлынх нь мөн чанарыг ил болгохгүй, улайм цайм илчлэхгүй байх гэсэн үг. Энэ нь зүгээр л өнгөцхөн үг хэлж, бүх хүний голчлон хэлдэг зүйлийг хэлж, тухайн хүний аль хэдийн ухамсарлаж чадах зүйлийг хэлж, өмнө нь хийсэн алдаа, эмзэг асуудлыг нь илчлэхгүй байх гэсэн үг юм. Хэрвээ чи ийм маягаар үйлдвэл энэ нь нөгөө хүнд ямар ашигтай вэ? Магадгүй чи түүнийг гомдоож, дайснаа болгохгүй байж болох ч хийсэн зүйл чинь түүнд яагаад ч хэрэгтэй, ашиг тустай биш. Тиймээс “бусдын дутагдлыг бүү илчил” гэдэг хэллэг нь өөрөө зайлсхийсэн, бусдад чин сэтгэлээсээ ханддаггүй, нэг төрлийн арга заль юм. Ийм маягаар үйлдэх нь ёрын муу санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг гэж хэлж болно; ингэх нь бусадтай харилцах зөв арга зам биш. Шүтлэггүй хүмүүс бүр “бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдгийг эрхэм ёс суртахуунтай хүний хийх зүйл гэж үздэг. Энэ нь мэдээж бусадтай харилцах ов мэхтэй арга барил бөгөөд хүмүүс өөрийгөө хамгаалахдаа үүнийг хэрэглэдэг. Энэ бол харилцааны зөв хэв маяг яавч биш. Бусдын дутагдлыг илчлэхгүй байх нь өөрөө чин сэтгэлийнх биш, бусдын дутагдлыг илчлэх нь далд санаа зорилго агуулж байх боломжтой. Ерөнхийдөө ямар нөхцөл байдалд хүмүүс бусдын дутагдлыг илчилж байгааг харж болох вэ? Жишээ нь: Нийгэм дээр хоёр нэр дэвшигч тодорхой албан тушаалд өрсөлдөж байвал тэд нэг нэгнийхээ дутагдлыг илчилнэ. Нэг нь: “Чи зарим муу зүйл хийсэн, өчнөөн их мөнгө шамшигдуулсан” гэж хэлнэ, харин нөгөөх нь: “Чи өчнөөн олон хүнийг хохироосон” гэнэ. Тэд нэг нэгнийхээ талаар ийм зүйлийг илчилдэг. Энэ нь бусдын дутагдлыг илчилж байгаа хэрэг мөн үү? (Тийм ээ, мөн.) Улс төрийн тавцан дээр нэг нэгнийхээ дутагдлыг илчилдэг хүмүүс бол улс төрийн өрсөлдөгчид, харин эгэл жирийн хүмүүс тэгэх юм бол тэд дайснууд. Хар ярианы үгээр бол энэ хоёр хүн хоорондоо таардаггүй гэж хэлж болно. Тэд уулзах бүрдээ маргалдаж, бие биенийхээ дутагдлыг илчилж, нэг нэгнээ шүүж, яллаж, тэр ч байтугай хий хоосноос асуудал үүсгэж, хуурамчаар буруутгаж эхэлдэг. Нөгөө хүнийх нь хэрэг явдалд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байгаа л бол тэд нөгөө хүнээ илчилж, яллана. Хэрвээ хүмүүс бие биенийхээ талаар олон зүйлийг илчилдэг ч нөгөөгийнхөө дутагдлыг илчилдэггүй бол энэ нь эрхэм зүйл мөн үү? (Биш.) Биш, гэхдээ хүмүүс энэ итгэл үнэмшлийг эрхэм ёс суртахууны зан төлөв гэж үзээд, магтдаг, үнэндээ энэ нь жигшүүртэй! “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг өөрөө ямар ч эерэг зүйлийг дэмжиж чаддаггүй. Энэ нь ядаж л ёс суртахууны магтууштай зан төлөвийг дэмждэг “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэх үгстэй адилгүй. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх илэрхийлэл нь сөрөг зан авирыг өдөөдөг, хүмүүст ямар ч эерэг чиг үүрэг гүйцэтгэдэггүй, ёс суртахууны зан төлөвийн талаарх үг юм. Энэ нь хүмүүст энэ дэлхийд амьдрахдаа биеэ авч явах зөв арга зам, зарчмыг заадаггүй. Тийм мэдээлэл огт өгдөггүй. Нүүрнээс өөр газар нь цохиход зүгээр мэт, бусдын нүүрийг алгадахгүй байх тухай л хүмүүст хэлдэг. Тэднийг хүссэнээрээ л цохь; амьсгалж л байгаа бол тэднийг хөх няц, эрэмдэг зэрэмдэг, эсвэл бүр хагас үхлүүт болгож орхи. Хүмүүс хоорондоо зөрчилдөөнтэй байх үедээ, дайснууд юм уу улс төрийн өрсөлдөгчид уулзах үедээ нэг нэгнийхээ дутагдлыг л биш бол, хүссэн бүхнээ илчилж болно. Энэ ямар гээч хэв маяг вэ? Та нар өмнө нь энэ үгтэй нэлээд санал нийлдэг байсан уу? (Тийм.) Хоёр хүн хэрүүл хийж, маргалдаж эхэллээ гэе. Нэг нь “Танай нөхөр хүүхдийн чинь эцэг биш гэдгийг би мэднэ” гэхэд нөгөө нь “Танай бизнес ямар аргаар мөнгө олдгийг би мэднэ шүү” гэдэг. Зарим хүн тэдний маргааны талаар сэтгэгдлээ хэлж, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил. Тэд нэг нэгнийхээ цөөн хэдэн дутагдал, гэм буруутай нууцыг олж мэдээд, том шуугиан дэгдээж байгааг хараач. Ямар арчаагүй зан авир вэ! Ёс жудаг ч байхгүй. Чи хүмүүст ядаж жаахан хүндлэл үзүүлэх ёстой, эс бөгөөс тэд ирээдүйд яаж биеэ авч явж чадах юм бэ?” гэдэг. Ийм сэтгэгдэл хэлэх нь зөв үү, буруу юу? (Буруу.) Энэ нь бүр өчүүхэн төдий ч эерэг үр нөлөөтэй юу? Өчүүхэн төдий ч болов үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Ийм үг хэлдэг хүн ямар үзэл санаа, үзэл бодолтой байж таарах вэ? Үнэнийг ойлгосон, зөв шударга байдлын мэдрэмжтэй хүнээс ийм үг гарах уу? (Үгүй.) Ямар үндэслэлээр ийм үг гарсан бэ? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх уламжлалт соёлын үзэл санаа бүрэн нөлөөлсөн учраас ингэж хэлсэн үү? (Тийм.) Ийм сэтгэгдэл нь тэр чигтээ уламжлалт соёлын энэ үзэл санаа, үзэл бодолд үндэслэсэн байдаг.

Бидний сая ярьсан хоёр хүний хоорондох маргааны тухайд, энэ асуудлыг Бурханд итгэдэг хүний өнцгөөс авч үзвэл Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон үүнд хэрхэн хандах ёстой вэ? Энэ нь хүмүүсийн эргэцүүлэх ёстой асуудал биш үү? (Тийм ээ, мөн.) Энэ нь та нарын эргэцүүлэх ёстой зүйл юм. Итгэгчид ямар зарчим баримтлах ёстой вэ? Тэд тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой. Ах, эгч нарын хооронд хэрүүл маргаан гарвал бие биедээ хүлээцтэй, тэвчээртэй байж, хайраар хандах ёстой. Тэд эхлээд эргэцүүлж, өөрсдийгөө мэдэж аваад, дараа нь Бурханы үгэн дэх үнэний дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой, тэгснээр тэд алдаагаа танин мэдэж, махан биеийг хаяж, үнэн-зарчмын дагуу бусдад хандаж чадна. Ийм маягаар тэд асуудлыг үндсээр нь шийдвэрлэнэ. Та нар энэ асуудлыг нэгд нэггүй ойлгодог болох ёстой. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг бол хүн чанарыг хэмжих стандарт биш, зөвхөн амьдралын гүн ухааны үндсэн санаа бөгөөд хүмүүсийн завхарсан зан авирыг хязгаарлаж огт чадахгүй. Энэ үг ямар ч утгагүй, итгэгчид ийм дүрмийг даган мөрдөх шаардлагагүй. Хүмүүс Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу бие биетэйгээ харилцах ёстой. Тэр нь итгэгчдийн баримтлах ёстой зүйл юм. Хүмүүс Бурханд итгэдэг мөртөө уламжлалт соёлын үзэл бодол, сатанлаг гүн ухаанд итгээд, хүмүүсийг хэмжих, бусдыг хязгаарлах, эсвэл өөрсдөдөө шаардлага тавихдаа “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт уламжлалт соёлын санааг ашигласаар байдаг бол тэр нь утгагүй, хөгийн бөгөөд тэд үл итгэгчид юм. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг бол найзуудтайгаа харилцах сатанлаг гүн ухаан бөгөөд хүн хоорондын харилцааны үндсэн, гол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тиймээс энэ үг бол хамгийн өнгөц дүрэм журам, хамгийн өнгөц амьдралын гүн ухаан билээ. Энэ нь үнэн-зарчмын стандараас хол дутуу, ийм өнгөц дүрэм журмыг даган мөрдсөнөөр юунд ч хүрч чадахгүй, ямар ч утга учиргүй юм. Ингэж хэлж болох уу? (Тийм ээ, болно.) Ах, эгч нарын хооронд хэрүүл маргаан гарахад ямар зарчмаар энэ асуудлыг авч үзэж, шийдвэрлэх ёстой вэ? Уламжлалт соёлын дүрэм журмыг баримтлах уу, эсвэл Бурханы үгэн дэх үнэнийг зарчим болгон авч үзэх үү? Үзэл бодлоо Надад хэл дээ. (Юун түрүүнд бид тэдний маргаан, хуумгай буруушаалтын уг чанарыг Бурханы үгийн дагуу задлан шинжилж, мэдэж авч, эдгээр нь завхарсан зан чанарын илэрхийлэл гэдгийг таних ёстой. Дараа нь бид холбогдох хэрэгжүүлэлтийн замыг тэдэнтэй нөхөрлөх ёстой. Тэд бие биедээ хайраар хандах ёстой, мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой, хэлдэг, хийдэг зүйл нь бусдыгаа хохироохын оронд босгон байгуулдаг байх ёстой. Хэрвээ нөгөө хүн нь дутагдалтай бол, эсвэл алдаа гаргасан бол дайрч давшилж, шүүж, яллахын оронд чадах зүйлээрээ тусалснаар зөв хандах ёстой.) Энэ нь хүмүүст туслах нэг хэлбэр юм. Тэгвэл тэдэнд тусалж, маргааныг нь шийдвэрлэхийн тулд юу хэлж болох вэ? (Тэд чуулганд маргалдаж байгаа нь өөрөө ариун хүмүүст зохихгүй, Бурханы шаардлагад нийцэхгүй. Тиймээс бид тэдэнтэй нөхөрлөж, “Хүн асуудалтай байгааг олж харах үедээ та нар тусалж чадахаар бол тусал. Тусалж чадахгүй бол маргалдах шаардлагагүй, эс бөгөөс энэ нь чуулганы амьдралыг үймүүлнэ, удаа дараа сануулсан ч хэвээрээ байвал чуулган захиргааны зарлигийн дагуу үүнийг зохицуулна” гэж хэлэх ёстой.) Чуулганы амьдралыг үймүүлдэг хүмүүсийг хэрхэн зохицуулахаа та нар бүгдээрээ мэддэг юм шиг байгаа ч хүмүүсийн хоорондох маргааныг хэрхэн зохицуулах, эсвэл тэднийг зохицуулахдаа Бурханы аль үгийг ашиглах ёстойгоо төдийлөн мэдэхгүй хэвээр—асуудлыг шийдвэрлэхдээ Бурханы үг болон үнэн-зарчмыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй хэвээр байна. Ийм хэрэг явдал дээр хоёр тал тус бүрдээ ямар асуудалтай байдаг вэ? Хоёулаа завхарсан зан чанартай байдаг уу? (Тийм.) Хоёулаа завхарсан зан чанартай гэдгийг нь харгалзан үзээд, маргаан дэгдэх үед тус бүрээс нь ямар завхарсан зан чанар гарсан, эх сурвалж нь юу байсныг хар. Харуулсан завхарсан зан чанарыг нь тогтоож, дараа нь Бурханы үгийг ашиглан тэдгээрийг илчилж, задлан шинжил, ингэснээр тэр хоёр хоёулаа Бурханы өмнө буцан очиж, Бурханы үгийн дагуу өөрсдийгөө мэдэж авна. Тэгвэл тэдэнтэй нөхөрлөх ёстой гол зүйл юу вэ? Чи: “Хэрвээ та хоёр Бурханы дагалдагчид гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол битгий маргалд, учир нь хэрүүл маргаан асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүмүүст тийм маягаар битгий ханд, шүтлэггүй хүмүүс бусдад ханддагийн адилаар ах эгч нартаа бүү ханд. Тэгж хандах нь Бурханы хүсэлд нийцдэггүй. Бурхан хүмүүсээс бусдад яаж хандахыг шаарддаг вэ? Бурханы үг маш тодорхой байдаг: Өршөөнгүй, хүлээцтэй, тэвчээртэй байж, нэг нэгнээ хайрла. Нөгөө хүн чинь ноцтой асуудалтайг харж, хийсэн зүйлд нь сэтгэл дундуур байгаа бол чи өршөөнгүй, хүлээцтэй, тэвчээртэй хандлагаар ухаалаг, үр дүнтэй байдлаар энэ талаар нөхөрлөх ёстой. Хэрвээ тэр хүн энийг хариуцаж, хүлээн зөвшөөрч, Бурханаас хүлээн авч чадвал сайн хэрэг. Харин тэрээр Бурханаас хүлээн авч чадахгүй бол чи мөн л хариуцлагаа биелүүлсэн байх болно, тэр хүн рүү түргэн зангаар дайрч давшлах шаардлагагүй. Ах, эгч нар маргалдаж, нэг нэгнийхээ дутагдлыг илчлэх нь ариун хүмүүст байвал зохих зан авир биш, бас Бурханы хүсэлд нийцдэггүй. Итгэгчид ингэж авирлах ёсгүй. Буруутгагдаж байгаа хүний хувьд бол чи өөрийгөө ухаалаг авирласан, нөгөө хүнд шүүмжлүүлэх ёсгүй гэж бодож байгаа ч гэсэн хувийн өрөөсгөл хандлагаа орхиод, тухайн асуудал болон нөгөө талын буруушаалттай тайвнаар, нээлттэй сэтгэлээр нүүр тулах ёстой. Чи түргэн зангаар тэмцэлдэж хэзээ ч болохгүй. Хэрвээ та хоёр хоёулаа түргэн зан гаргаж, биеэ барьж чадахгүй байгаа бол эхлээд тухайн нөхцөл байдлаас өөрсдийгөө салгах ёстой. Сатаны урхинд орж, уруу таталтад нь автахгүйн тулд тайвширч, тэр асуудлын араас хөөцөлдөхөө боль. Та нар ганцаараа залбирч, Бурханы өмнө очин тусламж хүсэж, Бурханы үгийг ашиглан асуудлаа шийдвэрлэхээр чармай. Адгуу авирлаж, хуумгай юм хэлэхгүйгээр хоёулаа тайвширч, бие биедээ тайвнаар, ухаалгаар хандаж чадвал зөвшилцөлд хүрэх хүртлээ маргаантай асуудлаа хамтдаа нөхөрлөж, Бурханы үгээр нэгдэж, асуудлыг шийдвэрлэж чадна” гэх мэтийн зүйл хэлж магадгүй. Тэр нь хэлэхэд зохистой зүйл байх бус уу? (Тийм.) Үнэндээ хоёр хүн маргалдахад хоёулаа л завхарсан зан чанараа гаргадаг, хоёулаа л түргэн зангаа харуулдаг. Энэ нь бүгд сатанлаг зан авир. Хэн нэгнийх зөв, эсвэл буруу биш, алиных нь ч зан авир үнэнтэй нийцдэггүй. Хэрвээ чи энэ асуудлыг Бурханы үг болон үнэний дагуу авч үзэж, зохицуулсан бол маргаан үүсэхгүй байх байсан. Нэг тал нь л Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж чадсан бол маргаан гарахгүй байх байлаа. Тиймээс хоёр хүн бие биенийхээ дутагдлыг илчилж, нэг нэгнийхээ нүүр лүү алгадаж байвал хоёулаа л түргэн зантай ширүүн хүмүүс юм. Аль аль нь сайн биш; хэнийх нь ч зөв биш, хэнийх нь ч буруу биш. Зөв, бурууг хэмжих үндэс юу вэ? Энэ нь тухайн асуудалд ямар үзэл бодол, байр сууринаас хандаж байгаа, сэдэл чинь юу болох, Бурханы үгэнд үндэслэсэн эсэх, хийдэг зүйл чинь үнэнд нийцдэг эсэхээс хамаарна. Мэдээж та нарын маргааны ар дахь сэдэл чинь нөгөө хүнээ дарж, дийлэхийн төлөө байдаг. Та нар муухай үгээр бие биеэ илчилж, шархлуулдаг. Чиний илчилж буй зүйл зөв эсэх нь хамаагүй, маргааны чинь санаа зөв, буруу эсэх нь ч хамаагүй—та нар энэ асуудлыг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон шийдвэрлэдэггүй, адгуу зан гаргаж, үйлдлийн чинь арга барил, зарчим тэр чигтээ түргэн занд суурилж, завхарсан сатанлаг зан чанарынхаа албадлагаар ингэж үйлдсэн учраас хэнийх нь зөв, хэн нь давуу талтай, хэн сул талтай байх нь хамаагүй, үнэн хэрэгтээ та хоёр хоёулаа буруутай бөгөөд хоёулаа хариуцлага үүрнэ. Та нарын асуудлыг зохицуулж буй байдал чинь Бурханы үгэнд үндэслэдэггүй. Та хоёр хоёулаа тайвшраад, асуудлаа анхааралтай бодолцон үзэх ёстой. Хоёулаа Бурханы өмнө тайван байж, яарч сандралгүйгээр асуудлыг шийдэж чадсан цагт л тайван, уужуу суугаад, энэ талаар нөхөрлөж чадна. Хоёр хүн хоёулаа Бурханы үг, үнэн-зарчимд үндэслэн хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж байгаа л бол тодорхой асуудлын талаарх үзэл санаа, үзэл бодол нь хэчнээн өөр байх нь хамаагүй, үнэндээ яриад байх жинхэнэ санал зөрөлдөөн байхгүй, ямар ч асуудалгүй. Тэд Бурханы үг болон үнэнийг зарчмаа болгон санал зөрөлдөөнөө шийдвэрлэж байгаа л бол эцэстээ гарцаагүй эвлэрч, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадна. Та нар ингэж асуудлаа шийдвэрлэдэг үү? (Үгүй.) Та нар захиргааны арга хэмжээ авахаас гадна, асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг яаж ашиглахаа ер мэддэггүй. Тэгвэл асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх үндсэн арга зам юу вэ? Энэ нь хүмүүсээс санал зөрөлдөөнөө орхихыг шаардах явдал биш, харин санал зөрөлдөөнөө зөвөөр шийдвэрлэж, эв нэгдэлд хүрэх явдал юм. Санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийн үндэс юу вэ? (Бурханы үг.) Тийм ээ: Бурханы үгээс үндэслэл ол. Энэ нь хэнийх нь зөв, хэнийх нь буруу, хэн нь илүү, хэн нь дор, эсвэл хэн нь зөвтгөгдсөн, хэн нь зөвтгөгдөөгүйг шинжлэх биш, харин хүмүүсийн бодол санаа, үзэл бодлын асуудлыг шийдэх, өөрөөр хэлбэл, хүмүүсийн тодорхой асуудлыг зохицуулах эндүү бодол санаа, үзэл бодол, буруу арга замыг шийдвэрлэх явдал юм. Бурханы үгээс үндэслэл хайснаар, үнэн-зарчмыг ойлгосноор л асуудлыг үнэхээр шийдвэрлэж, хүмүүс бие биетэйгээ үнэхээр эв найртай амьдарч, эв нэгдэлд хүрч чадна. Эс бөгөөс, хэрвээ чи аливааг зохицуулахдаа “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэтийн уламжлалт соёлын үг, арга барил ашиглавал асуудал хэзээ ч шийдвэрлэгдэхгүй, ядаж л хүмүүсийн бодол санаа, үзэл бодлын хоорондох ялгаа шийдвэрлэгдэхгүй. Тиймээс хүн бүр Бурханы үгээс үндэслэл хайж сурах ёстой. Бурханы үг бүгд үнэн, ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Тэдгээр нь бүх хүн, хэрэг явдал, зүйлийг хэмжих цорын ганц шалгуур юм. Хэрвээ хүн бүр Бурханы үгээс үндэслэл олж, аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь Бурханы үгтэй нэгдмэл болбол хүмүүс зөвшилцөлд хүрэхэд амархан байх бус уу? Хэрвээ хүн бүхэн үнэнийг хүлээн авч чадвал хүмүүсийн хооронд санал зөрөлдөөн байсаар байх уу? Маргаан гарсаар байх уу? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт бодол санаа, үзэл бодлоор хүмүүсийг хязгаарлах шаардлагатай хэвээр байх уу? Байхгүй, учир нь Бурханы үг бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Хүмүүс ямар ч санал зөрөлдөөнтэй байсан, хэчнээн олон өөр үзэл бодолтой байсан, бүгдийг нь Бурханы өмнө авчирч, Бурханы үгийн дагуу ялган таньж, задлан шинжлэх ёстой. Дараа нь тэдгээр нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно. Хүмүүс үнэнийг ойлгох үедээ завхарсан хүн төрөлхтний ихэнх бодол санаа, үзэл бодол уламжлалт соёлоос үүдэлтэй, хүмүүсийн шүтдэг алдартай, агуу хүмүүсээс үүдэлтэй ч угтаа сатанлаг гүн ухаанаас гаралтай гэдгийг харж чадна. Тиймээс эдгээр алдаатай санаа, үзэл бодлыг шийдвэрлэхэд үнэндээ амархан. Би яагаад тэрийг шийдвэрлэхэд амархан гэж хэлдэг вэ? Учир нь, хэрвээ чи эдгээр хүний санаа, үзэл бодлыг Бурханы үгээр хэмжвэл тэдгээр нь бүгд утгагүй, байж болшгүй, бүтэшгүй гэдгийг олж мэднэ. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг бол эдгээр зүйлийг орхиход амархан бөгөөд бүх асуудлыг үүний дагуу шийдвэрлэж болно. Асуудлыг шийдвэрлэсний дараа юунд хүрэх вэ? Хүн бүр өөрийн гэсэн санал бодол, хувийн, субъектив санаа, үзэл бодлоо орхиж чадна. Чи хэчнээн эрхэм, зөв гэж бодсон ч, тэдгээр нь хүмүүсийн дунд хэр удаан байсан нь хамаагүй, үнэнтэй нийцэхгүй л байгаа бол тэдгээрийг үгүйсгэж, орхих ёстой. Эцэст нь бүх хүн Бурханы үгийг өөрсдийн үндэс болгож, хүмүүсээс гаралтай юм бүхнийг үгүйсгэмэгц тэдний санаа, үзэл бодол нэгдмэл болох бус уу? (Тэгнэ.) Хүмүүсийн хүмүүс, зүйлсийг үзэх үзэл, түүнчлэн биеэ авч явах байдал, үйлдлийг тодорхойлдог санаа, үзэл бодол бүгд нэгдэх үед тэдний дунд ямар санал зөрөлдөөн байх вэ? Сайндаа л хоолны дэглэм, амьдралын зуршилд нь зарим нэг ялгаа байна. Гэхдээ хүмүүсийн завхарсан зан чанар, алхдаг зам, хүн төрөлхтний мөн чанартай холбоотой асуудлын тухайд гэвэл, хэрвээ хүмүүс Бурханы үгийг үндсээ болгож, үнэнийг шалгуураа болгох юм бол бүгд бие биетэйгээ нэгдэнэ. Дорнын хүн үү, Барууны хүн үү, хөгшин үү, залуу юу, эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэг чинь, эсвэл сэхээтэн, ажилчин, тариачин байна уу хамаагүй: Бурханы үгийн үнэний дагуу бусадтай харилцаж чадаж байгаа л бол хүмүүсийн дунд тэмцэл, зөрчилдөөн байсаар байх уу? Байхгүй. Тэгвэл “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт хүүхдийн шаардлагыг хүмүүсийн маргааныг шийдвэрлэх шийдэл болгон тавьж болох уу? Тэр нь бие биетэйгээ харилцахдаа хүмүүсийн баримталдаг уриа лоозон байж чадах уу? Тийм өнгөц дүрэм журам хүн төрөлхтөнд ямар ч үнэ цэнгүй, тэр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хүмүүс зүйлсийг үзэх үзэл, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлж чадахгүй. Бодоод үз дээ: Тийм биш гэж үү? (Тийм ээ.) Тэдгээр нь үнэнээс дэндүү хол, хүмүүс зүйлсийн талаарх хүний үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд ямар ч нөлөө үзүүлдэггүй учраас тэдгээрээс нэгмөсөн татгалзах ёстой.

Дээр нөхөрлөсөн зүйлээс харахад Бурханы үг болон үнэн нь бүх хүн, үйл явдал, зүйлийг хэмжих шалгуур бөгөөд хүн төрөлхтний уламжлалт соёл, ёс суртахууны судрууд нь Бурханы үг, үнэний өмнө ул үндэсгүй, дурдахад зохисгүй гэж баттай хэлж болох бус уу? (Тийм ээ.) Хүн төрөлхтний дээдэлдэг “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны тэр “эрхэм” шаардлагын тухайд гэвэл, хүмүүс одоо үүнийг ямар үзэл бодол, өнцгөөс харах ёстой вэ? Хүмүүс ийм үгийг үргэлжлүүлэн шүтэж, дуулгавартай дагах ёстой юу? (Үгүй.) Тэгвэл тэдгээрээс яаж татгалзах ёстой вэ? Эхлээд, ямар нэг зүйл тохиолдоход адгуу, түргэн зан бүү гарга. Хүн бүрд, бүх зүйлд зөв хандаж, тайвширч, Бурханы өмнө очиж, Бурханы үгээс үнэн-зарчмыг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг ол, тэгснээр чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үгэнд хүлэгдэж, хязгаарлагдахын оронд яг Бурханы үгэнд үндэслэн хүмүүс, үйл явдалд хандаж чадна. Тийм маягаар амьдрах нь чиний хувьд илүү хялбар, илүү баяр хөөртэй байх биш үү? Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй бол завхарсан зан чанарын хязгаарлалтаас ангижрах ямар ч аргагүй бөгөөд амьдарч буй бүлгийнхээ бусад хүмүүстэй харилцахад хэцүү байдаг. Чи тэр хүнийг дээрэлхдэггүй ч тэр чамайг дээрэлхэхийг хүсэж магадгүй. Чи хэн нэгэнтэй сайн харилцаатай байхыг хүсдэг ч тэр чамд үргэлж төвөг уддаг. Чи тодорхой хүмүүсээс сэрэмжилж, тэднээс зайлсхийдэг ч тэд юу ч болсон чамайг хөөж, төвөг удсаар байдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, Бурханы үгийн үндэслэлгүй бол эцсээ хүртэл тэдэнтэй тэмцэлдэхээс өөр яаж ч чадахгүй. Чи дийлдэшгүй дээрэлхүү хүнтэй тааралдвал “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтдоггүй” гэдэг үгийг дагахаас өөр аргагүй мэт санагдана. Чи түүнээс өшөө авах таатай боломжийг хүлээж, ухаалаг арга ашиглан түүнийг унагаана. Чи гомдлоо тайлж чадахаар үл барам, бас зөв шударга байдлын мэдрэмжтэй гэж бусдаар магтуулж, өөрийгөө боловсон хүн, тэр бол хорон санаатан гэж бусдад бодогдуулна. Чи энэ хандлагын талаар юу гэж бодож байна? Энэ нь дэлхий ертөнцөд биеэ авч явах зөв арга зам мөн үү? (Биш.) Одоо та нар ойлгож байна. Тэгвэл хэн нь сайн хүн бэ: боловсон хүн үү, эсвэл хорон санаатан уу? (Аль нь ч сайн биш.) Шүтлэггүй хүмүүст хүндлэгддэг тэр боловсон хүмүүст “хуурамч” хэмээх тодорхойлолт дутаж байна. Тэд бол “хуурамч боловсон хүмүүс.” Тэгвэл та нар юу ч хийлээ гэсэн боловсон хүн бүү бай, учир нь боловсон хүмүүс бүгд хуурамч. Тиймээс зөв замаар явахын тулд хүн яаж биеэ авч явах ёстой вэ? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь алгаддаггүй; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь илчилдэггүй” “жинхэнэ боловсон хүн” шиг авирлах нь зүгээр үү? (Үгүй.) Тэр боловсон, алдартай хүмүүс бүгд хуурамч, ов мэхтэй, бүгд хуурамч боловсон хүмүүс. Тэд бүгд там руу явж болно! Тэгвэл хүн яаж биеэ авч явах ёстой вэ? Үнэнийг эрэлхийлдэг, тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг хүн байснаар. Тэгж биеэ авч явдаг хүн л жинхэнэ хүн юм. Энэ нь зөв зам мөн үү? (Тийм.) Хэн нэгэн чиний дутагдлыг илчилсээр байвал чи яах ёстой вэ? “Хэрвээ чи намайг илчилбэл, би ч бас чамайг илчилнэ!” гэж чи хэлж магадгүй. Бие биеэ ингэж онилох нь сайн уу? Хүмүүсийн биеэ авч явж, үйлдэж, бусдад хандах арга зам ийм байх ёстой юу? (Үгүй.) Хүмүүс ингэж болохгүй гэдгийг хоосон сургаалын хувьд мэдэж байлаа ч тийм уруу таталт, урхийг даван гарч мөн л чаддаггүй. Хэн нэгэн дутагдлыг чинь илчилж, чамайг онилж, эсвэл ар хударгаар чинь шүүж байхыг чи сонсоогүй байж магадгүй—гэхдээ хэн нэгэн тийм зүйл хэлэхийг сонсох үедээ чи тэвчиж чадахгүй. Зүрх чинь улам хурдан цохилж, адгуу зан чинь гарч ирнэ; “Чи яаж намайг илчилж зүрхэлж байна аа? Надад эелдэг хандахгүй бол би чамд буруу юм хийнэ шүү! Хэрвээ чи дутагдлыг минь илчилбэл эмзэг сэдвийг чинь илчлэхгүй гэж битгий бодоорой доо!” гэж хэлнэ. Бусад нь “‘Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил’ гэдэг үг байдаг учраас би дутагдлыг чинь илчлэхгүй, гэхдээ би чамд арга хэмжээ авч, хандыг чинь хага дарах өөр арга зам олно. Хэн нь дийлэхээ үзье л дээ!” гэж хэлдэг. Эдгээр арга сайн уу, үгүй юу? (Үгүй.) Бараг бүх хүний хувьд, хэн нэгэн өөрийг нь илчилж, шүүж, ар хударгаар нь өөрийнх нь талаар муу юм хэлснийг олж мэдвэл хамгийн эхний хариу үйлдэл нь уур байдаг. Тэд уурлан хилэгнэж, идэж, унтаж чаддаггүй—унтаж дөнгөлөө ч гэсэн бүр зүүдэндээ харааж зүхэж байх болно! Тэдний түргэн зан ямар ч хэмжээ хязгааргүй! Ийм ялихгүй асуудлыг ч тэд зүгээр өнгөрөөж чадахгүй. Энэ бол түргэн зангийн хүмүүст үзүүлэх нөлөө, завхарсан зан чанараас гардаг ёрын муу үр дүн юм. Завхарсан зан чанар хүний амь болох үед энэ нь голчлон хаанаас харагддаг вэ? Тухайн хүн санал нийлэхгүй зүйлтэй тулгарах үед тэр зүйл эхлээд сэтгэл хөдлөлд нь нөлөөлж, дараа нь уг хүний түргэн зан гарч ирэхэд энэ нь харагддаг. Ингэхдээ тухайн хүн түргэн зангаараа амьдарч, завхарсан зан чанарынхаа хүчээр уг асуудлыг авч үздэг. Сатаны гүн ухааны үзэл бодол зүрх сэтгэлд нь төрж, өшөөгөө авахын тулд ямар арга зам, арга барил ашиглах талаар бодож эхлэн, улмаар завхарсан зан чанараа илчилдэг. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэх талаарх хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, мөн хүмүүсийн бодож олсон арга зам, арга барил, тэр ч байтугай тэдний сэтгэл хөдлөл, түргэн зан бүгд завхарсан зан чанараас үүдэлтэй. Тэгвэл энэ тохиолдолд ямар завхарсан зан чанар гарч ирж байна вэ? Эхнийх нь гарцаагүй хорон санаа, дараагийнх нь биеэ тоосон зан, ов мэх, ёрын муу, гөжүүд зан, үнэнийг жигших, үнэнийг үзэн ядах явдал. Эдгээр завхарсан зан чанараас биеэ тоосон зан хамгийн нөлөө багатай. Тэгвэл хүний сэтгэл хөдлөл, бодлыг хамгийн их захирч, эцэст нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлж чаддаг завхарсан зан чанар юу вэ? Тэдгээр нь хорон санаа, гөжүүд зан, үнэнийг жигших, үнэнийг үзэн ядах явдал юм. Эдгээр завхарсан зан чанар нь хүнийг чанга хүлдэг бөгөөд тэд Сатаны торонд амьдарч байгаа нь илэрхий. Сатаны тор хэрхэн бий болдог вэ? Энэ нь завхарсан зан чанараас үүсдэг биш үү? Завхарсан зан чанар чинь элдэв янзын сатаны торыг чамд нэхэж өгсөн. Жишээлбэл, хэн нэгэн чамайг шүүж, харааж, ар хударгаар чинь дутагдлыг чинь илчилж байгааг чи сонсвол сатанлаг гүн ухаан, завхарсан зан чанарыг амиа болгож, бодол санаа, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө захируулж, улмаар дараалсан үйлдлүүдийг хийнэ. Эдгээр завхарсан үйлдэл нь үндсэндээ сатанлаг уг чанар, зан чанараас чинь үүдэлтэй. Орчин нөхцөл чинь ямар ч байсан, Сатаны завхарсан зан чанарт хүлэгдэж, хянуулж, захирагдаж байгаа цагт чиний амьдран харуулдаг, илчилдэг, харуулдаг юм бүхэн—эсвэл чиний мэдрэмж, бодол санаа, үзэл бодол, аливааг хийх арга зам, арга барил—бүгд сатанлаг. Энэ бүх зүйл үнэнийг зөрчдөг, Бурханы үг болон үнэнд дайсагнадаг. Чи Бурханы үг, үнэнээс холдох тусмаа Сатаны торонд улам хянуулж, урхидуулж байдаг. Харин оронд нь чи завхарсан зан чанарынхаа хүлээс, хяналтаас салж, тэдгээрийг хаяж, Бурханы өмнө ирж, Бурханы үгэнд хэлсэн арга барил, зарчмаар үйлдэж, асуудлыг шийдвэрлэж чадвал аажмаар Сатаны торноос ангижирна. Эрх чөлөөтэй болсныхоо дараа амьдран харуулдаг зүйл чинь завхарсан зан чанартаа хянуулсан өнөөх хуучин сатанлаг хүний төрх байхаа больж, Бурханы үгийг амиа болгосон шинэ хүнийх болж, амьдралын хэв маяг чинь бүгд өөрчлөгдөнө. Харин чи сатанлаг зан чанараас үүдэлтэй сэтгэл хөдлөл, бодол санаа, үзэл бодол, хэрэгжүүлэлтээ дагадаг бол “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй”, “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр”, “Өшөөгөө авдаггүй бол эр хүн биш” гэх мэт сатанлаг гүн ухааны цуврал болон янз бүрийн аргыг баримтална. Эдгээр нь чиний зүрх сэтгэлд оршиж, үйлдлийг чинь захирна. Хэрвээ чи эдгээр сатанлаг гүн ухааныг үйлдлийнхээ үндэс болговол үйлдлийн чинь шинж чанар өөрчлөгдөж, чи ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ. Хэрвээ чи эдгээр сөрөг бодол санаа, үзэл бодлыг үйлдлийнхээ үндэс болговол Бурханы сургаал болон үгээс хол хадуурч, Сатаны урхинд орсон чинь илэрхий бөгөөд үүнээсээ мултарч чадахгүй. Та нар өдөр тутмын амьдралдаа бараг үргэлж сатанлаг зан чанараар амьдардаг—Сатаны торонд амьдардаг. Хүмүүсийн шаналлын уг үндэс нь сатанлаг зан чанартаа захирагдаж, үүнээсээ ангижирч чадахгүйд оршдог. Тэд нүгэлд амьдарч, юу ч хийсэн зовж байдаг. Чи өрсөлдөгчөө ялсан ч зовж шаналдаг, учир нь чи дараагийн нүүр тулах дайсан чинь хэн байхыг мэдэхгүй, түүнийг адилхан аргаар ялж чадах эсэхээ ч мэдэхгүй. Чи айж, шаналдаг. Тэгвэл ялагдсан хүн яадаг вэ? Мэдээж тэд ч бас адилхан шаналдаг. Бусдад дээрэлхүүлсэн болохоор ямар ч нэр төргүй, ёс жудаггүй амьдарч байгаа мэт тэдэнд санагддаг. Дээрэлхүүлэх нь тэвчихэд хэцүү учраас тэд байнга дайралт хийх тааламжтай мөчийг хүлээж, хариугаа авах боломж—нүдийг нүдээр, шүдийг шүдээр сольж, өрсөлдөгчдөө хэн болохоо харуулах боломжийг хайж байдаг. Тийм сэтгэлгээ ч бас шаналгаатай. Товчхондоо хариугаа авч буй хүн, хариуг нь өгч байгаа хүний аль аль нь Сатаны торонд амьдарч, байнга ёрын мууг үйлдэж, аюултай нөхцөл байдлаасаа гарах арга замыг тасралтгүй хайж, амар амгалан, баяр баясгалан, аюулгүй байдлыг олж авахыг хүсэж байдаг. Нэг талаар, хүмүүс завхарсан зан чанартаа захирагдаж, Сатаны торонд амьдарч, эргэн тойрондоо болж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөд нь Сатаны өгсөн янз бүрийн арга барил, бодол санаа, үзэл бодлыг сонгож авдаг. Нөгөө талаар, хүмүүс Бурханаас амар амгалан, баяр баясгаланг олж авна гэж найдсаар байдаг. Гэхдээ хүмүүс Сатаны завхарсан зан чанарт үргэлж хүлэгдэж, торонд нь баригдсан байдаг учраас ухамсартайгаар үүнийг орхиж, үүнээс гарч ирж чаддаггүй, Бурханы үг болон үнэн-зарчмаас улам холддог учраас Бурханаас ирдэг тайтгарал, баяр хөөр, аз жаргалыг олж авч хэзээ ч чаддаггүй. Эцэст нь хүмүүс ямар байдалд амьдардаг вэ? Тэд хүссэн ч гэсэн үнэнийг эрэлхийлж чаддаггүй, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг ч Бурханы шаардлагыг хангаж чаддаггүй. Яг байгаа байрандаа гацчихдаг. Энэ бол шаналгаатай тарчлал юм. Хүмүүс өөрийн эрхгүй Сатаны завхарсан зан чанар дотор амьдардаг. Тэд хүн гэхээсээ бугтай илүү адилхан, үргэлж харанхуй буланд амьдарч, тулгарсан олон бэрхшээлээ шийдвэрлэхээр шившигтэй, ёрын муу арга эрж хайдаг. Үнэн хэрэгтээ хүмүүс сэтгэлийнхээ гүнд сайн хүн байхыг хүсэж, гэрэл рүү тэмүүлдэг. Тэд хүн шиг нэр төртэй амьдарна, бас үнэнийг эрэлхийлж, Бурханы үгэнд найдан амьдарч, Бурханы үгийг амь, бодит байдлаа болгож чадна гэж найддаг ч үнэнийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд олон хоосон сургаал ойлгодог хэр нь асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Хүмүүс ийм мухардмал байдалд ард, урдаасаа хавчигдаад, урагшилж чаддаггүй, ухрахыг ч хүсдэггүй. Тэд байгаа байрандаа гацдаг. Энэхүү “гацсан” мэдрэмж шаналгаатай, асар их шаналгаатай байдаг. Хүмүүс гэрэл рүү тэмүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд Бурханы үг болон зөв замыг орхихыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч тэд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй, завхарсан сатанлаг зан чанарынхаа хүлээс, хяналтаас ангижирч чадахгүй хэвээр үлддэг. Эцэст нь тэд ямар ч жинхэнэ баяр баясгалангүйгээр зөвхөн шаналан амьдарч л чадна. Ийм байдаг биш үү? (Тийм ээ.) Ямар ч тохиолдолд, хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг олж авахыг хүсвэл ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн өөрсдийнх нь бодол санаа, үзэл бодол, үнэний эрэл хайгуулд үзүүлэх нөлөөллийг арилгахын тулд жижиг зүйлээс эхлэн Бурханы үгийг бага багаар туулах ёстой. Энэ нь гол зүйл; эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих