Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8) (III хэсэг)
Хэрвээ хүмүүс зан чанараа өөрчилж, аврал хүртэхийг хүсвэл шийдэмгий байгаад зогсохгүй, бас няцашгүй сэтгэлгээтэй байх ёстой. Тэд бүтэлгүйтлээсээ туршлага хуримтлуулж туршлагаасаа хэрэгжүүлэлтийн замыг олж авах ёстой. Бүтэлгүйтэх үедээ битгий сөрөг бол, бүү сэтгэлээр уна, мэдээж битгий бууж өг. Гэхдээ бас бага зэрэг олз ашиг олох үедээ чи маадайж бардах ёсгүй. Чи юм хийгээд бүтэлгүйтсэн, эсвэл сул дорой болсон эсэхээс үл хамааран энэ нь ирээдүйд аврагдаж чадахгүй гэдгийг чинь тодорхойлохгүй. Чи Бурханы хүслийг ойлгож, хөл дээрээ зогсож, Бурханы үгийг даган мөрдөж, завхарсан сатанлаг зан чанартайгаа тэмцсээр байх ёстой. Сатанаас үүдэлтэй ёс суртахууны зан төлөвийн талаарх янз бүрийн шаардлага болон үг хүмүүсийн үнэний эрэл хайгуулд ямар хор хөнөөл, саад тотгор учруулж буйг тодорхой харахаас эхлэх ёстой. Ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үг хүмүүсийн оюун санааг байнга хүлж, хязгаарлахын зэрэгцээ хүмүүсийн завхарсан зан чанарыг бас дэмждэг. Мэдээж тэдгээр нь бас үнэн болон Бурханы үгийг хүлээн авахад нь хүмүүст янз бүрийн хэмжээнд нөлөөлж, үнэнд эргэлзэх, үнэнийг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь тэдгээр үгийн нэг юм. Энэ амьдралын гүн ухаан нь хүмүүсийн балчир оюун санаанд үндэслэсэн бөгөөд бусдыг харах, эргэн тойронд нь тохиолдож буй зүйлсийг зохицуулахдаа хүмүүс далд ухамсартаа иймэрхүү бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдаг. Эдгээр бодол санаа, үзэл бодол нь хүмүүсийн завхарсан зан чанар дахь ёрын муу, ов мэхтэй, харгис зан чанарыг үл мэдэгдэх байдлаар цайруулж, нуун далдалдаг. Тэд завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чаддаггүйгээр үл барам, бас хүмүүсийг улам зальхай, ов мэхтэй болгож, хүмүүсийн завхарсан зан чанарыг улам ихэсгэдэг. Товчхондоо уламжлалт соёл дахь ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үг болон амьдралын гүн ухаан нь хүмүүсийн бодол санаа, үзэл бодолд нөлөөлөөд зогсохгүй, бас хүмүүсийн завхарсан зан чанарт гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт уламжлалт соёлын ийм бодол санаа, үзэл бодлын хүмүүст үзүүлэх нөлөөллийг ойлгох шаардлагатай. Үүнийг үл тоомсорлож болохгүй.
Дөнгөж сая бид, хүмүүсийн хооронд маргаан үүсэхэд уламжлалт соёлын үг хэллэг, үзэл бодлоор тэдэнд хандах уу, эсвэл Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу хандах уу; уламжлалт соёлын үзэл бодол асуудлыг шийдвэрлэж чадах уу, эсвэл Бурханы үг болон үнэн хүний асуудлыг шийдвэрлэж чадах уу гэдэг талаар голчлон нөхөрлөлөө. Хүмүүс эдгээр зүйлийг тодорхой харах үедээ зөв сонголт хийх бөгөөд хүмүүс хоорондын маргааныг Бурханы үгэн дэх үнэний дагуу шийдвэрлэхэд илүү хялбар байх болно. Тийм асуудлуудыг шийдвэрлэх үед “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үг хүмүүсийн бодолд нөлөөлж, хязгаарладаг асуудал ч бас үндсэндээ шийдвэрлэгдэнэ. Ядаж л хүмүүсийн зан авир иймэрхүү төрлийн бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автахгүй; тэд Сатаны хууран мэхлэлтийн тороос ангижирч, Бурханы үгээс үнэнийг олж авч, хүмүүстэй харилцах үнэн-зарчмыг олж, Бурханы үгийг амиа болгож чадна. Уламжлалт соёлын эндүү ташаа үзэл бодол, сатанлаг гүн ухааны хүлээс, дөнгийг Бурханы үгийн дагуу зүгээр л задлан шинжилж, ялган таних нь хүмүүст үнэнийг ойлгож, ялган таньдаг болох боломж олгож чадна. Энэ нь хүнд Сатаны нөлөөнөөс салж, нүглийн хүлээсээс чөлөөлөгдөх боломж олгоно. Ийм маягаар Бурханы үг болон үнэн чиний амь болж, мөн чанар нь сатанлаг гүн ухаан, зан чанар байсан хуучин амийг чинь орлоно. Тэгээд чи өөр хүн болно. Хэдийгээр энэ хүн нь чи хэвээрээ байгаа ч энэ бол шинээр гарч ирсэн хүн, Бурханы үг болон үнэнийг амиа болгосон хүн юм. Та нар тийм хүн байхад бэлэн үү? (Тийм ээ.) Ийм хүн байсан нь дээр—ядаж л баяртай байна. Үнэнийг анх хэрэгжүүлж эхлэх үед чинь бэрхшээл, саад бартаа, шаналал байх боловч хэрвээ чи Бурханы үгэнд үндэс суурьтай болох хүртлээ үнэнийг эрж хайж, бэрхшээлээ шийдвэрлэж чадвал шаналал чинь арилж, амьдрал чинь үргэлжилж, чи илүү аз жаргалтай, илүү амар тайван болно. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь чиний доторх тэр сөрөг зүйлсийн нөлөөлөл, хяналт аажмаар багасаж, тэгэхийн хэрээр Бурханы үг болон үнэн чам руу улам бүр орж, чиний зүрх сэтгэл дэх Бурханы үг болон үнэний талаарх сэтгэгдэл улам гүнзгийрнэ. Үнэнийг эрж хайх ухамсар чинь улам хүчтэй, хурц болж, ямар нэг зүйл тохиолдох үед чиний хэрэгжүүлэлтийн доторх зам, чиглэл, зорилго улам тодорхой болж, дотоод тулааны чинь үеэр эерэг зүйлс бүр ч их ялалт байгуулна. Тэгэхээр чиний амьдралын баяр хөөр нэмэгдэх бус уу? Бурханаас хүлээн авдаг амар амгалан, баяр хөөр чинь ихсэх бус уу? (Тэгнэ.) Чамайг түгшүүр, шаналал, сэтгэл гутрал, дургүйцэл болон бусад сөрөг сэтгэл хөдлөлөөр амьдрахад хүргэх шалтгаанууд улам цөөрнө. Эдгээр зүйлийн оронд Бурханы үг чиний амь болж, чамд найдвар, аз жаргал, баяр хөөр, эрх чөлөө, чөлөөлөлт, нэр хүнд авчирна. Эдгээр эерэг зүйл ихсэх үед хүмүүс бүрмөсөн өөрчлөгдөнө. Тэр цаг ирэхэд чамд ямар мэдрэмж төрж байгааг шалгаад, урьдынхтайгаа харьцуул: Тэдгээр нь урьдын амьдралын арга замаас чинь тэс өөр биш үү? Чи Сатаны тор болон завхарсан зан чанар, Сатаны бодол санаа, үзэл бодол, түүнчлэн хүмүүс зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх Сатаны янз бүрийн арга барил, үзэл бодол, гүн ухааны хуулиас ангижрах үедээ—эдгээр зүйлийг тэр чигт нь хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, бусдад хандаж, бусадтай харилцаж, үнэн-зарчмын дагуу хүмүүст хандах нь хэчнээн сайхан болохыг Бурханы үгээс туулж, амар тайван, баяр хөөртэй амьдралаар амьдрах үедээ—тэр үедээ л чи жинхэнэ аз жаргалд хүрнэ.
Өнөөдөр бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үгийг нөхөрлөж, задлан шинжиллээ. Энэ үгэнд байгаа асуудлыг та нар ойлгож байна уу? (Тийм.) Тэгвэл та нар хүмүүст тавих Бурханы шаардлага юу болохыг ойлгож байна уу? (Тийм.) Тэрийг ойлгосон болохоор та нар эцэст нь үүнийг яаж өөртөө хэрэгжүүлэх вэ? Чамд ямар нэг юм тохиолдох үед түргэн зан гаргахгүй, уламжлалт соёлоос үндэслэл хайхгүй, нийгмийн чиг хандлагаас үндэслэл хайхгүй, олон нийтийн санал бодлоос үндэслэл хайхгүй, эсвэл мэдээж хуулийн зүйл заалтаас үндэслэл хайхгүй байж, харин оронд нь Бурханы үгээс үндэслэл хайснаар. Үнэний талаарх ойлголт чинь хэчнээн гүн гүнзгий, өнгөц болох нь хамаагүй; асуудал шийдвэрлэж чаддаг байхад л хангалттай. Ёрын муу, аюултай ертөнцөд амьдардаг гэдгээ чи тодорхой харах ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол зөвхөн нийгмийн чиг хандлагыг дагаж, ёрын муугийн эргүүлэгт татагдан орох боломжтой. Тэгвэл чамд юу ч тохиолдсон, чи эхлээд юу хийх ёстой вэ? Чи эхлээд тайвширч, Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, Бурханы үгийг үргэлж унших ёстой. Энэ нь хараа нь хурц, бодол нь тунгалаг байж, энэхүү хүн төрөлхтнийг Сатан мэхэлж, завхруулж байгаа, Бурхан энэ хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс аврахаар ирсэн гэдгийг тодорхой харах боломжийг чамд олгоно. Энэ нь мэдээж чиний сурах ёстой хамгийн үндсэн сургамж юм. Чи Бурханд залбирч, Бурханаас үнэнийг эрж хайж, чамайг залж чиглүүлэхийг—Бурханы холбогдох үгийг уншихад чамайг залж чиглүүлж, холбогдох гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авахад залж чиглүүлэхийг Бурханаас гуйх ёстой, ингэснээр чи өмнө чинь тохиолдож буй зүйлийн мөн чанарыг ойлгож, үүнийг хэрхэн харж, хэрхэн шийдвэрлэх ёстойгоо ойлгоно. Дараа нь Бурхан зааж, хэлж өгсөн арга барилыг ашиглан тухайн асуудалтай нүүр тулж, шийдвэрлэнэ. Чи Бурханд бүрэн дүүрэн, бүрмөсөн найдах ёстой. Бурхан захираг; Бурхан Эзэн байг. Чи тайвширмагцаа ямар арга зам, арга барил ашиглахаа өөрийнхөө оюун ухаанаар боддоггүй, хувийн туршлага, эсвэл сатанлаг гүн ухаан, арга залиар ч үйлддэггүй. Харин ч Бурханы гэгээрэл, Бурханы үгийн удирдамжийг хүлээдэг. Чиний хийх ёстой зүйл бол өөрийнхөө хүслийг орхиж, бодол санаа, үзэл бодлоо хойш тавьж, Бурханы өмнө хүндэтгэлтэйгээр ирж, чамд Бурханы хэлдэг үг, Бурханы хэлдэг үнэн, Бурханы харуулдаг сургаалыг сонсох явдал. Дараа нь чи Бурхан чамаас яг юу хийхийг хүсдэг, чи юу хийх ёстойгоо ойлгохын тулд өөрийгөө тайван байлгаж, сайтар тунгаан бодож, Бурханы чамд зааж сургасан үгийг ахин дахин залбиран унших ёстой. Хэрвээ чи Бурхан үнэндээ юу хэлж байгааг, Бурханы сургаал юу болохыг тодорхой ойлгож чадвал чамд ийм орчныг бүрдүүлж, Өөрийнх нь үгийг баталгаажуулах, бодит байдлаа болгох, амьдран харуулах боломж олгосных нь төлөө Бурханд эхлээд талархах ёстой, ингэснээр амьдран харуулдаг зүйл чинь Бурханы үг бол үнэн гэдгийг гэрчилж чадна. Мэдээж, эдгээр асуудлыг шийдвэрлэх явцад олон өгсөлт уруудалт, бэрхшээл хүндрэл, түүнчлэн зарим тулаан, өөр өөр хүмүүсийн зарим зарга, үг хэл тулгарч магадгүй. Гэхдээ тийм асуудлуудын талаарх Бурханы үг маш тодорхой байдаг, чиний ойлгож, дуулгавартай дагадаг зүйл бол Бурханы сургаал гэдэгт итгэлтэй байгаа бол чи эргэлзэлгүйгээр хэрэгжүүлэх ёстой. Хүрээлэн буй орчин чинь, эсвэл ямар нэг хүн, үйл явдал зүйл чамд саад болох ёсгүй. Чи байрандаа бат зогсох ёстой. Үнэн-зарчмыг баримтлах нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан биш. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж, хэзээ ч өөрчлөгдөлгүйгээр зарчмыг баримталж чадвал үнэнийг хэрэгжүүлж байна. Энэ нь үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлдэг хүмүүст байх ёстой хандлага, шийдвэр юм.
Бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгтэй холбоотой асуудлуудын талаар хангалттай нөхөрлөлөө. Ийм асуудлуудыг ойлгоход та нарт хэцүү хэвээр байна уу? Өнөөдрийн нөхөрлөл, дүн шинжилгээнээс та нар уламжлалт соёлын ёс суртахууны зан төлөвийн тухай энэ үгийн талаар цоо шинэ ойлголттой болсон уу? (Тэгсэн.) Энэ цоо шинэ ойлголтдоо үндэслээд та нар энэ үгийг үнэн, эерэг зүйл гэж үзсээр байх уу? (Үгүй.) Энэ үгийн хүмүүст үзүүлэх нөлөө оюун санаа, далд ухамсарт нь гүн гүнзгий оршсоор байж болох ч өнөөдрийн нөхөрлөлөөр дамжуулан хүмүүс ёс суртахууны зан төлөвийн талаарх энэ үгийг бодол санаа, ухамсраасаа арилгасан. Тэгвэл чи бусадтай харилцахдаа энэ үгийг бас л баримтлах уу? Маргаантай тулгарах үедээ чи юу хийх ёстой вэ? (Нэгдүгээрт, бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх сатанлаг гүн ухааныг орхих ёстой. Бид Бурханы өмнө чимээгүйхэн очин залбирч, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчмыг Бурханы үгээс хайх ёстой.) Хэрвээ бид эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхдээ “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны шалгуурыг хэзээ ч баримталж байгаагүй гэж та нарт санагдана. Одоо энэ асуудлыг илчилсэн болохоор үүнтэй төстэй зүйл тохиолдох үед ийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автах эсэхээ, өөрөөр хэлбэл, эдгээр зүйл бодол санаа, үзэл бодолд чинь оршиж байгаа эсэхийг өөрсдөө хар. Тэр үед чи олон зүйл дээр тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдагаа аяндаа олж илрүүлнэ, өөрөөр хэлбэл, олон орчинд, олон зүйл тохиолдох үед чи тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автсаар, тэдгээр нь чиний сэтгэлд гүн үндэслэж, чиний үг, үйл хэрэг, бодлыг захирсаар байдаг. Хэрвээ чи үүнийг хараахан ухаараагүй бол, энэ асуудалд анхаарал хандуулаагүй, үүнийг эрэлхийлээгүй бол мэдэхгүй байх нь гарцаагүй бөгөөд тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдаг эсэхээ мэдэхгүй. Чи энэ асуудлыг үнэхээр эрэлхийлж, нягт нямбай хандсан бол уламжлалт соёлын хор оюун санаанд чинь үргэлж гарч ирж байгааг олж мэднэ. Чамд эдгээр нь байдаггүй юм биш, харин чи урьд нь тэдгээрийг нухацтай авч үзээгүй, эсвэл уламжлалт соёлын эдгээр үгийн мөн чанар яг юу болохыг ухаарч ер чадаагүй. Тэгвэл ийм асуудлуудыг оюун санааныхаа гүнд мэддэг болохын тулд чи юу хийх ёстой вэ? Та нар тунгаан нягталж, бодолцон үзэж сурах ёстой. Хүн яаж тунгаан нягталж, бодолцон үзэх ёстой вэ? Энэ хоёр нэр томьёо маш энгийн сонсогддог; тэгвэл хүн тэдгээрийг яаж ойлгох ёстой вэ? Жишээлбэл: чи үнэн замыг судалж буй зарим хүнд сайн мэдээ түгээж, Бурханы талаар гэрчиллээ гэж үзье. Эхэндээ тэд сонсохыг хүсэж болох ч хэсэг хугацаанд нөхөрлөсний дараа тэдний зарим нь цааш сонсохыг хүсдэггүй. Тэр үед чи “Энд юу болоод байна аа? Миний нөхөрлөл тэдний үзэл, асуудалд төдийлөн таарахгүй байна уу? Эсвэл би үнэний талаар тодорхой, ойлгомжтой нөхөрлөөгүй юм болов уу? Эсвэл сонссон зарим цуу яриа, төөрөгдөл нь тэднийг үймүүлээд байна уу? Яагаад зарим нь үргэлжлүүлэн судлахгүй байгаа юм бол? Асуудал нь яг юу вэ?” гэж бодох ёстой. Энэ бол тунгаан нягталж буй хэрэг, тийм биз дээ? Ганц ч нарийн ширийнийг нь орхигдуулахгүйгээр тал бүрээс нь бодолцон үзсэнээр асуудлыг бодох явдал. Эдгээр зүйлийг бодолцон үзэх зорилго чинь юу вэ? Энэ нь асуудлын уг үндэс, мөн чанарыг олоод, дараа нь үүнийг шийдвэрлэх зорилготой. Хэрвээ чи хэчнээн их бодоод ч эдгээр асуудлын хариултад хариулт олж чадахгүй байгаа бол үнэнийг ойлгодог хүнийг олж, тэднээс эрж хайх ёстой. Тэд яаж сайн мэдээ түгээж, Бурханы талаар гэрчилдгийг, судалж буй хүмүүсийн үндсэн үзлийг яаж үнэн зөв ойлгож авч, дараа нь Бурханы үгийн дагуу үнэнийг нөхөрлөснөөр тэдгээрийг яаж шийдвэрлэдгийг хар. Тэр нь үйлдлийг эхлүүлэх биш үү? Бодолцон үзэх нь эхний алхам; үйлдэл бол хоёр дахь алхам. Үйлдэл хийх шалтгаан нь, бодолцон үзэж буй асуудал чинь зөв эсэхийг, замаасаа гажсан эсэхийг чинь баталгаажуулахын төлөө байдаг. Асуудал хаанаас үүдэн гарч байгааг олж мэдэх үедээ чи бодолцон үзэж буй асуудал чинь зөв үү, буруу юу гэдгийг баталгаажуулж эхэлнэ. Дараа нь зөв гэж баталгаажуулсан асуудлаа шийдвэрлэж эхэл. Жишээлбэл: үнэн замыг судалж буй хүмүүс цуу яриа, төөрөгдөл сонсоод, үзэлтэй болох үед тэдний үзэлд чиглэсэн байдлаар Бурханы үгийг уншиж өг. Үнэний талаар тодорхой нөхөрлөж, тэдний үзлийг нэгд нэггүй задлан шинжилж, шийдвэрлэж, зүрх сэтгэлд нь байгаа саад бартааг арилга. Тэгвэл тэд үргэлжлүүлэн судлахад бэлэн байх болно. Энэ нь асуудлыг шийдвэрлэж эхэлж байгаа хэрэг, тийм биз дээ? Асуудлыг шийдвэрлэхийн эхний алхам нь үүнийг бодолцон үзэж, тунгаан нягталж, асуудлын мөн чанар, уг үндсийг оюун санаандаа нэг бүрчлэн боловсруулах явдал юм. Энэ нь юу болохыг баталгаажуулмагцаа чи Бурханы үгийн дагуу асуудлыг шийдвэрлэж эхэлнэ. Эцэст нь асуудлыг шийдвэрлэх үед зорилгодоо хүрнэ. Тэгвэл “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт ёс суртахууны зан төлөвийн талаарх үг бодол санаа, үзэл бодолд чинь байсаар байгаа юу, үгүй юу? (Тийм ээ, байгаа.) Тийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Чи ерөнхийдөө өөрт чинь тохиолддог юм бүхнийг бодолцон үзэх ёстой. Энэ бол шийдвэрлэх чухал алхам. Эхлээд, тийм зүйл урьд нь тохиолдоход яаж авирлаж байснаа эргээд бод. Чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт үгэнд захирагдаж байсан уу? Хэрвээ тэгсэн бол чи ямар санаа зорилготой байсан бэ? Юу хэлсэн бэ? Юу хийсэн бэ? Хэрхэн үйлдсэн бэ? Яаж авирласан бэ? Чи тайвшраад, эдгээр зүйлийг бодолцон үзсэнийхээ дараа өөрийн мэдэлгүй зарим асуудлыг олж илрүүлнэ. Тэр үед чи үнэнийг эрж хайж, бусадтай нөхөрлөж, Бурханы холбогдох үгийн дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Уламжлалт соёлын дэмждэг эндүү ташаа тэдгээр үзэл бодлыг бодит амьдралдаа бүрмөсөн орхихоор чармай, дараа нь Бурханы үг болон үнэнийг бусадтай харилцах зарчмаа болгож, үнэн-зарчмын дагуу хүмүүс, үйл явдал, зүйлд ханд. Энэ нь уламжлалт соёлын янз бүрийн бодол санаа, үзэл бодол, үг хэллэгийг Бурханы үгийн дагуу задлан шинжилж, дараа нь хүн төрөлхтөн эдгээр эндүү ташаа үзэл бодлыг баримталсны үр дагаварт үндэслэн уламжлалт соёл үнэхээр эерэг, зөв эсэхийг тов тодорхой харснаар асуудлыг шийдвэрлэх арга зам юм. Тэгвэл чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь зүгээр л хүн хоорондын харилцаагаа хадгалахын тулд хүмүүсийн ашигладаг булзамтгай арга барил гэдгийг тодорхой харна. Гэхдээ хүмүүсийн уг чанар-мөн чанар өөрчлөгдөхгүй бол хүмүүс урт хугацаанд эвтэй байж чадах уу? Эрт орой хэзээ нэгэн цагт харилцаа нь нуран унана. Тиймээс хүний ертөнцөд жинхэнэ найз гэж байдаггүй—зүгээр л бие махбодын харилцаагаа хадгална гэдэг нь өөрөө нэлээд сайн зүйл. Хэрвээ хүмүүс багахан мөс чанар, эрүүл ухаантай, сайхан сэтгэлтэй бол бусадтай эвдрэлцэхгүйгээр өнгөц харилцаагаа хадгалж чадна; хэрвээ тэд ёрын муу, хорон санаатай, харгис хүн чанартай бол бусадтай харилцах ямар ч аргагүй бөгөөд бие биеэ ашиглаж л чадна. Эдгээр зүйлийг тодорхой харснаар, өөрөөр хэлбэл хүмүүсийн уг чанар-мөн чанарыг тодорхой харснаар хүмүүс бусадтай харилцахдаа ямар арга барил ашиглах ёстойг үндсэнд нь тодорхойлж болох ба энэ нь зөв зүйтэй, алдаа мадаггүй, үнэнтэй нийцэлтэй байж чадна. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар Бурханы сонгосон хүмүүс одоо хүн чанарын мөн чанарыг бага зэрэг харж чаддаг. Тиймээс хүмүүс хоорондын харилцаанаас—өөрөөр хэлбэл, хүн хоорондын хэвийн харилцаанаас тэд үнэнч шударга хүн байхын ач холбогдлыг, мөн Бурханы үг болон үнэний дагуу хүмүүст хандах нь хамгийн өндөр зарчим, хамгийн ухаалаг арга гэдгийг харж чаддаг. Энэ нь хүмүүст хэзээ ч гай зовлон, шаналал учруулахгүй. Гэхдээ завхарсан зан чанар нь үргэлж гарч ирж хүмүүсийг үймүүлж, үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болно гэдэг утгаараа, хүмүүс Бурханы үгийг туулж, үнэнийг хэрэгжүүлэх үед оюун ухаанд нь бага зэрэг тэмцэл үүсэх нь гарцаагүй юм. Хүний завхарсан зан чанараас үүдэн гардаг эдгээр олон талт бодол санаа, сэтгэл хөдлөл, үзэл бодол нь үнэн болон Бурханы үгийг хэрэгжүүлэхэд чинь янз бүрийн хэмжээгээр саад болох бөгөөд тэр үед үнэнийг хэрэгжүүлэхдээ чи олон хөндлөнгийн оролцоо, саад тотгортой өөрийн мэдэлгүй нүүр тулна. Эдгээр саад тотгор гарч ирэх үед чи одоогийнх шигээ үнэнийг хэрэгжүүлэх нь амархан гэж хэлэхээ болино. Чи тэрийг тийм амархан хэлэхгүй. Тэр үед чи зовж, гуниглаж, хоол унднаас гараад, сайн унтаж чадахгүй. Зарим хүнд бүр Бурханд итгэх нь дэндүү хэцүү санагдаж, бууж өгөхийг хүсэж магадгүй. Үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орохын тулд олон хүн асар их зовж, тоолшгүй олон удаа засалт, харьцалт туулж, зүрх сэтгэлдээ тоо томшгүй олон тулаанд тулалдаж, тоймгүй их нулимс урсгасан гэдэгт Би итгэлтэй байна. Тийм биз дээ? (Тийм ээ.) Эдгээр шаналлыг туулах нь зайлшгүй үйл явц бөгөөд хүмүүс бүгд ялгаагүй үүнийг туулах ёстой. Хуулийн эрин үед Давид алдаа гаргаж, хожим нь Бурханд гэмшиж, гэмээ улайсан. Давид хэр их уйлсан бэ? Эх бичвэрт үүнийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? (“Шөнө бүр би уйлан ороо живүүлж, нулимсаараа дэвсгэрээ дэвтээлээ” (Дуулал 6:6).) Ороо живүүлэхийн тулд тэр хэчнээн их нулимс урсгасан байх вэ! Энэ нь тухайн үед Давидын мэдэрсэн харуусал, шаналал хэчнээн их, хэчнээн гүн гүнзгий байсныг харуулж байна. Та нар тийм их нулимс урсгасан уу? Та нарын урсгасан нулимсны хэмжээ Давидын урсгасан нулимсны зууны нэгд ч хүрдэггүй нь завхарсан зан чанар, махан бие, гэм буруугаа үзэн яддаг түвшин чинь огт хангалтгүй байгааг, бас үнэнийг хэрэгжүүлэх шийдвэр, тууштай байдал чинь огт хангалтгүй байгааг харуулдаг. Та нар хараахан стандартад хүрээгүй; Петр, Давид хоёрын хэмжээнд хүрэх болоогүй. За ингээд өнөөдрийн нөхөрлөлөө энд дуусгая.
2022 оны 4 дүгээр сарын 16
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?