Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 380

2021-08-15

Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ. Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ хангаж байдаг бол ийм хүн үнэний бодит байдлыг эзэмшдэггүй. Энэ бол Бурханд ичгүүр авчирдаг хүний тэмдэг билээ. “Би юу ч хийгээгүй шүү дээ; Бурханыг би яаж шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чи бодол санаа, зорилго, мөн үйлдлийнхээ цаад зорилго, зорилт, сэдэл, хийсэн үйлийнхээ үр дагавар гээд бүх талаар Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчийн хувиар эзэмших ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй байдаг. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарахгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ.” Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлохоор явдаг хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон юм бэ? Энэ мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? Тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Мөн Бурханы төлөө аливааг орхин, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлдэг. Гэвч тэд үүргээ биелүүлэхдээ үнэнч байдал, гэрчлэлгүй байдаг тул энэ нь мууг үйлдэж байгаа явдал болжээ. Иймээс Эзэн Есүс “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн юм.

Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. “Өөрийнхөө төлөө” гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу? Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих