Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 556

2020-10-20

Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л чи зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ухамсарлах ёстой, нэгд нэггүй ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хангалттай ойлгодоггүй бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар өө сэв дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой; чи эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэ цэнтэй эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи утга учиртай зүйлсийг хийж болох боловч утга учиргүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм. Зарим хүн ийм асуулт тавьдаг: Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Ёрын мууг юм уу утга учиргүй зүйл хийх нь завиараа урсгал даган явж байгаа мэт яагаад үнэндээ хавьгүй илүү амархан байдаг юм бэ? Яагаад тэгдэг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь эсэргүү хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг хийх тун магадлалтай бөгөөд эерэг үйлдэл хийх нь тэдэнд угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар болон мөн чанараар бүрэн шийдэгддэг. Чи үнэнийг үнэхээр ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж эхэлмэгцээ үнэнд нийцэлтэй зүйл хийх хүчтэй болно. Тэгээд энэ нь хэвийн, ядах юмгүй, таатай зүйл болох бөгөөд аливаа сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардах мэт чамд санагддаг. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон. Хэрэв чи хүний амьдралын тухай, ямархуу хүн байх—хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухай үнэнийг ойлгох юм бол—Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүргийг ч хэзээ ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг өдөөн хатгасан ч гэсэн, чи үүнийг хийхгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү авирлахгүй. Хүмүүс үнэнийг олж авч, амиа болгох үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлд дотроо зэвүүцэж чаддаг. Амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.

Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, улмаар таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Тиймээс зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л махан биеэ хаяж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг. Хүн үнэхээр шийдсэн бол зургаан сар юм уу жилийн дараа зөв замд орж эхэлнэ. Гурав юм уу таван жилийн дотор тэд үр дүн харж, аминдаа ахиц гаргаж байгаагаа мэдэрнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар ч өөрчлөлт туулалгүй арван жил ч итгэж болно. Эцэст нь чи Бурханд итгэнэ гэж яг үүнийг л хэлдэг юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнц дээр амьдарч байсантай чинь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж чи бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Чи хоосон сургаалын хэдэн үг хэлж чадаж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг бага ч гэсэн сэтгэл хангалуун болгож, сэтгэл ханамжтай байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд энэ нь тэдний урьд өмнө төсөөлөлдөө найддаг байсан, хоосон сургаал, дүрэм журамтай зууралддаг байснаас маш өөр юм. Үнэн хэрэгтээ үнэнийг ойлгодоггүй байхад аливаа зүйлийг хийх маш ядаргаатай, хоосон сургаал, дүрэм журам баримтлах нь зүдэргээтэй, мөн зорилгогүйгээр, юмыг сохроор хийх нь хэцүү бэрх байдаг. Тэд үнэнийг олж авч байж л чөлөөтэй болж чадна—энэ худал биш—ингэж байж тэд юмыг амархан, баяртайгаар хийж чадна. Ийм байдлыг эзэмшсэн хүмүүст үнэн байдаг; тэд бол зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих